Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/656

 

 

 

    

 

 

     2022           6             28                                         2022/ДШМ/656                                                                             

 

 

 

Д.Х, Г.Днарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор И.Мөнхцэцэг,

            шүүгдэгч Д.Х, Г.Д,

            нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/652 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаартай эсэргүүцлээр Д.Х, Г.Днарт холбогдох эрүүгийн  2202000030107 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Загд овгийн Д.Х, 1992 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувийн “Сондра” нүдний эмнэлэгт хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт, ..................,

2. Буурал сутай овгийн Ганбатын Дашням, 1993 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт, ..................,

Шүүгдэгч Д.Х нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/657 тушаалаар томилогдсон “Хэрэг бүртгэх мөрдөн тасгийн мөрдөгч”-ийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан Г.Дтай бүлэглэж хэрэг бүртгэлтийн 180505295 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлт явуулахдаа албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хэрэгт сэрдэгдсэн Б.Мөнхдэлгэр, А.Алтанхуяг нараас 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хохирогчийн эмчилгээний зардалд өгсөн 5.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг гэмт хэргийн хатгагч Г.Дд бэлнээр өгч, хохирогч Б.Мөнхболдод 850.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдлийг өөртөө авсан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэргийн бодит байдпыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Г.Днь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Б/391 тушаалаар томилогдсон “Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч”-ийн албан тушаалын байдпаа урвуулан ашиглаж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн мөрдөгч Д.Хтой бүлэглэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хэрэгт сэрдэгдсэн Б.Мөнхдэлгэр, А.Алтанхуяг нараас 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хохирогчийн эмчилгээний зардалд өгсөн 5.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан, мөрдөгч Д.Хыг хэрэг бүртгэлийн 180505295 дугаартай хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг ялгүй гаргаад өгчих гэж хатгаж, Д.Хыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлээгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.        

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нэр бүхий шүүгдэгч нарыг “... албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол ...” гэж ял сонсгон, яллагдагчаар татсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “Нотолбол зохих байдал” үүнд:

“гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”,

“гэмт хэргийг хэн үйлдсэн”,

“гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”,

“гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэх мэт байдлыг нотлохыг шаардахаас гадна,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд “Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлууд”-ыг үүнд: “энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх”,

“гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх”,

“гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тодруулж чадсан эсэх” гэх мэт асуудлыг хянахаар хуульчилжээ. Дээр дурдсан нотолбол зохих байдал, прокурорын хянавал зохих ажиллагаа энэ хэрэгт бүрэн хийгдсэн гэхэд эргэлзээтэй тухайлбал, хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.Мөнхболд хохирогчтой Б.Мөнхдэлгэр, А.Алтанхуяг нарт холбогдох хэргийг анх мөрдөгч Т.Алтантамир гэгч шалгасан байх ба энэ үеэс эхлэн мөрдөгч Т.Алтантамир нь мэдүүлэг байцаалт авахдаа огноог (он, сар, өдрийг) бичихгүй байх, тухайн хэрэгт хамааралгүй зүйлийг асуух зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахгүй байгаа энэ байдал нь тухайн албан тушаалтны хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байгаа эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хэн нэгэн албан тушаалтан албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол дараа дараагийн үр дагавар үүсэхгүй байх байсан гэж үзэхээр байна.

Зөвхөн үйлдэл, эс үйлдэхүй гэхээс гадна Г.Д, Т.Алтантамир нарын хооронд тухайн үед яригдаж байсан асуудлын талаар бүрэн гүйцэт шалгахгүй орхигдуулсан буюу гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийсэн гэхэд эргэлзээ бүхий байх тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Прокурор И.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ албаны эрх, ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, албан тушаалын байдлаа урвуулан өөртөө болон бусдад эдийн давуу байдал бий болгосон үйлдэл, хуулиар хүлээсэн албаны чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд хийвэл зохих үүргээ мэдсээр байж, зохих ёсоор бүрэн хийх боломж байсаар байтал хувийн ашиг сонирхлоор зориуд хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй, гэмт хэрэгт хамтран оролцсон байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гарсан байдал зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон болно.

Тодруулбал, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч Т.Алтантамир нь иргэн Б.Мөнхболдоос 2018 оны 10 дугаар сард гаргасан гэмт хэргийн талаарх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэг бүртгэлтийн 180505295 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Мөрдөгч Т.Алтантамирыг өвчтэй байх үед нь буюу 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 180505295 дугаартай хэргийг мөрдөгч Д.Хт шилжүүлсэн байна. Мөрдөгч Д.Х нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөрдөгч Г.Дтай бүлэглэж хэрэг бүртгэлтийн 180505295 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлт явуулахдаа албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хэрэгт сэрдэгдсэн Б.Мөнхдэлгэр, А.Алтанхуяг нараас 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хохирогчийн эмчилгээний зардалд өгсөн 5.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг гэмт хэргийн хатгагч Г.Дд бэлнээр өгч, хохирогч Б.Мөнхболдод 850.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдлийг нь өөртөө авсан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад эдийн давуу байдал бий болгосон, энэ хэрэгт С.Днь хатгагчаар хамтран оролцсон байна.

Яллагдагч Д.Х, С.Днарын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогч Б.Мөнхболд нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжпэх эрхээ хязгаарлуулж хохирсон нөхцөл байдал нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна. Харин мөрдөгч Т.Алтантамирын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Д.Х,  С.Днар нь гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Мөнхболдын эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөрдөгч С.Д хэрэг учрал, мөнгөний талаар Т.Алтантамиртай холбогдсон асуудал нь Д.Х, С.Днарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтад нөлөөлөхгүй болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон байхад шүүхээс “мөрдөгч Т.Алтантамирын мэдүүлэг авахдаа огноо бичээгүй, тухайн хэрэгт хамааралгүй зүйлийг асуух зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байгаа эсэхэд дүгнэлт хийх, хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийсэн эсэх нь эргэлзээтэй” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн шүүх нь прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээ хязгаараас хэтрүүлэн Т.Алтантамирыг гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Х, С.Днар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон, яллагдагч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, прокурорын сонсгосон ял эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, үүнээс үүдэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон бөгөөд шүүхээс энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчиж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, ач холбогдлыг алдагдуулсан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байна. Шүүхийн шийдвэрт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэж байгаа нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагаа хийгдсэн эсэх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэх, үгүйсгэх, няцаах үндэслэлийг дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд шүүгчийн 2022/ШЗ/652 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.

шүүгдэгч Д.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй ...” гэв.

шүүгдэгч Г.Дтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Давж заалдах шатны шүүх дээрх шүүгчийн захирамж болон хавтас хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Д.Х, Г.Днарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Д.Х “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хэргийн оролцогчид төлбөр тооцоо байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” /3хх 236/, шүүгдэгч Г.Даас “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хэргийн оролцогчид төлбөр тооцоо байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү....” /3хх 237/ гэсэн хүсэлтийг тус тус прокурорт гаргасан бөгөөд Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын       11-ний өдрийн 25 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоолын дагуу шүүгдэгч Г.Д, Д.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал гаргасныг, шүүгдэгч Г.Д, Д.Х нар танилцаж гарын үсэг зурсан байх тул уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.  

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...түүнд оногдуулах ялын төрөл хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх ...тухай саналыг ...танилцуулж...” гэж заажээ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн  652 дугаартай захирамжийг хүчингүй болгож,  Д.Х, Г.Днарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэх хүртэл Д.Х, Г.Днарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ    

                               ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                    ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ