| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04136/И |
| Дугаар | 182/ШШ2024/03187 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/03187
| 2024 07 29 | 182/ШШ2024/03187 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Х байранд байрлах Ж ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух Х овогт Т-ийн Ү /РД:*******/-т холбогдох,
1 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Т овогтой Ү , нэхэмжлэгч Ж ХХК-тай үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч, дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан. Хариуцагч Т.Ү нийлүүлсэн барааны төлбөр 2 600 000 төгрөгийг 2024.03.05-ны өдөр тулган Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж баталгаажуулсан. Талууд Тооцооны үлдэгдлийн баталгаа-ны хувиар ёсоор төлбөрийг 2024.03.05-ны өдөр 1 300 000 төгрөг, 2024.03.31-ний өдөр үлдэгдэл 1 300 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Хариуцагч Т.Ү 2024.03.06-ны өдөр 1 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1 600 000 төгрөгийг төлөлгүй бидний хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Иймд хариуцагч Т.Ү-с Тооцооны үлдэгдлийн баталгаа-р баталгаажсан, төлбөрийн үлдэгдэл 1 600 000 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Ү-тэй эвлэрлийн гэрээ байгуулсан тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч Т.Ү нь шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Ү миний бие Ж ХХК-д 1 600 000 төгрөгийн тооцоог төлөх үлдэгдэлтэй нь үнэн болно. Уг тооцоог 2024.08.01-ний өдөр 800 000 төгрөг, 2024.09.01-ний өдөр 800 000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: Ж ХХК нь хариуцагч Т.Ү-тэй дараах байдлаар эвлэрч байна.
1.Нэхэмжлэлийн үнийн дүн болох 1 600 000 төгрөгийг хариуцагч Т.Ү бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2 хувааж буюу 2024.08.01-ний өдөр 800 000 төгрөг, 2024.09.01-ний өдөр 800 000 төгрөгөөр тус тус төлнө. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр гадны шахалтгүйгээр байгуулсан нь үнэн бөгөөд хуульд заасан үр дагаврыг ойлгосон болно. гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгч томилсон итгэмжлэл, тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, кассын дансны хуулга зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Т.Ү-т холбогдуулан, 1 600 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ү нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.08.01-ний өдөр 800 000 төгрөг, 2024.09.01-ний өдөр 800 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 550 төгрөгийн 20 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20 275 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 20 275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Ү-т холбогдох, 1 600 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Ү нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.08.01-ний өдөр 800 000 төгрөг, 2024.09.01-ний өдөр 800 000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 550 төгрөгийн 20 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20 275 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 20 275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА