| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/01816/И |
| Дугаар | 182/ШШ2024/03323 |
| Огноо | 2024-08-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2024/03323
| 2024 08 06 | 182/ШШ2024/03323 |
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч хаягт байрлах ******* /РД:*******/-д холбогдох,
2017 оны 11 дүгээр сараас хойш хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан болохыг тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, 2020 оны 03 дугаар сараас 2024 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд түрээсийн мэргэжилтний ажил албан тушаалыг хавсран гүйцэтгэсэн цалин хөлс 25 688 000 төгрөг, 2021 оны 06 дугаар сараас одоог хүртэл харуул, хамгаалалтын ажлыг хавсран гүйцэтгэсэн цалин хөлс 21 600 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сараас 2021.05.31-нийг хүртэл хугацааны хоол, унааны олговорт 14 040 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сараас 2024 оныг хүртэл хугацаанд олгогдох ээлжийн амралтын цалин олговорт 3 788 324 төгрөг, нийт 65 116 324 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч П.*******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төрийн орон сууцын корпораци ХХК-д 2017 оноос хойш эхлэн Хөлсөөр ажиллах гэрээ-ний дагуу Буянт ухаа 1 хорооллын 457 авто зогсоолыг худалдан борлуулах, төлбөрийн мэдэгдэл өгөх, зэрэг ажлуудыг хийсэн. Буянт-Ухаа 2 хорооллын зарагдаж дуусаагүй 288 м.кв талбайтай 6 ширхэг зоорийн давхрыг манаж хамгаалан 4-ийг нь худалдан борлуулсан. Буянт-Ухаа 2 хорооллын хөрсний ус соруулах ажлыг Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран өдөр тутамдаа хийдэг байсан. ТОСК ХХК-иас ирсэн албан бичиг, гарын үсэг зуруулах мэдэгдлүүдийг Буянт-Ухаа-1, Буянт-Ухаа 2 хорооллын нийт 1000 гаруй айл өрхөд хүргэсэн. Эдгээр ажлыг 2017 оноос 2020 оны 03 сар хүртэл гүйцэтгэсэн. 2020 оны 03 сараас надад түрээсийн ажлыг давхар хийлгэдэг болсон. Шүүхийн журмаар шийдвэрлэх ёстой, түрээсийн төлбөрөө төлөөгүй айлуудад 1 сарын хугацаатай мэдэгдэл өгч, 3 хоногийн дотор зөрчилтэй айлыг орон сууцнаас гаргах, байрыг хүлээн авах, өр төлбөр барагдуулах зэрэг ажлыг өнөөдрийг хүртэл хийж байна. Түрээсийн гэрээгээ зөрчсөн 110 гаруй иргэдийг орон сууцнаас чөлөөлөн гаргаж, ТОСК-д хүлээлгэн өгсөн. 2021.06.01-нээс эхлэн Буянт-Ухаа 2 хорооллын баригдаж дуусаагүй 410 авто зогсоол, В1, В2 давхар ашиглалтад орсон авто зогсоолоор баригдаж байгаа барилгын харуул хамгаалалтын ажлыг 2023 оны 12 сар хүртэл гүйцэтгэсэн.
Эдгээр ажлыг гүйцэтгэж байхдаа миний бие хүнд зодуулах, маш их дарамт доор хүнд нөхцөлд ажиллаж байсан. Би ажлаа чин сэтгэлээсээ сайн гүйцэтгэсэн гэж үздэг. Миний нэхэмжлэлийн шаардлага нь ТОСК ХХК-д хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, 2020 оны 03 сараас 2024 оны 03 сар хүртэл түрээсийн мэргэжилтний ажил албан тушаалыг хавсран гүйцэтггэсэн цалин хөлс 40 хувиар тооцон 25 688 000 төгрөг, 2021 оны 06 сараас өнөөдрийг хүртэл харуул хамгаалалтын ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэн цалин хөлс 40 хувиар тооцон 21 600 000 төгрөг гаргуулах, мөн 2017 оны 11 сараас 2021.04.31-ийг хүртэл хоол, унааны зардалд 14 040 000 төгрөг, 2017 оны 11 сараас 2024 оныг хүртэл ээлжийн амралт биеэр эдлээгүй тул ээлжийн амралтын нөхөн олговорт 3 788 324 төгрөг, нийт 65 116 324 төгрөгийг ТОСК ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн шаардлага бөгөөд нэхэмжлэлээ дэмжиж байна.
Хөлсөөр ажиллах гэрээгээр тодорхой ажил үүргийг биечлэн гүйцэтгүүлдэг бол хөдөлмөрийн гэрээний хувьд байнгын ажлын байранд тодорхой ажил үүргийг үргэлжилсэн, давтагдсан шинжтэй гүйцэтгэдэг. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил үүрэг нь 2017 оноос хойш үргэлжилсэн буюу байнгын, давтагдсан ажил үүргийг гүйцэтгэж байгаа учраас хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах шаардлага гаргасан. Ажил олгогч хөлсөөр ажиллах гэрээ байгуулах эрхтэй боловч тухайн ажлын онцлог нь байнгын ажлын байр гэж үзнэ. ТОСК ХХК-ийн 2024 оны Хөдөлмөрийн дотоод журамд ажилтан хөнгөлөлт, тэтгэвэр, тэтгэмж, дэмжлэгт холбогдуулан санал хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй, ээлжийн амралтын хуваарийг 5.3-д зааснаар гүйцэтгэх захирлын тушаалаар батална, 6.1.5-д байгууллага нь ажилтанд цалин хөлснөөс гадна сар бүр хоол, унааны хөнгөлөлт олгоно гэх зохицуулалтууд байна. 2021 оны Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтан нь хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй адилтгах бусад гэрээгээр ажил гүйцэтгэж буй хүмүүст энэ журам нэгэн адил хамаарна гэснээс үзэхэд ээлжийн амралт олгох нь гэрээт ажилтны хувьд үндсэн ажилтантай адил эрхтэй гэдгийг нотолно. Энэ журмын 4.2-т цалин хөлс тогтоосон хугацаанд ажилтанд олгох, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр тогтоогоогүй бол хөдөлмөрийн нормыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагад нь цалин хөлсийг тогтооно гэж заасан.
Гэтэл ажил үүргээс нь илүү давсан үүргийг гүйцэтгүүлж байгаа нь хөлсөөр ажиллах гэрээ гэж үзэх боломжгүй. Энэ журмын 5.1.4, 6.3.2-д ээлжийн амралт эдлэх зохих журмын дагуу олгох, ажилтан жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэх талаар тодорхой заасан. Журмын 7.1.5-д байгууллага ажилтанд хөдөлмөрийн хөлснөөс гадна сар тутам хоол унааны нэмэгдлийг хамтын гэрээнд заасны дагуу олгоно, 7.2.2-т олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтанд урамшуулал олгоно, 9.5-д байгууллага нь ажилтны хөдөлмөрийн хөлснөөс гадна сар тутам хоол унааны нэмэгдлийг хамтын гэрээнд заасны дагуу олгоно гэж заасан.
Хөдөлмөрийн гэрээний харилцаа байсаар байтал П.*******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй хохироож байна. Олон жил байнгын ажлын байранд ажилласан байхад ажилласан жилийн нэмэгдэл олгогдоогүй, урамшуулал байдаггүй. Хөлсөөр ажиллах гэрээнүүдэд зааснаар гэрээт ажилтнуудад 2016 оноос хоол, унааны зардал өгч байсан атлаа нэхэмжлэгчид л олгоогүй нь нотлогддог.
Нэхэмжлэгчийн ТОСК ХХК-д оруулсан орлогыг дансны хуулганаас харахад түрээсийн мэргэжилтний үүргийг бүрэн 100 хувь гүйцэтгэсэн байна. Түрээсийн мэргэжилтний ажлыг бичиг хүргэх гэдгээр хязгаарлаж гэрээнд дурдчихаад албан бичигтээ түрээсийн орлого оруулах гэж тодорхой тусгаагүй мөртлөө одоо энэ бол үндсэн ажил гэж үзэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй юм. Борлуулалтын ажилтан, түрээсийн мэргэжилтэн, харуул хамгаалалтын ажилтан зэрэг ажил үүргийг гүйцэтгэсэн, дээр нь хөрсний ус соруулах ажил хийлгэсэн. Амьдралынх нь хүнд нөхцөл байдлыг ашиглан хөдөлмөрийн харилцаа байсаар байтал хөдлөмөрийн гэрээ байгуулахгүй, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан шударга бус харилцаа байна. Түрээсийн мэргэжилтнүүд нь яагаад ажлаа хийдэггүй юм бэ, баримтаар харахад төлбөр орлого оруулах, төвлөрүүлэх, сар бүр тайлан гаргах ажлыг зөвхөн нэхэмжлэгч хийсэн байдаг.
2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2., 50.4.-т зааснаар улирлын шинжтэй ажилладаг ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулах, мөн хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр 2 жилээс дээш бол гэрээг хугацаагүй байгуулсанд тооцохоор зохицуулсан байхад миний эрхийг зөрчиж хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй хохироосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТОСК ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сараас эхлээд Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажилласан бөгөөд уг гэрээг 2016.11.10-ны өдрөөс Буянт-Ухаа 1 хорооллын авто зогсоол зарагдаж дуусах хүртэл хугацаагаар байгуулсан. Үүнээс хойш жил бүрт Хөлсөөр ажиллах гэрээ-г байгуулж, уг гэрээг сунгаж байсан.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д зааснаар ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажил олгогч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Эдгээр гэрээнүүдээс үзвэл, ажиллагч чөлөөтэй ажиллах сонирхолтой, ажиллуулагч нь өөрийн үндсэн ажлын байрны орон тоонд байхгүй, ажлын байранд заавал биечлэн гүйцэтгэх шаардлагагүй, ажил үүргүүдийг ажиллагчаар гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Ажиллагчид цагийн бүртгэлийг үл шаардана. Үндсэн ажилтанд тавигдах шаардлага шиг өдөрт 8 цаг ажиллах ёстой эсвэл Хөдөлмөрийн дотоод журам болон бусад баримт бичигт заасны дагуу хариуцлага хүлээх заалтгүй юм. Нэхэмжлэгчид цагийн бүртгэлийг хийдэггүй, байнгын ажлын байранд ажиллахыг шаардлагагүй учраас сарын эцэст ажлын тайланг хүлээн авснаар ажлын гүйцэтгэл хангагдсан гэж үзэж хөлсийг нь олгосоор ирсэн. Иймд талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөр эрхэлтийн харилцаа үүсээгүй учир ээлжийн амралтын олговор олгох, ажил үүрэг хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл хөлс төлөх хууль зүйн үндэслэлгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2.-т хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 6 сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ гэж заасан. Ээлжийн амралтын зохицуулалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хамааралтай хууль зүйн ойлголт бөгөөд хөлсөөр ажиллах гэрээнд хамааралгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд ээлжийн амралт эсвэл түүнтэй адилтгах амралт олгох, олговор олгох талаар тусгаагүй. Хөлсөөр ажиллах гэрээ нь ажиллагч ажиллуулагяийн хяналтад өдөрт 8 цаг ажиллах үүрэггүй. Иймд ээлжийн амралтын олговор олгох нэхэмжлэл үндэслэлгүй.
Мөн ажиллагчид хоол, унааны нэмэлт зардал нэхэмжилсэн боловч үүнийг хөдөлмөрийн дотод журам, хамтын гэрээнд зааснаар зөвхөн үндсэн ажилчдад олгодог. Хоол унааны мөнгө олгох үүрэг хүлээгээгүй учраас олгох боломжгүй. Үүнийг гэрээгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдэх асуудал юм.
Нэхэмжлэгч харуул хамгаалалтын ажил үүргийг гүйцэтгэсэн гэж нэмэгдэл хөлс нэхэмжилсэн боловч харуул хамгаалалтын үйлчилгээ нь Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулиар зохицуулагдаж, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэх учиртай. Зөвшөөрөлгүй этгээд буюу иргэнээр гүйцэтгүүлэх боломжгүй. Нэхэмжлэгчийн хувьд түүний гүйцэтгэсэн гээд байгаа харуул хамгаалалтын ажил нь дээрх хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй. Нэхэмжлэгчийг харуул хамгаалалтын алба хаагчийн гүйцэтгэх ёстой 24 цагийн харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй. Хөлсөөр ажиллах гэрээгээр тохиролцох ажил үүргийн хүрээнд харуул хамгаалалтад ерөнхий хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажилласан. Хөлсөөр ажиллах гэрээнээс гадуур харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлсэн зүйл биш юм.
Түрээсийн мэргэжилтний ажлыг давхар хавсарч гүйцэтгэсэн гэж нэмэгдэл цалин нэхэмжилсэн бөгөөд, хэрэгт байгаа 2020 оны түрээсийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод 4 зорилтын хүрээнд 13 төрлийн, 2022 оны ажлын байрны тодорхойлолтод 12 зорилтын хүрээнд 13 төрлийн, 2024 оны ажлын байрны тодорхойлолтод 5 зорилтын хүрээнд 22 төрлийн ажил үүрэг гүйцэтгэхийг заасан. Түрээсийн мэргэжилтэн нь айл өрхөд албан бичиг хүргэх, төлбөр барагдуулсан, айл чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа хэдий ч уг үүрэг нь түрээсийн мэргэжилтний хэрэгжүүлэх 22 үүргийн нэг төрлийн ажиллагаа юм. Үүнийг гүйцэтгэснээр түрээсийн мэргэжилтний бүх үүргийг гүйцэтгүүлсэн гэж үзэх боломжгүй.
Бид нэхэмжлэгч П.*******ийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг үгүйсгээгүй. Олон жил ажилласан учраас үе шаттайгаар хөлсийг нь нэмэгдүүлж олгож байгаа. ТОСК ТӨХХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 13 тоот тогтоолоор үндсэн ажилтан 38, гэрээт ажилтан 15 байна гэж тогтоосон. Үүний дагуу гүйцэтгэх захирлын 2023 оны А/64 тоот тушаалаар байгууллагын ажилчдын орон тоо, бүтцийг баталсан бөгөөд үүнээс харвал түрээсийн 3 мэргэжилтэн үндсэн орон тоон дээр ажиллаж байна. Ажил олгогч нь гүйцэтгүүлж байгаа ажлын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан ажлын үүргийг хуваан, ямар ажлуудыг гэрээт ажилтнаар гүйцэтгүүлэх вэ гэдгийг шийдвэрлэх эрхтэй. Нэхэмжлэгч талын хэлж буй ажил үүрэг нь үндсэн орон тоонд ажлын байраар ханган хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах шаардлагагүй, Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулагчтай харилцан тохиролцон гүйцэтгүүлсэн ажил үүрэг байгаа. Манай байгууллагад Хамтын хүч Үйлдвэрчний эвлэлийн хороо ажилладаг бөгөөд нэхэмжлэгч П.******* нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн биш, үндсэн ажилтан биш тул хоолны болон унааны зардал ологох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, иргэний үнэмлэхийн хуулбар, 2024.02.13-ны өдрийн 24/13 тоот Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, 2020, 2021 оны П.******* болон Төрийн орон сууц корпораци ТӨХХК-ийн хооронд байгуулагд Хөлсөөр ажиллах гэрээ-нүүд, хавсралтууд, П.*******ийн 2020 оны 12, 2022 оны 6, 2023 оны 6, 7, 9 дүгээр сарын ажлын тайлан, гэрэл зургууд, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын 2024.03.21-ний өдрийн 76 тоот тодорхойлолт, 2022, 2023, 2024 оны Хөлсөөр ажиллах гэрээ, хавсралт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, цалингийн тооцоолол, ажлын тайлан /1 хх-ийн 4-14, 18-44, 54, 69-71, 90-100/, П.*******ийн хувийн тэмдэглэл, танилцуулга, тайлбар, түлхүүр хүлээлцсэн болон орон сууц хүлээлцсэн акт, гэрэл зургууд зэрэг баримтууд /1 хх-ийн 144-250, 2 хх-ийн 1-150/, цахим захидлууд, П.*******ийн 2020 оын 3, 4 сарын, 2021 оны 6, 7, 11, 12 сарын, 2022 оны 6, 12 сарын, 2022 оны 1 дүгээр улирлын ажлын тайлангууд, хавсралтууд / 2 хх-ийн 247-250, 3 хх-ийн 1-73/, П.*******ийн хувийн баримтууд, хариуцагч байгууллагад гаргаж байсан гэх өргөдлүүд /хуулбараар/ зэргийг,
4.Хариуцагч талаас нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэл, ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус байгууллагын ТУЗ-ийн 2023.11.21-ний өдрийн Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай 13 дугаар тогтоол, гүйцэтгэх захирлын 2022.11.29-ний өдрийн Ажил мэргэжлийн жагсаалт болон албан тушаалын сарын үндсэн цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай А/64 тоот тушаал, 2020, 2022 оны түрээсийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, тус байгууллагын Түрээсийн хэлтсийн 2021 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлт /2 хх-ийн 59, 115, 232-245/, 2016, 2020, 2021, 2024 онуудад батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмууд зэргийг,
5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр, шүүгчийн 2024.05.08-ны өдрийн 8522, 2024.05.22-ны өдрийн 9587, 2024.06.19-ний өдрийн 11211 дугаар захирамжийн дагуу 2017, 2020, 2022, 2023 оны Хөлсөөр ажиллах гэрээ-нүүд, хавсралтууд, гүйцэтгэх захирлын 2023.02.20-ны өдрийн А/11 тоот тушаал, цалин хөлсний дэлгэрэнгүй лавлагаа, 2021-2023 онуудын П.*******ийн гүйцэтгэсэн ажлйн тайлан, ТОСК ТӨХХК болон ХХК-ийн хооронд байгуулсан Харуул хамгаалалтын гэрээ-нүүд, төлбөр төлсөн баримтууд, түрээсийн мэргэжилтний ажлын барны тодорхойлолт, гүйцэтгэх захирлын 2022.03.22-ны өдрийн А/19, 2022.05.02-ны өдрийн А/32, 2020.10.20-ны өдрийн А/130 тоот Албан томилолтоор ажиллуулах тухай тушаалууд, хариуцагч байгууллагын 2023.06.06-ны өдрийн 1/634 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /2 хх-ийн 156-231/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргасан байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн зарим хэсгийг буюу 5 260 890 төгрөгийн шаардлагыг ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, 2017 оноос хойш Буянт-Ухаа 1, Буянт-Ухаа 2 хороолол хариуцсан ажилтнаар тасралтгүй ажилласан, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15., 23 дугаар зүйлийн 23.2.1., 24 дүгээр зүйлийн 24.1.-д заасны дагуу миний ажиллаж байсан ажлын байр нь нэг төрлийн ажлыг тогтмол, байнга давтагдан эрхэлж байсан учир байнгын ажлын байр гэж үзнэ, хариуцагч нь байнгын ажлын байранд Хөлсөөр ажиллах гэрээ бус Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах үүрэгтэй, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг ажил олгогчоос байнга шаардаж гомдол гаргаж байсан, 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2., 50.4.-т зааснаар улирлын шинжтэй ажилладаг ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулах, мөн хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр 2 жилээс дээш бол гэрээг хугацаагүй байгуулсанд тооцохоор зохицуулсан байхад миний эрхийг зөрчиж хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй хохироосон,
2020 оны 03 дугаар сараас 2024 оны 03 дугаар сар хүртэл гэрээнд зааснаас гадна түрээсийн орон сууцны өр төвлөрүүлэх, хяналт шалгалт хийх, зөрчилтэй айлын байрыг чөлөөлж, акт үйлдэх зэргээр түрээсийн мэргэжилтний ажлыг 100 хувь хавсран гүйцэтгэж ажилласан хөлс 25 688 000 төгрөг, гэрээнд заасны дагуу 400 авто зогсоолын барьж дуусаагүй барилга, байгууламжийн харуул хамгаалалтын ажлыг хавсран гүйцэтгэсэн хөлсийг Гал дөш ХХК-тай байгуулсан гэрээний дагуу нэг харуулын цалин болох 2 000 000 төгрөгөөр тооцож, 21 600 000 төгрөг, нийт 47 288 000 төгрөг олгох үндэслэлтэй,
2021.06.01-нээс гүйцэтгэх захирлын тушаалаар миний ажлын байрыг байнгын ажил гэж үзэж хоол, унааны зардал олгож байгаа бөгөөд олгоогүй 2017 оны 11 дүгээр сараас 2021.05.31-нийг хүртэл хугацааны дээрх зардалд 14 040 000 төгрөгийг олгох ёстой,
Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ээлжийн амралт олгох, олговрыг олгохоор заасан, намайг ажиллаж эхэлснээс хойш ээлжийн амралтыг биеэр эдлээгүй тул олговорт 3 788 324 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу олгох ёстой гэж тайлбарлан мэтгэлцсэн.
2.Хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ, манай байгууллага П.*******тэй Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан хөлсөөр ажиллах гэрээг 2017 оноос хойш жил бүр байгуулж ажилласан. Хөлсөөр ажиллах гэрээний гол нөхцөл нь үндсэн ажлын байрны орон тоонд байхгүй, биечлэн гүйцэтгэх шаардлагагүй ажил үүргийг гүйцэтгүүлэхээр тохиролцсон, сарын эцэст ажлын тайланг хүлээн авснаар ажлын гүйцэтгэл хангагдсан гэж үзвэл, ажлын хөлсийг олгох зохицуулалтай, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтан болон ажил олгогч хоорондох хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй тул ээлжийн амралтын олговор, ажил хавсран гүйцэтгэсний хөлс олгох үндэслэлгүй, манай байгууллага Хамтын хүч үйлдвэрчний эвлэлтэй бөгөөд, Хамтын гэрээ-нд зааснаар хоол, унааны мөнгө олгодог, үйлдвэрчний эвлэлийн гишүүн биш тул ийм зардлыг олгох боломжгүй, 2020 оноос хойш хоол, унааны зардлыг олгож байсан, гэрээндээ энэ талаар тодорхой зааж тохиролцоогүй гэж тайлбарлан маргасан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
3.1.Нэхэмжлэгч П.******* нь 2017 оны 11 дүгээр сараас эхлэн одоог хүртэл тасралтгүй хариуцагч ТОСК ТӨХХК-д гэрээт ажилтнаар ажиллаж, хариуцагч байгууллагаас тодорхойлсон ажил, үүргийг мэргэжил, ур чадварын өндөр түвшинд, тогтоосон цаг хугацаанд, биечлэн гүйцэтгэх, хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хөлсийг тогтоосон цаг хугацаанд төлөх, түүнтэй холбогдсон үүсэх харилцааг зохицуулах зорилготой Хөлсөөр ажиллах гэрээ-г байгуулсан, болох нь зохигчдын тайлбар, П.******* болон ТОСК ТӨХХК-ийн хооронд байгуулагдсан 2017, 2020, 2021, 2022, 2023, 2024 онуудын Хөлсөөр ажиллах гэрээ-нүүд тэдгээрийн хавсралтууд, П.*******ийн сар бүрт гарган өгч тайлагнаж байсан ажлын тайлангууд зэргээр нотлогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.
3.2.Талуудын хооронд байгуулсан гэх 2018, 2019 онуудын Хөлсөөр ажиллах гэрээ хэрэгт авагдаагүй бөгөөд дээрх 2017, 2020, 2021, 2022, 2023 онуудын Хөлсөөр ажиллах гэрээ-нүүдийн 3.1-д Ажиллагч энэ гэрээний хавсралт 1-д заасан ажил үүргийг мэргэжил, ур чадварын өндөр түвшинд, тогтоосон цаг хугацаанд биечлэн гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан ба үүний дагуу талууд уг гэрээнүүдийн хавсралт 1-д зааснаар
1/. Буянт ухаа-1 хорооллын A, B, C, D блокын 457 автозогсоолын хүрээнд, харуул болон үйлчлэгчийн ажлилд хяналт тавих, ажлын цагийг бүртгэж хүлээлцүүлэх, зөрчлийг арилгуулах, тайланг гаргуулах, борлогдсон болон борлогдоогүй автозогсоолд гэрчилгээ гаргуулан хяналт тавих, автозогсоол худалдан авсан иргэдийн санал гомдлыг шийдвэрлэх, иргэдийн захилгын хүсэлтийг хүлээн авах, зар түгээх, мэдээлэх, автозогсоолын төлбөр болон ашиглалтын зардал төлөөгүй иргэдэд шаардлага хүргүүлэх, төлбөрийг төлүүлэх,
2/. Буянт ухаа-2 хорооллын автозогсоолын хүрээнд, оршин суугчдад борлогоогүй үлдсэн автозогсоолын талаар мэдээлэл өгөх, хяналт тавих, иргэдийн санал, гомдол, захиалга өгөх хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, харуулын ажилд хяналт тавьж зөрчлийг арилгуулах, орон сууц захиалсан иргэдтай холбоотой албан бичиг, мэдээллийг нэг бүрчлэн биечлэн өгөх, автозогсоолын төлбөр болон ашиглалтын зардал төлөөгүй иргэдэд шаардлага хүргүүлэх, төлбөрийг төлүүлэх,
3/. Бусад ажлын хүрээнд, Буянт ухаа-2 хорооллын 400 автозогсоолын ашиглалт, харуул хамгаалалтын асуудлыг хариуцан ажиллах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь хэрэгжүүлэх, байгууллагаас зохион байгуулсан бүх төрлийн арга хэмжээнд тогтмол оролцож байх зэрэг ажил үүргийг ажиллагч П.******* гүйцэтгэхээр тохиролцжээ.
3.3. Талууд Хөлсөөр ажиллах гэрээ-нүүдийн 2.2-т сар бүр төлөх ажлын хөлсний хэмжээг 2017 онд 650 000 төгрөг, 2020 онд 650 000 төгрөг, 2021 онд 650 000 төгрөг, 2022 онд 900 000 төгрөг, 2023 онд 900 000 төгрөг, 2024 онд 990 000 төгрөг байхаар тохиролцож, гэрээний 3.6-д зааснаар ажиллагч нь нийгмийн даатгалын шимтгэлийн өөрт ноогдох хэсгийг, 4.5-т зааснаар ажиллуулагч нь нийгмийн даатгалын шимтгэлийн өөрийн зүгээс хариуцах хэсгийг тус тус төлөх үүрэг хүлээсэн нь дээрх хөлсөөр ажиллах гэрээнүүд, П.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа зэргээр нотлогдож, зохигчид энэ талаар маргаагүй байна.
3.4.Түүнчлэн нэхэмжлэгч П.******* нь жил бүр байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ-ний 3.1, 3.2-т заасан үүрэг буюу гэрээний хавсралт 1-д заасан ажил, үүргийг мэргэжил, ур чадварын өндөр түвшинд тогтоосон цаг хугацаанд биечлэн гүйцэтгэх, шаардлагатай заавар, зөвөлгөөгөөр хангагдан эрх бүхий албан тушаалтнаас ажил үүргийг чиглэл авч гүйцэтгэх үүргээ биелүүлэн гүйцэтгэсэн ажлын талаарх тайланг тогтмол гарган хариуцагчид хүргүүлж байсан, хариуцагчаас ажлын хөлсийг сар бүрт тогтмол олгож байсан тухай үйл баримт нь хариуцагч байгууллагаас гаргасан цалингийн дэлгэрэнгүй лавлагаа, нэхэмжлэгчээс гаргасан ажлын тайлангуудаар нотлогдсон, мөн энэ талаар зохигчид маргаагүй.
4.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 359.2.-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно гэж тус тус заасан бөгөөд уг гэрээний гол шинж нь ажиллагч ажил, үйлчилгээг хараат бусаар бие даан гүйцэтгэх, гэрээний зүйл нь ажлын ямар нэгэн үр дүн биш, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа байдаг онцлогтой.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан 2017, 2020, 2021, 2022, 2023, 2024 онуудын Хөлсөөр ажиллах гэрээ-р нэхэмжлэгч П.******* нь гэрээнүүдийн хавсралт 1-д заасан ажил, үүргийг гүйцэтгэх, хариуцагч байгууллага нь сард 650 000-990 000 төгрөгийг ажил үйлчилгээ үзүүлсний хөлсөнд төлөх үүргийг тус тус хүлээсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан Хөлсөөр ажиллах гэрээ-ний харилцаа зохигчдын хооронд үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Талууд хөлсөөр ажиллах гэрээний 2.2-т зааснаар ажиллагчид хөлсийг сард 1-2 удаа олгох, 3.1-д зааснаар ажил үүргийг тогтоосон цаг хугацаанд биечлэн гүйцэтгэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1., 360.2.-т заасан журмаар ажлын хөлсийг төлөх тухай, 361 дүгээр зүйлийн 361.1.-д заасан гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх, бусдад шилжүүлэхгүй байх тухай шаардлагуудыг хангасан байна.
5.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-т нэг талаас ажилтан хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэнэ гэж, 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9.-д зааснаар Хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог ойлгохоор тус тус тодорхойлсон.
Хөдөлмөрийн гэрээ нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох хууль зүйн факт болох бөгөөд ажиллах хүчээ үнэлэгч иргэд уг харилцаанд оролцож тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээн хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах байдлаар өөр, ажил албан тушаалд шилжих, хөдөлмөрийн гэрээг цуцлах байдлаар хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болох, түүнчлэн хөдөлмөрийн харилцаанаас уламжлан тэтгэвэр, тэтгэмжийн харилцаа гэх мэт бусад харилцаа үүсдэг онцлогтой.
Хөдөлмөрийн гэрээ болон иргэний эрх зүйн гэрээ /хөлсөөр ажиллах гэрээ/-нүүд аль аль нь нэг талд ажилтан буюу ажил гүйцэтгэгч иргэн /ажиллагч/, нөгөө талд ажил олгогч буюу бусдыг өөрсдийн төлөө ажиллуулагч байгууллага, иргэн гэсэн талуудтай, эдгээр гэрээгээр ажил үүрэг гүйцэтгүүлэх хөдөлмөрийн ерөнхий журам, зохицуулалтаар харилцан зөвшилцөх, хэн алиныхаа эрх ашгийг хамгаалах зорилгод үндэслэдэг, аль аль гэрээгээр тодорхой зүйл хийж бүтээх, материаллаг баялагийг бий болгодог шинжүүдээр төсөөтэй байдаг.
Харин хөдөлмөрийн гэрээгээр ажилтан байгууллагын дотоод хэм хэмжээ тогтоосон дүрэм журмыг мөрдөх, ажлын цагийг чанд баримтлах, захирах, захирагдах ёсыг баримтлах үүргийг хүлээж, гэрээний талууд хөдөлмөрийн хөлсийг хууль тогтоомжоор урьдчилан тогтоосон хэмжээ хязгаарын хүрээнд хэлэлцэн тохиролцох, ажилтнуудын өөрсдийн мэргэжил, мэргэшил эрхлэн гүйцэтгэх албан тушаалтай холбоотой үүргүүдийн зарим хэсэг дуусгавар болсон ч эрхлэх албан тушаалтай холбоотой бусад үүргүүд үргэлжилж байдаг, хөдөлмөрийн гэрээний хариуцлага оногдуулах журам, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тусгайлсан зохицуулалттай, ажил олгогчоос ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх, өөр ажилд шилжүүлэх шийдвэр гаргадаг зэрэг шинжүүдээр иргэний эрх зүйн гэрээнээс ялгаатай.
6.Дээрхээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуульд заасан шинж бүхий хөдөлмөрийн гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй бөгөөд нэхэмжлэгч П.******* нь жил бүр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хавсралт 1-д заасан ажил, үйлчилгээг тогтмол, байнга гүйцэтгэж байсныг хөдөлмөрийн гэрээний дагуу байнгын ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэсэн буюу талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан болохыг тогтоолгож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагч байгууллагад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.
7.Талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.2.-т зааснаар өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэн үед нэмж олгох цалин хөлс, 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгох ээлжийн амралтын цалин зэргийг хариуцагч байгууллагааас нэхэмжлэгчид олгох үүрэг хуулиар болон гэрээгээр хүлээхгүй бөгөөд нэхэмжлэгчийн 2020 оны 03 дугаар сараас 2024 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд түрээсийн мэргэжилтний ажил албан тушаалыг хавсран гүйцэтгэсэн цалин хөлс 25 688 000 төгрөг, 2021 оны 06 дугаар сараас одоог хүртэл харуул, хамгаалалтын ажлыг хавсран гүйцэтгэсэн цалин хөлс 21 600 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сараас 2024 оныг хүртэл хугацаанд олгогдох ээлжийн амралтын цалинд 3 788 324 төгрөг зэргийг хариуцагчаас шаардах эрхгүй болно.
Талууд хөлсөөр ажиллах гэрээнүүдийн хавсралт 1-д заасан П.*******ийн гүйцэтгэх ажил үүргүүдэд авто зогсоол худалдан авсан иргэдийн санал гомдлыг шийдвэрлэх, иргэдийн захилгын хүсэлтийг хүлээн авах, авто зогсоолын төлбөр болон ашиглалтын зардал төлөөгүй иргэдэд шаардлага хүргүүлэх, төлбөрийг төлүүлэх, харуулын ажилд хяналт тавьж зөрчлийг арилгуулах, орон сууц захиалсан иргэдтэй холбоотой албан бичиг, мэдээллийг нэг бүрчлэн биечлэн өгөх, автозогсоолын ашиглалт, харуул хамгаалалтын асуудлыг хариуцан ажиллах зэрэг ажил, үйлчилгээнүүд хамаарч байгааг дурдах нь зүйтэй байна.
8. Хэрэгт авагдсан, ТОСК ТӨХХК-ийн ТУЗ-ийн 2023.11.21-ний өдрийн Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай 13 дугаар тогтоол, түүний хавсралт, гүйцэтгэх захирлын 2022.11.29-ний өдрийн Ажил мэргэжлийн жагсаалт болон албан тушаалын сарын үндсэн цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай А/64 тоот тушаал, түүний хавсралт зэргээр хариуцагч байгууллага нь 5 газар, 1 төслийн нэгжийн зохион байгуулалтын бүтэцтэй, гүйцэтгэх захирал, үндсэн ажилтан 39, гэрээт ажилтан 15 байхаар орон тооны дээд хязгаарыг тогтоож, үүнээс Хөрөнгө ашиглалт, зохицуулалтын газарт газрын дарга, ахлах мэргэжилтэн, борлуулалтын мэргэжилтэн-2, түрээсийн мэргэжилтэн-3 ажиллахаар шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч П.******* нь гэрээт ажилтанд хамаарч ажиллаж байсан талаар зохигчид тайлбарласан.
Хариуцагчаас нотлох баримтаар гаргасан тус байгууллагын 2020, 2022 оны түрээсийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод тусгасан түрээсийн орон суцанд амьдарч байгаа иргэдийн түрээсийн төлбөр барагдуулах ажлыг зохион байгуулах, түрээсийн орлогыг төвлөрүүлэх, түрээсийн орон сууц болон авто зогсоолыг худалдан борлуулах, ашиглалт, хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, түрээслэгч нарт мэдэгдэл хүргүүлэх, мэдээлэл өгөх зэрэг ажлуудаас нэхэмжлэгч П.******* гүйцэтгэж байсан хэдий ч үүнийг түрээсийн мэргэжилтний ажил үүрэг, албан тушаалыг хавсран гүйцэтгэсэн гэж үзэх, түүнчлэн ТОСК ТӨХХК болон ХХК-ийн хооронд байгуулсан Харуул хамгаалалтын гэрээ-нүүд, төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн харуул хамгаалалтын ажил үүргийг хөдөлмөрийн гэрээний дагуу хавсран гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
9.Нэхэмжлэгч талаас, ТОСК ХХК-ийн түрээсийн мэргэжилтний гүйцэтгэх ажлыг 100 хувь гүйцэтгэсэн, авто зосоол, орон сууцны түрээсийн төлбөрт 592 914 222 төгрөгийг байгууллагад иргэдээр төлүүлсэн, хөрсний ус соруулах ажлыг жил СӨХ-той хамтран гүйцэтгэж байсан гэж шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан гэрэл зургууд, ажлын тайлангууд зэрэг нотлох баримтуудыг гарган тайлбарлаж байх боловч ажиллагч нь гэрээнд зааснаас өөр ажил үйлчилгээг гүйцэтгэх үед ажлын хөлсийг нэмэгдүүлэх талаар мөн авто зогсоолын борлуулалт, түрээсийн төлбөрийн гүйцэтгэлийн хэмжээнээс хамаарч урамшуулал олгох, ажлын хөлсийг нэмэгдүүлэх талаар хөлсөөр ажиллах гэрээнд зааж тодорхойлоогүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байна.
10.Хэрэгт авагдсан ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын П.******* хоол унааны зардал олгох тухай 2023.02.20-ны өдрийн А/11 тоот тушаал, П.*******ийн цалин хөлсний дэлгэрэнгүй лавлагаа зэргээс үзэхэд 2021 оны 06 дугаар сараас 2023 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд хоол, унааны зардалд 1 өдөрт 15 000 төгрөгөөр, 2023 оны 02 дугаар сараас өдөрт 25 000 төгрөгөөр тооцон энэ хугацаанд нийт 14 775 000 төгрөгийг олгосон байна.
Талуудын хооронд байгуулсан 2020, 2021 онуудын Хөлсөөр ажиллах гэрээ-ний 2.4-т Хөлсөөр ажиллагчид хоол, унааны мөнгө олгож болно гэж заасан байх бөгөөд үүний дагуу ажиллагчийн ажил, үйлчилгээгээ тасралтгүй, зохих шаардлагад нийцүүлэн явуулах нөхцөлийг хангах үүднээс 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл хугацаан дахь нийт 355 ажлын хоногт дээрх зардлыг өдөрт 15 000 төгрөгөөр тооцон 5 325 000 төгрөг болсноос, талуудын тайлбараар 2020 оны 05 дугаар сард олгогдсон 64 102 /315 000-250 898/ төгрөгийг хасч тооцон, хариуцагчаас Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасны дагуу 5 260 890 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Харин талуудын хооронд байгуулсан 2017 оны Хөлсөөр ажиллах гэрээ-нд дээрх зардлын талаар заагаагүй, түүнчлэн 2018, 2019 онуудын Хөлсөөр ажиллах гэрээ хэрэгт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийн, 2017 оны 11 дүгээр сараас 2020.01.01-нийг хүртэл хугацааны хоол, унааны олговорт 8 799 110 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
11.Нэхэмжлэгч П.*******ээс 2021.05.31-нд ажиллуулагч байгууллагадаа хандаж, ажилласан хугацаан дахь хоол, унааны зардлыг нөхөн олгуулах тухай өргөдөл гаргасан гэж тайлбарлан Төрийн орон сууцны корпорацид өргөдөл гаргах учир нь гэсэн баримтыг хуулбараар хэрэгт өгсөн байх бөгөөд хоол унааны зардлыг хариуцагчаас шаардаж байсан талаар гэрч У.Насанчимэг шүүх хуралдаанд мэдүүлсэн байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сараас хойш 2021.05.31-нийг хүртэл хугацааны дээрх зардлыг шаардан 2021.05.31-нд хүсэлт гаргасан байх бөгөөд уг баримтыг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүйн дээр ажиллуулагчаас 2021 оны 06 дугаар сараас эхлэн нэхэмжлэгчид хоол болон унааны зардлыг ажилласан өдрөөр тооцон олгож, харин өмнөх хугацааны зардлыг нөхөн олгоогүй байна.
12.Иргэний хуулийн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх бөгөөд мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д Тогтоосон журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаарплагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2021.05.31-нд хариуцагч ТОСК ТӨХХК-д хүсэлт гаргаснаар 2018.05.31-нээс 2021.05.31-ний хоорондохь хугацааны хоол болон унааны зардлыг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч дээрх зардлыг шаардан 2024.03.12-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан гэрээний үүргийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх дуусаагүй тасалдсан гэж үзэхээр байна. Түүнчлэн хариуцагч талаас гэрээний хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцэж маргаагүйг дурдав.
Харин нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сараас 2018.05.31-нийг хүртэл хугацааны дээрх зардлыг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дээр талууд 2017 онд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд дээрх зардлыг олгох эсэх талаар тохиролцоогүй, 2018, 2019 онуудын хөлсөөр ажиллах гэрээ хэрэгт авагдаагүй талаар дээр дүгнэсэн болно.
13.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, нэхэмжлэгч П.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2020.01.01-нээс 2021.05.31-нийг хүртэл ажлын 355 хоногийн хоол болон унааны зардалд 5 260 890 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан болохыг тогтоолгож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, нийт 59 855 434 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д заасны баримтлан шүүхээс, нэхэмжлэгч П.*******ийг шүүгчийн 2024.03.19-ний өдрийн 5049 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурдаж, 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч байгууллагаас 99 124 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2.,116., 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д зааснаар хариуцагч *******-иас 5 260 890 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгож, түүний нэхэмжлэлээс хариуцагчид холбогдох 2017 оны 11 дүгээр сараас хойш хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан болохыг тогтоолгож хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, 2020 оны 03 дугаар сараас 2024 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд түрээсийн мэргэжилтний ажил албан тушаалыг хавсран гүйцэтгэсэн цалин хөлс 25 688 000 төгрөг, 2021 оны 06 дугаар сараас одоог хүртэл харуул, хамгаалалтын ажлыг хавсран гүйцэтгэсэн цалин хөлс 21 600 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сараас 2024 оныг хүртэл хугацаанд олгогдох ээлжийн амралтын цалинд 3 788 324 төгрөг, 2017 оны 11 дүгээр сараас 2020.01.01-нийг хүртэл хугацааны хоол, унааны зардалд 8 799 110 төгрөг, нийт 59 855 434 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д заасны баримтлан нэхэмжлэгч П.*******ийн шүүгчийн 2024.03.19-ний өдрийн 5049 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурдаж, 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч байгууллагаас 99 124 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА