Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/00919

 

Т.Сайнсанаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 474 дүгээр шийдвэр,

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 95 дугаар магадлалтай,

Т.Сайнсанаагийн нэхэмжлэлтэй

Орхон аймаг, Баян-Өндөр сум 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ж.Минжид холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Сайнсанаа, хариуцагчийн төлөөлөгч Ж.Минж, хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус цэцэрлэгийн эрхлэгч 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тушаалаар сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэж намайг ажлаас халж, уг тушаалаа мөн сарын 16-ны өдөр надад гардуулж өгсөн. Миний бие уг тушаалыг хууль бус гэж үзэж, урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор гомдол гаргаж байна. Тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Минж 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 47 дугаартай тушаалаар сахилгын арга хэмжээ авахдаа туслах багшаар ажиллаж байсан намайг албан тушаал бууруулж угаагч болгон албан тушаалыг бууруулж Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалингаа туслах багшийн албан тушаалын цалин хөлсөөр тооцуулан гаргуулахаар нэхэмжилж байна. Би 2014 оны ажлаас чөлөө авсан. Дахин 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл чөлөө авахуулсан. 2015 оны 01 дүгээр сард чөлөөгөө аваад шатрын дугуйлан ажиллуулах уу гэсэн. 02 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөө авъя гэж тохирч чөлөө аваад 6 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа орох гэтэл оруулаагүй. Энэ хугацаанд эцэг, эхчүүд зөвшөөрсөн тул шатрын дугуйлан ажиллуулж байтал “боль” гэсэн. Эцэг, эхчүүдээс 25 000 төгрөг авсан. 4 дүгээр сард ажилдаа орох гэтэл оруулаагүй. 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нэг ч өдөр ажиллуулахгүй “угаагчаар 3 сар ажилла” гэсэн аман шийдвэр өгсөн. Би ажилтай л байя гэж бодсон тул зөвшөөрсөн. Тэгээд 12 дугаар сард туслах багшийн ажилдаа орох гэтэл халсан. Одоо туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Сайнсанаа нь тус цэцэрлэгийн 7 дугаар бүлэгт туслах багшаар ажиллах байх хугацаандаа байнгын ажлын доголдол, дутагдал гаргаж “Хүүхдийн цэцэрлэгийн ариун цэврийн дүрэм”-ийн 11.1-7, 9, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.9, 10.5, 10.6, 11.3, 11.4 дэх заалтуудыг зөрчиж боловсролын байгууллагын багш, ажилтны ёс зүйн алдааг удаа дараа гаргаж 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №4 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т заасны дагуу 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн багш ажилчдын хурлын шийдвэрийг үндэслэн сануулах арга хэмжээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 131.4, Боловсролын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/55 тоот тушаал, хөдөлмөрийн дотоод журмын 10.4, 10.6, 10.8-д заасныг үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 47 тоот тушаалаар албан тушаал бууруулан ажиллах арга хэмжээг тус тус шат дараалан авч ажиллаад зөрчил дутагдал арилахгүй улам газар аван, хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөн, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа алдагдаж олон хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа тул 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №73 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал бүрэн үндэслэлтэй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 474 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй тул Т.Сайнсанаагийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ. 

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 95 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 474 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Би Орхон аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орхон аймгийн 4-р цэцэрлэгт туслах багшаар 25 жил ажиллаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр халагдсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Тус цэцэрлэгийн менежер Ж.Минжин нь өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн хөдөлмөрийн дотоод дүрэм зөрчиж чөлөөг хүчээр хэтрүүлж олгосон, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөрчин тушаал гаргасан, хамт олны санал гэх баримтыг хуурамчаар үйлдсэн байдаг. Нотлох баримт гээд байгаа зүйлүүдийн он, сар хугацааг харж нягтлан шалгаж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй үеийн цалинг нөхөн олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр тушаалын үндэслэл болж буй 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн багш ажилчдын хурлаар Т.Сайнсанаад сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Тодруулбал, тухайн үед хурлын тэмдэглэл хөтөлсөн гэх арга зүйч С.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэхдээ “...эмчийн саналаар арга хэмжээ авсан, багш ажилчид саналаа хэлж Т.Сайнсанаад сануулах арга хэмжээ авсан...” гэж хэлдэг ч хурлын тэмдэглэлд энэ тухай огт бичигдээгүй. Дээр нь өөрөө энэ хурлын тэмдэглэл хөтөлсөн гэж гарын үсгээ зурсан атал хурлын тэмдэглэлийг хэн хөтөлсөн тухайд тодруулж асуухад “...мэдэхгүй...” гэж хэлдэг. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд энэ бүхэн тодорхой тусгагдсан. Хэрэв, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харж, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх бол илт эргэлзээтэй, хоорондоо зөрчилтэй нотлох баримтыг үнэн, зөв гэж дүгнэж, 04 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх ямар ч боломжгүй. Эцэг, эхчүүдээс бэлэн мөнгө хураасан зөрчилд нь 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авч, ажлын байрыг нь өөрчилж, угаагчийн үүрэгт ажилд томилохдоо хөдөлмөрийн гэрээ дахин байгуулаагүй. Өмнө нь туслах багшийн ажлын байран дээр 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр. Өөрөөр хэлбэл туслах багшийн ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан хүн ажил олгогчийн өмнө хөдөлмөрийн гэрээгээр тодорхойлсон үүрэг, хариуцлага хүлээхээс өөр ажлын байртай холбоотой асуудлаар үүрэг хүлээгээгүй юм. Гэтэл угаагчийн ажил үүрэгтэй нь холбогдуулж 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 73 тоот тушаалаар Т.Сайнсанааг ажлаас халсан. Хариуцагч дээрх тушаалынхаа баримт, нотолгоо гэж цагаан хэрэглэл угааж, тарааж өгөхгүй байгаа тухай цэцэрлэгийн багш, туслах багш, эмч зэрэг 10 хүний нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт. Өөрөө дээрх хүсэлтийг бүртгэж авсан, шалгасан, анхааруулга, сануулга өгсөн тэмдэглэл зэрэг өөрийн гарын үсэг зурсан баримтууд гарган өгдөг. Багш, ажилчдаас гаргасан санал, гомдлыг Т.Сайнсанаад хэлж, сануулж байсан гэж “Иргэдээс өргөдөл гомдол танилцуулах хуудсан”-д “Биечлэн хэлж сануулав”, “Анхааруулж шаардлага тавив”, “Т.Сайнсанаад танилцуулав” гэх мэтээр өөрөө бичиж, гарын үсгээ зурсан баримтууд гарган өгч байгаа нь Т.Сайнсанаад хэлж сануулж байсны нотолгоо биш. Нотариатчийн тамга тэмдгийн тухайд хэн бичсэнийг л гэрчлэхээс тэр хүний бичсэн зүйл үнэн зөв гэдгийн нотолгоо ч бас биш гэдгийг анхаарч үзнэ үү.

Т.Сайнсанаагийн ажилдаа эгүүлэн орох өргөдлийн дагуу Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 4-р цэцэрлэгт 2015 оны 6 дугаар сарын 23, 24-ний өдөр шалгалт хийн, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн улсын байцаагчийн 14-06-023/117 дугаартай дүгнэлтээр Т.Сайнсанааг туслах багшийн үүрэгт ажилд нь эгүүлэн авч, өргөдөл өгснөөс хойш ажиллаагүй хугацааны цалинг нөхөж олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь ажилтан өөрөө олон сар дамнуулж чөлөө авч явж байсандаа бус харин цэцэрлэгийн эрхлэгч өөрөө ажилтнаа ажилд нь авахгүй байх сонирхолтой байсан гэж харагдана. Хэрэгт авагдаагүй ч цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаар тушаалаар “Б.Оюунбилэг, Ө.Алимаа, Х.Оюунбат, Х.Бүжин нарыг албан тушаалаас чөлөөлж томилох тухай” тушаал байдаг нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогддог. Хариуцагч өөрөө ч энэ тушаалын талаар үгүйсгэж, маргадаггүйг хурлын тэмдэглэлээс харж болно. Тухайн үед эрхлэгч Ж.Минж туслах багш Т.Сайнсанаад 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл чөлөө олгосон атлаа 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр огноолж дээрх 50 дугаартай тушаалыг үйлдэж туслах багш Т.Сайнсанааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд тус цэцэрлэгийн угаагч Х.Оюунбатыг туслах багшаар томилсон. Энэ тушаалаа Т.Сайнсанаад хэлж, мэдэгдээгүй. Нэгэнт, өөрийнх нь оронд өөр хүн авчихсан учраас түүнийг аль болох ажилд нь авахгүйн тулд Т.Сайнсанааг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажилдаа очиход нь 12 сард болох цодгор хүү тэмцээндээ ороод нэг мөр ажилдаа ор гэж улмаар 2014 оны 11 дүгээр сарын 26-наас 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл дахин чөлөө авахуулсан. 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өдрийн 50 дугаар тушаалаар “Б.Оюунбилэг, Ө.Алимаа, Х.Оюунбат, Х.Бүжин нарыг албан тушаалаас чөлөөлж томилох тухай” тушаал, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 26, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 20, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл чөлөө хүссэн өргөдөл, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт зэрэг үйл баримтуудын учир шалтгаан, хоорондын хамаарал зэргийг бодитоор үнэлэх бол огт өөр дүр зураг харагдана. Улсын байцаагчийн дүгнэлтийг хэргийг хянаж, шийдвэрлэсэн шүүхүүд хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, энэ тухайд огт дурдаагүйг анхаарахыг хүсэж байна. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр тушаалаар Т.Сайнсанаад сануулах сахилгын арга хэмжээ ногдуулсан үндэслэл тогтоогдоогүй, эцэг, эхчүүдээс бэлэн мөнгө хураасан зөрчилд нь 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 47 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авч, угаагчийн үүрэгт ажилд томилсон бол 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаартай тушаалаар угаагчийн ажлын байранд хийж гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэхгүй. Иймд шийдвэр, магадлалыг өөрчилж, 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн Т.Сайнсанааг туслах багшийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг тогтоолд тусгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх ба хөдөлмөрийн эрх зүйн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар дүгнэлт өгөх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Сайнсанаа нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж тус цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Ажил олгогчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тушаалаар угаагч Т.Сайнсанааг эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй болсон, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Уг тушаалаар Т.Сайнсанааг угаагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байх тул өөр албан тушаал буюу туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасныг хангах хуулийн үндэслэлгүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл өмнө нь Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар тушаалаар Т.Сайнсанааг туслах багшийн ажлаас 3 сарын хугацаатай чөлөөлж, угаагчийн үүрэгт ажилд томилон  хуулиар тогтоогоогүй сахилгын шийтгэл ногдуулсан байх ба энэ шийдвэрт ажилтан гомдол гаргаснаар Орхон аймгийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 14-06-023/117 дугаар дүгнэлтээр Т.Сайнсанааг туслах багшийн ажилд эгүүлэн авахыг ажил олгогчид үүрэг болгосон байна.

Ажил олгогч энэ шаардлагыг биелүүлээгүй, Т.Сайнсанааг туслах багшийн ажилд томилоогүй, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд Т.Сайнсанаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу шүүхэд гомдол гаргаагүй нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болжээ.

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах талаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан бөгөөд энэ хугацаанд гомдлоо гаргаагүй нь хуулиар тусгайлан тогтоосон шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ.

Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих уг хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйгээс гадна ажилтны гаргасан гэх зөрчлийг дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131  дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийг анхаараагүй нь буруу байна. Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаалд заасан ажилтны гаргасан гэх зөрчлүүд тогтоогдсон эсэх талаар дүгнэх шаардлагагүй гэж үзэв. 

Иймд нэхэмжлэгч Т.Сайнсанаа, түүний өмгөөлөгч Д.Тогтохбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:           

1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 474 дүгээр шийдвэр, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 95 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Сайнсанаа, түүний өмгөөлөгч Д.Тогтохбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч Т.Сайнсанаа, түүний өмгөөлөгч Д.Тогтохбаяр нар хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                              П.ЗОЛЗАЯА