Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/687

 

 

 

 

 

 

      2022           6             30                                        2022/ДШМ/687                                                                             

 

 

 

С.Чд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор О.Доржмаа,

            хохирогч Д.Шгийн өмгөөлөгч Г.Нямхүү,

            шүүгдэгч С.Чын өмгөөлөгч С.Батнасан,

            нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж, хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЗ/1472 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч С.Чын өмгөөлөгч С.Батнасангийн гаргасан давж заалдах гомдлоор С.Чд холбогдох эрүүгийн 2110000000517 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овгийн С.Ч, 1947 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 74 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын машинист мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт ...........................

Ажилчны Районы шүүхийн 1966 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 142 дугаар зүйлд зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан,

Шүүгдэгч С.Ч нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханс Вилл” хотхоны 104-15-1501 тоотод хохирогч Д.Штай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа түүнтэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис, хэрцгийгээр хутгалж олон тооны шарх үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.       

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч С.Чд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж. хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй байна гэж үзэн хэргийг прокурорт буцаах үндэстэй гэж дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 4381 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...зүүн бугалганы дотор дунд хэсэг, зүүн шууны ар дээд хэсэг, зүүн далны дээд хэсэг, хэвлийн зүүн хэсэг, цээжний зүүн дээд хэсгүүдэд шарх, духны дунд хэсэгт зулгаралт, баруун зулайн орой хэсгийн хуйханд шарх, зүүн шанаа, эрүүний зүүн шонтонд цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэсэн дүгнэлтээр хохирогчийн биед олон тооны шарх үүссэн болох нь тогтоогдож байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн бичгээр гаргасан хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг хүсэлтэд “...энэ хооронд цус болсон гар, хутгаа угааж, ширээн дээр авч ирж тавиад юу ч хэлэлгүй гараад явсан...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Гэтэл мөрдөгч, прокурорын зүгээс нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй, өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа шүүгдэгч С.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан байж болзошгүй үйл баримтыг шалгаагүй, ямар үндэслэлээр уг хэргийг үйлдээгүй гэж үзсэн талаар тайлбар, дүгнэлт хийгээгүй нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Улмаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ төрөхүйц, нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байх тул мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх нь зохимжтой. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Чын өмгөөлөгч С.Батнасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хяналтын прокуророос хэргийг хянаад 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 140 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол үйлдэн хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хүлээн авч, хянан хэлэлцээд шүүгдэгч С.Ч нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан байж болзошгүй үйл баримтыг шалгаагүй, улмаар шүүгдэгч нь мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ төрөхүйц, нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй хэмээн дүгнэж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Миний үйлчлүүлэгч С.Ч нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Ханс Вилл” хотхоны 104 дүгээр байрны 1501 тоотод өөрийн танил Д.Штай архидан согтуурч байх үедээ маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис, хэрцгийгээр хутгалж олон тооны шарх үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч Д.Шгийн мэдүүлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэрч Ч.Шархүүхэн болон бусад гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бүхий л бичмэл нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон байдаг.

С.Ч нь хохирогч Д.Шгийн биед олон тооны шарх бүхий гэмтлийг учруулаад хэргийн газраас өөрөө гарч явсан байдаг. Түүнд Д.Шгийн амь насыг хохирооё гэсэн сэдэлт, зорилго огт байгаагүй бөгөөд энэ нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн болон шүүхийн хэлэлцүүлгийн үеэр өгсөн мэдүүлгүүдээр тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэнэ” хэмээн тодорхойлсон байдаг.

Миний үйлчлүүлэгч С.Чын үйлдэлд түүнийг гэмт үйлдлээ дуусгаагүй байхад буюу бусдын амь насыг хохироох үйлдэл хийж байх явцад түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал үүссэн баримт хэрэгт огт авагдаагүй. Өөрөөр хэлбэл С.Ч нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэж дуусгаад, бусдын хүсэл зоригоор бус, өөрийн хүсэл зоригоор хэргийн газраас ганцаараа гарч явсан байдаг. Энэ нь гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэх шинжийг хангахгүй байна гэж дүгнэхээр байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу С.Чадрбаабал нь өөрийн яллагдагчаар татагдсан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж үзэхээр байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/1472 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Д.Шгийн өмгөөлөгч Г.Нямхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч Шараагийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Шараа гэдэг хүн байнга хэвтрийн дэглэмтэй, тэргэнцэр дээр суудаг болсон болохоор шүүх хуралдаанд ирж чадахгүй гэж хэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим заалтуудыг ноцтой зөрчсөн. Нотолбол зохих нөхцөл байдлуудыг тогтоож чадаагүй. Ийм учраас анхан шатны шүүхээс хэргийгбуцаасан нь хуулийн үндэслэлтэй зөв шийдвэр гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2-т заасан шинжээч томилох, тогтоолтой танилцах, хүсэлт гаргах гэсэн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, тогтоолтой танилцуулаагүй байж Шараагийн гарын үсгийг хуурамчаар зурч үйлдсэн байдаг. Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан хэргийн сэдэлт зорилго, гэм бурууг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Шүүх хуралдаанд Чадраабал ухаангүй, согтуу байсан, юу болсон талаар мэдэхгүй гэж мэдүүлдэг. Хохирогч нь Монголын хөдөлмөрийн баатруудын холбооны тэргүүн, төмөр замын ахмадын холбооны дарга хийдэг. Нэг удаа амралт, сувилалд явуулаагүй гэж маргаж, уурласан байдаг ба босч чадаагүй байхад нь 6-аас олон удаа толгой, хэвлий хөндий, цээж рүү шарх учруулсан. Үүний дараа эмнэлэг дээр очсоны дараа цагдаа, шинжээч очсон байдаг. Тэр үед Шараа бараг ухаангүй байхад нь тайлбар авсан. Мэдүүлгийн нь уншиж танилцуулаагүй, өөрөө гарын зурсан гэж хэлдэг. Гомдолтой гэж хэлсэн. Ийм болчихоод яаж гомдолгүй гэж хэлэх үү гэж байсан. Энэ хүн харааны шил зүүдэг байсан. Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг зөв тогтоож чадаагүй. Чадраабал нь тухайн үед архи их ууж, намайг амралт, сувилалд явуулсангүй гэж хутгалсан байдаг. Үүний дараа ухаан алдаагүй байсан ба босч чадахгүй байсан. Тэгэхэд хутгаа усаар угаачихаад гарч явсан байдаг. Чадраабал гэдэг хүн өмнө нь гэмт хэрэг үйлдэж, өршөөлийн хуулиар суллагдаж байсан. Энэ талаарх баримтын хуулбарыг хэрэгт хавсаргаагүй байсан. Өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт шалгуулаахаар хүсэлт явуулсан. Хүсэлтийг бүрэн хангалаа гэсэн мөрдөгчийн тогтоол байдаг. Энэ цагаас манай үйлчлүүлэгчийн зүгээс 3 удаа хүсэлт гаргасан. Прокурорт дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасан.  Прокурор хүлээн авч хэд хоногийн дараа хариу өгнө гэсэн боловч надад албан ёсны хариу өгөөгүй. Энэ талаараа хэрэгт хавсаргаагүй. Тэгтэл хэргийг нь прокурорт шилжүүлсэн байсан. Прокурор очиж хэрэгтэй танилцах гэхэд дутуу ажиллагаа хийсэн гээд мөрдөгч рүү буцаасан, тэнд очиж танилц гэж хэлсэн. Тэгээд 2 байгууллагын хооронд явж байгаад нэг мэдэхэд шүүхэд хэрэг нь ирсэн, шүүх хурал болох гэж байна гэж хэлсэн. Мөн хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан хавтас хэрэгтэй танилцах боломжоор хангаагүй. Надад хэргийн материалтай танилц гэж утсаар хэлсэн гэдэг. Тийм зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн. Хэргийн зүйлчлэл буруу, тохирохгүй байна. Чадраабал гэдэг хүн ухаангүй согтуу байсан талаар шүүх хуралдаанд өөрөө мэдүүлэг ба хутгаа угаачихаад гарсан байсан. Хохирогч ухаан алдахаасаа өмнө эхнэрээ дуудаж амжсанаар өнөөдөр амьд үлдсэн. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэргийн үнэн бодит байдлыг тогтоох нь зөв. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн гэж үзэж байна. ...” гэв.

            Прокурор О.Доржмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамж ойлголжтой, тодорхой байх түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүй байх хуулийн заалтыг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хангахгүй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид зөвхөн шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ төрөхүйц, нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байх тул мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх нь зохимжтой гэсэн өгүүлбэр бичиж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Ямар ажиллагаа хийлгэж, энэ хэргийг нотолбол зохих байдал бүрэн хийгдсэн гэж үзэх талаар ойлгомжтой дүгнэлтийг анхан шатны шүүхийн шүүгч хийгээгүй гэж ойлгож байна. Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад мөрдөн шалгах ажиллагаа гэж юуг ойлгох талаар тодорхой заасан. Мөрдөгчөөс прокурорын зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй хийх мөрдөн шалгах ажиллагаа гэж ойлгон гэж заасан. Хэргийн бодит байдалтай хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг холбоод дүгнэхэд гэмт хэрэг үйлдэгдэхэд ердөө шүүгдэгч, хохирогч хоёр л байсан. Энэ хоёр хүн хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Насны байдал нь нэлээн настай хүмүүс. 0.75 литрийн архи ууцгаасан. Гэмт хэрэг үйлдэхэд ийм нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Шүүгдэгчээс яллагдагчаар мэдүүлэг авсан, хохирогчоос мэдүүлэг авсан. Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа орж ирсэн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Холбогдох шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Хэргийн газрын үзлэг хийгдсэн. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн хийгдсэн. Энэнээс өөр байдлаар одоо мөрдөн байцаалтад буцаах юм бол юу хийлгэх юм бэ, хийгдэх ажиллагаа байхгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, дээрээс нь насны хувьд ийм хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглээд болж өнгөрсөн үйл явдлыг тодорхой санахгүй байна гээд мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд өөрсдөө биечлэн оролцож, яриад байхад санахгүй зүйлийг нь санаж байгаа мэтээр өөрсддөө авахыг хүсч байгаа мэдүүлгээ авахын тулд тулган шаардаж болохгүй. Хэрэгт хийгдсэн ажиллагааны хүрээнд анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Энэ тохиолдолд ямар нэгэн зөрүүтэй, эргэлзээтэй байдал гарвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэн гэсэн хуулийн заалт байгаа. Мөрдөн байцалтад буцаалаа гэхэд энэ хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн учраас дахиж хийгдэх ажиллагаа байхгүй гэж ойлгож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал гэдэг бол зөвхөн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд хийгдэх ажиллагаа биш.  Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад дараах үйл баримтыг нотлон гэж заасан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтуудыг шинжлэн судалж хийгдвэл зохих ажиллагаа гэж ойлгож байна. Шүүх хурлдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш юм. Шүүгчийн захирамжид завдалтын талаар дурьдсан байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэргийн завдалт эсэх талаар шалгалт, ажиллагаа хийгдээгүй байна гэсэн байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч ярьж байна. Завдалт гэдэг бол тодорхой гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл. Бусдын хүсэл зоргийн улмаас тухайн шүүгдэгчийн үйлдэл таслан зогсоосныг ойлгон гэж хуульд тодорхой заасан. Энэ хэрэгт ямар нэг бусад хүний хүчин зүйлээс болж Чадраабалын үйлдэл таслан зогсоосон үйл баримт мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцон гэж заасан. Энэ гэмт хэргийн хувьд шууд учирсан хохирол нь хохирогч Шараагийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Тэгэхээр шууд учирсан бодит хохирол нь энэ хүний биед хөнгөн хохирол учирсан байна гэж шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учраас гэмтлийн зэргийг үндэслэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн прокурорын зүйлчлэл үндэслэлтэй. Олон тооны шарх учруулсан үйлдэл болгоныг бид нар тэр хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж болохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэж хуульчлах ямар ч шаардлага байхгүй байсан. Бодит учирсан хохиролтойгоо нийцүүлэн зүйлчлэлээ тогтоох ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд ямар тохиолдол прокурор хэргийг хялбаршуулахыг тодорхой заасан. Яллагдагч тухайн үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг шүүхэд шилжэхээс өмнө хүсэлт гаргасан. Хүсэлт гаргахдаа хохирлыг нөхөн төлсөн баримтаа хавсаргасан. Ингээд өөрөө бичгээр хүсэлт гаргасан учраас энэ хэргийг хялбаршуулсан журмаар явуулсан. Хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн ажиллагаа нь үндэслэлтэй. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлсэн зүйл дээр тайлбар дүгнэлт хэлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, мөрдөгч гарын үсэг дуурайлгаж зурсан гэж байна. Энэ талаар өнөөдрийг хүртэлх хугацаанд мөрдөгчийн талаар хохирогчийн зүгээс гомдол гаргаж шалгуулсан ажиллагаа байхгүй. Энэ байдал нь энэ хэргээс тусдаа шийдвэрлүүлэх, тусдаа мөрдөн шалгах байгууллага нь шалгах ёстой. Энэ талаар шүүх хуралдааны явцад яриад байсан боловч энэ талаар гаргасан гомдол байдаггүй. Энэ ажиллагаа тусдаа шалгагдах боломжтой гэж үзэж байна. Хохирогч өөрөө гарын үсэг зурсан боловч ингэж мэдүүлээгүй гэж байна. Нас биед хүрсэн, заавал өмгөөлөгч оролцуулахгүй тохиолдолд хохирогчид өөрт нь мэдүүлгийн уншуулж, гарын үсэг зурсан бол тэр хүний хүсэл зориг илэрхийлэгдэж, өөрөө гарын үсэг зурсан байна гэж үзэхээс өөр арга байхгүй. Хохирогчийн өмгөөлөгч нотолбол зохих ажиллагаа хийгдээгүй гэж байна. Тэгэхээр энэ хэрэгт одоо юуг хийлгээд, ямар нөхцөл байдлыг тогтоолгох талаараа хохирогчийн өмгөөлөгч тодорхой ярьж чадахгүй байна. Энэ хэрэгт хийгдэх ажиллагаа хийгдсэн учраас тодорхой ярьж чадахгүй байгаа байх. Цаг хугацааны хувьд шүүгчийн туслахын буруутай үйл ажиллагаанаас болж 2021 оны 5 сард үйлдэгдсэн гэмт хэргийн талаар хэнээс ямар мэдүүлэг авч, ямар үйл явдлыг тодруулах гэж байгаа, юуг асуух нь одоо ач холбогдолгүй болсон. Мөн хохирогчийн зүгээс хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж үзэж байна. Тэгэхээр үйл баримтын талаар хохирогч, шүүгдэгч нар урьд нь олон жилийн хугацаанд харилцаатай, нэг газар ажиллаж байсан хүмүүс байдаг. Тухайн үед үл ялих зүйлээр шалтаглаж бие биедээ тунирхсан, настай хүмүүсийн асуудал болж, маргалдсан байна. маргалдсан асуудал болгоныг бид нар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж мөн дээрээс нь хутгаа угаасан болохоор санаатай алах байсан гэж үзэж болохгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэргийн бодит байдалтай холбож дүгнэхээр маргаан болсон байна, тэр маргаан нь хүнийг санаатай алах дайны сэдэлт, санаа зорилго байсан гэдгийг нотолж чадаагүй байна гэж ойлгож байна. Урьд нь ямар нэгэн өс хонзонгийн сэдэлт байхгүй, харилцаа хэвийн байсан. Тийм ч учраас энэ хоёр хүн удаан уулзалдаагүй гээд уулзаж суусан. Иймд хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болохгүй. Хохирол бодитойгоор хөнгөн гэж тогтоогдсон. Энэ хүн урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрх зүйн байдлыг нь дордуулж болохгүй. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Чд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт буй баримтыг судлахад С.Чд холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Хан-Уул дүүргийн прокуророос С.Чыг хохирогч Д.Штай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа түүнтэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис, хэрцгийгээр хутгалж олон тооны шарх үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч С.Чын гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилго тодорхойгүй, мөн хохирогчид олон тооны шарх үүсгэгдсэн, одоо хохирогч Д.Ш хэвтрийн байдалтай, тэргэнцэр дээр суудаг болсон гэх хохирогчийн өмгөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд хохирогч нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас ийм байдалд орсон эсэх, хохирол хор уршгийг тодорхой болгосний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд давж заалдах шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт дахин гаргуулж, хэргийг нөхцөл байдлыг бүрэн бодитой нөхцөл байдалыг тогтоосны үндсэн дээр хэргийг эцэслэн  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Мөн хохирогчийг хэргийн материалтай танилцуулах асуудлыг хуулийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай.

            Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн  1.3-т заасан буюу гэмт хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийн прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Чын өмгөөлөгчийн С.Батнасангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЗ/1472 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Чын өмгөөлөгчийн С.Батнасангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                        Д.МӨНХӨӨ

           

                               ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ