Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/715

 

 

 

 

 

 

      2022           7             6                                          2022/ДШМ/715

 

                                                                       

 

М.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор О.Доржмаа,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Дгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2210002900247 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ачит овгийн М.Д, 1989 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл тусгай хамгаалалтын хэлтэст эргүүл хамгаалалтын офицер ажилтай байсан, ам бүл 1, .............

Шүүгдэгч М.Д нь З.Бэзэмшлийн “Тоёота Приус” маркийн 93-14 УБВ улсын дугаартай автомашинд хөдөлгөөнт байршил тодорхойлогч, чагнах төхөөрөмж суурилуулж, уг төхөөрөмжөө ашиглан 2021 оны 3 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд яриаг нь чагнах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан стар худалдааны төвөөс хохирогч З.Б Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Кинг таур” хотхоны 134 дүгээр байранд байх гэртээ очтол нь дагах зэрэг хэлбэрээр мөрдөн мөшгөсөн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.       

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ачит овогт М.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дг 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дд зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд өөрийн оршин суудаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн 2210002900247 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, хохирогч З.Бд төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1715717050 гэсэн сериал дугаартай, хар өнгийн хуванцар гадаргуутай эд зүйл, түүн доторх 8997699120, 556372598F сериал дугаартай мобикомын сим карт зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Д давж заалдах гомдолдоо: “...Миний бие хохирогч З.Бавтомашинд байршил тогтоогч төхөөрөмж суурилуулж, уг төхөөрөмжөө ашиглан З.Б хууль бусаар мөрдөж мөшгисөн гэм буруутай үйлдлээ мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн, миний бие гэм буруугаа маш сайн ухамсарлаж байгаа, хохирогчийн зүгээс ямар нэгэн хохирол гомдол саналгүй. Миний бие урьд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа зэрэг нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэлгүй шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. /Шүүх хуралдаанд хохирогч ямар нэгэн гомдолгүй, хөнгөн ял оногдуулах хүсэлт мөн гаргасан./ Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1“энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж” болохоор хуульд тус тус заасан байна. Миний бие анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, уг гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс ямар нэгэн хохирол, гомдол саналгүй хөнгөн ял оногдуулах хүсэлт гаргасан байгаа байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан ялаас чөлөөлөх эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын доод хэмжээ буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сар болгон өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор О.Доржмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд зааснаар ойлгомжтой, тодорхой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан. Шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг прокурорын зүгээс гаргасан. Анхан шатны шүүх уг саналын хүрээнд шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг юм. Шүүгдэгч М.Дгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг шүүх заавал хэрэглэх албагүй. Иймд шүүгдэгч М.Дд оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

М.Д нь иргэн З.Бэзэмшлийн “Тоёота Приус” маркийн 93-14 УБВ улсын дугаартай автомашинд хөдөлгөөнт байршил тодорхойлогч, чагнах төхөөрөмж суурилуулж, уг төхөөрөмжөө ашиглан 2021 оны 3 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд яриаг нь чагнах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан стар худалдааны төвөөс хохирогч З.Б Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Кинг таур” хотхоны 134 дүгээр байранд байх гэртээ очтол нь дагах зэрэг хэлбэрээр мөрдөн мөшгөсөн болох нь:

            хохирогч З.Б“...2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад М.Д манай ажил дээр орж ирээд тухайн өдөр би машинаа бариад явж байхдаа найзтайгаа утсаар ярьсан яриаг маань сонсчихсон мэт “чи өөр хүнтэй уулзаад байгаа юм уу” гэх мэтчилэн манай ажил дээр хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд би М.Дг ямар нэгэн байдлаар миний утсаар ярьсан яриаг сонсчихлоо гэдгийг олж мэдээд 2021 оны 12 дугаар сарын эхээр Лхагвасүрэн гэх дүүгээрээ ажлынхаа гадна машин дотор ямар нэгэн төхөөрөмж байна уу үзээд өгөөч гээд үзүүлэхэд жолооны хүрдэн доорх залгуурт дөрвөлжин хар өнгийн хуванцар гадаргуутай зүйлийг залгасан байсныг олж салгуулсан. Даваасүрэнтэй утсаар холбогдож уурлахад ямар нэгэн зүйл хэлээгүй. ...” /10-11/,

            гэрч И.Л“...М.Д “чи муу намайг юу гэж ярьдаг гэнээ” гэх зэргээр ярьсан яриаг маань мэдэж байна гэж Болор-Эрдэнэ хэлэхээр нь би машиных нь түлхүүрийг аваад машиныг нь шалгаж үзэхэд жолооны хүрдний доод талын компьютер оношилгоо хийхэд ашигладаг залгуурт дөрвөлжин хар өнгийн зүйл залгачихсан байсан. Тухайн эд зүйл дээр цэнхэр өнгийн гэрэл анивчаад байхаар нь түүнийг салгаж аваад З.Б эгчид өгсөн. Гэтэл З.Б эгч гэртээ очоод тэр зүйлийг онгойлгож үзэхэд сим карт гарч ирж байна гэж надад утсаар хэлж байсан. ...З.Б эгч тухайн төхөөрөмж хаана байсныг огт мэдэхгүй байсан учраас намайг машиныг нь үзэж өгөхийг гуйсан. ...Миний хувьд З.Б эгч М.Д хоёрын дундах харилцааны талаар сайн мэдэхгүй. ...” /хх 16-17/,

шинжээч Д.Мөнхбаатарын “...Уг төхөөрөмжид гар утасны дугаартай сим карт хийж тухайн дугаар луу өөр утаснаас залгасан тохиолдолд ойр орчмын яриаг сонсох боломжтой. Харин уг төхөөрөмж нь өөр дээрээ мэдээлэл хадгалах, санах ой байхгүй зөвхөн дуудлагын явцад ойр орчмын яриа, чимээ шуугианыг сонсох зориулалт бүхий төхөөрөмж байна. ...Тусгай төхөөрөмж гэж ойлгож болно. ...” /хх 32/,

шүүгдэгч М.Дгийн яллагдагчаар өгсөн ...Би тухайн эд зүйлийг 2021 оны 4, 5 дугаар сарын үед фейсбүүк хуудсан дээр автомашины дохиолол, GPS зарна гэсэн зарын дагуу нэг хүнтэй утсаар холбогдоод 10 дугаар хорооллын Голден парк хотхоны гадна очиж 40.000-60.000 төгрөгийн хооронд худалдаж авч байсан санагдаж байна. ...” /хх 61/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 330 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хуванцар гадартай зүйл нь автомашины хөдөлгөөнт байршил тодорхойлогч төхөөрөмж байх боломжтой байна. / GPS tracker/ Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хуванцар гадартай төхөөрөмжид суурилагдсан сим картын мэдээлэл унших тусгай зориулалтын төхөөрөмж, программ хангамж одоогоор байхгүй тул хадгалагдаж байгаа мэдээллийг хөрвүүлэн авч шинжилгээ хийх боломжгүй байна. ...” дүгнэлт, гэрэл зураг /хх 24-28/,

Тагнуулын ерөнхий газрын Техникийн тагнуулын газрын шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр хийсэн техникийн шинжилгээний “...1715717050 сериал дугаартай OBD-GPS төхөөрөмжийг автомашинд ил хэлбэрээр буюу компьютер оношилгооны залгуурт залган ашиглана. Тус төхөөрөмжид гар утасны сим картыг суурилуулснаар техникийн байршлыг тогтоох боломжтой. Мөн тухайн техникт  зориулагдсан аппликейшнийг ашиглаж тус техникт суурилуулсан сим картын дугаар уруу залгаснаар орчны чимээг сонсох боломжтой байна. Тус техник нь сим картын оролттой, өөр дээрээ ямар нэгэн санах ойн карт байхгүй, нэмэлтээр санах ойн карт суурилуулах боломжгүй байна. Автобус, такси компани гэх мэт үйлчилгээний компаниуд болон энгийн иргэдэд зориулан өөрсдөд хамаарах автомашины байршлыг тогтоох, хурд хэтрүүлсэн тохиолдолд аппликейшн дээр анхааруулах дохио өгөх, автомашин хулгайд алдагдахаас сэргийлэх, тухайн орчныг шууд сонсож өөрсдийн эд хөрөнгөд аюул учирсан эсэхийг мэдэх зорилгоор энгийн хэрэглээнд ашиглагддаг техник байна. Шинжилгээнд ирүүлсэн техник нь Монгол Улсын Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу “Гүйцэтгэх ажпын тусгай техник хэрэгсэл”-д хамаарахгүй, энгийн хэрэглээний техник байна. Шинжилгээнд ирүүлсэн техник нь гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн нэгдсэн санд бүртгэлгүй болно. 1715717050 сериал дугаартай хар өнгийн хэрэгсэл нь OBD-GPS буюу байршил тогтоох болон орчны чимээг сонсох зориулалттай техник байна. ...” /хх 76-77/ гэсэн дүгнэлт,

            тоёота приус маркийн 93-14 УБВ улсын дугаартай автомашин нь З.Бэзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн баримт ...” /хх 70/,

            эд мөрийн баримтаар 1715717050 гэсэн сериал дугаартай, хар өнгийн хуванцар гадаргуутай эд зүйл, түүний доторх 8997699120, 556372598Р сериал дугаартай Мобикомын сим карт зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 7/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч М.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Дгийн “мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгөсөн” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн  үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч М.Д нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын доод хэмжээ буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сар болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэсэн заалт нь заавал хэрэглэх заалт биш юм.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг  шүүх оногдуулдаг.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

            Анхан шатны шүүх шүүгдэгч М.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөлүүдийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нь нийцсэн байна.

            Иймд шүүгдэгч М.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй  болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                              Д.ОЧМАНДАХ

  

  ШҮҮГЧ                                              Л.ДАРЬСҮРЭН

 

  ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ