Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/714

 

   

 

 

 

 

     2022           7              6                                        2022/ДШМ/714                                   

 

А.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Хурц,

            хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл, Э.Нарангарав,

            шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, Г.Нарантуяа,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-УУл дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЗ/905 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл, прокурор Б.Хурцын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 26 дугаартай эсэргүүцлээр А.Ад холбогдох эрүүгийн 2010022590508 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Хойд овгийн А.А, 1968 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Увс аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, азийн урлаг галларейд захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ......................

1984 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169в-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1985 оны 10 дугаар сарын 8-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Шүүгдэгч А.А нь Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн Дарь эх бурхан мөн гэж иргэн Г.Нийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан орчин цагт дуурайлган хийсэн Дарь эх гэх бурхныг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 500.000 ам доллароор худалдсан буюу дуураймал эд зүйлийг бодит байдлыг нуух замаар жинхэнэ гэж итгүүлэн хуурч иргэн Г.Нийг залилж, түүнд 1.330.930.326 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно гэж, 2 дахь хэсэгт шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ гэж, 3 дахь хэсэгт шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллагын болон шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, хугацаа, шинжээчийн мэдэлд шилжүүлэн өгсөн эд мөрийн баримтын талаарх мэдээллийг тусгана гэж тус тус заажээ. /1хх 41/-д шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /1хх 42-43/-д шинжээч нарт эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа гэх баримтууд авагдсан бөгөөд мөрдөгчийн тогтоолоор Соёлын яамны дэргэдэх Соёлын өвийн зэрэглэл, үнэлгээ тогтоох Мэргэжлийн зөвлөлийг шинжээчээр томилсон, мэргэжлийн зөвлөлийн 17 гишүүнээс Г.Пүрэвбат, Д.Сүхбаатар, Б.Баатархүү, Ч.Нацагням, Х.Цогтбаатар, Б.Гүнчинсүрэн, Г.Энхбат, Г.Мэнд-Ооёо, Б.Ичинхорлоо, Р.Отгонбаатар, Т.Сайнжаргал нарын 11 гишүүн шинжээчээр томилогдсон, улмаар эдгээр 11 шинжээч нарт шинжилгээ хийлгэх тогтоолыг танилцуулж, хуульд заасан шинжээчийн эрх, үүргийг тайлбарлаж, худал дүгнэлт гаргавал хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сануулж, гарын үсэг зуруулсан байна.

Мөрдөгчийн тогтоолоор томилогдсон 11 гишүүний бүрэлдэхүүнтэй Соёлын яамны дэргэдэх Соёлын өвийн зэрэглэл, үнэлгээ тогтоох Мэргэжлийн зөвлөл маргааны зүйл болох шүүгдэгч А.Аийн хохирогч Г.Нт худалдсан Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн Дарь эх бурхныг XVI-XVII дугаар зууны үед бүтээсэн Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн Дарь эх бурхан мөн эсэхийг тогтоохоор 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж 2 дугаартай дүгнэлтийг гаргажээ /1хх 44-46/. Уг дүгнэлтийг шинжээч Б.Даваацэрэн, Г.Пүрэвбат, Д.Сүхбаатар, Б.Баатархүү, Ч.Нацагням, Х.Цогтбаатар, Б.Гүнчинсүрэн, Г.Энхбат, Г.Мэнд-Ооёо, Р.Отгонбаатар, Т.Сайнжаргал нарын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй гаргасан бөгөөд шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолоор томилогдоогүй шинжээч Б.Даваацэрэн дүгнэлт гаргахад оролцсон, мөрдөгчийн тогтоолоор томилогдсон шинжээч Б.Ичинхорлоо дүгнэлт гаргахад оролцоогүй, нэр бүхий хоёр шинжээч солигдсон талаарх баримт авагдаагүй, шинжээч Б.Ичинхорлоо хуульд заасны дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзсан, эсхүл бусад байдлаар оролцох боломжгүй болсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шинжээч нар солигдсон бол мөрдөгчийн тогтоолоор шинжээч Б.Даваацэрэнг томилоогүй, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан шинжээчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаагүй, улмаар шинжээч худал дүгнэлт гаргавал хуульд заасан хариуцлага хэлээлгэх талаар сануулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.

Шинжээч томилж, дүгнэлт гаргах үйл явц мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрчигдсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинжээч томилж, дүгнэлт гаргуулаагүй нь шүүгдэгч А.Ад холбогдох хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байна. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоол, прокурорын шийдвэрээр шинжээч томилж, шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой.

Шүүгдэгч А.Ад холбогдох 4 хавтаст хэргээс нэр бүхий 11 шинжээч нарын гаргасан дүгнэлтийг авч үзвэл Соёлын яамны дэргэдэх Соёлын өвийн зэрэглэл, үнэлгээ тогтоох Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг Соёлын яамны сайдын 2020 оны А/52 дугаар тушаалаар баталсан, уг зөвлөл “Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам’’-аар ажиллахаар зохицуулагдсан байна /2хх 177/. Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 3 дугаарт “Зөвлөлийн хэлэлцэх асуудлын хүрээ”-г зохицуулсан ба зөвлөл нь өмчийн бусад хэлбэрээр хадгалагдаж байгаа өмчлөлийн маргаангүй, гарал үүсэл тодорхой, “Улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлсэн түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тогтоохоор зөвлөлийн дарга тухайн ажлыг зохион байгуулж, зөвлөлийн үйл ажиллагаа нийт гишүүдийн 10 буюу түүнээс дээр гишүүд хуралд идэвх, санаачилгатай биечлэн оролцож, оролцсон гишүүд саналын эрхтэй оролцон, санал гаргаж, гаргасан саналын олонхоор шийдвэр гаргаж, тухайн шийдвэр нь тэмдэглэлээр гарч, тэмдэглэлд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж, тэмдэг дарагдсанаар баталгаажуулахаар журамлагджээ /Уг журмын 3.1, 3.3, 5.2.1, 6.1, 9.2, 9.3, 9.5, 9.7/.

Дүгнэлт гаргасан нөхцөл байдал, Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам, шүүх хуралдаанд оролцсон шинжээч нарын мэдүүлэг, тайлбар, бусад баримтаас дүгнэхэд дүгнэлт гаргахаар томилогдсон, оролцсон шинжээч Б.Даваацэрэн, Г.Пүрэвбат, Д.Сүхбаатар, Б.Баатархүү, Ч.Нацагням, Х.Цогтбаатар, Б.Гүнчинсүрэн, Г.Энхбат, Г.Мэнд-Ооёо, Р.Отгонбаатар, Т.Сайнжаргал нар нь журамд заасны дагуу зөвлөлийн хуралд бүгд биечлэн оролцоогүй, хэзээ хуралдсан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл шинжээч Г.Пүрэвбат 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өөрийн санал, дүгнэлтээ гаргасан /1хх 49-66/ байхад, шинжээч нарын 2 дугаартай дүгнэлт 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гарсан /1хх 44-46/ бөгөөд шүүх хуралдаанд оролцсон шинжээч Г.Пүрэвбат: “...2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр би хөдөө гэртээ байсан, хуралдаанд биечлэн оролцоогүй, мөн онлайнаар оролцоогүй, хөдөө сүлжээ байхгүй учир онлайнаар оролцох боломжгүй, миний саналыг заавал авах ёстой гэж дуулдсан, тийм учир бурхныг Г.Наар гэртээ авчруулаад үзэж байгаад санал, дүгнэлтээ гаргасан, миний гаргасан санал, дүгнэлт, бурхны зургийг гар утсаар авсан, тэр бүгд компьютер дээр байгаа, шаардлагатай гэвэл та нар авч үзэж болно...” гэсэн, Б.Даваацэрэн “...Зөвлөлийн гишүүдэд бурхан биечилж үзүүлэх гэж авчруулсан, бүх гишүүд үзсэн, Г.Наас гишүүд асуулт асуусан, асуулт хариулт авах явцад Г.Пүрэвбатад асуудлыг танилцуулаад Г.Пүрэвбатын хэлсэн зүйлийг гишүүдэд танилцуулсан. Бурхныг үзээд Г.Пүрэвбат ийм саналтай байна гэж хэлсэн, шийдвэр гаргахад Г.Пүрэвбатын оролцоо зайлшгүй шаардлагатай, хурлыг зохион байгуулахад онлайнаар оролцуулах талаар Г.Пүрэвбаттай ярилцсан, тухайн үед болох байх гэж бодоход техникийн боломж болоогүй...” гэсэн мэдүүлэг, тайлбараар журмаа зөрчиж, зөвлөлийн хурлыг зохион байгуулж, дүгнэлтийг гаргасан гэж үзэхээр байна.

Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 3.3-т өмчийн бусад хэлбэрээр хадгалагдаж байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тогтоож болно. Тухайн түүх, соёлын дурсгалт зүйл нь өмчлөлийн маргаангүй, гарал үүсэл тодорхой. “Улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлсэн байна гэсэн заалт, шүүх хуралдаанд оролцсон шинжээч Г.Энхбатын “...Соёлын биет өвийг таньж тогтоох зөвлөл нь Соёлын өвийн үндэсний төвийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/40 дугаар тушаалаар байгуулагдсан, энэ зөвлөлийн ажиллаж журам, ажиллах гишүүдийг 6 төрөл, зүйл дээр хамгийн багадаа 7-10, нийт 40-50 гишүүн байдаг. Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох журамд соёлын биет өвийг таньж тогтоох гэсэн зүйл байхгүй, уг журамд заасан байгаа, хоёр өөр асуудал. Шинжээч томилох тухай бичиг манай дээр 7 сард ирсэн, үүний дагуу иргэн Г.Нтай утсаар холбогдсон, та эд зүйлсээ авчраад орхиод явах ёстой, манай шинжээчийн зөвлөл журамд заасан 6 чиглэлээс бурхан шашны холбогдолтой, нэмж гишүүн ч авч болох баг шинжлэх ухааны үүднээс дүгнэлт гаргана, хэт ягаан туяаны аппаратаар будгийн өнгө арилахыг үзэх гэх мэтээр үзнэ, манайд металл сэргээн засварлагчид, өнгө будгийн сэргээн засварлагчид гэж дотроо 3-4 сэргээн засварлагчид байдаг. Энэ бүгд 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа дандаа өөрсдийнхөө олж мэдэж авсан мэдлэг боловсрол, техник арга, ухаан, хийгдсэн арга ажиллагааны үр дүнд дүгнэлт гаргадаг учраас энэ гишүүдийг бид нар байлцуулж гаргах ёстой гэж хэлсэн, Г.Н ч өөрөө мэдэж байгаа, хажууд цагдаа зогсож байсан. Гэтэл эд өлгийн зүйлээ орхиж явахгүй, дээрээс нь танай зөвлөлөөр шинжлүүлэхгүй, яагаад гэвэл та А.Атэй ашиг сонирхлын зөрчилтэй гэж шууд хэлж байна лээ. Би бүх зүйл дээр эртний эдлэлийн хүмүүс байна, тэмдэглэлээ аваад ирсэн бол шинжээчийн зөвлөлд та харуулчихгүй юу гэсэн, би 4-5 хүнийг газар дээр нь дуудаж үзүүлсэн. Соёлын өвд хамаарагдах шинж тэмдэг байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Соёлын өвийн үндэсний төвийн дэргэдэх соёлын биет өвийг таньж тогтоох шинжээчийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, уг журмын 1.1-д Соёлын өвийн үндэсний төвийн дэргэдэх Соёлын биет өвийг таньж тогтоох шинжээчийн зөвлөл нь Монгол Улсын иргэний хувийн өмчлөлд бүртгүүлэх болон хууль, хяналтын байгууллагаар шалгуулж буй соёлын биет өвийг таньж тогтоох, авран хамгаалах, хадгалж хамгаалах, зэрэглэл тогтоох чиглэлээр Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зөвлөх, санал боловсруулах үүрэг бүхий орон тооны бус нэгж байхаар заасан, мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Соёлын өвийн үндэсний төв нь соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалах, сэргээн засварлах, авран хамгаалах, сурталчлах чиг үүрэг бүхий соёл, эрдэм шинжилгээний байгууллага гэж зааснаас дүгнэхэд мөрдөгчийн тогтоол, прокурорын шийдвэрээр Соёлын өвийн үндэсний төвийн дэргэдэх Соёлын биет өвийг таньж тогтоох шинжээчийн зөвлөлийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах, шаардлагатай тохиолдолд шинжээчийн зөвлөлийн дүгнэлтийг гаргуулахад хохирогч Г.Нийг оролцуулах нь ач холбогдолтой гэж шүүхээс дүгнэлээ.

Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт шүүгдэгч А.Аийг 1984 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169в-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1985 оны 10 дугаар сарын 8-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэж бичсэн атлаа энэ талаарх баримтыг хэрэгт хийгээгүй, шүүгдэгч А.Аптангэрэл анхан шатны аль шүүхээр ял шийтгүүлж, аль шүүхийн шүүгчийн, эсхүл ерөнхий шүүгчийн захирамжаар ямар хугацааны өмнө тэнсэн суллагдсан талаар шүүхээс дүгнэлт хийхэд учир дутагдалтай байна.

Дээрх нөхцөл байдал нь эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүйн дээр мөрдөн шалгах ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь ач холбогдолтой байх тул шүүгдэгч А.Ад холбогдох эрүүгийн 2010022590508 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж , хэргийг прокурорт очтол шүүгдэгч А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Улаан дарь эх” бурхныг хохирогч Г.Нт хадгалуулсан байгааг А.Аийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008508 дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, М.Гандийн гудамжны 49 дүгээр байрны 5 тоот хаягт байршилтай хувийн орон сууцны шилжилт хөдөлгөөнийг, “Азийн урлаг” ББН-ийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003634 дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 35 дугаар байрны 15 тоот орон сууцны шилжилт хөдөлгөөнийг, Хаан банк дахь А.Аийн эзэмшдэг данснуудын зарлагын гүйлгээг тус тус хязгаарласан болохыг мөн хэргийн хамт иргэний бичиг баримт ирүүлээгүйг дурдаж, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн “Монгол урлагийн үнэт бүтээлүүд Аюурзанын Аптангэрэлийн цуглуулгаас” номыг хэргийн хамт Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлэх нь зүйтэй байна гэж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг нь  анхнаасаа маш сайн бодож төлөвлөсөн залилангийн хэрэг байгаа. Энэ тухай мэдүүлэгтээ маш дэлгэрэнгүй мэдүүлсэн.  Уг хэрэг А.Аийн хүсэл зорилгоор маш удаан сунжирч их цаг хугацаа орж байна. Улаан дарь эх бурхан нь үнэн хэрэгтээ орчин цагт дууриалган хийсэн хуурамч бүтээл болно. Хэрэв энэ бурхан XVII-XVIII зууны үед хамаарах  Занабазарын “Дэг” сургуулийн хийгдсэн бүтээл байсан бол хямд үнэ юм. Үнэхээр бурхан маань жинхэнэ энэ дэг сургуулийн бүтээл байсан бол цагдаа, прокурор, шүүхийн олон ажилтны цагийг гарздаж би өөрөө өргөдөл гомдол гаргаж явах шаардлага байхгүй.  А.Аийн уг мэдүүлэгт Улаан дарь эх бурхныг бараг 10 гаруй жилийн өмнө 10.000.000 төгрөгөөр авсан, эсхүл 20.000.000 төгрөг гэсэн зөрүүтэй мэдээлэл байдаг юм байна лээ.  Энэ мэдүүлгээс харахад хуурч залилаж байгаа нь хэнд ч ойлгомжтой Урт цагааны тэр хавийн эртний эдлэл зарж барагдуулдаг хүмүүсийн ярьж байгаагаар надад зарахын өмнөхөн Хятад улсын иргэн Өвөрмонгол Эрдэнэ гэх хүнээс маш бага үнээр авсан тухай сонссон. Ер нь 10.000.000 төгрөгөөр авсан юмыг 500.000 ам.доллар зардаг нь цэвэр залилан гэдэг нь хэнд ойлгомжтой. Занабазарын “Дэг” сургуулийн бүтээлийг 10.000.000 төгрөгөөр авах боломж байхгүй. Соёлын яаман дээр болсон мэргэжлийн шинжээчдийн багын хурал нь эхний удаа ирц бүрдээгүйн улмаас цуцлагдсан. 2 дахь удаагаа Үндэсний музейн хурлын танхимд болсон. Мэргэжлийн зөвлөлд би эхнэр Д.Оюунжаргалын хамт бурханыг авч очин бүх гишүүдэд үзүүлж авсан процесс болон бурхнаа тайлбарлаж гишүүд мөн асуулт асуусан.  Тэгээд бид хоёрыг бурхнаа орхиж гарахыг хүсэж, бид гарсан. Мөн энэ хурал нь зөвхөн “Улаан дарь эхийг” шинжлэхийн хуралдаагүй бөгөөд тэр өдөр бидний өмнө 3 бүтээл бас хуралд орж шилжүүлсэн болно. Энэ үе нь цар тахлын хорио цээрийн хатуу дэглэмтэй үе байсан. /Хурал болсон өдөр нь 7 хоног хөл хориог цуцалсан  үе байсан/ Миний ойлгосноор мэргэжлийн зөвлөлийн энэ хурлын бүрэлдэхүүн бурхныг лам Пүрэвбат болон бусад гишүүд нь салбар тус бүрийн мэргэшсэн хүмүүс гэж харагдсан.  Энэ бүрэлдэхүүнд соёлын өвийн газрын дарга Г.Энхбат нь багтаж хуурамч эд зүйл байна гэдгийг батлалцсан болно.  Комиссийг толгойлж оролцсон Пүрэвбат гуайг Монгол улсад танихгүй, мэдэхгүй хүн байхгүй байх. Бурхан шашны холбогдолтой эд зүйл шинжлэн судлах мөн өөрөө бурхан бүтээдэг зэргээрээ Монголдоо байтугай дэлхийд танигдсан хүн гэж ойлгодог. А.А нь 2021 оны 6 дугаар сарын 4-нд намайг уулзая гээд уулзахдаа чиний мөнгийг чинь өгье,  1 дэх өдөр гэхэд гомдлоо буцаагаад авчих гэж хэлсэн. Мөн 2022 онд одоогоос 2 сарын орчмын өмнө эртний эдлэл зардаг цуглуулагч Жанцан гуайгаар над руу яриулсан.  А надаар хэлүүлж байна мөнгийг чинь 1-2 хоногоос өгнө шүүх хурал хохирогчгүй болно чи гомдолгүй гэж хэлнэ биздээ гэж хэлж байсан. Эдгээрээс харахад бас л цаг хожиж сулруулж залилаж байна гэж харагдаж байна.  Сүүлийн үеийн мэдүүлэг шүүх хурал дээр өмгөөлөгч болон А.Аийн ярьж хэлж байгаа зүйлийг харахад бараг л А хохирогч би хохироосон болж харагдаж байна. Мэргэжлийн зөвлөлийн хурал бараг хуралдаагүй юм шиг ойлголт өгч байна. Хүний маш ихээр хохироочихоод 2 өмгөөлөгч хөлслөн авч худал хуурмагаа үнэн болгох гэж үхэн хатан тэмцэж байгаа нь ямар ч ёс зүйгүй хэрэг юм. Ер нь А нь ийм хуурамч зүйл 1 биш удаа зарж байсныг эртний эдлэлийн наймаачид ярьдаг юм байна лээ. Эртний эдлэлийн наймаачид дундаа ч нэр хүнд муутай хүн юм байна лээ. Иймд хэргийг прокурорт буцаалгүйгээр шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсэж байна. ...” гэв.

Хохирогч Г.Нийн өмгөөлөгч А.Зүмбэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.А нь хохирогч Г.Нийг хуурч, өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцээр улаан өнгөтэй Дарь эх бурхны баримлыг тухайн үед нь бүтээсэн гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 500.000 америк доллар залилан авсан юм. Дээрх 500.000 америк доллароос 50.000 ам.долларыг 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр А.Аийн Хан-Уул дүүргийн Жаргалант хотхонд байх гэрт нь эхнэртэйгээ аваачиж өгсөн бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн өглөө А.Аийн эхнэр н.Дуламсүрэнгийн дансанд 200.000 ам.долларыг шилжүүлсэн. Улмаар 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 14 цагийн үед А.А нь манай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Тэнгэр вилла хотхонд байх гэрт бурханы баримал авч ирэхдээ 200.000 ам.долларыг бэлнээр авсан. Үлдсэн 50.000 ам.долларт нь Алтай хотхонд 55.53 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлех хөрөнгийг шилжүүлсэн. А.А нь “энэ бурхныг би буцаагаад худалдаад авсан ч болно” гэсэн зүйлийг тухайн үед ярьж байсан боловч мөнгөө буцаан авах талаар уулзахад буцааж өгөөгүй. Энэхүү улаан өнгөтэй Дарь эх бурхны баримал нь өндөр гэгээн Занабазарын дэг сургуулиар тухайн үед нь хийгдээгүй, орчин цагт хуурамчаар дуурайлган хийсэн болохыг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр мэдээд А.Атэй холбогдох гэсэн боловч хөдөө явсан байсан тул 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ирсэн даруйд нь уулзахад буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Сумъяа гэгчийг дагуулан ирж дарамт, шахалт үзүүлж эхэлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь хэрэгг авагдсан бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байхаас гадна үндэслэл бүхий болж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл шинжээч томилж, дүгнэлт гаргах үйл явц мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрчигдсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинжээч томилж, дүгнэлт гаргуулаагүй нь шүүгдэгч А.Ад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэсэн нь хэрэгт авагдсан баримттай нийцэхгүй байна. Анхан шатны шүүхээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шинжилгээнээс байгууллагаас гадуур шинжилгээг хийлгэхдээ байгууллагыг шинжээчээр томилсон байгааг анхаараагүй байхаас гадна Соёлын яамны дэргэдэх Соёлын өвийн зэрэглэл, үнэлгээ тогтоох Мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Даваацэрэн дүгнэлт гаргахад оролцоогүй, шинжээч Б.Ичинхорлоотой солигдсон, Б.Даваацэрэнд тусгайлан эрх, үүрэг тайлбарлаагүй гэж үндэслэлгүй дүгнэжээ. Соёлын яамны дэргэдэх Соёлын өвийн зэрэглэл, үнэлгээ тогтоох Мэргэжлийн зөвлөл буюу байгууллагыг шинжээчээр томилсон болохоос хувь хүмүүсийг бие даасан шинжээчээр томилоогүй юм. Улмаар байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд Б.Даваацэрэн шинжээч томилсон, эрх үүрэг танилцуулсан тогтоолтой танилцаж, шинжилгээний дүгнэлт гаргах үйл ажиллагааг зохион байгуулсан, дүгнэлт гаргахад оролцсон, энэ талаар бусад шинжээч нар үгүйсгээгүй байхад түүнд шинжээч томилсон тогтоол танилцуулаагүй, эрх үүргээ мэдээгүй байсан гэсэн нь хэрэгт авагдсан баримттай нийцэхгүй байна. Мөн шүүхээс мэргэжлийн зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу зөвлөлийн гишүүд хуралд идэвх, санаачлагатай биечлэн оролцоогүй, бусад гишүүд санал гаргаагүй, хурал хэзээ хуралдсан нь тодорхойгүй гэсэн мэргэжлийн зөвлөлийн дотоод үйл ажиллагаанд хамааралтайгаас гадна хурал болсон, хурал дээр ганц Г.Нийн авсан эд зүйлийг үзсэн бус бусад хэд хэдэн дүгнэлт гаргасан талаар гишүүд санал нэгтэй байдаг. Мэргэжлийн зөвлөл ажиллах дотоод зохион байгуулалтын асуудлаа өөрсдөө хийдвэрлэх эрхтэй учир тухайн асуудлаар мэргэшсэн шинжээчээр 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр урьдчилан санал, дүгнэлт гаргуулж, гаргасан санал дүгнэлтийг нь хэлэлцэн гишүүдийн санал асуухад 11 гишүүдээс татгалзсан, тусгай саналтай гишүүд байхгүй байсан байна. Гэтэл анхан шатны шүүхээс гишүүн бүр идэвхи санаачлагатай байж, бие даасан тусгай санал гаргаагүй бол мэргэжлийн зөвлөл ажиллаагүйд тооцогдохоор дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна. Нэгэнт санал болон дүгнэлтээ гаргасан Г.Пүрэвбат шинжээч хуралдаанд биечлэн оролцох шаардлага байхгүй бөгөөд бусад гишүүд хуралдаанд оролцоогүй талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Эрүүгийн хэргийн яллагдагч А.А нь “Улаан дарь эх” гэх орчин цагт дуурайлган хийсэн бурхныг иргэн Г.Нт эртний ховор эдлэл гэж хуурч мэхлэн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр түүнд зарж, 1.330.933.326 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Соёлын яамны дэргэдэх “Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох” мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Улаан дарь эх” гэх орчин цагт дуурайлган хийсэн бурхныг хуурамч гэдгийг үндэслэл бүхий тогтоосон.

Гэтэл Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат нь өмнө шинжээчийн дүгнэлт гаргахад байлцсан, шаардлагатай тохиолдолд өөрийн удирдлага дор ажилладаг Соёлын өвийн бүртгэл судалгааны газрын Соёлын биет өвийг таньж тогтоох шинжээчийн зөвлөлийн шинжээч нараар дүгнэлт гаргуулах, дэмжин туслуулах боломжтой байсан, шинжээчийн дүгнэлт гаргахаас өөрөө татгалзсан байхад шүүх дахин  Соёлын биет өвийг таньж тогтоох шинжээчийн зөвлөлийг шинжээчээр томилсон нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Соёлын яамны дэргэдэх “Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох” мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоосон асуудлыг Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатын томилсон 3 шинжээч үгүйсгэх, батлах, дахин дүгнэлт гаргах нь төрийн байгууллагын нэгдмэл байх үндсэн зарчмыг алдагдуулж байхаас гадна өмнөх дүгнэлтийг үгүйсгэх мэдлэг, дадлага, туршлагатай бүрэлдэхүүнгүй байна. Түүнчлэн шүүхийн шинжилгээний байгууллагаас өөр байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа яллагдагчийн өмгөөлөгчийн хүссэн газраар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Соёлын яамны харьяа, Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийн бүртгэл судалгааны газрын Соёлын биет өвийг таньж тогтоох шинжээчийн зөвлөл нь дээрх бурханыг орчин цагт дуурайлган хийсэн эсэх талаар дүгнэлт гаргах, өмнө гаргасан Соёлын яамны дэргэдэх “Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох” мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх тусгай мэдлэг бүхий, энэ талаар урьд дүгнэлт гаргаж байсан эсэх нь эргэлзээтэй байхаас гадна төрийн байгууллагын хувьд дарга Г.Энхбатын шууд болон шууд бус нөлөөлөлд орох эрсдэлтэй байхад нэр зааж энэхүү байгууллагыг шинжээчээр томилсон нь буруу юм. Шүүхээс мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үгүйсгэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан гэсэн атлаа дахин шинжээч томилсон нь шүүх хуралдаанд танилцуулсан дүгнэлтийн үндэслэлтэй холбоотой асуудлаар дүгнэлт хийгээгүй гэсэнтэй зөрчилдөж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дахин шийдвэрлүүлэх боломжооор хангаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Хурц бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч Б.Даваацэрэн, Г.Энхбат, Г.Пүрэвбат нар оролцож гаргасан дүгнэлттэй холбоотой “...Соёлын яамны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын дагуу нэр бүхий шинжээч нар хуралдаж, санал нэгтэйгээр тухайн дүгнэлтийг гаргасан бөгөөд Г.Пүрэвбат “...холбогдох журмын 5 дугаар зүйлийн 5.2.2-т зааснаар зөвлөлийн гишүүний саналын маягын дагуу саналаа бичгээр гарган, гарын үсэг зурж баталгаажуулсан...” гэж мэдүүлсэн буюу шүүгчийн захирамжийн дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, дүгнэлт гаргасан шинжээч нар анхан шатны шүүх хуралдаанд оролцож зөвлөлийн гишүүд биечлэн хуралдаж дүгнэлтийг гаргасан бөгөөд зөвлөлийн ажиллах журмыг зөрчсөн зүйл байхгүй гэдгийг мэдүүлсэн байхад тэдгээрийг үгүйсгэсэн тухайн үндэслэлийг заагаагүй. Түүнчлэн Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн нь Соёлын яамны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн даргын хувиар зөвлөлийн ажиллах журмын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох ажлыг удирдан зохион байгуулж дүгнэлт гаргахад оролцсон нь томилогдоогүй шинжээч дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Соёлын өвийн үндэсний төвийн дэргэдэх Соёлын биет өвийг таньж тогтоох шинжээчийн зөвлөлд шинжээч томилоход дүгнэлт гаргах боломжгүй талаар Соёлын өвийн үндэсний төвийн 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 01/304 дугаартай албан бичиг ирүүлсэн тул дахин уг зөвлөлд шинжээч томилох боломжгүй гэж үзсэн.

А.Аийг урьд 1984 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169в-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж 1985 оны 10 дугаар сарын 8-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан нь хэргийн бодит байдал, зүйлчлэл, хохирол хор уршгийг тогтооход нөлөөлөхгүй тул шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЗ/905 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Хохирогч Г.Нийн өмгөөлөгч Э.Нарангарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч А.Зүмбэрэлтэй ижил саналтай байна. Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээг тогтоох мэргэжлийн зөвлөлийн ажиллах журамд 10 болон түүнээс дээш гишүүний бүрэлдэхүүнтэй бол хүчин төгөлдөр байх талаар тодорхой тусгасан. Ичинхоролоо гэх шинжээч оролцсон эсэхээс үл хамаарч 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байгаа учраас журмаа зөрчөөгүй. Мөн журамд хурлын хэлбэрийг нарийвчлан заагаагүй байдаг. Зөвлөлийн хуралд идэвхи санаачлагатай оролцоно гэж заасан байдаг өөр зүйл тусгаагүй. 11 гишүүн бөөнөөрөө нэг дор цуглараад дүгнэлтээ гаргах талаар тодорхой заагаагүй. Хэрвээ Пүрэвбат гишүүний дүгнэлтийг нь хууль бус гэж үзэх юм бол өөр гишүүн нь эсрэг санал дүгнэлтээ бичээд тусгайлан саналтайгаар оруулах боломжтой байсан. Шинжээч нар бүгд хүлээн зөвшөөрсөн учраас өөр саналтай шинжээч байгаагүй. Мөн гишүүд хуралд биечлэн оролцоогүй гэдэг үйл баримтыг нотлох баримт байхгүй. Шүүгч захирамждаа “гишүүд бүгд оролцоогүй” гэж шууд дүгнэсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас хальсан дүгнэлт хийсэн. Мөн шүүгч захирамждаа журамд байхгүй зүйл, заалтыг дурдсан байдаг. Иш татаад байгаа 3.3 буюу “өмчийн бусад хэлбэрээр байгууллагад хадгалагдаж байгаа түүх, дурсгалын эд зүйлийн зэрэглэл үнэлгээг тогтоож болно” гээд журманд заасан. Гэтэл шүүгчийн захирамжийн 3 дугаар талд “өмчийн бусад хэлбэрээр хадгалагдаж байгаа” гээд бичсэн. Тэгэхээр “өмчийн бусад хэлбэрээр байгууллагад хадгалагдаж байгаа” гэдэг үг, өгүүлбэр байтал “байгууллага” гэдэг үгийг хассан. Шүүх шинжилгээний тухай хуульд дахин шинжилгээ хийх юм бол өмнөх шинжилгээ хийсэн байгууллагын шинжээч нар оролцохгүй гэж заасан. Төвийн захирал нь Энхбат гэх хүн байдаг. Мэргэжлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаад дүгнэлтээ гаргасан учраас дахин шинжээчээр оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн Пүрэвбат гэх лам дүгнэлтээ урьдчилсан байдлаар гаргаад хүргүүлсэн. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрсөн болохоос биш Пүрэвбатын гаргасан дүгнэлт дээр бүгд гарын үсэг зурсан асуудал биш. Мэргэжлийн зөвлөл гаргасан дүгнэлт дээрээ Пүрэвбатын дүгнэлтийг тусгаж өгсөн байдаг. Пүрэвбат лам нь Занабазар дэг сургуулийн хийцийн уран бүтээлийн талаар 50 гаруй ном гаргасан учраас шинжээчээр оролцуулсан. Шинжээчийн дүгнэлт гаргахдаа журмаа зөрөөгүй байдаг. Шүүгдэгч А.Аийн ял шийтгэлийн талаарх лавлагаа энэ хэргийг шийдвэрлэхэд ямар ч ач холбогдолгүй юм. Шүүгдэгч А.А нь уг бурханыг 10.000.000 төгрөгөөр худалдаж аваад 500.000 ам.доллараар зараад байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн утгаар агуулж байна. Үнийн дүнгээс харахад л илт харагдаж байна. Хавтас хэргийн материалд авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч Л.Мөнхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Г.Наас “хоёр хурал болсон. Нэг дэх хурал нь ирц хүрээгүй учраас хурал болоогүй. Хоёр дахь хурал болсон” гэдэг боловч хоёр дахь хурал болоогүй. Даваацэрэн шинжээч мэдүүлэхдээ “Пүрэвбатын дүгнэлт зайлшгүй шаардлагатай болсон учраас Пүрэвбатын дүгнэлтийг и-мэйлээр авсан. Хуралд биечлэн оролцох боломж байгаагүй. Хуралд биечлэн оролцоогүй. Гэрт нь очиж гарын үсэг зуруулсан” гэсэн байдаг. Пүрэвбат лам мэдүүлэхдээ “би хуралд очоогүй, онлайнаар оролцох гэсэн боловч надад техникийн боломж байгаагүй” гэсэн байдаг. 2021 онд Засгийн газрын 91, 104 дүгээр тогтоол гарсан. Тухайн үед онц байдлын улаан бүсэд шилжсэн байсан. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан. Энэ хугацаа нь 2021 оны 4 дүгээр сарын 8-наас 5 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй хэдхэн байгууллага байсан. Шинжээч томилсон тогтоол дээр байгууллагыг томилоогүй. 11 хүнийг шинжээчээр томилсон. 11 хүнд эрх, үүрэг танилцуулаад гарын үсэг зуруулсан байдаг боловч Даваацэрэн гэх хүн шинжээчээр томилогдоогүй байдаг. Гэтэл Даваацэрэн нь шинжээчийн дүгнэлтэд гарын үсэг зурсан. Шүүх шинжээчээр томилогдоогүй хүн шинжээчийн дүгнэлт дээр гарын үсэг зурсан гэж дүгнэсэн. Шинжээч Энхбатын татгалзсан үндэслэл нь манай яамны гаргасан дүгнэлтэд дахиад би дүгнэлт гаргах боломжгүй гэсэн нь үндэслэлгүй. Энхбат гэх хүн ганцхан яаманд ажилладаггүй таньж тогтоох байгууллагад өөр албан тушаалтанууд ажилладаг. Мөн дүгнэлтээ гаргахдаа техник технологийг ашигладаг бөгөөд эхлээд таньж тогтоож байж тогтоосон зүйл дээр нь дүгнэлт гаргах ёстой гэж хэлсэн байдаг. Шүүх хуралд Энхбат мэдүүлэхдээ “гэрт ирж гарын үсэг зуруулсан” гэсэн байдаг. Зохион байгуулалт хийсэн хүн шинжээчийн дүгнэлтэд гарын үсэг зурах үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1, 9.2 дахь заалтуудад шүүх шинжилгээний байгууллагаас гадуур өөр байгууллагаар шинжилгээ хийлгэх журмыг заасан. Тусгай мэдлэг, мэргэшилтэйг нотлох баримт бичиг, шинжээчээр оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж тухайн хүнийг шинжээчээр ажиллахыг зөвшөөрнө гээд хуульд заасан. Тэгэхээр 11 шинжээчийг ямар мэргэжилтэй, ямар зүйлээр мэргэшсэн, хэдэн жил ажилласан, ямар чадвартай хүмүүс дүгнэлт гаргаж байгааг дүгнэлтдээ тусгаагүй. Шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой. Гэтэл шинжлэх ухааны ямар ч арга, технологид тулгуурлалгүй дүгнэлтийг гаргасан. Бурхныг сэгсэрч үзэхэд дотор нь юм дугарч байгаа тул сүншиг байхгүй гээд мэдрэмжээрээ дүгнэсэн. Дараа нь шинжээчийн дүгнэлт дээр бурханы суурийн тагыг маш сайн бөхөлсөн байна. Нээж үзэх шаардлагатай гэсэн. Шинжлэх ухааны арга технологид үндэслэсэн байх ёстой гэх хуулийн шаардлагыг хангахгүй. Пүрэвбат лам мэдүүлэхдээ “эртний мэргэдийн сургааль, шаштирт өгүүлснээр бурхан бол дэг жаягтай байх ёстой” гэсэн. Бид мэргэдийн сургаалиар дүгнэлт гаргахгүй. Бид техник технологийн эрин үед амьдарч байна. Дүгнэлт техник технологид үндэслэсэн байх ёстой. Наад зах нь олон улсын нисэх буудалд байдаг төхөөрөмжөөр шалгахад бурхан дотор эд зүйл байгаа эсэх нь харагдана. 17, 18 дугаар зууны үед бүтээгдсэн бурхан тул дотор нь хийсэн зүйлүүд хатсан учраас дугарсан байх магадлалтай. Шүүгч захирамждаа журамд байхгүй зүйл, заалтыг дурдсан гэж байна. Захирамжид журмын 3.5 дугаар зүйл гэж дурдаагүй 3.3 дугаар зүйл гэж дурдсан байгаа. Журамд 10-аас дээш хүн хуралдаад дүгнэлтээ гаргах ёстой гэж заасан. Эцсийн шийдвэр хурлын тэмдэглэл байна гэсэн. Нарийн бичгийн дарга, зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна энэ нь хурлаас гарсан шийдвэр байна гэж заасан. Журмын 5.2-т зааснаар баталгаажуулсан байна гэдгийг 3.3, 3.5 гээд уншчихсан байх. 11 хүн хуралд оролцсон гэж гарын үсэг зурсан боловч Пүрэвбат лам оролцоогүй. Мөн Даваацэрэн шинжээчээр томилогдоогүй байж гарын үсэг зурсан. Зөвлөлийн гишүүд бүгд саналаа гаргах байтал ганцхан Пүрэвбат ламын санал л байдаг. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь эргэлзээгүй нотлох үүрэгтэй. Гэтэл уг асуудалд хэт нэг талыг барьж хандаж байгаад гомдолтой байна. Прокурорын шатанд нийт 10 гаруй гомдол гаргасан. А.Аийн зүгээс жинхэнэ эртний зүйл болохыг мэдүүлдэг бөгөөд холбогдох байгууллагаар нь тогтоолгох хүсэлтийг гаргадаг боловч хүлээж авдаггүй. Соёлын яамны дэргэдэг мэргэжлийн зөвлөл нь зэрэглэл, үнэлгээг тогтоох байгууллага байдаг. Гэтэл хувь хүний гар дээр байгаа соёлын өвийг таньж тогтоодог байгууллага нь агентлаг байдаг. Агентлагаар нь дүгнэлтээ гаргуулъя гэхээр ашиг сонирхолтой газраараа гаргуулах гээд байна гэдэг. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд уг асуудлыг хэлэлцээд хүлээж аваагүй атлаа гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийг буцаасан нь буруу гэж байна. Гэм буруугийн шүүх хуралдаанд шинжээч нар мэдүүлэхдээ “ямар ч хурал болоогүй” гэсэн. Пүрэвбат ламын дүгнэлтээр бусад шинжээч нар дүгнэлтээ гаргасан. Улсын Ерөнхий прокуророос хэргийг нэг удаа буцаасан. Шинжээчийн дүгнэлтийг гаргуулах гэхээр Г.Н нь бурханаа өгдөггүй. Энхбат мэдүүлэхдээ “дээд газраас намайг дарамталсан болохоор би дүгнэлтээ гаргаж чадаагүй” гэсэн байдаг. Байгууллагыг шинжээчээр томилсон гэх боловч дүгнэлтийг хүн гаргана. Дүгнэлт гаргаж буй шинжээч нарт хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулаагүй учраас өөрт хамааралгүй асуудалд дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргахаас татгалзах эрхээ эдэлж мэдэхгүй байна. Соёлын яамны харъяа ажилтан Даваацэрэн мэдүүлэхдээ “цагаагийн байгууллагаас ирүүлсэн даалгаварын дагуу” гэсэн байдаг. Эрх, үүрэг тайлбарлаж өгөхгүйгээр цагдаагийн байгууллага дүгнэлт гарга гэж тулган шаардсан байдал харагддаг. Хуурамч эд зүйл мөн үү, биш үү гэдгийг тогтоохгүйгээр гэм буруугийн асуудал хэлэлцэх боломжгүй. Иймд шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Пүрэвбат лам тэгийн онолыг ярьдаг боловч яг энэ онолоор тодорхойлж болохгүй. ...” гэв.

Шүүгдэгч А.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Нийн надаас худалдаж авсан бүтээл бол Өндөр Гэгээн Занабазарын бүтээл мөн гэдэгт итгэлтэй байна. Прокурор хуурамч дүгнэлт гаргуулсан. Албан ёсны байгууллагаар нь дүгнэлт гаргуулах хүсэлт гаргахаар хүлээж авдаггүй. Пүрэвбат дүгнэлтдээ уг бүтээлийг хуурамч гэсэн дүгнэлт гаргаагүй. Шалгаж үз, эргэлзээтэй байна гэсэн байдаг. Шинжээч нарыг дарамталж хуурамч дүгнэлт гаргуулсан байдаг. Би Буддын шашны урлаг судлалаар 33 жил ажиллаж байна. Хуурамч дүгнэлт гаргаж хүнийг гэмт хэрэгт татаж байгаад гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Нэг хүн дүгнэлт гаргаад арван хүн гарын үсэг зурсанд гайхаж байна. Албан тушаалтанууд Энхбат шинжээчийг дарамталсан байдаг. Өндөр Гэгээн Занабазар ганцхан бурхан урлаагүй. Би 300 жилийн өмнө бүтээгдсэн бурханыг Г.Нт худалдсан. Хуурамч бүтээл гэдэгт итгэхгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.Ад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдлууд болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт буй баримтыг судлаад, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдлыг тогтоолгохоор А.Ад холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Прокуророос А.Аийг Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн Дарь эх бурхан мөн гэж иргэн Г.Нийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан орчин цагт дуурайлган хийсэн Дахь эх гэх бурхныг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 500.000 ам доллароор худалдсан буюу дуураймал эд зүйлийг бодит байдлыг нуух замаар жинхэнэ гэж итгүүлэн хуурч иргэн Г.Нийг залилж, түүнд 1.330.930.326 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэмт хэргийн хохирлын шинж чанарыг тогтоох буюу Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн Дарь эх бурхан мөн эсэхийг тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэхдээ шүүх шинжилгээ хийх газрыг Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийг таньж олох шинжээчийн зөвлөл гэж нэр заан тогтоох  заавал шаардлагагүй бөгөөд тухайн бурхан хэзээ хийгдсэн, хэний бүтээл болох, чанар хийц гэх мэт шинжийн талаар шалгаж тогтоож болох шинжээчдийг хэрхэн яаж томилох нь мөрдөн байцаагч, прокурорын эрх хэмжээний асуудал болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заажээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоох ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл нарын гомдол, прокурор Б.Хурцын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 26 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЗ/905 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл нарын давж заалдах гомдол, прокурор Б.Хурцын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 26 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                     Д.ОЧМАНДАХ

           

                                 ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ

 

                      ШҮҮГЧ                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ