Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/657

 

 

 

 

 

 

      2022           6             28                                        2022/ДШМ/657                                                                             

 

 

Я.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор М.Ариунцэцэг,

            шүүгдэгч Я.Эийн өмгөөлөгч У.Сайнбилэг,           

            нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч М.Түмэннаст, шүүгч Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/647 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Эийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2206000000369 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн Я.Э, 1968 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ..............,

Улаанбаатар хотын шүүхийн 1986 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан,

            Улаанбаатар хотын Найрамдал дүүргийн ардын шүүхийн 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 49 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг баримтлан 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан,

Шүүгдэгч Я.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 184 тоотод хохирогч Ж.Ттай маргалдаж, түүний зүүн өгзөг, баруун чих хэсэгт хутгаар хатгаж, биед нь зүүн өгзөг, баруун чихний гэдэс, хөхлөг сэртэн, баруун гарын 2 дугаар хурууны хатгагдсан, зүсэгдсэн шарх, баруун чихний доод хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүссэний улмаас цус алдалтын шоконд оруулж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Я.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Я.Эийг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Эд 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Я.Эд оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Я.Эийн урьд цагдан хоригдсон 3 /гурав/ сар 93 /ерэн гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10.5 см модон иштэй, ажлын хэсэг нь төмөр 12 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Эөөс 11.814.570 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бодонгууд овогт Жигмэджавын Туяад олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хяна шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Я.Э давж заалдах гомдолдоо: “...Миний бие Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 333б тоотод оршин суух хаягтай. Ам бүл ганцаараа. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Шүүх бүрэлдэхүүн та бүхнээс миний ар гэрийн амьдрал болон насыг минь бодоод анхан шатны шүүхээс оногдуулсан 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн дэглэмийг өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Я.Эийн өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Я.Эийн өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралдаанд орсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.Эд оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон хэдий ч хувийн байдлыг авч үзвэл ялыг заавал хаалттай хорих ангид эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Урьд нь ял шийтгэгдэж байсан. Гэхдээ 1994 оноос хойш гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй. Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байсныг үгүйсгэхгүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд байдаг. Мөн хохирогчийн амь насанд аюул учирсныг мэдсэн даруйдаа түргэн тусламж дуудсан бөгөөд олдохооргүй газарт байсан учраас түргэний машиныг өөрөө очиж авчирсан зэрэг нөхцөл байдал нь хохирогчийн амь насанд шууд санаатайгаар халдсан үйлдэл байхгүйг илэрхийлж байна. Шүүгдэгч Я.Э нь давж заалдах гомдолдоо дэглэмийг хөнгөрүүлж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийг нь дэмжиж, шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүх бүрэлдэхүүнээс боломжтой гэж үзвэл ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг гаргаж байна. ...” гэв.           

            Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.Эд 10 жилийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Я.Эийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг илтэд зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Я.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 184 тоотод хохирогч Ж.Ттай маргалдаж, түүний зүүн өгзөг, баруун чих хэсэгт хутгаар хатгаж, биед нь зүүн өгзөг, баруун чихний гэдэс, хөхлөг сэртэн, баруун гарын 2 дугаар хурууны хатгагдсан, зүсэгдсэн шарх, баруун чихний доод хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүссэний улмаас цус алдалтын шоконд оруулж хүнийг алсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Тгийн “...Би саяны бүтэн сайн өдөр талийгчтай түүний 89286905 дугаараар нь дамжуулж холбогдсон. Уулзсан гэвэл 10 гаран хоногийн өмнө уулзсан. Уулзахад зүв зүгээр гэртээ байж байсан. Ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй. Сүүлд бид 2 гар утсаар ойр зуур юм ярин, юу хийж байна гэж мэт зүйлс ярилцсан. Түмэнцогт бид 2 хүнд даацын тээврийн хэрэгсэл барьдаг тул гэртээ ховор байдаг. Тийм учраас талийгаач дүү Түмэнцогт 2 нээх харилцдаггүй байх... Би талийгаачийг яагаад нас барсныг мэдэхгүй байна. ...” /1 хх 30-31/, Гэрч Т.Отгоны “...Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Энхтөр ах бид 2 Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас хувийн таксигаар ирээд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 184 тоотод байх Т гэх Энхтөрийн таньдаг айлд 1 шил 0.75 литрын хараа архитай очсон ба гэрт нь ороход Т гэх хүн ганцаараа жоохон халамцуу сууж байсан. Ингээд Энхтөр ах, гэрийн эзэн Т бид 3 авч ирсэн 0.75 литрийн хараа архийг гурвуулаа хувааж уусан ба архи дуусахад Энхтөр ах Т гэх хүнд 20.000 төгрөг өгөөд архинд явуулсан ба удаагүй байж байхад гаднаас Т 1 шил 0.75 литрийн хараа архи авч ирсэн. Тухайн архийг нь Энхтөр ах, Т бид 3 хувааж уусан. Архи ууж байхдаа Энхтөр ах бид нар зүүн талын орон дээр харин гэрийн эзэн Түмэннжаргал гэрийнхээ хоймор хэсгийн орон дээр суугаад ууцгаасан. Тухайн үед хоол ундгүй, нойргүй байсан болохоор би гэрийн зүүн талын орон дээр хэсэг зүүрмэглээд хэвтэж байхад хүмүүс хоорондоо маргалдаж байгаа чимээ гараад байсан ба би тэгэхээр нь сэрээд гэрийн хоймор хэсгийн ор руу харахад Энхтөр ах, гэрийн эзэн Т хоёр дээр доороо ороод ноцолдоод байсан ба Энхтөр ах дээр нь гарчихсан Тыг боож байхаар нь би Энхтөр ахыг араас нь татаж босгоод зүүн талын орон дээр хэвтүүлээд Энхтөр ахын хажуу талаар нь ороод унтаад сэрээд харахад Т гэрийнхээ хоймор хэсгийн орон дээр хойшоо хагас суусан дээшээ харсан байдалтай унтаж байсан ба орны дэвсгэр хэсэг нь нэлэнхүйдээ цус болсон харагдахаар нь би Энхтөр ахыг дуудаж босгож ирээд энэ орон дээр нь юун цус болсон юм бэ гээд асуухад Энхтөр ах надад хандаж “мэдэхгүй байна, яасын” гэж хэлсэн. Тэгээд Энхтөр ах Тын утсаар 102-т дуудлага өгсөн ба цагдаагийн байгууллагаас удахгүй ирсэн... Би Энхтөр ахыг гартаа хутга барьсныг нь анзаарч хараагүй. Орон дээр Энхтөр ахыг дарж хэвтүүлэхэд гарт нь хутга байсныг нь хараагүй, нуусан байж болзошгүй юм...”, ...Тэгээд Энхтөр ах, Т бид 3 хэсэг юм яриад сууж байснаа санаж байна. Нэг мэдсэн чинь тухайн орон дээрээ суугаа чигээрээ хөнжил налаад унтсан байсан. Тэгээд бие засах гээд сэрэхэд Энхтөр ах миний хажууд хэвтэж байсан гэрийн хоймор хэсэг рүү харахад Тын хөл нь газар унжсан байдалтай цээж хэсэг нь орон дээрээ дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Хэвтэж байсан хэсгийн зүүн талд нь хүрэн улаан өнгийн цус болсон байхаар нь би Энхтөр ахыг сэрээгээд энэ орон дээр юун цус болсон юм бэ гээд асуухад Энхтөр ах надад “мэдэхгүй, яасын гэж” хэлсэн...Би тухайн өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө нутгийнхаа хэллэгээр гэрийн зүүн тал гээд хэлчихсэн байна. Энхтөр ах бид 2 ертөнцийн зүгээр бол баруун талын орон дээр архи уусан, мөн Энхтөр ахыг Ттай маргалдаж байх үед нь зүүн талын орон дээр татаж суулгасан. ...” /1хх 48-49, 51-52/,

шинжээч Б.Баяртогтохын “...Задлан шинжилгээгээр дотор эрхтнүүдэд макро, микро шинжээр цус алдалтын байдал илэрснийг үндэслэн уг шархнууд үүссэн гэмтлийн улмаас цус алдалтын шоконд орж нас барсан гэж дүгнэсэн. Амь хохирогчийн зүрхний булчингийн эмгэгшил, уушгины артерын даралт ихсэх өвчин нь үхэлд хүргэх шалтгаан болохгүй. Амь хохирогчийн биед үүссэн зүүн өгзөг, баруун чих, хөхлөг сэртэн, баруун гарын 2 дугаар хурууны хатгагдсан, зүсэгдсэн шарх, баруун чихний доод хэсгийн зулгаралт гэмтэл нь хурц, ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Талийгаачийн биед учирсад зүүн өгзөгний шарх нь дээрээс доош ташуу чиглэлтэй ясанд нь хүртэл гүн орсон байсан. Уг шарх нь хатгагдснаас үүсэх боломжтой. Уг шарх нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин баруун чих, хөхлөг сэртэн, баруун гарын хоёрдугаар хуруунд үүссэн шарх нь зүсэгдсэнээс үүссэн байх боломжтой. Уг шарх нь 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” /1 хх 163-165/,

шүүгдэгч Я.Эийн яллагдагчаар өгсөн: “...Отгоны хажуу талд сууж байсан чинь Т намайг “чи яв” гэж хэлэхээр нь “явахгүй" гэж хэлэхэд “одоо ууж болсон бол яв” гэж дахин хэлэхээр нь Отгоныг сэрээж хамт явах гээд чангааж татахад Отгон сэрэхгүй байхаар нь татаж босгох гээд орных нь хажуу талд зогсож байхад Т гэрийнхээ хоймор хэсэгт сууж байснаа баруун гартаа бор иштэй хутга барьсан байдалтай босож надруу ирээд “алнаа чамайг” гээд надруу дайрахаар нь би хутгатай гарны бугуй хэсгээс нь 2 гараараа бариад гарыг нь хойшоо хүчтэй хөшиж дарахад биеийн баруун талын өгзөгний хэсэгт хутганы үзүүр шүргэх шиг болохоор нь хутгыг салгах гээд Т бид 2 гэрийн хоймор хэсгийн зурагтны хажуу талын хэсэг дээр, доороо орж ноцолдож байгаад гарт нь барьж байсан хутгыг нь арай хийж салгаж аваад шүүгээ рүү хийсэн. Тухайн шүүгээн дотор нэг заазуур байсан. Тэгээд би Отгоны хажууд орон дээр очоод суусан ба Отгоныг босгож ирээд нэг архи хийгээд өгчих гэж хэлэхээр нь Отгон надад хундага архи хийж өгсөн. Тэгээд би Отгонд Тд архи хийгээд өгчих гэж хэлэхэд Т зүүн талын орон дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан ба Отгон надад Тын толгойноос цус гарсан байдалтай байна гэж хэлэхээр нь тэгвэл би түргэн тусламж дуудъя гээд Тын гар утсаар 103-т дуудлага өгсөн ба удаа ч үгүй түргэн орж ирээд Тыг үзээд энэ хүн өнгөрсөн байна гэж хэлээд тухайн түргэний эмч нь 102-т дуудлага өгсөн. ...” /1хх 92-95/,         

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 465 дугаартай “...Амь хохирогч Ж.Тын цогцост зүүн өгзөг, баруун чих, хөхлөг сэртэн, баруун гарын II хуруунд шарх, баруун чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч нь зүрхний булчингийн эмгэгшил, уушгины артерийн даралт ихсэх өвчтэй байжээ. Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна. Амь хохирогчийн ходоодонд 15 мл орчим шаргал өнгийн өтгөн агууламжтай байсан болно. Амь хохирогч нэгдүгээр бүлгийн цустай байжээ. Амь хохирогчийн цогцост хийсэн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цагийн гадна үзлэгээр нас бараад 3-5 цаг болсон байжээ. Амь хохирогч нь дээрх зүүн өгзөг, баруун чихний гэдэс, хөхлө сэртэн, баруун гарын II хурууны хатгагдсан, зүсэгдсэн шарх, баруун чихний доод хэсгийн зулгаралт гэмтлийн улмаас цус алдалтын шоконд нас баржээ. /1хх 140-144/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2374 дугаартай “...Я.Эийн биед эрүү, баруун гарын алга, баруун гарын гуравдугаар хуруу, зүүн гарын нэгдүгээр хурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул  гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” /1 хх-ийн 157-158/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 211 дугаартай /1хх 154-155/ гэх дүгнэлтүүд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-9/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 10- 15/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 16- 19/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 104-107/, хохирлын баримтууд /1хх 214-237/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Я.Эийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Я.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Я.Эд 10 жилийн хорих оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Я.Эийн “...анхан шатны шүүхээс оногдуулсан 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн дэглэмийг өөрчилж өгнө үү. ...”  гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан боловч үйлдсэн гэмт хэргийн  шинж чанар, нөхцөл байдал, хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болж уг асуудал гарсан зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа хэдий ч анхан шатны шүүхийн дүгнэсэн дүгнэлтийг давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа үгүйсгэсэн болон хувийн байдалтай холбоотой баримт ирүүлээгүй тул дэглэмийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Шүүгдэгч Я.Э нь 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 56 хоног хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 647 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Э нь 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 56 хоног хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ        

ШҮҮГЧ                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ