| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04103/И |
| Дугаар | 182/ШШ2024/03262 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/03262
| 2024 08 02 | 182/ШШ2024/03262 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч байранд байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
*******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* /РД:*******/, ******* овогтой ******* /РД:/ нар нь 2021.10.01-ний өдөр ******* банктай ЗГ2205179682 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. 2022.12.23-ны өдөр ЗГ2205179682-А дугаар гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хугацааг 30 сар болгож, зээлийн хүүг 21 хувь болгон өөрчилсөн.
Зээлдэгч нь ЗГ1705141374, ЗГ1705141374-В тоот зээлийн гэрээнүүдийн хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж төлөхгүй, хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 12 864 652.61 төгрөгийн зээлийн төлбөртэй байна.
*******, ******* нарыг банкнаас байнга идэвхтэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ О тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаягтаа амьдардаггүй, оршин суудаггүй нь 2024.05.13-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 142/ШЗ2024/02932 тоот захирамжаар тодорхойлогдож байгаа тул *******, ******* нарыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний бие оролцож байгаа бөгөөд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* банк ХК болон *******, ******* нарын 2021.10.01-ний өдрийн ЗГ2205179682 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, 2022.12.23-ны өдрийн ЗГ2205179682А дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, хүү тооцооллын хүснэгт, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.13-ны өдрийн 142/ШЗ2024/02932 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* банкны гүйцэтгэх захирлын Эрх олгох тухай тушаал, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн *******, ******* нарыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* банк ХК нь Ч байранд байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч *******, ******* нарын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүрэгт нийт 12 864 652.61 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, тус этгээдийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан дээрх ******* банк ХК болон *******, ******* нарын 2021.10.01-ний өдрийн ЗГ2205179682 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, 2022.12.23-ны өдрийн ЗГ2205179682А дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар *******, ******* нар нь хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3.Зээл авах үедээ ******* банк ХК-тай байгуулсан 2021.10.01-ний өдрийн ЗГ2205179682 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, 2022.12.23-ны өдрийн ЗГ2205179682А дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ баримтад Э.Э нь О тоот хаягт, Д.О нь Х тоот хаягт тус тус оршин суудаггүй болох нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.13-ны өдрийн 142/ШЗ2024/02932 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж баримтаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, *******, ******* нарын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан *******ын ******* /РД:*******/, *******ын ******* /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Д-ын О /РД: /, Э-ын Э /РД: / нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан ******* банк ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч , утас: /-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА