Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1069

 

 

 

 

 

 

 

 

 

“З-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01027 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “З-” ХХК-ийн хариуцагч “Д-” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргийн биелэлтэд 423 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “З-” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтантуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “З-” ХХК нь “Д-” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 108/2019/ДА/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, гэрээний хүрээнд нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн тусгай нөхцөлүүдийг хавсралтаар баталгаажуулж ирсэн. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон мөн өдөр “Д-” ХХК, “З-” ХХК-ийн хооронд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайт 3 хэсэг гудамж 98-4 тоот хаягт байршилтай 183 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлсэн. Худалдан авах гэрээний дагуу хариуцагч “Д-” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд нийт 316 316 000 төгрөгийн үнэ бүхий 168 650 литр дизель түлшийг худалдаж авснаас 34 316 000 төгрөгийг барагдуулж 282 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Төлбөрөө төлөх талаар мэдэгдлээр албан бичгээр шаардахад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болон мөн сарын 15-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөрийг 2 хувааж төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр хийгдээгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2.1-т бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор 100 хувь төлж барагдуулсан байна. 5.2.2-т гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасан. Иймд хариуцагч “Д-” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 282 000 000 төгрөг, алданги 141 000 000 төгрөг нийт 423 000 000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагч “Д-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулагдаж, түлш худалдаж авсанд маргахгүй. Үндсэн төлбөр 282 000 000 төгрөгийг төлнө. Алданги өндөр байгаа тул хасуулна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Д-” ХХК-аас 423 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “З-” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 272 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Д-” ХХК-аас 2 272 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “З-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Манай компани 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Зуун найман ойл” ХХК-тай газрын тосны бүтээгдхүүн зээлээр худалдах, худалдан авах 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 06-ны өдрийг дуустал хугацаанд ннйт 316 316 000 төгрөгийн үнэ бүхий 168 650 литр дизель түлшийг худалдан авснаас 34 316 000 төгрөгийг төлж барагдуулж 282 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Талуудьш хооронд байгуулагдсан гэрээний 5.2.1-д бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн боловч манай компанийн бизнесийн эрсдлээ зөв тооцоолоогүй, туршлагагүй байдал, эдийн засгийн өнөөгийн хүчин зүйлс нөлөөлсний улмаас үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүй. Гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4-т “гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлс, хүнд нөхцөлийн улмаас нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нөгөө тал нь алданги болон үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхгүй” гэж зааж талууд харилцан хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 141 000 000 төгрөгийн алдангийн хэмжээг 10 хувиар багасган 14 100 000 төгрөгийн алдангийг хасч тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “З-” ХХК нь хариуцагч “Д-” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 423 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч худалдаж авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 282 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги хэт өндөр гэж маргажээ.

 

            Талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, 316 316 000 төгрөгийн үнэ бүхий 168 650 литр дизель түлш худалдан авахаар тохирч, үүргийн гүйцэтгэлийг хангахаар Э.Чинзоригийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо Хандгайт 3 дугаар гудамж 98-4 тоот хаягт байршилтай 183 мкв талбайтай хувийн сууц барьцаалсан болох нь хэрэгт авагдсан №108/2019/ДА/01 тоот гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зарлагын падаан, зохигчдын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 14-26 дугаар тал/

 

            Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон 282 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар хариуцагч маргаагүй байна. Талууд төлбөр тооцоог гэрээний 5.2-т заасан байх бөгөөд гэрээний 5.2.1-д “худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор бүрэн буюу 100% төлж барагдуулсан байна.” гэж, мөн 5.2.2-т “худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх алданги төлөхөөр” тус тус заасан байна.

 

            Гэвч хэрэгт талуудын гэрээний төлбөр төлөх хавсралтаар тохиролцсон хуваарь гэх баримт авагдаагүй байна. Энэ нь хариуцагч байгууллагын алданги төлөх хугацааг тоолох үндэслэлгүй болгож байх боловч хариуцагч тал алдангийг төлөхгүй гэж маргаагүй, харин алданги өндөр байна гэх тайлбар гаргасан учраас талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан хэмжээгээр буюу 14 100 000 төгрөгийг алдангиас хасч шийдвэрлэх нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд нийцнэ.

 

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй ба талуудын гаргасан шаардлага татгалзлын хэмжээ, шаардлагын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.

 

            Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 408 900 000 төгрөгийг гаргуулж, 14 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Д-” ХХК-аас гэрээний үүргийн биелэлтэд           282 000 000 төгрөг, алданги 126 900 000 төгрөг, нийт 408 900 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “З-” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр төлбөр гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01027 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д-” ХХК-аас 408 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “З-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “2 272 950” гэснийг “2 202 450” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                       С.ЭНХТӨР