Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 174

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

          Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

          Иргэдийн төлөөлөгч Д.Батчимэг,

          Улсын яллагч Т.Отгонтөгс /томилолтоор/,

          Хохирогч Ч.Туяа,

          Шүүгдэгч С.Баярцогт, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:0-938/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Сүнгэрэвцоодолын Баярцогт-д холбогдох эрүүгийн 201726010083 дугаартай, 188/2017/0223/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Биеийн байцаалт :   

          Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 14 дүгээр гудамжны 38 тоотод оршин суух хаягтай боловч тухайн хаягт оршин суудаггүй, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

         

          1. 1989 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Октябрийн районы ардын шүүхийн 151 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

 

          2. 1990 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Октябрийн районы ардын шүүхийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил 4 сар 11 хоног хорих ял,

 

          3. 1994 оны 03 сарын 04-ний өдрийн Сонгинохайрхан-Жаргалант дүүргийн шүүхийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар 17 хоног хорих ялаар,

 

          4. 1997 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 343 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5 жил 6 сар хорих ялаар,

          5. 2001 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 418 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 131 дүгээр зүйлийн 2 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар,

 

          6. 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, мөн тогтоолоор онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон Боржигон овогт Сүнгэрэвцоодолын Баярцогт /РД:УУ67040831/

 

          Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Онц аюултай гэмт хэрэгтэнд тооцогдсон яллагдагч С.Баярцогт нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бага нарангийн 45-5-5 тоотод иргэн Ч.Туяагийн  амьдардаг байрны үүдний амбаар луу нэвтэрч гагнуурын аппарат, дрилл, зүсэгч зэргийг хулгайлсны улмаас бусдад нийт 545,500 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

            Нэг : Яллах талын нотлох баримтууд

             Шүүгдэгч С.Баярцогтын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Батбаярыг надад өгөх ёстой цалингаа өгөөгүй учраас л тэдний үүднийх нь амбаарын цонхоор орж гагнуурын аппарат, зүсэгч, дрилл зэрэг эд зүйлсийг нь аваад зарчихсан. 2016 оны 08 сараас 12 сар хүртэл Батбаяртай хамт тээвэрт яваад ойролцоогоор 14-15 орчим удаа рейс хийсэн. Батбаяр надад 300,000 төгрөг өгсөн, анх надад нэг рейсэд 100,000 төгрөг өгнө гэж хэлж байсан. Би тэдний амбаараас авсан дрилл, /өрөм/-ийг нь замдаа таарсан танихгүй жолоочид 5000 төгрөгөөр, зүсэгч /таслагч/-ийг Баянхошуунд авто засварын газартай зүс таних залууд 5000 төгрөгөөр, гагнуурын аппаратыг 100-н айлд байдаг засварын газартай зүс таних залууд 80,000 төгрөгөөр зарсан. Батбаяр надад тээвэрт явсны 1,000,000 төгрөгийг өгөх ёстой, бид хоёр мөнгө төгрөгийн авлага өглөгтэй. Хоорондоо өс хонзон болон бусад хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Би Батбаярын үүдний амбаараас нь гагнуурын аппарат, дрилл, зүсэгч зэргийг нь аваад амбаарт нь байсан шар шуудайнд хийгээд авч явсан, тэгээд замын дэлгүүрийн камерт бичигдсэн юм шиг байна. Надад ямар ч эд хөрөнгө байхгүй, гар утас ч байхгүй хүн. Би 1967 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. 1968 онд Улаанбаатар хотод шилжиж ирээд би Баянхошууны 9 дүгээр сургуульд 4 дүгээр анги хүртлээ суралцаж байгаад гарсан. Аав маань намайг бага байхад өнгөрсөн, ээж маань 1985 онд нас барсан. Би 1985 онд Ховд аймгийн 123 дугаар ангид цэргийн алба хаасан бөгөөд 1987 онд халагдсанаасаа хойш эрхэлсэн тодорхой ажилгүй байж байгаад хулгайн хэрэгт холбогдож 2 жил хорих ялаар шийтгүүлсэн. Түүнээс хойш нийт 6 удаагийн хулгайн хэргээр нийт 20 орчим жил шоронд ял эдэлсэн. 2011 онд Авдрантын хорих ангиас суллагдаад Дорнод аймагт очиж хөдөө айлд туслах малчнаар ажилладаг байсан юм. Би эхнэр хүүхэдгүй, урьд хүнтэй гэр бүл болж байгаагүй.

          Би сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдох хугацаа дууссан гэж бодож байна. Хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хулгайн хэрэг хийсэндээ харамсаж гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэж хүсэж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Ч.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд манай хашааны жижиг хаалга онгорхой байдалтай, манай нохой гудамжиндаа гүйж байсан, дотогш ороод харахад түлээний амбаарын хаалга онгорхой, манай гэрийн үүдний хаалганы хажууд байх вакум цонх онгорхой байсан. Би хаалгаа онгойлгоод гэртээ ороход үүдний өрөөний эд зүйлс газар унасан эмх замбараагүй байдалтай байхаар нь амбаарынхаа хөшгийг татаад хартал манай нөхрийн гагнуурын аппарат, дрилл, тасдагч алга болчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрт амьдардаг байсан Баярцогтыг сэжиглэж байна. Манай нохой Баярцогт руу дайрахгүй, хаана юу байгааг сайн мэддэг хүн. Баярцогт манай нөхрийн ажилд тусалдаг байсан. Би гомдолтой байна, алдагдсан эд зүйлсээ нэхэмжилж байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23/

         

          Гэрч Д.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлаар Сүхбаатар, Дорнод, Матад гэх газруудаар хувиараа тээвэрт явж байхад хотоос эхнэр Туяа гэрт хулгай ороод гагнуурын аппарат, дрилл, зүсэгч зэрэг эд зүйлс аваад явсан байна гэж хэлсэн. Гагнуурын аппаратаа 415,000 төгрөгөөр, дрилл 75,000 төгрөг, зүсэгчийг 70,000 төгрөгөөр авсан. Худалдаж авсан үнээр нь үнэлнэ. Надтай хамт тээвэрт явдаг байсан Цогоо гэх залууг сэжиглэж байна. Манай гэрт юу байдаг талаар мэднэ, дэлгүүрийн камерын бичлэг харахад манай гэрээс алдагдсан эд зүйлийг аваад явж байгаа дүрс байсан. Өмсөж явсан хувцас болон явдлаар нь танисан. Манай нохой танихгүй хүн оруулахгүй сул тавьчихсан байсан. Баярцогт зан байдлын хувьд худлаа ярьдаг, онгироо, аливаа юманд эв дүй муутай, ажилд тааруухан хүн байгаа юм. Тийм болохоор би түүнтэй үргэлжлүүлж ажиллахаа больсон бөгөөд түүнээс болж Баярцогт манай гэрээс хулгай хийсэн гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25, 28 х/,

 

          Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10 х/

          Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 12 х/

          Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 х/

          Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 53-54 х/

          Ял өөрчилж сонсгох тухай тогтоол /хх-ийн 120 х/

         

          Хоёр : Шүүгдэгч С.Баярцогтын хувийн байдлын талаарх нотлох баримтууд

 

          Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт ¹384

          1.С.Баярцогт нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

          2.С.Баярцогт нь өөрийн үйлдсэн хэргийн учир холбогдлыг ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

          3.С.Баярцогт нь хэрэг хариуцах чадвартай байна.

          4.С.Баярцогтод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Тэргүүлэх зэрэгтэй эмч Д.Дэжидмаа, Г.Нарантуяа, Я.Ганхүү /хх-ийн 126-127 х/

          Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 х/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 х/

          1990 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Октябрийн районы ардын шүүхийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 95-96 х/

          1994 оны 03 сарын 04-ний өдрийн Сонгинохайрхан-Жаргалант дүүргийн шүүхийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 97-98 х/

          1997 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 343 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-100 х/

          2001 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 418 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 104-105 х/

          2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 106-109 х/

          Хорих ангиас суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 110 х/

          1989 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Октябрийн районы ардын шүүхийн 151 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 113-114 х/

          Эдлэх ялд өөрчлөлт оруулж, дэглэм бууруулах тухай шүүгчийн захирамж  /хх-ийн 115 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

          Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас С.Баярцогтыг “онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд бусдын эд хөрөнгө хулгайлах” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

          С.Баярцогт 2007 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгээр 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон.

 

          Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 335 дугаар захирамжаар 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгийг 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж ял эдлэх дэглэмийг жирийн болгож шийдвэрлэхдээ С.Баярцогтыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон асуудлыг хөндөөгүй.

 

          С.Баярцогт уг ялаа биеэр эдлээд 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хорих ангиас суллагдсан. Түүний дээрх хэргийн ялтай байдал 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар уг өршөөлийн хуульд хамрагдаагүй.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.5. “Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон шүүхийн шийдвэр нь уг этгээд сүүлчийн гэмт хэрэгтээ ялгүй болсон, ялгүйд тооцогдсон үед хүчингүй болно.” гэж зааснаас үзэхэд С.Баярцогтын сүүлчийн гэмт хэрэг нь 2008 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр зүйлчлэл нь хөнгөрч өөрчлөгдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байгаа.

 

          Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.3 дахь хэсгүүдэд зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар “... үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно.” гэж заасан.

 

          С.Баярцогт 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан болох нь хавтаст хэргийн 110 дугаар хуудсанд авагдсан хорих ангиас суллагсан хүмүүст олгодог тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул түүний ялтай байдал дээрх суллагдсан хугацаанаас эхлээд тоологдсон бөгөөд 2016 оны 04 сарын 05-ны өдөр уг хэргийн ялтай байдал арилсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

          Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон шүүхийн шийдвэр хэзээ хүчингүй болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.5-д нарийвчлан зохицуулснаас үзэхэд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөр С.Баярцогт-г онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон шүүхийн шийдвэр хүчингүй болж, хууль зүйн үр дагавар нь арилсан.

 

          Иймд С.Баярцогт-д холбогдох хэргийг “бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасантай  нийцэхгүй байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн.

 

          С.Баярцогт нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бага нарангийн 45-5-5 тоотод иргэн Ч.Туяагийн  амьдардаг байрны үүдний амбаар луу нэвтэрч гагнуурын аппарат, дрилл, зүсэгч зэргийг хулгайлсны улмаас бусдад нийт 545,500 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн болох нь :

 

            Шүүгдэгч С.Баярцогтын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би тэдний амбаараас авсан дрилл, /өрөм/-ийг нь замдаа таарсан танихгүй жолоочид 5000 төгрөгөөр, зүсэгч /таслагч/-ийг Баянхошуунд авто засварын газартай зүс таних залууд 5000 төгрөгөөр, гагнуурын аппаратыг 100-н айлд байдаг засварын газартай зүс таних залууд 80,000 төгрөгөөр зарсан. ... Би Батбаярын үүдний амбаараас нь гагнуурын аппарат, дрилл, зүсэгч зэргийг нь аваад амбаарт нь байсан шар шуудайнд хийгээд авч явсан, тэгээд замын дэлгүүрийн камерт бичигдсэн юм шиг байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Ч.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд манай хашааны жижиг хаалга онгорхой байдалтай, манай нохой гудамжиндаа гүйж байсан, дотогш ороод харахад түлээний амбаарын хаалга онгорхой, манай гэрийн үүдний хаалганы хажууд байх вакум цонх онгорхой байсан. Би хаалгаа онгойлгоод гэртээ ороход үүдний өрөөний эд зүйлс газар унасан эмх замбараагүй байдалтай байхаар нь амбаарынхаа хөшгийг татаад хартал манай нөхрийн гагнуурын аппарат, дрилл, тасдагч алга болчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрт амьдардаг байсан Баярцогтыг сэжиглэж байна. Манай нохой Баярцогт руу дайрахгүй, хаана юу байгааг сайн мэддэг хүн. Баярцогт манай нөхрийн ажилд тусалдаг байсан. Би гомдолтой байна, алдагдсан эд зүйлсээ нэхэмжилж байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23/

         

          Гэрч Д.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… хувиараа тээвэрт явж байхад хотоос эхнэр Туяа гэрт хулгай ороод гагнуурын аппарат, дрилл, зүсэгч зэрэг эд зүйлс аваад явсан байна гэж хэлсэн. ... Надтай хамт тээвэрт явдаг байсан Цогоо гэх залууг сэжиглэж байна. Манай гэрт юу байдаг талаар мэднэ, дэлгүүрийн камерын бичлэг харахад манай гэрээс алдагдсан эд зүйлийг аваад явж байгаа дүрс байсан. Өмсөж явсан хувцас болон явдлаар нь танисан. Манай нохой танихгүй хүн оруулахгүй сул тавьчихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25, 28 х/,

          Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 12 х/

          Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 х/

          Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 53-54 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүгдэгч С.Баярцогтын үйлдэлд ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна.

 

          С.Баярцогт урьд нь 6 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд 1989 онд бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж, ялтай байдал арилаагүй байхад 1990 онд дахин хулгайн гэмт үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн учраас 1991 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн в-д зааснаар өршөөлд хамрагдаагүй,

 

          1994 онд өмнөх хоёр хэргийн ялаа эдэлж байхдаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн тул 1996 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн өршөөлд хамрагдаагүй,

 

          1996 онд ялтайд тооцогдох хугацаандаа дахин хулгай, булаалтын гэмт хэрэг үйлдэж ялгүй болох хугацаа тасарч 1997 онд хорих ялаар шийтгүүлсэн тул 2000 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсгүүдэд зааснаар өршөөлд хамрагдаагүй,

 

          2001 онд өмнөх хэргүүдийн ялтай байдал арилаагүй байхад дахин хулгай, ашиглалын хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн тул 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.1.4 дэх хэсгүүдэд зааснаар өршөөлд хамрагдаагүй,

 

          2006 онд мөн өмнөх хэргүүдийн ялтай байдал арилаагүй байхад дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэнээр ялгүй болох хугацаа тасарч 2007 онд шүүхээс хорих ял шийтгүүлсэн, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.1.4 дэх хэсгүүдэд зааснаар өршөөлд хамрагдаагүй, 2015 оны өршөөлийн хуулинд хамрагдаагүй үндэслэлийг дээр дурьдсан болно.

         

          С.Баярцогтын дээрх хувийн байдалтай холбоотой шийтгэх тогтоолуудаас дүгнэлт хийхэд 1997, 2001 онуудад шийтгүүлсэн 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь мөн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн в-д зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, 2002 оны эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлснээс хойш 8 жилийн дотор шинээр гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно гэж заасан, 1986 оны Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ж-д зааснаар үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа 6 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэдэг үндэслэлээр 1986 оны Эрүүгийн хуулиар ялтайд тооцох хугацааг 6 жилээр бодоход 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дээрх хэргүүдийн ялтай байдал арилахаар байгаа тул түүний ял эдлэх дэглэмийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

          2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь заалт нь онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон шүүхийн шийдвэрийг аль гэмт хэргийн ялтай байдлаас тооцож хүчингүй болгохыг нарийвчлан зохицуулсан учраас түүний 2002 оны Эрүүгийн хуулиас өмнөх хэргүүдийн ялтай байдал нь  хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, харин ял эдлэх дэглэмийг чангаруулж оногдуулах хуульд заасан үндэслэл болж байгаа.

 

          Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 53-54 х/-р С.Баярцогт нь бусдын эд хөрөнгийг хулгайлж 545,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул уг хохирлын мөнгийг түүнээс гаргуулж хохирогч Ч.Туяад олгох, С.Баярцогтын цагдан хоригдсон 70 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, 0иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас С.Баярцогт-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн 145 дугаар зүлйийн 145.2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

          2.Боржигон овогт Сүнгэрэвцоодолын Баярцогтыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар С.Баярцогтыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар С.Баярцогтод оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.С.Баярцогтод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Баярцогтоос 545,500 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 45-5-5 тоотод оршин суух Боржигон овогт Чойжилжавын Туяа /РД:ХБ65072102/-д олгосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар С.Баярцогтын урьдчилан цагдан хоригдсон 70 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн камерийн бичлэг нэг ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан С.Баярцогтод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ

 

 

                                          ШҮҮГЧИД                           Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                                       Б.БАТАА