Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Г.Мөнхтүвшин,

Хохирогчийн төлөөлөгч Т.С,

Гэрч М.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амгалансуурь,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт М.Б-д холбогдох эрүүгийн 201610010200 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Ж овогт М.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг даргаар ажиллаж байхдаа 2015 онд А/164 дугаартай захирамжаар Замын-Үүд хөгжлийн сангаас 27,000,000 төгрөгийг Замын-Үүд сумын хур хог хаягдлыг арилгах зориулалтаар гарган 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Замын-Үүд нийтийн аж ахуй үйлчилгээ “ОНӨ” ХХК-нд 27,000,000 /хорин долоон сая/ төгрөг шилжүүлж НӨАТ-ын дүнг хасуулж 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Петровис” ХХК-ийн Замын-Үүд салбарын ШТС-ын 454003174 тоот дансанд 25,000,000 /хорин таван сая/ төгрөг шилжүүлэн бэлнээр гаргуулан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2015 оны баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулж Замын-Үүд хөгжлийн санд 27,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        - Шүүгдэгч М.Б-н мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна... би хөрөнгө завшаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй 27,000,000 төгрөгийг би хувьдаа ашиглаж завшсан зүйл байхгүй. Баяр наадмаар зарцуулсан баримтууд мөн эдгээр баримтууд нь над дээр байсан юм. Баяр наадмаар зарцуулсан хөрөнгийн мэдээллүүдийг надад танилцуулагдаад надад хадгалагдаж байсан байна лээ. Би хэрэг үүсгэсэн хойно надад энэ талаар тэмдэглэл бичиг баримт байна уу гэж үзэж байгаад олсон юм. Надаас эдгээр баримтуудыг авая гэж хэн ч асуугаагүй. 2-рт надад ийм баримтууд байгаа гэдгийг ч мэдээгүй байсан. Миний гаргаж өгсөн санхүүгийн баримтууд нь санхүүгийн шаардлага хангасан баримт болох үгүйг мэдэхгүй байна. Тухайн үед 25,000,000 төгрөгийг наадмын үйл ажиллагаанд 100 хувь зарцуулсан гэдэг нь үнэн юм аа. Тухайн үед наадмын үйл ажиллагааг явуулахад төсвөөс өгч байгаа 5,000,000 төгрөг нь баяр наадмын үйл ажиллагаанд хүрэхгүй байсан учраас 25,000,000 төгрөгийг ах Н.Б-с зээлж баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Миний гаргасан A/164 дугаартай захирамжинд хур хог хаягдалыг зайлуулхад зарцуулах, шинээр хур хог хаях газрыг бий болгоход хэрэглэх шатахууны зардал гэж шилжүүлсэн юм. Манай ЗДТГ нь “Петровис” ШТС-тай гэрээтэй ажилладаг юм. Би ерөнхий нягтлан Г, тооцооны нягтлан Ч нарыг “Петровис” ШТС-аас очоод мөнгө аваад ир гэж хэлсэн ямар учиртай мөнгө гэдэг талаар хэлээгүй. Тухайн үед бэлэн мөнгөтэй газар ахын ШТС байсан учраас ахаас буцааж өгнө гэж түр авсан юм. А/164 дугаартай захирамжид заагдсан ажил хийгдээгүй, мөнгийг нь баяр наадамд хэрэглэсэн учраас хөрөнгө мөнгөгүй болсон. Нягтлан М.Г наадмын бэлтгэл ажил, морины бай шагналд өгөх мөнгө байхгүй гэхээр нь ах Н.Б руу залгаж гуйгаад М.Г, Б.Ч нар очиж авсан байсан...наадмын бэлтгэл ажил, бөх, морины бай шагналт зарцуулсан гэсэн. Би нэг ч төгрөг хувьдаа авч завшаагүй, тухайн мөнгөний барааг ч хараагүй... Засаг даргаар 2008 оны 12 дугаар сарын 01-нээс 2016 оны 07 дугаар сарын 20-ныг хүртэл ажилласан... Намайг 18-нд амралттай байхад дуудаад маш хурдан цагийн дотор ажлыг маань авсан...” гэсэн  мэдүүлэг /5хх-ийн 28-32/,

        -  Хохирогчийн төлөөлөгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт “...М.Б нь Засаг дарга байхдаа А/164 дугаартай захирамж гарган Замын-Үүд сангаас 27,000,000 төгрөгийг гаргаж зарцуулсан байдаг. Аудитын тайлан дүгнэлтэнд 27,000,000 төгрөгийг дурдсан байдаг. Мөн өөрөө ч өмнө нь шүүх хуралд мэдүүлэхдээ зориулалтын бусаар зарцуулсан байна гэдгийг ойлгож байна гэж мэдүүлсэн байсан. Иймд М.Б-с 27,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

        -  Гэрч М.Г-н мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн иргэн аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн мөнгөн хөрөнгийн тайланг нэгтгэж гаргаад задаргаатай нь хамт тухайн үед Засаг дарга Б-д өгсөн юм. Даргад өгсөн болохоор санхүү дээр байгаа байх гэж бодсон юм. Жил жилийн наадмын иргэн аж ахуй нэгжээс хандиваар орж ирсэн мөнгөний тайланг тусад нь гаргаад хадгалагдаад байдаг. Хандиваар орж ирж байгаа хөрөнгө нь төсвийн мөнгө биш болохоор архивын нэгж болгож хадгалдаггүй юм аа. ЗДТГ-ын санхүү дээр гэдгээ л Тамгын газрын архивт гэж буруу хэлчихсэн байна. Засаг даргын нөөц хөрөнгө болон шатахууны тайланг бол архивт хадгалдаг түүнтэйгээ холиод хэлсэн байна. Энэ миний буруу. Тайланг нь би гаргаад М.Б даргад өгсөн цаашаа хэнд яаж өгсөн талаар мэдэхгүй. Олон наадмын баримттай хамтатгаад өгсөн байгаа 2015 оны баяр наадмын тайланг Засаг дарга М.Б-д өгсөн. Хандив тусламжаар ирсэн мөнгөний тайланг дарга өөрөө танилцдаг юм. Тэгээд авсан байх би буцааж аваагүй. Төсөв батлахдаа гарын үсэг зураагүй наадмын комисст танилцуулаад бай шагналын мөнгийг нь тус тусад нь өгсөн юм. Улсын төсвөөс гараагүй хандив тусламжаар ирсэн мөнгөний тайланг ийм байдлаар гаргадаг байсан. Хандиваар орж ирсэн мөнгөөр эд зүйл болсон нь Тамгын газрын үндсэн хөрөнгөд үнэ төлбөргүй авсан орлогоор бүртгэгдсэн байгаа. Цагдаагийн газарт авч өгсөн хамгаалалтын олс гэхэд тухайн байгууллагынхаа үндсэн хөрөнгөд бүртгэгддэг. Хоол унд болохоор зарлагдаад дуусдаг. Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал гэж болдог наадмын дараагаар 1 удаа хуралдахад би оролцсон түүн дээр наадмаар хэдэн төгрөг хэрхэн юунд зарцуулагдсан талаар тайланг тавьсан. Удирдлагын хурал дээр Засаг дарга өөрөө байдаг. Тайланг удирдлагын хурал дээр илтгэж дуусаад Засаг даргад тайланг өгсөн. Тайланг задлаж хэлээгүй бөгөөд нийт тэдэн төгрөгний хандив орж ирсэн түүнийг ийм ийм зүйлд зарцуулсан гэж ерөнхийд нь л тайлагнасан. Ч мөнгөний дугтуйн дээр авсан мөнгөний 10 хувийг суутгаад бичиж байсныг би санаж байна. Тухайн үед би түүнийг 10 хувийн тушаалгасан юм байна гэж ойлгосон байна. Энэ миний буруу. Би худлаа яриагүй ээ. Өөрийн санахгүй зүйл ээ санахгүй байна мэдэхгүй байна гэж мөрдөн байцаалтанд мэдүүлснээс болж байна. Эргэж байгаа зүйлээ тийм гээд хэлсэн нь миний буруу боллоо. Өөрийн буруутай хариуцлагаа хүлээнэ... 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/164 дугаартай Засаг даргын захирамж гарсан, захирамжийн дагуу нэхэмжлэх бичиж 27,000,000 төгрөгийг Нийтийн аж ахуй үйлчилгээнд шилжүүлсэн. Нийтийн аж ахуй үйлчилгээний газар тухайн ажлыг талаарх тайлангаа өгсөн учраас би Петровисоос авсан мөнгийг байна гэж бодоогүй. Наадмын үйл ажиллагаанд төсөвлөсөн 5,000,000 төгрөг хаанаа ч хүрдэггүй. Наадмын бэлтгэл ажил хийхэд мөнгө хүрэлцэхгүй байгаа талаар Засаг дарга М.Б-д хэлэхэд жаахан байж байгаад ороод ир гэсэн тэгээд удалгүй дарга Петровис ХХК-ний Н.Б-с очоод мөнгө авчих гэсэн. Тэгэхээр нь Б.Ч, жолооч Б нартай очиж 14 сая төгрөг ... дараа нь 7 сая төгрөг авсан, 1,600,000 төгрөг, 2,200,000 төгрөгөөр бензин авсан мөн бензиний өртэй байсан үлдсэн мөнгө нь энэ шатахуунд зарцуулсан байх... тухайн үед даргаас асууна гэж бодож байсан ажил ихтэй байсан учраас мартчихсан юм...” гэсэн  мэдүүлэг /4хх-ийн 250, 5хх-ийн 1-2/,

            - Гэрч З.Д-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл тус газарт нягтлан бодогчоор ажиллаж байна. Манай байгууллага сумын нутаг дэвсгэрт хог тээврийн үйл ажиллагаа, гудамжны гэрэлтүүлэг, ногоон байгууламжын арчилгаа, усалгаа, нийтийн тээврийн үйл ажиллагаа, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилалт хамгаалалт, ундны цэвэр усыг авто машинаар түгээх, халуун усны үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж сумын ард иргэдэд үйлчилдэг юм… Манай байгууллагын дарга Б надад ЗДТГ-аас 27,0 сая төгрөг орж ирнэ түүнийг Петровис компани руу шилжүүлнэ шүү гэж 2016 оны 6 дугаар сарын сүүлээр хэлж байсан. Тэр үед яагаад заавал манай байгууллагаар дамжуулж Петровис руу шилжүүлэх гээд байгаа юм бэ? Манайх МТ шатахуун түгээх станцтай гэрээтэй шүү дээ. ЗДТГ өөрсдөө шууд Петровис руу шилжүүлж болдоггүй юм уу? гэж захиралаас асуухад би сайн мэдэхгүй байна Засаг дарга өөрөө мэдэж байгаа биз дээ гэсэн. Тэгтэл 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай байгууллагын Хаан банкны дансанд ЗДТГ-аас хур хог зайлуулах ажлын санхүүжилт гэж 27,0 сая төгрөг орж ирсэн энэ үед манай байгууллагын захирал Б.Б ээлжийн амралттай байсан бөгөөд над руу утсаар залгаад ЗДТГ-аас 27,0 сая төгрөг манай дансанд орж ирсэн үү? гэж надаас асуухад орж ирсэн гэхэд түүнээс 25,0 сая төгрөгийг Петровис шатахуун түгээх станц руу яаралтай шилжүүл гэж Засаг дарга Б үүрэг өгсөн шүү чамд үлдээсэн төлбөрийн даалгавраас нэгийг нь ашиглаад яаралтай шилжүүлээрэй гэж хэлсэн... захирал Б-н аман тушаалаар 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Петровис” ХХК-ний Замын-Үүд дэх салбарт 25 сая төгрөгийг манай байгууллагын Хаан банкны 27,0 сая төгрөг орж ирсэн данснаас “Петровис” Худалдаа хөгжлийн данс руу 25,0 сая төгрөг шилжүүлсэн “Петровис” компаний нэхэмжлэл дээр шилжүүлсэн дансны дугаар нь байгаа. Би ойлгохдоо Петровис компанид мөнгө шилжүүлсэн юм чинь эднийхээс шатахуун авч 7, 8 дугаар сард элс зөөх юм байна даа гэж ойлгож байсан…Петровис ШТС дээр НӨТ-ын падaанaа авах гээд очиход салбарын эрхлэгч Н.Б нь өөрөө байсан бөгөөд 25,0 сая төгрөгний НӨАТ-ын падaанaа авъя шатахуунаа одоохондоо авах арай болоогүй манай ажил их байна гэхэд энэ мөнгө байхгүй ш дээ танайд шатахуун өгөх боломжгүй энэ мөнгийг сумын Засаг дарга М.Б танайхаар дамжуулаад манай дансаар гаргаад авсан наадамд зарцуулсан юм байна лээ гэсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 16-19/,

- Б.Б-н сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед ажиллаж байсан засаг дарга М.Б хэлэхдээ сумын баяр наадмын бэлтгэл ажилд хэрэглэнэ гэж хэлсэн байсан бөгөөд анхандаа намайг компаниасаа бэлэн мөнгө гаргаж өг гэж хэлэхэд би чадахгүй гэсэн тэгтэл хэсэг хугацааны дараа намайг ээлжийн амралт эдэлж байхад над руу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр утасдаад танай данс руу 27,000,000 төгрөг шилжүүлсэн түүнийг яаралтай Петровис ШТС руу шилжүүл гэж хэлсэн. Би нягтлан З.Д-д НӨАТ хасаж тооцоод бусад мөнгийг нь Петровис ШТС руу шилжүүл М.Б дарга үүрэг өгөөд байна гэж хэлсэн маргааш нь буюу 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нягтлан З.Д шилжүүлсэн байсан. Тэр шилжүүлсэн мөнгөнд манай компани нэг литр ч бензин аваагүй, ямар ч ажил хийгдээгүй, ямар ч гүйцэтгэл байхгүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 130-132/,

          - Гэрч З.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2012 оны 1 дүгээр сараас эхлээд ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэнгээр ажиллаж байгаа 2013 оны 3 дугаар сараас эхлээд Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ЗДТГ-ын Захирагчийн ажлын албан дотор худалдан авах ажиллагаа нь багтаж явдаг юм. Замын-Үүд сумын Захирагчийн ажлын алба нь сумын дэд бүтэц хот байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хариуцан ажилладаг юм. Хариуцдаг байгууллага дотор нь үйл ажиллагаагаараа “Замын-Үүд Нийтийн аж ахуй” ОНӨ ХХК нь харъяалагддаг юм. Сумын Засаг даргын хөрөнгө оруулалттай холбоотой захирамж гарсан тохиолдолд манайх хариуцдаг юм. Тэр утгаараа “Замын-Үүд Нийтийн аж ахуй” ОНӨ ХХК -аас 27,0 төгрөгний гүйцэтгэлийн тайланг авч өг гэж ерөнхий нягтлангаас шаардсаны дагуу “Замын-Үүд Нийтийн аж ахуй” ОНӨ ХХК-ний ерөнхий Д-с шаардахад тухайн үед юм байхгүй гээд өгөхгүй байсан. Хөрөнгө оруулалттай баримт бичгүүдээ шалгуулах гээд аймгаас аудитын шалгалт орох гээд гүйцэтгэлийн тайланг нэхсэн байхгүй гээд өгөхгүй байсан. Ингээд 2016 он гарсан гүйцэтгэлийн тайланг авч өгөөгүйн улмаас миний цалинг хүртэл хаасан байсан. “Замын-Үүд Нийтийн аж ахуй” ОНӨ ХХК-ийн ажилтануудын цалинг хүртэл хаасан байна гэж Д надад хэлсэн ингээд бараг цагаан сарын өмнөхөн 27,000,000 төгрөгний гүйцэтгэлийн тайлан гээд надад 3-4 хуудас материал өгөхөд нь түүнийг нь би ерөнхий нягтлан М.Г-д өгсөн…” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 33-35/,

           - Гэрч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн үед М.Г эгч бид 2 засаг даргын жолооч Б гэж хүнээр хүргүүлэн очоод буцаад хамт явж байсан нь бол үнэн. Би Петровис ШТС-руу М.Г эгчтэй нэг л удаа очиж авахдаа хэдэн боодол мөнгө бэлнээр авч байсан. Яг хэдэн төгрөг авсныг нь би мэдэхгүй ч гэсэн Улаанбаатар хотод АТГ-ын гадна М.Г эгчтэй таарахад хоёулангийн хамт oчиж авдаг 14 сая төгрөгний талаар асууж байна тэгэхээр бид 2 тэгж очиж авах үед 14 сая төгрөг л очиж авсан юм болов уу гэж бодож байна…Засаг даргын жолооч Б-тай явж авсан нь бол үнэн...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 125/,

         - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 251 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд Петровис ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны төгрөгийн дансанд 25,000,000 төгрөг “шатахууны төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар Хаан банкны дугаартай Замын-Үүд НААҮ ОНӨ ХХК-ийн данснаас шилжин орсон байна. Шинжилгээнд ирсэн баримтаар Замын-Үүд Петровис ХХК нь Замын-Үүд НААҮ ОНӨ ХХК-д 25,000,000 төгрөгийн шатахуун өгөөгүй байна” гэсэн дүгнэлт /2хх-ийн 72-47/,          - М.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /2хх-ийн 159-160/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 161/, наадмын үйл ажиллагаанд зарцуулсан гэх баримтууд /3хх-ийн 241-246, 4хх-ийн 01-77/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: Шүүгдэгч М.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Замын-Үүд сумын хогийн цэгийн хуримтлагдсан хогийг дарж булах ажлыг Замын-Үүд нийтийн аж ахуй үйлчилгээ ОНӨ-т ХХК-иар гүйцэтгүүлэх, тухайн ажлын санхүүжүүлтэнд 27,000,000 төгрөгийг Замын-Үүд сангаас гаргуулахаар 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр А/164 дугаартай захирамжийг гаргасан. Уг захирамжийн дагуу ерөнхий нягтлан бодогч М.Г нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлбөрийн хүсэлт буюу нэхэмжлэх үйлдэж өөрөө болон шүүгдэгч М.Б-р гарын үсэг зуруулан Замын-Үүд нийтийн аж ахуй үйлчилгээ ОНӨ-т ХХК-ийн Хаан банкин дахь данс руу 27,000,000 төгрөгийг шилжүүлсэн,  Замын-Үүд нийтийн аж ахуй үйлчилгээ ОНӨ-т ХХК нь НӨТ-т 2,000,000 төгрөгийг суутган 25,000,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд Петровис ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь данс руу “Замын-Үүд НААҮ ОНӨ ХХК шатахууны төлбөр” нэрээр шилжүүлсэн ба шүүгдэгч М.Б нь ерөнхий нягтлан бодогч М.Г, тооцооны нягтлан бодогч Б.Ч, жолооч Б нарыг Петровис ХХК руу явуулж, уг 25,000,000 төгрөгийг Петровис ХХК-иас бэлэн мөнгөөр болон шатахуунаар авч Замын-Үүд сумын 2015 оны 07 дугаар сарын 04, 05-ны өдөр болсон баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулсан байх ба төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж орон нутгийн төсөв буюу Замын-Үүд санд хохирол учруулсан үйл баримт тогтоогдов.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, Замын-Үүд санд 27,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг 1.1 зориулалтын бусаар зарцуулсан гээд 1.2, 1.3, 1.4,.1.5 гээд -1.6 хүртэл зааснаар зарцуулсан байх ингэж зарцуулахдаа хөрөнгө завшсанаас хохирол учирсан бол тухайн хүнд ял оногдуулахаар заасан. Тэрнээс зориулалтын бусаар зарцуулсан бол ял оногдуулана гэсэн хуулийн зүйл заалт биш юм. Өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулчихаад идэж уугаад завшсан байх юм бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан ... 25,000,000 төгрөгийг наадмын үйл ажиллагаанд хэрэглэж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэхдээ өөртөө нэг ч төгрөг авч ашиглаж, идэж ууж завшаагүй...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж байгаа. Иймд гэм буруугүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлзсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь:  Замын-Үүд сан буюу орон нутгийн төсөв нь Замын-Үүд сумын нутгаар Бүгд Найрамдах Хятад Ард улс руу дамжин өнгөрч буй зорчигчдоос төлбөр, хураамж буюу татвараас бүрддэг бөгөөд тухайн сангийн хөрөнгө нь сумын тохижилт, соёлжилт, бүтээн байгуулалтын ажилд зарцуулагддаг байна. /3хх-ийн 232-234/ Гэтэл шүүгдэгч М.Б нь Замын-Үүд сумын Засаг даргаар ажиллаж байхдаа орон нутгийн төсөв болох Замын-Үүд сангаас 27,000,000 төгрөгийг Замын-Үүд сумын хогийн цэгийн хуримтлагдсан хогийг дарж булах ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн атлаа тухайн ажилд зарцуулахгүйгээр зориулалтын бус буюу наадмын үйл ажиллагаанд зарцуулж орон нутгийн төсөвт хохирол учруулсан байна. Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ээс 1.6 хүртэл Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах үйлдлийн хэлбэрийг нэг бүрчлэн тодорхойлсон ба уг үйлдлийн үр дүн нь улсын болон орон нутгийн төсөвт хохирол учирсан байхыг шаарддаг байна.

Шүүгдэгч М.Б нь Замын-Үүд сумын Засаг даргаар ажиллаж байхдаа төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, 27,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...захирамжид заагдсан ажил хийгдээгүй, хөрөнгө мөнгөгүй болсон, мөнгийг нь баяр наадамд хэрэглэсэн учраас...морины бай шагналд өгөх мөнгө байхгүй гэхээр нь би ах Н.Б-с гуйсан...ерөнхий нягтлан М.Г, Б.Ч нар очиж авсан... би нэг ч төгрөг аваагүй... 2008 оны 12 дугаар сарын 01-нээс 2016 оны 07 дугаар сарын 20-ныг хүртэл засаг даргаар ажилласан...” гэсэн, гэрч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт “...А/164 дугаартай Засаг даргын захирамж гарсан, захирамжийн дагуу нэхэмжлэх бичиж 27,000,000 төгрөгийг Нийтийн аж ахуй үйлчилгээнд шилжүүлсэн... наадмын үйл ажиллагаанд төсөвлөсөн 5,000,000 төгрөг хаанаа ч хүрдэггүй...наадмын бэлтгэл ажил хийхэд мөнгө хүрэлцэхгүй байгаа талаар Засаг дарга М.Б-д хэлэхэд жаахан байж байгаад ороод ир гэсэн тэгээд удалгүй дарга Петровис ХХК-ний Н.Б-с очоод мөнгө авчих гэсэн. Тэгэхээр нь Б.Ч, жолооч Б нартай очиж 14 сая төгрөг авсан...дараа нь 7 сая төгрөг авсан, 1,600,000 төгрөг, 2,200,000 төгрөгөөр бензин авсан мөн бензиний өртэй байсан үлдсэн мөнгө нь энэ шатахуунд зарцуулсан байх...” гэсэн мэдүүлгүүд /шүүх хуралдааны тэмдэглэлд/, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/164 дугаартай захирамж /1хх-ийн 19/, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/142 дугаартай захирамж /4хх-ийн 136/, Төсөвт байгууллагын дансны хуулга /1хх-ийн 13/, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх /1хх-ийн 18/, шинжээчийн 251 тоот дүгнэлт /2хх-ийн 72-74/, Замын-Үүд Петровис ХХК-ний Худалдаа хөгжлийн банкин дахь дансны хуулга /2хх-ийн 214, 215 ар тал/, Замын-Үүд нийтийн аж ахуй үйлчилгээ ОНӨ-т ХХК-ний Хаан банкин дахь дансны хуулга /3хх-ийн 29/, кассын тайлан, бэлэн мөнгөний гүйлгээний тайлан /3хх-ийн 241-245/, гэрч Н.Б-н “...1999 оноос хойш Петровис ШТС гэж байхад эрхлэгчээр ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна... Нийтийн аж ахуй үйлчилгээ ОНӨ ХХК-иас шатахууны мөнгө гэж 25,000,000 төгрөг орж ирсэн. Наадмын арга хэмжээ зохион байгуулахад тодорхой хувийг нь зарцуулна. Бэлэн мөнгөөр 10 хоногийн дотор авсан...бэлэн мөнгийг нярав М.Г болон нэрийг нь мэдэхгүй няравтайгаа ирж авдаг байсан харин шатахууныг нь Захиргааны жолооч нар ирж машинаа цэнэглүүлдэг байсан миний нэрийг нь мэдэж байгаа нь Б юм...” /2хх-ийн 25-27/ гэсэн, гэрч Б.Ч-н “...Тухайн үед М.Г эгч бид 2 засаг даргын жолооч Б гэж хүнээр хүргүүлэн очоод буцаад хамт явж байсан нь үнэн. Би петровис ШТС-руу М.Г эгчтэй нэг л удаа очиж авахдаа хэдэн боодол мөнгө бэлнээр авч байсан. Яг хэдэн төгрөг авсныг нь би мэдэхгүй ч гэсэн Улаанбаатар хотод АТГ-ын гадна М.Г эгчтэй таарахад хоёулагийн хамт oчиж авдаг 14 сая төгрөгний талаар асууж байна тэгэхээр бид 2 тэгж очиж авах үед 14 сая төгрөг л очиж авсан юм болов уу гэж бодож байна...” гэсэн /2хх-ийн 31-32/, гэрч З.Д-н ... Манай байгууллагын дарга Б надад ЗДТГ-аас 27,0 сая төгрөг орж ирнэ түүнийг Петровис компани руу шилжүүлнэ шүү гэж 2016 оны 6 дугаар сарын сүүлээр хэлж байсан... 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай байгууллагын Хаан банкны дансанд ЗДТГ-аас хур хог зайлуулах ажлын санхүүжилт гэж 27,0 сая төгрөг орж ирсэн энэ үед манай байгууллагын захирал Б.Б ээлжийн амралттай байсан бөгөөд над руу утсаар залгаад ЗДТГ-аас 27,0 сая төгрөг манай дансанд орж ирсэн үү? гэж надаас асуухад орж ирсэн гэхэд түүнээс 25,0 сая төгрөгийг Петровис шатахуун түгээх станц руу яаралтай шилжүүл гэж Засаг дарга Б үүрэг өгсөн шүү чамд үлдээсэн төлбөрийн даалгавраас нэгийг нь ашиглаад яаралтай шилжүүлээрэй гэж хэлсэн... захирал Б-н аман тушаалаар 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Петровис” ХХК-ний Замын-Үүд дэх салбарт 25 сая төгрөгийг ... “Петровис” Худалдаа хөгжлийн данс руу шилжүүлсэн … Петровис ШТС дээр НӨТ-ын падaанaа авах гээд очиход салбарын эрхлэгч Н.Б нь өөрөө байсан бөгөөд 25,0 сая төгрөгний НӨТ-ын падaанaа авъя шатахуунаа одоохондоо авах арай болоогүй манай ажил их байна гэхэд энэ мөнгө байхгүй ш дээ танайд шатахуун өгөх боломжгүй энэ мөнгийг сумын Засаг дарга М.Б танайхаар дамжуулаад манай дансаар гаргаад авсан наадамд зарцуулсан юм байна лээ гэсэн...” гэсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Б-г төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улсын яллагчийн саналыг харгалзан тухайн зүйл ангид заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компакт диск 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Хохирогч 27,000,000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч М.Б “...25,000,000 төгрөгнөөс нэг ч төгрөг аваагүй, наадмын үйл ажиллагаанд хэрэглэсэн...” гэх боловч шүүх 25,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, НӨТатварт авсан 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ж овогт М.Б-г төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ж овогт М.Б-г нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Б нь 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч М.Б нь 3 /гурав/ жил хүртэл хугацаанд дээрх торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт түүний  иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

6.  Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч М.Б-с 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг гаргуулан Замын-Үүд санд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ