| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2106022601981 |
| Дугаар | 2022/ДШМ/658 |
| Огноо | 2022-06-28 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2022/ДШМ/658
2022 6 28 2022/ДШМ/658
Ц.Эт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор К.Чимгээ,
шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Н.Нямдорж,
нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтулга даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/628 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Н.Нямдорж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Онарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Эт холбогдох эрүүгийн 2106022601981 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Наарин овгийн Ц.Э, 1983 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт .........................
Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан,
Шүүгдэгч Ц.Э нь 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны 0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, биеэ хамгаалах чадваргүй буюу өвчин эмгэгтэй гэдгийг мэдсээр байж өөрийн хамтран амьдрагч Д.Мөнхтуяагийн толгойн тус газар нь цохиж улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Наарин овогт Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ц.Эт 6 /зургаан/ жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Эт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Онь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эын цагдан хоригдсон 115 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одавж заалдах гомдолдоо: “... Ц.Э нь миний төрсөн дүү Дамдин овогтой Мөнхтуяатай /ТЯ76060601/ хамт амьдрах 9 жилийн хугацаанд тэр дундаа дүүг маань 2021 оны 1 дүгээр сард тал цус харваснаас хойш 2021 оны 7 дугаар сар хүртэл маш сайн асарч тойглож халамжилж байсан нь үнэн болно. Ц.Э нь цэвэрч нямбай, ажилсаг, халамжтай, хүнийг хүндэлдэг залуу. 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дүүг маань зодсон нь Ц.Эын төрөлхийн зан чанар биш харин архи ууж ухаанаа алдсан үедээ гаргасан үйлдэл хэмээн үзэж Ц.Эт гомдолгүй гэсэн өргөдөл гаргаж байна. Хэргийг цагдаа, прокурор, анхан шатны шүүх хуралдааны үед ч гомдолгүй гэдгээ удаа дараа хэлж байсан болно. Ц.Эын сайн сайн зан чанаруудыг муу ганц үйлдлээс нь илүүтэйгээр харгалзан үзэж оноосон шийтгэлээс нь жил хасах, боломжтой бол тэнсэн ялаар сольж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна. ...” гэжээ.
Шүүгдэгч Ц.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 7 дугаар сарын 7-ны өглөө Одонтуяа, Мөнхтуяа дүүгээ гэрээс нь ирж авахдаа намайг согтуу унтаж байсан, Мөнхтуяаг өөрөө босоод хаалгаа тайлаад өгөх чадвартай байсан мэтээр хэлсэн байна. Тэгтэл 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Мөнхтуяаг гэрт нь хүргэж ирэхдээ “Мөнхтуяаг гэрт нь оруулахдаа Энхбаатартай хамт хоёр талаас нь сугадаж түшиж гэрт нь оруулж өгсөн” гэж ярьсан байх. 2021 оны 7 дугаар сарын 7-ны өглөө гэрт хаалга онгойлгож орж ирэхэд Мөнхтуяаг ухаангүй, цус болсон байсан тэгээд 102, 103-т дуудлага өгсөн, намайг гэр дотроо холхиод байсан гэх. Тэгвэл мөрдөн шалгах ажиллагааны үед ярихдаа “Оэгч манай гэрт ороход намайг согтуу хэвтэж байсан” гэх. ... мөн тухайн үед гарсан цус хэнээс гарсныг тогтоогоогүй. 2021 оны 7 дугаар сарын 7-ны өглөө цагдаа ирж намайг эрүүлжүүлэх байр луу авч явахад миний хамран дотор цус хатсан, футболк, гутал дээр цус тогтсон байсныг бичиж бүртгэж аваагүй.
2021 оны 7 дугаар сарын 7-ны өглөө Мөнхтуяаг түргэн тусламжаар гэмтлийн эмнэлэгт авч очсоноос хойш 5 хоног ухаангүй байсан. Тэгээд хүчтэй тариа хийж ухаан орсон гэж хэлсэн байна. Тэгвэл тухайн үед 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 11 цагт миний бие өөрийн биеэр очиж Мөнхтуяаг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ганцаараа 14 хоног асарч сувилж байсан ба тухайн үед Мөнхтуяа ухаантай байснаар барахгүй намайг юм ярихад нүдээ хөдөлгөх зэргээр хариу өгч байсан. Гэтэл ийм хүнийг 5 хоног ухаангүй байсан мэтээр тогтоолд тэмдэглэсэн байна. Тэр үед короновирус халдвар маш их гарч, хөдөлгөөн хориглосон байсан. Сахиураас өөр хүн огт уулзах боломжгүй, эмчтэй нь гаднаас ирсэн хүн уулзуулдаггүй байсан. Намайг сахиж байхад шүүхийн шинжилгээний албанаас ганц удаа ирж “Мөнхтуяаг яаж байна” гэж ярьж чаддаг юм шиг асуучихаад л өөр үзсэн зүйлгүй яваад өгсөн. Би мөрдөн байцаалт явагдсанаас хойш Мөнхтуяаг цохиж зодоогүй, тухайн цаг хугацаанд архи уусан байх үедээ усанд оруулсан. Тэгэхдээ хальтарч унасан байх гэж бодсон. Урьд нь нэг удаа усанд оруулж байхдаа хальтарч унаад сандлын буланд эгэмээ цохиод хөхрөлт авч байсан удаатай болохоор би тэр үед тийм зүйл болсон байх гэж бодоод тоогоогүй. 2021 оны 7 дугаар сарын 6-ны орой Мөнхтуяаг өглөө эмнэлэгт үзүүлэх гээд усанд нь оруулчихаад би өөрөө зэргэлдээ орон дээр унтсан байсан. Мөн Мөнхтуяа маань 2021 оны 5 дугаар сарын үед бие нь жаахан дээрдэж байсан боловч ямарч зүйлийг заавал хүний тусламжтайгаар хийдэг, өөрөө босоод явах нь байтугай хүнээр түшүүлээд хэдэн алхам яваад л ядраад ойчих гээд байдаг байсан хүн. Би өөрөө цаг үргэлж хажууд нь харж хандаж байсны хувьд хэлж чадна. Гэмтлийн эмнэлгээс гарснаас хойш удалгүй 2021 оны 7 дугаар сарын сүүлээр дахин нэг удаа Дарь-Эхэд байдаг нэгэн хувийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэхээд би сахиж асарч байсан. Мөн Налайх дүүргийн Горьдокт байдаг ээжийнхээ гэрт байхдаа ажлаасаа чөлөө авч амралтынхаа өдрийг тааруулж 2 хоног гэрэтэ аваачиж агаарт гаргаж асарч байсан байхад 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс хойш миий зүгээс огт тусламж аваагүй гээд байгаа. Анх харвалт өгөхөд Мөнхтуяаг биеийн сул дорой байдал, архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг, урьд нь хамрын гамиритын эмчилгээнд орж байсан, хамгийн гол нь тархи хамрын хөндийд идээт үрэвсэл байна, тэрнээс үүдэж харвалт өгсөн, дахин харвалт өгөх магадлал тун өндөр гэж тогтоосныг сүүлд нь 2021 оны 8 дугаар сарын сүүлд хамрын хөндийн хавдарыг авсан байхад намайг цохиж, зодож зүгээр байсан хүнийг хэвтэрт оруулж, тархинд нь дахин цус харваснаар тийм болгосон гэж нэг талыг хэт барьж яллах тогтоол үйлдээд байгааг эсэргүүцэж байна. Цаашид Мөнхтуяаг асран халамжлах хүнээр дутмаг байхад, мөн өндөр настай ээж маань одоо ганцаараа байгааг, мөн Мөнхтуяагаа асран хамгаалах хүсэлттэй байгааг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Н.Нямдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тоггоол нь хэт яллах талыг баримгалж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүй, Ц.Эыг хохирогч Д.Мөнхтуяагийн биед хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэж байгаа боловч хавтаст хзрэгт авагдсак нотлох баримтаас харахад /хх 5/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн манай дүү бие муугай” гэх мэдүүлэг мөн /хх 66-68/ “ ... миний дүү Д.Мөнхтуяа нь 2021 оны 01 дүгээр сард тархиндаа тал цус харвасан, харвалтаасаа болоод хүний асаргаанд байдаг, би Ц.Эыг зодож цохиж байхыг урьд өмнө нь мэдэхгүй, энэ 2 нь 2012 оноос хойш хамтран амьдарч байгаа, Ц.Эт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Энхбаатар архи уухгүй бол сайн залуу, манай дүүг хөл дээрээ босдог болтол нь ганцаараа асарч байсан, Энхбаатарт гомдолгүй” гэсэн мэдүүлэг, мөн /хх 76/ хохирогчийн бичгээр гаргаж өгсөн тайлбарт “Ц.Эт гомдол санал байхгүй, манай дүүтэй хамт амьдрах хугацаанд нь би зодуулж хохирч байсныг би мэдэхгүй, ажилсаг, дүүг маань сайн асарч халамжилдаг, ийм учир ял шийтгэл биш торгож өгнө үү” гэсэн мэдүүлэг зэргээс харахад анх гаргасан гомдол болон бай мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн зүгээс өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй аль мэдүүлэг нь үнэн бодитой талаар эргэлзээг төрүүлдэг. Мөн шийтгэх тогтоолд Ц.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Учир нь хохирогч урьд нь буюу 2021 оны 1 дүгээр сард тархиндаа цус харвалт өгсөний улмаас суугаа болж, Ц.Эын асрамжинд байсан, Ц Энхбаатар хохирогч Д.Мөнхтуяа нар нь 2012 оноос хойш хамтран амьдарч байсан, Д.Мөнхтуяа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэгсэлэн үедээ амиа хорлоно гэж ярьдаг байсан, хохиролд төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудад дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн тухайн өдөр хохирогч Д.Мөнхтуяа архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаак нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагч оногдуулахдаа хөнгөрүүлэх көхцөл байдалд Эооцоогүй нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд Ц.Эт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №2022/ШЦТ/628 дугаартай шийтгэх тогтоолоор 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь ял шийтгэлийг хүндэдсэн гэж үзэж байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан ялаас хасаж өгөхийг хүсэж байна. Энэхүү гомдолдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бичгээр гаргасан тайлбарыг хавсаргав. Энэхүү тайлбарыг үндэслэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлтэй байна ...” гэв.
Прокурор К.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдол нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу, эсхүл ял хөнгөрүүлж өгнө үү гэж байгаа юм уу, үндэслэл нь ойлгомжгүй байна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд Ц.Э нь өөрийгөө “...согтуу байсан, юу болсныг санахгүй байна...” гэж ярьж байгаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэх нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй. Мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 6187 дугаартай дүгнэлтэд тодорхой заагдсан. Тархины зулайн хэсэг гэмтсэн, баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүгдэгч Ц.Э нь “...усанд оруулахдаа унагаасан эсхүл түлхсэн...” гэдэг мэдүүлэг өгсөн. Гэхдээ усанд оруулахдаа унагаах, түлхэх зэрэгт 2 нүдэнд нь зэрэгцэж гэмтэл учрах боломжгүй. Энэ талаар шинжээчийн үндэслэлтэй тайлбар хавтаст хэрэгт авагдсан. Тиймээс Ц.Эын цохисон үйлдлийн улмаас тухайн гэмтэл учирсан гэж үзэж байна. Хохирогчийн цус харвалтын тухай харьцуулан гаргасан шинжээчийн дүгнэлтэд байдаг. Хохирогч өмнө нь цус харвасан. Гэхдээ дахин шинээр цус харвасан нөхцөл байдал илэрсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч анхнаасаа шүүгдэгч Ц.Э нь хохирогчийг асарч, халамжилдаг гэдэг дээр маргаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны бүхий л үе шатанд хэлж байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Мөн шүүгдэгч Ц.Эт оногдуулсан ялын хэмжээ үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Э нь 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, биеэ хамгаалах чадваргүй буюу өвчин эмгэгтэй гэдгийг мэдсээр байж өөрийн хамтран амьдрагч Д.Мөнхтуяагийн толгойн тус газар нь цохиж улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О“...Миний төрсөн дүү Д.Мөнхтуяа нь надтай хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны 91-45 тоотод амьдарч байсан. Тэгээд 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр би төрсөн дүү Д.Мөнхтуяаг өөрийнх нь тухайн үед түрээсэлж байсан байр болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 31-0 тоотод хүргэж ирсэн. Намайг Д.Мөнхтуяаг гэрт нь хүргэж ирэхэд түүний хамтран амьдрагч болох Ц.Э нь гэртээ ганцаараа байсан. Улмаар би төрсөн дүү Д.Мөнхтуяаг орцных нь үүдэнд буулгахад Энхбаатар гэрээсээ гарч ирсэн. Тэгээд би Энхбаатартай хамт Мөнхтуяаг түшээд хамт гэр рүүгээ хөлөөрөө алхаж орсон. Тухайн үед Мөнхтуяаг хүргэж өгчхөөд Энхбаатарт хандан би 2021 оны 7 дугаар сарын 7-ны өглөө эрт 7 цаг 30 минутад нэгдүгээр эмнэлэг дээр уулзана гэж тохиролцоод оруулсан. Тэгээд түүнээс хойш би Мөнхтуяа болон Энхбаатар нартай холбоо барилгүй байж байгаад 2021 оны 7 дугаар сарын 7-ны өглөө 06 цаг 45 минут хавьцаа Энхбаатар руу залгахад тухайн үед утсаа аваад ярихдаа согтуу байсан. Тэгээд би такси бариад Мөнхтуяаг би өөрөө такси бариад очиж авъя гэхэд Энхбаатар нь надад хэрэггүй бид хоёр өөрсдөө яваад очъё гэж надад хэлээд утсаа тасалсан. Тэгээд дахин залгахад Энхбаатар нь гар утсаа авахгүй таг чиг болсон. Тэгэхээр нь такси бариад 07 цагийн үед Энхбаатарын гэрийн хаалгыг тогшиход надад хаалгаа тайлж өгөөгүй. Би 45 минут хаалгыг нь тогшиход надад хаалгаа тайлж өгөхгүй байсан. Цагдаа дуудаад хаалгыг нь тогшиход хаалгаа тайлаагүй. Тухайн үед цагдаагийн албан хаагчаас хаалгыг нь эвдээд өгөөч гэхэд бидэнд тийм эрх байхгүй гэж хэлсэн. Тэгээд би цоож онгойлгодог хүнээс хаалгыг онгойлгуулж орсон. Намайг дотогш ороход манай дүү Мөнхтуяа нь орон дээрээ ухаангүй байдалтай хэвтэж байсан. Харин Энхбаатар нь архи уучихсан байдалтайгаар гэртээ дотроо ийш тийшээ холхиод байсан. шууд 102, 103 дуудсан. ...” /хх 66-67/,
шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн “...Д.Мөнхтуяагийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь унах үед үүсэх боломжтой гэмтэл байна. Тухайн гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй гэмтэл байна. Цохих цохигдох зэргийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Д.Мөнхтуяагийн биед учирсан тархины дух, зулайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд урьд тархинд харвалт өгч байсан гэх эмгэг өөрчлөлт нь КТГ шинжилгээнд хуучин гэж дүгнэж бичигдсэн байх бөгөөд шинээр учирсан тархины зулайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа гэмтэлтэй хамааралгүй.” /хх 70/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 6187 дугаартай “...Д.Мөнхтуяагийн биед тархины дух, зулайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 23-24/ гэх дүгнэлт, Д Мөнхтуяагийн өвчний түүх /хх 27-47/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Ц.Эын “хохирогчийн биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, биеэ хамгаалах чадваргүй буюу өвчин эмгэгтэй гэдгийг мэдсээр байж өөрийн хамтран амьдрагч Д.Мөнхтуяагийн толгойн тус газар нь цохиж улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ц.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Н.Нямдоржийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.
Шүүгдэгч Ц.Э нь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогчийн биеийн байдал зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл заалтыг хэрэглэх үндэслэлгүй.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “хорих ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдол, шүүгдэгчийн хохирогчийг цаашид асрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хамгийн бага буюу 5 жилийн хорих ялыг оногдуулахаар зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Ц.Э 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 61 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 628 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ц.Эт 6 /зургаан/ жил хорих ял оногдуулсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ц.Эт 5 /тав/ жил хорих ял оногдуулсугай. ...” гэж,
3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 61 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ