Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/689

 

  

 

 

 

 

      2022          6             30                                        2022/ДШМ/689                                                                              

 

 

Т.Нд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор П.Бямбасүрэн,

            нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбааатар даргалж, хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1022 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч М.Бийн өмгөөлөгч Г.Бат-Отгоны гаргасан давж заалдах гомдлоор Т.Нд холбогдох эрүүгийн 2209000000304 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Т.Н, 1995 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын дипломатч мэргэжилтэй, “Апу Трединг” ХК-нд борлуулалтын аудит ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..............

Шүүгдэгч Т.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 1А байрны гадна согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахдаа үнийн өсгөж зарж байна гэх асуудлаас маргаж улмаар хохирогч Б.Бнүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1 болон 2 дугаар шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зовхи, зүүн далны дотор хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах болон цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөлийг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заажээ. Гэтэл шүүгдэгч Т.Нд холбогдох хэрэгт авагдсан баримтуудаас харахад тус эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд биш хийсэн байна. Хохирогч Б.Бийн: “...тэр хүмүүс өөдөөс утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байсан тэгэхээр нь би утсыг нь цохиод унагаасан чинь нөгөө хүмүүс гарч ирээд намайг цохиж эхэлсэн тэгээд намайг газар унагаагаад зодсон..” /хх 8/, шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Муудалцаж байхад намайг баруун талд байсан бүдүүн том биетэй залуу бууж ирэн хавирч унагаагаад хоёулаа нийлж зодсон бөгөөд эрүүн доороос өшиглөсөн...” гэж мэдүүлжээ. Хэрэгт авагдсан баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлгээс харахад тус эрүүгийн хэрэгт Н.Сугар-Очир нь хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдал байхад Н.Сугар-Очирыг дээрх гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг нарийвчлан тодруулан шалгалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу байна. Иймд шүүгдэгч Т.Нд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Хохирогч М.Бийн өмгөөлөгч Г.Бат-Отгоны давж заалдах гомдолдоо “...Шүүх бүрэлдэхүүн захирамжийн тодорхойлох хэсэгтээ “гэрч Н.Сугар-Очир нь гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдал байхад Н.Сугар- Очирыг дээрх гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг нарийвчлан тодруулж шалгалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу байна гэж” дүгнэсэн. Гэтэл хохирогч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт Н.Сугар-Очир, Т.Н нар хоёулаа зодсон боловч Т.Н нүүрэн тус газарт өшиглөсөн учраас дээрх гэмтэл үүссэн гэж мэдүүлдэг. Мөн Н.Сугар-Очирыг мөрдөн байцаалтын шатанд удаа дараа гэрчээр асуусан байдаг. Шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд Н.Сугар-Очирыг гэрчээр оролцуулж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/1022 тоот захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

          Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажмллагааны явцад авсан хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгүүдээр Нинжбаасангийн шууд санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзсэн учраас хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч шүүхийн шатанд хохирогч намайг хоёр залуу зодсон, хоёулаа дээрээс дэвслэсэн гэж мэдүүлдэг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Билгүүнболдын мэдүүлэг байдаг. “Тэр хоёр залуу буугаад Бийн дээрээс дараад хэвтсэн, дээрээс нь дэвсээд байсан” гэсэн мэдүүлгээр харагддаг. Гэвч шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр олон удаагийн үйлчлэл дээр тухайн гэмтлүүд учиран, учирсан гэмтлүүдийн тодорхой хэсгүүд дээр дангаараа хөнгөн зэрэгт хамаарагдан, зөвхөн далны ар хэсгийн гэмтэл хамаарахгүй гэсэн нөхцөл байдлууд тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан баримтуудаар Нинжбаасангийн үйлдлийн улмаас учирсан гэж үзсэн учраас шүүхэд шилжүүлсэн. Гэвч анхан шатны шүүх болохоор давхар Сугар-Очир гэрчийн үйлдэл байхыг үгүйсгэхгүй гэсэн мөн шаардлагатай ажиллагаа хий гэсэн үүднээс эсэргүүцэл бичигдээгүй. Хамгийн гол нь хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ намайг хоёр хүн зодсон гэснээс болж энэ асуудал яригдсан, хохирогчийн өмгөөлөгч Бат-Отгоны зүгээс шийдэх боломжтой гэсэн гомдол ирүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дан ганцаараа Нинжбаасан бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан нь хангалттай нотлогдон, тогтоогдсон гэж прокурорын зүгээс үзэж шүүхэд шилжүүлсэн. Өмгөөлөгчийн гомдолтой холбогдуулж тайлбар хэлэх боломжгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.Нд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Прокуророос, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахдаа үнийн өсгөж зарж байна гэх асуудлаас маргаж улмаар хохирогч Б.Бнүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1 болон 2 дугаар шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зовхи, зүүн далны дотор хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Т.Ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан, шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1870 дугаартай дүгнэлт /хх 34-35/, гэрч Н.Сугар-Очир болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд хохирогч Б.Бтолгойн тус газар цохиж учруулсан гэмтлийг Н.Сугар-Очир учруулсан байж болох баримт байхгүй тул энэ талаар шалгах шаардлагагүй гэж үзлээ.  

Шаардлагатай гэж үзвэл яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хуралдаанд гэрч, шинжээч нарыг оролцуулах талаар хүсэлт гаргуулан шийдвэрлүүлж, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэж Т.Нд холбогдох хэргийг шийдвэрлэх боломжтой талаар гаргасан хохирогч М.Бийн өмгөөлөгч Г.Бат-Отгоны гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр дугаар сарын 18-ны өдрийн 1022 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Т.Нд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч Т.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ