Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/713

 

 

 

 

 

      2022           7             6                                         2022/ДШМ/713                                  

 

Э.П, Э.З, Ж.Тнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Бүжинлхам,

            яллагдагч  Э.Пүрэвжав, түүний өмгөөлөгч Н.Ариунболд,

            яллагдагч Э.Згийн өмгөөлөгч Т.Баясгалан,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/1124  дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бүжинлхамын 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 55 дугаартай эсэргүүцлээр Э.П, Э.З, Ж.Тнарт холбогдох эрүүгийн 1702001350086 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Подгор овгийн Э.П, 1980 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Увс аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ус хангамжийн инженер мэргэжилтэй, Оршил ХХК-д инженер ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт .....................

            2. Подгор овгийн Э.З, 1973 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Увс аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хүүхдийн хамт .................

            3. Хөхий хошууны анчин овгийн Ж.Т, 1980 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Увс аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт .................

Яллагдагч Э.Пнь Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 51 дүгээр захирамжаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байхдаа Э.З, Ж.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн албан тушаалын эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ж.Тын нэр дээр 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулсан, өөрийн төрсөн эгч Э.Згийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн “ЭмонХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1 жилийн хугацаатай сарын 4.000.000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан /гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Түрээслэгч нь өөрийн түрээслэсэн талбайг гуравдагч этгээдэд дамжуулан худалдан болон түрээслүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж/ Сүхбаатар дүүрэгт байрлах “Union building” обьектод оффисын 300 м.кв талбайг сарын 7.500.000 төгрөгөөр түрээслэх давхар гэрээг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд байгуулж, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн төлбөрийг бүрэн шилжүүлж, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын зөвлөл төрийн өмчит үйлдвэрийн газарт 94.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн,

яллагдагч Э.З нь Ж.Т болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 51 дүгээр захирамжаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байсан Э.Пнартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн,

Э.Палбан тушаалын эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ж.Тын нэр дээр 2016 оны 5 дугаар 20-ны өдөр үүсгэн байгуулсан, төрсөн эгч Э.Згийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн “Эмон ХХК-иас 2016 оны 6 дугаар 13-ны өдрөөс 1 жилийн хугацаатай сарын 4.000.000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан /гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т ‘Түрээслэгч нь өөрийн түрээслэсэн талбайг гуравдагч этгээдэд дамжуулан худалдан болон түрээслүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Union building” обьектод оффисын 300 м.кв талбайг сарын 7.500.000 төгрөгөөр түрээслэх давхар гэрээг 2016 оны 6 дугаар сары 13-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд байгуулж, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн төлбөрийг бүрэн шилжүүлж, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын зөвлөл төрийи өмчит үйлдвэрийн газарт 94.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, Ж.Тын нэр дээр 2016 оны 5 дугаар 20-ны өдөр “Түмэн наяд хайрхан” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилуулж, түрээсийн гэрээг давхар байгуулан, гарын үсэг зурж, мөнгийг шилжүүлэн авч хамтран оролцсон,

яллагдагч Ж.Т нь Э.З болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 51 дүгээр захирамжаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байсан Э.Пнартай урьдчилан үсгэн тохиролцож бүлэглэн, Э.Палбан тушаалын эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ж.Тын нэр дээр 2016 оны 5 дугаар 20-ны өдөр үүсгэн байгуулсан, төрсөн эгч Э.Згийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн “Эмон “ ХХК-аас 2016 оны 6 дугаар 13-ны өдрөөс 1 жилийн хугацаатай сарын 4.000.000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан /гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Түрээслэгч нь өөрийн түрээслэсэн талбайг гуравдагч этгээдэд дамжуулан худалдан болон түрээслүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Union building” обьектод оффисын 300 м.кв талбайг сарын 7.500.000 төгрөгөөр түрээслэх давхар гэрээг 2016 оны 6 дугаар сары 13-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд байгуулж, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн төлбөрийг бүрэн шилжүүлж, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын зөвлөл төрийн өмчит үйлдвэрийн газарт 94.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж өөрийн нэр дээр 2016 оны 5 дугаар 20-ны өдөр “Түмэн наяд хайрхан” ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар Э.Зг томилон, түрээсийн гэрээг давхар байгуулах боломжийг олгон хамтран оролцсон гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.Пүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 36 дугаар зүйлийн  36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Э.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн  36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Ж.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн  36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар  тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Э.П, Э.З, Ж.Тнарт холбогдох хэргийг 2022 оны 8 дугаар сарын 6-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж 1638 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ “Яллах дүгнэлтэд 46.500.000 төгрөгний хохирол учруулсан гэж ялласан нь үндэслэлгүй байна. Хэрвээ өөртөө болон бусдад албан тушаалын байдлаа ашиглан давуу байдал бий болгон өөрийн хамаарал бүхий этгээдтэй түрээсийн гэрээг давхар байгуулсан нь гэмт хэрэг гэж үзэж байгаа бол шилжүүлсэн мөнгө нь учруулсан бодит хохирол бөгөөд төлөх хохирол нь түрээсийн төлбөрөөс үлдэх хохирол гэж үзэх нь хуульд нийцнэ. Иймд шүүгдэгч Э.П, Э.З, Ж.Тнарын гэм буруутай үйлдлийн улмаас хэдэн төгрөгийн хохирол учирсан, одоо хэдэн төгрөгийн хохирол төлөхийг бодитой тогтоож, хэргийг зөв зүйлчлэн ирүүлэх нь зүйтэй байна” гэж дурдсан. Мөн өмгөөлөгч нар нь 3 гэрээний алийг нь үндэслэлтэй гэж үзэх эсэх, хохирлыг хэрхэн тооцох талаар шинжээч томилуулах хүсэлтийг өмнөх шүүх хуралдаан дээр гаргасан. Прокуророос 6 дугаар сарын 1-нд байгуулсан гэрээг үндэслэлтэй гэж үзсэн байна. Гэтэл “Түмэн наяд хайрхан” ХХК “Эмон” ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь 2016 оны 6 сарын 13-ны өдөр байгуулсан байна. Өөрөөр хэлбэл “Түмэн наяд хайрхан ХХК нь өөрөө гэрээ байгуулаагүй байхдаа буюу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр бусадтай гэрээ байгуулсан нь үндэслэлгүй юм.

Гэтэл прокуророос хэрэгт хохиролтой холбоотой ажиллагаа хийгээгүй зөвхөн яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн хийгээгүй гэж үзэж, өмгөөлөгч болон яллагдагч нарын хүсэлтийг үндэслэлтэй гэж үзлээ. Иймд Э.П, Э.З, Ж.Тнарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнээс гадна яллагдагч Э.Пдээд шатны прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах, дээд шатны прокурорт гомдол гаргасан хариу ирээгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн нь эрх зөрчсөн гэх, өмгөөлөгч Т.Баясгалангийн 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг нотлох баримтаас хасуулах хүсэлтүүд үндэслэлгүй тул хүлээн авахаас татгалзав. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.П, Э.З, Ж.Тнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол тус тус хэвээр үргэлжпүүлэхийг дурдаж шийдвэрлэв.

Прокурор Б.Бүжинлхам бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудалд хамаарахгүй, гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг шинжпэн судалж, талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх асуудалд буюу мөрдөн байцаалтын шатанд цугларсан шинжлэн судлагдаагүй нотлох баримт /гаргуулах хохиролтой холбоотой гэрээний хуулбар буюу баримт бичиг, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг/-д, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар урьдчилан дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд хэлэлцэх асуудлын талаарх хуулиар тогтоосон хэмжээ хязгаар”-ыг хэтрүүлсэн.

Шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 1638 дугаартай захирамжид дээр дурдсанчлан “...албан тушаалын байдлаа ашиглаж давуу байдал бий болгон өөрийн хамаарал бүхий этгээдтэй түрээсийн гэрээг давхар байгуулсан нь гэмт хэрэг гэж үзэж байгаа бол шилжүүлсэн мөнгө нь учруулсан бодит хохирол бөгөөд төлөх хохирол нь түрээсийн төлбөрөөс үлдэх хохирол гэж үзэх нь хуульд нийцнэ. Иймд шүүгдэгч Э.П, Э.З, Ж.Тнарын гэм буруутай үйлдлийн улмаас хэдэн төгрөгний хохирол учирсан, одоо хэдэн төгрөгний хохирол бодитой төлөхийг тогтоож, хэргийг зөв зүйлчлэн ирүүлэх нь зүйтэй...” гэсэн агуулгатай зүйлчлэлийн талаар дүгнэлт хийснээс өөр үндэслэл дурдаагүй бөгөөд захирамжийн заалт бүрэн биелэгдсэн гэж үзэж байна.

Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1124 дугаартай шүүгчийн захирамжид өмнөх 1638 захирамжид дурдагдаагүй “...урьдчилсан хэлэлцүүлгээр өмгөөлөгч нар нь 3 гэрээний алийг үндэслэлтэй гэж үзэх эсэх хохирлын талаар шинжээч томилуулах хүсэлтийг өмнөх шүүх хуралдаан дээр гаргасан. Прокуророос 6 дугаар сарын 1-нд байгуулсан гэрээг үндэслэлтэй гэж үзсэн байна.”Түмэн наяд хайрхан” ХХК “Эмон” ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан байна. Өөрөөр хэлбэл “Түмэн наяд хайрхан” ХХК нь өөрөөр гэрээ байгуулаагүй байхдаа 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр бусадтай гэрээ байгуулсан нь үндэслэлгүй юм...“ гэсэн шүүгчийн захирамжийн үндэслэл нь нотлох баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/1113/1124 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Яллагдагч  Э.Птүүний өмгөөлөгч Н.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор гэрчийн мэдүүлэг байгаа гэж хэллээ тийм зүйл байхгүй. Сүүлд орсон нягтлан тухайн үеийн асуудлыг мэдэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд баримт бичгийг хэрхэн хэрэгт хавсаргах талаар зохицуулсан. Гэтэл гомдол мэдээлэл гаргагчийн гаргаж өгсөн канондсон баримтыг үзээд туйлын үнэн зөв баримт гэж үзээд яллаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Эх хувийг нь гаргуулаад тэмдэглэл үйлдээд хэрэгт хавсаргах ёстой. Канондсон баримтаар хүнийг яллаж болохгүй. Гэрээнүүдэд дурдсан үнийн дүн дандаа зөрүүтэй байдаг. Төрийн байгууллагаас Түмэн наяд хайрхан ХХК-нд мөнгө шилжүүлсэн гэх бөгөөд Түмэн наяд хайрхан ХХК-иас Эмон ХХК-нд хэдэн төгрөг шилжүүлсэн болох үнийн дүнг тодорхой тогтоох шаардлагатай. Канондсон цаасаар хүнийг яллахгүй үүнд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгөөрэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч  Э.Птус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг мөн үү, биш үү гэдгийг хамгийн түрүүнд тогтоох ёстой. Би энэ хэргийг эрүүгийн гэмт хэрэг биш гэж үзэж байна. Учир нь, миний хашиж байсан байсан албан тушаалыг Төрийн албаны зөвлөлийн 85 тоот албан бичигт төрийн албан хаагч биш, төрийн албаны аль нэг ангилалд хамаарахгүй гэж тодорхойлсон. Гэтэл прокуророос төрийн албан хаагч гэх субъектэд хамааруулж яллагдагчаар татсан нь үндэслэлгүй юм. Үүнийг анхан шатны шүүх захирамждаа дурдсан байдаг. 3 гэрээ байдаг. Би 6 дугаар сарын 1-ний өдрийн гэрээтэй огт маргаагүй. Уг гэрээнд 94.5 сая төгрөг гэсэн байдаг. 12 сарыг 7 500 000 төгрөгөөр үржүүлэхээр 90 000 000 төгрөг болдог. Гэтэл яагаад 94.5 сая төгрөг болсон юм бэ. 4 500 000 төгрөгийг яагаад илүү тооцоод байна вэ. Гэрээний хоёр тал 5 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ зөв гэрээ, харин 6 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулаагүй гэж мэдүүлсэн байдаг. Прокуророос 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг гэрч нотолдог гэж буруу яриад байна. Тэр мэдүүлэг өгсөн гэрч нь сүүлд орсон нягтлан байдаг. Тухайн үед ажиллаж байсан нягтлангаас нь мэдүүлэг аваагүй. Миний туслахаар ажиллаж байсан Баяраа гэх хүн намайг шалгуулахаар анх Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан байдаг. 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ байгуулагдаагүй. Гэрээнүүдээс шалтгаалаад үнийн дүн олон янз гардаг. Хохирлын хэмжээг үнэн бодитой тогтоох шаардлагатай. Ажлаасаа халагдсан хүний өгсөн гэрээг үндэслэн хохирлыг тооцож гаргаж ирсэн нь буруу. Анхан шатны санхүүгийн баримтуудыг хэрэгт хавсаргасан байдаг. Тэр баримтуудад үндэслэж хохирлыг тооцох байтал хуурамч гэрээг үндэслэж намайг ялласан. Хөндлөнгийн шинжээч томилж өгнө үү гэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч прокурор хүлээж аваагүй. ...” гэв.

            Яллагдагч Э.Згийн өмгөөлөгч Т.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Учир нь, бид шинжээч томилж өгнө үү гэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хангаагүй. 94 500 000 төгрөг шилжүүлсэн баримт байдаг. Гол нь буцааж төлөх хохирол нь хэд вэ гэхээр прокурор 46 500 000 төгрөг гэдэг. Үүнд бид маргадаг. Зүйлчлэлд нөлөөлөх учраас хохирол, хор уршгийн хэмжээг зөв тогтоож өгнө үү гэх асуудлыг тавьсан. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзээд ач холбогдол өгөхгүй байна. Үүнийг заавал дүгнэж байж гэм бурууг тогтоох ёстой. Хууль хэрэглээний асуудлыг ярихад эрт байна. Төлбөл зохих төлбөрийн хэмжээг тодорхой тогтоогоогүй байж анхан шатны шүүх үндэслэлгүй захирамж гаргаж хэргийг буцаасан гэж ярьж болохгүй. Шүүгчийн захирамжид заагдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Ажлаа хийчихээд хүнийг яллах нь зүйтэй гэж прокурорт хэлмээр байна. Анхан шатны шүүхийн шүүгчид “Пүрэвжавт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг сэргээсэн нь эрх зүйн хувьд зөв үү, буруу юу гэдэг дээр дүгнэлт өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Би хэнд итгэж гомдол гаргах юм бэ. Прокурорын шатанд гомдол гаргахаар шүүхэд хэргийг шилжүүлсэн гээд хариу өгдөггүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.П, Э.З, Ж.Тнарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт буй баримтыг судлахад, Э.П, Э.З, Ж.Тнарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Нийслэлийн прокурорын газраас Э.Пүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 36 дугаар зүйлийн  36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Э.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн  36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Ж.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн  36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэжээ.

Хэрэгт буй баримтаас үзэхэд, уг хэрэгт эдийн засгийн шинжээчийг томилж, гэмт үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг илүү тодорхой болгосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх агуулгаар бичсэн прокурор Б.Бүжинлхамын 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 55 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/1124 дугаартай захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/1124 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Бүжинлхамын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 55 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ