Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0549

 

Г.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Г.Билгүүн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Г.Сайнтөр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0494 шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор Г.С-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0494 дүгээр шийдвэрээр: ”Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасныг тус тус баримтлан Г.С-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/276 дугаар тушаалыг хүчингүй болгож, уг тушаалын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох 5.186.454 /таван сая нэг зуун наян зургаан мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгийг Г.Сайнтөрд олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.С-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нь “...Говьсүмбэр аймгийн хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд буцаан томилуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Г.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, Б.Э нар давж заалдах гомдолдоо: “1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны Б/276 дугаар тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4/-т “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлөх” нь Монгол Улсын Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн асуудал юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.8-д “хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын болон гэр бүлийн хөгжлийн асуудал” гэж хуульчилсан болно. Мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг.

Эдгээр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-д зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй. Шүүх хариуцагчийн эрх, хэмжээ, чиг үүргийн талаарх дээрх нөхцөл байдлыг зөв зүйтэй дүгнэсэн боловч, шүүхийн шийдвэр биелүүлэх нэрийдлээр Г.С-ийг ажлаас чөлөөлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд шинээр томилогдсон ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох талаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл хариуцагч хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу өмнө нь уг албан тушаалыг эрхэлж байсан Л.У-г ажилд нь эгүүлэн томилох шаардлагатай болсон тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.

Ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтны эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудал ажил олгогчийн санаачилга, хүсэл зоригоос шалтгаалахгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой ажиллагаа байдаг. Гэтэл шүүх уг асуудалд хамааралгүй хууль буюу Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг баримталж, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болохыг илтгэж байна.

2. Нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хохирол гэж үзэж олгосон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан нь мөн л хууль зүйн үндэслэлгүй болно.

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. Уг албан тушаалд эгүүлэн томилоогүй тохиолдолд нэхэмжлэгчид учирсан хохирол болох 5.186.454 төгрөгийн нөхөн олгох боломжгүй бөгөөд эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх учиргүй. Учир нь Г.С Говьсүмбэр аймгийн Гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулахаас татгалзсан нь уг албан тушаалд өөр хүн томилсноос эхлэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон.

Агуулга талаас нь үзвэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаа нь Уранчимэгийн асуудал тул нэхэмжлэгч Г.С-ийн хөдөлмөр эрхлэлттэй хамааралгүй, Г.С-ийн эрх зөрчигдөөгүй. Бодит байдлаар Г.С-д хохирол учраагүй тул анхан шатны шүүх нотлох баримтыг бодитоор харьцуулан үзэж үнэлээгүй, хууль хэрэглээний явцад бий болсон үйл явдлыг бодитоор дүгнээгүй.

Нэхэмжлэгч Г.С нь Говьсүмбэр аймгийн хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд буцаан томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь түүнд ажлаас чөлөөлсөн шийдвэрийн улмаас хохирол учраагүй болохыг илэрхийлж байна. 

Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох боломжтой байсан тохиолдолд л ажилгүй байсан хугацааны хохирлын асуудлыг авч үзэх боломжтой. Гэтэл нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангахдаа баримталсан хуулийн заалт нь энэ тохиолдолд мөн л хамааралгүй, нарийвчилсан зохицуулалт биш байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байтал хариуцагчид хариу тайлбар гаргах боломжит хугацаа олголгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

    Нэхэмжлэгч Г.С-өөс “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/276 дугаар тушаалыг хүчингүй болгож, хэлтсийн даргын ажилд буцаан томилуулах, хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 /хууль тогтоомжид заасан бол орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагыг Хуралтай зөвшилцөн томилох, чөлөөлөх/, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай /1996 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 2 /Аймаг, нийслэл, Засаг даргын дэргэд хүүхдийн төлөө байгууллага байх бөгөөд түүний даргыг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө/-т заасныг үндэслэн Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/76 дугаар захирамжаар Г.С-ийг Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар томилжээ. 

Засаг даргын тухайн шийдвэртэй холбогдуулж иргэн Л.У-ээс Засаг даргад холбогдуулан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагатай нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0594 дүгээр магадлалаар хангаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. 

Шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлэх, түүнчлэн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Хүүхдийн эрхийг хамгаалах тухай /1996 оны/ хууль хүчингүй болсонд тооцогдож, Хүүхдийн эрхийн тухай хууль дагаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Г.С-ийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан боловч бодит байдалд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, магадлалаар Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоогдсон этгээдийг томилолгүй өөр этгээдийг тухайн албан тушаалд томилсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ нь тухайн албан тушаалтыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 /зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх/-д заасан зарчимд нийцээгүй шийдвэрийг гаргасан гэх үндэслэл болох бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болно. 

Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхийн хүчин төгөлдөр магадлалыг заавал биелүүлэх үүргийн хүрээнд Г.С-ийг ажлаас чөлөөлсөн“ гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. 

Анхан шатны шүүх захиргааны актыг гаргасан буруутай албан тушаалтнаас Захиргааны ерөнхий хуулийн 102 дүгээр зүйлийн 102.1-д заасны дагуу хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0494 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                               Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                               Г.БИЛГҮҮН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Д.БАТБААТАР