| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03650/И |
| Дугаар | 182/ШШ2024/03306 |
| Огноо | 2024-08-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/03306
| 2024 08 05 | 182/ШШ2024/03306 |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,
Ажилласан жил тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.*******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 онд ерөнхий боловсролын 17 дугаар сургуульд 8 дугаар анги төгсөж, Тээврийн техник мэргэжлийн дунд сургуулийн автын цахилгаанчны ангид элсэн орж, 1988 онд төгссөн юм. Ингээд 1988.12.10-ны өдрөөс эхлэн Октябрийн районы Ахуй үйлчилгээний комбинатын харьяа Үсчний 32 дугаар салбарт хувцас өлгөгчөөр ороод үйлчлэгчээр ажиллаад 1989.01.01-нээс үсчингээр ажилласан. Ажиллах хугацаандаа сургалтад сууж дагалдаад үсчний 2 дугаар зэрэг авч тухайн байгууллагадаа эмэгтэй үсчингээр 1991.06.18-ны өдөр ажилласан юм. Миний хөдөлмөрийн дэвтэрт 1989 оноос 1991.06.18-ныг хүртэл ажиллаж байсан тушаал бичигдсэн боловч Үндэсний төв архив болон Нийслэлийн архивын газраас баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болоход миний ажилласан жил хүрэхгүй болж, 1989.01.01-нээс 1991.06.18-ныг хүртэл хугацаанд үсчингээр ажилласан хугацаа маань тодорхойгүй болоод байгаа юм. Энэ хугацаанд намайг үсчингээр ажилласан гэдгийг миний хөдөлмөрийн дэвтэр, намайг анх ажилд томилж байсан тушаал зэрэг баримт нотолж байгаа. Надад өөр хувийн баримтууд олдохгүй, хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдээлэл надад олдохгүй байна. Иймд намайг 1989.01.01-ний өдрөөс 1991.06.18-ны өдрийг хүртэл хугацаанд Октябрийн районы Ахуй үйлчилгээний комбинатын харьяа Үсчний 32 дугаар салбарт үсчин, үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн архивын газрын 2024.03.15-ны өдрийн 262 тоот тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.03.13-ны өдрийн 472 тоот тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 965 тоот тодорхойлолт, Д.*******ийн 273539 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1990 онд хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зургууд зэргийг гаргасан.
3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.07.17-ны өдрийн 12536 дугаар захирамжийн дагуу Үндэсний төв архивын 2024.07.22-ны өдрийн 02/715 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.07.23-ны өдрийн 4/9465 тоот албан бичгээр ирүүлсэн Д.*******ийн 174 дугаартай БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1А, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР 21А, 7 тоот хаягийн хуудас, 2138 тоот төрөгсдийг бүртгэх анкет, Д.*******ийн садан төрлийн лавлагаатай холбоотой баримтууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024.07.30-ны өдрийн 03/1607 тоот албан бичиг, Улаанбаатар хотын Ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Үсчин, гэрэл зургийн захиргааны даргын 1988.12.31-ний өдрийн 230 дугаартай Ажлаас чөлөөлж өөр газар шилжүүлэх тухай тушаал, 1988.12.10-ны өдрийн 207 дугаартай Ажилд томилох тухай тушаал зэрэг баримтууд хэрэгт авагдсан.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд ...үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.******* нь өөрийн улсад ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй нь тогтоогдож байх тул шүүхийн журмаар буюу хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч *******ийн ******* нь 1989.01.01-нээс 1991.06.18-ныг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Октябрийн районы Ахуй үйлчилгээний комбинатын харьяа Үсчний 32 дугаар салбарт үсчин, үйлчлэгчээр тасралтгүй ажилласан байна.
3.Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан Д.*******т 1985.09.01-нд нээж олгосон хөдөлмөрийн дэвтэрт ... 1988.12.10. Үсчний 32-р салбарт хувцас өлгөгчөөр түр ажиллуулав. ҮГЗЗахиргааны даргын 1988.12.10-ны өдрийн 207 тоот тушаалаар...1988.12.31. Ахуй үйлчилгээний удирдах газрын 184 тоот тушаалыг үндэслэн зохион байгуулалтын өөрчлөлтөөр хувцас өлгөгчийн ажлаас чөлөөлж, Октябрийн районы Ахуй үйлчилгээний комбинатын мэдэлд шилжүүлэв. ҮГЗЗ даргын 1988.12.31-ний өдрийн 230 тоот тушаалаар...1989.01.01. Зохион байгуулалтаар шилжиж ирсэн тул үйлчлэгчээр ажиллуулав. Октябрийн районы Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1989.01.01-ний өдрийн 04 тоот тушаал...1991.06.18. Өөр байгууллагад шилжих болсон учир үсчний ажлаас чөлөөлөв... гэж тус тус бүртгэсэн, Улаанбаатар хотын Ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Үсчин, гэрэл зургийн захиргааны даргын 1988.12.31-ний өдрийн 230 дугаартай Ажлаас чөлөөлж өөр газар шилжүүлэх тухай тушаал, 1988.12.10-ны өдрийн 207 дугаартай Ажилд томилох тухай тушаал, хавсралтад Д.*******ийн нэр бичигдсэн байдал болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
4.Иймд Д.*******ийг дээрх хугацаанд тасралтгүй улсад ажилласныг тогтоож нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Октябрийн районы Ахуй үйлчилгээний комбинатын харьяа Үсчний 32 дугаар салбарт үсчин, үйлчлэгчээр тасралтгүй ажиллаж байсныг буюу улсад 02 жил 05 сар 09 хоног ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА