Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч Г.Мөнхтүвшин, 

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 1720000000079 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух, Б овогт Д.Б,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багд байрлах өөрийн гэрийнхээ гадаа Ц.Н-тай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн далан тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   - Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 02-ны орой миний танил А манай гэрт 1 шил архитай ирсэн. Бид хоёр түүнийг нь хувааж уугаад унтсан. Маргааш өглөө нь 10 цагийн орчимд А бид хоёр гэрээсээ гараад үсчин орчихоод, дэлгүүрээс 0,5 литрийн Ерөөл нэртэй архи аваад О-н гэрт очиж уусан. Ингээд тэндээс А-н хамт гараад шууд гэрлүүгээ явсан. Бид хоёр манай гэрт унтаж байгаад сэрэхэд /ойролцоогоор 16 цагийн орчим байх/ эхнэр байхгүй байсан тул эхнэрээ утсаараа дуудсан. Манай эхнэр ирээд удаагүй байхад гаднаас О.Г, Б, Ц.Н нар орж ирсэн. Н нилээд согтуу, харин нөгөө хоёр нь гайгүй байсан. Н гэрт орж ирчихээд орилж хашгираад агсамнаад байхаар нь манай эхнэр түүнийг хөөсөн. Энэ үед О.Г, А, Б нар гэрээс гарсан. Ц.Н араас нь гарч, би Н-н араас нь гарсан. Бүгдээрээ гадаа амбаарын урд талд зогсож байтал Н намайг “хөгшин бандиа чамайг хутгална шүү” гээд байхаар би гэрлүүгээ буцаж ороод, гэрийн зүүн урд талд байрлах хоолны шүүгээний шуруулганаас цэнхэр иштэй, нимгэн хутгыг авч гараад Ц.Н-т “чи намайг хутгална гээ биздээ. Май хутгал” гэж хэлээд өгсөн. Тэгтэл Ц.Н хутгаа гартаа барьчихаад зогсоод байхаар нь би “хутгаа авъя” гэтэл өгөхгүй булаацалдсан. Би Ц.Н-с хутгаа авахаар гарыг нь мушгиад ноцолдож байтал хувцас нь урагдах чимээ сонсогдсон. Ц.Н-н гарыг ард талд нь мушгиж хутгаа авахаар булаацалдаж байгаад дээш татахад хутга Ц.Н зүүн далан тус газар руу нэвтэрсэн... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,

 - Хохирогч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Бид нарыг Д.Б-ны гэрт ороход түүний эхнэр Ч.Б, охин Д.Э, бэр нь, А нар байсан. Тухайн үед Д.Б, А нар халамцуу архи уусан байдалтай байсан. Би өөрөө архи уусан байсан болохоор тэдний гэрт ороод чанга чанга дуугарсан. Гэтэл Д.Б-ны охин болох Б.Э манай бэр жирэмсэн та жаахан зөөлөн дуугараач гэхээр нь би ч гэсэн жирэмсэн байсан гэж хэлээд маргалдаж байгаад гарсан. Тухайн үед надтай Г, Б нар байсан. Тэгээд гадаа гараад Д.Б-ны гэрийн зүүн талд байсан эвдэрхий машины урд талд зогсож байтал Д.Б гэрээс гарч ирээд миний зүүн даланд хутгалсан...Д.Б охиноо өмөөрч намайг хутгалсан байх гэж бодож байна... Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10/,

- Гэрч О.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би хуурай дүү Б /бүтэн нэр нь Б байх гэх/-ийн хамт өөрийн түрээсэлдэг Хараа зочид буудлын өрөөнд байсан юм. Би ганцаараа тал шил архи уугаад сууж байсан. Харин Б архи уудаггүй. Ойролцоогоор 10 цаг 30 минутын орчимд гаднаас Д, Ц.Н, С нар 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архи 1 шилийг барьчихсан орж ирсэн. Тэд нарын авчирсан архийг уугаад сууж байтал удалгуй гаднаас Б орж ирсэн. Б орж ирэхдээ “Эрээн гарах гэсэн чинь чадсангүй” гэж хэлж байсан. Тэгээд Б бид нартай хамт үлдсэн архийг уусан. Бид нар архиа уучихаад юм ярьж сууж байгаад манай өрөөнөөс гарч, Ц.Н өөрийн малчин А-тай утсаар ярьсан. Тэгээд бид нарт “Шонх Д.Б-ны гэрлүү яваад ирье. Тэндээс А-г аваад хөдөөнөөс мал авчиръя” гэж хэлээд Б, Ц.Н бид гурав Д.Б-ны гэрлүү таксидсан... Б-д ороход А, Д.Б нар архи уугаад сууж байсан. Бид нарыг ороход Д.Б-ны эхнэр Б уурлаад байхаар нь би А-тай түрүүлж гараад тамхи татаад зогсож байтал Ц.Н, Б нар араас гарч ирсэн. Тухайн үед би Ц.Н-г гэр дотор хэрүүл маргаан үүсгэсэн байна гэж ойлгосон. Учир нь Ц.Н-н араас Д.Б нилээн уурласан байдалтай муу пизданууд гэж хэлээд гарч ирсэн... бид дөрөв Д.Б-ны гэрийн зүүн талд байрлах эвдэрхий машины ар талд зогсож байсан. Д.Б бид нарын араас гараад хажуу талд зогсож байсан Ц.Н-н зүүн талын дал руу цохих шиг болсон. Тэгээд гараа буцаагаад татах үед нарт нь хутга байсанг би харсан. Дараа нь Д.Б уг хутгаа бариад над руу бас дайрахаар нь би 00-ийн зүг рүү зугтсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,           

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 367 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Ц.Н-н зүүн далан дээр шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Уг гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 21/,

    - Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03/001 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн цагаан ханцуйтай ноосон цамцны ар хэсэгт, хар өнгийн юүдэнтэй куртикний ар хэсэгт урагдалт байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн цагаан ханцуйтай ноосон цамцны ар хэсэгт 1,7х0,2 см хэмжээтэй, хар өнгийн юүдэнтэй куртикний ар хэсэгт 1,9х0,2 ташуу хэлбэртэй урагдалтай байна.
  3. Хар хөх өнгийн цагаан ханцуйтай ноосон цамцны ар хэсэгт, хар өнгийн юүдэнтэй куртикний ар хэсэгт үүссэн ташуу хэлбэрийн урагдалт нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6/,

- П.Б-ны иргэний үнэмлэхийн хуулбар, Борхой багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 38-39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 40-42, 46/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

        Шүүгдэгч Д.Б нь Ц.Н-тай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Н-н “...Би өөрөө архи уусан байсан болохоор тэдний гэрт ороод чанга чанга дуугарсан. Гэтэл Д.Б-ны охин болох Б.Э манай бэр жирэмсэн та жаахан зөөлөн дуугараач гэхээр нь би ч гэсэн жирэмсэн байсан гэж хэлээд маргалдаж байгаад гарсан... Д.Б гэрээс гарч ирээд миний зүүн даланд хутгалсан...Д.Б охиноо өмөөрч намайг хутгалсан байх гэж бодож байна...” гэсэн, гэрч О.Г-н “...Тухайн үед би Ц.Н-г гэр дотор хэрүүл маргаан үүсгэсэн байна гэж ойлгосон. Учир нь Ц.Н-н араас Д.Б нилээн уурласан байдалтай муу пизданууд гэж хэлээд гарч ирсэн... хажуу талд зогсож байсан Ц.Н-ын зүүн талын дал руу цохих шиг болсон. Тэгээд гараа буцаагаад татах үед нарт нь хутга байсанг би харсан...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 03/001, 367 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хуулинд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Д.Б-г 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ