Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 110/ШШ2024/0012

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Гомдол гаргагч: : Д.У,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч  Х.А,

              Гомдлын шаардлага: “Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043643 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай шаардлага  бүхий  зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэлэлцэв.  

              Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Д. У, хариуцагч Х.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Е,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Айгерим нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Гомдол гаргагч Д. У нь “Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043643 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” -оор гомдол гаргасан.

            2. Иргэн Д.У нь онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа  худалдан борлуулсан гэсэн үндэслэлээр аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1  дэх хэсгийн  1.1-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх буюу 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

           3. Хариуцагч татварын улсын байцаагч 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр  зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0043643 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч  гомдол гаргагч Д.У  2024 оны 02 дугаар  сарын 06-ны өдөр шүүхэд  гомдол гаргасан  байна.

4. Гомдол гаргагч  гомдлын шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Би 2023 оны 11 дүгээр сард Оросын Холбооны Улсын Кош-Агачаас хувийн хэрэгцээнд цай өгөхөөр 2 вино, 1 коньяк авч ирсэн юм.  Согтууруулах ундаа зардаггүй, дэлгүүр байхгүй, худалдаа хийхгүй, зөвхөн хэрэгцээнд хэрэглэх зорилгоор авчирсан боловч тухайн үед эхнэрийн бие өвдөөд Улаанбаатар  хотод 12 дугаар сард яваад, 01 дүгээр сарын 07-нд ирсэн юм. Цай өгөх зорилгоор аваад ирсэн боловч цайгаа өгч чадаагүй,эм болон бусад хэрэгцээнд мөнгөний хэрэг гарсан тул зарахаар зар тавьсан.Гэтэл тус аймгийн Цагааннуур тосгоны цагдаагийн албан хаагч  нь өөр хүний утсыг ашиглан надтай утсаар ярьж, орой 7 цагийн үед 1 ширхэг вино, 1 ширхэг коньякийг худалдаж авах хүнийг гэрт явуулсан байна. Тухайн явуулсан хүн нь Р.Н гэх хүн согтуу байсан. 1 ширхэг вино, 1 ширхэг коньякийг нийтдээ 35,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Гэрт өгч байх үед гаднаас Т.П, Д.Е хоёр ирж 1 ширхэг вино, 1 ширхэг коньякийг хурааж авч, мөн заал өрөөний шүүгээнд байсан 1 ширхэг виног хурааж авсан. Би өөрөө тодорхой эрхэлсэн ажилгүй,байгаа хэдэн төгрөгөө эхнэрийнхээ эм болон бусад хэрэгцээнд зарцуулсан. Хүнсний дэлгүүр ажиллуулдаггүй, 2-3 ширхгийг хэрэгцээний зориулалтаар авсан байсан. 1.000.000 төгрөгийн торгох шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд 2024 оны 02 дугаар  сарын 06-ны өдрийн 0043643 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэв.

5. Хариуцагч аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Х.А хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Баян-Өлгий, Ногооннуур сум, Цагааннуур тосгоны 9-р багийн иргэн Д.У холбогдох зөрчлийн хэрэг бүртгэлийн материалыг тус аймаг дахь Цагдаагийн газраас харьяаллын дагуу 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр  ирүүлсэн байна.

Миний бие Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт заасны дагуу иргэн Д.У дээрх үйлдэлд зөрчлийн хэрэг бүртгэлт ажиллаагаа явуулахад 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд тус аймгийн Цагааннуур тосгоны оршин суугчдын “Цагааннуур групп” гэж фэйсбүүк цахим хуудсанд “Доорх хүнсний бараа бүтээгдэхүүнийг гэрээр зарж байна” гэх мэдээллийн дагуу тус аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг, Цагааннуур тосгоны оршин суугч Д.У гэрт нь очиж шалгалт хийсэн. Д.У нь өөрийн амьдран суух гэрийн нэг буланд  жижиглэнгийн худалдаа эрхэлдэг ба онцгой албан татварын тэмдэггүй коньяк, вино буюу согтууруулах ундаа худалдан борлуулж байгааг цагдаагийн байгууллагын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч шалгалтаар илрүүлж, онцгой албан татварын тэмдэггүй 2 ширхэг вино, 1 ширхэг коньякийг хурааж авсан ба уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлэн баримтжуулсан байна.

Иргэн Д.У нь онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааны зүйлийг худалдан борлуулсан гэх үйл баримтыг нотлох цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөрчил илрүүлсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан болон бусад мэдээллийн материалыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга Б.Тунгышбай нь харьяаллын дагуу Баян-Өлгий аймгийн Татварын газарт шилжүүлсэн.

Тухайн материалыг шалгаж үзэхэд Цагааннуур тосгоны оршин суугч Д.Уы онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдан борлуулсан гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчилд хамаарах бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т татварын улсын байцаагч харьяаллын дагуу шалган шийдвэрлэхээр заасан.

Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Д.Уд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зөрчлийн хэрэг нээх тогтоолыг Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт танилцуулан зөрчлийн хэргийн 2413000120 дугаар авч зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэж ажиллагаа явуулсан.

Иргэн Д.Уд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тэмдэггүй согтууруулах ундааг ... бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан” гэх заалтыг зөрчсөн тул 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0043643 тоот шийтгэлийн хуудсаар нэг мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгож хуулийн хариуцлага хүлээлгэсэн болно.

                Иймд татварын улсын байцаагчийн  2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №0043643 тоот шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй тул гомдол гаргагч Д.Уы дээрх шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ш.Ескендир шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Иргэн Д.Уы гаргасан зөрчил нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд, Д.Уы фейсбүүк хуудсанд тавьсан зар, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд тухайн зарын дагуу гэрт нь очиход онцгой албан татварын тэмдэггүй 2 ширхэг вино, 1 ширхэг коньяк хурааж авсан тухай тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, Д.Уы мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны энгэрийн камерын бичлэг, шүүхийн зүгээс камерын бичлэгт үзлэг хийснээр нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Гомдол гаргагч Д. У “Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043643 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлагатай гомдлын зарим хэсэг  нь үндэслэлтэй байна.

2. Хэрэгт авагдсан  нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын  цагдаагийн алба хаагч нар /Эрүүгийн цагдаагийн тасгийн сум хариуцсан эрүүгийн мөрдөгч, Цагааннуур тосгоны хэсгийн цагдаа/-аас  2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ногооннуур сумын  9 дүгээр баг /Цагааннуур тосгон/-ийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцад тус багийн иргэн Д.У нь согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлгүйгээр, онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг гар дээрээс худалдсан гэх зөрчлийг илрүүлж,   2 ширхэг  вино, 1 ширхэг коньякийг хурааж,  зөрчлийн талаар дуу-дүрсний бичлэг хийж,гэрэл зураг авч, зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эд зүйлийг хураасан болон баримт бичиг хуулбарлан авсан тухай  тэмдэглэлүүд үйлджээ.

3. 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эрүүгийн мөрдөгчөөс /сум хариуцсан/ уг зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг  харьяаллын дагуу шилжүүлэх санал гаргаснаар  аймгийн Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “Ногооннуур сумын 9 дүгээр багийн иргэн Д.У  нь тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу Баян-Өлгий аймгийн Татварын газарт шалгуулахаар шилжүүлсэн байна.

4. Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчаас уг гомдол, мэдээллийг хүлээн аваад 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зөрчлийн хэрэг нээн  шалгах ажиллагаа явуулж,  2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043643 дугаартай шийтгэлийн хуудсаар  “иргэн Д.У нь  2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр  онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа  худалдан борлуулах” зөрчил гаргасан нь  нотлох баримтуудаар тогтоогдож байна  гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хураагдсан 2 ширхэг вино, 1 ширхэг коньякийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын  дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

5. Гомдол гаргагчаас “Цай өгөхөөр хувийн хэрэгцээнд 2 ширхэг вино, 1 ширхэг  коньяк авч ирсэн,  мөнгөний хэрэгцээ гарсан тул  1 ширхэг вино, 1 ширхэг коньякийг зарахаар болсон ба цагдаагийн албан тушаалтнууд өөр хүний утсыг ашиглан  надтай ярьж, худалдан авахаар  согтуу хүнийг манай гэрт  явуулж,  араас нь орж ирээд 1 вино, 1 коньякийг хураан авсан. Мөн шүүгээнд байсан 1 ширхэг виног  бас хураасан, би ажилгүй  тул 1 сая төгрөг төлөх боломжгүй, хүний эрхийг зөрчиж байна” гэж тайлбарлан маргасан.

6. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1-д “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж: 1.1.тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан бол тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий согтууруулах ундаа, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д  “Онцгой албан татварын тэмдгийг Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундаа, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх зөвшөөрөл, тэдгээрийг худалдах, худалдан авах гэрээг, импортын согтууруулах ундаа, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын импортлох, худалдан борлуулах гэрээг тус тус үндэслэн татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно.

Тайлбар:Энэ хуульд заасан “согтууруулах ундаа” гэдэгт Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 4 дэх заалт, 6.11 дэх хэсэгт заасан бүтээгдэхүүнийг ойлгоно”, 4.2-т “Тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно”  гэж  тус тус заасан байх ба Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1. 4.1.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.11 хэсэгт  тус тус зааснаар  бүх төрлийн дарс, коньяк   нь онцгой албан татвар ноогдох бараанд хамаардаг байна.

7. Ногооннуур сумын  9 дүгээр баг /Цагааннуур тосгон/-ийн оршин суугч гомдол гаргагч  Д. У нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр   гэртээ байсан   онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа буюу 2 ширхэг вино, 1 ширхэг коньякаас 1 ширхэг вино /Sakura/, 1 ширхэг коньяк /Mariage/-ийг  иргэн Р.Нд худалдсан нь зөрчлийн хэрэгт авагдсан  холбогдогч Д.Уы мэдүүлэг болон бусад нотлох баримтууд, мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар,  зөрчлийн хэрэгт авагдсан цагдаагийн алба хаагчийн  энгэрийн камераар бичсэн дүрс-дууны бичлэгт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, цагдаагийн алба хаагчийн  утсаар авсан гэрэл зураг , гэрч Т.Пын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар /Хавтаст хэргийн 1,22-23,24-27,33-35 дах тал, 2413000120 дугаартай зөрчлийн хэргийн материал тус тус тогтоогдож / байх ба гомдол гаргагчаас согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлгүй, мөн  уг худалдсан  бараа нь онцгой албан татварын тэмдэггүй вино,коньяк байсан гэдэгт маргаагүй болно.

8. Цагдаагийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11.1-д “Цагдаагийн байгууллага нь нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүргийн хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.1.1.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэх, байгууллага, алба хаагчийг мэдээллээр хангах”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Цагдаагийн алба хаагч хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчил, тэдгээрийн талаархи гомдол, мэдээллийг шалгахдаа бусдын орон байр, тээврийн хэрэгсэл, ажлын байр, агуулах сав, эзэмшил газарт нэвтрэн орох, ач холбогдол бүхий баримт, мэдээллийг гаргуулан авах эрхтэй”,28.2-т “Цагдаагийн алба хаагч доор дурдсанаас бусад тохиолдолд бусдын орон байранд оршин суугч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орохыг хориглоно:28.2.1.гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн хүнийг мөрдөн хөөж баривчлах, эсхүл гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа”, 68 дугаар зүйлийн 68.2-т “Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэхдээ холбогдох хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ”, 68.4-т “Цагдаагийн алба хаагч үйл ажиллагаандаа тэмдэглэл, илтгэх хуудас бичих, гар зураг үйлдэх, гэрэл зураг авах, дууны-дүрсний бичлэг хийх болон бусад арга хэрэглэнэ.” гэж тус тус заасан.

Дээрх зохицуулалтуудаас үзэхэд цагдаагийн алба хаагч нь  гэмт хэрэг, зөрчил, тэдгээрийн талаархи гомдол, мэдээллийг шалгахдаа бусдын орон байранд нэвтрэх эрхтэй бөгөөд хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд оршин суугч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж болохоор зохицуулжээ.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн  1-д “Зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл тухайн байгууллагын харьяаллын бус болох нь тогтоогдвол зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан ажлын 3 өдрийн дотор харьяаллын дагуу шилжүүлж, прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлнэ”, 3-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан гомдол, мэдээллийг шилжүүлэхдээ шаардлагатай бол зөрчлийг таслан зогсоох, зөрчлийн ул мөрийг хамгаалах, бэхжүүлэх арга хэмжээ авна” гэж заасныг дурдах нь зүйтэй.

9.Гомдол гаргагч Д.У нь  тухайн зөрчил гарахаас өмнө буюу  2024 оны 01 дүгээр сарын дундуур “Facebook-ийн “Цагааннуур групп” гэсэн нэртэй мессенжер чатад “Гэрт доорх бараанууд худалдаалагдаж байна,........” гэсэн зарыг  ширээн дээрх согтууруулах ундаа болон бусад  бараа бүтээгдэхүүний  зургийн хамт  байрлуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Т.Пын мэдүүлэг, чатад байрлуулсан зарыг бэхжүүлж авсан гэрэл зургаар тогтоогдож байгаагаас гадна гомдол гаргагч Д.У нь  тухайн чатад согтууруулах ундаа худалдах тухай зар тавьсан, мөн  ...... гэсэн утасны дугаар өөрийнх нь болохыг   тус тус  шүүх хуралдааны шатанд хүлээн зөвшөөрсөн болно. 

Уг зарыг  дээрх мессенжер чатад байрлуулсны дараа  буюу 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Д. У нь гэртээ 1 ширхэг вино /Sakura/, 1 ширхэг коньяк /Mariage/-ийг  иргэн Р.Нд худалдаж байх үед нь цагдаагийн алба хаагч нараас тухайн зөрчлийг үйлдэл дээр нь илрүүлсэн болох нь тухайн үед цагдаагийн албан хаагчийн  энгэрийн камераар бичсэн дүрс-дууны бичлэгээр нотлогдож байгаа.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон эдгээр нөхцөл байдлаас үзэхэд иргэн Д.У нь  тусгай  зөвшөөрөлгүй мөртлөө согтууруулах ундаа худалдах  тухай зар тавьсны дараа  гэртээ согтууруулах ундааг худалдан борлуулсан үйлдэл дээр  нь цагдаагийн алба хаагч нараас  уг зөрчлийг илрүүлсэн, өөрөөр хэлбэл  зөрчил үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл бүхий сэжиг байснаар цагдаагийн алба хаагч нараас  түүний орон байранд  нэвтрэн орж, зөрчлийг таслан зогсоох, зөрчлийн ул мөрийг хамгаалах, бэхжүүлэх арга хэмжээг авсан байх тул цагдаагийн алба хаагч нарын үйлдлийг  хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

10.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн  1Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 1-т “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”,  2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, 5-д “Энэ хуулийн тусгай ангид заасан бол энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчилд оногдуулах үндсэн шийтгэл дээр нэмж бусад зөрчилд оногдуулахаар заасан нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээг оногдуулна”, 4.2 дугаар зүйлийн 1 Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана”, 4-д “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно” гэж тус тус заажээ.

11.Дээрх байдлаар гомдол гаргагч Д.У нь тэмдэггүй согтууруулах ундааг худалдсан зөрчил гаргасан нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх  тул түүнд торгох шийтгэл оногдуулж, зөрчилтэй бараа бүтээгдэхүүн болох 1 ширхэг вино /Sakura/, 1 ширхэг коньяк /Mariage/-ийг хураасан нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр  зүйлийн 1,2,5, 4.2 дугаар зүйлийн 1,4, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасантай тус тус нийцсэн байна гэж үзлээ.

12. Гомдол гаргагч Д.У нь  тэмдэггүй согтууруулах ундаа буюу 1 ширхэг вино, 1 ширхэг коньякийг худалдсан  нь тогтоогдсон, үлдсэн 1 ширхэг  виноны хувьд хэсгийн цагдаагаас “Ширээн дээр байсан дарсыг худалдахаар тавьсан тул хураан авсан” гэж мэдүүлсэн боловч тухайн вино нь хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн байрлуулсан ширээн дээр байгаагүй, харин  Д.Уы  байрны үүдний өрөөний хойд талын  өрөөнд байрлах шүүгээнд байсан нь тухайн үед цагдаагийн алба хаагчийн  энгэрийн камераар бичсэн дүрс-дууны бичлэгээр тогтоогдож байх тул уг виног худалдан борлуулсан  гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэдийгээр  уг 1 ширхэг вино нь онцгой албан татварын тэмдэггүй боловч тухайн согтууруулах ундааг  худалдан борлуулаагүй, өөрөөр хэлбэл худалдан борлуулсан зөрчил үйлдээгүй байхад хураан авсан, улмаар 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0043643 дугаартай шийтгэлийн хуудсаар /6 дах заалт/ аймгийн Засаг даргын дэргэдэх  зөвлөлд шилжүүлсэн нь Зөрчлийн тухай 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2,5, 4.2 дугаар зүйлийн 1, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасантай тус тус нийцэхгүй, хууль бус байна гэж үзлээ.

 

13.Иймд гомдол гаргагчийн  татварын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043643 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, уг шийтгэлийн хуудасны 6  дах заалтын В-д “2 ширхэг вино, 1 ширхэг коньякийг аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн” хэсгийн 1 ширхэг виног шилжүүлж шийдвэрлэснийг хүчингүй болгож, гомдлын үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр  зүйлийн 1,2,5, 4.2 дугаар зүйлийн 1,4, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж,Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043643 дугаартай шийтгэлийн хуудасны 6  дах заалтын В-д “2 ширхэг вино, 1 ширхэг коньякийг аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн” хэсгийн 1 ширхэг виног шилжүүлж шийдвэрлэснийг хүчингүй болгож, гомдлын үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

          3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар  зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЕРКЕШ