Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 110/2023/0059/З |
Дугаар | 110/ШШ2024/0010 |
Огноо | 2024-03-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 110/ШШ2024/0010
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Н,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг,
Хариуцагч ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Н нарын хоорондын өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээний хэрэгжилтэд өгсөн үнэлгээ, илтгэх хуудас, гэрээг цуцалсан шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-ийг төлөөлж дарга Х.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, хариуцагчийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөр /цахимаар/, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дугаартай захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. М өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/ нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус холбогдуулан, “Ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн М өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны гэрээний хагас жилийн хэрэгжилтэд өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.4, 1.1.6, 1.2.2, 1.2.3 дахь хэсгийн шалгуур үзүүлэлтийн оноо, тус бүлгийн нийт оноо, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас буюу “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас”, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
Нэхэмжлэгч анх “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын М өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гурвалсан гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгох буюу цуцлах тухай мэдэгдэл, Ажлын хэсгийн “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас”-ыг тус тус хүчингүй болгох шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн М өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээний хэрэгжилтэд хагас жилээр өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.4, 1.1.6, 1.2.2, 1.2.3 дахь хэсгийн шалгуур үзүүлэлтийн оноо, тус бүлгийн нийт оноо, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас буюу “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас”, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
2. Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын даргаас захиалагчийн хувьд 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэгч М өрхийн эрүүл мэндийн төвтэй үйлчлэх хүрээний хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээг 1 жилээр байгуулсан байна.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь М өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 онд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хагас жилээр үнэлгээ хийхдээ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийг “Хангалтгүй” гэж дүгнэснийг үндэслэн аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудсаар гэрээг цуцалж, энэ талаар М өрхийн эрүүл мэндийн төвд мэдэгджээ.
3. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 499 дугаар албан бичгээр дээрх 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудсыг ажлын хэсгийн “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас”-ын хамтаар М өрхийн эрүүл мэндийн төвд хүргүүлсэн байх ба нэхэмжлэгчээс уг захиргааны актуудыг эс зөвшөөрч 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн яаманд гомдол гаргасан боловч хуулийн хугацаанд хариу өгөөгүй гэдэг үндэслэлээр 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:
4.1. М өрхийн эрүүл мэндийн төв нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2, 3, 12, 13 дугаар багийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, энэ хугацаанд 7 удаа магадлан итгэмжлэгдэж, үйл ажиллагааг өдий хүртэл хэвийн явуулж байгаа. Тус өрхийн эрүүл мэндийн төв нь жил бүр өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал хамгийн сүүлд 2022 оны гэрээг хагас жилд 83,1 оноогоор, бүтэн жилд 80 оноогоор буюу дунджаар 81,5 оноо авч хангалттай үнэлэгдсэнээр 2023 оны гурван талт гэрээг байгуулсан байдаг.
4.2. 2022 оны 6 дугаар сард тус аймгийн Эрүүл мэндийн газраас М өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд эхний хагас жилийн байдлаар хяналт шалгалтын үнэлгээ хийсэн юм. Энэхүү хяналт шалгалтын үр дүн гэх Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Мэдэгдэх хуудас”-аар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 2 дугаар бүлгийн 5 дугаар зүйлийн 4 дүгээр заалт, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А\104 дүгээр тушаалын дагуу гурван талт гэрээний 2022 оны бүтэн жилийн үнэлгээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүлгээс 62.65 оноогоор “хангалтгүй” гэж үнэлж, “хангалтгүй” оноо авсан заалт бүрээр төлөвлөгөө боловсруулан газрын даргын удирдамжийн дагуу тахимын болон ажлын байрны сургалт хийж, мэргэжил арга зүйгээр удаа дараа ханган зөвлөмж хүргүүлж ажилласан боловч 2023 оны хагас жилийн гэрээний үнэлгээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгээс 67.05 оноо буюу хангалтгүй үнэлэгдсэн.
Иймд Эрүүл мэндийн сайдын А\104 дүгээр тушаалын 4.8, 4.11, 5.3.4, 5.3.7 дахь заалтуудыг үндэслэн ажлын хэсгийн комиссын шийдвэрээр танай өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гурван талт гэрээг дуусгавар болсныг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.
Уг мэдэгдэх хуудас болон түүний хавсралт болох “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гурвалсан гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас” нь дараах байдлаар үндэслэлгүй байна.
Ажлын хэсгийн өгсөн үнэлгээгээр манай өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны гэрээний хэрэгжилт эмнэлгийн тусламж, үйлчилгээ бүлгээс 67.05 оноо, төвийн удирдлага, манлайлал бүлгээс 28 оноо авч, 70.4 хувь буюу ажил сайжруулах чиглэлтэй байсан. Гэтэл уг үнэлгээг гаргахдаа Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/104 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Журам, гэрээний загвар,шалгуур үзүүлэлтийг батлах тухай журам"-ын 4.6-д заасан “Шалгуур үзүүлэлт бүрийн нийлбэр онооны дунджаар тухайн бүлгийн, бүлэг бүрийн нийлбэр оноогоор гэрээний хэрэгжилтийн нийт оноо /ерөнхий дүн/ гарна гэсэн хэсгийг зөрчсөн. Мөн журмын 4.10.3-т заасан 70-79 хувийн үнэлгээ авсан бол “Ажил сайжруулах” гэсэн заалтаар үнэлэгдэх ёстой байсан гэж үзэж байна.
4.3. Журмын 4.12-т “Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд төвийн удирдлага, манлайлал бүлгийн оноо 35 оноо буюу 26 хувийг эзлэх бөгөөд 24.5 ба түүнээс доош оноо авсан тохиолдолд “Хангалтгүй” гэж тооцно.” гэж заасан бөгөөд уг үнэлгээгээр тус өрхийн эрүүл мэндийн төвийн дарга 28 оноо авсан юм.
Гэтэл мэдэгдэх хуудсанд уг журмын 5.3.7 дахь хэсгийг буюу “Багаар ажиллаагүй, төвийн даргын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээ алдагдахад хүрсэн ноцтой зөрчил илэрсэн” гэж буруу дүгнэлт хийсэн.
4.4. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А\391 дугаартай захирамжаар өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг шалган үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулсан. Гэтэл 2023 оны 6 дугаар сард тус эрүүл мэндийн төвд хийгдсэн хяналт шалгалтын ажлын хэсгийг томилсон шийдвэр гараагүй, уг ажлын хэсэгт “Аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү эдийн засгийн хэлтсийн албан тушаалтан орж ажиллах байх ёстой атал аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагч хяналт шалгалт хийсэн нь хууль бус болсон гэж үзэж байна. Мөн байгуулсан ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/104 дугаартай тушаалаар баталсан журамд нийцүүлэн батлаагүй, журмын 3.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.
4.5. Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээний 13.1-д “Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ аль нэг талын албан ёсны зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд хэсэгчлэн буюу бүрэн хэмжээгээр шилжүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж гурван талт гэрээг шууд дуусгавар болгож, дараагийн төвийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн энэхүү үйлдэл нь хүчин төгөлдөр гурван талт гэрээг ноцтой зөрчсөн явдал болсон гэжээ.
5. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
5.1. Шалгуур үзүүлэлтийн 1.1 Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, 1.1.1-д Үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн хяналт, 1.1.1-ийн 1.1, 1.2 дахь хэсгийн оноог бодсон аргачлал нь буруу гэж маргаж байгаа. Эрүүл мэндийн сайдын А/104 дүгээр тушаалаар баталсан журмын 4.7-д шалгуур үзүүлэлтийн 1, 3, 10, 11, 13 дахь үзүүлэлтийн нийлбэр онооны дунджийг 2-оор үржүүлээд 10 оноогоор дүгнэнэ гэж заасныг ажлын хэсгийн мэргэжилтэн нь баримтлаагүй. Бид 1.1.1-ийн 1.1 дэх хэсгээс 8.5 оноо авсан, үүнийг 3-т хуваагаад 2,8 оноо гэж, 1.1.1-ийн 1.2 дахь хэсгээс авсан 29 оноог 6-д хуваагаад 4,8 гэж гаргаад 2,8 оноонд 4,8 оноог нэмж 7,7 гэж тавьсан нь үндэслэлгүй. Журамд зааснаар бол 8.5 оноон дээр 29 оноог нэмэхэд 37.5 оноо гарна, үүнийг 9 хэсэгт хуваахад 4.16 гарах ба 4.16 оноог 2-оор үржүүлээд 8.3 гэсэн оноо тавих ёстой байсан.
Мөн 1.1-ийн 3 дахь үзүүлэлтэд 1,5 оноо тавьсан нь үндэслэлгүй. Журмын 4.4.4-т 60-69.9% бол 2 оноо, 4.4.5-т 50-59% авсан бол 1 оноо тавих ёстой байсан.
Манай өрхийн эрүүл мэндийн төв энэ шалгуур үзүүлэлт дээр 60-аас дээш хувиар үнэлэгдсэн учраас 2 оноо өгөх ёстой. Журамд бутархай оноо тавихаар заагаагүй.
5.2. Шалгуур үзүүлэлтийн 1.1.3. Тухайн харьяаны хүн амын урьдчилан сэргийлэх үзлэг хэсгийн 3.1, 3.2 дахь хэсгийн оноо тавьсан үндэслэл болон оноо бодох аргачлал хэсэгтэй маргаж байна, 3.3 дахь хэсэгтэй маргахгүй. Ажлын хэсгийн гишүүн 3.1-ийн 1-д “1” оноо, 2-т “0” оноо, 3-т “0” оноо, 3.2-ийн 1-д “3” оноо, 2-т “0” оноо, 3-т ”0”, 3.3-ийн 1-д “2”, 2-т ”2” оноо тавьсан. Энэ 3 хэсгийн үзүүлэлтийг нэмэхэд 8 оноо гарсан. Үүнийг 8 шалгуур үзүүлэлт хуваахад 1 оноо гарч байгаа. Үүнийг 2-оор үржүүлээд 2 оноо гэж тавих ёстой байсан.
3.1 дэх хэсэг буюу харьяа багийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хувь, өвчтэй илэрсэн хүний хувь, хүн амыг эрүүлжүүлэх арга хэмжээний хэрэгжилт хэсэгт маргаж байна. Тухайн жилд нийт харьяа багийнхаа хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэгт бүтэн жилийн байдлаар 70%-ийг хамруулах ёстой байсан. Хагас жилд 35%-ийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гэсэн үг. Манай өрхийн эрүүл мэндийн төвийн нийт хүн ам 15329 байгаа. Бүтэн жилд 70%-ийг хамруулна гэвэл 10730 хүн болно, хагас жилд 35% тул 10730 хүнээс 5365 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гэж төлөвлөнө. Урьдчилан сэргийлэхийн үзлэгт бид 6726 хүнийг буюу хамрагдвал зохих 5365 хүнийг 100% хамруулсан байхад 3.1-ийн дэх хэсэгт 1 оноо тавьсан нь үндэслэлгүй. Мөн өвчтэй илэрсэн хүний тоо 3882 байгаа. Үүнээс эмчлэн эрүүлжүүлсэн хүний тоо 1338 хүн юм. Урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралт, илэрсэн өвчлөл, эмчлэн эрүүлжүүлсэн талаарх мэдээллийг 2023 оны хагас жилийн байдлаар гэж графикт оруулаад өгсөн. 2023 оны урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хүний бүртгэлийг шүүхэд өгсөн. Эндээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хүний тоог харах боломжтой. Өвчлөл илэрсэн 3882 хүний бүртгэлийг мөн гаргаж өгсөн байгаа. Эрүүлжүүлсэн хүнийг өдрийн эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний талаар бүртгэлээс харах боломжтой байсан. Тийм учраас хагас жилийн байдлаар бидний хийсэн үйл ажиллагааг журмын дагуу үнэлгээ өгөөгүй гэж дүгнэж байна. Эдгээр хүмүүсийн бүртгэлийг мөн “E-hospital”, “Е-health” программаас харах боломжтой байсан.
3.2 дахь хэсэг буюу өсвөр насны хүүхдийн үзлэг шинжилгээнд хамруулах арга хэмжээ гэсэн байгаа. Үүний 3.2 нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан өсвөр насны хүүхдийн хувь өвчлөл, арга хэмжээ гэсэн 3 шалгуур үзүүлэлттэй. Тухайн жилд өсвөр насны хүүхдийн үзлэг шинжилгээний хамралт 50% байх ёстой. Хагас жил гэхэд 25%-ийг үзлэгт хамруулна гэж төлөвлөх ёстой. Манайд 1232 өсвөр насны хүүхэд байгаа. Үүнээс 50% буюу 617 хүүхдийг бүтэн жилийн байдлаар хамруулна гэсэн үг. Хагас жилийн байдлаар 25% буюу 308 хүнийг урьдчилан сэргийлэхийн үзлэгт хамрагдах ёстой. Үүнээс урьдчилан сэргийлэхийн үзлэгт хамрагдсан хүүхдийн тоо 304 буюу 98%-тай байгаа.
Өвчтэй илэрсэн хүүхэд 150, үүнээс эрүүлжүүлсэн хүүхэд 54 байгаа. Журмын 4.5-д заасны дагуу 90-100% бол 5 оноо өгөх ёстой байсан. Энэ хэсэгт мөн бидний оноог хасаж өгсөн учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Ажлын хэсэг хагас жилийн үзлэгт хамрагдах ёстой өсвөр насны хүүхдийн хувийг 25%-аар биш 50%-аар тооцсон нь үндэслэлгүй.
5.3. Шалгуур үзүүлэлтийн 1.1.4. Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн хамралт хэсгийн 4.1-д Эрт илрүүлэг үзлэгийн хамралтыг нэмэгдүүлэх гэсэн байгаа. 4.1-ийн 1, 2, 4 дэх хэсэгт маргахгүй, 3 дахь хэсэг болох Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн ам хувиар /30-60 нас/ гэсэн үзүүлэлтийн оноонд маргаж байна. Энэ үзүүлэлтэд тухайн жилд зорилтот бүлгийн хүн амыг эрт илрүүлэх үзлэгт 100% хамруулна гэвэл хагас жилийн байдлаар 50%-ийг үзлэгт хамруулах ёстой. Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт бүтэн жилийн байдлаар 607 хүн хамрагдах ёстой. Хагас жилийн төлөвлөгөөнд 304 хүнийг бид нар хамруулна гэж төлөвлөсөн. Үүнээс үзлэгт 287 хүн буюу 94%-ийг хамруулсан. Журамд зааснаар 90-100% хамруулсан бол “5” оноо өгөх ёстой байхад “4” оноо өгсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ талаар умайн хүзүүний эмгэг эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдийн бүртгэлийг нотлох баримтаар өгсөн. Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн сарын мэдээг өгсөн. www.screening.gov.mn программаас 1-6 сард үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдийн бүртгэлийг харах боломжтой байсан. 6 сараас хойш энэ программ ажиллахгүй хаагдсан байгаа. Эхний 6 сарын мэдээг энэ программд оруулсан байгаа.
5.4. Шалгуур үзүүлэлтийн 1.1.6. Зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хэсгийн 6.1 Настны эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх хэсэгт өгсөн оноотой маргаж байна. 6.1 нь ахмад настныг урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралтын хувь, ахмад настныг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний хэрэгжилт 1,2 гэсэн үзүүлэлттэй. Журамд зааснаар урьдчилан сэргийлэх үзлэгт бүтэн жилийн байдлаар ахмад настны 70 хувийг хамруулах ёстой. Хагас жилийн байдлаар 35 хувийг урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулна гэж ойлгоно. Нийтдээ бүртгэлтэй 903 хүнээс хагас жилд 452 ахмад настныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ёстойгоос 408 хүн буюу 90 хувийг хамруулсан. Үүнээс 365 хүн өвчтэй гэж илэрсэн. Эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг 207 хүнд авсан, үүнээс өдрийн эмчилгээнд 157 хүн, сэргээн засах тусламж үйлчилгээнд 66 хүн хамрагдсан байгаа. 1.1.6-д заасан шалгуур үзүүлэлтээс нийтдээ 4.5 оноо авах ёстой, 3.75 оноо тавьсан нь үндэслэлгүй байна.
Эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээтэй холбоотой өдрийн эмчилгээ, сэргээн засах тусламж, үйлчилгээ, гэрээр тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай төлөвлөгөө, тайлан, бүртгэлийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Ажлын хэсгийн шалгасан мэргэжилтэн нь мэдээллийн эх сурвалж хэсэгт зааснаас өөр баримт болох амбулаторийн картыг шаардаж, шалгаснаас болж бага оноо авсан.
5.5. Шалгуур үзүүлэлтийн 1.2.2 дахь шалгуур үзүүлэлт нь бүртгэгдсэн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн хэсэг байгаа. Энэ хэсгийг хариуцдаг манай эмч Улаанбаатар хотод сургалтаар явсан байсан. Оронд нь уг үзүүлэлттэй холбоотой сувилагч нарын үзүүлсэн баримт материалыг ажлын хэсгийн гишүүн “биш байна” гэж үзээгүй, тухайн үед өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагааны стандарт, эрүүл мэндийн ангиллаар 4, 5 дугаар бүлэгт хамаарах хүн амын судалгааг мөн гаргаж өгсөн.
5.6. Шалгуур үзүүлэлтийн 1.2.3 Яаралтай тусламж, үйлчилгээ хэсгийн 9.1-ийн 3. Яаралтай тусламжийн богино хугацааны сургалтад хамрагдсан мэргэжилтний тоо гэсэн үзүүлэлтэд өгсөн 3 оноог зөвшөөрөхгүй. Уг үзүүлэлтийг сургалтад хамрагдсан хүний тоогоор дүгнэх ёстой. Эрүүл мэндийн газрын анхан шат хариуцсан мэргэжилтэн манайд 2023 оны 4 дүгээр сард сургалтаа явуулж, манай эмч, сувилагч нар оролцсон тул уг хэсгийн оноог бүрэн авах ёстой гэв.
6. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга тайлбартаа:
6.1. “Мейрим Өрхийн БГБХН нөхөрлөлийн 2022 оны 06 дугаар сарын гэрээний хэрэгжилтийн дүгнэлт “хангалттай” гарсан боловч 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 06 дугаар сарын дүгнэлтээр “хангалтгүй” үнэлгээ авсан. 2022 оны 12 дугаар сард М өрхийн эрүүл мэндийн төв нь бүтэн жилийн үнэлгээгээр 46.38% буюу “хангалтгүй” үнэлгээ авсан. Тухайн үед Эрүүл мэндийн газрын дарга тухайн үеийн нөхцөл байдал хүнд байсныг харгалзан үзэж М өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэн жилийн үнэлгээг 80% буюу “хангалттай” үнэлгээ өгч тэнцүүлж, тухайн хяналт шалгалтын үед “хангалтгүй” оноо авсан шалгуур үзүүлэлт бүрээр зөвлөмж явуулж, Эрүүл мэндийн газрын даргаар удирдамж батлуулсан. Уг удирдамжийн дагуу удаа дараа танхимын болон ажлын байрны сургалтуудыг зохион байгуулж туслан дэмжиж ажилласан боловч зөвлөмжийн биелэлт нь мөн адил хангалтгүй байсан ба Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн шийдвэрт Эрүүл мэндийн газрын дарга оролцох эрхгүй тул өөрийн гаргасан алдаагаа залруулах тухай 616 тоот албан бичгийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн даргад хүргүүлэн ажилласан.
6.2. Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/104 дугаартай тушаалаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.11-д “Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд өрхийн эрүүл мэндийн төвийн хүн амд үзүүлэх үндсэн үйлчилгээ болох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн оноо 100 оноо буюу 74%-ийг эзлэх бөгөөд 69,9 ба түүнээс доош оноо авсан тохиолдолд “Хангалтгүй”; 4.12-т “Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд төвийн удирдлага, манлайлал бүлгийн оноо 35 оноо буюу 26%-ийг эзлэх бөгөөд 24,5 ба түүнээс доош оноо авсан тохиолдолд “Хангалтгүй” гэж тооцно.” гэж заасан. Үүнээс үзвэл М өрхийн эрүүл мэндийн төв нь удирдлага, манлайлал бүлэгт тэнцсэн боловч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлэгт “хангалтгүй” үнэлгээ авсан.
Мөн журмын 5.3-т “Дараах тохиолдолд төвийн гэрээг шууд цуцална”, 5.3.4-т “Гүйцэтгэгч талын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн нийлбэр оноо нь “Хангалтгүй” гэж дүгнэгдсэн” гэж заасан тул захиалагчийн санаачилгаар гэрээг цуцалсан болно.
6.3. М өрхийн эрүүл мэндийн төв нь сүүлийн 8 жилийн турш байнга удирдлага ажилчдын хоорондын маргаанаар шүүх, цагдаагийн байгууллагаар явж, багаар ажиллаагүйгээс болж ард иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, чансаа алдагдаж, хүртээмж алдагддаг байсан ба шүүх хуралдаан болоход Эрүүл мэндийн газраас мэргэжилтнүүдийг байн байн дуудаж оролцуулдаг байсан.
6.4. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг шалган үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг хугацаагүйгээр байгуулсан ба хүний нэр дурдаагүй тул албан тушаалтан өөрчлөгдсөн ч ажлын хэсгийг шинээр байгуулах шаардлага байхгүй учраас Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсэг нь 2023 оны хагас жилийн гүйцэтгэлийн гэрээнд хяналт, дүгнэлт хийсэн болно.
Мөн 2022 онд А/391 дүгээр захирамжаар тус ажлын хэсгийг батлуулах болсон шалтгаан нь Засаг даргын тамгын газрын санхүү эдийн засгийн хэлтсийн албан тушаалтан нь өмнөх гүйцэтгэлийн үнэлгээний хяналт, шалгалтын ажлын хэсэгт байсан бөгөөд хяналт, шалгалт хийх үед ирж байгаагүй, ач холбогдол өгдөггүй байсан тул шинэ сайдын тушаал батлагдсанаар санхүү, эдийн засгийн зөвлөгөө өгөх мэдлэг, ур чадвартай, эрүүл мэндийн салбар хариуцсан эдийн засагчийг ажлын хэсэгт оруулсан.
6.5. Журмын 4 дүгээр зүйлд гэрээний хэрэгжилтийг дүгнэх аргачлалыг заасан. Үүнд 4.11-д “Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн оноо 100 оноо буюу 74%-ийг эзлэх бөгөөд 69,9 ба түүнээс доош оноо авсан тохиолдолд “Хангалтгүй” гэж үзнэ.” гэж заасан. 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хийсэн хяналт, шалгалтаар тус өрхийн эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгээс 67,05 оноо буюу “хангалтгүй” үнэлэгдсэн. Мөн журмын 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Дараах тохиолдолд төвийн гэрээг шууд цуцална.”, 5.3.4-т “гүйцэтгэгч талын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн нийлбэр оноо нь “Хангалтгүй” гэж дүгнэгдсэн” гэж заасан. Тиймээс М өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээг гүйцэтгэгч талын саналыг харгалзахгүйгээр шууд цуцалсан нь хуулийн үндэслэлтэй байна.
6.6. Мөн аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга болон М нөхөрлөл нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу “Захиргааны гэрээ” бөгөөд Иргэний хуулийн 289 дүгээр зүйл буюу ажил гүйцэтгэх гэрээний суурь зохицуулалт оршдог болно. Тус ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь ажлын үр дүн буюу гэрээний гүйцэтгэл байх тул тус өрхийн эрүүл мэндийн төвийн ажлын үр дүнг Засаг даргын захирамжаар баталсан аймгийн Засаг даргын тамгын газрын болон Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг дүгнэдэг.
Тиймээс хангалтгүй үнэлгээ авсан нь өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээг цуцлах үндэслэл байна гэжээ.
7. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
7.1. Эрүү мэндийн сайдын 2022 оны А/104 дугаартай тушаалаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих сунгах, дуусгавар болгох журам”-ын нийтлэг үндэслэлийн 1.2-т “Гэрээний захиалагч тал нь Аймаг, Нийслэлийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, гүйцэтгэгч тал нь өрхийн эрүүл мэндийн төвийн дарга байна.” гэж заасан. Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын дарга нь нийлээд захиалагч тал буюу гэрээний нэг тал болж байгаа. Нөгөө тал нь “Мейрим өрхийн” эрүүл мэндийн төвийн газар болж байна. Иймд гэрээ 2 талтай тул уг гэрээг гурван талт гэрээ гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын чиг үүргийг зааж өгсөн. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна.” гэж заасан. Гэрээний нэг талд нь төр нөгөө талд нь хувийн хэвшлийн байгууллага байгаа.
7.2. Нэхэмжлэгчийн үйл ажиллагаагаа хангалттай явуулж байгаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 2022 онд М өрхийн эрүүл мэндийн төв гэрээний хэрэгжилтийн үр дүнгээр 61 буюу “хангалтгүй” үнэлгээ авсан. Цаг үеийн байдал хүндэрч, томуу өвчний дэгдэлтийн үеийг харгалзан үзэж ажлын хэсгийн үнэлгээг нэмж өгч, тэнцүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн нь хэргийн нотлох баримтаар тогтоогдож байна.
7.3. Ажлын хэсгийг Эрүүл мэндийн газар байгуулаагүй. Тухайн үеийн Засаг дарга захирамж гаргаж байгуулсан ажлын хэсэг нь 2022 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ нь Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газрын төлөөлөл болох 9 хүний бүрэлдэхүүнтэй. Журамд өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээг дүгнэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулахаар тусгагдсан байх бөгөөд жил бүр шинэчлэн батлах талаар заагаагүй.
Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хагас жилийн ажлыг дүгнэсэн байна. Ажлын хэсэгт шаардлага хангахгүй хүн орж ажилласан гэх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлгүй. Манай Эрүүл мэндийн газрын эдийн засагч О.Айбота нь мэргэжлээрээ 25 жил ажилласан хүн байгаа.
7.4. Нэхэмжлэгч тал илтгэх хуудас гаргаагүй гэх тайлбар хэлсэн. Журмын 6 дугаар бүлэгт илтгэх хуудаст талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. 2023 оны 6 дугаар сарын үед тухайн үнэлгээг хийгээд үнэлгээний дүнг танилцуулсны дараа мэдэгдэх хуудас гэсэн нэртэйгээр явуулсан. Мэдэгдэх хуудас, илтгэх хуудас гэсэн нэр нь ялгаатай байгаа болохоос журмын дагуу явуулсан.
Илтгэх хуудсанд ямар оноо авсан, тэнцсэн эсэхийг бичээд доор нь Эрүүл мэндийн газрын дарга, Засаг дарга гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болдог байгаа. Тухайн үед Засаг даргад танилцуулаад гарын үсгээ зурсан. Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга гарын үсгээ зураагүй байсан. Тиймээс илтгэх хуудасны талаарх тайлбар нь үндэслэлгүй.
7.5. Гэрээний шалгуур үзүүлэлт нь 2 бүлэгтэй. Эхний бүлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэсэг гэж байгаа. Хоёр дахь нь төвийн удирдлага, манлайлал гэсэн хэсэг юм. Журмын 5.3-д “Дараах тохиолдолд төвийн гэрээг шууд цуцална:”, 5.3.4-т “Гүйцэтгэгч талын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн нийлбэр оноо нь “хангалтгүй” гэж дүгнэгдсэн,” гэж заасан. Өөрөөр хэлбэл, зөвхөн гэрээний нийлбэр оноогоор биш нэг бүлгийн оноогоор тэнцээгүй бол энэ нь гэрээг цуцлах үндэслэл үүсдэг гэдгийг хэлмээр байна.
7.6. Эрүүл мэндийн газраас 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 500 дугаартай албан бичгээр Засаг даргад “... өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хяналт шалгалт хийсэн. Тухайн хяналт шалгалтаар М болон Р өрхийн эрүүл мэндийн төв нь хангалтгүй оноо авсан тул А/104 дүгээр тушаалын 4.8, 4.11, 4.12, 5.2, 5.3.4, 5.3.7 дахь заалтыг үндэслэн энэхүү 2 өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээг дуусгавар болгож байна. Тийм учраас хууль журамд зааснаар арга хэмжээг авна уу” гэсэн хүсэлтийг илгээсэн. Өөрөөр хэлбэл тухайн үед Засаг дарга мэдэж байсан.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5.4, 5.5-д заасны дагуу энэхүү журмыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь Эрүүл мэндийн газар байсан учраас мөн дээрээс нь Засаг даргаас хариу ирээгүй тул Эрүүл мэндийн газраас энэхүү мэдэгдэх хуудсаа өрхийн эрүүл мэндийн төвд журмын дагуу хүргүүлсэн. Засаг даргаас нэг талын санаачилгаар гэрээг цуцлах шийдвэр гаргасан нь буруу байна гэх мэдүүлгийг шүүхэд өгсөн мөртлөө өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн илтгэх хуудсанд өөрөө гарын үсэг зурж, тамгаа дарсан. Иймд Засаг даргаас гэрээ цуцалсныг би мэдээгүй. Нэг талын санаачилгаар шийдвэр гаргасан гэх тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй байна гэв.
8. Хариуцагч Ажлын хэсгээс гаргасан тайлбартаа:
8.1. М өрхийн эрүүл мэндийн төвд Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/104 дүгээр тушаалын дагуу 2023 оны хагас жилийн байдлаар хяналт, дүгнэлт хийхэд, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1 Үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн хяналт хэсгээс 10 оноо авах ёстойгоос 7,7 оноо авсан. Үйлчлэх хүрээний хүн амын судалгаа боловсруулж төлөвлөгөө гаргасан боловч хяналтын хувь нь хангалтгүй. 4,5-р бүлгийн иргэдэд байнгын хяналт тавьдаггүй. Насны бүлэг бүрээс 10 хяналтын картыг түүвэрлэн үзэхэд Эхний долоо хоногт гэрээр үзлэг хийж дүгнэлт бичсэн нь сайн боловч 2 сартайгаас 5 хүртэлх настай хүүхдийн гэрийн эргэлтийн хувь нь хангалтгүй байсан.
1.1.2 Дархлаажуулалт хэсгээс 5 оноо авах ёстойгоос 4,5 оноо авсан. Зөөврийн сав бүрд хэм хяналтын хэрэгсэл, хэм хянаж тэмдэглэх дэвтэр байхгүй. Эрүүл мэндийн сайдын 261 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтын дархлаажуулалтын өрөө нь 20-22 хэмийн дулаан байх гэсний дагуу термометрээр хянах ёстой ч тухайн өрөөнд термометр байршуулаагүй. Аймгийн төвд үйл ажиллагаа эрхэлдэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хувьд дархлаажуулалтын өрөө нь төвлөрсөн усан хангамжид холбогдоогүй. Хүйтэнд мэдрэг вакциныг доод сагсанд байрлуулсан.
1.1.3 Тухайн харьяаны хүн амын урьдчилан сэргийлэх үзлэг хэсгээс 10 оноо авах ёстойгоос 1 оноо авсан. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын хувь 43.6% тай байна. Өвчтэй илэрсэн хүний хувь, өвчлөл илэрсэн хүүхэд 0 хувьтай буюу илрүүлээгүй, үзүүлэх бичиг баримт байхгүй байна. Хүн амыг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний хэрэгжилт-Өвчтэй илэрсэн хүүхдийг илрүүлээгүй тул эмчлэн эрүүлжүүлсэн хүүхдийн хувь 0 хувьтай байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан өсвөр насны хүүхдийн хувьд холбогдолтой сайдын тушаалыг мэдэхгүй, хэдээс хэдэн насны хүүхдийг өсвөр насны хүүхэд гэж хэлэх талаар мэдлэг байхгүйн улмаас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдвал зохих нийт өсвөр насны хүүхдийн тоог 1704 байгаагаас 304 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, 150 хүүхэд өвчтэй, 504 хүүхдийг эмчлэн эрүүлжүүлсэн гэж худлаа бичсэн байна. Өвчлөл илэрсэн хүүхдийн хувийг худлаа гаргасан. Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хүүхдийн хувь 15% хувьтай буюу хангалтгүй үзүүлэлттэй байна. Өвчтэй хүүхдийг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний хэрэгжилт хамрагдалтын хувь 5% буюу хангалтгүй, мөн эргэн холбоо тогтоож хяналт тавьж ажиллаагүй байна. Тухайн хариуцсан мэргэжилтэн тайлангаа танилцуулж, хамгаалж чадахгүй, би мэдэхгүй гэсэн.
1.1.4 Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн хэсгээс 5 оноо авах ёстойгоос 4.6 оноо авсан. Цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн ам, хувиар / 18-аас дээш нас/ 79%-тай,чихрийн шижинг эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн ам, хувиар/40-64 нас/ 79%-тай, умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн ам, хувиар /30-60 нас/ 74.7%-тай, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн ам, хувиар /30-60 нас/ 92%-тай урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн өвчлөлийн судалгааг гаргасан боловч эргэн холбоо тогтоож, хяналт тавьж ажиллаагүй байсан.
1.1.5 Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хэсгээс 5 оноо авах ёстойгоос 4,5 оноо авсан. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын хувь-нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоо 3225, үүнээс урьдчилан сэргийлэх үзлэгт давхардсан тоогоор 1208 хүн хамрагдсан буюу 37.4%, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүлжилтийн хувь-224 хүнийг эрүүлжүүлсэн. 18.5%, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл шинэчлэгдсэн эсэх- Судалгааг бүрэн шинэчлээгүй, судалгаа нь дутуу, хүмүүсийн мэдээлэл буруу байна, шилжилт хөдөлгөөнийг гаргаагүй, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг гэр бүл төлөвлөлтөд хамруулсан хувь- 2023 оны эхний 5 сарын байдлаар 206 хүнийг хамруулсан байна.
1.1.6 Зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэнд тусламж, үйлчилгээний хэсгээс 5 оноо авах ёстойгоос 3.75 оноо авсан. Зорилтот бүлгийн иргэдийн эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ хангалттай зохион байгуулаагүй, үр дүнг тооцож ажиллаагүй байна.
1.2.1 Оношилгоо, эмчилгээний технологийн мөрдөлт хэсгээс 5 оноо авах ёстойгоос 4.7 оноо авсан. Стандарт, зааврын мөрдөлтийн хувь-85%, багцад заасан лабораторийн шинжилгээг бүрэн хийдэггүй.
1.2.2 Бүртгэгдсэн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хэсгээс 5 оноо авах ёстойгоос 0 оноо авсан. Эрүүл мэндийн эрсдэлт бүлгийн хүн амын бүртэл зөрүүтэй, тусламж, үйлчилгээ хангалтгүй үзүүлсэн, Эрүүл мэндийн сайдын 611 дүгээр тушаалын дагуу бүртгэж, хяналтдаа аваагүй, гэрийн эргэлтийн 6 сарын хугацаанд маш хангалтгүй хүнд үзүүлсэн байна.
1.2.3. Яаралтай тусламж, үйлчилгээ хэсгээс 5 оноо авах ёстойгоос 3,5 оноо авсан. Яаралтай тусламжийн арга хэмжээний хэрэгжилтийн хувьд гардан үйлдэл хийлгэхэд отсосыг ажиллуулж чадахгүй байна, яаралтай тусламжийн сургалтын үр дүн хангалтгүй, яаралтай тусламжийн хуудсыг буруу хөтөлдөг. Яаралтай тусламжид шаардлагатай эм, тариа, багаж, тоног төхөөрөмжийн хангалтын хувь- отсосыг огт ажиллуулаагүй байна. Яаралтай тусламжийн богино хугацааны сургалтад хамрагдсан мэргэжилтний тоо 1, бүх эмч, эмнэлгийн ажилчид нь том хүний яаралтай тусламжийн богино хугацааны сургалтад хамрагдсан боловч, хангалтгүй байна. /Глазгогийн үнэлгээний тухай мэдлэг сул/ Хүүхдийн яаралтай тусламжийн сургалтад хамрагдаагүй.
1.2.4. Хүүхдийн тусламж үйлчилгээ хэсгээс 10 оноо авах ёстойгоос 5,1 оноо авсан. ХӨЦМ ашигласан хүүхдийг үнэлж ангилсан тоо маш хангалтгүй, давтан үзлэг хийдэггүй, давтан үзлэгт ирэх хүүхдэд хяналт тавьдаггүй. Суурь өвчтэй хүүхэд илрүүлсэн хувь хангалтгүй. Хүүхдийн үзлэгийн өрөөнд стандартын дагуу хүүхдийн өндөр хэмжигч метр байрлуулаагүй.
1.2.5. Жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн эх нярайн тусламж, үйлчилгээ хэсгээс 10 оноо авах ёстойгоос 8,25 оноо авсан. Жирэмсний эрт үеийн хяналтын хувь-94.9%-тай, жирэмсний хугацаанд 8 болон түүнээс дээш үзүүлсэн эхийн эзлэх хувь- Нийт төрөлт 154, үүнээс 8-с дээш үзүүлсэн хувь 25.8 байна. Төрсөн эх болгонд судалгааг нь гаргасан байна. Лавлагаа шатлалд хянагдаж байгаа эхийн хяналтын явцад мэдээллийг авч, эх барих, эмэгтэйчүүдийн эмчтэй эргэх холбоотой ажилласан арга хэмжээний хэрэгжилт- 53 эхийг лавлагаа шатлалд хамтран хянаж байна. Үүнээс 5 эхийг төрөх тасгийн хяналтад шилжүүлсэн.
Төрсний дараах эхчүүдийн гэрийн хяналтын хувь- төрсний дараах эхийн хяналтын хуудас боловсруулсан байна. Эргэж очсон тэмдэглэлтэй байсан. Утсаар 5 хүнээс асуусан. Төрсөн эх бүрийг 4 удаа очиж хянаагүй. Олон найрлагат бичил тэжээлээр хангасан хувь- Эрүүл мэндийн яамнаас хангаагүй тул оноогийн шууд өгсөн болно.
1.2.6. Сэргээн засах тусламж, үйлчилгээ хэсгээс 5 оноо авах ёстойгоос 4 оноог авсан. Сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх сургагдсан эмнэлгийн мэргэжилтэнтэй эсэх гэхэд, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэшүүлэх чиглэлээр эмч, сувилагчийг сургасан байна. Тусламж, үйлчилгээ үзүүлэх өрөөтэй эсэх- Сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх чийрэгжүүлэлтийн өрөөтэй боловч зориулалтын тусдаа өрөө байхгүй, сэргээн засах тусламж, үйлчилгээний бумба угаах, халдваргүйжүүлэх, гар угаах нөхцөл бүрдээгүй, өрөөний халдвар хамгааллын дэглэм хангалтгүй. Амбулаториор болон гэрээр сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлсэн арга хэмжээний хэрэгжилт- Амбулаториор болон гэрээр сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлсэн арга хэмжээний төлөвлөгөө хэрэгжилтийн тайлантай байна.
1.2.7. Гэрээ үзүүлэх тусламж, үйлчилгээ хэсгээс 10 оноо авах ёстойгоос 6,5 оноо авсан. Гэрээр 96 хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх ёстойгоос 60 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн буюу 62,5% байна. Сургагдсан мэргэжилтэнгүй.
1.2.8. Өдрийн эмчилгээ хэсгээс 5 оноо авах ёстойгоос 4 оноо авсан. Эрүүл ахуйн шаардлага хангасан өдрийн эмчилгээний өрөөтэй эсэх-эрүүл ахуйн шаардлага хангасан өдрийн эмчилгээний өрөөтэй байна. Өдрийн эмчилгээний арга хэмжээний хэрэгжилт- өдрийн эмчилгээнд хамрагдсан нийт хүн амын тоо өмнөх оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Өвчний түүх бичилтийн стандарт мөрдөлтийн хувь /түүвэрлэн үзэх/- Өдрийн эмчилгээний өвчний түүх бичилтийн стандарт мөрдөлт хангалтгүй, оношны үндэслэл дутуу бичдэг, эмийг олон улсын нэршлээр бичдэггүй, ихэнх эмийг худалдааны нэрээр бичиж, адилхан үйлдэлтэй эмийг нэг хүний эмчилгээнд давхар бичилттэй байна.
1.2.9. Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ хэсгээс 5 оноог бүрэн авсан. Уламжлалтын эмчилгээний эмчтэй, Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд хамрагдсан иргэд өмнөх онтой харьцуулахад нэмэгдсэн байна.
8.2. Төвийн удирдлага, манлайлал бүлгийн 2.1. Засаглал, удирдлагын манлайлал хэсгээс 5 оноо авах ёстойгоос 2,2 оноо авсан. Тулгамдсан асуудлыг хамт олны түвшинд хэлэлцэж шийдвэрлэсэн эсэх- өрхийн эрүүл мэндийн төвийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ажиллаж байгаа боловч төвийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэн, манлайлан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлж, 2 удаа ажил сайжруулах сануулга авч байгаа ба санаачилгатай байдал, шинэлэг арга барилаар ажиллах чадвар дутмаг байгаа нь харагдаж байна. МА8АМ2 төслийн хүрээнд төвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сургалт сурталчилгаа, нэлээдгүй ажлуудыг хамтран зохион байгуулсан ба цахим портал сайтын хэрэгжилт хангалттай түвшинд явагдаж, эмч бүрийн хаалганд болон угтах үйлчилгээний дэргэд байршуулсан СЖ код уншуулан үйлчлүүлэгчдийн үнэлгээ өгөх байдал сайжирч байгаа.
Хамт олны зүгээс гомдол гараагүй байх-Гараагүй. Ёс зүйн зөрчил гаргаагүй байх- Гараагүй. Хамт олны сэтгэл ханамжийн хувь-85%, Нөхөрлөлийн гишүүнд хамрагдсан эмнэлгийн мэргэжилтний хувь- нөхөрлөлийн гишүүд эмч, эмнэлгийн мэргэжилтэн 70% хамрагдсан байна. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн хувь-10%, сэтгэл ханамжийн мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилт-байхгүй. Нөхөрлөлийн гишүүнд хамрагдсан эмнэлгийн мэргэжилтний хувь 70% байх ёстойгоос 50%-тай байна.
Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн хувь-0% буюу хяналт дүгнэлт хийж, тухайн өдөр өрхийн эрүүл мэндийн төвд үйлчлүүлэхээр ирсэн иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч ажиллахад гэрийн эргэлт хийдэггүй, нярайн хяналт байхгүй гэх мэт санал, гомдол хэлж байсан. Сэтгэл ханамжийн мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилт-0% тай байна.
2.2. Төвийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл хэсгээс 5 оноо авах ёстойгоос 3.3 оноо авсан.Төлөвлөгөөний биелэлтийг хамт олонд тайлагнаагүй.
2.3. Хүний нөөцийн хөгжил 5 оноо авах ёстойгоос 4,6 оноо авсан. Стандартын дагуу эмнэлгийн мэргэжилтнээр хангагдсан хувь-стандартын дагуу эмнэлгийн мэргэжилтнээр хангагдсан байна. Албан хаагчдын шилжилт хөдөлгөөний хувь - албан хаагчдаас жилийн чөлөө авсан ажлаас гарсан хүн байхгүй байна. 3-аас дээш жил тогтвортой ажилласан эмнэлгийн мэргэжилтний хувь -албан хаагчдын 70-иас дээш хувь нь 3-с дээш жил ажилласан байна. Хүний нөөцийн төлөвлөгөөний биелэлтийн хувь-хүний нөөцийн төлөвлөгөөний биелэлтийн хувь 85% байна. Өрхийн анагаах, хүүхэд болон бусад нарийн мэргэжлийн мэргэшсэн эмнэлгийн-мэргэжилтний эзлэх хувь- эмнэлгийн мэргэжилтний >60% мэргэшсэн байна. Багц цагийн биелэлтийн хувь- багц цагийн сургалтад 80% хамрагдсан байна.
2.4. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлага хэсгээс 5 оноо авах ёстойгоос 4.1 оноо авсан. Магадлан итгэмжлэлд хамрагдсан эсэх 2 жилээр магадлан итгэмжлэгдсэн /2022-2024/, ЭМТҮ-ний чанар, аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээний хэрэгжилт- ЭМТҮЧАБ-ын төлөвлөгөөний хэрэгжилт 85%, Чанар, аюулгүй байдлын сургалтын арга хэмжээний хэрэгжилт-чанар,аюулгүй байдлын дотоод сургалтуудыг тогтмол явуулдаг боловч эмч, эмнэлгийн ажилчдын мэдлэг хангалтгүй байна. ЭТҮ-тэй холбоотой тохиолдлын бүртгэлийн хэрэгжилт- эмнэл зүйн тохиолдлуудыг бүртгэдэггүй. Чанарын дотоод хяналтын төлөвлөгөөний хэрэгжилт- чанар, аюулгүй байдлын дотоод хяналт хийх график гаргаагүй, дотоод хяналт хангалтгүй хийгддэг. Хяналтын хуудас ашиглан үнэлгээ хийж, авсан арга хэмжээний хэрэгжилт- хяналтын хуудасны тоо хангалтгүй байна. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/538 дугаар тушаалын хэрэгжилт хангалтгүй. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн халдварын сэргийлэлт хяналтын багийг Эрүүл мэндийн сайдын А/536 дугаар тушаалын 1.5.5 дахь заалтад заасан албан тушаалын ажилтнуудыг оролцуулан гаргаагүй. Эрүүл мэндийн ажилтанг жилд 1-ээс доошгүй удаа халдвар илрүүлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулаагүй. Шинэ вирусын халдвар, халдварт өвчний дэгдэлтэд эмнэлгийн бэлэн байдлын тусдаа нөөц байхгүй, нөөцийн судалгааг гаргаагүй.
2.5. Тоног төхөөрөмжийн хангалт, ашиглалт, баталгаажилт хэсгээс 5 оноо авах ёстойгоос 4.4 оноо авсан.
2.6 Төсвийн гүйцэтгэлийн мэдээг хугацаанд нь гаргасан тоо гэрээр үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон гэрийн эргэлт хийхэд өмнөх өгсөн зөвлөмжийн дагуу эмч, ажилчдад шатахуун олгоогүй. Батлагдсан төсвийн 6%-ийг эмийн зардалд зарцуулсан энэ нь бусад өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй харьцуулахад хангалтгүй байна. Хувь хүний орлогын албан татварт 2,5 сая төгрөгийн өглөгтэй буюу 95,8 сая төгрөгийн өглөгтэй, санхүүгийн тайланг улирал бүр гаргасан байх, аудитад хамруулж дүгнэлт гаргуулсан байх-нэгдүгээр улирлын санхүүгийн тайланг гаргаж, баталгаажуулаагүй. Хуулийн хэрэгжилтийн хувь-тухайн жилээс эхэлж улсын хэмжээнд өрхийн эрүүл мэндийн төвөөс шилэн дансанд мэдээлэл байршуулахгүй байгаа учир opendata.mn буюу 1313.mn-д санхүүгийн мэдээлэл шивж байгаа байдал болон төсөв, санхүүгийн ил тод байдлын самбар ажиллуулсан эсэх, ажилчид нь төсөв, санхүүгийн мэдээлэлтэй байгаа эсэхийг харгалзан үзэж үнэлэхэд санхүүгийн ил тод байдал хангалтгүй.
Ажилчидад эхний 6 сарын төсвийн орлого, зарлагын талаар танилцуулаагүй. Төсөв, санхүүгийн ил тод байдлын самбар дээр мэдээлэл байршуулаагүй. Хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр ангилж бүртгэсэн хувь- гематалогийн аппарат 1 ширхэг, 23,0 сая төгрөг, урвалжийн хөргөгч 1 ширхэг, 3,8 сая төгрөг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг, 2,9 сая төгрөг, шээсний анализатор 1 ширхэг, 3,0 сая төгрөг, отсос 1 ширхэг, 1,0 сая төгрөг, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат 1 ширхэг, 4,1 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авч, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу 100% тусгаж ажилласан байна.
2.7. Статистик үзүүлэлт, мэдээ, тайлан хэсгээс 5 оноо авах ёстойгоос 4,1 оноо авсан. Нийт үзлэгт урьдчилан сэргийлэх үзлэгийн хувь-47,5%, нийт үзлэгт гэрийн идэвхтэй эргэлтийн эзлэх хувь-10,3%, эхийн эндэгдлийн түвшин /100000 амьд төрөлт тутамд/-эхийн эндэгдэл гараагүй тул бүрэн оноогийн өгөв. 0-1 насны хүүхдийн эндэгдлийн түвшин /1000 амьд төрөлт тутамд/-13.5 промиль, 1-5 насны хүүхдийн эндэгдлийн түвшин /1000 амьд төрөлт тутамд/- 5,5 промиль, амьгүй төрөлтийн түвшин /1000 төрөлтөд/-5.6 промиль, хяналтгүй төрөлтийн тоо- байхгүй тул бүрэн оноогийн өгөв.
Санхүүжилт хэсгээс 5 оноо авах ёстойгоос 3 оноо авсан. Тушаалын хэрэгжилтийн хувь цалингийн санг 5.6%-иар хэтрүүлэн цалин хөлсийг тогтоосон. Эмч ажилчдын цалин хөлс нь Монгол Улсын төсвийн байгууллагуудын эмч ажилчид болон удирдах ажилтнуудын үндсэн цалингаас өндөр буюу зөвхөн нөхөрлөлийн гишүүдийн үндсэн цалинг илүү нэмэгдүүлсэн байдалтай тогтоож олгосон гэжээ.
9. Хариуцагч ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
9.1. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалын дагуу баталсан журмын дагуу гэрээний зарим үзүүлэлтүүдийг 2-оор үржүүлэн дүгнэнэ гэж заасан нь үнэн. Тэрний дагуу Эрүүл мэндийн газрын хүүхдийн тусламж үйлчилгээ буюу эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ерханат тухайн үед шүүхэд өгсөн нэмэлт тайлбартаа яаж бодсон аргачлалаа хэлсэн байгаа. Тиймээс шалгуур үзүүлэлтийн 1.1.1 дэх хэсэгт 7,7 оноо өгсөн гэж гарсан.
Ажлын хэсгийн гишүүн Ерханатын өгсөн оноог тооцоход 1.1.1-ийн эхний 3 хэсэгт 4, 3, 1.5 оноо өгсөн. Хооронд нь нэмэхээр 8.5 оноо гараад үүнийг 3-т хуваахад 2.83 гарч байна. 2 дугаар хэсэг нь 6 хэсэгтэй. Тэрний 5 хэсэгт 5 оноо, 1 хэсэгт 4 оноо нийт 29 оноо гараад тэрийг 6-т хуваахаар 4.83 гарч байна. 2.83 болон 4.83-ийг нэмэхэд 7,7 оноо гарсан нь үндэслэлтэй гэж бодож байна. Ажлын хэсгийн гишүүн Ерханат мэргэжилтэн маань магадгүй 60 хувь буюу 1,1 оноо авах ёстой хэсгийг нь дэмжээд 1,5 оноо өгсөн байх. Жишээ нь 60-69 хувийн хоорондын хэрэгжилттэй байх юм бол 1 оноо өгөх ёстой. М өрхийн эрүүл мэндийн төвийг дэмжих утгаар нь 1.5 оноо тавьсан байж магадгүй. Уг нь 1 оноо гэж авах ёстой байсан.
9.2. М ӨЭМТ-д нийт урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдсан хүмүүсийн тоог өөрсдийн тайлан дээр 67%-тай гээд заасан, очиж үзэхэд 43,6% байсан. Статистик тоо, мэдээнээс үзэхэд 47.5% гэж гарч ирсэн. Бид нарын шүүхэд гаргаж өгсөн статистикийн тоо, мэдээний нотлох баримт дээр ч 47,5%-тай байсан.
Энэ хэсэгт судалгаа гаргасан гэдэг утгаар 1 оноо тавьсан. Урьдчилан сэргийлэх үзлэгээ чанартай сайн үзүүлж байж, ард иргэдийн эрүүл мэнд сайжрах байгаа. Хувь нь буруу гарч ирэхээр нийт хамрагдвал зохих хүний тоо буруу гарч ирнэ, өвчтэй хүний тоо буруу гарч ирнэ. Бүх юм нэг нэгэнтэй холбоотой учраас зөрүү гарч болохгүй. Мөн Сайдын 611 дүгээр тушаалын 11 дүгээр хавсралтаар заасан маягтыг бөглөж надад үзүүлэх ёстой байсан, надад маягтыг үзүүлээгүй.
Хүн амын тоо нь зөрөөд, дээрээс нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын хувь нь зөрсөн, маягт байхгүй учраас би өвчтэй илэрсэн хүний хувь гэдэг дээр нь “0” оноо тавьсан. Өвчтэй илэрсэн хүмүүсийн тоо нь статистик мэдээнд 1293 гэж гаргаад ирсэн байхад өвчлөл илэрсэн хүний тоог 1338 гэж хаанаас гаргаж ирсэн нь бүү мэд. Өөрсдийн өгсөн тайлан дээрх хувь болон, статистик мэдээний тоо баримт нь хоорондоо зөрүүтэй байсан учраас 1.1.3 дахь хэсэгт 1 оноо өгсөн. Шүүхэд өмнө энэ талаар өгсөн тайлбараа дэмжиж байна.
3.2. Өсвөр насны хүүхдийн үзлэг, шинжилгээнд хамруулж, арга хэмжээ авах үзүүлэлтэд 3 оноо тавьсан. Өсвөр насны хүүхдийн үзлэг шинжилгээний хамралтын хувь нь бас зөрөөд байгаа. Эрүүл мэндийн газарт өгсөн М өрхийн эрүүл мэндийн төвийн өгсөн тоо, одоо хэлээд байгаа тоо, тухайн үед хэлсэн тоо бүгд өөр өөр. Нийт 1704 өсвөр насны хүүхэд байх ёстой. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын хувийг 91%-тай гэсэн боловч өөрсдөө хамгаалж чадаагүй. Т эмч шүүхэд өгсөн мэдүүлэгдээ сайдын холбогдох тушаалыг мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Сайдын тушаалаар өсвөр насны хүүхдэд хэдэн насны хүүхэд хамаардгийг мэдэхгүй байгаа хүн цаашдаа үйл ажиллагаа явуулахад хэцүү. Төлөвлөгөө, тайланг шаардсан гаргаж өгөөгүй.
9.3. Шалгуур үзүүлэлтийн 1.1.4. Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн хамралтын хэрэгжилт бүтэн жилд 100% байх ёстой. Хагас жилд 50%-иар авна. Энэ хэсгийн хэрэгжилтийг журамд цахим программаас шалгахаар заасан. Тухайн жилд зорилтот бүлгийн хүн амыг эрт илрүүлэг үзлэгт 100% хамруулсан байх шаардлагатай. Уг үзүүлэлтийн дагуу үзлэгт хамрагдсан хүнийг www.screening.gov.mn цахим программд бүртгэдэг, уг программ нь 6 сар хүртэл ажиллаж байсан. 6 сараас хойш ажиллахгүй байсан. Тухайн үед энэ тайланг гаргаж ирэх боломжгүй байсан. www.screening.gov.mn программ өнөөдрийн хүртэл ажиллахгүй байгаа. Бид 1.1.4 дэх хэсгийн үзүүлэлтүүдийн хэрэгжилт хэдэн хувьтай байгааг Эрүүл мэндийн газрын халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтний хагас жилийн байдлаар гаргасан статистик мэдээг үндэслэсэн. Бүтэн жилээр гаргах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл 6 сард ирж үзүүлсэн хүмүүсийн тоогоор үнэлсэн.
Гэхдээ бодит байдлыг харгалзан үзсэн бол үүнээс ч доогуур оноо авах байсан.
9.4. Шалгуур үзүүлэлтийн 1.1.6 Зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хэсгийн маргааны талаар ажлын хэсгийн гишүүн Уатханы өгсөн тайлбарыг дэмжиж байна. Энэ үзүүлэлтийн хувьд ахмад настанд эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авсан нь хангалтгүй байсан. Тиймээс уг үзүүлэлтэд “3” оноо тавьсан байх гэж бодож байна. Нэмж тайлбар хэлэхэд, Эрүүл мэндийн сайдын 611 тушаалын 11 дүгээр хавсралт гэж байгаа. Үүнд ахмад настныг урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралтын хувийг гаргахаас өмнө тоог яаж гаргах асуудал байна. 611 дүгээр тушаалын хавсралтад урьдчилан сэргийлэх үзлэгийн насанд хүрэгчдийн маягт гэж байдаг. Тэрний дагуу бүх насанд хүрэгчид, ахмад настнуудыг үзээд тэрний дагуу маягтуудаа бид нарт үзүүлэх ёстой байсан. Энэ тоог гаргаж ирэхийн тулд өвчтэй байна уу, эрүүл байна уу гэдэг нь тэр маягтаас гарч ирэх боломжтой.
9.5. Тухайн үед ажлын хэсэг М өрхийн эрүүл мэндийн төвд бүтэн өдрийн турш ажлын 8 цагаас илүү ажилласан. Илүү хугацаагаар ажилласан хугацаанд бид хэнийг ч яаруулахгүйгээр бүх үзэх ёстой шаардлагатай бичиг баримтуудыг үзсэн.
Шалгуур үзүүлэлтийн 1.2.2 дахь хэсгийг Жаннур эмч хариуцаж үзүүлэх ёстой байсан ч тухайн эмч зэрэг хамгаалахаар хот руу явсан гэсэн.
Жаннур эмч явахдаа холбогдох бичиг баримтыг хүлээлгэж өгөөгүй явсан байсан. Жаннур эмчийн сувилагч нь Айша гэдэг сувилагчид “бичиг баримтаа үзүүлээрэй” гэж хэлсэн. Х.Е даргын өөрт нь ч анхааруулаад бичиг баримтаа үзүүлээрэй, үзүүлэхгүй бол энэ хэсгээс “0” оноо авах гээд байна гэдгээ хэлсэн.
Айша сувилагч өөрөө хэлэхдээ “хэрэв хангалтгүй оноо авчих юм бол дараа нь ямар нэгэн хариуцлага хүлээж чадахгүй, манай дарга дараа нь урамшуулал хасаад өгөхгүй” гэсэн тайлбар өгсөн. Дараа нь Айша шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө үзүүлсэн гэсэн мэдүүлэг өгсөн байна.
9.6. Шалгуур үзүүлэлтийн 1.2.3 дахь хэсэг нь яаралтай тусламж, үйлчилгээний хэсэг юм. Яаралтай тусламж ямар хүнд хэрэгтэй вэ гэхээр эрүүл мэндийн яаралтай шаардлага гарсан хүнд тусламж үйлчилгээ үзүүлнэ. Бид мэргэжлийн хүмүүс учраас эрүүл мэндийн анхан шатны тусламжийг үзүүлж чадаж байх ёстой.
Арга хэмжээний хэрэгжилтэд манай эрүүл мэндийн газрын мэргэжилтэн тайлбар өгөхдөө тус төвийн эмч, сувилагч нар нь отсосыг ажиллуулж, глазгокомын үнэлгээг үнэлж чадахгүй байсан учраас манай мэргэжилтний тавьсан үнэлгээ нь зөв гэж үзэж байна гэв.
10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
10.1. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээг байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 1.4-т “Төвтэй байгуулах гэрээний салшгүй хэсэг нь шалгуур үзүүлэлт байна. Төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газар нь гэрээг дүгнэнэ” гэж заасан. Үүнээс харахад, гэрээний нэг тал нь аймгийн Засаг дарга ба Эрүүл мэндийн газар болох нь харагдаж байна. Мөн гэрээний нөгөө тал нь өрхийн эрүүл мэндийн төв байгаа. Ажлын хэсэг энэ шалгуур үзүүлэлтийн дагуу гэрээг дүгнэхдээ зөвхөн өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дүгнэсэн нь үндэслэл муутай болсон. Учир нь энэ журмын 3.7-д “Ажлын хэсэг нь төвтэй байгуулсан гэрээний болон захиалагч талуудын гэрээнд тусгасан үүргийн хэрэгжилтэд тус тус үнэлгээ хийж дүгнэлт өгнө.” гэж заасан. Гэтэл шүүхийн мэтгэлцээн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт хариуцагч талаас өгч байгаа тайлбар болон илтгэх хуудаснаас харахад, зөвхөн энэ шалгуур үзүүлэлтийн хүрээндээ өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ зохих журмын дагуу явж байна уу, үгүй юу гэдэг дээр л дүгнэлт өгсөн. Гэрээний хэрэгжилтийг дүгнэхдээ гэрээний захиалагч талуудын эрх үүрэг ямар байсан бэ гэдгийг давхар дүгнэхээр юм байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр бүлэг буюу аймгийн Засаг даргын эрх үүрэг гэдэг хэсгийн 4.1.1-д “Аймгийн Засаг дарга дараах үүргийг хүлээнэ” гэж заасан. 4.1.5-д “Төвийн эрүүл мэндийн цахим программ хангамж шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, автомашинаар хангахад дэмжлэг туслалцаа үзүүлнэ.” 4.1.6-д “Нутаг дэвсгэрийн хүн амын тоог жил бүр тодотгож, шилжилт хөдөлгөөн болон бусад шаардлагатай мэдээллээр улирал тутам хангах”, 4.1.7-д “Тухайн багийн түр оршин суугч болон бүртгэлтэй иргэдийн судалгааг төвтэй хамтран үнэн зөв гарган тулгалт хийж баталгаажуулах ёстой.” гэж заасан. Мөн 5 дугаар бүлгийн 5.1-д “аймгийн Эрүүл мэндийн газрын дарга дараах үүргийг хүлээнэ” гэж заасан. 5.1.5-д “төвийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, баг, багаж хэрэгсэл, оношлуураар хангахад дэмжлэг туслалцааг үзүүлэх”, 5.1.7-д “төвийн эмч ажилтнуудыг мэргэшүүлэх, сургалтад тогтмол хамруулж чадавхжуулах, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх” гэсэн үүрэг хүлээдэг. Ажлын хэсэг үнэлэлт дүгнэлт өгөхдөө гэрээг огт дүгнээгүй. Зөвхөн нэг талыг барьж зөвхөн өрхийн эрүүл мэндийн төвийн даргын эрх үүрэг ямар байсан, өрхийн эрүүл мэндийн төв гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн үү гээд хэт нэг талыг бариад үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь өөрөө шударга бус гэж дүгнэж байна.
10.2. Ажлын хэсэг журмын 3 дугаар хавсралтаар батлагдсан хүснэгтийн дагуу үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Хавсралтын загварыг өөрчилсөн гэж маргаж байгаа. Хавсралтаас харахад, гэрээ байгуулах үеийн тоон үзүүлэлт, суурь түвшин, тайлангийн өмнөх он, дараа нь гүйцэтгэл /гэрээг дүгнэх/, хүрсэн түвшин, тайлагналтын он гээд, үйл ажиллагаа гэдэг нь тусдаа багана, дээрээс нь мэдээллийн эх сурвалж гэдэг багана байдаг. Гэтэл ажлын хэсгээс энэ хүснэгтийг ямар байдлаар өөрчилсөн бэ гэхээр шалгуур үзүүлэлт, үйл ажиллагаа гэдгийг нэг багана болгоод үйл ажиллагаа гэдгийг үнэлэх аргачлал болгоод дээрээс нь илэрсэн алдаа дутагдал, зөрчил гэдэг зүйлийг зохиогоод үнэлэлт дүгнэлтийг өгсөн.
10.3. Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн 1 дүгээр бүлэг буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүлгийн 1.1 дэх хэсэг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэсэг буюу 1.1.1 үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн хяналт гэдэг дээр тавигдсан оноог ажлын хэсэг буруу үнэлж дүгнэсэн байна. Сайдын тушаалаар батлагдсан журмын 4.7-д шалгуур үзүүлэлтийн 1 дэх үзүүлэлт... гэж байгаа. Маргаантай хэсгийн нийлбэр онооны дунджийг 2 дахин үржүүлэх буюу 10 оноогоор дүгнэнэ гэж байгаа. 1.1.1 дотроо 1.1, 1.2 гэсэн 2 хэсэгтэй. Тэгээд 1.1-д 4, 3, 1,5 оноо, 1.2-т 5, 5, 5, 5, 4 гэсэн үнэлгээнүүд өгөгдсөн байна. Журмаараа үзэх юм бол энэ оноонуудыг нэмээд 9-т хуваагаад гарсан дүнг 2-оор үржүүлэх юм бол 8.34 гарч байна. Ажлын хэсэг оноо бодох аргачлалыг буруу тооцсон. Оноо бодох журмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн бутархай оноогоор үнэлгээ өгсөн гэдэг маргаан байна. Журмын 4.4.4-т 60-69%-ийн хооронд бол 1 оноо биш 2 оноо өгөх ёстой гэдэг нь харагдаж байна.
10.4. Нэхэмжлэгч тал манай эмнэлгийн харьяалан үзэх хүн амын тоо тогтмол тоо биш. 2022 оны байдлаар 13 мянга гаруй хүн амтай байсан. Одоо болохоор 15329 хүн амд эрүүл мэндийн анхан шатын тусламж үйлчилгээ хүргэн ажиллаж байгаа гэж тайлбарласан. Тэгэхээр энэ статистик мэдээлэл улирал тутам сар тутам магадгүй өдөр болгон өөрчлөгдөж байдаг. Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвийг шууд буруутгах боломжгүй. Журмын 4.7-д шалгуур үзүүлэлтийн 1, 3, 10, 11, 13 дахь үзүүлэлтийн нийлбэр онооны дунджийг 2-оор үржүүлж буюу 10 оноогоор дүгнэнэ гэж заасан. Журамд 2-оор үржүүлнэ гэж тодорхой заасан учраас 1.1.3-д заасан шалгуур үзүүлэлтэд 1 оноо өгч 2-оор үржүүлээгүй нь шударга бус байна.
10.5. Журмын 6.1-д гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн илтгэх хуудсанд талууд тус тус гарын үсэг зурж, эрх бүхий этгээд тамга тэмдэг дарж баталгаажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно гэж заасан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад илтгэх хуудсанд талууд тус тус гарын үсэг зурсан асуудал харагдахгүй байна. Эрх бүхий этгээд тамга тэмдэг дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох ёстой юм. Мөн 6.2-т “Илтгэх хуудсыг 3% үйлдэж холбогдох байгууллагад тус бүр авна” гэж заасан нь мөн зөрчигдсөн.
10.6. Журмын 3.2-т “Гэрээг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан талуудын төлөөлөл бүрдсэн 7-9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нь ил тод, шударга, нээлттэй зарчмыг баримтлан тэгш эрхтэй оролцон дүгнэнэ.” гэж заасан. Ажлын хэсгийн үүрэг нь захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар буюу нөхцөл байдлыг тогтоох үүргийг хэрэгжүүлж, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлнэ гэдэг зүйл харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулиас харахад, захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хэд хэдэн ажиллагааг хийж гүйцэтгэсэн байх ёстой. Эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийг тодорхойлоод эрх үүргийг нь тайлбарлаад сонсох ажиллагаа явуулаад нөхцөл байдлыг тогтоохын тулд нотлох баримт цуглуулах, гуравдагч этгээдээс тайлбар гэрчийн мэдүүлэг авах ч юм уу ийм байдлаар үүрэг хүлээлгэсэн зохицуулалттай байгаа. Гэтэл хариуцагч тал тухайн үед ажлыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх үед нэхэмжлэгч байгууллага өөрсдөө холбогдох баримтуудаа шалгуулаагүй. Хэрвээ харуулсан бол бид нар шалгах л байлаа гээд бараг хараад суучихсан юм шиг л тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээг дүгнэх, үнэлэлт дүгнэлт өгөх, чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, шударга бус, үйл ажиллагааг явуулсан нөхцөл байдал харагдаж байгаа
10.7. Гэрээний нэг тал болох Засаг дарга “...мэдэгдэх хуудас болон гэрээг цуцлахыг дэмжихгүй, зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээг нэг талын санаачилгаар шууд цуцалж байгаа нь үндэслэлгүй.” гэсэн тайлбар өгсөн. Тиймээс эдгээр нөхцөл байдлуудыг нь цогцоор нь дүгнэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх боломжтой байна гэв.
11. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
11.1 Аймгийн Засаг дарга хэргийн оролцогч биш. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын зүгээс хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан бол нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэдэг асуудлыг ярьж болох байх. Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч биш юм.
11.2. Нэхэмжлэгч талаас ажлын хэсэг үнэлгээ хийхдээ зөвхөн нэг талыг барьж буюу өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дүгнэсэн нь буруу гэж тайлбарлаж байна. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дугаартай тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-д заасны дагуу ажлын хэсгээс гэрээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн хүрээнд үнэлгээ хийсэн. Энд өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд өгсөн үнэлгээтэй холбоотой маргаж байна, Засаг дарга үүргээ биелүүлсэн эсэх асуудлаар маргаагүй.
11.3. Ажлын хэсгийн гаргасан үнэлгээний шалгуур үзүүлэлтийн 1.1.4 дахь хэсгийн асуудлаар маргаж байна. 1.1.4-д заасан шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт 79 хувь байсан. 79 хувийг тухайн арга хэмжээний хэрэгжилтийг 50%-иар авч үзэж, үүний 79% гэж тавьсан. Яагаад гэвэл Эрүүл мэндийн сайдын баталсан А/104 дүгээр тушаалын 4-т хувиар илэрхийлэгдэх шалгуур үзүүлэлтийг үнэлэхдээ 70-79 хувь, 60-69,9 хувь гэх мэт байдлаар хувьчилж үнэлгээ өгөхөөр тогтоосон. Энэ үнэлгээний зарчимд нийцүүлэн хариуцагчаас хамрагдах ёстой нийт хүн амын 50%-иар тухайн үзүүлэлтийн хэрэгжилтийг тооцсон гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
11.4. Шалгуур үзүүлэлтийн 1.1.3 дахь хэсгийн оноог 2-оор үржүүлэх байсан гэдэг асуудлыг үндэслэлтэй байж магадгүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна.
11.5. Ажлын хэсэг нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанартай холбоотой асуудалд үнэлгээ өгсөн. Гэрээний нийт үнэлгээгээр гэрээг цуцлахаар шийдсэн асуудал биш. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн бүлгийн хүрээнд шийдсэн асуудал. Тиймээс зөвлөмж өгөх асуудал яригдахгүй. Эрүүл мэндийн сайдын зүгээс төртэй байгуулсан гэрээг шууд цуцлах үндэслэлүүдийг журамд заасан. Журмын 5.3.4-т заасан үндэслэл бүрдсэн учраас гэрээг цуцалсан.
Гэрээний гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой ажлын хэсгийн зүгээс дүгнэлт өгсөн байдалд мэргэжлийн эмч, ажлын хэсгийн гишүүд тайлбараа хэлнэ. Гагцхүү шалгуур үзүүлэлтийн зарим хэсгийг 2-оор үржүүлээгүй гэдэг үндэслэл байж магадгүй.
11.6. Мэдэгдэх хуудаст гарын үсэг зураагүй, талуудад нэг хувь очоогүй учраас гэрээний үнэлгээ хууль бус гэдэг юм уу, үнэлгээ хүчин төгөлдөр болоогүй мэтээр тайлбарлаж байна. Энд илтгэх хуудас, мэдэгдэх хуудас гэдэг 2 бичиг үйлдэгдсэн.
Үүнтэй холбоотой нэг бичиг дээр нь өрхийн эрүүл мэндийн дарга нь гарын үсэг зурсан. Бид энэ асуудлыг зөвхөн А/104 тоот тушаалаар баталсан журмын хүрээнд ярихгүй. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд захиргааны акт хүчин төгөлдөр болох талаар заасан. Үүнд захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан. Энэ хууль, журам хоёр хоорондоо зөрүүтэй байвал хуулиа барих нь ойлгомжтой. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуульд зааснаар энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдэх л агуулга байна. Захиргааны актыг яаж мэдэгдэх вэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх ашиг, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ, захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасан. Захиргааны байгууллага гаргасан захиргааны акт шийдвэрээ зохих ёсоор танилцуулсан. Иймд энэ талаар маргах нь үндэслэлгүй байна.
11.7. Ажлын хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй мэтээр тайлбарлаж байна. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа зөвхөн захиргааны байгууллагын санаачилгаар явагддаг ажиллагаа биш. Энд тухайн оролцогч тайлбараа хэлдэг, нотлох баримт гаргаж өгдөг. Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд асуудлыг ярьж байгаа бол энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг ч гэсэн ярих ёстой. Нэхэмжлэгч М бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн зүгээс захиргааны шийдвэр гаргахаас өмнө нотлох баримт гаргаж, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгөх ёстой байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т нөхцөл байдлыг буюу энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрагдах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтын хүрээнд ажлын хэсгийн зүгээс үнэлгээгээ өгсөн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж харж байна.
11.8. Гэрээнд заасан үүргээ Засаг дарга биелүүлээгүйтэй холбоотой ч гэдэг юм уу, Засаг дарга энэ үнэлгээтэй танилцсан, танилцаагүйтэй холбоотой гэрээг цуцлаагүй. Засаг дарга өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийн үнэлгээнд үнэлэлт дүгнэлт өгдөг эрх бүхий этгээд биш. Энд мэргэжлийн байгууллага, мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Эрүүл мэндийн газар болон аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс үнэлгээ өгч дүгнэлтээ гаргадаг. Энэ дүгнэлт, үнэлгээнд Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга ч тухайлан оролцох эрх байхгүй.
Журмын 5.3.4-т зааснаар гэрээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн нийлбэр оноо нь хангалтгүй гэж дүгнэгдсэн гэдгийг үндэслээд Эрүүл мэндийн газраас гэрээг цуцалсан. Гэрээг цуцалсантай холбоотой 5.4-т зааснаар дараагийн өрхийн эмнэлэг байгуулах хүртэл хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй явуулаарай гэдэг байдлаар энэ журамд заасны дагуу арга хэмжээ авсан байна. Энд ямар нэг байдлаар журам зөрчсөн гэдэг юм уу, Захиргааны ерөнхий хууль зөрчсөн үйл баримт харагдахгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.