Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/20

 

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

           Прокурор: Б.Д,

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ө.Б /зайнаас цахимаар/,

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: О.Ү, /зайнаас цахимаар/,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Ч,

           Шүүгдэгч: Ц.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ж.Ч нарын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Ц.Бод холбогдох 2220000290023 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овгийн Ц-ын Б

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын-Үүд сумын 2 дугаар баг, Г гудамжны ** тоотод байрлах нийтийн байрны 03 тоот өрөөнд 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 19-20 цагийн үед Өын Дтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зодож, хана руу түлхэж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Л.С-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Б овогт Ц-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Цын Быг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Бод оногдуулсан 11 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон 69 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Кока кола ундааны сав 1 ширхэг, саарал өнгийн даавуу 1 ширхэг, шар өнгийн даавуу 1 ширхэг, ногоон өнгийн даавуу 1 ширхэг, цамц 1 ширхэг, дэрний уут 1 ширхэг, буйдангийн даавуу 1 ширхэг, JELZIN нэртэй архины шил 1 ширхэг, шаазан аяга 1 ширхэг, тамхины иш 10 ширхэг, Ц.Бын өмсөн явсан ногоон өнгийн дээл 1 ширхэг, цэнхэр өнгийн монгол цамц 1 ширхэг, хар өнгийн хэлэн өмд 1 ширхэг, саарал өнгийн ноосон өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, хүрэн өнгийн монгол гутал хос 1 ширхэг, саарал өнгийн эрээн оймс хос 1 ширхэг, талийгаач Ггийн өмсөн явсан дугуй захтай ногоон өнгийн подволк 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, богино түрүүтэй, урд талдаа үдээстэй хос гутал 1 ширхэг, эрээн хос оймс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

 

Шүүгдэгч Ц.Бын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж,

 

Шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 19,500,000 төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээн тэтгүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Ц.Бын үйлдэл нь “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан эсэх талаар: ...Гэмт хэрэг гарах үед 3 гэрч байдаг ба тэдгээрийн мэдүүлгийг шүүх агуулгаараа зөрүүгүй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар үнэлж шалгасангүй гэж үзэж байна. ...Шүүх гэрчийн мэдүүлгүүдийг хооронд нь харьцуулж хэний мэдүүлэг нь үнэн зөв гэж үзсэн нь тодорхойгүй гэрчүүд өөрийнхөө харсан өнцгөөс мэдүүлсэн байдаг бөгөөд өөрсдийн харсан асуудлыг мэдүүлсэн байгаа нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөхүйц ноцтой, нэг нэгнээ үгүйсгэсэн мэдүүлэг биш байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. ...Гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгаснаар “хүнийг алах”, “хүнийг болгоомжгүй алах”, “аргагүй хамгаалалт” зэрэг хуульд заасан гэмт хэргийн шинж бүрэн тодорхойлогдох байсан. ...Ц.Бын үйлдлийн хувьд бусдын амь насанд аюултай үйлдлээ ухамсарласан, хохирогчийг үхэлд хүргэх боломжийг харж, түүнийг хүсэж үйлдсэн байх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хавтаст хэрэгт авагдсан 3 гэрчийн мэдүүлгүүдээс үзэхэд нүүр лүү нь алгадаж хамраас нь цус гаргасан үйлдэл төгссөний хэсэг хугацааны дараа хоромхон зуурт түлхэж унагаах үйлдэл хийгдсэн байдаг. Гэм буруугийн шинжийг бүрэн тогтоосноор санаатай буюу болгоомжгүй хэлбэрээр алсан эсэхийг ялгаж зүйлчилнэ гэж үзэж байна...

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар: Шинжээч дүгнэлт гаргахдаа цогцост хийсэн үзлэгт илэрсэн 2-5 дугаар хавирганы гэмтлийг дүгнэлт хэсэгтээ заавал оруулж учирсан гэмтэл нь ямар үйлдлийн улмаас учирсан болохыг тогтоох ёстой байсан. Шинжээч эмч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...нэг ёсондоо сэхээн амьдруулалтын явцыг дүгнэлт хэсэгт оруулж бичдэг” гэж мэдүүлсэн хэрнээ дүгнэлтдээ оруулаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн талаар: Хавтаст хэрэгт авагдсан “яллагдагч дахин мэдүүлэг авсан тэмдэглэл” /1хх 190-192/-д яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг танилцуулж, яллагдагчаар мэдүүлэг авсан байна /3 хуудас мэдүүлэг/. Мэдүүлэг авч эхэлсэн хугацааг 14 цаг 46 минут, дууссан хугацааг 15 цаг 58 минутад дуусгаж мэдүүлгийг уншиж танилцуулсан байна. Мөн өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 22 минутаас 16 цаг 18 минутад хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэл /2хх 40/. Тэгэхээр мэдүүлэг өгөх явцдаа хэргийн материалыг уншиж судлах боломжгүй байгааг анхаарч үзсэнгүй. 18 минутад 2 хавтас хэргийн 791 хуудас материалыг уншиж танилцаж дүгнэлт гаргах боломжгүй.

...Хууль ёсны төлөөлөгч томилсон мөрдөгчийн тогтоол нь өөрөө хууль ёсны гараагүй байна гэж үзсэн. Учир нь тогтоол хоёр утга санааг илэрхийлж болохгүй. ...шүүх гэм буруугийн шүүх хуралдааны шийдвэрээ сонсгохдоо “19,675,00 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч 19,500,000 төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ” гэж танилцуулсан. Бидэнд гардуулсан шийтгэх тогтоолдоо “...хохирлын баримтыг үзэхэд 16,287,505 төгрөг тогтоогдох боловч” гэжээ. Танилцуулсан болон гардуулсан тогтоол зөрүүтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж шүүх үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж өгнө үү.

3. ...Гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг үнэлж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлээр зүйлчилж ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг ...хохирлоо нөхөн төлсөн, шийтгэх тогтоол дурдсанаар 19,500,000 төгрөг төлсөн, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлдэг ...биеийн эрүүл мэндийн байдал сайнгүй, элэгний хатуурал өвчтэй, тэр өвчнөөрөө хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг тогтоолгох шаардлагатай ...төрсөн охин Б.У нь тархи усжилт өвчний улмаас байнгын хүний асрамжид эмчилгээнд байдаг, хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувьтай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ нь 8 жил, дээд хэмжээ нь 15 жилийн хорих ял байхаар хуульчилжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ болох 8 жилийн хорих ялын гуравны хоёроос хэтрүүлэхгүй гэж зааснаар 5 жил 4 сарын хорих ялыг оногдуулж хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хэрэг гарсан цаг минутаас эхлээд өөрийн үйлдэлдээ гэмшиж буруугаа хүлээн зөвшөөрч хүн алчихсан юм чинь гээд өөртөө буруугаа өгөөд маш их гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ хууль хяналтын байгууллагын хуулийн дагуу гаргасан бүх материалыг бүрэн эхээр нь уншиж танилцана гэдэг чухал ач холбогдолтой юм байна гэдгийг шүүх хуралдаан дээр ойлгосон. Мөн намайг анхнаасаа өмгөөлөгчтэй байсан юм чинь эрх чинь зөрчигдөөгүй гэж шүүх үзсэн. Өмгөөлөгч бүр өөр өөр байдаг юм байна гэдгийг шүүх хуралдаан болоход ойлгосон. Шүүх намайг гэм буруутайд тооцсон үндэслэлдээ гэрчийн мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй байна гэж дүгнэсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. ... Намайг сандал дээр сууж байхад талийгаач ирж заамдаж авахаар нь би түлхсэн. Мөн Дтай муудаж байхад нь би салгасан тэр талаар мэдүүлээгүй байдаг. ...Гэрчүүдийн ийм зөрүүтэй мэдүүлгийг болж өгвөл засаад үнэн зөвөөр нь дахин мэдүүлэг авхуулж засаж өгнө үү. Шүүх хуралдаан дээр хэр удаж байж эмнэлэгт аваачсан бэ? гэж асууж байсан. Миний хувьд сандраад хэдий хугацаа өнгөрснийг мэдээгүй, их л хурдан хугацаанд аваачсан гэж бодож байгаа. Энэ талаар миний утасны дуудлагыг шалгасан бол тогтоогдох байсан. Тухайн үед хамарт нь үнэртэй ус үнэртүүлсэн болохоос биш, ус цацаагүй. Мөн шүүхээс хэргийн материал танилцуулсан тэмдэглэл байгаа учраас эрхийг нь зөрчөөгүй гэж дүгнэсэн. Миний бие яллагдагчаар татагдаад 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр цагдан хорих байранд өмгөөлөгч А-ы хамт мэдүүлэг өгсөн. Тэгэхэд шинжээчийн дүгнэлтүүд гээд баахан юман дээр гарын үсэг зуруулсан. Би хальт л нэг хүний мэдүүлгийг уншихад худлаа байсан. Би “ийм байна шүү дээ” гэхэд өмгөөлөгч маань “дахиад өөр мэдүүлэг байгаа” гэсэн. Тэгэхээр нь би болчих юм байлгүй дээ гэж бодсон. Шүүхээс намайг хэргийн материалтай танилцчихаад танилцаагүй гэж хэлж байна гэж үзэж байгаа байх. Би 2022 оны 03 дугаар 04-ний өдөр ирээгүй юм шүү. Би хэзээ ч худлаа ярьж байгаагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас өөр юм яриад байхаар шүүхэд миний хувийн байдал нөлөөлдөг юм байна гэдгийг ойлголоо. Учир нь иргэдийн төлөөлөгч гэх залуу /хохирогчид анхны тусламж үзүүлсэн байна. Энэ залуу гэм буруугаа ухаарч байгаа. Биеийн байдал муу учраас хөнгөн шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсэж байна/ гэж дүгнэсэн боловч шүүх дээрх байдлуудаас болоод намайг худлаа яриад байна гэж дүгнээд 11 жил хорих ял оногдуулсан байх гэж ойлгож байна. Би оршуулгын зардлыг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Үнэхээр их харамсаж байна. Би цаашдаа 2 нялх хүүхдийг нь тусалж дэмжинэ гэж бодож байгаа. Шүүх хуралдаан завсарлаад хохирогчийн ар гэрээс манай эхнэр лүү бичсэн мессежнүүдийг уншаад би “өөрөө ялаа эдэлнэ, эхнэр лүү минь битгий мессеж бичээрэй. Би буруугаа хүлээнэ, үйлийн үр гэж байдаг би л өөрөө тэрийгээ үүрнэ. Би санаатай алах гээгүй. Санаатай алсан гэж хэлж байгаа чинь хилс шүүдээ дээ” гэж хэлэх гэж байгаад учир замбараагүй олон юм ярьсан байх аа. Үнэхээр хүн хэрэгт орохоороо шоконд /цочролд/ ороод яахаа мэдэхээ болиод тагларчихдаг юм байна. Хэлэх гэсэн үг ээ аятайхан хэлж чадахгүй болчихдог юм байна лээ. Буруу ойлгуулсанд уучлаарай гэж дахин дахин хүсмээр байна. Талийгаачийн ар гэрийнхэн зөвөөр ойлгоорой. Би цагдан хоригдоод хүний эрхэнд байгаа учраас та бүхэнтэй уулзах боломж байхгүй болохоор энэхүү гомдлоо бичлээ. Талийгаачид учирсан гэмтэл нь миний буруутай үйлдлээс болсон. Гэхдээ түлхэхэд хана мөргөж унаад нас барчихна гэж бодоогүй. Прокурор надаас “өөр аргаар цагдаа дуудаж болоогүй юу” гэж асууж байсан. Тэр үед тэгэх боломж байсан. Үнэхээр харамсалтай байна. Гэхдээ би тэр үед яагаад ч юм миний үгэнд ороод гэртээ ороод унтана гэж бодсон. Шүүх гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв зөрүүгүй авч ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эдгээртэй холбогдуулан хэлэхэд тэр цусыг нь Бын охин нь угаачихсан зогсож байсан гэж хэлж байсан. Мөн анх Ц.Бтой эмнэлэг дээр уулзахад би дүүг чинь цохиж алсан гэж хэлсэн байдаг. Одоо болохоор хэн нэгэнд нялзаагаад байгаа юм шиг л санагдаж байна. Эцэст нь хэлэхэд шүүх хурал дээрээс ч гэсэн харж болно. Мэдүүлэг өгөхдөө орилж чарлаад наад хүн чинь өөрөө тийм хурц огцом зантай юм байна лээ. Анхан шатны шүүх хуралдаан завсарласан байх үед хэл амаар доромжлоод, шүлсээ үсчүүлээд бөөн юм болсон шүү дээ. 11 жилийн хохир ялыг нь хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Ү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайлан гаргах саналгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж байгаа саналыг дэмжиж байна.” гэв.

 

Прокурор Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Миний ойлголтоор хоёр төрлийн асуудал яригдаж байна гэж ойлголоо. Нэг дэх нь зүйчлэлийн маргаан байдаг юм байна. Хоёрт шүүхээс гарсан эрх зүйн баримт бичигтэй холбоотой асуудал ярьж байх шиг байна. ... Яагаад санаатай гэж үзээд байна гэхээр Б өөрөө тухайн хэрэг болох үед Дтэй хувийн таарамжгүй харилцаатай байсан болох нь энэ 3 гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Өөрөөр хэлэх юм бол цохиж түлхэж унагахаасаа өмнө цохиж муудалцсан асуудал байдаг. Энэ асуудал нь даамжраад тухайн үеийн үргэлжилсэн үйлдлээр Б уураа барьж дийлэлгүй Дг түлхэж унагаасан ийм үйл баримт тогтоогдож байна. Сая шүүгдэгч хэлж байна “гэрчүүдийн мэдүүлэг худлаа гэж байна” энэ гэрчүүдийн мэдүүлгийг худлаа гэж хэлэх үндэслэл байхгүй. Яагаад гэхээр гэрчүүдэд хууль сануулж байгаад мэдүүлэг авсан байгаа. Энэ хууль сануулах ямар учиртай юм гэхээр тэд нар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй хүмүүс юм. Тэгэхээр энэ хүмүүсээс авсан мэдүүлэг нь нотлох баримтын дээд чадалтай гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн мэдүүлгийг үгүйсгэж болохгүй. Хоёрдугаарт энэ шүүгдэгч Б гэдэг хүн нь өнөөдөр худлаа ч мэдүүлэг өгч болно, үнэн ч мэдүүлэг өгч болно. Энэ хүний эрхийн асуудал энэ хүнийг хэн ч хориогүй. Өмгөөлөгчийн тайлбартай холбогдуулаад ярих юм бол өмгөөлөгч өөрөө тайлбар гаргахдаа энэ үйл баримт нь болгоомжгүй гэж хэлж байгаа ч энэ талаараа нотолж чадахгүй байна. Эх сурвалжаа нотолж чадахгүй байна гэж харж байна. Яагаад болгоомжгүй гэж байгаа юм. Тэр түлхэж унагаасан үйлдэл яахаараа болгоомжгүй болчихдог юм. Өөрөөр хэлэх юм бол Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд хүнийг алах гэж байгаа. Урьд нь хүнийг санаатай алах гэж байсан бол одоо хүнийг алах болсон. Хүнийг алах гэж юуг хэлээд байна гэхээр хүний идэвхтэй үйлдлээс тухайн нас барах үйлдэл бий болох юм. Тэгэхээр болгоомжгүй гэх юм бол өөр зүйл, хуулийн хүрээнд гаргаж байгаа мэдүүлгийн хүрээнд өөр өнцгөөс яригдана. Өөрөөр хэлэх юм бол болгоомжгүй гэдэг нь санамсаргүй байдлаар түлхэж унагасан байдаг ч юм уу? эсхүл унагаая гэж бодоогүй байхад нөгөө хүн нь хөлд нь тээглээд уначихдаг ч юм уу тийм ээ? тэгэх юм бол болгоомжгүй гэж хэлж болно. Тэгтэл яг энэ хүний үйлдлийн улмаас учирсан буюу шууд 2 гараараа мөрнөөс нь түлхээд унагачхаж байгаа. Ийм үйлдлийг яаж болгоомжгүй гэж үзээд байгаа юм. Энэ түлхэж унагасан нь санаатай хүн алах биш юм бол яасан юм талийгаач хөлд нь тээглээд унасан юм уу? унагаахгүй гээд хөтлөөд байж байхад нь нөгөө хүн нь тээглээд уначихсан юм уу? үүнийгээ үйл баримтаар тайлбарлаад өг л дөө. Тэгвэл би энэ хурал дээр энэ бол болгоомжгүй гээд ярьж болж байна. Өнөөдөр зүгээр болгоомжгүй л гэж хэлээд байгаа болохоос биш, яаж үүнийгээ томьёолж, энэ өнцгөөс нь хараад байгаа юм. Энэ асуудлаа тодорхой хэлмээр байна. Хэн ч өнөөдөр болгоомжгүй гэж хэлж чадна. Энэ санамсаргүй гэсэн үйл баримтаа жишээн дээр гаргаад өг л дөө. Ингэж гаргаж өгч чадахгүй гэж харж байгаа. Тэгэхээр өмгөөллийн нэгдүгээр үг үндэслэлгүй гэж харж байна. Хууль ноцтой зөрчсөн гэж байна. Шийтгэх тогтоол дээр хууль ёсны төлөөлөгчийн нэрийг нь бичээгүй гэж байна. Хуудас нь зөрүүтэй гээд ярьж байна. Энэ бол техникийн шинжтэй алдаа, түүнээс биш энэ шийдвэр бол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр байгаа. Би өнөөдрийн давахын хурал дээр юу яримаар байна гэхээр хууль буруу хэрэглэчихсэн юм уу? хэрэглэхгүй хууль хэрэглэсэн юм уу? гэдэг асуудлыг л яръя. Түүнээс биш энд тэндхийн алдаа дутагдал түүчхээд түүнийгээ Эрүүгийн хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа бол үндэслэлгүй тайлбар юм. Тэгвэл прокурор надтай энэ давахын хурлын танхимд маргалд л даа, мэтгэлц л дээ. Энэ нь болгоомжгүй, энэ нь санамсаргүй гэж маргалд л даа. Шүүгч нар энэ өнцгөөс харж байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр миний хувьд энэ хэргийг анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж, хэргийн үйл баримтын хүрээнд шийдвэрлэж гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр шинжээчийн дүгнэлт болон хууль ёсны төлөөлөгчийн талаар ярьсан. Анхан шатны шүүх тэр талаар хэлэлцсэн байна лээ. Хэлэлцсэн асуудлыг энд дахин хэлэлцэх шаардлага байна уу? гэдэг асуудал яригдана. Тэгэхээр миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Б гэдэг хүн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ хүний үйлдлээс болж Дгийн эрүүл мэндэд хохирол учирч тэр хохирол нь үхэлд хүргэсэн шалтгаант холбоо үүсэж гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ж.Чимэг нараас гаргасан давж заалдсан гомдлуудад үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны 2022/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр шүүгдэгч Ц.Б өөрийн түрээсэлдэг нийтийн байрны түрээслэгч А.Д, Н.Б, Э.Н нарын өрөөнд 1 шил архи, буузтай орж очиж ярьж суухаар байж байхад нь мөн уг байрны түрээслэгч Г  согтуурсан байдалтай орж ирсэн, тэд Ц.Бын авчирсан бууз, архийг хувааж идэж, ууцгаасан ба хамтдаа хөзөр тоглох гэхэд Г согтуурхаад тоглож чадахгүй хөзрөө унагаагаад байсан тул болиод түүнийг  “гэртээ харьж амар” гэдгийг Ц.Бын зүгээс хэлсэн, тэрээр гарахыг хүсэхгүй байсан тул Ц.Б түрүүлж гарч Хорлоогийнд ороход араас нь Г мөн дагаж орсон, Ц.Б түүнийг Хорлоогийнд үлдээгээд эргэж ирж хаалга түгжсэн байхад Г араас нь ирж хаалга нүдэж байгаад орж ирэнгүүтээ өрөөнд шүлсээ хаяад байсанд Ц.Б “ ...айлд битгий шүлсээ хаяад бай, одоо гэртээ харьж амар” гэсэн шаардлагыг хэд хэдэн удаа тавьсан боловч тэрээр хүлээж аваагүй нөхцөл байдлаас болж шүүгдэгч Ц.Б, Г нарын хооронд таарамжгүй харилцаа бий болж Ц.Б түүнийг нүүрэн тус газар нь 2-3 удаа алгадаж цохисны улмаас хамраас нь цус гарсан ба “ ...миний хамраас цус гаргалаа” гэж хохирогч уурлаж босч ирсэн үед түүнийг эгц урдаас нь 2 гараараа арагш түлхсэний улмаас хохирогч ар тийшээ савж унахдаа хана руу толгойгоороо мөргөж унах үед түүний биед гавал тархины далд гэмтэл, их тархины зүүн чамархай хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт бүхий хүнд зэргийн гэмтэл учирч шууд газар дээрээ нас барсан үйл баримт болсон  байна.

 

Шүүгдэгчийн энэ үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон  нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс гаргасан “ ...шүүгдэгчийн ... гэм буруугаа ухаарч байгаа, биеийн байдал нь муу учраас хөнгөн шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсэж байна” гэсэн өгсөн саналыг мөн харгалзсан байна.

 

Шүүгдэгч Ц.Бын хохирогч Гг таарамжгүй харилцааны улмаас түлхэж унагаах явцад амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учирч нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “ хүнийг алсан бол” гэх гэмт хэргийн шинжид нийцсэн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл: Хохирогч Г нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөрийгөө удирдах чадваргүй болсон үед түүнийг урдаас нь хүчтэйгээр түлхэж унагаах нь хүний эрүүл мэнд болон амь насанд нь хохирол учруулж болохыг шүүгдэгч Ц.Б нь мэдэх чадвартай байсан байж зориуд түлхэх үйлдэл хийж, хүний амь насыг хохироосон хүнд хохирол, хор уршигт хүргэсэн нь шүүгдэгчийн хохирогч руу чиглэсэн түлхэх үйлдлийн улмаас хохирогчийн үхэлд хүргэсэн шалтгаант холбоо бий болсон байна.

 

Шүүгдэгч Ц.Бын үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасан санаатай гэмт хэрэгт тооцох “ ...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол” гэсэн шинжид  нийцсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 буюу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол” гэх шинжтэй нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдаагүй.

 

Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч Ц.Б “...өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг  учирсан” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “болгоомжгүй гэмт хэрэг”-ийн шинж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

 

Харин ч хохирогч Гг согтуураад үгэнд орохгүй байхаар нь “ ...би намайг ахаа гэж хүндэлдэг бол миний үгэнд орж магадгүй гэж дотроо бодоод нүүр хэсэг рүү нь 2-3 удаа баруун гараараа цохиход орон дээр хажуу талаараа хэвтсэн. Д босож ирээд миний баруун талын энгэр хэсгээс баруун гараараа заамдах үед хамраас нь цус гарсан байсан, намайг цохих гэж байна гэж бодоод урд талаас нь цээжний хэсэг рүү түлхэхэд ... унасан” гэсэн өөрийнх нь яллагдагчаар өгсөн мэдүүлгээр шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шууд санаатай үйлдлээр түлхэж унагааж хүний амь насыг хохироосноо хүлээн мэдүүлсэн нь гэрчүүдийн мэдүүлгүүд, бусад нотлох баримтуудаар давхар батлагдан тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ц.Б хохирогчийн амь нас хохирсныг өөрийн үйлдлийн улмаас болсон гэдгийг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хүлээн зөвшөөрдөг, гэмт хэрэг гарахад хохирогчийн хэт их согтуурсан зүй бус нөхцөл байдал нөлөөлсөн, хохирогч нараас нэхэмжилсэн оршуулгын зардалд нэхэмжилсэн 19500000 төгрөгийг төлж барагдуулсан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болж байх тул давж заалдах шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “ ... найман жилээс арван таван жил хүртэл хорих ял шийтгэх”-ээр заасан тул анхан шатны шүүхээс оногдуулсан 11 жилийн хорих ялыг хөнгөрүүлж 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тус тус нийцнэ гэж үзэж шийтгэх тогтоолд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг, шүүгдэгч Ц.Б нараас давж заалдах гомдлууд гаргасан ба давж заалдсан гомдлуудыг дараах үндэслэлүүдээр хангах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн. Үүнд:

 

1. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцвэл анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа явуулсан байна.

 

Прокуророос гэмт хэрэг гарах цаг хугацаанд байсан А.Д, Н.Б, Э.Н нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг/1 хх 3-12/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд/1 хх 13-25/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл/1 хх 26-34/, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт/1 хх 169-172/, бусад гэрчүүд болох С.Х, Ч.Г нарын мэдүүлгүүд зэргийг  яллах талын гол үндэслэлээ болгосон байх ба эдгээр нотлох баримтуудыг хэрэгт олж авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх гэмт хэрэг гарах үед байсан дээрх 3 гэрчийн мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судлаад “...хохирогч Г, шүүгдэгч Ц.Б нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүсгэх нөхцөл байдал нь Г нь Ц.Быг цохисон зөрүүлээд Ц.Б Гг алгадаж хамраас нь цус гаргасан, шүүгдэгч нь хохирогчийг түлхэхэд хана руу толгойн ар дагз хэсгээрээ хүчтэй цохиж газарт унасан, ухаан алдаад амьсгалахгүй байх шиг байсан, энэ талаар Ц.Бод хэлсэн гэх зэргээр агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, ... гэрч Э.Нын хувьд архи уугаагүй байсан, “ ...өрөөний буланд сууж байсан, ...хэд алгадсаныг хараагүй, ... Дг шилэн хүзүүн дээрээс нь татаад шалан дээр дөрвөн хөллүүлээд түүний нуруу, ууц орчим дээр нь гараараа 3 удаа байхаа алгадсан" гэж мэдүүлсэн нь ... гэрчүүд тодорхой хэмжээнд архи уусан байсан, өөрсдийнхөө харснаар мэдүүлсэн байгаа нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлөхүйц ноцтой, нэг нэгээ үгүйсгэсэн мэдүүлэг биш байна” гэж мэдүүлгүүдийг үнэлсэн нь үндэслэлтэй болсон.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг гарах цаг хугацаанд байсан гэрч А.Д, Н.Б, Э.Н нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй,  гэрчүүд болсон үйл баримтыг үнэн зөвөөр мэдүүлээгүй гэж маргаж байгаа ба  давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Б “ ... Г орж ирээд шүлсээ хаяад байсанд А.Д дургүйцээд тэр 2 маргалдсан, би тэрийг 2-ыг зохицуулах гэж дундуур нь орсны улмаас энэ нөхцөл байдал үүссэн” гэх агуулга бүхий үндэслэлийг гаргаж ирсэн тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан гэрчүүдийн болон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдийг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзлээ. Үүнд:

 

Гэрч Н.Б “ ... бид нарын хувьд цагаан сарын үеэр Замын-Үүд суманд таньдаг хүнгүй тул байрандаа амарч байсан,  ... бид нарын түрээсэлдэг байрны эзэн Б 15 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, 1 литрийн архитай орж ирсэн,  ... Б ах хэсэг унтаж амрах гээд миний унтдаг орон дээр хэвтсэн, ... 18 цагийн орчимд нийтийн байрны 8 тоотод амьдардаг Д өрөөнд архи согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн байдалтай орж ирээд унтаж байсан Б ахын хөлөн дээр суухад Б ах сэрсэн, Б ах авч орж ирсэн шилтэй архиа бид нарт 3-4 удаа өгсөн ... 18 цаг 40 минутын хавьцаа шилтэй архи дуусаад бид нар хөзөр тоглохоор болоод тоглосон ... тоглож байхад Д өөрийн гартаа барьж байгаа хөзрөө ялгаж чадахгүй газар унагаагаад байхаар нь тоглохгүй дуусгасан. Энэ үед Б ах Дд хангаж “ахын дүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд болсон юм биш үү, гэртээ орж унтаж амар” гэж хэлэхэд “үгүй, би сууж байна” гэж хэлсэн. Мөн Б ах Дд дахин хандаж “ ахын дүү эсвэл энд унтаж амрах юм уу” гэж хэлээд бие засахаар өрөөнөөс гараад явсан, Д мөн араас нь гараад явсан. 3-4 минутын дараа Б ах өрөөнд буцаж орж ирээд өрөөний хаалгыг дотор талаас нь цоожилсон. Б ах “за ахын дүү нар цагаан сар болж байгаа юм чинь хэдүүлээ хөзөр тоглох уу” гэж хэлээд бид 4 хөзөр тоглох гэж байхад өрөөний хаалгыг Д чанга чанга дугараад хэд хэдэн удаа нүдчихээд явсан, 1-2 минутын дараа дахин ирээд хаалгыг нүдсэн, Б ах хаалгаа нээчих гэж хэлээд Д хаалга нээсэн. Д орж ирээд шалан дээр хэд хэдэн удаа шүлсээ хаясан. Тэгсэн чинь Б ах Дд хандаж “ахын дүү согтсон байна, гэртээ орж унтаж амар, айлын гэрт шүлсээ хаяж болохгүй шүү дээ” гэж хэд хэдэн удаа хэлэхэд Д өөдөөс нь юм ярихгүй дахин шүлсээ хаяад байсан. Энэ үед бид 3 хоймор хэсэгт гудас дэвсээд сууж байсан. Б ах орон дээрээс босоод Дг татсан чинь гарахгүй байхаар нь Дгийн хамар болон нүүр хэсэг рүү ... 3-4 удаа цохих үед бид 3 босч ирээд Д бид 2 Б ахыг Дгээс салгаад хоймор хэсэг рүү түлхэж байхад Д босож ирээд Б ахыг цохих гэсэн боловч арай хүрээгүй, тэгсэн чинь Б ах Д бид 2-ыг ширээ рүү түлхээд Дг орон дээр татаж зүүн талаар нь хэвтүүлээд толгой нүүр хэсэг рүү баруун талын гараараа хэд хэдэн удаа цохисон, тэгээд бид 3 Быг ... салгасан чинь Д орон дээрээс босоод ирэх үед Б хоёр гараараа Дгийн цээжин хэсэг рүү түлхэхэд Д өрөөний хаалганы баруун талын ханыг нуруу болон толгойн дагз хэсгээр хүчтэй цохиж дээшээ хараад ... шалан дээр ухаан алдаж унасан ... Д архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж бид нарын амьдардаг өрөөнд орж ирээд шүлс хаяад байсан тул энэ асуудлаас болоод Б ах Дг айлын гэрт шүлс хаялаа гээд муудалцаж, Дг цохиж зодох асуудал болсон “ гэж мэдүүлсэн /1 хх 58-59/

 

Гэрч А.Д “ ...Б ах 18 цаг өнгөрч байхад сэрээд бид нар юм яриад байж байсан чинь манай хажуу талын хөрш Д нилээд согтсон байдалтай орж ирэхээр нь баяр болж байна гээд Б ах архиа задалж тойруулж хувааж ууцгаасан. Энэ үед би тамхи байхгүй байсан учир дэлгүүр лүү тамхи аваад ирсэн чинь ... авчирсан архи дуусаж байсан. ... архи дууссан учир бид нар 13 тоглоод эхэлсэн. Энэ үед Д эхний тоглоомонд ороод хөзрөө эвлүүлж чадахгүй байсан учир больсон. Энэ цаг үед 19 цаг болж байсан санагдаж байна. Д ах нилээн согтсон байсан учир Б ах “чи харьж амар” гэж хэлсэн чинь би явахгүй гээд суугаад байсан. Тэгсэн Б ах бие засахаар гадагшаа гарахад Д араас нь гарсан. Хэсэг хугацааны дараа Б ах орж ирээд хаалгаа түгжээд бид нар хөзрөө тоглож эхэлтэл өрөөний хаалгыг хүчтэйгээр Д нүдээд байхаар нь эхэндээ онгойлгохгүй гүрийж байгаад сүүлдээ хаалга эвдчих гээд байхаар нь би онгойлгосон чинь Д орж ирээд суусан. ... сандал дээр сууж байснаа гэрт шүлсээ хаяад байхаар нь би боль гэж хэлсэн чинь юм дуугарахгүй байж байсан чинь Б ах Дд хандан “би чамайг гэртээ харь гэж хэлээ биз дээ” гээд буйдан дээр түлхэж суулгасан чинь Д уурлаж босож ирээд Б ахыг “яахлаараа түлхдэг юм” гээд тэр хоёр заамдалцаад хоорондоо муудалцаад,  эхлээд Б нэг цохиод, талийгаач зөрүүлж нүүр лүү нь нэг цохиод дахиад Б ах Дгийн нүүр лүү цохисон чинь хамраас нь цус гарахаар нь бид нар салгаад Дгийн хамраас гарсан цусыг нойлын цаасаар тогтоож өгсөн. Д цусаа тогтоосны дараа дахин Б ах руу “миний хамраас цус гаргадаг хэн бэ” гэж хэлээд дахиад дайрсан чинь Б ах Дг хоёр гараараа нилээн хүчтэй түлхсэн чинь хаалганы хажуу талын ханыг мөргөөд унасан  ” гэж мэдүүлсэн/1 хх 65-67/,

 

Гэрч Э.Н “ ...би түүний авчирсан архинаас бол уугаагүй, Б ахыг унтаж байхад талийгаач Д бас нилээн согтуу байдалтай орж ирээд Б ахыг харчихаад “ ах босоорой” гээд түүнийг ... сэрээж босгосон. Ингээд Б ахын авчирсан үлдсэн архийг Б ах, Д, Д, Б нар хуваагаад ууж суусан, би тэр хооронд бууз жигнэсэн. Тэд бараг архиа уугаад бараг дуусаж байхад Д жоохон согтуурхаад Б ахыг “ та намайг тоодоггүй биз дээ, дүү нь хүнтэй суумаар байна” байна гээд янз бүрийн юм ярьж байсан, Б ах өөрөө бөө хүн юм шиг байна лээ, тэгээд юм үзэж хардаг болохоор ч юм уу Дд “ ах нь чамайг гэр бүлтэй болгох талаас нь гайгүй хүнтэй уулзуулах юм бодож өгье” гэсэн зүйл ярьсан.Б ах Дг согтуу олон үг хэлээд янз бүрийн юм яриад байхаар нь жоохон төвөгшөөгөөд байгаа бололтой манайд сууж байгаад архи ууж дуусаад бууз амсчихаад гараад явчихсан. Талийгаач болохоор бууз идчихээд бас манай өрөөнөөс гарсан, Д шууд гэртээ орох шиг болсон, Дг дөнгөж гарч явсны дараа Б ах манай байрны өөр нэг өрөөнд байдаг Хорлоо гэх ахынд орчихоод зөрж орж ирээд манай өрөөний хаалгыг дотор талаас нь түгжээд “ цаадах чинь бас ороод ирнэ” гэж байсан. Б ахыг хаалга түгжээд удаа ч үгүй байхад Д хаалга нүдээд “ хаалгаа онгойлго, би таныг байгааг мэдэж байна” гээд байсан. Д бараг хаалга эвдчих гээд чанга нүдээд байсан тул Б “ за онгойлго онгойлго” гээд хаалгаа тайлаад Дг оруулсан. Д манай гэрт орж ирээд манай өрөөнд байдаг буйдан дээр суучихаад шүлсээ хаяад Б ахыг “ чиний үздэг хардаг чинь тэндээ л юм байгаа юм биз” гээд хэрүүл өдөөд байсан. Тэгсэн чинь Б Дг аргадаад “ахын дүү согтчихсон байна, одоо орж амар, гэртээ ор” гээд Дг татаад босгох гэхээр Д Б ахын өөдөөс хэдэрлээд “ормооргүй байна, юм уумаар байна” гээд босохгүй байсан. Д өөрөө махлаг том биетэй учир Б ах Дг босгож дийлээгүй. Д, Б ах нар бие биенээ мэддэг хүмүүс, харин бид нар тэр хоёрыг сайн мэдэхгүй учир хажуунаас нь нэг их юм яриагүй хараад байж байсан. Д нилээн согтчихсон байсан бөгөөд Б ахын үгэнд орохгүй, шүлсээ хаяад байсан тул Б ах Дг сууж байхад баруун, зүүн гараараа нэг нэг удаа алгадчих шиг болсон. Би өрөөний буланд байсан,  Батгэрэл, Д хоёр Дгийн хажууд нь сууж байсан болохоор харсан байх, би яг хэд цохисныг тодорхой мэдэхгүй байна, ... Б ах Дг алгадахад Дгийн хамраас цус гоожсон бөгөөд Д хажуу тийшээ тонгойгоод буйдан дээр цусаа гоожуулаад байсан чинь Д, Батгэрэл нар “ наана чинь бөөн цус боллоо” гэхэд Б ах Дг шилэн хүзүүн дээрээс нь татаад шалан дээр дөрвөн хөллүүлээд түүний нуруу, ууц орчим дээр нь гараараа 3 удаа байхаа алгадсан. Энэ үед Д, Батгэрэл нар босоод Б ахын хоёр талаас бариад “та одоо болио” гэхэд Б ах “ах нь одоо зүгээрээ зүгээр” гээд Дг алгадахаа зогсоосон. Б ах “Хорлоог дуудчих, Дг оруулж унтуул гэж хэлээрэй” гэхээр нь би өрөөнөөс гарахад нийтийн байрны 7 номерын өрөөнд байдаг Хорлоо ах өрөөнийхөө үүдэнд зогсож байхаар нь дуудсан. Хорлоо ах өрөөндөө дөнгөж орчихоод буцаж гарч ирж байх хооронд би буцаад өрөөний үүдэнд ирээд дотогш хараад зогсож байхад Д босоод ирчихсэн Б ахыг “хоёулаа үзчихье” гэхэд Б ах “тэгвэл тэгье” гэж хэлээд Дгийн халз урдаас нь хоёр гараараа 2 мөр рүү хүчтэй түлхсэн. Д манай өрөөний гол хэсэгт үүдэн талдаа, Б ах болохоор хоймор хэсэгт зогсож байгаад Дг түлхсэн бөгөөд Д түлхэгдээд хойшоо унахдаа дагзаараа хаалганы хажуугийн хана руу “тас” гээд саваад унасан.Д тэгж уначихаад ухаан алдчихсан юм шиг ямар ч мэдрэлгүй болчихсон.Миний анзаарснаар Д ...амьсгалахгүй байх шиг байсан. Тухайн үед Батгэрэл ч гэсэн Дг “амьсгалахгүй байх шиг байна шүү дээ” гэхэд Б ах “арай ч үгүй биздээ” гээд Дгийн хамар дээр нь хуруугаараа амьсгалж байгаа эсэхийг шалгаснаа “цохилж байх шиг байна” гэснээ Дгийн цээжин дээр дараад массаж хийгээд байсан, ... Д, Б бид нар Д, Б ах хоёрыг сайн мэдэхгүй болохоор юм яриагүй, хараад л сууж байж байсан, бас салгах гэж оролдсон. Д, Б ах хоёр л хоорондоо муудалцаж зодолдсон” гэж /1 хх 69-73/ гэж мэдүүлсэн.

 

            Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч О.А-ны хамт яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “ ... эхнэртээ хандаж “хань нь өнөөдөр ганц шил архи 3 тоот өрөөнд амьдарч байгаа 3 залуутай хуваагаад уучих уу” гэж асуухад манай эхнэр зөвшөөрсөн. 1 литрийн нэг шил архи, жигнэж идэх бууз аваад 3 тоот өрөөнд ороход өрөө түрээсэлж байгаа 3 залуу байсан, тэгээд дүү нарт хандаж “ах нь ганц шил архи хувааж уугаад юм ярьж суух уу, ах нь бууз аваад ороод ирлээ, цай байна уу”  гэхэд “цай байхгүй чанаж өгье” гээд нэг нь сүүнд гарсан. Энэ хугацаанд би өрөөнд байсан орон дээр унтаж амарсан. .... Д миний унтаж байсан орон дээр суух үедээ миний хөлөн дээр суугаад архи үнэртэж байсан. ... дүү нарыг цай чанасан гэхэд цай хийж өгсөн, мөн бууз жигнэж байсан, нөгөө дүү нар миний авчирсан архийг задалсан ... тэгээд бид нар хөзөр тоглохоор болоод хөзөр хуваасан чинь Д хөзөр тоглож чадахгүй газар унагаад байхаар нь би “Д чи тоглож чадахгүй юм биш үү, чи гэртээ орж унтаж амар” гэж хэлээд би өрөөнөөс гараад 7 тоот өрөөнд амьдардаг Хорлоог дуудаж Дг аваад өрөөнд нь унтуулчихаач гэж хэлэх гээд ороход Хорлоо унтаж байхаар нь сэрээгээд “Д согтсон байна” гэж хэлээд байж байтал Д араас орж ирэхээр нь би зөрж гараад нөгөө 3 тоот өрөөнд ороод хаалгыг дотор талаас нь цоожилсон. Тэгээд бид 4 хөзөр тоглох санаатай байж байхад Д өрөөний хаалгыг нүдэхээр нь би дүү нарт хандаж “хаалга нээхгүй шүү” гэж хэлсэн.  Д дахин хаалга чанга чанга нүдэхээр нь би босож хаалгыг нээхэд коридороор цаашаа буцаж явахаар нь би хаалгыг дахин цоожлоод буцаад суусан. Мөн удалгүй Д ирээд өрөөний хаалга чанга чанга нүдээд байхаар нь би босоод өрөөний хаалгыг нээж өгөөд орон дээр суухад Д өрөөнд орж ирж орон дээр миний зүүн талд суусан. Бид 4 хөзөр тоглох гээд хөзөр тарааж байхад Д шүлсээ шалан дээр хаяад байхад Д гэх залуу Дд хандаж “чи айлын гэрт шүлсээ хаяад байна” гэж хэд хэдэн удаа хэлэхэд Д тоохгүй шүлсээ хаяад байсан. Миний бие энэ хоёр муудалцаж магадгүй гэж бодоод босоод Дг “ахын дүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд болсон байна, гэртээ орж унтаж амар” гэж хэлээд Дгийн гараас татахад хойшоо гэдийгээд үгэнд орохгүй байхаар нь би намайг ахаа гэж хүндэлдэг бол миний үгэнд орж магадгүй гэж дотроо бодоод нүүр хэсэг рүү нь 2-3 удаа баруун гараараа цохиход орон дээр хажуу талаараа хэвтсэн. Д босож ирээд миний баруун талын энгэр хэсгээс баруун гараараа заамдах үед хамраас нь цус гарсан байсан, намайг цохих гэж байна гэж бодоод урд талаас нь цээжний хэсэг рүү түлхэхэд миний дээлний суганы хэсгээс зуураад хойшоо унасан. ... энэ үед хамт байсан хүмүүс Дг амьсгалж байгаа эсэхийг үзээд амьсгалахгүй байна гээд байсан, ... маргаан Г бид хоёрын хооронд болсон асуудал, өөр хүн Дтэй асуудал гаргаагүй” гэж /1 хх 190-191/ мэдүүлсэн.

 

Эдгээр мэдүүлгүүдийг хооронд нь харьцуулан шинжлэн судлахад хохирогч Г хэт согтолтын улмаас өөрийгөө хянах чадваргүй болсны улмаас Ц.Бын үгэнд орохгүй байсан нөхцөл байдлын улмаас шүүгдэгч Ц.Б, хохирогч Г нарын хооронд таарамжгүй харилцаа бий болсон байна. Гэрч А.Д, хохирогч Г нарын хооронд маргаан болоогүй болох нь мөн тогтоогдсон байна.

 

Мөн гэрч Н.Б-ийн “... Б ах орон дээрээс босоод Дг татсан чинь гарахгүй байхаар нь Дгийн хамар болон нүүр хэсэг рүү ... 3-4 удаа цохих үед бид 3 босч ирээд Д бид 2 Б ахыг Дгээс салгаад хоймор хэсэг рүү түлхэж байхад Д босож ирээд Б ахыг цохих гэсэн боловч арай хүрээгүй, тэгсэн чинь Б ах Д бид 2-ыг ширээ рүү түлхээд Дг орон дээр татаж зүүн талаар нь хэвтүүлээд толгой нүүр хэсэг рүү баруун талын гараараа хэд хэдэн удаа цохисон” гэж /1 хх 59-р хуудасны дунд хэсэгт/,

 

гэрч Э.Н-ын “ ... Б ах Дг алгадахад Дгийн хамраас цус гоожсон бөгөөд Д хажуу тийшээ тонгойгоод буйдан дээр цусаа гоожуулаад байсан чинь Д, Батгэрэл нар “ наана чинь бөөн цус боллоо” гэхэд Б ах Дг шилэн хүзүүн дээрээс нь татаад шалан дээр дөрвөн хөллүүлээд түүний нуруу, ууц орчим дээр нь гараараа 3 удаа байхаа алгадсан. Энэ үед Д, Б нар босоод Б ахын хоёр талаас бариад “та одоо болио” гэхэд Б ах “ах нь одоо зүгээрээ зүгээр” гээд Дг алгадахаа зогсоосон” гэж /1 хх 71-р хуудасны дунд хэсэгт/  тус тус мэдүүлсэн.

 

Гэрч Н.Б, Э.Н нарын мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судлан үзэхэд шүүгдэгч Ц.Б нь эхлээд хохирогчийн нүүр хэсэгт 3-4 удаа алгадаж хамраас нь цус гаргасны дараа дахин түүн рүү халдаж цохисон буюу түлхэж унагаахаас өмнө хохирогчийн бие рүү 2 удаа халдан довтолсон үйлдэл гаргажээ гэж харагдаж байгаа ба эдгээр нөхцөл байдлыг гэрч Н.Б, Э.Н нар өөр өөрсдийнхөө харснаар тайлбарлаж мэдүүлсэн нь хоорондоо илтэд зөрүүтэй биш ба хэргийн бодит байдалд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал байсан гэж үзэхээргүй байна.

 

Хохирогч Ггийн биед үхэлд хүргэх гавал тархины далд гэмтэл, их тархины зүүн чамархайн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтлээс гадна түүний биед доод уруулын баруун гадна талд зулгаралт, уг зулгаралтын дотор талд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтлүүд үүссэн байсан нь шинжээчийн 04/10 тоот дүгнэлт /1 хх 169-172/-ээр тогтоогдсон ба уг гэмтлүүд нь гэрчүүдийн мэдүүлсэн нөхцөл байдлын үед үүсчээ гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Гэрч А.Д, Н.Б, Э.Н нарыг энэ эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гол гэрчүүд гэж үзэх ба мөрдөгчөөс мэдүүлэг авахдаа тэдэнд үнэн зөв мэдүүлэг өгөх,  худал мэдүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэдгийг тус тус сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөх баталгааг нь авч гарын үсэг зуруулж авсан мэдүүлгүүд байх тул тэдний мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6, 16.3 дугаар зүйлүүдэд тус тус заасан  “Мэдүүлэг авах журам”-д нийцсэн, хууль ёсны нотлох баримт байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

 2. Хохирогчийн биед учирсан цээжний зүүн талд 2-5-р хавирга хугарсан шалтгаан нь хохирогчийг нас барсан хугацаанд буюу нас барснаас нь хойш шүүгдэгч Ц.Б сэхээн амьдруулалтыг  хийх явцад учирсан болох нь хэрэгт авагдсан  гэрч А.Дын “ ... Д унаад босож ирэхгүй болохоор нь Б ах цээжин дээр нь хоёр гараараа нилээд дарсан боловч сэрэхгүй байсан” гэж /1 хх 66-р хуудасны төгсгөл хэсэгт/мэдүүлсэн,  гэрч Ч.Гэрэлмаагын “...машинаас иргэн Гг зөөвөрлөж эмнэлгийн яаралтай тусламжийн өрөө рүү оруулж ирээд тухайн хүнийг үзлэг хийж үнэлэхэд амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогссон,  ... нас барсан байсан. ... махлаг, өндөр, дээлтэй залуу бид нарын хажуугаар орж ирээд би энэ хүнийг эмнэлэг рүү авч ирэхээс өмнө цээжин дээр нь баахан дарсан, та нар зүрх цохиулдаг аппаратаар цохиулаач гэж хэлээд мөн Дгийн цээжин дээр хэд хэдэн удаа дарсан, тэгээд би тухайн хүнийг энд байх шаардлагагүй гэж хэлээд өрөөнөөс гаргасан.  ... хүн цээж шахалтыг буруу техник байрлалаар хийвэл хавирга хугарах эрсдэлтэй “ гэж /1 хх 87-р хуудасны ар талд/мэдүүлсэн,  Ц.Бын сэжигтнээр өгсөн “ ... би шоконд ороод хэсэг хугацаанд зогсож байгаад Дгийн зүрхэн тушаа цээжин хэсэг дээр нь хоёр гараар хэд хэдэн удаа дарсан “ /1 хх 97-р хуудасны доод хэсэгт/ гэж мэдүүлсэн,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Бат-эрдэнийн “ ... би эмнэлэг дээр очоод яаралтай тусламжийн өрөөнд ороход Б миний дүүгийн цээжин дээр гараараа дарсан, эмч нар боль боль гээд байж байсан”  /1 хх 48-р хуудасны ар хэсэгт/ гэж мэдүүлсэн нь тус тус хэрэгт авагдсан байна.

 

Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн цогцост шинжилгээ хийсэн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.Г-г оролцуулж түүний гаргасан 04/10 тоот дүгнэлтийн “шинжилгээний явц” хэсэгт “ ... цээжний зүүн талд 2-5-р хавирга өвчүүний хажуугийн шугамаар хугарсан, хугарлын орчим эдэд цус хурсан” гэсэн гэмтлийг тэмдэглэсэн байж дүгнэлт хэсэгт оруулаагүй шалтгаан нөхцөлийг хэлэлцэж уг гэмтлийг шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт оруулснаар хохирогчийг  үхэлд хүргэсэн шалтгаан нөхцөлд өөрчлөлт орохгүй талаар шинжээчээс тодруулсан болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх “ ...Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал ... дахин шинжилгээ хийлгэнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-д заасан “ ... дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь мөн үндэслэлтэй.

 

Нас барсан хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийж дүгнэлт гаргах асуудал нь анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэг, чадвар зайлшгүй шаардлагатай ба анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн зүгээс хохирогчийг нас барах үед болон нас барснаас хойш шүүгдэгчийн хохирогчийг сэргээх гэж цээжинд нь даралтыг удаа дараа хийснээс учирсан хавирганы хугарлын гэмтлийг шинжээчийн дүгнэлтийн “дүгнэлт” хэсэгт тусгуулснаар шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн амь нас хохирсон шалтгаан нөхцөлд өөрчлөлт орохгүй болохыг тодруулсан байх тул давж заалдах шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзсэн.

 

Иймд Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04/10 тоот шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1, 27.1 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8, 18 дугаар зүйлүүдэд тус тус заасан шинжээч шинжилгээ хийх журамд нийцүүлж гаргасан   бодитой, хууль зүйн үндэслэлтэй шинжээчийн дүгнэлт гэж үнэллээ.

 

3. Хэрэгт хохирогч Ггийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн ах Ө.Бат-Эрдэнийг мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан тогтоосон /1 хх 43/ дээр хохирогч талаас маргаан гаргаагүй ба Ө.Бат-эрдэнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаад явснаар шүүгдэгч Ц.Быг эрхэд нөлөөлсөн зүйлгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

 

Анхан шатны шүүх мөрдөгчийн уг тогтоолыг хууль зөрчөөгүй гэж үзсэн нь мөн үндэслэлтэй болсон.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар хохирогч Ггийн бүтэн өнчин үлдсэн бага насны 2 хүүхэд болох Д.А, Д.Х нарын асран хамгаалагчаар хохирогчийн төрсөн эгч Ө.Цэцэгмааг тогтоосныг хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргаан гэж гарсан гэж үзэхгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Ө.Б, 2 хүүхдийн асран хамгаалагчаар тогтоогдсон Ө.Ц нар нь  оршуулгын зардал болон 2 хүүхдийг тэжээн тэтгүүлэх талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аль аль нь иргэний нэхэмжлэгчээр оролцох эрхтэй этгээдүүд боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б төлөөлөөд явж байгааг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

  2 хүүхдийг тэжээн тэтгүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх нотлох баримтын бүрдэл дутуу үндэслэлээр жичдээ иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгсөн нь хохирогчийн эрхийг хангаагүй гэх үндэслэл болохгүй юм.

 

4. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Бод өмгөөлөгч О.А-ыг байлцуулан хэргийн материалтай танилцуулсан нь хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2 хх 40/-ээр тогтоогдож байх тул түүнийг хавтаст хэргийн материалтай танилцуулаагүй гэж үзэх үндэслэлгүй ба анхан шатны шүүхийн шатанд дахин хавтаст хэрэгтэй танилцах боломжтой байсан боловч энэ талаар урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас санал хүсэлт гаргаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна.

 

Иймд шүүгдэгчийг мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцуулалгүй эрхийг нь хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            5. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б-ийн нэрийг шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт бичээгүй, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан болох нь тогтоогдож байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.3-д “… талууд, оролцогч” –ийг шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт бичихийг заасан.

 

            Гэхдээ Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын хавсралтаар “ Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх /цагаатгах/ тогтоол боловсруулах аргачлал”-ыг гаргаж, нийт шүүхүүд шүүн таслан ажиллагаанд хэрэгжүүлж ажиллахыг даалгасны дагуу анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа уг аргачлалын дагуу бичсэн болох нь тогтоогдож байгаа ба аргачлалд “Тогтоолын удиртгал хэсэг”-т “ … шүүх бүрэлдэхүүн болон шүүгчийн нэр байна.  …Түүнчлэн, шүүгдэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын нэрийг энэ хэсэгт заана, харин бусад оролцогч болох иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хохирогч, гэрч, шинжээч нарын нэрсийг зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана” гэснийг баримталсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

            Шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б-ийн нэрийг бичилгүй, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасныг  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй, харин анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б-ийг шүүх хуралдаанд оролцуулсан байж нэрийг нь шийтгэх тогтоолдоо ч заагаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлдээ ч тусгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол энэ нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох байсан. Гэтэл ийм нөхцөл байдал үүсээгүй буюу шүүх хуралдааны тэмдэглэлд түүний нэрийг тусгасан, шүүх хуралдаанд мэдүүлсэн түүний мэдүүлэг, асуулт хариултад оролцсон тайлбаруудыг бүгдийг тусгасан байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б-ийн нэрийг шийтгэх тогтоолд заавал оруулах шаардлагатай үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.12 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг залруулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч тийм хүсэлт гаргаагүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6-д заасан “Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэг” бичих шаардлагад нийцсэн гэж үзнэ.

 

            Мөн анхан шатны  шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн хүсэлтээр шинжээч П.Г-г шүүх хуралдаанд оролцуулахыг хүссэн хүсэлтийг хангахдаа шүүх хуралдааны тэмдэглэлд түүний хүсэлтийг хангаж тэмдэглэлд “ …шүүхийн тогтоолыг уншиж сонсгоё, … шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэв” гэж тэмдэглэсэн /2 хх 123-р хуудас/-ий дагуу анхан шатны шүүх хуралдаанд шинжээч оролцсон  байна.

 

            Анхан шатны шүүх улсын яллагчийн шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангахаар шийдвэрлэсэн талаараа шийдвэр гаргаагүй ч хүсэлтийг хангасан тухайгаа тэмдэглэлдээ тусгаж шийдвэрлэсэн, шинжээчийг оролцуулах эсэх асуудлыг хэлэлцүүлж шүүх хуралдааны бүх оролцогчдоос санал хүсэлтийг нь авч шийдвэрлэсний үндсэн дээр шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж шийдвэрлэсэн /2 хх 122-123-р хуудасны эхлэл хэсэг/ нь тогтоогдсон байх тул шүүхийн энэ ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж мөн үзэхгүй.

           

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль ёсны төлөөлөгч Ө.Б-ийн нэрийг дурдаагүй, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай улсын яллагчийн хүсэлтийг хангасан шийдвэр гаргалаа гэж тэмдэглэлд тэмдэглэсэн боловч шийдвэр гаргаагүй гэх эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” гэсэн үндэслэлүүд болохгүй юм.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих үндэслэл нь анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг эдлүүлээгүй хязгаарласан, хассан байх гол үндэслэлийг шаардах ба үүний улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулж байж зөрчигдсөн эрхийг эдлүүлэх боломжоор хангах нөхцөл шаардлага бий болсон байхыг шаардана.

 

            Дээрх ажиллагаануудын улмаас хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн буюу хуулиар олгогдсон боломжийг нь хасаж хязгаарласан гэх нөхцөл байдал бий болоогүй байна.

 

Эдгээр үндэслэлүүд, нөхцөл байдлуудын улмаас шүүгдэгч Ж.Чимэг болон шүүгдэгч Ц.Б нараас гаргасан “ …гэмт хэрэг гарах цаг хугацаанд байсан гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй, тэдний мэдүүлгийн зөрүүг арилгуулах,  …гэрчүүд үнэн зөв мэдүүлэг өгөөгүй, …мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөнийг арилгуулах,  …хэргийн зүйлчлэл өөрчлүүлэх,  …ялыг хөнгөрүүлэх, … анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах“ зэрэг үндэслэлүүдээр гаргасан гомдлуудаас шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх гомдлыг хангаж, бусад үндэслэлүүдээр гаргасан гомдлууд нь үндэслэлгүй байх тул  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтын “...11 жилийн хорих ял ...” гэснийг

 

“8 жилийн хорих ял” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг болон шүүгдэгч Ц.Б нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон 40 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                  А.САЙНТӨГС