Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 462

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийсайхан би 

Иргэн Э.Д*******, М.Г*******, Д.Б*******, Э.А******* нарын нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид  холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Э.Д*******, М.Г*******, Д.Б*******, Э.А******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.М******* нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/91 дүгээр тушаалаар, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон тул бид шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэлийг иргэн Э.Д*******, М.Г*******, Д.Б*******, Э.А******* нар нь гаргасан бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, нэхэмжлэлээсээ татгалзах...”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, 41.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гаргах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

        Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Д*******, М.Г*******, Д.Б*******, Э.А******* нар нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б*******гийн гаргасан 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгож, сахилгын шийтгэлээр суутгасан цалинг буцаан гаргуулах” шаардлага бүхий захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                       Л.ӨЛЗИЙСАЙХАН