| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2017/0176/Э |
| Дугаар | 170 |
| Огноо | 2017-11-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,
Улсын яллагч Н.Амаржаргал,
Шүүгдэгч Б.Т,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ш,
Хохирогч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-т холбогдох эрүүгийн 1720000000013 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Т,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4 дүгээр багт БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дүгээр зүйлийн а, б мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас Т.Д-н жолоодож явсан БНХАУ-д үйлдвэрлэсэн Хаужи маркийн мотоцикльтой мөргөлдөж улмаар Т.Д-н эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Э-н эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг “Хоньч” гэх газар байх хөдөө гэрээсээ 15:00 цаг өнгөрөөгөөд Улаанбадрах сум руу Даюун маркийн мотоцикльтой ганцаараа сумын төв рүү явсан. 17 км яваад сумын төв дээр очоод эмээгийнхээ ачааг хөдөө гэр рүү өгөх гээд мотоцикльтойгоо эмнэлгийн урдуур тойроод хойд зүгт шороон замаараа хойшоо явж байтал зүүн зүгээс баруун зүгт явж байгаа чиглэлтэй мотоцикль ороод ирсэн. Энэ үед би мотоциклийнхоо тормозыг гишгээд хөл хальтраад, тухайн мотоциклийн урд талын зүүн гар талаас нь мөргөөд би ухаан алдсан байсан. Түүнээс хойш яг юу болсон эсэхийг сайн санахгүй нэг сэрэхэд эмнэлэгт хүргэгдсэн байсан...Тухайн үед миний сахарын хэмжээ өндөрсөөд нүд харанхуйлсан... хурдтай явсан ... хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу... Хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг бүгдийг нь өгнө. 450,000 төгрөг өгсөн үлдсэн мөнгийг шүүх хуралдааны дараа хэд хоногоос өгнө. Эмчилгээ хийлгэхэд нь туслана...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90/,
- Хохирогч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед Улаанбадрах сумын төвд үеэл дүү Б.Э-н хамт БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй “Хаужи” маркийн мотоциклийг жолоодоод гэрийнхээ гаднаас хөдлөөд сумын төв дотор зүүн зүгээс баруун зүгт чиглээд явж байсан бөгөөд эмнэлгийн урдаас нэг мотоцикльтой хүн хойд зүгт чиглээд нилээд хурдтай ирж яваа харагдахаар нь би зам тавьж өгөх гээд зогссон чинь миний урдуур түрүүлээд гармаар болсноо миний мотоциклийн урд дугуйг мөргөж унасан. Тэгээд бид газар унаж Б.Э бид 2 мотоцикль дээрээсээ унаад би босоод ирсэн чинь манай дүү Б.Э ухаангүй болчихсон байсан. Нөгөө мотоциклийн жолооч Б.Т нь босч ирээд буцаад өнхөрч ойчоод би согтуу юм уу гэж бодсон. Тэгээд би сумын эмнэлэгт хүргэгдсэн... Миний биед учирсан гэмтэл гайгүй, миний мотоцикль эвдэрсэн, төлүүлмээр байна. Мотоциклийн урд талын 2 амаржин түүнийг захиалж авдаг юм байна лээ 140,000 төгрөг, урд кирлан 45,000 төгрөг, моторын ороомогтой таг 35,000 төгрөг, хойд дугуйны цаап 70,000 төгрөг эдгээр зүйлүүдийг төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,
- Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогчийн нэхэмжилсэн 1,002,410 төгрөгийг төлнө. 450,000 төгрөгийг өгсөн үлдсэн мөнгийг шүүх хуралдааны дараа хэд хоногоос өгнө. Цаашид эмчилгээ хийлгэхэд нь мөн туслана ... ” гэсэн мэдүүлэг,
-Насанд хүрээгүй хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед нагац ах Д-тай гэрийн гадна талаас “Хаужи” маркийн мотоциклиор сумын Хаан банк орох гээд соёлын төвийн урдуур гараад баруун талд нь явж байхад урд талаас мотоцикль ирж байсан. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс сумын төвөөс Сайншанд сум руу яваад Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд Сайншанд суманд гэртээ хэвтэн эмчлүүлж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт, MED гэх хувийн эмнэлэгт тархины зураг авахуулсан. Эмчилгээ бичүүлсэн. Мөн эх нялхас эмнэлэгт хамраа үзүүлэхэд эвэндээ хугарсан байна. 16-17 насанд хүрч байж хагалгаанд орно гэж эмч нь хэлж байсан. Мотоцикль хурдтай ирсэн. Одоо хичээлдээ явахгүй байгаа, толгой их өвддөг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/,
- Насанд хүрээгүй хохирогч Б.Э-н хууль ёсны төлөөлөгч О.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар багт нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Манай дунд хүү болох Б.Э нь Улаанбадрах сумын сурагч бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр манай эгчийн хүү Д нь хөдөөнөөс ирээд ахтайгаа айл руу мотоцикльтой явж байгаад Улаанбадрах сумын төвд зам тээврийн осолд орсон. Тухайн үед сумын эмнэлэг дээр Б.Э нь орилж бахирсан байдалтай байсан. Түүнээс хойш Улаанбаатар хотод үзүүлж харуулж явсаар Сайншанд суманд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Одоо хичээлдээ явахгүй байгаа. Цаашид дахин эмчилгээ хийлгэнэ. Хохиролд 1,002,410 төгрөг нэхэмжилсэн үүнээс 450,000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нэхэмжилнэ. Цаашид эмчилгээ хийлгэнэ хэдэн төгрөг гарахыг би мэдэхгүй байгаа учраас тэд эд гэж хэлэх боломжгүй. Эмчилгээ хийлгэхэд нь тус болж өөрсдөө ч үзүүлэхэд нь дагаад явж болно л гэж хэлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,
- Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 15-ны 15:00 цагийн орчимд найз Б-н хамт машинтай нь дэлгүүр орох гээд баруун урд байрнаас цэцэрлэгийн хойгуур ертөнцийн зүгээр зүүн тийш явж байтал Т мотоциклийнхоо хажууд хэвтэж байхаар нь бид 2 очтол мотоциклио түшээд хэвтэж байхаар нь би бууж очоод түшээд босготол чи яасан юм бэ? гэж асуутал би зүгээрээ гэж нилээд дуу муутай хэлэхэд нь би чи согтуу байгаа юм уу? гэж асуухад үгүй гэж хэлсэн. Би юу болсон яагаад энд хэвтэж байгаа талаар нь асуухад би мэдэхгүй байна гэж байсан. Хаанаас ирж байгаа юм бэ гэж асуухад хөдөө гэрээс сая орж ирлээ гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг рүү машиндаа суулгаад аваад явж байхад Т-н баруун талын шанааны орчимд зулгарсан. Толгойных нь баруун дээд орой дээр нь цус болчихсон тэгээд баруун гарынхаа бугуйгаар зүүн гараа бариад байсан. Тэгээд эмнэлэг дээр оруулж өгтөл эмч нар нь завгүй гүйлдээд байхаар нь би за чи ингээд үзүүлчих би явлаа хайрга татаж байгаа болохоор нь яараад байна гээд явсан. Тэгээд би буцаад 17:00 цагийн орчимд эмнэлэг дээр ирэхэд тариа хийлгээд унтаж байгаа гэж сувилагч нь хэлсэн. Тэгээд би буцаж явж ажлаа амжуулж байгаад орой 21:00 цагийн орчимд буцаад очтол Т баруун гарынхаа бугуйгаар боолгочихсон эмнэлгийн гадаа явж байхад нь би уулзсан юм. Уулзаад гар нь гайгүй байна уу? гэж асуухад гайгүй байна гэж хариулчихаад нэг их юм ярихгүй байхаар нь би ажилтай байсан болохоор буцаад яваад өгсөн. Тэгээд сувилагч нь Дорноговь аймгийн түргэн ирэхээр аваад аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч явна гэж байсан. Би дахиж уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,
- Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед бие засах газар орчихоод буцаад гэр рүүгээ явж байтал манай эхнэр мотоцикльтой хүн уначихлаа гэж орилох дуу гарахаар нь би эргээд хартал чулуун грашны баруун хойно харагдахаар нь би гүйгээд очтол 2 мотоцикль талаараа хараад уначихсан хоёр том хүн, нэг жоохон хүүхэд хэвтэж байхаар нь жоохон хүүхдийн ард талаас нь сугаар нь тэврээд 1-2 удаа сэгсэртэл ухаан алдсан байдалтай ёо ч гэхгүй байхаар нь тэврээд сууж байтал эмнэлгийн жолооч Г ирээд тэр бага насны хүүхдийг машиндаа суулгаад аваад явчихсан. Тухайн үед би сандраад тэр жоохон хүүхдийг л сэгсэрсэн. Тэгээд эмнэлгийн жолоочид өгчихөөд гэр рүүгээ яваад орчихсон юм. Тэр 2 том хүнийг нь яасныг нь сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/,
- Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 16-нд Улаанбадрах сум Нүдэн 4-р багт өөрийн гэртээ гал тогоондоо тогоогоо угааж байхад үдээс хойш 16 цагийн орчимд гэрийн хойд талд тас няс гэсэн чимээ гарахаар нь эхлээд цонхоороо хартал 2 мотоцикль хоорондоо чулуун грашийн баруун талд мөргөлдөж жолооч зорчигч нар нь газар унасан хэвтэж байхаар нь гэрээсээ гарч осол болдог газрын баруун урд талд байх 00-ын хажууд сууж байсан Ц эгчийн хамт очиж харахад 2 мотоцикль хажуу талаараа харж унасан. Миний танихаар Д гэх залуу мотоциклийнхоо хажууд унасан ёолоод хэвтэж байсан. Нөгөө мотоциклийн жолооч гэх танихгүй залуугийн зүүн гар хөл нь татаад хэвтэж байсан ба босох гээд босч чадахгүй унаад байсан. Бас нэг хүүхэд мотоциклийн хажууд ухаангүй хэвтэж байхаар нь Ц эгчтэй цуг байсан эгчээс сумын эмнэлгийн дугаар авч осол гарч 2-3 хүн ухаангүй хэвтэж байна гэж дуудлага өгөөд гэр рүүгээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 278 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 277 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Э-н биед дух ясны цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны нум хэсгээр зөрүүтэй хугарал, баруун хацар, зүүн талын шанаа, хацар, чамархай, духны хэсэг, баруун гарын чигчий хурууны ар хэсэгт, 2 өвдөгний урд хэсгээр зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөлийн шагайн үеэр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед унах, нидрэгдэх үед үүснэ.
3. Дээрх гэмтлүүдийн дух ясны цөмөрсөн хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн хацар ясны нум хэсгээр зөрүүтэй хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун гарын чигчий хурууны ар хэсэгт, 2 өвдөгний урд хэсгээр зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөлийн шагайн үеэр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоогдохгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
4. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 59/,
- Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтэнд:
1. БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон явсан Б.Т нь МУ-ын ЗХД-ийн 1.3. “D” ангиллын тээврийн хэрэгслийг 21-ээс, бусад ангиллын тээврийн хэрэгслийг 18-аас дээш насны хүн жолоодно. 2.1 а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2.3. в/ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөнөөс уг зам тээврийн осол, хэрэг гарсан байх үндэслэлтэй байна.
2. БНХАУ-д үйлдвэрлэсэн Хаужи маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон явсан Т.Д нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 79/,
- Б.Т-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 95,97/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-15/,
- Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 78/,
- Хохирогч Т.Д-н жолоодож явсан гэх Хаужи маркийн мотоциклийн эвдрэлийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 18/,
- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 105-109, 144/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрх нотлох баримтуудаар 2017 оны 08 дугаар сарын 15-ны Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4 дүгээр багт шүүгдэгч Б.Т нь БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дүгээр зүйлийн а, б мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас Т.Д-н жолоодож явсан БНХАУ-д үйлдвэрлэсэн Хаужи маркийн мотоцикльтой мөргөлдөж улмаар Т.Д-н эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Э-н эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Б.Т-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Б.Т нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Т.Д-н эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Э-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Д-н “...эмнэлгийн урдаас нэг мотоцикльтой хүн хойд зүгт чиглээд нилээд хурдтай ирж яваа харагдахаар нь би зам тавьж өгөх гээд зогссон чинь миний урдуур түрүүлээд гармаар болсноо миний мотоциклийн урд дугуйг мөргөж унасан....” гэсэн, хасанд хүрээгүй хохирогч Б.Э-н “... нагац ах Д-тай гэрийн гадна талаас “Хаужи” маркийн мотоциклиор сумын Хаан банк орох гээд соёлын төвийн урдуур гараад баруун талд нь явж байхад урд талаас мотоцикль ирж байсан. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...Мотоцикль хурдтай ирсэн...” гэсэн, гэрч Д.Э-н “...Тухайн үед бие засах газар орчихоод буцаад гэр рүүгээ явж байтал манай эхнэр мотоцикльтой хүн уначихлаа гэж орилох дуу гарахаар нь би эргээд хартал чулуун грашны баруун хойно харагдахаар нь би гүйгээд очтол 2 мотоцикль талаараа хараад уначихсан хоёр том хүн, нэг жоохон хүүхэд хэвтэж байхаар нь жоохон хүүхдийн ард талаас нь сугаар нь тэврээд 1-2 удаа сэгсэртэл ухаан алдсан байдалтай ёо ч гэхгүй байхаар нь тэврээд сууж байтал эмнэлгийн жолооч Г ирээд тэр бага насны хүүхдийг машиндаа суулгаад аваад явчихсан...” гэсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 278, 277 дугаартай дүгнэлт, Зам тээврийн ослын талаарх шинжээчийн 26 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүхээс Б.Т-т холбогдох хэргийн зүйлчилэл зөв, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн шүүгдэгч нь насан хүрээгүй зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн болон хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: Шүүгдэгч Б.Т нь насанд хүрээгүй 17 настай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тусгайлан хуульчилсан байх ба 8 дугаар бүлэгт эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар хуулийн зохицуулалт байхгүй болно.
Хохирогч Т.Д нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 290,000 төгрөг /хх-ийн 18, 22 талд/, хохирогч Б.Э-н хууль ёсны төлөөлөгч О.Ш нь эмчилгээний болон бусад зардалд 1,002,410 төгрөг /хх-ийн 105-109/ нэхэмжилснээс шүүгдэгч Б.Т нь Т.Д-н хохирол 290,000 төгрөгийг, Б.Э-т 450,000 төгрөгийг /хх-ийн 144/ тус тус төлсөн байна. Хохирогч Б.Э нь хавтаст хэрэгт бензин 304,250 төгрөг, эм тариа 104,805 төгрөг, нийт 409,055 төгрөг /хх-ийн 106-109/-ний нотлох баримт авагдсан байх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 1,002,410 төгрөгийг шүүгдэгч “бүрэн төлнө, үлдсэн 552,410 төгрөгийг төлж барагдуулсан” гэсэн тул шүүгдэгчээс 552,410 төгрөгийг хохирогчид гаргуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Т.Д-н хохирол 290,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Т-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Т-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Т.Д-т 290,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 503 дугаар зүйлийн 503.5, 506 дугаар зүйлийн 506.1-т зааснаар шүүгдэгч Б.Т болон түүний хууль ёсны төлөөлөгч Г.С-с 552,410 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар багт оршин суух, Л овогт О.Ш-т олгосугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ