| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2017/0183/Э |
| Дугаар | 179 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Э.Болор |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,
Улсын яллагч Э.Болор,
Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А-д холбогдох эрүүгийн 201710010056 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, загвар зохион бүтээгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй Х:А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хил буюу Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох 915 кг адууны махыг олон улсын галт тэрэгний 6 дугаар галт тэрэгний 4-р купены дээврийн хэсэгт нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Х.А-н мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” захаас 915 кг адууны цул махыг 1 кг-ыг нь 1500-2000 төгрөгөөр бодон худалдан авсан. Худалдан авсан махаа БНХАУ-ын Эрээн хотод худалдан борлуулах санаатай 2017 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 07:30 минутанд Москва-Бээжингийн чиглэлийн Олон улсын галт тэргэнд суухдаа жижиг ногоон өнгийн 30 гаран ширхэг шуудайнд нийт 915 кг адууны булчингийн мах хувааж хийсэн ба уг жижиг шуудайтай махаа нийлүүлээд том ногоон өнгийн 5 ширхэг шуудайнд хийгээд вокзал дээр тэрэг түрдэг хүүхдүүдээр 6 дугаар вагоны 4 дүгээр күпенд оруулуулсан. Тэгээд орой 19:00 цагийн үед Дорноговь аймаг Замын-Үүд суманд ирэхэд гадаадын иргэний харъяатын газрын ажилчид миний авч явж байсан ачаанд үзлэг хийгээд махнуудыг болон миний бичиг баримтыг хураан авч саатуулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/,
- Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Олон улсын суудлын галт тэрэгний хяналт шалгалт хийх хуваарьтай байсан. Тухайн өдөр хяналт шалгалтын явцад галт тэрэгний 6, 7 дугаар вагоны лүкний хэсгээс 915 мөн 237 кг малын мах илэрсэн. Тэгээд зөрчил илрүүлсэн талаар албаны дарга болон Төмөр замын цагдаа, Тагнуул, Гааль, Хилийн цэргийн албан хаагч нарт мэдэгдэж вагоноос буулгасан. Ингээд маханд үзлэг хийж жинлэж үзэхэд нийт 1152 кг малын мах байсан. Нүдээр үзэхэд адууны мах байсан. Зарим нэг нь ямар малын мах болох нь тодорхойгүй байсан. Ингээд би зөрчил гаргасан хүмүүсээс мэдүүлэг аваад материалыг прокурорт шилжүүлж, хураасан махыг нь маргааш албаны дарга Б-н хэлснээр Хилийн цэргийн 0108 дугаар ангид түр хадгалуулахаар болсон. Махыг Хилийн цэргийн 0108 дугаар ангийн цэргүүд нь вокзал дээр байрлах төвийн байрнаас авч явсан. Түүнээс хойш махыг хэн авсан, хаана байгааг мэдээгүй. Сүүлд улсын байцаагч Б миний илрүүлсэн гэх маханд шинжээчийн дүгнэлт гаргасан гэж ярьж байсан. Сүүлд 2017 оны 06 дугаар сард би ээлжийн амралтаа аваад Архангайд байж байхад Цагдаагаас нэг хүн залгаад дээрх махыг хаана хийсэн, ямар дүгнэлт гарсан, одоо хаана байгаа талаар асуухад нь “Хилийн цэргийн агуулахад түр хадгалуулсан, Б байцаагчийг шинжээчийн дүгнэлт гаргасан. Би өөр зүйл мэдэхгүй байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83/,
- Шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтэнд:
- Х.А-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31,42/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/,
- Бараа бүтээгдэхүүн түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/,
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13, 15/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Х.А нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хил буюу Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох 915 кг адууны махыг олон улсын галт тэрэгний 6 дугаар галт тэрэгний 4-р купены дээврийн хэсэгт нууж хууль бусаар нэвтрүүлсэн нь Хилийн мэргэжлийн хяналт шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Х.А нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хил буюу Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох 915 кг адууны махыг олон улсын галт тэрэгний 6 дугаар галт тэрэгний 4-р купены дээврийн хэсэгт нууж хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Т.Б-н “...Би 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Олон улсын суудлын галт тэргэний хяналт шалгалт хий хуваарьтай байсан. Тухайн өдөр хяналт шалгалтын явцад галт тэрэгний 6, 7 дугаар вагоны лүкний хэсгээс 915 мөн 237 кг малын мах илэрсэн. Тэгээд зөрчил илрүүлсэн талаар албаны дарга болон Төмөр замын цагдаа, Тагнуул, Гааль, Хилийн цэргийн албан хаагч нарт мэдэгдэж вагоноос буулгасан. Ингээд маханд үзлэг хийж жинлэж үзэхэд нийт 1152 кг малын мах байсан. Нүдээр үзэхэд адууны мах байсан...” гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.А-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Шүүгдэгч Х.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдсан гэх 915 кг адууны мах нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Х.А-г хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Х.А-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.А-д оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Х.А нь торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдсэн гэх 915 кг адууны мах нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ