Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 115/2018/0002/з |
Дугаар | 334 |
Огноо | 2018-09-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 334
Д.Г-ийн нэхэмжлэлтэй,
ДГА-ын ЗД-ын
Тамгын газрын даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “...ДГА-ын ЗД-ын Тамгын газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Д.Г-т “сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ДГА-ын ЗД-ын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хувиар төлүүлэх”
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 115/ШШ2018/0012 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0356 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Чимгээ
Хариуцагч ДГА-ын ЗД-ын Тамгын газрын дарга Б.Ганзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 115/ШШ2018/0012 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь зүйлүүдэд заасныг баримтлан ДГА-ын ЗД-ын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан ДГА-ын ЗД-ын Тамгын газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Д.Г-т “сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ДГА-ын ЗД-ын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хувиар төлүүлэх шаардлага бүхий Д.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0356 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 115/ШШ2018/0012 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагч ДГА-ын ЗД-ын Тамгын газрын дарга Б.Ганзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Д.Г-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0356 дугаартай магадлалыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Д.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/33 дугаар тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад Засгийн газрын 1995 ны 97 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-д зааснаар төрийн захиргааны албан хаагчийн сахилгын зөрчлийг шалган тогтоох ёстой гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй юм.
5. Энэ нь дээрх журамд зааснаар зөрчил гаргасан эсэх нь тодорхой бус, маргаантай тохиолдолд зөрчлийг заавал шалган тогтоох шаардлагатай бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгч зөрчил гаргасан, хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь нэгэнт илэрхий тодорхой буюу баримтаар тогтоогдсон байхад заавал зөрчлийг хянан шалгаж тогтоох шаардлагагүй юм.
6. Шүүхээс Захиргааны Ерөнхий хуульд заасан дагуу сахилгын шийтгэлийг шалган тогтоох ажиллагааг хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, нэхэмжлэгч нь сахилгын зөрчлөөс гадна төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчин ёс зүйн ноцтой зөрчлүүдийг гаргасан талаар шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна. Нэгэнт илэрхий бөгөөд ноцтой ёс зүйн зөрчил, түүнчлэн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон, шүүхээс хэрэгт хангалттай нотлох баримтыг цуглуулан хэргийг хянан шийдвэрлэсэн байхад “нотлох баримт цуглуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
7. “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4.1.4-т хариуцлага хүлээх зарчмын хүрээнд “албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх” гэж заасан ба Д.Г- нь өөрийн хийх ёстой, хийсэн ажлынхаа үр дүн, гүйцэтгэлийг өөрөө бүрэн хариуцах ёстой байхад бусад руу буруугаа чихсэн гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн нь үндэслэлгүй, ёс зүйн зөрчлөө хүлээн зөвшөөрч, шүүхэд болон шүүх хуралдаанд үгүйсгэж маргаагүйг анхаараагүй байна.
8. Нэхэмжлэгч Д.Г-ийн Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасныг зөрчиж, маргаан бүхий акт гаргах талаар нэхэмжлэгчээс тайлбар авч сонсох ажиллагааг явуулаагүй гэх гомдол үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх нотлох баримтыг цуглуулж хэргийн материалд авагдсан сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаарх тэмдэглэл, санал гаргах боломжийг олгосон нь Захиргааны Ерөнхий хуульд нийцсэн талаар 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 115/ШШ2018/0012 дугаар шийдвэрт тодорхой тусгасан, энэ талаар баримт хэрэгт хангалттай авагдсан байгааг анхаараагүй, нөгөө талаар Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллагыг захиргааны байгууллага” гэж тодорхойлсон, мөн захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны Ерөнхий хуульд нийцүүлсэн байхад анхан шатны шүүхийг хууль буруу хэрэглэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбартай холбогдуулж дээрх Засгийн газарт хүргүүлдэг тайланг заасан хугацаанд хүргүүлээгүй нь бусдын үйл ажиллагаанаас шалтгаалсан эсэх, мөн 7 хоног бүр хийх ажлаа төлөвлөж, тайлагнах цаг хугацаа бодитой эсэх, мөн 7 хоног бүр хийх ажлаа төлөвлөж, тайлагнах цаг хугацаа бодитой байдаг эсэх, уг журам бүрэн хэрэгждэг эсэх, мөн үүнийг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй шалтгаан зэргийг тодруулах холбогдох баримтыг цуглуулж дүгнэлт өгч шийдвэрлээгүй гэж давж заалдах шатны 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0356 дугаар магадлалд дурджээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/58 дугаар тушаалаар батлагдсан “Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын үйл ажиллагааны цагалбар төлөвлөгөө боловсруулах, түүний гүйцэтгэлийн үр дүнг сайжруулах, мэдээлэл гаргах журам”-ын 2.1-д заасны дагуу тус “Тамгын газрын албан хаагчид өөрийн ажлын байрны тодорхойлолтын хүрээнд хийж гүйцэтгэх ажлаа 7 хоногийн ажлын өдрүүдээр урьдчилан төлөвлөж харьяа хэлтсийн даргаар батлуулж ажиллахаар”, 2.4-д “...шаардлагатай үйл ажиллагааг урьдчилан төлөвлөнө”, 3.1-д “Аймгийн засаг даргын Тамгын газрын бүх албан хаагчид энэхүү журмын 2 дугаар заалтын дагуу гаргасан цаглабар төлөвлөгөөнийхөө гүйцэтгэлийн мэдээллийг 7 хоног бүрийн баасан гарагийн 17 цагаас өмнө харьяа хэлтсийн даргад гаргаж өгнө”, 4.4-т “Энэхүү мэдээлэл нь аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын хагас бүтэн жилийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэхэд харгалзан үзэх үзүүлэлт болно”, 4.5-д “Энэхүү журмын дагуу үйл ажиллагааныхаа төлөвлөлтийг хийж, мэдээлэл гаргаагүй тухайн албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж тус тус заасан.
10. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын 5.2.2-т “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд суурилсан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангах” ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөхөөр тус тус заасан тул бусад мэргэжилтнүүд энэ журмыг биелүүлдэггүй, тайлан хоцроосон нь бусад хэлтэс, мэргэжилтнүүдээс шалтгаалсан гэдэг тайлбар үндэслэлгүй бөгөөд тухайн нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан болон, журмаар зохицуулсан чиг үүргийн ажлаа хийж чадаагүй нь бусад мэргэжилтэнтэй барьцах, бусад мэргэжилтнийг үндэслэлгүй гүтгэх үндэслэл болохгүй юм. Тухайн нэхэмжлэл гаргасан Д.Г- өөрийн чиг үүргийн ажлаа хэрхэн хийж байсан талаар анхан шатны шүүх хангалттай нотлох баримтыг цуглуулсан бөгөөд бусад албан хаагчийн талаарх нотлох баримт цуглуулах нь энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.
11. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0356 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 115/ШШ2018/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” гэж заасантай нийцээгүй байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
13. Хариуцагч ДГА-ын ЗД-ын Тамгын газрын даргын “Д.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2017 оны 07 сарын 26-ны өдрийн Б/33 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасантай нийцсэн хууль ёсны байна.
14. Дээрх тушаалын үндэслэл болсон зөрчил нэг бүрийг анхан шатны шүүхийн шийдвэрт 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДГА-ын ЗД-ын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн өглөөний “Мэдээллийн цаг” хурлын тэмдэглэл, М.Мөнхбаясгалан, И.Наранцэцэг нарын гаргасан өргөдөл, гомдол, оны эхний хагас жилийн өргөдөл, гомдол, бусад нотлох баримтуудад үндэслэн дэлгэрэнгүй, тодорхой зөв дүгнэснээс үзвэл, Д.Г- нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг буюу Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д ”Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.4-т ”харъяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж тус тус заасныг зөрчсөн нь түүнд энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болжээ.
15. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт зөв дүгнэсэн атлаа хэрэгт авагдсан Д.Г-т цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг үндэслэн “...сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад зөрчлийг давтан гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “ удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зөрчлийг давтан гаргасан гэж үзэх...,” гэж, хуулийг буруу тайлбарлаж, хууль ёсны маргаан бүхий захиргааны актын агуулгыг нь өөрчлөн “... эрх зүйн зөрчилтэй...” гэж дүгнэсэн нь буруу байна.
16. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлэх нь төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлттэй хамааралтайгаар тодорхойлогдож, түүнийг ажлаас халах үр дагаврыг бий болгох, харин энэ хуулийн 26 дугаар зүйл нь төрийн албан хаагч хуулиар заасан нийтлэг үүрэг, ёс зүйн хэм хэмжээ, үүнийг зөрчсөн, биелүүлээгүйгээс түүнд сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой өөр өөр зохицуулалт байгааг анхаараагүй байх боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэлд нөлөөхгүйг тэмдэглэх нь зүйтэй.
17. Нэхэмжлэгч Д.Г-ийн гаргасан зөрчил тогтоогдсон, ДГА-ын ЗД-ын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн хороо ажилладаггүй, нэхэмжлэгчийн гомдлыг Төрийн албаны зөвлөлийн ДГА-ын ЗД-ын Тамгын газрын Төрийн албаны салбар зөвлөл хянасан, Ёс зүйн зөрчлийн талаар дүгнэлт гаргаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
18. Дээрх байдлаар хэрэгт нотлох баримт хангалттай бүрдсэн байхад давж заалдах шатны шүүхээс шаардлагагүй, хэрэгт ач холбогдолгүй нөхцөл байдлыг дурдаж шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэл муутай байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0356 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 115/ШШ2018/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ