Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

иргэдийн төлөөлөгч Д.Насанжаргал,

улсын яллагч П.Болормаа /томилолтоор/,

хохирогч Ц.Отгонгэрэл,

шүүгдэгч Ж.Батсүх, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн /ҮД:0-846/,

шүүгдэгч Г.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч А.Бүдханд /ҮД:1289/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элст овогт Жамсрандуламын Батсүх, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хасгаан овогт Ганчимэгийн Бямбасүрэн нарт холбогдох 201726010092 дугаартай, 188/2017/0206/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “ГБУС” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 2 дугаар баг, Хүүхдийн-Ус гэх газар оршин суух албан ёсны хаягтай боловч, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Цэргийн ангийн 1-37а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Элст овогт Жамсрандуламын Батсүх  /РД:ЙА84060919/

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 100 айл гудамжны 33 дугаар байрны 38 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын 6-7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Хасгаан овогт Ганчимэгийн Бямбасүрэн /РД:ЧА84082560/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Батсүх нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны урд талд Цэргийн ангийн 1-37а тоот хашаанд байрлах нийтийн байрны 7 тоот өрөөнд иргэн Ц.Отгонгэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түлхэж унаган паар мөргүүлж, өшиглөн, бие махбодид нь “дагз ясны зүүн талын суурийн төвгөрийн хугарал, тархи доргилт, зүүн гуя, шилбэнд цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Бямбасүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны урд талд Цэргийн ангийн 1-37а тоот хашаанд байрлах нийтийн байрны 7 тоот өрөөнд иргэн Ц.Отгонгэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар үснээс нь зулгааж бие махбодид нь “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг : Яллах талын нотлох баримтууд.

 

1.1. Шүүгдэгч Ж.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 28-ны орой найз Бямбасүрэнтэй гэртээ хоноод байж байхад 2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөө манай өрөөний хаалгыг хүн тогшихоор нь би гарсан чинь салсан эхнэр Отгонгэрэл 2 настай хүүхдийн хамт ирсэн коридорт хүүхдийн тэтгэмжийн мөнгө өг гэсэн. Би байсан 24,000 төгрөгөө өгөхөд над руу уурлаад байсан. Энэ үед Бямбасүрэн өрөөнөөс гарч ирээд юу болоод байгаа юм гэхэд Отгонгэрэл чи янхантайгаа байгаа юм уу би Батсүхийн эхнэр нь байна энэ хүүхэд нь байна гэхэд Бямбасүрэн салсан юм бол тэр чигтээ зайлахгүй юу гээд байгаа юм гэх зэргээр Отгонгэрэл Бямбасүрэн нар хоорондоо хэрэлдээд байсан ба Бямбасүрэн чамтай ярих юм алга гээд гарах гэтэл Отгонгэрэл араас нь үсдэж аваад тэр хоёр хоорондоо үсдэлцээд зууралдаад байхаар нь би салгах гэсэн чинь салахгүй байсан, тэгэхээр нь би Отгонгэрэл, Бямбасүрэн нарын дундуур нь ороод Отгонгэрэлийг арагш нь түлхэхэд Отгонгэрэл эрчиндээ арагшаа савж унасан ба унахдаа толгойн ар хэсгээр унасан, юу мөргөсөн талаар би мэдэхгүй байна. Босож ирээд хажуудаа байсан түмпэн, заазуур, жигнүүр зэргийг Бямбасүрэн рүү шидсэн боловч Бямбасүрэнг оноогүй. Тэгээд дахиад үсдэлцэх гээд байсан ба салгах гэж зууралдаж байхад гуя шилбэндээ юманд цохисон байж магадгүй, би яг өшиглөж гэмтэл учруулаагүй. Би урьд нь Отгонгэрэлийг цохиж, зодож байгаагүй, бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. ...Миний хамаатан садан бүгд Өвөрхангай айгийн Баруунбаян-Улаан суманд мал малладаг. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 х/

 

1.2.Шүүгдэгч Ж.Батсүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хүүхэддээ хүүхдийн мөнгө өгдөг. Тухайн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөө Г.Бямбасүрэн бид хоёр манай гэрт байхад хохирогч Ц.Отгонгэрэл надаас мөнгө асууж ирсэн. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөнгө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын данс руу орсон, хохирогч Ц.Отгонгэрэлийн данс руу ороогүй байсан. Би Ц.Отгонгэрэлд байгаа 20.000 төгрөгөө өгөөд зогсож байхад Г.Бямбасүрэн гарч ирээд хохирогч Ц.Отгонгэрэл, шүүгдэгч Г.Бямбасүрэн хоёр үсдэлцхээр нь би энэ хоёрыг салгасан. Тухайн үед энэ хоёр муудалцаад байхаар нь зодолдчих байх гэж бодоод салгасан. Хохирогч Ц.Отгонгэрэл нь хойшоо салах эрчиндээ паар мөргөсөн. Би хохирогч Ц.Отгонгэрэлийн биед хүнд гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Цаашид хохирогч Ц.Отгонгэрэлийн эмчилгээнд анхаарна. Одоогийн байдлаар мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.3. Шүүгдэгч Г.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 28-ны орой би Батсүхийн амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд ирж хоносон. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөө Батсүхийн өрөөний гадаа коридорт Батсүх нэг эмэгтэйтэй юм яриад зогсоод байсан, мөнгө өг гээд байсан. Би гарах гээд хаалга онгойлгоход чи ямар янхантайгаа банзалдаад байж байгаа юм,  би Батсүхийн шээсийг төрүүлсэн эхнэр нь байна, чи юу юм гээд хэл амаар доромжлоод байхаар нь би чамтай ярих ч юм алга гээд гарах гэтэл тэр эмэгтэй миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үсдэлцээд авсан ба тэр эмэгтэй миний хөл рүү 2, 3 удаа өшиглөсөн. Батсүх ирээд тэр эмэгтэйг холд гээд мөрнөөс нь зулгаагаад салгасан. Тэр эмэгтэй ахиад хэрүүл хийгээд намайг 2 дахь удаагаа үсдсэн. Батсүх ахиад салгаад тэр эмэгтэйг газар дэвссэн байсан гудасны хавьд түлхсэн, ямар нэгэн юм мөргөж унаагүй байх гэж бодож байна. Тэгээд босож ирээд чи наад янхан гичийгээ өмөөрлөө гээд хажуудаа байсан заазуур, түмпэн, жигнүүр зэргийг шидээд байсан, тэр нь намайг оноогүй. Батсүх намайг яв гээд би гараад явсан. Жигнүүр шидэж байх үед нийтийн байрны эзэн нь бололтой нэг залуу ирээд жигнүүр аваад та нар боль гэж хэлээд явсан. ...Би одоо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, тухайн үед миний толгой өвдөж байсан, одоо зүгээр болсон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 х/

 

1.4.Шүүгдэгч Г.Бямбасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн хэрэг гардаг өдөр би шүүгдэгч Ж.Батсүхийн гэрт нь хамт байсан. Хохирогч Ц.Отгонгэрэл ирээд намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Шүүгдэгч Ж.Батсүхтэй танилцаад удаагүй байсан. Тухайн үед би эхнэр, хүүхэдтэй байсан юм байна, эхнэрт нь баригдчихлаа гэж бодсон. Би гарах гээд цүнхээ авах гэсэн чинь хохирогч Ц.Отгонгэрэл намайг үсдээд доош нь дарсан. Би хариу үйлдэл хийгээгүй, цүнхээ аваад хурдан явъя гэж бодсон. Хохирогч Ц.Отгонгэрэл нь намайг дахиж үсдсэн. Өөрийнхөө үснээс гарыг нь салгах гээд гараас нь барьсан. Би санаатайгаар гэмтэл учруулъя гэж бодоогүй, над руу хутга, заазуур, сав шидсэн. Тэгээд би хурдан цүнхээ аваад гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.5. Хохирогч Ц.Отгонгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Батсүхтэй 2013 оны 10 дугаар сард танилцаж 2014 оны 01 дүгээр сараас хойш Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн 1-27-16А тоотод хамт оршин суудаг байсан. 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Бундхорол гэж охинтой болсон. 2015 оны 08 дугаар сард Өвөрхангай аймагт алт гарсан гэж байна яваад ирье гэж яваад сураггүй болохоор нь араас нь очиход надаас сална гэхээр нь би шүүхэд хандаж хүүхэддээ тэтгэмж тогтоолгоно гэхэд тэг тэг гэхээр нь Улаанбаатар хотод ирээд 2 сар гаруй хүлээгээд ирээгүй. ...Би Өвөрхангай аймгийн шүүхэд хандсан боловч Батсүх нь зугтаж явсаар арай гэж баригдаад шүүх хурал болох гэж байна гээд намайг дуудахаар нь би очих боломжгүй байсан учраас миний өргөдлийг шилжүүлээд 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Батсүхийн манай ахаас зээлсэн 1,000,000 төгрөг, хүүхдийн сар бүрийн тэтгэмж 92,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 98,000 төгрөгийг төлөх тухай захирамж гарсан. Батсүх 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 9 болон 10 дугаар сарын мөнгө 395,000 төгрөг өгсөн бөгөөд 600,000 төгрөг өгөх ёстой. Миний хүүхэд бөөрний үрэвсэлтэй учраас мөнгө хэрэг болоод 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 12 цаг өнгөрч байхад Батсүхийн оршин сууж байгаа байранд очиход хамтран амьдрагч Бямба /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх эмэгтэйтэй хамт байсан. Намайг хараад яах гэж ирсэн юм бэ гэхээр нь чи шүүхийн шийдвэр лүү очоод уулзахгүй яасан юм бэ, би аргаа бараад ирж байна, хүүхэд чинь өвчтэй, үнэтэй тариа хийлгээд би мөнгөгүй болчихлоо, цалин чинь буусан бол хэдэн төгрөг өгөөч гэхэд надад байгаа нь энэ гээд 20,000 төгрөг өгсөн. Тэр үед хамт байсан Бямба нь чи хүүхдээ тэжээж чадахгүй бол аавд нь өгчих гэхээр нь би ийм амьдралын баталгаагүй хүнд өгөхгүй, хөдөө ээж дээрээ аваачиж өгөх гээд байгаа биз дээ гэхэд Бямба нь чи шээсийг нь гаргачихаад гэхээр нь чамд хамаагүй би эцгээс нь мөнгийг нь авах гэж байна гэхэд Батсүхээ чи наад авгайгаа давраачихсан байна, алаад зайлуулаач чи надаас дор гичий байна шүү дээ гээд маргалдаж байгаад намайг үсдээд би бас зөрүүлээд үсдэх үед Батсүх намайг салгаад арагшаа түлхэхэд би толгойн дагзны зүүн ард хэсгээр паар мөргөж унаад босоод ирэхэд Батсүх нь баруун талын шанаа руу гараараа нэг цохиод, намайг цохих гээд байхаар нь хажууд байсан хуванцар түмпэн, заазуур байхаар нь түмпэнг аваад шидсэн боловч оноогүй. Тэгээд гарах гэтэл Бямбаа нь намайг дахиж үсдээд авахад Батсүх бид хоёрыг салгаж миний мөрнөөс барьж аваад хана руу савахад зүүн нүүр биеэрээ хана мөргөөд газар унахад миний зүүн талын гуя руу өшиглөөд зогсож байх үед хүн аллаа болиоч гээд нэг залуу ирэхээр нь утсаа аваад цагдаад дуудлага өгсөн.

...Батсүх, Бямбасүрэн нар намайг зодож гэмтэл учруулснаас болоод байнга толгой өвдөж, халуурч байгаа учраас би биеэ бүрэн эмчлүүлж эрүүл болмоор байна. Би маш их гомдолтой байна.  

...Батсүхтэй хамтран амьдарч байх хугацаанд хааяа намайг алгадах үе байсан боловч би ямар нэгэн гомдол гаргаагүй. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойш Батсүх нь эмчилгээний зардал болгож 100,000 төгрөг анх өгсөн, зураг авахуул гэж 100,000 төгрөг өгсөн, сүүлд 120,000 төгрөг, нийт 320,000 төгрөг өгсөн. Би дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай, би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэмээр байна, миний биеийг эмчлэхэд хэдэн төгрөгийн зардал гарахыг би мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-15 х/

 

1.6.Хохирогч Ц.Отгонгэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Ж.Батсүхтэй 2014 оны 1 дүгээр сараас эхлэн хамтран амьдарч 2015 оны 9 дүгээр сараас хөдөө орон нутаг руу явж ажилладаг болсон. Бид хоёрын дундаас нэг хүүхэдтэй. Ж.Батсүх нь манай ахаас 1.500.000 төгрөг зээлээд салаад мөнгө төлөхгүй байсан. Шүүхийн шийдвэрээр хүүхдийн мөнгө төлдөг, 1.500.000 төгрөгийг гаргуулахаар заасан байсан. Мөнгөө төлөхгүй зугтсаар байгаад 2016 оны 8 дугаар сард олдчихоод дахиад алга болсон. Шүүхийн шийдвэрээр дахин 2016 оны 11, 12 дугаар сард хайж олсон. 2016 оны 12 дугаар сард шүүхийн шийдвэр Ж.Батсүхийг олсон гэж надад хэлсэн. Тухайн үед хүүхдийн бөөр нь өвдөөд байсан болохоор 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ж.Батсүхийн гар утас руу нь залгахад гар утас нь холбогдохгүй байхаар нь гэрт нь хүүхдээ тэврээд мөнгө асуухаар очсон. Ж.Батсүх гарч ирэхэд нь “хүүхдийн тэтгэмжийн мөнгө орохгүй байна. Мөнгөө хийсэн юм уу? Өнөөдөр амралтын өдөр. Он гаргаад мөнгө орно гэсэн надад мөнгө байхгүй, хүүхдийн бөөр нь өвдөөд эмчлүүлэх шаардлагатай гэсэн, одоо би яах юм бэ?” гэж хэлсэн. Ж.Батсүх “надад байгаа нь 24.000 төгрөг байна, үүнийг авч бай” гэсэн. Ж.Батсүх бид хоёрын дунд ямар нэгэн маргаан болоогүй. Тэгтэл дотроос нь Г.Бямбасүрэн гараад ирээд “энэ хэн юм бэ” гэж асуусан чинь Ж.Батсүх дуугарахгүй байхаар нь би “салсан эхнэр нь байна, энэ хүүхэд нь байна. Ж.Батсүх мөнгөө өгөхгүй зугтаад байна. Мөнгөний асуудлаар явж байна” гэж хэлсэн чинь Г.Бямбасүрэн “чи ямар арчаагүй юм бэ? хүүхдээ тэжээж чадахгүй юм бол хүүхдээ эцэгт нь өг” гэж асуудал гаргасан. Би “чамд хамаагүй, чи Монгол хүн юм бол нэрээ танилцуулчих намайг Отгонгэрэл гэдэг, Ж.Батсүхийн хүүхэд Бундхорол” гэсэн чинь Г.Бямбасүрэн “чамд нэрээ танилцуулах албагүй” гэсэн чинь Ж.Батсүх “та нар явцгаа” гэсэн чинь Г.Бямбасүрэн “хэнийг хөөгөөд байгаа юм бэ? эхнэрээ явуулаач яах гэж ирсэн юм бэ?” гэж намайг хэл амаар доромжилсон. Г.Бямбасүрэн намайг үсдээд дарахад Ж.Батсүх бид хоёр салгаад Г.Бямбасүрэн бид хоёр тийшээ болоод маргалдаад зогсож байхад Ж.Батсүх намайг хойшоо түлхэхэд би хойшоо саваад паар мөргөөд унасан. Уначихаад өвдөглөөд босоод ирэхэд баруун шанаа руу шанаадсан. Тэгэхээр нь би хувин байхаар нь аваад шидсэн хэнийг нь ч оноогүй. Хүүхдийнхээ куртикыг авах гэж байхад Г.Бямбасүрэн дахиад намайг үсдээд доош дарсан. Ж.Батсүхийг салгах гэж байна гэж бодоод үсдүүлсэн чигээрээ зүүн хана руу савагдаж газар унасан. Ж.Батсүх ирээд намайг өшиглөх үед өрөөний хаалга онгорхой байсан. Гаднаас нэг хүн “хөөе хүн аллаа” гэж хэлсэн. Тэгээд би босч ирээд цагдаа дуудсан. Цагдаа дуудаж байх хооронд Г.Бямбасүрэн гараад зугтаасан. Цагдаа удалгүй ирэхэд нь “нэг эмэгтэй байсан, зугтаачихлаа” гэж хэлсэн чинь цагдаа Ж.Батсүхээс, Г.Бямбасүрэнгийн гар утасны дугаарыг нь аваад залгаад намайг цагдаагийн машинд суулгаад автобусны буудал руу очиж Г.Бямбасүрэнг аваад Цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгсөн. Би томографт үзүүлэхэд зүүн талын дагзны хугарал гэсэн. Тухайн үед эмнэлгээр явж эмчлүүлж 220.000 төгрөг, бэлэн 100.000 төгрөг өгснийг гэрээрээ дусал тариа хийлгэсэн. Одоо мөнгө нэхэмжлээгүй. Эмчилгээ хийлгэсэн баримт нь байгаа. …” /шүүх хуралдааны тэмдэглэл/

           

1.7. Гэрч Ж.Моложамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ойролцоогоор 12 цагийн үед манай нийтийн байрны 1 давхарын коридорт эмэгтэй хүн хэрэлдээд шуугилдаад байхаар нь би хаалгаараа шагайж харахад нэг махлаг эмэгтэй, өөр нэг эмэгтэйтэй хэрэлдэж байсан ба махлаг эмэгтэй 7 номерын өрөө рүү орчихсон, нөгөө эмэгтэй нь үс зулгаачихлаа гээд байж байхаар нь би гэр лүүгээ орсон байж байхад 7 номерын өрөөндөө дахиад хэрэлдээд шуугилдаад байхаар нь би гараад 7 номерийн үүдэнд очих гээд явж байхад тогооны жигнүүр коридор луу шидэж байсан би тэр жигнүүрийг хэн нь шидсэнийг мэдээгүй. Намайг үүдэнд нь очиход 7 номерын өрөөний ертөнцийн зүгээр хойд хана дагуулан байрлуулсан гудсан дээр махлаг хүүхэн суучихсан цагдаад дуудлага өгч байсан, охин нь хажууд нь зогсож байсан. Яг яаж зодолдсон талаар би хараагүй. Намайг харахад тэр хоёр эмэгтэй үсдэлцсэн байдалтай, Батсүх, жаахан охин хоёр зүгээр байсан, өөр ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй, цус гарсан зүйл байгаагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 х/

 

          1.8. Шинжээчийн ¹958 тоот дүгнэлт

          1.Отгонгэрэлийн биед дагз ясны зүүн талын суурийн төвгөрийн хугарал, тархи доргилт, зүүн гуя, шилбэнд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

          3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд  зэрэгт хамаарна.

          4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Д.Мөнхбат /хх-ийн 25 х/

 

          1.9. Шинжээчийн №321 тоот дүгнэлт

          1.№958 тоот дүгнэлт үндэслэлтэй.

          2.Отгонгэрэлийн биед дагз ясны зүүн талын суурийн төвгөрийн хугарал, тархи доргилт, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл учиржээ.

          3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

          4.Дагз ясны зүүн талын суурийн төвгөрийн хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Б.Ариунзул, Б.Долгормаа, Б.Ганзориг /хх-ийн 29-30 х/

 

          1.10. Шинжээч эмч Б.Ариунзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь хана мөргөж унах, паар мөргөж унах үед үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлд заавал цохигдох үед үүснэ. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үсдэлцэж, үснээс татах, хүчтэй дугтрах үед үүсэх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 х/

 

          1.11. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-58 х/

 

          Хоёр : Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх нотлох баримтууд.

 

2.1. Гэрч Б.Оюунхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Бямбасүрэн миний ээжийн төрсөн дүүгийн охин, бид эгч дүүсийн хүүхдүүд. Бямбасүрэн эгч дээд боловсролтой, архи дарс уугаад байдаггүй, баяр ёслолын үед л амсах төдий хэрэглэдэг. Урьд нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. Цайлган сайхан сэтгэлтэй, төлөв даруу зантай, хүнд тусархуу, ээж 2 хүүхдийн хамт амьдардаг өөрөө ажил хийж гэр бүлээ авч явж байгаа эмэгтэй. Зан байдлын хувьд хүнтэй хэрэлдээд байдаггүй, хүний эвийг олоод харьцдаг. Хүн зодож цохихоор ухамсаргүй хүн биш. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 х/

         

          2.2. Ж.Батсүхийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 х/

          2.3. Г.Бямбасүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 х/

          2.4. Г.Бямбасүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 х/

          2.5. Ж.Батсүхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 х/

 

          Гурав : Хохирлын талаарх нотлох баримтууд.

 

          3.1. Эмчилгээний зардал хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 65 х/

          3.2. Кассын орлогын баримт /хх-ийн 66-67 х/ гэх зэрэг нотлох баримтууд болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

            Нэг : Г.Бямбасүрэнд холбогдох хэргийг прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд түүний үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж шүүх үзсэн.

 

            Шүүгдэгч Г.Бямбасүрэнг 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны урд талд Цэргийн ангийн 1-37а тоот хашаанд байрлах нийтийн байрны 7 тоот өрөөнд иргэн Ц.Отгонгэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар үснээс нь зулгааж бие махбодид нь “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох :

 

Шүүгдэгч Ж.Батсүхийн : “... Бямбасүрэн өрөөнөөс гарч ирээд юу болоод байгаа юм гэхэд Отгонгэрэл чи янхантайгаа байгаа юм уу би Батсүхийн эхнэр нь байна энэ хүүхэд нь байна гэхэд Бямбасүрэн салсан юм бол тэр чигтээ зайлахгүй юу гэх зэргээр Отгонгэрэл, Бямбасүрэн нар хоорондоо хэрэлдээд байсан ба Бямбасүрэн чамтай ярих юм алга гээд гарах гэтэл Отгонгэрэл араас нь үсдэж аваад тэр хоёр хоорондоо үсдэлцээд зууралдаад байхаар нь би салгах гэсэн чинь салахгүй байсан, ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Шүүгдэгч Г.Бямбасүрэнгийн : “... Батсүхийн өрөөний гадаа коридорт Батсүх нэг эмэгтэйтэй юм яриад зогсоод байсан, мөнгө өг гээд байсан. Би гарах гээд хаалга онгойлгоход чи ямар янхантайгаа банзалдаад байж байгаа юм, би Батсүхийн шээсийг төрүүлсэн эхнэр нь байна, чи юу юм гээд хэл амаар доромжлоод байхаар нь би чамтай ярих ч юм алга гээд гарах гэтэл тэр эмэгтэй миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үсдэлцээд авсан ба тэр эмэгтэй миний хөл рүү 2, 3 удаа өшиглөсөн. Батсүх ирээд тэр эмэгтэйг холд гээд мөрнөөс нь зулгаагаад салгасан. Тэр эмэгтэй ахиад хэрүүл хийгээд намайг 2 дахь удаагаа үсдсэн. Батсүх ахиад салгаад тэр эмэгтэйг газар дэвссэн байсан гудасны хавьд түлхсэн, ямар нэгэн юм мөргөж унаагүй байх гэж бодож байна. Тэгээд босож ирээд чи наад янхан гичийгээ өмөөрлөө гээд хажуудаа байсан заазуур, түмпэн, жигнүүр зэргийг шидээд байсан, тэр нь намайг оноогүй. Батсүх намайг яв гээд би гараад явсан. Жигнүүр шидэж байх үед нийтийн байрны эзэн нь бололтой нэг залуу ирээд жигнүүр аваад та нар боль гэж хэлээд явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Ц.Отгонгэрэлийн : “... Тэр үед хамт байсан Бямбаа нь чи хүүхдээ тэжээж чадахгүй бол аавд нь өгчих гэхээр нь би ийм амьдралын баталгаагүй хүнд өгөхгүй, хөдөө ээж дээрээ аваачиж өгөх гээд байгаа биз дээ гэхэд Бямбаа нь чи шээсийг нь гаргачихаад гэхээр нь чамд хамаагүй би эцгээс нь мөнгийг нь авах гэж байна гэхэд Батсүхээ чи наад авгайгаа давраачихсан байна, алаад зайлуулаач чи надаас дор гичий байна шүү дээ гээд маргалдаж байгаад намайг үсдээд би бас зөрүүлээд үсдэх үед Батсүх намайг салгаад арагшаа түлхэхэд би толгойн дагзны зүүн ард хэсгээр паар мөргөж унаад босоод ирэхэд Батсүх нь баруун талын шанаа руу гараараа нэг цохиод, намайг цохих гээд байхаар нь хажууд байсан хуванцар түмпэн, заазуур байхаар нь түмпэнг аваад шидсэн боловч оноогүй. Тэгээд гарах гэтэл Бямбаа нь намайг дахиж үсдээд авахад Батсүх бид хоёрыг салгаж миний мөрнөөс барьж аваад хана руу савахад зүүн нүүр биеэрээ хана мөргөөд газар унахад миний зүүн талын гуя руу өшиглөөд зогсож байх үед хүн аллаа болиоч гээд нэг залуу ирэхээр нь утсаа аваад цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-15 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

           

Гэрч Ж.Моложамцын : “… махлаг эмэгтэй /хохирогч Ц.Отгонгэрэл/ 7 номерын өрөө рүү орчихсон, нөгөө эмэгтэй нь /шүүгдэгч Г.Бямбасүрэн/ үс зулгаачихлаа гээд байж байхаар нь би гэр лүүгээ орсон байж байхад 7 номерын өрөөндөө дахиад хэрэлдээд шуугилдаад байхаар нь би гараад 7 номерийн үүдэнд очих гээд явж байхад тогооны жигнүүр коридор луу шидэж байсан би тэр жигнүүрийг хэн нь шидсэнийг мэдээгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 х/ зэргээс дүгнэлт хийхэд :

 

            Хохирогч Ц.Отгонгэрэлийн “ ... Бямбаа /шүүгдэгч Г.Бямбасүрэн/ хэрүүл маргааныг үүсгэж маргалдаж байгаад намайг үсдээд би бас зөрүүлээд үсдсэн ... гарах гэтэл Бямбаа намайг дахиж үсдээд авахад Батсүх бид хоёрыг салгаж миний мөрнөөс барьж аваад хана руу савахад зүүн нүүр биеэрээ хана мөргөж унасан ...” гэх мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүний бие махбодийн зүүн нүүр хэсэгт хана руу савснаас учирсан гэх гэмтлийн шинж тэмдгүүд тогтоогдоогүй, Г.Бямбасүрэн эхэлж хэл амаар доромжилсон, үсдэж авсан гэх асуудлыг зөвхөн хохирогч мэдүүлдэг, хохирогчийн дээрх мэдүүлгүүд хөндлөнгийн өөр нотлох баримтуудаар давхар тогтоогдохгүй байгаа, хохирогчид хэдийгээр хууль сануулж мэдүүлэг авсан, уг нотлох баримт хуульд заасан журмын дагуу цугларсан хэдий ч харилцан эсрэг сонирхолтой хүмүүсийн мэдүүлгийг нөгөөгийнх нь эсрэг дангаар нь нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрлэх нь учир дутагдалтай, хохирогчийн зүгээс тогоо, жигнүүр, заазуур шидсэн байдал хохирогчийн өөрийн болон гэрч Ж.Моломжамц, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус нотлогдсон.

 

          Г.Бямбасүрэнг хохирогч Ц.Отгонгэрэлийн бие махбодид тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх байдал нь хангалттай нотлох баримтаар нотлогдохгүй байгаа, зөвхөн Шинжээч эмч Б.Ариунзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үсдэлцэж, үснээс татах, хүчтэй дугтрах үед үүсэх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 х/-р түүнийг гэм буруутай гэж үзэх нь хэт нэг талыг барьсан, мөн паар луу мөргүүлэх, үснээс зулгаах үйлдлийн алинд нь тархи доргилт гэмтэл үүсэх магадлал өндөр болохыг нарийн мэргэжлийн шинжээчээс тодруулаагүй, шүүгдэгч, хохирогч нар хоорондоо үсдэлцсэн асуудал болсон нь тогтоогдсон, мөн уг гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж болох санаа зорилгын асуудлыг бүрэн нотлон тогтоож чадаагүй, гэрч Л.Моломжамцын “...махлаг эмэгтэй /хохирогч Ц.Отгонгэрэл/ 7 номерын өрөө рүү орчихсон, нөгөө эмэгтэй нь /шүүгдэгч Г.Бямбасүрэн/ үс зулгаачихлаа гээд байж байхаар нь би гэр лүүгээ орсон ...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Г.Бямбасүрэнг хохирогчид санаатайгаар тархи доргилт бүхий хөнгөн гэмтлийг учруулсан гэж үзэх нь учир дутагдалтай. Зөвхөн шинжээч эмчийн “үснээс татах, дугтрах үед үүсэх боломжтой” гэсэн таамаглал төдий тайлбарт үндэслэж Г.Бямбасүрэнг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй.

 

          Г.Бямбасүрэнгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж болох санаа зорилгын асуудал, обьектив талын шинж болох түүний үйлдлийн улмаас уг тархи доргилт бүхий хөнгөн гэмтлийг учруулсан гэх байдлыг бүрэн нотлон тогтоож чадаагүй.

 

            Прокурорын яллах дүгнэлтэнд Ж.Батсүхийг бусдын бие махбодид “тархи доргилт бүхий” хөнгөн гэмтэл учруулсан, Г.Бямбасүрэнг мөн бусдын бие махбодид “тархи доргилт бүхий” хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж буруутгаж оруулж ирсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл хохирогчид тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан үүнийг Ж.Батсүх, Г.Бямбасүрэн нар хоёулаа учруулсан мэтээр яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт томьёолон бичжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд хохирогчийн бие махбодид учирсан “тархи доргилт бүхий” хөнгөн гэмтэл нь Г.Бямбасүрэнгийн үсдэж авснаас илүү Ж.Батсүхийн түлхсэн үйлдлийн улмаас паар мөргөж унахад үүссэн байх магадлалтай ихтэй, Г.Бямбасүрэнгийн үйлдлээс учирсан гэж үзэхэд эргэлзээ бүхий байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

          Г.Бямбасүрэнгийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний дээрх шинжүүд байхгүй тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

 

            Хоёр: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Ж.Батсүх-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

                       

            Ж.Батсүхийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж болох гэмт хэрэг санаатай үйлдэхийн шууд, шууд бус санаатай үйлдсэн гэх шинжүүдийн аль аль нь бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна.

           

Ж.Батсүх нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн түрээслэж амьдардаг байрандаа үерхдэг найз эмэгтэй болох Г.Бямбасүрэнгийн хамтаар байж байхад хохирогч Ц.Отгонгэрэл ирж гадаа коридорт Ж.Батсүхээс хүүхдийн тэтгэмжийн мөнгө нэхэж маргаан үүсгээд улмаар хохирогч гэр лүү орж Г.Бямбасүрэнтэй хэрүүл маргаан үүсгэн хоорондоо үсдэлцэж авахаар нь Ж.Батсүх салгах явцдаа түлхсэнээс болж хойшоо паар мөргөн унаж бие махбодид нь “дагз ясны зүүн талын суурийн төвгөрийн хугарал, тархи доргилт, зүүн гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн, хүнд гэмтэл учруулсан үйл баримтууд хэрэгт авагдсан.

 

            Хэрэг болсон дээрх нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд Ж.Батсүхийн хувьд анхнаасаа хохирогчийн бие махбодид халдаж гэмтэл учруулах шууд ба шууд бус санаа зорилго байгаагүй, үсдэлцэж авсан хоёр хүнийг салгах үйлдэл буюу хохирогчийг хойш нь түлхэхэд тухайн хүнээс тодорхой хүч гаргасан бөгөөд уг хүчний үйлчлэлийн улмаас хохирогч хойшоо унаж тархины ар хэсгээр паар мөргөж хүнд гэмтэл авсан нь шүүгдэгч Ж.Батсүхийн хувьд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэн байдал нь гэмт хэрэг болгоомжгүй үйлдэхийн хайхрамжгүй хандсан гэх шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн.

 

Иймд Ж.Батсүх-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ж.Батсүх нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн түрээслэж амьдардаг байрандаа үерхдэг найз эмэгтэй болох Г.Бямбасүрэнгийн хамтаар байж байхад хохирогч Ц.Отгонгэрэл ирж гадаа коридорт Ж.Батсүхээс хүүхдийн тэтгэмжийн мөнгө нэхэж маргаан үүсгээд улмаар хохирогч гэр лүү орж Г.Бямбасүрэнтэй хэрүүл маргаан үүсгэн хоорондоо үсдэлцэж авахаар нь Ж.Батсүх салгах явцдаа түлхсэнээс болж хойшоо паар мөргөн унаж бие махбодид нь “дагз ясны зүүн талын суурийн төвгөрийн хугарал, тархи доргилт, зүүн гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн, хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь :

 

Шүүгдэгч Ж.Батсүхийн : “... Отгонгэрэл, Бямбасүрэн нар хоорондоо хэрэлдээд байсан ба Бямбасүрэн чамтай ярих юм алга гээд гарах гэтэл Отгонгэрэл араас нь үсдэж аваад тэр хоёр хоорондоо үсдэлцээд зууралдаад байхаар нь би салгах гэсэн чинь салахгүй байсан, тэгэхээр нь би Отгонгэрэл, Бямбасүрэн нарын дундуур нь ороод Отгонгэрэлийг арагш нь түлхэхэд Отгонгэрэл эрчиндээ арагшаа савж унасан ба унахдаа толгойн ар хэсгээр унасан, юу мөргөсөн талаар би мэдэхгүй байна. Босож ирээд хажуудаа байсан түмпэн, заазуур, жигнүүр зэргийг Бямбасүрэн рүү шидсэн боловч Бямбасүрэнг оноогүй. Тэгээд дахиад үсдэлцэх гээд байсан ба салгах гэж зууралдаж байхад гуя шилбэндээ юманд цохисон байж магадгүй, би яг өшиглөж гэмтэл учруулаагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Шүүгдэгч Г.Бямбасүрэнгийн : “... 2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөө Батсүхийн өрөөний гадаа коридорт Батсүх нэг эмэгтэйтэй юм яриад зосгоод байсан, мөнгө өг гээд байсан. Би гарах гээд хаалга онгойлгоход чи ямар янхантайгаа банзалдаад байж байгаа юм,  би Батсүхийн шээсийг төрүүлсэн эхнэр нь байна, чи юу юм гээд хэл амаар доромжлоод байхаар нь би чамтай ярих ч юм алга гээд гарах гэтэл тэр эмэгтэй миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үсдэлцээд авсан ба тэр эмэгтэй миний хөл рүү 2, 3 удаа өшиглөсөн. Батсүх ирээд тэр эмэгтэйг холд гээд мөрнөөс нь зулгаагаад салгасан. Тэр эмэгтэй ахиад хэрүүл хийгээд намайг 2 дахь удаагаа үсдсэн. Батсүх ахиад салгаад тэр эмэгтэйг газар дэвссэн байсан гудасны хавьд түлхсэн, ... Жигнүүр шидэж байх үед нийтийн байрны эзэн нь бололтой нэг залуу ирээд жигнүүр аваад та нар боль гэж хэлээд явсан. ... ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Ц.Отгонгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... маргалдаж байгаад намайг үсдээд би бас зөрүүлээд үсдэх үед Батсүх намайг салгаад арагшаа түлхэхэд би толгойн дагзны зүүн ард хэсгээр паар мөргөж унаад босоод ирэхэд Батсүх нь баруун талын шанаа руу гараараа нэг цохиод, намайг цохих гээд байхаар нь хажууд байсан хуванцар түмпэн, заазуур байхаар нь түмпэнг аваад шидсэн боловч оноогүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-15 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

           

Гэрч Ж.Моложамцын : “…2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ойролцоогоор 12 цагийн үед манай нийтийн байрны 1 давхарын коридорт эмэгтэй хүн хэрэлдээд шуугилдаад байхаар нь би хаалгаараа шагайж харахад нэг махлаг эмэгтэй /хохирогч Ц.Отгонгэрэл/, өөр нэг эмэгтэйтэй хэрэлдэж байсан ба махлаг эмэгтэй 7 номерын өрөө рүү орчихсон, нөгөө эмэгтэй /шүүгдэгч Г.Бямбасүрэн/ нь үс зулгаачихлаа гээд байж байхаар нь би гэр лүүгээ орсон байж байхад 7 номерын өрөөндөө дахиад хэрэлдээд шуугилдаад байхаар нь би гараад 7 номерийн үүдэнд очих гээд явж байхад тогооны жигнүүр коридор луу шидэж байсан би тэр жигнүүрийг хэн нь шидсэнийг мэдээгүй. Намайг үүдэнд нь очиход 7 номерын өрөөний ертөнцийн зүгээр хойд хана дагуулан байрлуулсан гудсан дээр махлаг хүүхэн суучихсан цагдаад дуудлага өгч байсан, ... Намайг харахад тэр хоёр эмэгтэй үсдэлцсэн байдалтай, Батсүх, жаахан охин хоёр зүгээр байсан, өөр ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй, цус гарсан зүйл байгаагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 х/

 

          Шинжээчийн ¹958 тоот дүгнэлт

          1.Отгонгэрэлийн биед дагз ясны зүүн талын суурийн төвгөрийн хугарал, тархи доргилт, зүүн гуя, шилбэнд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

          3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд  зэрэгт хамаарна.

          4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Д.Мөнхбат /хх-ийн 25 х/

 

          Шинжээчийн №321 тоот дүгнэлт

          1.№958 тоот дүгнэлт үндэслэлтэй.

          2.Отгонгэрэлийн биед дагз ясны зүүн талын суурийн төвгөрийн хугарал, тархи доргилт, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл учиржээ.

          3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

          4.Дагз ясны зүүн талын суурийн төвгөрийн хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Б.Ариунзул, Б.Долгормаа, Б.Ганзориг /хх-ийн 29-30 х/

 

             Шинжээч эмч Б.Ариунзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь хана мөргөж унах, паар мөргөж унах үед үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлд заавал цохигдох үед үүснэ. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үсдэлцэж, үснээс татах, хүчтэй дугтрах үед үүсэх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 х/

 

             Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-58 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Элст овогт Жамсрандуламын Батсүхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51, 52 х/-аар Ж.Батсүхийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Эмчилгээний зардал хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 65 х/

             Кассын орлогын баримт /хх-ийн 66-67 х/, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Ж.Батсүх одоогоор миний эмчилгээний зардлыг бүрэн хариуцан төлж байгаа, нийт 580,000 төгрөгийн зардал гарсныг төлсөн учраас өнөөдрийн байдлаар нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Батсүхээс гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх  үзсэн.

 

Ж.Батсүх нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг хохирогчийн нэхэмжилсэн хэмжээнд өөрийн сайн дураараа төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хохирогч Ц.Отгонгэрэл хохирол төлбөртэй холбоотой ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, эмчилгээний зардалд нийт 580,000 төгрөгийг авсан болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 15 х, шүүх хуралдааны тэмдэглэл/-ээр тогтоогдсон тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, харин цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзсэн.

 

Ж.Батсүх нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, хувийн байдлын хувьд урьд өмнө шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлын зардлыг нэхэмжилсэн хэмжээнд нь өөрийн санаачилгаар төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогчийг эмнэлэгт эмчлүүлж байгаа, хохирогч гомдолгүй гэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар харьяа цагдаагийн байгууллагын хяналтанд байлгахаар шийдвэрлэсэн.

 

Ж.Батсүх, Г.Бямбасүрэн нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Г.Бямбасүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Ж.Батсүх-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

3.Элст овогт Жамсрандуламын Батсүхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар Ж.Батсүхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Батсүх-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6.Ялтан Ж.Батсүх, цагаатгагдсан этгээд Г.Бямбасүрэн нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор Ж.Батсүх бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Отгонгэрэл цаашид гарах эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Батсүх-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.     

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бямбасүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, ялтан Ж.Батсүх-д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, цагаатгагдсан этгээд тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ

 

 

 

                                        ШҮҮГЧИД                            Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

 

                                                       Г.ГАНБААТАР