Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2024/03237

 

 

 

 

 

 

 

2024 07 31

182/ШШ2024/03237

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Ч тоот хаягт байрлах, Ч-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоот хаягт байрлах, Б  ХХК /РД: /-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 25 131 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус газартай харилцагч Б ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.-т Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна. гэж, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-т Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос тооцон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө. гэж, 32 дугаар зүйлийн 32.2.2.-т Орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх гэж тус тус заасан бөгөөд уг заалтуудыг зөрчсөн. Б  ХХК нь 2024.05.31-ний өдрийн байдлаар 2021 оны 05 дугаар сараас 2023.11.30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 16 754 000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль зэрэгт заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг үндэслэн Б ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 16 754 000 төгрөг, түүнд оногдуулсан алданги 8 377 000 төгрөг, нийт 25 131 000 төгрөгийг барагдуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын шимтгэл 16 754 000 төгрөгийг 2024.08.10-ны өдөр 6 000 000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 10 754 000 төгрөгөөр тус тус төлөхөөр тохирсон. Уг хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө төлөөгүй тохиолдолд шимтгэл, алданги 25 131 000 төгрөгийг төлөхөөр тохирсон. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон цаашид энэ асуудлаар маргаан байхгүй ба талууд сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Б ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 16 754 000 төгрөгийг 2024.08.10-ны өдөр 6 000 000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 10 754 000 төгрөгөөр тус тус төлөхөөр тохирсон. Уг хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө төлөөгүй тохиолдолд алдангитай дүн болох 25 131 000 төгрөгийг төлнө. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон цаашид энэ асуудлаар маргаан байхгүй ба талууд сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: Ч  нь хариуцагч Б ХХК-тай дараах байдлаар эвлэрч байна.

1.Нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 16 754 000 төгрөгийг 2024.08.10-ны өдөр 6 000 000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 10 754 000 төгрөгөөр тус тус төлнө. Хэрэв нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 16 754 000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд алданги болох 8 377 000 төгрөгийн хамт төлж барагдуулна. Талууд сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлин мэдээлэл, хариуцагч компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 01 дүгээр сар, 2023 оны 11 дүгээр сарын тайлан, даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, тооцооны үлдэгдлийн баталгаа, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэлийг төлүүлэхээр шаардсан тухай албан бичгүүд, данс хаах ажил олгогчийн жагсаалт, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 244, 314, 468 дугаартай албан шаардлагууд, авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл, цалингийн хүснэгт, авлагын дэлгэрэнгүй бүртгэл, алданги тооцсон хүснэгт зэргийг, хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргасан.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч  нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид 25 131 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б ХК нь 16 754 000 төгрөгийг 2024.08.10-ны өдөр 6 000 000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 10 754 000 төгрөгөөр тус тус төлөх, хэрэв нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 16 754 000 төгрөгийг 2024.08.30-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд алданги болох 8 377 000 төгрөгийг хамт төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12.-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 141 802 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Ч-ын нэхэмжлэлтэй, Б ХХК-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 25 131 000 төрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч Б ХХК нь 16 754 000 төгрөгийг 2024.08.10-ны өдөр 6 000 000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 10 754 000 төгрөгөөр тус тус төлөхөөр, хэрэв нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 16 754 000 төгрөгийг 2024.08.30-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд алданги болох 8 377 000 төгрөгийг нэмж хамт төлж барагдуулахаар, харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 141 802 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА