Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 110/ШШ2024/0010

 

ҮНДЭСЛЭХ нь:

         1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын  зарим хэсэг  нь үндэслэлтэй байна.

         2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ хуулийн 14.2.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий өрхийн эрүүл мэндийн төв нь аймгийн төв, нийслэлд, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь сум, тосгонд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ”, 5.4-т “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 5.5-д “Энэ хуулийн 5.4-т заасан журам, бусад үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан.

 

        Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Эрүүл мэндийн  сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/104 дугаартай тушаалаар баталсан “Өрхийн  эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх,хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын /цаашид журмын гэх/ Нэгийн  1.2-т “Гэрээний захиалагч тал нь  аймаг, нийслэлийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, гүйцэтгэгч тал нь Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга байх бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга батламжилж, талууд хамтран ажиллах гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх,хяналт тавих, гэрээг сунгах эсхүл дуусгавар болгоход  энэхүү журмыг баримтална”, 1.4-т “Төвтэй байгуулах гэрээний  салшгүй хэсэг нь  гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт байна. Төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг  үндэслэн  аймаг, нийслэлийн Засаг дарга, Эрүүл мэндийн газар нь  гэрээг дүгнэнэ”, Гурвын 3.1-т “Гэрээний хэрэгжилтийг жил бүрийн зургаадугаар, арван хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор дүгнэнэ”, 3.2-т “Гэрээг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан талуудын төлөөлөл оролцсон 7-9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ил тод, шударга, нээлттэй зарчмыг баримтлан тэгш эрхтэй оролцон дүгнэх ба гэрээний гүйцэтгэл, үр дүнг   үйлчлэх хүрээний хүн амд танилцуулна”, 3.4-т  “Ажлын  хэсэг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, гэрээ дүгнэх  хуваарийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална”, 3.7-д “Ажлын  хэсэг  нь төвтэй байгуулсан гэрээний  болон захиалагч талуудын гэрээнд тусгасан  үүргийн хэрэгжилтэд  тус тус үнэлгээ хийж, дүгнэлт өгнө”, 4.1-д  “Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг энэхүү тушаалын гуравдугаар хавсралтаар  баталсан  гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ”, 6.1-д “Гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн  “Илтгэх хуудас”-нд талууд тус тус гарын үсэг зурж, эрх бүхий этгээд тамга, тэмдэг дарж баталгаажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно.”  гэж  тус тус заажээ.

 

       3.  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр  М өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан  гэрээний хэрэгжилтийг  хагас жилээр дүгнэж, үнэлгээ өгч ажилласан байх ба тухайн өдөр өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад гэрээний хэрэгжилтийн үнэлгээг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлэг”-ийн  оноог 67.05 буюу 49,6%, “Төвийн  удирдлага, манлайлал бүлэг”-ийн оноог 28  буюу 20,8 %, нийт оноо /ерөнхий дүн/ 70,4 % буюу “Ажил сайжруулах” гэж  танилцуулсан нь  хэрэгт авагдсан 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн М ӨЭМТ-ийн дүнгийн хурал нэртэй баримтаар тогтоогдож байна.

       4. Журмын Дөрвийн 4.6-д “Шалгуур үзүүлэлт бүрийн нийлбэр онооны дунджаар тухайн бүлгийн, бүлэг бүрийн нийлбэр оноогоор гэрээний хэрэгжилтийн нийт оноо /ерөнхий дүн/ гарна.”, 4.10-д “Гэрээний хэрэгжилтийн ерөнхий дүнг харгалзан дараах дүгнэлтийг гаргана:”, 4.10.1-д 90 ба түүнээс дээш хувийн үнэлгээ авсан бол-“Бүрэн хангалттай”, 4.10.2-т 80-89.9 хувийн үнэлгээ авсан бол-“Хангалттай”, 4.10.3-т 70-79,9 хувийн үнэлгээ авсан бол-“Ажил сайжруулах”, 4.10.4-т 69,9 ба түүнээс доош хувийн үнэлгээ авсан бол-“Хангалтгүй”, 4.11-д “Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн оноо 100 оноо буюу 74%-ийг эзлэх бөгөөд 69,9 ба түүнээс доош оноо авсан тохиолдолд “Хангалтгүй”,  4.12-т “Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд төвийн удирдлага, манлайлал бүлгийн оноо 35 оноо буюу 26%-ийг эзлэх бөгөөд 24,5 ба түүнээс доош оноо авсан тохиолдолд “Хангалтгүй” гэж тооцно.” гэж заажээ.

       Гэрээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд ажлын хэсгийн үнэлгээгээр М өрхийн эрүүл мэндийн төв нь “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлэг”-ээс  67.05 оноо авсан нь журмын 4.11-д зааснаар “Хангалтгүй”-д , “Төвийн удирдлага, манлайлал бүлэг”-ээс 28 оноо авсан нь 4.12-т зааснаар “Хангалттай”-д тооцогдохоор байгаа ба Тавын 5.3.4-т “Гүйцэтгэгч талын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн нийлбэр  оноо нь “Хангалтгүй“ гэж дүгнэгдсэн бол 5.3-т зааснаар төвийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохоор зохицуулжээ.

        5. М өрхийн эрүүл мэндийн төв нь гэрээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд “Төвийн удирдлага, манлайлал” бүлгээс 28 оноо авч, “Хангалттай”-д тооцогдсон байх ба энэ хэсгийн үнэлгээтэй маргаагүй.

       Хариуцагчаас шүүхэд тайлбарын хамт ажлын хэсгийн гишүүдийн  гарын үсэг зурж баталгаажуулсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гурвалсан гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас”, М өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны хагас жилийн гүйцэтгэлийн гэрээнд  хийсэн дүн шинжилгээ, 2023 он 07 дугаар сарын 04” гэсэн  баримт бичгүүдийг  ирүүлсэн. /1 дэх хавтаст хэргийн 112-117, 124-135 дах тал/

      Энэхүү М өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны хагас жилийн гүйцэтгэлийн гэрээнд  хийсэн дүн шинжилгээ, 2023 он 07 дугаар сарын 04” гэсэн  баримт бичигт ажлын хэсгийн өгсөн үнэлгээний үндэслэл, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрийн оноо,  бүлэг тус бүрийн  оноо, хувь, мөн  гэрээний ерөнхий дүнг  тодорхой тусгасан байх ба “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гурвалсан гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас” нь журмын Зургаагийн 6.1-д заасан гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн үнэлгээг баталгаажуулсан илтгэх хуудас гэж  хариуцагч талаас тайлбарласан болно.

       Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас гэрээний “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлэг”-ийн  хэрэгжилтэд өгсөн ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн журмын Дөрвийн 4.8-д “Шалгуур үзүүлэлтийн бүлэг бүрийн нийлбэрийн дундаж нь 80 ба түүнээс дээш хувиар дүгнэгдсэн тохиолдолд гэрээний хэрэгжилт хангалттай гэж тооцно”, 4.11-т “Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн оноо 100 оноо буюу 74%-ийг эзлэх бөгөөд 69,9 ба түүнээс доош оноо авсан тохиолдолд “Хангалтгүй”, Тавын 5.3.4-т “Гүйцэтгэгч талын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн нийлбэр  оноо нь “Хангалтгүй“ гэж дүгнэгдсэн,”, 5.3.7-д “Багаар ажиллаагүй, төвийн даргын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээ алдагдахад хүрсэн ноцтой зөрчил илэрсэн,” гэж заасныг тус тус баримтлан  2023 оны 7 дугаар сарын 06-ны  өдөр  М өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан  гэрээг  цуцалсан агуулгатай   02 дугаартай  мэдэгдэх хуудсыг гаргаж, танилцуулжээ.

     6. Хариуцагч ажлын хэсгийн гишүүдээс шүүхэд өгсөн  “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлэг”-ийн үнэлгээний талаарх тайлбараас үзэхэд тус бүлэгт хамаарах гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн 1.1.1-д 7.7 оноо, 1.1.2-т 4.5 оноо, 1.1.3-т 1 оноо, 1.1.4-т 4.6 оноо, 1.1.5-д 4.5 оноо, 1.1.6-д 3.75 оноо, 1.2.1-д 4.75 оноо, 1.2.2-т  “0” оноо, 1.2.3- т 3.5 оноо, 1.2.4-т 5.1 оноо, 1.2.5-д 8.25 оноо, 1.2.6-д 4 оноо, 1.2.7-д 6.5 оноо, 1.2.8-д 4 оноо, 1.2.9-д 5 оноо тус тус өгснөөр шалгуур үзүүлэлтүүдийн нийлбэр оноо нь 67.15 байна.

       Хариуцагч ажлын хэсгийн гишүүн Х.Агаас гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн 1.2.1 дэх хэсэгт “4.75” оноо өгсөн гэж тайлбарласан бол шалгуур үзүүлэлт бүрийн оноог нэгтгэж, гэрээний нийт оноог тооцож гаргасан  хариуцагч ажлын хэсгийн гишүүн Ж.Нгаас  2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд  тайлбарлахдаа  “...Ажлын хэсгийн нарийн бичгийн даргын хувьд оноог нэгтгэсэн баримтад тусгасан үнэлгээг харьцуулж үзэхэд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүлэг”-ийн шалгуур үзүүлэлт бүрээс авсан тус төвийн үнэлгээ нь зөрүүгүй байх ба нийлбэр оноо нь 67.1 оноо байна. Энэ бүлгийн оноог хувиар тооцоолоход 49.6 гарсан ба 67.1 оноогоор тооцсон ч 49.6 хувь гарч байгаа. Ажлын хэсгийн гишүүн Х.А нь 1.2.1 дэх хэсгийн оноог 4.7 оноо гэж танилцуулсан учраас би 4.7 гэж нэгтгэсэн байсан. Тухайн үед ажлын хэсгийн гишүүд өгсөн онооны задаргааг нэг бүрчлэн танилцуулаагүй, тухайн хэсгийн дундаж оноог танилцуулсан.” гэжээ.  Ингэснээр “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ  бүлгийн шалгуур үзүүлэлтүүдийн нийлбэр оноог тооцоход  67.15 байх ба энэ талаар хариуцагч талаас маргаагүй болно.

      7. Журмын Дөрвийн 4.1-д  “Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг энэхүү тушаалын гуравдугаар хавсралтаар  баталсан  гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ” гэж заасан ба нэхэмжлэгчээс гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн 1.1.1-ийн 7.7 оноо, 1.1.3-ийн 1 оноо, 1.1.4-ийн 4.6 оноо, 1.1.6-ийн 3.75 оноо, 1.2.2-ийн 0 оноо, 1.2.3-ийн 3.5 оноог эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргасан.  Үүнд:

      7.1. Журмын Дөрвийн 4.6-д “Шалгуур үзүүлэлт бүрийн  нийлбэр онооны дунджаар тухайн бүлгийн, бүлэг бүрийн нийлбэр оноогоор  гэрээний хэрэгжилтийн нийт оноо /ерөнхий дүн/  гарна”, 4.7-д “Шалгуур үзүүлэлтийн 1, 3, 10, 11, 13  дах үзүүлэлтийн нийлбэр онооны дунджийг 2 дахин үржүүлж буюу 10 оноогоор дүгнэнэ.” гэж заажээ.

      Эрүүл мэндийн  сайдын 2022 оны А/104 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 1 дэх үзүүлэлтийн хэрэгжилтийг ажлын хэсгийн гишүүн А.Е хянаж, үнэлгээ өгч ажилласан байх ба  1.1.1  “Үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн хяналт” хэсгийн 1.1-ийн 1. Судалгаа, төлөвлөлтийн хэрэгжилтийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 4 оноо, 2. Хяналтад хамрагдсан хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 3 оноо, 3. Эрүүл мэндийн бүлэг дээшилсэн  хүний тоо гэсэн шалгуур үзүүлэлтэд  1.5 оноо, 1.2-ийн  1. Хүүхдийн гэрээр эргэлтийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 5 оноо, 2. Үүнээс:  Нярайг  эхний 7 хоногт  гэрээр үзлэг  хийж, дүгнэлт бичсэн хүүхдийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 5 оноо, 3. 2 хүртэлх сартай хүүхдийг 6-аас доошгүй удаа  гэрээр үзлэг хийсэн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 5 оноо,  4.  2-12 сартай хүүхдийг  сард 1-ээс доошгүй удаа үзэж, улирал бүр дүгнэлт бичсэн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 5 оноо, 5. 1-3 настай хүүхдийг  улиралд 1 удаа үзэж, хагас жил тутам дүгнэлт бичсэн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 5 оноо,  6. 3-5 настай хүүхдийг  хагас жилд 1-ээс дээш удаа үзэж, жил тутам дүгнэлт бичсэн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд  4 оноо тус тус өгч,  1 дэх үзүүлэлт буюу 1.1.1-д заасан  “Үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн хяналт”  хэсгийн шалгуур үзүүлэлтийг  7,7 оноогоор дүгнэсэн байна.

      Хариуцагч ажлын хэсгийн гишүүн А.Еаас 7.7 оноог тооцсон аргачлалын талаар “... 1.1.1-д заасан шалгуур үзүүлэлт нь 10 оноотой 1.1, 1.2 гэсэн 2 хэсэгтэй ба би 1.1.1-д нийт өгөгдөх ёстой 10 оноог 1.1 дэх хэсгийг 5 оноогоор, 1.2 дахь хэсгийг 5 оноогоор үнэлэхээр тус тус хуваарилсан. Үүнд, 1.1-ийн 1-д 4 оноо,  1.1-ийн 2-т 3 оноо, 1.1-ийн 3-т 1,5 оноо нийт 8.5 оноог дээрх 3 хэсэгт хувааж дундаж оноог гаргахад  2.8 оноо гарсан. 1.2-ийн 1-д 5 оноо, 1.2-ийн 2-т 5 оноо, 1.2-ийн 3-т 5 оноо, 1.2-ийн 4-т 5 оноо, 1.2-ийн 5-т 5 оноо, 1.2-ийн 6-т 4 оноо нийт 29 оноог 6 хэсэгт хувааж 4,8 оноо гарсан.  4.8 оноонд дээрх 2.8 оноог нэмж ерөнхийдөө бутархайг тооцож 7.7 оноо өгсөн.” гэж тайлбарласан.

      Нэхэмжлэгчээс 1.1.1.  “Үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн хяналт” хэсгийн 1.1, 1.2 дах үзүүлэлтэд өгсөн онооны үндэслэлтэй маргахгүй, 1.1, 1.2-т заасан нийт 9 үзүүлэлтийн  нийлбэр оноо 37.5 гарсан, журамд зааснаар 37.5 оноог 9 үзүүлэлтэд хувааж, гарсан  дундаж оноог 2 дахин үржүүлэхэд 8.3 оноо байхад журамд зааснаас өөрөөр тооцож 7.7 оноо өгсөн нь үндэслэлгүй. Түүнчлэн 1.1-ийн 3. Эрүүл мэндийн бүлэг дээшилсэн  хүний тоо гэсэн шалгуур үзүүлэлтэд  1.5 оноо өгсөн нь үндэслэлгүй, журмын Дөрөвт гэрээний үзүүлэлтийг бутархай оноогоор дүгнэхээр заагаагүй гэж маргаж байна.

      Эрүүл мэндийн яамны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 5/845 дугаартай албан бичгээр “Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ. ...Харин шалгуур үзүүлэлтийн 1,3,10,11,13 дахь үзүүлэлтийн нийлбэр онооны дунджийг 2 дахин үржүүлж буюу 10 оноогоор дүгнэнэ гэж туссан байгаа тул түүнийг мөрдлөг болгон гэрээний хэрэгжилтийг дүгнэх нь зүйтэй.” гэх хариуг шүүхэд ирүүлжээ.

        Хариуцагч ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгаас  2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд  өгсөн тайлбартаа “Эрүүл мэндийн яамнаас...оноог яаж тооцох аргачлалыг утсаар зөвлөсөн. Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнээс би өөрөө утсаар асуусан, яагаад гэхээр тайлан өгдөг хүн нь би юм. Энэ зөвлөмжийн дагуу тухайлбал 1.1.1-д заасан “Үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн хяналт” гэсэн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт хэсгээс авах нийт 10 онооны дунджийг тооцохдоо 1.1.1-ийн 1.1, 1.2-д заасан нийт 9 арга хэмжээ тус бүрд дээд тал нь 5 оноо өгч, 9 арга хэмжээний нийлбэр оноог 9-д хувааж, гарсан оноог А/104 дугаар тушаалаар баталсан журамд заасны дагуу 2-оор үржүүлж, 1.1.1-д заасан шалгуур үзүүлэлтийн оноог гаргана. 1.1.1-д заасан нийт 9 арга хэмжээ тус бүрээс 5 оноо авлаа гэхэд 5х9=45 оноо, 45 оноог 9-т хувааж 5 оноо болох ба журамд зааснаар энэ шалгуур үзүүлэлтийн дундаж оноог 2-оор үржүүлэх ёстой тул 5х2 нийт 10 оноо болж тооцогдох жишээтэй. Энэ аргачлалаар тооцоход тухайн шалгуур үзүүлэлтэд өгөгдөх нийт 10 онооноос  давахгүй байх ёстой.” гэж тайлбарласан.

       Журмын 4.7-д заасан “Шалгуур үзүүлэлтийн 1, 3, 10, 11, 13  дах үзүүлэлтийн нийлбэр онооны дунджийг 2 дахин үржүүлж буюу 10 оноогоор дүгнэнэ.” гэх зохицуулалтын агуулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбараас үзэхэд хариуцагч ажлын хэсгийн гишүүн А.Е нь 1 дэх үзүүлэлтийн оноог 7.7 гэж тооцсон аргачлал нь журмын 4.7-д заасантай нийцээгүй байна. Тодруулбал 1 дэх үзүүлэлт болох 1.1.1. “Үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн хяналт” шалгуур үзүүлэлт нь 1.1. Хүн амын эрүүл мэндийн хяналтыг сайжруулах, 1.2. 0-5 хүртлэх насны хүүхдийн эрүүл мэндийн хяналтыг сайжруулан тэгш, хүртээмжтэй үйлчлэх гэсэн хоёр хэсэгтэй, 1.1 нь дотроо 3 үзүүлэлттэй, 1.2 нь дотроо 6 үзүүлэлттэй, эдгээр нь  1.1.1-д заасан гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд хамаарах тул 1.1.1 нь нийт 9 үзүүлэлттэй байна.  Журмын 4.7-д  шалгуур үзүүлэлтийн 1, ...дахь үзүүлэлтийн нийлбэр онооны дунджийг гаргахаар зохицуулсан тул 1 дэх үзүүлэлт болох 1.1.1 Үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн хяналт” хэсгийн 9 үзүүлэлтийн нийлбэр оноог гаргахад 37.5 байх ба нийлбэр оноог 9 үзүүлэлтэд хуваахад 1 дэх үзүүлэлтийн дундаж оноо нь 4.16 байна. Шалгуур үзүүлэлтийн  1 дэх үзүүлэлтийн нийлбэр онооны дунджийг 2 дахин үржүүлэхэд 8.3 оноо гарч байх  тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлтэй байна.

      Журмын 4.7-д шалгуур үзүүлэлтийн 1 дэх үзүүлэлтэд өгөх нийт 10 оноог тооцохдоо тухайн үзүүлэлтэд хамаарах хэсэг бүрийн оноог тус тус 5 оноогоор хуваарилахаар,  хэсэг бүрийн нийлбэр онооны дунджийг тус тусад нь гаргахаар, хэсэг бүрийн дундаж онооны нийлбэрээр тухайн 1 дэх үзүүлэлтийн нийт оноог гаргахаар зохицуулаагүй тул ажлын хэсгийн гишүүн А.Еын 1.1.1 Үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн хяналт” шалгуур үзүүлэлтийн эцсийн оноог 7.7 гэж тооцож гаргасан аргачлал нь журмын 4.7-д заасантай нийцээгүй, уг үзүүлэлтээс нэхэмжлэгч 8.3 оноо авсан байхад журамд зааснаас өөрөөр тооцож авах ёстой оноог  0.6 оноогоор багасгасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

      Мөн журмын 4.4, 4.5 дах заалтад тоо, чанарын үзүүлэлтээр хэмжигдэх  болон хувиар илэрхийлэгдэх шалгуур үзүүлэлтийг  ямар арга, аргачлалаар тооцох талаар нарийвчлан зохицуулсан. Уг зохицуулалтаас үзэхэд  үзүүлэлт бүрийг 5, 4 ,3 ,2, 1, 0 гэх мэтээр бүхэл оноогоор дүгнэхээр заасан байна. Ажлын хэсгийн гишүүнээс 1.1-ийн  3. Эрүүл мэндийн бүлэг дээшилсэн  хүний тоо гэсэн шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг 1.5 гэсэн бутархай оноогоор дүгнэхдээ тухайн арга хэмжээний тавьсан зорилтын хүрсэн түвшинг журмын 4.4.4, 4.4.5-д заасан аль хувиар дүгнэсэн нь тодорхойгүй, уг үнэлгээ нь журмын 4.4-т заасантай нийцээгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар маргаан мөн үндэслэлтэй байна.

       Иймд шүүх хуралдааны явцад хариуцагч ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү маргаантай холбогдуулж, “...эхний 3  хэсэгт өгсөн 8.5 оноог 3-т хуваахад гарсан 2.83 оноонд 2 дугаар хэсгээс авсан 29 оноог 6-д хуваагаад гаргасан 4.83  нэмээд 7.7 гэж гаргасан нь зөв” гэж  өөрөөр тайлбарласан нь үндэслэлгүй байна.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Еаас бусад ажлын хэсгийн гишүүд  “Эрүүл мэндийн тусламж,үйлчилгээ бүлэг”-ийн 3, 10, 11, 13 дах шалгуур үзүүлэлтийн нийлбэр онооны дунджийг журмын 4.7-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд тайлбарласан тухайн аргачлалаар тооцсон байгааг дурдах нь зүйтэй.

       Иймд 1.1.1 ”Үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн хяналт” шалгуур үзүүлэлт өгсөн 7.7 оноог хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

        7.2.  “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн   3 дах үзүүлэлтийг ажлын хэсгийн гишүүн Ж.Н хянаж, үнэлгээ өгч ажилласан байх ба 1.1.3.  Тухайн харьяаны хүн амын урьдчилан сэргийлэх үзлэг” шалгуур үзүүлэлт нь  3.1. Тухайн харьяаны хүн амд чиглэсэн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж, үр дүнг сайжруулах, 3.2. Өсвөр насны хүүхдийг үзлэг, шинжилгээнд хамруулж, арга хэмжээ авах, 3.3. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэлтийг нэмэгдүүлэх гэсэн 3 хэсэгтэй байна.

        Ажлын хэсгийн гишүүнээс 3.1-ийн 1. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 1 оноо, 2. Өвчтэй илэрсэн хүний хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 0 оноо, 3. Хүн амыг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний хэрэгжилт гэсэн шалгуур үзүүлэлтэд 0 оноо, 3.2-ийн Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан өсвөр насны хүүхдийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 3 оноо, 2. Өвчлөл илэрсэн хүүхдийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 0 оноо, 3. Өсвөр насны хүүхдийг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний хэрэгжилт гэсэн шалгуур үзүүлэлтэд 0 оноо, 3.3.-ийн 1. Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хүүхдийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 2 оноо, 2. Өвчтэй хүүхдийг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний хэрэгжилт гэсэн шалгуур үзүүлэлтэд 2 оноог тус тус өгч, 3.1, 3.2, 3.3 дахь хэсэгт заасан нийт 8 үзүүлэлтийн нийлбэр болох 8 оноог 8 үзүүлэлтийн тоонд хувааж, шалгуур үзүүлэлтийн 1.1.3 дахь хэсгийн дундаж  нь  оноо 1  гарсныг журмын 4.7-д зааснаар 2 дахин үржүүлээгүй байх ба 3 дахь үзүүлэлт болох 1.1.3. Тухайн харьяаны хүн амын урьдчилан сэргийлэх үзлэг гэсэн  шалгуур үзүүлэлтийг 1 оноогоор дүгнэжээ.

        Нэхэмжлэгчээс 3 дахь шалгуур үзүүлэлтийн 1.1.3-ийн 3.1. Тухайн харьяаны хүн амд чиглэсэн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж, үр дүнг сайжруулах, 3.2. Өсвөр насны хүүхдийг үзлэг, шинжилгээнд хамруулж, арга хэмжээ авах хэсгийн үнэлгээ болон 1.1.3-ийн дундаж оноог 2 дахин үржүүлээгүй асуудалтай маргана,  3.3 Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэлтийг нэмэгдүүлэх хэсгийн үнэлгээтэй маргахгүй гэж тайлбарлажээ.

        Журмын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд” баримтад  эрүүл мэндийн төвийн хэрэгжүүлэх үйл ажиллагааг 1.1.3-ийн 3.1-ийн 1,2,3-т заасан үзүүлэлтийн хувьд “Тухайн харьяаны хүн амын урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралтыг >70%-д хүргэх, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ, авч үр дүн гарсан байна.” гэж, 3.2-ийн 1,2,3-т заасан үзүүлэлтийн хүрээнд “Өсвөр насны хүүхдийн үзлэг, шинжилгээний хамралтыг >50%-д хүргэх, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ хэрэгжүүлсэн байна.” гэж тус тус заасан байх ба мэдээллийн эх сурвалж нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах төлөвлөгөө, арга хэмжээний тайлан байхаар байна.

        Нэхэмжлэгчийн 1.1.3 дахь шалгуур үзүүлэлтийн үнэлгээтэй холбоотой маргаанд шүүхээс дараах хууль зүйн дүгнэлтийг хийв. Үүнд:

          1.Шалгуур үзүүлэлтийн 1.1.3-ийн 3.1-ийн 1. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын хувь гэсэн үзүүлэлтэд 1 оноо өгсөн үндэслэлээ хариуцагчаас “…Тухайн үед М өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргаж өгсөн тус төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүхий баримтын эх хувьд 1.1.3-ийн 3.1-ийн 1 дэх хэсгийн шалгуур үзүүлэлтэд хувийг нь 43.6  гэж би гараар тэмдэглэсэн байгаа, тус төв нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан тухайн харьяаны хүн амын хувийг уг баримтад 67 хувь гэж тодорхойлж ирүүлсэн. Тухайн үед биечлэн ажлын байранд нь очиж шалгахад бүртгэлээр  урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан тухайн харьяаны хүн амын хувь нь 43.6 хувьтай байсан. Иймээс би баримтад 43.6 хувь гэж тэмдэглэсэн. Мөн өрхийн эмнэлгүүд сар болгон аймгийн Эрүүл мэндийн газарт статистик тайлан өгдөг. 2023 оны эхний 6 сарын статистик тайланд тусгасан дүнгээр тодорхойлоход хүн амын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хувь нь 47.5 хувьтай байсныг мөн баримтад тэмдэглээд 3.1-ийн 1 дэх үзүүлэлтэд 1 оноо өгсөн. Тухайн үед М өрхийн эрүүл мэндийн төв нь тухайн харьяаны нийт хүн амын бүртгэл, үүнээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан бүртгэлийг гаргаж үзүүлээгүй. Тус өрхийн төвд бүртгэлтэй иргэдийн тоог би Эрүүл мэндийн газар дахь статистикийн мэдээнээс тодорхойлсон. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн хувь нь 43.6 хувь гэдгийг Мейрим өрхийн эрүүл мэндийн төвөөс тухайн үед гаргаж үзүүлсэн график зурагт тусгагдсан хувиар тодорхойлсон юм.  Графикт зурагт 43.6 хувь гэж,  Эрүүл мэндийн газарт өгсөн статистик тоо мэдээнд 47.5 хувь гэж, хагас жилийн тайлан болох М өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүхий баримтад  67 хувь гэж тус тус зөрүүтэй байсан учраас би 3.1-ийн 1 дэх хэсэгт 1 оноо өгсөн.” гэжээ.

      Журмын Гуравын 3.6-д “Гүйцэтгэгч тал гэрээний хэрэгжилтийн тайланг гэрээний хэрэгжилт дүгнэхээс 21 хоногийн өмнө бичиж, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт ирүүлсэн байх ба ажлын хэсгийн гишүүд тайлантай урьдчилан танилцсан байна.” гэж заасан.

        Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гэх гэрээний хэрэгжилтийн тайлан бүхий “М өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт” баримтын эх хувийг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн. Уг баримтад 1.1.3-ийн 3.1-ийн 1. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын хувийг хагас жилийн байдлаар 67 хувь гэж нэхэмжлэгч тодорхойлсон байх ба энэ хэсэгт “43.6%, 47,5% ЭМГ стат” гэж гараар тэмдэглэжээ. /2 дах хавтаст хэргийн 94-113  дах тал/

       Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн “Урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралт, өвчлөл, эрүүлжүүлэлт 2023 оны хагас жилийн байдлаар” гэсэн гарчигтай графикаар харуулсан тоон мэдээлэлд нийт хүн амын тоог 15329, урьдчилан сэргийлэх үзлэг хамрагдсан хүн амын тоог 6726 буюу 43.8% гэж тусгагджээ. /2  дах хавтаст хэргийн 171 дэх тал/

      Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2024 оны 129 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн “ЭМТ-501.1.Хүн амын төрөлт,нас баралт,өвчлөлийн сарын мэдээ” баримтын “Амбулаторын үзлэг” хэсэгт  2023 оны 01-6 сард үзлэгийн тоо бүгд 20069 гэж, урьдчилан сэргийлэх үзлэгийн тоо 9535 гэж тусгагдсан байх ба урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан гэх 9535 хүн нь нийт  20 069 хүн амын 47.5 хувь байна. /3 дах хавтаст хэргийн 119-122  дах тал/

 Эдгээр нь “…тухайн үед М өрхийн эрүүл мэндийн төвийн хагас жилийн байдлаарх тухайн харьяаны хүн амын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын хувьтай холбоотой мэдээлэл нь зөрүүтэй байсан.” гэх хариуцагчийн тайлбартай  холбоотой нотлох баримтууд байх ба шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч “ЭМТ-501.1.Хүн амын төрөлт,нас баралт,өвчлөлийн сарын мэдээ” баримтыг үндэслэн тус төвийн 2023 оны 01-6 сарын байдлаарх тухайн харьяаны хүн амын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын хувийг 47.5 хувь гэж үзжээ.

      Нэхэмжлэгчээс “…манай өрхөд 15329 хүн ам бүртгэлтэй, журамд тухайн харьяаны хүн амын 70 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар заасан,  үүнээс хагас жилд  нийт хүн амын 35 хув нь хамрагдах ёстой. Хагас жилд тус төвд харьяалалтай нийт хүн амын 6726 хүн нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, холбогдох шалгуур үзүүлэлтийг хангасан. Тухайн үед ажлын хэсэгт  “М өрхийн эрүүл мэндийн хүн амын тоо, өрхийн тоо, эрүүл мэндийн байдал” нэртэй баримтыг, тухайн харьяаны хүн амаас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан талаарх бүртгэл, үүнээс үзлэгээр өвчтэй гарсан хүн амын судалгаа, өвчтэй хүмүүст өдрийн эмчилгээгээр, гэрээр, сэргээн засах, амбулаториор эмчлүүлсэн хүн амын бүртгэл зэрэг 4 бүртгэл, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах төлөвлөгөө, арга хэмжээний тайланг гаргаж өгсөн.” гэж тайлбарлан дээрх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

      Хэрэгт авагдсан  М ӨЭМТөвийн хүн амын тоо, өрхийн тоо, эрүүл мэндийн байдал” баримтаас үзэхэд тус төвд 15329 хүн харьяалалтай байх ба энэ “2023 онд харьяа багийн хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах төлөвлөгөө”-нд тус төв нь харьяа хүн амын 70%-иас доошгүй хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар төлөвлөжээ. /1 дэх хавтаст хэргийн 217,  3 дахь хавтаст хэргийн 175-176  дах тал/

     Журамд дээрх байдлаар тухайн харьяаны хүн амын урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралтыг 70%-д хүргэхээр заасан нь тухайн шалгуур үзүүлэлтийн бүтэн жилийн хэрэгжилт бөгөөд хагас жилд тус төвийн харьяаны нийт хүн амын 35 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байх шаардлагатай гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна. Иймд харьяалалтай нийт 15329 хүний 35 хувь болох 5366-гаас доошгүй хүнийг М өрхийн эрүүл мэндийн төв нь хагас жилийн байдлаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар байна.

      Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн “2023 онд харьяа багийн хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулсан тайлан”, урьдчилан сэргийлэх үзлэг хамруулсан хүн амын бүртгэлээр  тус эрүүл мэндийн төв нь хагас жилд 6726 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан гэж үзэхээр байгаа ба энэ нь тус төвд харьяалалтай нийт 15 329 хүн амын 43.8 хувь байгаа нь хагас жилд нийт хүн амын 35 хувиас доошгүйг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах үзүүлэлтээс давсан буюу нэхэмжлэгч 1.1.3-ийн 3.1-ийн 1-д заасан шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангасан гэж үзэхээр байна.

      Хариуцагчаас М өрхийн эрүүл мэндийн төв нь тухайн үед холбогдох бүртгэл, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах төлөвлөгөө, арга хэмжээний тайланг гаргаж өгөөгүй гэж тайлбарласан боловч   шалгуур үзүүлэлтийн 1.1.3-ийн 3.1-ийн 1. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын хувь гэсэн үзүүлэлтийн хэрэгжилтийг дүгнэхдээ “ЭМТ-501.1. Хүн амын төрөлт,нас баралт, өвчлөлийн сарын мэдээ” баримтыг үндэслэн  хагас жилийн байдлаар урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтын хувийг 47.5 гэж үзсэн мөртлөө тус үзүүлэлтийн шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

      Учир нь “ЭМТ-501.1. Хүн амын төрөлт,нас баралт,өвчлөлийн сарын мэдээ баримтад урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хүний тоо  9535 гэж тусгагдсан байх ба энэ нь тус статистик мэдээнд тусгагдсан нийт  20 069 хүний 47.5 хувь байна. Үүнээс үзэхэд хариуцагч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хүний хувийг нийт  хүн амын тоотой харьцуулж тодорхойлсон байна.

     Дээрх байдлаар журамд зааснаар М өрхийн эрүүл мэндийн төв нь хагас жилийн байдлаар харьяалал бүхий нийт хүн амын 35 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан тохиолдолд шалгуур үзүүлэлтийн 1.1.3-ийн 3.1-ийн 1. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын хувь гэсэн үзүүлэлтийн шаардлагыг хангахаар байгаа ба хариуцагч тухайн үед  нийт хүн амын 47.5 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан гэж үзсэн байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч тус үзүүлэлтийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

     Журмын Дөрвийн 4.5.1-д “Үр дүнтэй”-зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 90-100% буюу 5 оноо” гэж заасан ба дээрх байдлаар нэхэмжлэгч шалгуур үзүүлэлтийн 1.1.3-ийн 3.1-ийн 1. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын хувь гэсэн үзүүлэлтийг 100 хувь хэрэгжүүлсэн байхад ажлын хэсгийн гишүүнээс 1 оноо өгснийг үндэслэлгүй гэж үзлээ.

      2. Шалгуур үзүүлэлтийн 1.1.3-ийн 3.1-ийн 2. Өвчтэй илэрсэн хүний хувь, 3. Хүн амыг эмчлэн  эрүүлжүүлэх арга хэмжээний хэрэгжилт гэсэн үзүүлэлтүүдэд тус тус  0 оноо өгсөн үндэслэлээ хариуцагчаас “... тухайн үед тайлан дээрээ 3.1-ийн 2 дахь хэсэгт 32 хувь, 3.1-ийн 3 дахь хэсэгт 87 хувь гэж тусгасан боловч энэ үр дүнг нотлох ямар нэгэн баримт үзүүлээгүй. Түүнчлэн 3.1-ийн 1 дэх хэсэгт тайлан дээрээ 67 хувь гэж тусгасан нь 43.6 эсвэл 47.5 хувьтай гарсан учраас 3.1-ийн 2, 3 дахь хэсэг тусгасан 32 хувь, 87 хувь гэдэг нь өөрөө буруу гэж үзсэн.” гэж тайлбарласан бол нэхэмжлэгчээс “... өвчтэй илэрсэн хүний тоо 3882,  үүнээс эмчлэн эрүүлжүүлсэн хүний тоо 1338  юм. Урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралт, илэрсэн өвчлөл, эмчлэн эрүүлжүүлсэн талаарх  мэдээллийг  2023 оны хагас жилийн байдлаар гэж  графикаар танилцуулсан. Мөн М ӨЭМТөвийн хүн амын тоо, өрхийн тоо, эрүүл мэндийн байдал нэртэй баримтыг, тухайн харьяаны хүн амаас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хүн амын бүртгэл, үүнээс үзлэгээр өвчтэй гарсан хүн амын судалгаа, өвчтэй хүмүүст өдрийн эмчилгээгээр, гэр, сэргээн засах, амбулаториор эмчлүүлсэн хүн амын бүртгэл зэрэг 4 бүртгэлийг гаргаж өгсөн, эдгээр баримтаас харах боломжтой байсан.” гэж тайлбарлан маргажээ.

       Хэрэгт авагдсан гэрээний хэрэгжилтийн тайлан бүхий “М өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт” баримтын эх хувьд нэхэмжлэгч 1.1.3-ийн 3.1-ийн 2.Өвчтэй илэрсэн хүний  хувийг хагас жилийн байдлаар 32 хувь гэж, 31-ийн 3. Хүн амыг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг 87 хувь гэж  тодорхойлсон байх ба нэхэмжлэгчээс шүүхэд дээрх шалгуур үзүүлэлттэй холбогдуулан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан 6726 хүнээс өвчтэй илэрсэн гэх 3882 хүн, эдгээрээс  эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авагдсан  гэх 1338 хүний бүртгэлийг, түүнчлэн “Өрхийн эмнэлгийн үзлэгт хамрагдсан хүний тоо, үзлэгийн төрөл”, “М” ӨЭМТөвд үзүүлсэн өдрийн эмчилгээний тайлан”, “Гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ”, “2023 онд оношлогоо,шинжилгээнд хамрагдсан иргэдийн судалгаа”, 2023 онд өдрийн эмчилгээнд хамрагдсан иргэдийн судалгаа”,”2023 онд сэргээн засах эмчилгээнд хамрагдсан иргэдийн судалгаа” болон бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Эдгээр нь шалгуур үзүүлэлтийн 1.1.3-ийн 3.1-ийн 2. Өвчтэй илэрсэн хүний хувь, 3. Хүн амыг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний хэрэгжилт гэсэн үзүүлэлтийг дүгнэхэд хамааралтай нотлох баримтууд болох нь тогтоогдож байна. Ажлын хэсгийн гишүүнээс дээрх нотлох баримтуудыг үндэслэн 3.1,3.2 дахь хэсгийн үзүүлэлтийн хэрэгжилтийг бодитойгоор дүгнэхгүйгээр 3.1-ийн 1 дэх хэсэгт тайлан дээрээ 67 хувь гэж тусгасан нь 43.6 эсвэл 47.5 хувьтай гарсан учраас 3.1-ийн 2, 3 дахь хэсэг тусгасан 32 хувь, 87 хувь гэдэг нь өөрөө буруу гэж үзээд дээрх үзүүлэлтүүдийг тус тус “0” оноогоор дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

      3. Шалгуур үзүүлэлтийн 1.1.3-ийн 3.2. Өсвөр насны хүүхдийн үзлэг, шинжилгээнд хамруулж, арга хэмжээ авах үзүүлэлтийн 1. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан өсвөр насны хүүхдийн хувь гэсэн хэсэгт хариуцагчаас “3” оноо өгсөн үндэслэлээ “...өсвөр насны хүүхдийн бүртгэл, үүнээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хүүхдийн бүртгэлийг гаргаж өгсөн. Тухайн үед тус өрхийн ерөнхий эмч Ты гаргаж  надад үзүүлсэн тайланд 1704 хүүхэд бүртгэлтэй гэж байсныг тайлангийн материалд би тэмдэглэсэн, харин надад үзүүлсэн бүртгэлд 601 хүүхэд харьяалалтай байсан. Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар дээр тус төвд  1232 өсвөр насны хүүхэд бүртгэлтэй гэж, 1232 хүүхдийн бүртгэл гаргаж өгсөн нь худлаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор өсвөр үеийн хүүхэд гэж 10-19 насны хүүхдийг ойлгоно. Үүнээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хүүхдийн тоо 304 ...гэсэн мэдээтэй тайлан үзүүлсэн. Гэрээний хэрэгжилтийн талаарх тайландаа тусгасан 91 хувь гэдэг нь буруу байсан,  холбогдох бүртгэлийг гаргаж үзүүлсэн  учраас 3.2-ын 1 дэх хэсэгт 3 оноо өгсөн.”  гэж тайлбарлажээ.

     Нэхэмжлэгчээс “…Манай өрхийн эмнэлэгт 1232 өсвөр насны хүүхэд бүртгэлтэй, энэ талаарх нотлох баримт нь “Өсвөр үе судалгаа” нэртэй бүртгэл байгаа. 1232 хүүхдээс 11-19 насны хүүхдийн тоо 1075 юм. Энэ тоонд 10 настай хүүхдүүд ороогүй. Нийт 1232 өсвөр насны хүүхдээс хагас жилийн байдлаар 616 хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой. Үүнээс хагас жилийн байдлаар 308 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гэж төлөвлөснөөс 99 хувь  буюу 304 хүүхэд үзлэгт хамрагдсан байгаа. Энэ талаарх бүртгэл нь “Өсвөр үе урьдчилан сэргийлэх үзлэг” нэртэй бүртгэл юм.” гэж тайлбарлан маргасан.

      Уг үйл баримтын талаар гэрч М өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмч Б.Т нь “Манай өрхөд харьяалалтай 10-19 насны өсвөр насны хүүхдийн тоо нийтдээ 1232 байгаа. Үүнээс 10 насны хүүхдийг хасахад 11-19 насны нийт хүүхдийн тоо 1075 юм. Тухайн үед нийт 1232 хүүхдийн бүртгэлийг үзүүлээгүй. 1075 хүүхдийн бүртгэл, судалгааг танилцуулсан. Холбогдох сайдын тушаалаар сүүлд 10 насны хүүхэд нь өсвөр насны хүүхдэд хамаардаг болсныг мэдээгүй байсан шалтгаанаар манай өрхийн эрүүл мэндийн төвд харьяалалтай өсвөр насны хүүхдийн тоог 1075 гэж мэдэгдсэн маань буруу болсон. Тухайн үед ажлын хэсгийн гишүүн Ж.Н нь 10 насны хүүхдийг яагаад өсвөр насны хүүхдэд оруулж тооцохгүй байгаа вэ гэхэд би энэ талаар мэдээгүй байсан, миний буруу боллоо гэж хүлээн зөвшөөрч,  бүтэн жилийн хяналт шалгалтын үед алдаагаа зөвтгөж 10 насны хүүхдийг оруулж, судалгааг танилцуулъя гэж хэлсэн. Тухайн үед 1075 хүүхдээс 304 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан.” гэж мэдүүлжээ. /3 дах хавтаст хэргийн  43-45 дах тал/

      Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд М өрхийн эрүүл мэндийн төв нь өсвөр насны хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаж, уг арга хэмжээний тайланг мөн үйлдсэн байх ба дээрх байдлаар тухайн үед ажлын хэсгийн гишүүнд тус төвд харьяалалтай өсвөр насны хүүхдийн тоог 1075 гэж танилцуулсан байх боловч тус төвд 10-19 насны өсвөр насны нийт 1232 хүүхэд харьяалалтай болох нь, үүнээс 304 нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан нь “Өсвөр үе судалгаа”, “Өсвөр үе урьдчилан сэргийлэх үзлэг” нэртэй бүртгэлүүд,   гэрч өрхийн их эмч Б.Ты мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

     Иймд шалгуур үзүүлэлтийн 1.1.3-ийн 3.2 дахь хэсгийн 1. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан өсвөр насны хүүхдийн хувь гэсэн үзүүлэлтийн хэрэгжилтийг 1075 хүүхдээс биш 1232 хүүхдээс тооцохоор байна.

      Журамд дээрх байдлаар өсвөр насны хүүхдийн үзлэг, шинжилгээний хамралтыг 50%-д хүргэх гэж заасан нь тухайн шалгуур үзүүлэлтийн бүтэн жилийн хэрэгжилт тул хагас жилд тус төвийн харьяаны нийт өсвөр насны 1232 хүүхдийн 25-аас доошгүй хувь буюу 308-аас доошгүй хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байхыг ойлгоно. Иймд хагас жилийн байдлаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдвал зохих нийт өсвөр насны хүүхдийн тоо 616 байх бөгөөд үүнээс 308 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар төлөвлөсөн гэх  нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй юм. Тус төв нь 304 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан нь үзлэгт  хамрагдсан байх шаардлагатай 308 хүүхдийн 98.7 хувийг эзлэх тул 3.2-ийн 1. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан өсвөр насны хүүхдийн хувь гэсэн үзүүлэлтийн хэрэгжилт 98.7 хувьтай гэж үзэхээр байна.

      Журмын Дөрвийн 4.5.1-д “Үр дүнтэй”-зорилт, арга хэмжээ нь оноьчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 90-100% буюу 5 оноо” заасан ба дээрх байдлаар нэхэмжлэгч шалгуур үзүүлэлтийн 1.1.3-ийн 3.2-ын 1. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан өсвөр насны хүүхдийн хувь гэсэн үзүүлэлтийг 98.7 хувь хэрэгжүүлсэн байхад 3 оноо өгснийг үндэслэлгүй гэж үзлээ.

     Тухайн үед М өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчээс ажлын хэсгийн гишүүнд 10 насны хүүхдийг оролцуулахгүйгээр өсвөр насны хүүхдийн тоог буруу танилцуулсан нь эсхүл 10 настай хүүхэд өсвөр насны хүүхдэд хамаардаг эсэхийг мэдэхгүй байсан нь тус төв хагас жилд 304 өсвөр насны хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах үйл ажиллагаа явуулсныг үгүйсгэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

      4. Шалгуур үзүүлэлтийн 1.1.3-ийн 3.2. Өсвөр насны хүүхдийн үзлэг, шинжилгээнд хамруулж, арга хэмжээ авах үзүүлэлтийн 2. Өвчлөл илэрсэн хүүхдийн хувь, 3. Өсвөр насны хүүхдийг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний хэрэгжилт гэсэн үзүүлэлтүүдэд тус тус 0 оноо өгсөн үндэслэлээ хариуцагчаас “...урьдчилан сэргийлэх үзлэгийн явцад өвчлөл илэрсэн хүүхдийн тоо 150, 150 хүүхдээс 504 хүүхдийг эрүүлжүүлсэн гэсэн мэдээтэй тайлан үзүүлсэн. Би уг эмчид “150 хүүхэд өвчтэй бол яаж 504 хүүхдийг эмчилсэн байх юм бэ, энэ тоо чинь зөрүүтэй байна, бодит байдалд хэчнээн хүүхдийг эмчилсэн бэ” гэж асуухад, “504 гэж буруу бичсэн” гэдгээ зөвшөөрсөн, гэхдээ эмчилсэн хүүхдийн тоо хэд байсныг хэлж чадаагүй юм. Нэхэмжлэгчээс “Өсвөр үе эрүүлжүүлсэн байдал” нэртэй эмчилсэн гэх 54 хүүхдийн судалгааг шүүхэд гаргаж өгсөн байгаа боловч тухайн үед энэ баримтыг надад гаргаж үзүүлээгүй. Хэрэв үзүүлсэн бол би тухайн үед зохих оноог нь өгөх ёстой байсан.” гэж тайлбарласан.

      Уг маргааны талаар нэхэмжлэгчээс “...урьдчилан сэргийлэх үзлэгийн явцад 150 хүүхэд өвчтэй илэрсэн, үүнээс 54 хүүхдийг эмчлэх арга хэмжээ авсан. Манай эмч тайлан дээрээ 54 хүүхдийг 504 гэж   алдаатай бичсэн байсан, үүнийг  шалгалт хийж байсан мэргэжилтэнд ойлгуулж хэлсэн боловч 0 оноо тавьсан.” гэж тайлбарлажээ.

      Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан өсвөр насны 304 хүүхдээс 150 нь өвчтэй илэрсэн нь, үүнээс 54 хүүхдэд эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг тус өрхийн төвөөс авсан нь хэрэгт авагдсан  “Мейрим ӨЭМТөв, Өсвөр үе хүүхдийн судалгаа” “Өсвөр үе эрүүлжүүлсэн байдал” нэртэй бүртгэлээр, гэрч өрхийн их эмч Б.Ты “...үзлэгийн явцад өвчлөл илэрсэн хүүхдийн тоо 150 байсан, эдгээрээс шүдний өвчтэй, хоолойн өвчтэй гэх мэтийн 54 хүүхдийг амбулатори болон лавлагаа шат руу илгээж эрүүлжүүлсэн.” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

      Түүнчлэн гэрч Б.Таас “...Тухайн үед ажлын хэсгийн гишүүнд үзүүлсэн тайланд эрүүлжүүлсэн хүүхдийн тоо 54 гэдгийг техникийн алдааны улмаас 504 гэж бичсэн байсан. Ажлын хэсгийн гишүүн тухайн үед бухимдаад яагаад 504 хүүхдийг эрүүлжүүлсэн гэж худлаа тоо бичээд байгаа юм бэ гэсэн. Би техникийн алдаа гаргасан болохыг хэлсэн боловч хүлээж аваагүй. Өвчлөл илэрсэн хүүхдийн тоо 150 байгаа нь журамд зааснаар 50%-д хүрээгүй гэж 3.2-ын 2 дахь хэсэгт 0 оноо, эрүүлжүүлсэн хүүхдийн тоо 54-ийг 504 гэж буруу мэдээлсэн гэж 3.2-ын 3-д мөн 0 оноо өгсөн гэж тайлбарласан.” гэж мэдүүлжээ.

       Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд” баримтын 1.1.3-ийн 3.2. Өсвөр насны хүүхдийн үзлэг, шинжилгээнд хамруулж, арга хэмжээ авах гэсэн шалгуур үзүүлэлтийн “Үйл ажиллагаа” гэдэгт “Өсвөр насны хүүхдийн үзлэг, шинжилгээний хамралтыг >50%-д хүргэх, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ хэрэгжүүлсэн байна.” гэж заасан.  Үүнд үзлэг, шинжилгээний хамралтыг 50%-д хүргэхээр заасан нь зөвхөн 3.2-ийн 1. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд хамааралтай байна.

      Иймд М өрхийн эрүүл мэндийн төв нь дээрх байдлаар хагас жилд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдвал зохих өсвөр насны 308 хүүхдийн 98.7 хувийг хамруулснаас 150 хүүхэд өвчтэйг илрүүлж ажилласан, үүнээс 54 хүүхдийг  эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авсан үр дүнтэй байхад энэ тохиолдлыг 3.2-ийн 2,3 дахь хэсгийн шалгуур үзүүлэлтийн зорилтод түвшинд хүрсэн хувийг журмын Дөрөвт зааснаар үнэлж дүгнэхгүйгээр 3.2.-ийн 2,3 дэх хэсгийн үзүүлэлтүүдэд шууд 0 оноо өгснийг буруу гэж дүгнэлээ.

      Түүнчлэн 3.2-ийн 3 дахь үзүүлэлтийн хувьд өвчтэй илэрсэн хүүхдийн тоо 150 байхад 504 хүүхдийг эмчилсэн гэж үзэх боломжгүй нь тодорхой бөгөөд техникийн алдаанаас 54 гэдэг тоог 504 гэж тайлан дээрээ тусгагдсан нөхцөл байдлыг өрхийн эмчээс ажлын хэсгийн гишүүнд тайлбарласан байхад эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авагдсан хүүхдийн тоог 504 гэж буруу бичсэн гэх үндэслэлээр 0 оноо өгч ажилласан нь хууль бус байна.

       Дээрх байдлаар ажлын хэсгийн гишүүнээс шалгуур үзүүлэлтийн 1.1.3-ийн 3.1, 3.2 дахь хэсэгт өгсөн оноо нь үндэслэлгүй гэх  нэхэмжлэгчийн маргаан нь зөв болох нь тогтоогдсон, түүнчлэн хариуцагчаас 1.1.3 буюу  3 дахь шалгуур үзүүлэлтийн нийлбэр оноог 2 дахин үржүүлээгүй нь журмын 4.7-д заасан ...3  дахь шалгуур үзүүлэлтийн нийлбэр онооны дунджийг 2 дахин үржүүлж буюу  10 оноогоор дүгнэх зохицуулалтыг мөн зөрчсөн байна.

        Иймд ажлын хэсгийн гишүүний шалгуур үзүүлэлтийн 1.1.3 дахь хэсэгт өгсөн 1 оноог хүчингүй болгож шийдвэрлэлээ.

        7.3. “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн   1.1.4. “Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн хамралт” шалгуур үзүүлэлт нь  4.1. Эрт илрүүлэг үзлэгийн хамралтыг нэмэгдүүлэх гэсэн нэг хэсэгтэй, энэ нь дотроо 1. Цусны даралт ихсэх өвчинг эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн ам хувиар (18-аас дээш нас), 2. Чихрийн шижинг эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн ам хувиар (40-64 нас), 3. Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн ам хувиар (30-60 нас), 4. Хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн ам (30-60 нас) бодит тоо гэсэн 4 үзүүлэлттэй байна.

        5 оноогоор дүгнэгдэх шалгуур үзүүлэлтийн энэ хэсэгт ажлын хэсгийн гишүүнээс 4.1-ийн 1-д 4.5 оноо, 2-т 5 оноо, 3-т 4 оноо, 4-т 5 оноо тус тус өгснөөр 1.1.4 дэх хэсэгт заасан шалгуур үзүүлэлтийн онооны нийлбэрийн дундаж нь    4.6 оноо гарчээ.

        Нэхэмжлэгчээс 4.1-ийн 1,2,4 дэх үзүүлэлтүүдэд өгсөн оноотой маргахгүй, 3 дахь үзүүлэлтэд өгсөн 4 оноог зөвшөөрөхгүй гэж маргаж, үндэслэлээ “...бүтэн жилийн байдлаар 607, хагас жилд 304 хүнийг умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт хамруулах ёстой. Үүнээс хагас жилд 287 хүн хамруулсан нь 304 хүний 94 хувь болно. Журамд зааснаар гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн хувь нь 90 хувиас дээш байвал 5 оноо өгөх ёстой.” гэж тайлбарлажээ.

         “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд” баримтад /журмын/  эрүүл мэндийн төвийн хэрэгжүүлэх үйл ажиллагааг 1.1.4-ийн 4.1-д заасан үзүүлэлтүүдийн хувьд “Тухайн жилд зорилтот бүлгийн хүн амыг эрт илрүүлэг үзлэгт 100 хувь хамруулсан байна” гэж зааснаас үзвэл хагас жилийн байдлаар 4.1-ийн 3-т заасан үзлэгт хамрагдвал зохих хүн амаас 50 хувь нь хамрагдана гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд энэ талаар хариуцагчаас маргаагүй.

       “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд” баримтын мэдээллийн эх сурвалж хэсгээс үзэхэд 1.1.4 дэх шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг цахим программаас хянаж шалгахаар заажээ.

      Шүүх хуралдааны явцад талуудаас умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн амыг  www.screening.gov.mn  программд бүртгэдэг гэж тайлбарласан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... www.screening.gov.mn  программ нь 2023 оны 6 сар хүртэл ажиллаж, 6 сараас хойш ажиллахгүй байсан тул уг тайланг гаргаж ирэх боломжгүй байсан. www.screening.gov.mn   программ өнөөдрийг хүртэл ажиллахгүй байгаа. Өрхийн эрүүл мэндийн төв нь уг программд орсон мэдээллийн дагуу сар бүр аймгийн Эрүүл мэндийн газарт статистик мэдээ хүргүүлдэг ба бид 4.1-ийн 3 дахь  үзүүлэлтийн хэрэгжилт хагас жилийн байдлаар хэдэн хувьтай байгааг Эрүүл мэндийн  халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтний хагас жилийн байдлаар гаргасан  статистик мэдээг  үндэслэсэн гэж, хариуцагч ажлын хэсгийн гишүүн Д.Уатханаас “... умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэг үзлэгт хагас жилд хамруулбал зохих хүний тоо 384, үүнээс 287 хүн хамрагдсан гэдэг статистик мэдээг М өрхийн эрүүл мэндийн  төвөөс аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн байна. Үүнээс хувь тооцвол 74.7 хувь гарсан тул 4 оноо өгсөн. Холбогдох журамд зааснаар гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн хувь нь 70-79% байвал 3 оноо өгөх ёстой, энэ хэсэгт би төвийн ажлыг дэмжээд 4 оноо өгсөн гэж тайлбарлажээ.

      Хариуцагч талын   www.screening.gov.mn  программ нь  2023 оны 6 сар хүртэл ажиллаж, 6 сараас хойш ажиллаагүй, ажлын хэсгээс хяналт шалгалт хийх үед  уг программаас 4.1-ийн 3 дах үзүүлэлтийн тайланг гаргаж ирэх боломжгүй байсан, уг программ нь өнөөдрийг хүртэл ажиллахгүй байгаа, www.screening.gov.mn-д бүртгэсэн мэдээллийн дагуу өрхийн эрүүл мэндийн төв нь сар бүр статистик мэдээг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлдэг гэх тайлбартай маргаагүй ба хариуцагч талын шүүхэд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 167 дугаар албан бичгээр ирүүлсэн ”2023 оны хагас жилийн байдлаар М өрхийн эрүүл мэндийн төвийн сарын мэдээ” баримтад умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдвал зохих хүний тоо 384, үзлэгт хамрагдсан хүний тоо 287 байна. Үүнээс үзэхэд үзлэгт хамрагдсан 287 хүн нь хамрагдвал зохих 384 хүний 74.7 хувь байна.

       Хагас жилд дээрх төрлийн үзлэгт 287 хүн хамрагдсан гэдэгт нэхэмжлэгч маргаагүй, харин хамрагдвал зохих хүний тоо 304 гэж маргасан боловч энэ талаар шүүхэд шинээр гаргаж өгсөн тоон мэдээ тусгагдсан хүснэгт бүхий  баримтын “Халдварт бус өвчин” гэсэн хэсэгт  умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэгийн үзлэг хамрагдвал зохих хүний тоо 6 сарын байдлаар 336 гэж тусгагдсан, түүнчлэн уг тоон мэдээг  www.screening.gov.mn программаас аваагүй, 2023 оны 6 сараас хойш www.screening.gov.mn программ нь хаалттай байгааг нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн ба дээрх үзлэгт хагас жилийн байдлаар хамрагдвал зохих хүний тоо 304 болохыг нотолж чадаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалгуур үзүүлэлтийн 1.1.4-ийн 4.1-ийн 3. Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх  үзлэгт хамрагдвал зохих хүний тоо 384, уг үзүүлэлтийн хэрэгжилт 74.7 хувь байгааг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

        Иймд нэхэмжлэгчийн маргааныг үндэслэлгүй гэж үзэж, шалгуур үзүүлэлтийн 1.1.4 дэх хэсгээс авсан нийт 4.6 оноог хүчингүй болгох  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        7.4. “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд” баримтад заасан 1.1.6. “Зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” шалгуур үзүүлэлт нь  6.1. Настны эрүүл, мэндийг дэмжих өвчнөөс урьдчилан сэргийлэх, 6.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд /ХБИ/-ийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ гэсэн хоёр хэсэгтэй, 6.1 нь хоёр үзүүлэлттэй, 6.2 нь 3 үзүүлэлттэй байна.

        Нийтдээ 5 оноогоор дүгнэгдэх уг шалгуур үзүүлэлтэд  ажлын хэсгийн гишүүнээс 3.75 оноо өгсөн байх ба нэхэмжлэгчээс 6.2 дахь хэсэгт нийт 8 оноо өгсөнтэй маргахгүй, 6.1-ийн 1. Ахмад настны урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралтын хувь гэсэн үзүүлэлтэд 4 оноо, 2. Ахмад настныг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний хэрэгжилт гэсэн үзүүлэлтэд 3 оноо өгсөнтэй маргана гэж тайлбарлажээ.

       Нэхэмжлэгчээс маргааны үндэслэлээ “ ...нийт 903 ахмад настан манай төвд  бүртгэлтэй, үүнээс хагас жилийн байдлаар 452 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ёстой байснаас 408 ахмад настан үзлэгт хамрагдсан. Үзлэгт хамрагдсан 408 ахмад настны 365 хүн өвчтэй болох нь илэрч, үүнээс 207 ахмад настныг эмчлэн эрүүлжүүлсэн. 207 хүнээс 66 хүнийг сэргээн засах эмчилгээнд, давхардсан тоогоор 187 хүнийг өдрийн эмчилгээнд хамруулсан. Энэ талаарх урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээнд хамрагдсан ахмад настны бүртгэлүүд, хэрэгжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөө, тайланг тухайн үед ажлын хэсэгт үзүүлсэн.” гэж тайлбарласан.

       Хариуцагч ажлын хэсгийн гишүүн Д.У нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд өгсөн тайлбартаа “...надад танилцуулснаар 752 ахмад настан байгаа гэсэн. Гэхдээ энэ талаар бүртгэл жагсаалт байгаагүй, надад үзүүлээгүй. Иймээс би Эрүүл мэндийн  газрын статистик тоо мэдээ хариуцсан мэргэжилтэн н.А тус өрхийн эмнэлэгт хамааралтай ахмад настны тоог асуухад 903 гэж мэдэгдсэн. Тиймээс би нийт ахмадын тоог 903 гэж авсан. Тухайн үед надад 408 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан гэж жагсаалт үзүүлсэн болохоор урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан ахмадын тоог 408 гэж үзсэн. Хагас жилийн байдлаар тус өрхийн эрүүл мэндийн төв нь 451 хүнийг урьдчилан үзлэгт хамруулсан байх ёстой бөгөөд тус өрх нь 408 ахмад настныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан нь 90 хувьтай байсан. Гэхдээ ахмад настны 2023 оны шинэчилсэн судалгаа байхгүй, 903 ахмад настны бүртгэл, судалгааг гаргаж ирээгүй байсан учраас 1 оноог нь хасаж 4 оноо өгсөн.

      ...66 ахмад настныг сэргээн засах эмчилгээнд, 49 хүнийг өдрийн эмчилгээнд, 50 хүнийг гэрийн эмчилгээнд тус тус хамруулсан гэх тайлбарыг амаар өгсөн. Би энэ мэдээллийг үндэслэсэн. Тухайн үед надад 66 ахмад настныг сэргээн засах эмчилгээнд хамруулсан талаарх бүртгэл буюу хамрагдсан иргэдийн жагсаалтыг үзүүлсэн. Нийтдээ 207 ахмад настныг эмчлэх арга хэмжээ авсан гэж нэхэмжлэгч одоо тайлбарлаж байгаа боловч уг эмчилгээнд хамрагдсан гэх 207 хүний бүртгэл жагсаалтыг гаргаж өгөөгүй” гэжээ.

      “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд” баримтын “Үйл ажиллагаа” хэсэгт  шалгуур үзүүлэлтийн 1.1.6 -ийн 6.1-д заасан үзүүлэлтийн  хувьд “Ахмад настныг  урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралт >70%, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байх” гэж заасан ба хэргийн оролцогч нараас хагас жилд  нийт ахмад настны 35 хувь нь үзлэгт хамрагдана гэж гэж тайлбарласан нь үндэслэлтэй,  түүнчлэн талууд тус төвд 903 ахмад настан харьяалагддаг, үүнээс хагас жилийн байдлаар 452 ахмад настан  үзлэгт хамрагдах ёстойгоос   408 хүн үзлэгт хамрагдсан талаар маргахгүй байна.

       Хагас жилд урьдчилан сэргийлэх үзлэгт 408 ахмад настан хамрагдсан нь хамрагдвал зохих 452 ахмад настны 90.2 хувь байна. Ингэснээр М өрхийн эрүүл мэндийн төв нь хагас жилд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдвал зохих 452 хүний 70 хувийг буюу нийт 903 ахмад настны 35 хувийг үзлэгт хамруулсан байх шаардлагыг 100 хувь хангасан гэж үзэхээр байна.

      Журмын Дөрвийн 4.5.1-д ““Үр дүнтэй” -зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 90-100% буюу 5 оноо” гэж заасан  тул  хариуцагчаас “  шалгуур үзүүлэлтийн 1.1.6-ийн 6.1-ийн 1 дэх үзүүлэлтэд 4 оноо өгсөн нь журмын 4.5.1-д заасантай нийцээгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн маргааныг үндэслэлтэй гэж үзэж, хариуцагч энэхүү үзүүлэлтэд 4 оноо өгснийг буруу гэж дүгнэлээ.

      Нэхэмжлэгч шүүхэд тус төвд харьяалалтай 903 ахмад насны бүртгэлийг шүүхэд ирүүлсэн ба хариуцагчаас “...тухайн үед ахмад настны 2023 оны шинэчилсэн судалгаа байхгүй, 903 ахмад настны бүртгэл, судалгааг гаргаж ирээгүй байсан учраас 1 оноог нь хасаж 4 оноо өгсөн.” гэж тайлбарласан боловч ахмад настны бүртгэлийг шинэчилж гаргаагүй нь тус төв 408 ахмад настныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан бодит үйл ажиллагааны үр дүнг үгүйсгэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

     Шалгуур үзүүлэлтийн 1.1.6-ийн 6.1-ийн 2. Ахмад настныг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний хэрэгжилт гэсэн үзүүлэлтийн онооны маргааны хувьд нэхэмжлэгчийн маргааныг үндэслэлгүй гэж үзэв.

      Нэхэмжлэгчээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан 408 ахмад настны  365 хүн өвчтэй илэрсэн гэж тайлбарласан ба хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс нийт 165 ахмад настанд эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авагдсан гэж үзсэн бол нэхэмжлэгч 207 хүнд эмчлэх арга хэмжээ авсан гэж маргасан.

      “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд” баримтын  “Үйл ажиллагаа” хэсэгт  шалгуур үзүүлэлтийн 1.1.6 -ийн 6.1-д заасан үзүүлэлтийн  хувьд “Ахмад настныг  урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралт >70%, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байх” гэж зааснаас үзвэл үзлэгийн явцад өвчтэй болох нь тогтоогдсон нийт 365 ахмад настныг бүгдийг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээнд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулна гэж ойлгогдохоор байна.

      М өрхийн эрүүл мэндийн төвийн тайлбарласнаар тус төв нь өвчтэй илэрсэн 365 хүнээс 207 ахмад настныг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээнд хамруулсныг 1.1.6-ийн 6.1-ийн 2 дахь хэсгийн үзүүлэлтийг зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэхгүй, үлдсэн өвчтэй илэрсэн 158 ахмад настанд эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг аваагүй байх тул 6.1-ийн 2 дахь хэсэгт ажлын хэсгийн гишүүний өгсөн 3 оноо нэмэгдэнэ гэх нэхэмжлэгчийн маргаан  үндэслэлгүй байна.

 

      Дээрх байдлаар 1.1.6-ийн 6.1-ийн 1-д ажлын хэсгийн гишүүний өгсөн 4 оноо нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул шалгуур үзүүлэлтийн 1.1.6-д өгсөн “3.75” оноог хүчингүй болгож шийдвэрлэлээ.

        7.5. Шалгуур үзүүлэлтийн 1.2.2 Бүртгэгдсэн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь 8.1 Эрсдэлт бүлгийн хүн амын тусламж, үйлчилгээний хамрагдалтыг сайжруулах гэсэн 1 хэсэгтэй, энэ нь дотроо 1. Эрүүл мэндийн 3-4 бүлгийн хүн амыг тусламж үйлчилгээнд хамруулсан хувь, 2. Эрүүл мэндийн 5-р бүлгийн хүн амын хөнгөвчлөх болон гэрийн эмчилгээнд хамрагдсан хувь гэсэн 2 үзүүлэлттэй байх ба ажлын хэсгийн гишүүнээс  5 оноогоор дүгнэгдэх уг шалгуур үзүүлэлтэд 0 оноо өгсөн байна.

       Хариуцагчаас уг шалгуур үзүүлэлтэд 0 оноо өгсөн үндэслэлээ “...Журамд заасан холбогдох стандарт, хүн амыг эрүүл мэндийн 5 бүлэгт ангилсан судалгаа, идэвхтэй хяналтын карт, эрүүл мэндийг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө тайлан зэрэг бичиг баримтуудыг гаргаж үзүүлээгүй. Тухайн үед шалгуур үзүүлэлтийн энэ хэсгийг М.Ж эмч хариуцна гэж мэдэгдсэн боловч М.Ж эмч нь Улаанбаатар хотод мэргэжлийн зэрэг хамгаалахаар явсан байсан. Энэ шалгуур үзүүлэлттэй холбоотой  бичиг баримтыг гаргаж өгөх, тайлагнах хүн байгаагүй. М.Ж эмчийн хажууд суудаг н.А сувилагчаас асуухад тэрээр “миний хариуцдаг ажил биш, үүнтэй холбоотой бичиг баримтыг үзүүлье гэхээр ямар нэгэн алдаа зөрүүтэй мэдээлэл гарч ирвэл би хариуцаж чадахгүй, М.Ж эмч надад энэ арга хэмжээтэй холбоотой бичиг баримтыг хүлээлгэж өгөөгүй” гэсэн. Тийм учраас энэ хэсэгт би 0 оноо өгсөн.” гэж тайлбарлажээ.

       Нэхэмжлэгч талаас “...Тухайн үед манай төвд харьяалалтай нийт 15329  хүн амыг бүлгээр нь ангилсан ерөнхий судалгааг гаргасан байсан. Бүртгэл ёсоор  3 дугаар бүлэгт 2431 хүн, 4 дүгээр бүлэгт 145 хүн, 5 дугаар бүлэгт 96 хүн байгаа. Хүн амын эрүүл мэндийн бүлэгт хамаарах хүний ерөнхий тоо нь “М ӨЭМТөвийн хүн амын тоо, өрхийн тоо, эрүүл мэндийн байдал” гэсэн баримтаас харагдаж байгаа. 1.2.2 дахь шалгуур үзүүлэлтэй холбоотой арга хэмжээг М.Жаннур эмч хариуцдаг байсан боловч  тухайн үед байгаагүй. Түүний оронд холбогдох бичиг баримтыг ажлын хэсгийн хүмүүст үзүүлэхийг сувилагч А, А нарт даалгасан боловч тэд “бидний үзүүлсэн материалыг холбогдох баримт нь биш байна гэж үзээгүй, энэ хэсгийн үнэлгээнд 0 тавьсан байна” гэж хэлсэн.  Тухайн үед “М “ӨЭМТөвийн хүн амын тоо, өрхийн тоо, эрүүл мэндийн байдал” нэртэй баримт, өрхийн эмнэлгийн үзлэгт хамрагдсан хүний тоо, үзлэгийн төрөл нэртэй баримт, 5 дугаар бүлгийн хүн амын өвчлөл гэх графикаар гаргасан мэдээлэл, мөн графикаар гаргасан насны ангиллын баримт, 4,5 дугаар бүлгийн хүн амын судалгаа, М өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн өдрийн эмчилгээний тайлан нэртэй баримтуудыг үзүүлсэн. Тухайн үед 3, 4  дүгээр  бүлгийн хүн амаас нийтдээ өдрийн эмчилгээнд 315 хүн, сэргээн засах эмчилгээнд 156 хүн, онцгой шинжилгээнд 112 хүн хамрагдсан. Амбулаториор ч мөн үйлчилгээ авч, хөнгөлөлттэй эмийн үйлчилгээнд хамруулсан.  Эдгээр арга хэмжээтэй холбоотой бүртгэл, судалгаа байсан.” гэж тайлбарлан маргажээ.

       Уг үйл баримтын талаар шүүхэд гэрч М өрхийн эрүүл мэндийн төвд дүн бүртгэгч ажилтай Х.А “..шалгуур үзүүлэлтийн 1.2.2 дахь үзүүлэлттэй холбоотой арга хэмжээний тайланг ажлын хэсэгт эмч М.Ж, сувилагч М.А, мөн дүн бүртгэгчийн хувьд миний бие танилцуулж, тайлагнах ёстой байсан. Эмч М.Ж тодорхой ажлаар Улаанбаатар хотод сургалтаар явсан тул сувилагч М.А бид хоёр танилцуулах болсон.  Тухайн үед 4,5 дугаар бүлгийн хүн амын судалгаа, 3, 4 дүгээр бүлгийн хүмүүсийг сэргээн засах, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээнд хамруулсан судалгаа, 5 дугаар бүлгийн хүн амын өвчлөлийг графикаар харуулсан баримт, гэрээр тусламж, үйлчилгээ авсан хүний бүртгэл судалгаа, төлөвлөгөө, тайланг үзүүлсэн. Идэвхтэй хяналтын карт, 3 дугаар бүлгийн хүмүүсийн судалгааг гаргаж үзүүлээгүй. Тус өрхийн эрүүл мэндийн төвд хамааралтай 15329 хүний өрхийн ерөнхий судалгаанаас 3 дугаар хүмүүсийн тоог шүүж харах боломжтой учраас энэ судалгаанаас үзээрэй гэж ажлын хэсгийн гишүүнд хэлсэн боловч тэрээр хүлээж аваагүй, дээрх бичиг баримтыг үзүүлэхээр бэлдэж ажлын хэсгийн гишүүнд очиход эдгээр нь хамааралтай бичиг баримтууд биш байна гэж үзээгүй.” гэж,

       Гэрч сувилагч ажилтай М.А “...1.2.2 дахь хэсэгт заасан үзүүлэлтийн талаар ажлын хэсгийн гишүүнд Х.А бид хоёр хариуцаж танилцуулсан. М.Ж эмч Улаанбаатар хотод 2023 оны 6 дугаар сарын 22-ны үед явсан ба явахаас өмнө энэ шалгуур үзүүлэлттэй холбоотой тайлангаа бичээд гаргаад явсан. Төлөвлөгөөг жилийн эхэнд гаргаж, баталсан байгаа. 3 дугаар бүлгийн хүн амын тусдаа судалгаа, бүртгэл гэж гаргаагүй байсан тул ямар нэгэн бүртгэл судалгаа тухайн үед үзүүлээгүй. Гэхдээ манай өрхөд хамааралтай 15329 хүний ерөнхий судалгаа компьютерт цахим хэлбэрээр байгаа ба уг ерөнхий судалгаанд эрүүл мэндийн ангиллын хувьд 3 дугаар бүлэгт  хамаардаг хүний тоо харагдана. Иймээс би ажлын хэсгийн гишүүн Ж.Нд тухайн үед би компьютерт байгаа ерөнхий судалгаанаас 3 дугаар бүлгийн нийт хүн амын тоог тодорхойлох боломжтой гэж хэлсэн. 3 дугаар бүлгийн  2400 гаруй хүнээс хэдэн хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, үүнээс өвчлөлийн хувь хэд байсан, эрүүлжүүлэх арга хэмжээнд хэдэн хувь нь хамрагдсан гэдэг нь дүн бүртгэлээс харагддаг бөгөөд энэ талаарх тоо мэдээллийг ажлын хэсэгт бичгээр гаргаж үзүүлсэн байгаа. Үүнийг дүн бүртгэлийн ажилтан Х.А гаргаж үзүүлсэн. 3 дугаар бүлгийн хүний эрүүл мэндийн тусламжийн талаар миний ажлын хэсэгт үзүүлсэн баримт нь урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралт, өвчлөл, эрүүлжүүлэлт  /2023 оны хагас жилийн байдлаар/ гэсэн нэртэй графикаар гаргасан тоон мэдээллийг үзүүлсэн ба энэ тоон мэдээлэлд манай өрхөд хамааралтай 15329 хүнээс 6726 хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан үүнээс өвчтэй илэрсэн 3882 хүн, үүнээс 1338 хүн эрүүлжүүлэх арга хэмжээнд хамрагдсан судалгаа байгаа. Энэ дотор эрүүл мэндийн 3, 4, 5  дугаар бүлгийн хүн бүгд багтсан гэж тайлбарлаж өгсөн. Эрүүл мэндийн 4, 5 дугаар бүлэгт хамаарах хүн амын бүртгэл, судалгааг бичгээр гаргаж үзүүлсэн.  5 дугаар бүлэгт хүнд өвчний улмаас хэвтрийн дэглэмтэй хүмүүс хамаарах учраас эдгээр бүлэгт гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх захиалга бүртгэлийн хуудас, тэмдэглэл зэргийг хавсаргасан гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ нэртэй баримтыг үзүүлсэн. Энэ бүртгэл дотор 4 дүгээр бүлгийн хүмүүст хамаарах хүмүүсийн гэрээр тусламж, үйлчилгээ авсан хүний бүртгэл судалгаа байгаа. Мөн 4 дүгээр бүлгийн хүмүүсийн сэргээн засах тусламж үйлчилгээнд хамрагдсан иргэдийн судалгаа, өдрийн эмчилгээнд хамрагдсан иргэдийн судалгаа, бүртгэл зэргийг үзүүлсэн. Түүнчлэн гэрээр тусламж үйлчилгээ үзүүлсэн нэгдсэн бүртгэл маягт бүхий баримтыг бас үзүүлсэн. Гэвч тухайн үед Ж.Н дээрх бичиг баримтуудыг 1.2.2 дахь шалгуур үзүүлэлтэд хамааралтай бичиг баримт биш гэж бидний үзүүлсэн бичиг баримтуудыг үзээгүй. Тиймээс энэ талаар бид дарга Х.Ед мэдэгдэж, даргыг дагуулж очиход мөн үзээгүй юм.” гэж тус тус мэдүүлжээ.

      Журмаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд” баримтын “Мэдээллийн эх сурвалж” хэсгээс үзэхэд 1.2.2 дахь шалгуур үзүүлэлтийг “ӨЭМТ-ийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5292:2017 стандарт, хүн амыг эрүүл мэндийн 5 бүлгээр ангилсан судалгаа, идэвхитэй хяналтын карт, эрүүл мэндийг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө, тайлан” зэрэг бичиг баримтыг үндэслэн тухайн үзүүлэлтийн хэрэгжилтийг дүгнэхээр байна.

       Хэрэгт авагдсан “М ӨЭМТөвийн хүн амын тоо, өрхийн тоо,эрүүл мэндийн байдал” нэртэй баримтад  М өрхийн эрүүл мэндийн төв нь 15329 хүн амтай, 3 дугаар бүлгийн 2431, 4 дүгээр бүлгийн 146, 5 дугаар бүлгийн 96 гэж, аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн статистикийн тоо мэдээгээр М өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны эхний 6 сарын байдлаар үзлэгийн тоо-Бүгд 20069, үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 9535, амбулаторийн үзлэг 4071, идэвхтэй хяналт 2086, гэрийн идэвхтэй хяналт 4286, гэрийн дуудлагын үзлэг 91, мөн  эрт илрүүлгийн  үзлэг хийсэн тоо 2534,   жирэмсний хяналтад авсан эмэгтэйчүүдийн тоо 1506 байна.

       Тус төвд эрүүл мэндийн ангиллаар 4 дүгээр бүлэгт хамаарах 145, 5 дугаар бүлэгт хамаарах 96 хүн байгаа нь,  тус төв нь нийт  хүн амын 1338 хүнд эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авсан,  408 ахмад настныг  урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан, өдрийн эмчилгээнд  хамрагдсан 294 хүн, үүнээс ахмад настан  158, сэргээн засах тусламж үйлчилгээнд  156 хүн, ахмад настан 66 хүнийг хамруулсан, гэрээр тусламж үйлчилгээ үзүүлсэн хүний тоо 56, оношилгоо, шинжилгээнд хамруулсан хүний тоо 117, хөгжлийн бэрхшээлтэй 63 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн нь  хэрэгт авагдсан  энэ талаарх судалгаа, бүртгэл, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 дүгээр  тушаалаар баталсан холбогдох маягтаар үйлдсэн нэгдсэн бүртгэлээр  тус тус тогтоогдсон. 

      Гэтэл хариуцагч нь дээрх холбогдох баримт бичгүүдийг шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг хянах явцад үзээгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шалгуур үзүүлэлтийн 1.2.2-т хамааралтай дээрх баримт бичгүүдийг үндэслэн эрүүл мэндийн 3, 4 дүгээр бүлгийн хүн амыг  тусламж, үйлчилгээнд хамруулсан, эрүүл мэндийн 5 дугаар бүлгийн хүн амын  хөнгөвчлөх болон гэрийн эмчилгээнд  хамрагдсан хувийг тодорхойлж, улмаар журамд заасан аргачлалаар үнэлээгүй, өөрөөр  хэлбэл үнэлгээ өгөхөд шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй буюу холбогдох баримт бичгүүдийг үзэхгүйгээр,  холбогдох ажилтнаас тайлбар, тодруулга авахгүйгээр тухайн арга хэмжээний хэрэгжилтэд  0 оноо өгсөн нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй байна.

      Иймд шалгуур үзүүлэлтийн 1.2.2-т өгсөн 0 оноог хүчингүй болгож шийдвэрлэлээ.

      7.6. “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд” баримтад заасан   1.2.3  “Яаралтай тусламж, үйлчилгээ” шалгуур үзүүлэлт нь  9.1 Яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавхыг бүрдүүлэх гэсэн нэг хэсэгтэй, энэ нь дотроо  1. Яаралтай тусламжийн арга хэмжээний хэрэгжилт, 2. Яаралтай тусламжид шаардлагатай эм, тариа, багаж, тоног  төхөөрөмжийн хангалтын хувь,  3. Яаралтай тусламжийн богино хугацааны сургалтад хамрагдсан мэргэжилтний тоо гэсэн 3 үзүүлэлттэй байна.

Ажлын хэсгийн гишүүнээс 9.1-ийн 1-д 3 оноо, 2-т 4.5 оноо, 3-т 3 оноо тус  тус өгснийг үндэслэн  үзүүлэлтүүдийн нийлбэр онооны дунджаар  3.5 оноогоор дүгнэжээ.

Нэхэмжлэгчээс 9.1-ийн 1, 2 дахь үзүүлэлтийн оноотой маргахгүй, 3 дахь хэсгийн оноотой маргана гэж, үндэслэлээ “Манай өрхийн эрүүл мэндийн төвийн бүх эмч, сувилагч нар нь 2023 оны 4 дүгээр сард эрүүл мэндийн газраас зохион байгуулсан сургалтад хамрагдсан. Хагас жилийн байдлаар дотооддоо 1 удаа сургалт явуулсан байсан.  Сургалтад хамрагдсан эсэхийг үндэслэж үнэлгээ өгөх ёстой байтал 9.1-ийн 1-д заасан үзүүлэлттэй холбоотой газар дээр нь авсан туршилтын арга хэмжээг энэ хэсэг дээр дахин туршиж, 2 оноо хассаныг зөвшөөрөхгүй.” гэж тайлбарласан.

Уг маргаанд хариуцагчаас “...1.2.3 дахь хэсгийн 9.1-ийн  3 үзүүлэлтийн аль алинд журамд заасан “Тусламж үйлчилгээ үзүүлэх, бэлэн байдлыг хангаж, ур чадвар эзэмшсэн байх” гэсэн нь хамааралтай. 9.1-ийн 3-т яаралтай тусламжийн богино хугацааны сургалтад хамрагдсан мэргэжилтний тоо гэсэн үзүүлэлтийн дагуу тус өрхийн эмнэлгийн төвийн бүх эмч, сувилагч нар нь сургалтад 1 удаа хамрагдсан байх боловч сургалтын үр дүн гараагүй. ...Туршиж үзэхэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж чадаагүй, хиймэл амьсгалын аппаратыг ажиллуулж чадаагүй.  Иймээс би энэ хэсэгт 3 оноо өгсөн.” гэж тайлбарлажээ.

М өрхийн эрүүл мэндийн төв нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас яаралтай тусламж, үйлчилгээний чиглэлээр явуулсан танхимаар, цахимаар болон  ажлын байрны нийт 3 удаагийн сургалтад хамрагдсан нь, мөн тус төв нь яаралтай тусламж, үйлчилгээний чиглэлээр дотооддоо сургалт явуулсан нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 46 дугаартай албан бичиг, “М өрхийн эрүүл мэндийн төвийн даргын баталсан “Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай үйлчлүүлэгчийг эрэмбэлэх талаар сургалт сурталчилгааны удирдаж”, сургалтад оролцсон эмч, ажилтнуудын бүртгэл бүхий баримтуудаар тогтоогдсон ба шалгуур үзүүлэлтүүдийн 1.2.3 дах хэсгийн 9.1-ийн 3. Яаралтай тусламжийн богино хугацааны сургалтад хамрагдсан  мэргэжилтний тоо гэсэн шалгуур  үзүүлэлтийн хувьд тус өрхийн эрүүл мэндийн төвийн  эмч, ажилтнууд нь яаралтай тусламжийн богино хугацааны сургалтад хамрагдсан талаар  хариуцагчаас маргаагүй.

Хариуцагчийн тайлбараас үзэхэд  шалгуур үзүүлэлтүүдийн 1.2.3 дах хэсгийн 9.1-ийн 1. Яаралтай тусламжийн арга хэмжээний хэрэгжилт гэсэн шалгуур  үзүүлэлтийг дүгнэхдээ журмаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд” баримтын   “Үйл ажиллагаа” хэсэгт  “Тусламж , үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангаж, ур чадвар эзэмшсэн  байна” гэж заасныг хангаж байгаа эсэхийг шалгаж оноо хассан байх бөгөөд 1.2.3 дахь хэсгийн 9.1-ийн 3. Яаралтай тусламжийн богино хугацааны сургалтад хамрагдсан  мэргэжилтний тоо гэсэн шалгуур үзүүлэлтийн хувьд  зөвхөн сургалтад хамрагдсан  мэргэжилтний тоог үндэслэн оноо өгөхөөр заасан  байхад  дээрх үндэслэлээр оноо хассан нь үндэслэлгүй  байна гэж үзлээ.

Иймд шалгуур үзүүлэлтийн 1.2.3 дахь хэсэгт өгсөн 3.5 оноог хүчингүй болгож шийдвэрлэв.

8. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 13 дугаар зүйлийн  13.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:”, 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах;”, 25.1.2-т оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах;” 25.1.3 “шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах;”, 25.1.4-т “гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах;” 25.1.5-д “баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах;”, 25.1.6-д “шаардлагатай бол туршилт хийх;”, 25.1.7-д  “оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивд хадгална”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй”, 31.2-т “Оролцогчоос гаргасан хүсэлт, тайлбар, мэдээлэл зэрэг нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бүрэн бус, эсхүл буруу бичигдсэн байвал захиргааны байгууллага оролцогчид холбогдох зөвлөгөө өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулсан.

Мөн Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих,  гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 1.3-т “Гэрээг байгуулахдаа  ил тод, нээлттэй, харилцан зөвшилцөх, хэрэгжилтийг үнэлэхдээ  бодит нотолгоо, тоон мэдээлэлд үндэслэн шударга үнэлж, хяналт тавих, гэрээг сунгах эсхүл дуусгавар болгохдоо бодит гүйцэтгэлд үндэслэж, аливаа хөндлөнгийн нөлөөллөөс хараат бус байх зарчмыг тус тус мөрдөнө”, 3.8-д “Гэрээний гүйцэтгэлийг дүгнэх аргачлал нь  хэмжигдэхүйц,  бодит үр дүнд үндэслэсэн  байна”, 3.12-т “Гэрээний хэрэгжилтийг дүгнэхдээ  гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд хамаарахгүй баримт бичиг, бусад материалыг  өрхийн эрүүл мэндийн төвөөс шаардахыг хориглоно” гэж заасан. Журмын дээрх заалтуудын агуулгаас үзэхэд гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд хамааралгүй баримт бичиг, материалыг шаардахгүй, харин хамааралтай бол холбогдох бүх баримт бичиг, бусад материалыг шалгаж, бодит нотолгоо, тоон мэдээллийг  үндэслэн дүгнэхээр зохицуулагджээ.

Хариуцагч ажлын хэсгээс нэхэмжлэгчийг гэрээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн 1.1.3, 1.1.6, 1.2.2  дахь хэсгийн хэрэгжилттэй холбоотой “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд” баримтын “Мэдээллийн эх сурвалж”   хэсэгт заасан бичиг баримтыг тухайн үед бүрэн гүйцэд гаргаж үзүүлээгүй,  шүүхэд өгсөн нотлох баримтуудаа нөхөж бүрдүүлсэн гэж маргасан боловч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй.

      Дээрх байдлаар  хариуцагч ажлын хэсгийн М өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 онд байгуулсан гэрээний хагас жилийн хэрэгжилтэд өгсөн үнэлгээний   Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.6, 1.2.2, 1.2.3 дахь шалгуур үзүүлэлтэд  өгсөн оноо нь үндэслэлгүй, журамд нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй буюу бодит нотолгоо, тоон мэдээлэлд үндэслээгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд ажлын хэсгээс шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийхэд ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэлээ.

       Өөрөөр хэлбэл  шалгуур үзүүлэлт бүрээр үнэлгээ хийхэд   буюу шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, ач холбогдолтой мэдээлэл цуглуулах, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, оролцогчоос гаргасан хүсэлт, тайлбар, мэдээлэл зэрэг нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бүрэн бус, эсхүл буруу бичигдсэн байвал оролцогчид холбогдох зөвлөгөө  үүргээ  тус тус хангалттай хэрэгжүүлээгүй байна.

       Түүнчлэн ажлын хэсэг нь захиргааны шийдвэрийн хувийн хэрэгт байвал зохих  шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамааралтай баримтуудыг бүрдүүлээгүй, тодруулбал  гэрээний хэрэгжилтийг дүгнэх үед өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргаж өгсөн гэх баримт  бичгүүдийг баталгаажуулаагүй, гаргаж өгөөгүй гэх  баримт бичгүүдийн хувьд  тайлбар гаргуулах зэргээр баримтжуулаагүй, мөн шалгуур үзүүлэлтүүдтэй холбоотой баримт бичгүүд, тоон мэдээллийн талаар төвийн эмч, ажилтнуудаас гаргасан  гэх тайлбар, тодруулгыг баримтжуулаагүй байна.

      Иймд хариуцагч ажлын хэсгийн нэхэмжлэгч М өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 онд байгуулсан гэрээний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэж өгсөн  үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.6, 1.2.2, 1.2.3 дах шалгуур үзүүлэлтийн дээр дурдсан доторх үзүүлэлт тус бүрд өгсөн оноо нь бодит нөхцөлд тохироогүй, үндэслэлгүй, журамд нийцээгүй тул уг үзүүлэлтүүдийн нийлбэр онооны дунджаар гарсан  тухайн шалгуур үзүүлэлтийн оноо, шалгуур үзүүлэлт бүрийн нийлбэр оноогоор гарсан  Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 67.05 гэсэн оноо нь үндэслэлгүй, бодит нөхцөлд тохироогүй, журамд нийцээгүй байна гэж дүгнэлээ.

      Өөрөөр хэлбэл,  ажлын хэсгийн үнэлгээ нь Захиргааны ерөнхий хуулийн   4 дүгээр зүйлийн  4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1,  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.4, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих,  гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 1.3, 3.8, 4.1, 4.4, 4.5, 4.6, 4.7, 4.11, 4.12 дах заалтуудтай тус тус  нийцэхгүй, хууль бус байна гэж дүгнээд үнэлгээний дээрх хэсгүүд болон  үнэлгээг баталгаажуулсан  илтгэх хуудсыг  тус тус  хүчингүй болгож шийдвэрлэлээ.

      9. Нэхэмжлэгчээс “Журамд заасан албан тушаалтнуудыг оролцуулахгүйгээр  ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан аймгийн Засаг даргын 2022 оны захирамж  нь хууль бус бөгөөд хэрэгжээд дууссан, 2023 онд аймгийн Засаг даргаас гэрээний талуудын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг шинээр байгуулаагүй, мөн ажлын хэсгийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, гэрээний хэрэгжилтийг дүгнэх хуваарийг батлаагүй байхад 2022 оны аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг нь  2023 оны гэрээний хагас жилийн хэрэгжилтэд үнэлгээ өгч, дүгнэсэн үндэслэлгүй, журамд зааснаас өөр албан тушаалтан болох Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын  санхүү, эдийн засаг хариуцсан мэргэжилтнийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулсан нь хууль бус, уг албан тушаалтан Төвийн удирдлага, манлайлал бүлгийн 2.6 Санхүүжилт хэсгийг шалгаж үнэлгээ өгсөн нь илтгэх хуудсыг хүчингүй болгох үндэслэл болно.” гэж  маргасан.

       Баян-Өлгий аймгийн Засаг даргын  2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дугаартай захирамжаар өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээг дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг  хавсралтаар баталсан байх  ба уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Өрхийн  эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 3.3-т заасан албан тушаалтнуудаас аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн албан тушаалтнаас бусад албан тушаалтны төлөөллийг оруулсан, харин уг албан тушаалтны оронд аймгийн Эрүүл мэндийн газрын санхүү, эдийн засаг хариуцсан албан тушаалтныг оруулсан байна.

       2023 оны  эхний 6 сарын хугацаанд аймгийн Засаг даргаас өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрээг дүгнэх ажлын хэсгийг шинээр байгуулаагүй, мөн  ажлын хэсгийн  өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, гэрээг дүгнэх хуваарийг батлаагүй байх бөгөөд Засаг даргын 2022 оны захирамжаар  батлагдсан  ажлын хэсэг нь 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр  М өрхийн эрүүл  эндийн төвийн гэрээг дүгнэсэн  нь  тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

      Иймд, М өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 онд байгуулсан гэрээний хэрэгжилтийг хагас жилээр дүгнэх үед эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргаас ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинээр баталсан захирамж гаргаагүй бөгөөд аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дугаартай захирамж хүчинтэй  байсан нь нотлогдсон.

      Мөн уг 2022 оны А/391 дугаартай захирамжаар баталсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  журамд заасан албан тушаалтнуудын төлөөлөл орсон нь тогтоогдож байгаагаас гадна аймгийн Эрүүл мэндийн газрын санхүү, эдийн засаг хариуцсан албан тушаалтныг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулснаас болон  гэрээг дүгнэх хуваарийг аймгийн  Засаг дарга батлаагүйгээс  болж нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

     Тодруулбал ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын  санхүү, эдийн засаг хариуцсан мэргэжилтэн нь гэрээний хэрэгжилтийн Төвийн удирдлага, манлайлал бүлгийн 2.6 дахь “Санхүүжилт” хэсгийн шалгуур үзүүлэлтэд үнэлгээ өгсөн байх ба М өрхийн эрүүл мэндийн төв нь тус бүлгээс 28 оноо буюу “Хангалттай” үнэлгээ авснаар уг бүлгийн оноотой маргаагүй. Иймд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын  санхүү, эдийн засаг хариуцсан мэргэжилтэн орж ажилласан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул уг нөхцөл байдал нь  илтгэх хуудсыг хүчингүй болгох үндэслэл болно гэх нэхэмжлэгчийн маргааныг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

      10. Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудсанд  Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104  дүгээр тушаалаар баталсан журмын 5.3.4, 5.3.7 дахь заалтуудыг үндэслэн  гэрээг дуусгавар болгосон талаар тусгасан байх боловч хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газрын  даргаас “Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104  дүгээр тушаалаар баталсан журмын 5.3.4 дэх заалтыг үндэслэн гэрээг  цуцалсан” агуулгатай   хариу тайлбар ирүүлсэн ба  журмын  5.3.7-д “...хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээ  алдагдахад хүрсэн ноцтой зөрчил илэрсэн” гэх үндэслэлээр гэрээг цуцалсан талаар тайлбартаа тусгаагүй, энэ талаар нотлох баримт ирүүлээгүй болно.

      Эдгээр  нөхцөл байдлуудаас үзэхэд  хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь М өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 онд байгуулсан гэрээг “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих,  гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 5.3.4-т заасан  үндэслэлээр  цуцалсан гэж дүгнэхээр байна.

      11. Дээрх байдлаар хариуцагч ажлын хэсгийн нэхэмжлэгч М өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 онд байгуулсан гэрээний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэж өгсөн  үнэлгээний  Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.6, 1.2.2, 1.2.3 дах шалгуур үзүүлэлтийн оноо, шалгуур үзүүлэлт бүрийн нийлбэр оноогоор гарсан бүлгийн оноо нь хууль бус тул журмын 5.3.4-т заасан  “Гүйцэтгэгч талын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн нийлбэр оноо нь “Хангалтгүй” гэж дүгнэгдсэн” гэсэн үндэслэлээр гэрээг цуцалсан  шийдвэр /мэдэгдэх хуудас/ нь   Захиргааны ерөнхий хуулийн   4 дүгээр зүйлийн  4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1,  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих,  гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 1.3, 3.8, 4.1, 4.4, 4.5, 4.6, 4.7, 4.11, 4.12, 5.3.4 дах заалтуудтай тус тус  нийцэхгүй,  хууль бус байна гэж үзлээ.

      Мөн Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гэрээний загварын 4.1.3,  2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр М өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан  гэрээний 4.1.3-д тус тус зааснаар захиалагч тал болох аймгийн Засаг дарга нь төвийн үйл ажиллагаанд хяналт тавьж, урамшуулах, хариуцлага тооцож ажиллах эрх,үүрэгтэй  байна.

      Иймээс “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 1.2, 1.4-т тус тус  зааснаар  аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын дарга нь  гэрээний захиалагч тал бөгөөд шалгуур үзүүлэлтийг үндэслэн гэрээг дүгнэх эрх бүхий этгээдүүд тул  тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын төвийн үйл ажиллагаанд хяналт тавих,хариуцлага тооцох эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргад мэдэгдэхгүйгээр, дангаараа М өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан  гэрээг цуцалсан шийдвэр нь журмын дээрх заалтуудтай нийцэхгүй байна.

Иймд энэ талаар нэхэмжлэгчийн маргааныг үндэслэлтэй гэж үзлээ.

      11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т  зааснаар  захиргааны акт  хууль бус бөгөөд  түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь  тогтоогдсон тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгохоор  зохицуулсан.

      Дээрх  байдлаар маргаан бүхий захиргааны актууд  нь хууль бусаас гадна   нэхэмжлэгч М өрхийн эрүүл мэндийн төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах, төвийн гишүүдийн  хөдөлмөрлөх, цалин хөлс авах  зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  гэж үзэх үндэслэлтэй байна.

      Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн М өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээний хэрэгжилтэд хагас жилээр өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.6, 1.2.2, 1.2.3 дахь шалгуур үзүүлэлтийн оноо, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн оноо, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн  илтгэх хуудас буюу  “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас”, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг  болох ажлын хэсгийн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж,үйлчилгээ бүлгийн 1.1.4 дэх шалгуур үзүүлэлтийн оноог хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1,  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.4 дэх заалтуудыг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дугаартай захирамжаар байгуулсан ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн М өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны гэрээний хагас жилийн хэрэгжилтэд өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1 дэх шалгуур  үзүүлэлтийн 7.7 оноог,  1.1.3 дахь шалгуур үзүүлэлтийн 1 оноог,  1.1.6 дахь шалгуур үзүүлэлтийн 3.75 оноог,  1.2.2 дахь шалгуур үзүүлэлтийн 0 оноог, 1.2.3 дахь шалгуур үзүүлэлтийн 3.5 оноог, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүлгийн 67.05 оноог, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн  илтгэх хуудас буюу  “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас”, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг  болох ажлын хэсгийн үнэлгээний  Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.4 дэх шалгуур үзүүлэлтийн 4.6 оноог хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.РИЗА