Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/03005

 

2024 05 30 184/ШШ2024/03005

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 1,143,525 төгрөг
гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манайх
иргэн *******тэй худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулж, захиалгын
дагуу хиам, хиаман бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нийлүүлж байсан. Бараа
бүтээгдэхүүн нийлүүлснээс хойш 14 хоногийн дотор төлбөрийг бэлэн болон бэлэн
бусаар төлөхөөр хэлэлцэн тохирсон. 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдрөөс
2022 оны 12 дугаар сарын 22-ний өдөр хүртэлх хугацаанд 1,502,350 төгрөгийн
худалдан авалт хийж, үүнээс 358,825 төгрөгийг төлсөн бөгөөд 2023 оны 04 дүгээр
сарын 19-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар 1,143,525 төгрөгийн
өрийн үлдэгдэлтэй болно. Худалдан авагч тал *******ээс үлдэгдэл төлбөрийг
төлөх, үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтгаан буюу
тайлбар хэлж үүргийн гүйцэтгэл биелүүлэх хугацааг хойшлуулсаар өдийг хүртэн
тул 1,143,525 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие
“*******” ХХК-н 1,143,525 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч
байна, төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө
үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан
худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 1,143,525 төгрөг гаргуулах
тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлага болох 1,143,525 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа
шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар
хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар
анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2,
75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох
худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 1,143,525 төгрөг гаргуулах
тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 32,000 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын
орлого/-аас 16,000 төгрөг, хариуцагч *******ээс 16,000 төгрөгийг тус тус
гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай. 

ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН