Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/21

 

 

Б.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Ц.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч З.А-ийн давж заалдсан гомдлоор шүүгдэгч Б.Хд холбогдох 2219000000045 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Х овгийн Б-гийн Х

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын * дүгээр баг, Данзанваанчигийн гудамж ** тоотод хохирогч У.Мын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүү ясны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж,

 

Шүүгдэгч Х овогт Б-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож хийлгэхээр тогтоож,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаас 361595 төгрөгийг гаргуулж хохирогч У.Мод олгож, цаашид эмчлүүлэх 3000000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж

 

Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.А давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогчид хохирол төлөөгүй зэргийг харгалзан Б.Хд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Хохирогч Болдсайханы гэрт хэрүүл маргаан үүсгэн, бага насны хүүхдүүдийг айлган орилж хашхирсан, Хыг гадаа авч гарч цохиж унагаасан, бусдын тайван байдлыг алдагдуулсан, “харьж амар” гэж хэлсэн үгийг эсэргүүцсэн зэрэг үйлдлүүдийг гаргаснаар Х хохирогч нарын хооронд нэг нэгийгээ цохиж гэмтээсэн асуудал үүссэн байдал харагддаг. Хохирогч зүй бус үйлдэл гаргаагүй байсан бол гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан үүсэхгүй байхаар байсныг үгүйсгэх аргагүй юм. Х хохирогчтой маргаж муудсан гээд хохирогчийг орхилгүй гэрт нь хүргэн өгч өөрөө цохисон гэдгээ ч хэлдэг. Мөн мөрдөн байцаалтын шатанд Х өөрийнхөө үйлдлийг хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргээс харахад ч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байгааг анхаарч үзэхийг хүсье. Хыг эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогчид хохирол төлөөгүй зэргээр ял шийтгэлийг хүндрүүлэн ногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Х хөдөлмөрийн насны бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлдэг талаараа мэдүүлдэг, дулааны улиралд ихэвчлэн барилгын ажил хөдөлмөр эрхэлж, сарын 500,000 төгрөгийн орлого олдог гэж мэдүүлдэг. Үүнээс харахад Х нь ажил хөдөлмөр эрхэлдэг учир ажлаа хийж л байвал орлого олох бүрэн боломжтойгоос гадна барилгын ажил нь эхэлсэн байгаа тул ажлаа тасралтгүй хийж хохирогчид болон ар гэр амьдрал ахуйдаа зарцуулах нь нэн хэрэгцээ шаардлагатай зүйлийн нэг байгаа юм. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлдэг, хэрэгт авагдсан баримтын 361595 төгрөгөөс 200000 төгрөгийг төлсөн. Иймд хэргийг хянан үзэж Б.Хы ял шийтгэлийг нь хөнгөрүүлж, торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.  

 

Прокурор Ц.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Хы үйлдэл нь хамгийн анх 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч У.Мын нүүрэн тус газарт цохиж эрүү ясны хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж эхэлсэн байдаг. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх журмаар шийдвэрлэх 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хохирогчид ямар нэгэн хохирол төлбөр төлөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх болон мөрдөн шалгах ажиллагааны явцад эрхэлсэн тодорхой ажилгүй гэдэг хувийн байдал тогтоогдож байсан. Хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар шүүх рүү шилжүүлсэн байгаа. Энэ шилжүүлэх болсон үндэслэл нь хохирогчид хохирол төлбөр төлөөгүй гэдэг зүйл байсан учраас хэргийг ердийн журмаар шилжүүлсэн байгаа. Хэргийн материалыг шүүхийн шатанд ирсэн байсантай холбогдуулан танилцахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байсан учраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлэн зүйчлэх саналтай шүүх хуралдаанд оролцсон байгаа. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Х нь тодорхой орлого олдог нь тогтоогдохгүй байсан. Шүүхийн шийдвэр нь биелүүлэх боломжтой, ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байхаар бичигдсэн байх ёстой ингээд Хыг торгох ял эдлүүлэх боломжтой гэх баримт хэрэгт байхгүй байсан учраас нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн багаар нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг улсын яллагчийн зүгээс шүүх хуралдааны явцад дүгнэлт гаргаж оролцсон байгаа. Шүүхээс улсын яллагчийн тавьсан дүгнэлтийн хүрээнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Х давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ч хохирлоо бүрэн төлөөгүй 200 000 төгрөг төлж байна гэдэг нь энэ хүн торгуулийн ялыг цаашдаа бүрэн төлөх боломж байна уу гэдэг нь эргэлзээтэй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрээр оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч З.А-ээс гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны 2022/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

    Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хянавал 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр С.Быд шүүгдэгч Б.Х, хохирогч У.М нар нь согтууруулах ундааны зүйл ууж согтуурцгаасан ба энэ үед У.М нь Б руу хандаж “ихрийн Б” гэж мэдэх үү гэж чанга хашгираад гуя руу нь цохиод байсанд гэрт байсан хүүхдүүд айж уйлсан тул Б.Х У.Мыг гэрээс дуудаж гарган “чи гэртээ харь” гэсэн шаардлагыг тавихад У.М дургүйцэж “чи намайг явуулдаг болоо юу” гэж хэлэн түүний шанаан тус газар нь 2 удаа цохисны хариуд зөрүүлээд Б.Х У.Мын шанаан тус газар нь 2 удаа цохисны улмаас У.Мын биед эрүүний ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримт болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэ үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх 35-37/-ыг гаргасан боловч хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Прокурорын энэ үйлдэл нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 32.9 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчсөн буюу “ ...прокурор яллах дүгнэлт  үйлдэх үед  ... яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа  хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авах”  ажиллагааг хийлгэлгүйгээр шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.

 

Гэвч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос хэргийн бодит байдалд үндэслэн шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах саналыг гаргасан ба анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж  хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Анхан шатны шүүх “яллах дүгнэлтэд шүүгдэгчийг уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 хэсэгт заасан хүндрүүлэх нөхцлийн аль заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь тодорхойгүй байна” гэж үзэж зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 болгосон нь үндэслэлтэй, зөв болсон. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.14 дүгээр заалтуудад хүндрүүлэх нөхцөл байдлуудыг заасан боловч прокурор эдгээр хүндрүүлэх нөхцөл байдлуудаас хэргийн нөхцөл байдалд тохируулан нэрлэлгүйгээр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй болсон ба хэрэгт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй байна гэж мөн давж заалдах шатны шүүхээс үзсэн.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгээс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хэрэгт авагдсан хохирогч У.М болон гэмт хэрэг гарах цаг хугацаанд байсан С.Б, Э.М нарын мэдүүлгүүд, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Хы  гэрчээр, сэжигтэн, яллагдагчаар, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, хохирогчид биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 02/0320 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материалыг танилцуулсан ба тэдний зүгээс хэргийн талаар нэмж шалгуулах тухай санал хүсэлтийг гаргаагүй байна.

 

Шүүгдэгч Б.Хы хохирогч У.Мтой маргалдаж,  түүний бие эрх чөлөөнд  халдсаны улмаас биед нь эрүүний хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь шүүгдэгчийн “ ...өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д заасан шинж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол” гэх гэмт хэргийн шинжид  тус тус нийцсэн гэж анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээ болгосон нь үндэслэлтэй.

 

 Шүүгдэгч Б.Хы хохирогч У.Мыг архи ууж согтуурсан үедээ айлд зохисгүй байдал гаргаж хүүхдүүд айлгалаа гэж  маргаж түүний нүүрэн тус газар 2 удаа хүчтэй цохиж гэмтэл учруулж  байгаа үйлдэл нь хохирогч руу шууд чиглэсэн санаатай үйлдэл байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол  “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр зааснаас анхан шатны шүүх шүүгдэгч Б.Хд хорихоос өөр төрлийн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн доод хэмжээ болох хоёр зуун дөчин /240/ цагийн  ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  гэм буруугийн хэр хэмжээнд нь нийцсэн буюу “Шударга ёсны” болон “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх” зарчмуудад тус тус нийцсэн, хүнд биш ял байна.

 

Шүүгдэгч Б.Хы хувьд тогтсон цалин орлого байхгүй, хавтаст хэргийн хүрээнд тогтоогдсон хохирогчийн эмчилгээний зардалд 361.595 төгрөгийг нэхэмжилснийг  давж заалдах шатны шүүхийн шатанд 200.000 төгрөгийг төлсөн, үлдэх 161.595 төгрөг төлөгдөөгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудад үндэслэн түүнийг торгох ялаар шийтгэх боломжгүй юм.

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгээс гаргасан “ ... эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогчид хохирол  төлөөгүй үндэслэлээр ял шийтгэлийг хүндрүүлэн оногдуулсан нь үндэслэлгүй,  ... шүүгдэгч нь хөдөлмөрийн насны бөгөөд хувиараа барилгын ажил эрхэлдэг,  ... ял шийтгэлийг хөнгөрүүлэн торгуулийн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.А-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                    А.САЙНТӨГС