Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/03270

 

 

 

 

 

 

 

 

2024 08 02

182/ШШ2024/03270

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /РД:АД77012916/-ын нэхэмжлэлтэй,

А.Тилекийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах төвд А.Тилекэд холбогдуулан 46 444 000 төгрөг гаргуулах тухай өргөдөл гаргасан. Гэтэл уригдагч тал болох А.Тилекийн өргөдөлд дурдсан Ч тоот хаяг руу мэдэгдэх хуудас хүргүүлэхэд А.Тилек нь уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд А.Тилекийн оршин суух хаягийг тодруулж эрэн сурвалжлах ажиллагааг хуулийн дагуу явуулж өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Б.*******ын нэхэмжлэлтэй, А.Тилекийг эрэн сурвалжлуулах тухай шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэх хүсэлтийг гаргаж байна. Шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа болно. гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын Б.*******ын хаягийн тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2023.07.18-ны өдрийн 00175 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай баримт, нэхэмжлэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн А.Тилекийг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* нь Ч тоот хаягт оршин суудаг болох нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч А.Тилекийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас нийт гэрээний үүрэгт 46 444 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан дээрх Б.*******ын ХААН банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар А.Тилек нь хүсэлт гаргагч Б.*******ын нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

3. А.Тилек нь Ч тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2023.07.18-ны өдрийн 00175 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай баримт-аар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, А.Тилекийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4.Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан *******ы Тилек /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар А.Тилекийг эрэн сурвалжлах, түүний байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан Б.******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас:/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА