| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04072/И |
| Дугаар | 182/ШШ2024/03255 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/03255
| 2024 08 02 | 182/ШШ2024/03255 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
М ХХК, түүнийг итгэмлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* Ази Зам ХХК нь 2012 оноос хойш барилгын угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тус компани нь барилга угсралтын ажлын дагуу ******* *******" ХХК-тай 2022.04.08-ний өдөр №01 дугаартай худалдах, худалдан аах гэрээ байгуулж ******* ******* ХХК нь 7 см зузаан 5 см өргөн 4 м урт нэг ширхэг брус модны үнэ 14,445 төгрөгөөр тооцож 6000 ширхэг брус модыг ******* Ази Зам ХХК-д нийлүүлэхээр харилцан тохиролцсон.
Бидний зүгээс худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн гэрээний үнийн дүнгийн 30 хувиар урьдчилгаа төлнө гэж заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөр болгон 20 000 000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-д бэлнээр төлсөн билээ.
Гэтэл хариуцагч ******* ******* ХХК нь урьдчилгаа 20 000 000 төгрөгийг бэлэн авсан боловч худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон брус модыг манай компанид өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй байна. Бидний зүгээс ******* ******* ХХК-ийг гэрээ хийсэн цагаас хойш гэрээгээр тохиролцсон брус модоо нийлүүлэхийг шаардаж байсан боловч хариуцагч нь брус модоо нийлүүлэхгүй авсан урьдчилгаа болох 20 000 000 төгрөгийг буцааж төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2024.03.28-ний өдөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024.05.02-ны өдрийн 101/ШЗ2024/12505 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан хариуцагчийн хаяг тодорхойгүйн улмаас шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Иймд тус хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК /РД:5642701/, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний бие оролцож байгаа бөгөөд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, талуудын хооронд 2022.04.08-ны өдөр байгуулагдсан 01 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэх №6, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.02-ны өдрийн 101/ШЗ2024/12505 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Ч тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын 5 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч М ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн байрлах хаяг тодорхойгүйн улмаас гэрээний үүрэгт нийт 20 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, тус этгээдийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан дээрх талуудын хооронд 2022.04.08-ны өдөр байгуулагдсан 01 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, Е ХХК-ийн нэхэмжлэх №6 зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар М ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь хүсэлт гаргагч М ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3. талуудын хооронд 2022.04.08-ны өдөр байгуулагдсан 01 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар баримтад ******* ******* ХХК нь Б тоот хаягт байрладаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.02-ны өдрийн 101/ШЗ2024/12505 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж баримтаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, М ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан М ХХК /РД: /, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар М ХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан Е ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА