Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 198

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Т.Отгонтөгс /томилолтоор/

хохирогч Ц.Дэлхийцэцэг,

гэрч Б.Мөнхсолонго,

шүүгдэгч Д.Бямбацогт, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар /ҮД:0-009/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваадоржийн Бямбацогт-д холбогдох 201726010379 дугаартай, 188/2016/0228/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хими биологийн багш мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам зүтгүүрийн депод зэхэгч, ачигч ажилтай, ам бүл 2, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 81-01 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Даваадоржийн Бямбацогт /РД:ЧЙ62010579/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

Д.Бямбацогт нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 81-01 тоотод оршин суух өөрийн гэр лүү нь иргэн Ц.Дэлхийцэцэг орох гэж хаалганаас татахаар нь гэртээ оруулахгүй гэж зүүн гарын хуруу луу нь түлхүүртэй гараар цохин, хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар. Үүнд:

 

- Шүүгдэгч Д.Бямбацогтын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өглөөний 10 цаг болж байхад манай хаалгыг хүн ирж 30-40 минут орчим нүдэж цохиход нь би тайлаагүй. Гэтэл манай гадна пускаталыг буулгаж унтраасан. Гэрэл унтарснаас хойш би нэг цаг орчим гэрээсээ гаралгүй хаалга цохисон хүмүүс явахыг хүлээгээд  чимээгүй болохоор нь гарч гэрлээ асаах гээд хаалгаа нээхэд миний хадам дүү Дэлхийцэцэг, миний төрсөн охин Мөнхсолонго нар зогсож байсан. Би гэрлээ асаагаад Мөнхсолонго, Дэлхийцэцэг хоёртой хэрэлдсэн. Тэр хоёр цагдаа дуудна гэхээр нь би тэг тэг гэж хэлээд гэрлүүгээ ороод хаалгаа түгжсэн. Цагдаа нар ирээд хаалгаа нээ гэхэд нь би нээгээгүй цонхон дээр ирээд дахиад хаалгаа нээ гэхэд нь би бас л нээгээгүй цонхоор Дэлхийцэцэгийг гэртээ оруулахгүй гэдгээ хэлсэн. ... би гар луу нь цохиж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оноож өгнө үү ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            Хохирогч Ц.Дэлхийцэцэгийн мөрдөн байцаалтын шатан өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн зээ дүү Б.Мөнхсолонгийг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 81 дүгээр байрны 1 тоотод гэрт нь оруулах гэж хаалгыг нь 30 гаруй минут тогшсон боловч хүн гарч ирээгүй. ...Гэр дотроо байгаа гэдгийг нь мэдээд гадна пускаталыг нь буулгаад 30-40 минут орчим чимээгүй хүлээхэд Бямбацогт хаалгаа нээгээд гараад ирсэн. Энэ үед охин нь гүйж очоод хаалгаа нээх гээд татахад тэрээр охиноо түлхэж хаалгаа угз татсан. Би энэ үед баруун гараараа хаалганы бариулаас нь барьж татахад тэрээр бас угз татахаар нь би хоёр гараараа татая гэж бодоод зүүн гараа явуулж хаалганы ирмэг дээрээс бариад татахад тэрээр миний гар луу түлхүүр атгасан байсан гараараа цохиж тавиулсан. Би тэнд зогсож байгаад цагдаад гэртээ хүүхдээ оруулахгүй байна гэж дуудлага өгөхөд 15 орчим минутын дараа цагдаа нар ирэхэд тэрээр гэртээ ороод хаалгаа түгжээд таг болчихсон. Цагдаа нар ирээд нүдсэн боловч тайлаагүй. Бямбацогт миний гар луу цохиход өвдөөд хавдсан, тэгэхээр нь гар тулгасан юм байна гэж ойлгоод цагдаа дээр ирж тайлбар өгөөд шүүх эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн гарын чигчий хуруу хугарсан байна гэж хэлсэн. Бямбацогт бид хоёр урьд нь маргаантай хэрүүлтэй байдаг. ...Одоо гар ерөнхийдөө бороолох талдаа орчихсон эмчилгээ хийлгэж байгаа. Хуруу хугарсанаас болж эмчилгээ хийлгэсэн 50,000 төгрөг баримттайгаа байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 х/,

 

            Хохирогч Ц.Дэлхийцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч Бямбацогт нь миний төрсөн эгчтэй хамтран амьдрагч байсан. Эгч маань нас барснаас хойш шүүгдэгч Бямбацогт нь үр хүүхдүүдтэйгээ харилцаагаа муутгаж, догшин ширүүн харьцаж эхэлсэн. 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр охин Мөнхсолонготой маргалдан түлхүүр шидэн хөнгөн зэргийн гэмтэл учруулж байсан. Охин Мөнхсолонго нь эцэгтээ гомдож гэрээсээ түр явсан байхад гэрийнхээ цоожийг сольж охиноо гэртээ оруулахаа больсон. 2016 оны 12 дугаар сард охинд нь “шинэ он гарч байна, эцэгтэйгээ эвтэй амьдрах хэрэгтэй” гэж хэлсэн. Охин удаа дараа эцэгтэйгээ холбоо барих гэхэд шүүгдэгч Бямбацогт нь гар утсаа авахгүй, гар утасныхаа дугаарыг сольсон байсан. Шүүгдэгч Бямбацогтын охиныг гэртээ 1 жилийн турш хооллож, хувцаслаж, сургалтын төлбөрийг нь төлж байсан. Охин гэртээ харих гэхээр эцэг нь гэртээ оруулахгүй, энэ миний байр, миний өмч чамайг шүүхээр шийдвэрлүүлж байж гэртээ оруулна гээд оруулдаггүй байсан. 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр шүүгдэгчийн хоёр охин Мөнх-Уянга, Мөнхсолонго нар нь орой гэртээ ирээд хаалга тогшсон хаалгаа тайлж өгөөгүй. Маргааш өглөө нь би шүүгдэгчийн охин Мөнхсолонготой хамт гэрт нь очоод хаалгыг нь тогшиход хаалгаа онгойлгож өгөхгүй болохоор нь тогыг нь салгаад ойролцоогоор 30 минут хүлээж байхад дотроос нь түлхүүрээр онгойлгоход нь гаднаас нь хаалгыг нь татахад охиноо түлхээд, миний гар руу зангидсан гартаа түлхүүрээ атгаастай цохисон. Хүүхдээ гэртээ оруулахгүй шүүхээр шийдвэрлэж оруулна гэж хэрүүл хийж байгаад гэртээ орчихоор нь цагдаа дуудсан. 2 цагдаа ирээд хаалгыг нь тогшиж байгаад та “гомдлоо Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтэст гаргаарай гээд” явсан. Цагдаа дээр очоод гомдлоо гаргаад шүүх эмнэлэгт үзүүлэх албан бичиг авч шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шүүгдэгчийн зан байдлын хувьд өөрөөсөө чадал дорой хүмүүст хүч чадлаа гаргадаг, дээрэнгүй зантай үйлдэл нь анхны үйлдэл биш, 2005 онд том хүргэнээ цохиж гэмтээж байсан ч бид уучилж байсан. Хэрэг гарснаас хойш надаас уучлалт гуйж байгаагүй. Хавтаст хэргийн хүрээнд гаргасан баримтын хүрээнд хохирлоо авсан. Би охиныг нь хооллож, хувцаслаж, сургалтын төлбөрийг нь төлж байхад намайг хэл амаар доромжилдог байсан. Энэ гэмт хэргийн улмаас Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд мэдрэлийн саажилттай гэсэн оношоор эмчлүүлж байгаа. Сэтгэл санаагаар их хохирч сэтгэл заслын болон эмийн эмчилгээ хийлгэж байгаа. Гар гэмтсэнээс болж гэрийн ажил хийж чадахааргүй болж гэрийн үйлчлэгч авч ойр зуурын ажилд туслуулж байгаа. Ажилгүй гэртээ 3 байсны хөдөлмөрийн хөлс нийт 2.165.000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            Гэрч Б.Мөнхсолонго-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө би өөрийн нагац эгч Ц.Дэлхийцэцэгийн хамт өөрийн төрсөн гэртээ очсон. ...Миний ээж 2015 онд бурхан болсон, тэр үеэс аавын зан ааш эвдэрч, миний ээжийн дүү нартай маргаж, сүүлдээ намайг гэртээ оруулахгүй байдал гаргаж 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэрт байж байхдаа над руу машины түлхүүр шидэж хөнгөн гэмтэл учруулаад шүүхээр орж торгох ялаар шийтгүүлсэн. Энэ үед миний нагац эгч намайг өрөвдөж гэртээ нэг жил шахам байлгасан. Тухайн өдөр гэртээ орох санаатай гэрийн хаалгаа 30 минут орчим цохиод тайлахгүй болохоор нь Дэлхийцэцэг эгч гадна пускателийг нь буулгаад үзье гээд тогийг нь салгаж явсан мэтээр амьсгаагаа түгжиж хэсэг чимээгүй зогсоход гэрийн хаалга онгойж аав гараад ирсэн. Би гэрлүүгээ орох гээд хаалганы бариулаас татаад автал аав хаалгаа өөр лүүгээ нэг татаад намайг түлхээд хаалганаас холдуулсан. Дэлхийцэцэг эгч хаалганы ирмэг дээрээс хоёр гараараа бариад авахад аав гарыг нь тавиулах гэж Дэлхийцэцэг эгчийн гар луу түлхүүртэй гараараа 2-3 цохиж тавиулсан. Дэлхийцэцэг хаалганы ирмэгээс гараа тавиулаад хойшоо холдоход аав маань хаалга хаагаад түгжээд өөрөө гараад ирсэн. Тэгээд эгчтэй хэрэлдэж байгаад гэрлүүгээ буцаад орчихсон. Цагдаа нар ирээд хаалгыг нь нээх гээд цагдаа байна гэж хэлсэн боловч аав хаалгаа нээгээгүй. Тэр өдрөө эгч маань шүүх эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн гарны чигчий хуруу нь хугарсан байсан түүнийгээ гипсдүүлсэн. Манай аав архи уудаггүй, зан аашны хувьд зожиг ганцаардмал муухай ааштай хүн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 х/,

 

Гэрч Б.Мөнхсолонго-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “...Хэрэг гардаг өдөр нагац эгч Дэлхийцэцэгтэй хамт ирсэн. Хаалга тогшоод онгойлгохгүй болохоор нь тогыг нь унтраасан. ...Тухайн өдөр аав Дэлхийцэцэг эгчийг зангидсан гараараа цохисон. Би энэ оны 4 дүгээр сараас эхлэн эцэгтэйгээ амьдарч байгаа. Миний сургалтын төлбөрийг төрсөн эгч маань зээл авч төлсөн. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            Гэрч О.Батнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 10 цагийн үед санаж байна төрсөн охиноо гэрт нь оруулахгүй байна гэх дуудлагыг Сэлбэ-10-аас хүлээн аваад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 81 дүгээр байрны 01 тоотын гадаа очиход дуудлага өгөгч Дэлхийцэцэг гэх эмэгтэй хажуудаа нэг охинтой зогсож байсан. Бямбацогт гэгч хүн энэ гэрт амьдардаг өөрийн төрсөн охин Мөнхсолонго-г гэрт нь оруулахгүй удаа дараа ийм явдал гаргаж байна. Дөнгөж сая хаалгаа нээгээд миний хурууг гэмтээчихлээ гэж хэлсэн. Жолооч бид хоёр Бямбацогтоос учир байдлыг тодруулах зорилгоор хаалгыг тогшиход хаалгаа тайлж өгөөгүй, мөн тэрээр цонхоороо толгойгоо цухуйлгаад би гэртээ хууль бус үйлдэл хийгээгүй та нарт хаалгаа тайлж өгөхгүй, наад хүмүүсийг чинь гэртээ оруулахгүй гэсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 х/,

 

Шинжээчийн №2065 тоот дүгнэлт    

            1.Дэлхийцэцэг-н биед зүүн 5-р хурууны 3-р шивнүүрийн дээд булууны хөндлөн далд хугарал, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Шинжээч эмч Г.Ханхүү /хх-ийн 28 х/,

 

            Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Үзлэгээр Дэлхийцэцэгийн биед 5-р хурууны 3-р шивнүүрийн дээд булууны хөндлөн далд хугарал, зүүн сарвууны цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарна. Тухайн үед үзлэгээр зүүн гарын сарвуу 5-р хуруу, 3-р үений түвшинд хөхөлбөр цус хуралттай, орчны эд хавдартай, тэмтрэлтээр өвчин эмзэглэлтэй, хөдөлгөөн хязгаарлагдсан шинэ гэмтэлтэй байхаар нь би рентген зураг авхуулахад 5-р хурууны 3-р шивнүүрийн дээд булуунд хөндлөн бага зэргийн зөрүү бүхий хөндлөн далд хугаралттай байсан. Уг хугарал нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байсан. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Д.Бямбацогтын хувийн байдлын талаарх нотлох баримтууд :

 

            - Гэрч Э.Оргилбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Д.Бямбацогт миний нагац ах, Төмөр замын Вагон депод зэхэгч гэх ажил хийдэг. Ах маань зан байдлын хувьд төлөв томоотой, архи дарс болон хорт муу зуршил байхгүй, эхнэр 2 хүүхэдтэй байсан бөгөөд том охин Б.Уянга нь тусдаа гараад 2 жил гаруй болж байна, бага охин Б.Мөнхсолонго одоо их сургуулийн оюутан. Эхнэр Туяа нь 2016 оны өвчны улмаас нас барсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 х/

 

            - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 х/

            - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 406 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-51 х/

            - Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 334 дугаартай магадлалын хуулбар /хх-ийн 116-120 х/

            - Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 112-115 х/ зэргээс дүгнэлт хийхэд Д.Бямбацогт эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шатанд хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байх тул түүнийг урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг  үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

            Хохирлын талаарх нотлох баримтууд :

  • Хохирлын тооцоо /хх-ийн 86 х/

            -    Хохирлын баримтууд  /хх-ийн 121-132 х/-аар хохирогч Ц.Дэлхийцэцэг нь нийт 2,618,500 төгрөгийн шууд болон шууд бус хохирол нэхэмжилсэн. Үүнээс Д.Бямбацогтын гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан шууд хохирол болох эм тарианы үнэ 52,000 төгрөгийг төлсөн, харин хохирогч гэрийн үйлчлэгч авч ажиллуулсны 400,000 төгрөг, эмчийн заавар зөвлөгөөгүйгээр өөрийн сайн дураар шинжилгээ хийлгэсний төлбөр 215,000 төгрөг /хариу нь хэвийн гарсан гэх/, эмчийн заавар, шийдвэргүйгээр авч хэрэглэсэн гэх эмийн үнэ 39,000 төгрөг, иргэн Ш.Булганмаан оёдлын цехэд ажиллах байсан боловч ажиллаж чадаагүй хугацааны ажлын хөлс 1,912,500 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч хохирогчийн гаргаж өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, ажлын хөлс, хийх байсан ажлын талаарх хүмүүсийн бичсэн тодорхойлолтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, оёдлын цехэд гэхэд 2017 оны 01 сарын 17-оос ажиллахаар гэрээ байгуулсан байх боловч авч байсан цалин хөлсний баримт, олсон орлогоос хувь хүний орлогын албан татвар төлсөн эсэх зэрэг нь тодорхойгүй тул шаардлагатай нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Д.Бямбацогт-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Д.Бямбацогт нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос нотлох баримтын шаардлага хангасан хохирол болох 52,000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргахыг тус тус тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Даваадоржийн Бямбацогт-г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Д.Бямбацогт-г 270 /хоёр зуун далан/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг ялтан Д.Бямбацогт-д мэдэгдсүгэй.

 

4.Д.Бямбацогт-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, 52,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч Ц.Дэлхийцэцэг бусад хохирлын талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бямбацогт-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ