Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/691

 

 

 

 

 

 

      2022          6               30                                       2022/ДШМ/691                                                                             

 

 

 

Э.З, Н.Мнарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Намжил,

            шүүгдэгч, хохирогч Э.Зын өмгөөлөгч Б.Очирваань,

            шүүгдэгч, хохирогч Э.Зөмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,

            нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/293 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Н.М, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.З, Н.Мнарт холбогдох эрүүгийн 2105025541969 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Чимэддорж овгийн Э.З, 1980 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “Рапидмед” ХХК-д нягтлан бодогч ажилтай, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 6, бэр, ач, хүүхдийн хамт ..............,

2. Боржигон овогт Н.М, 1977 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Силвер тайм” ХХК-д операторчин, ам бүл 1, ..................,

Шүүгдэгч Э.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 3 дугаар байрны 45 тоотод хохирогч Н.Мтай урьд гэр бүлийн харилцаатай байсан Бтай маргалдлаа гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж баруун хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, хүзүүн цус хуралт, эрүү, зүүн хацарт зулгаралт, гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо,  3 дугаар байрны 45 тоотод өөрийн салсан эхнэр Н.Бын найз залуу болох Э.Зтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож, улмаар түүний араас хутгыг зэвсэг болгон хэрэглэж нуруу, далны ар хэсэгт 2 удаа хутгалж, хүнд гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Зүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Э.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шүүгдэгч Боржигон овогт Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Чимэддорж овогт Э.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил хорих ял, Шүүгдэгч Э.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Н.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Зт оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.З нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга нэг ширхгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Зцагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тоолж, шүүгдэгч Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч, хохирогч Н.М, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон Б.Соёл-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.М нь 2021 оны 12 дугаар сарын 5-ны орой ажил тараад өөрийн гэртээ, охин М.Мишээлтэйгээ уулзахаар ирэхэд охин нь байсан бөгөөд найзын хамт гараад явсан. Шөнө 23 цагийн үед эхнэр Б нь З гэдэг залуутай согтуу ирж, тэдний хооронд маргаан үүссэн. Бын зохисгүй харьцаа, муухай зан ааш,  үг хэлээр доромжилсон байдлаас болж Н.М, Бын  хооронд маргаан үүссэн. З энэ маргаан дундуур орж ирэн Н.М миний нүүр рүү цохиж мөргөснөөс болж үүдэн шүд хугаран мултран унаж амнаас их хэмжээний цус гарсан. Шүүхийн шийтгэх тогтоол дээр илтэд намайг буруутган, шүүх хуралдааны явцад яриагүй, мөн хавтас хэрэгт байхгүй “...би Зыг олон удаа цохисон...” гэж буруу мэдүүлэг бичсэн байсныг эсэргүүцэж байна. Гэтэл эсрэгээрээ хохирогч Э.З нь миний нүүр хэсэгт 3-4 удаа цохисон гэж өөрөө мэдүүлсэн байдаг. Би урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй, учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан бүхий л хөнгөрүүлэх нөхцөл байхад шүүх бүрэлдэхүүн эдгээрийг анхаарч үзээгүй хэргийг хэт хохирогчийн талыг барин шийдвэрлэсэнд гомдолтой байна. Аливаа хэрэг овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг шиг ямар нэгэн нөхцөл шалтгаантай байдаг. Энэ хэрэг гарах болсон нөхцөл шалтгаанд шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй байна. Н.Мд оногдуулсан ял хариуцлага хүндэдсэн гэж үзэж буй тул давж заалдах гомдол гаргаж байна. Хуулийн дагуу хянаж үзнэ үү. ...” гэв.

            Шүүгдэгч, хохирогч Э.Зын өмгөөлөгч Б.Очирваань тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Зын биед баруун далны нугалмын хажуугийн шугамны цээжин хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндий баруун талд шингэн хуралт буюу амь насанд аюултай, хүнд гэмтэл тогтоогдсон. Уг гэмтлийг зэвсэг хэрэглэн учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгчийн гаргасан гомдолд хэлэхэд шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар Эрүүгийн хуулийн 11.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага дотор шүүхээс оногдуулсан. Шийтгэх тогтоол хууль ёсны гарсан гэж үзэж байна. ...” гэв.

            Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүх хорих ялын доод хэмжээг ял оногдуулсан. Энэ хэрэг ердийн журмаар явсан учраас ял хөнгөрүүлэх байдал нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Мтай урьд гэр бүлийн харилцаатай байсан Бтай маргалдлаа гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж баруун хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, хүзүүн цус хуралт, эрүү, зүүн хацарт зулгаралт, гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн салсан эхнэр Н.Бын найз залуу болох Э.Зтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож, улмаар түүний араас хутгыг зэвсэг болгон хэрэглэж нуруу, далны ар хэсэгт 2 удаа хутгалж, хүнд гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Зын “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б бид хоёр гэрт нь очиход салсан нөхөр М байсан. Гэрт ороод Мтай танилцаад бид хоёр хоорондоо юм ярьсан. Би Мд Бтай хамт амьдрах гэж байгаа талаараа хэлэхэд М миний нүүр хэсэгт цохисон. Би нүүрэндээ цохиулаад шалан дээр доошоо хараад унасан. Тэгтэл М босоод толгой, нуруу руу өшиглөж зодсон. Хэзээ намайг хутгалсныг мэдэхгүй байна. Сүүлд шөнө Гэмтлийн эмнэлэгт яаралтай тусламж авч байгаагаа мэдсэн. Би цус их алдсан байсан. ...” /хх 8-9, 60-62/,

хохирогч Э.З“...2021 оны 12 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед зурагт үзээд хэвтэж байтал хаалга тогшихоор нь онгойлготол Б найз залуу Зын хамт орж ирсэн. Тэр хоёр гаднаас орж ирэхдээ согтуу байсан. Юм ярьж байтал З надад хандан би танай эхнэртэй суух гэж байгаа. бид хоёр хамт амьдрах гэж байгаа юм гэсэн. Үүнийг сонсоод өө за болж дээ та хоёр энэ байранд амьдрахгүй биздээ гэхэд Б гэнэт уурлаад чамаар хамт амьдрахаа заалгахгүй гэж хэлээд ширээн дээр байсан тавагтай хоол авч шидсэн. Тэгэхээр нь би уурлаад Бтай маргалдсан. Гэтэл З Быг өмөөрөөд надтай маргалдахаар нь чамд хамаагүй чи сууж бай гэж хэлээд Бтай дахиад маргалдсан чинь З босож ирээд миний нүүр хэсэгт цохисон. Би Зтай барилцаж заамдалцаж аваад харилцан бие биеэ цохисон. Миний нүүр, нүд, ам хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Ингээд би уурандаа гал тогооны шүүгээн дээр байсан хар өнгийн иштэй жижиг хутгыг аваад эргэтэл З цаашаа хараад зогсож байсан. Ингээд би нуруу хэсэгт нь 2 удаа хутгалсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 68-69/,

гэрч М.М“...2021 оны 12 дугаар сарын 15-ны 22 цагийн үед найз Мөнхгэрэлтэй нарны хороололд найзтайгаа уулзах гээд гарсан. Аав гэрт үлдсэн. Гэрээс гарахад ээжийн уулздаг З гэх залуу ээжийг дуудсан. Би гэрт байхгүй байна гэдгийг нь хэлээд явсан. Мөнхгэрэл бид хоёр найзтайгаа уулзаад 02 цагт ирэхэд ээжтэй уулздаг З гэх залуу аавд хутгалуулсан гэрээр нил цус болсон байсан. ...” /хх 25-26/,

гэрч Н.Бын “...2021 оны 12 дугаар сарын 15-ны орой найз Ичинхорлоотой уулзаад хоолны газар орж юм ярьж суусан. Тэгээд байж байтал 22 цагийн үед уг хоолны газрын цонхыг хүн тогшихоор нь харахад З байсан. З нэлээн согтуу байсан. Би хоол авч өгөөд цай уулгаад 23 цагийн үед гэртээ очиход салсан нөхөр М байсан. З бид хоёр дотогш ороод Мтай хамт юм яриад суусан. З надтай цаашид амьдрах гэж байгаа талаараа Мд хэлэхэд та хоёр энэ байранд амьдрахгүй шүү гэсэн. Тэгэхээр нь би уурлаад Мтай маргалдаж эхэлсэн. Тэр үед З намайг өмөөрөөд Мтай маргалдаад тэр хоёр барилцаж аваад хоорондоо зодолдсон. Тэр хоёр бие биеийнхээ нүүр хэсэгт 3-4 удаа цохиж авсан. Би дундуур нь орж арай гэж салгасан. Тэгтэл М цааш гүйж очоод гал тогооны шургуулгаас хар өнгийн иштэй жижиг хутга аваад Зыг буруу хараад зогсож байхад нь нуруу хэсэгт нь 2 удаа хутгалсан. З дээр яваад очиход нуруунаас нь их цус гарч байсан. ...” /хх 33-35/,

гэрч Г.М“...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Мишээлийн гэрт байж байтал орой 20 цагийн үед М ах гаднаас орж ирсэн. Бид хоёр хичээлээ хийж байгаад 22 цаг өнгөрч байхад найзуудтайгаа уулзахаар гарсан. Ингээд гадуур явж байгаад шөнө 02 цагийн үед гаднаас орж ирэхэд үүдний хэсэгт Б эгч З ахыг түшээд зогсож байсан. М цаана нь зогсож байсан. З ахын цээж, нуруу хэсэг нь цус болсон байсан. М ах гартаа барьсан хутгаа газар хаячихаар нь би очоод хутгыг нь улаан хүрэн өнгийн бээлийгээр жийргэлж аваад үүдний гутлын шүүгээний буланд тавьсан. ...” /хх  47-48/,

шинжээч Г.Ханхүүгийн “...Мы биед учирсан баруун сарвуунд зүсэгдсэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 50-51/,

шүүгдэгч Э.Зяллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 15-ны орой ажил тараад 20 цагийн үед өөрийн хуучин гэрт очиход охин Мишээл найз охинтойгоо хамт байсан. Би дэлгүүр гарч архи аваад ууж байтал гаднаас Б, З хоёр 23 цагийн үед орж ирсэн. Тэр хоёр архи уучихсан нэлээн халамцуу байсан. Ингээд би З гэх залуутай танилцаад юм яриад суусан бөгөөд З надад хандан би Бтай суух гэж байгаа ах дүү нартай нь танилцсан гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би Б, З хоёрт хандан та хоёр тэгвэл энд амьдрахгүй шүү, энэ манай гэр орон гэж хэлсэн. Тэгсэн Б уурлаад чи намайг явуулж яах гэж байгаа юм өөр хүүхэн авч ирж амьдрах гэж байгаа юм уу гээд ширээн дээр байсан эд зүйлс аваад над руу шидсэн. Би уурлаад босоод Быг түлхэх үйлдэл хийхэд З гэх залуу босоод ирэхээр нь чамд хамаагүй гэж хэлээд заамдаад авсан. Тэгсэн З уруул, шүд хэсэгт гараараа 1 удаа цохисон. Би Зыг олон удаа цохисон. Зууралдаад зогсож байтал Б салгахаар нь би гал тогооны өрөөнөөс хар өнгийн иштэй жижиг хутга аваад Зыг цаашаа хараад сууж байхаар нь араас нь очоод нуруу хэсэгт нь 2 удаа хутгалсан. ...”/хх 105-106,113-115, 116-119/,

шүүгдэгч Э.Зын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 15-ны орой Бын гэрт би түүний салсан нөхөр Мтай танилцаад юм ярьж сууж байгаад Бтай хамт амьдрах талаар хэлэхэд М энэ байранд амьдрахгүй шүү гэсэн. Тэгэхэд М, Б хоёр маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би Быг өмөөрөөд Мтай барилцаж авсан. Би нүүр хэсэгт нь 3-4 удаа цохисон. ...”/хх 136-137/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 569 дугаартай “...Э.Зын биед баруун даланд нугалмын хажуугийн шугамын цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн баруун талд шингэн хуралт, сээрний 8-9-р зүүн нугалмын хажуугийн шугамны шарх, дух, хоёр нүдний зовхи, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. ...” /хх 71-73/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 564 дугаартай “...Э.Збиед баруун сарвуунд зүсэгдсэн шарх, баруун хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, хүзүүнд цус хуралт, эрүү, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. ...” /хх 75-76/ гэх дүгнэлтүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-11/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 12-17/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Н.Мыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, Э.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Зүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Э.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар, Э.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

            Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарын хамтран гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан.

Шүүгдэгч Э.Згэмт хэрэг үйлдэж, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан,  хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 3 жил 5 сар болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.     

Иймд шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарын ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Н.М нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 41 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 41 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ        

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ