Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/690

 

   

 

 

  

 

    2022            6             30                                         2022/ДШМ/690                                 

 

М.Тт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Эрдэмбаатар,

            нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүжингийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаартай эсэргүүцлээр М.Тт холбогдох эрүүгийн  2102005100072 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Пэлжээ овгийн М.Т, 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт .........................

М.Т нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ева центр ХХК-ийн “Ион” зочид буудлын 201 тоот өрөөнд дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 15.9 грамм өвс буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаадах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: М.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.         

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Пэлжээ овогт М.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, М.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Тт 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, иргэн Х.Тэлмэн, Б.Батнягт, Б.Мөнхбат нартай харилцахыг хориглох нөхцөл, хязгаарлалтыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар М.Тт зорчих эрх хязгаарлах ялыг эдлэх хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцсон уутны хамт 19.6 грамм өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, 23 ширхэг эмийн капсул, эмийн хайрцаг, бохирлогдсон 7 ширхэг хөвөн, 5 ширхэг тариур, мөнгөлөг цаас, шингэн уусмал Натри хлорид, шаазан аяга зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст, эд мөрийн баримт устгасан талаарх баримтыг шүүхэд тэр даруй ирүүлэхийг даалгаж хяналтын прокурорт тус тус даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч тогтоогоогүй, хохирол учраагүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэлдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Төөс 15.9 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцон хураан авсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр уг бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай болох нь тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан. Шүүх шүүгдэгч М.Тт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, хадгалсан гэмт хэргийн шинжийг харгалзан үзэхгүйгээр “шөнийн цагаар, буудлын өрөө ашиглан сонирхлын журмаар мансуурах зорилгоор өвсийг зориудаар биедээ авч явсан” гэх гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлт хийж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцэх бөгөөд ял хөнгөдсөн гэж үзнэ. Дээрх төрлийн гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол, олон нийтийн аюулгүй байдалд хор уршиг учруулдаг хор уршиг, үр дагавартай. Шүүгдэгч М.Т нь хэрэг болох цаг хугацаанд хамт байсан Х.Тэлмэн, Б.Батнягт, Б.Мөнхбат нарт хориглосон сэтгэцэд нөлөөт бодисноос өгч хэрэглүүлсэн, бусдыг уруу татсан хэрэглээндээ татан оруулсан, дахин хэрэглэх зуршлыг бий болгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгчийн уг үйлдэл нь нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, учрах хор уршгийг нэмэгдүүлсэн гэж дүгнэнэ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/631 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч М.Төөс 15.9 грамм цэвэр жинтэй “өвс” хураагдсан. Хэрэг болох цаг хугацаанд Ттэй Тэлмэн, Батнягт, Мөнхбат нар байсан. Тэлмэн, Батнягт, Мөнхбат нарт өөрийн хадгалж байсан сэтгэцэд нөлөөлөх бодисноос Т нь бусдад хэрэглүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон. Тийн үйлдэл хэдийгээр бодит хохирол учраагүй боловч нийгэмд учруулж байгаа хор уршгийг хэмжээ их. Бусдыг уруу татсан, бусдад буруу үлгэр дурайлал үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Ийм учраас шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч М.Т 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ева центр ХХК-ийн “Ион” зочид буудлын 201 тоот өрөөнд дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 15.9 грамм өвс буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаадах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлджээ.

Монгол Улс Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэт нөлөөт бодисын тухай НҮБ-ын 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын 1988 оны конвенцид 2001 онд, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцид 2008 онд тус тус нэгдэн орсон бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр олон улсын өмнө үүрэг хариуцлага хүлээдэг.

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэнцэх үндэсний хөтөлбөр /2017-2021/ батлагдан хэрэгжиж байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Тт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зорчих эрхийг хязгаарлах ял”  шийтгэсэн нь түүний үйлдсэн хэргийн хэр хэмжээ, бусдыг сэтгэцэт нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийн хор уршиг, үйлдсэн хэргийн шинж чанарт тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод үл нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Тт холбогдох эрүүгийн хэргийг дахин  хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч М.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

               3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХӨӨ 

 

    ШҮҮГЧ                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

           

    ШҮҮГЧ                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ