| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2015/0911/З |
| Дугаар | 128/ШШ2016/0298 |
| Огноо | 2016-04-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2016/0298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч М.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д ХХК,
Хариуцагч: Зам, тээврийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ
Гуравдагч этгээд: Х ХХК
Гуравдагч этгээд: Да
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1689 тоот актын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д ХХК-ийн захирал Б.На, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Зам, тээврийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н*******, П.Н, хариуцагч Автотээвэр үндэсний төв ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Л.М, гуравдагч этгээд Даны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, иргэдийн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл: Дайчин Сүх ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-тай зтг/023-2014 дугаар Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу гэрээний хэрэгжих хугацаа 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байхаар харилцан тохиролцсон юм. Талуудын хооронд байгуулсан тус гэрээ цуцлагдаагүй, дуусгавар болоогүй бөгөөд хүчин төгөлдөр байхад Монгол Улсын Зам, тээврийн сайд 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1689 тоот актаар манай компанид мэдэгдэхгүйгээр манай компанийн хариуцаж байсан цагийн давтамжийг Х ХХК болон Данд хуваан өгсөн байна.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт 1-д заасны дагуу манай компанийн зүгээс Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн маршрутын дагуу зорчигч тээврийн автобусыг явуулах, харин хариуцагч Автотээврийн үндэсний төв-ийн зүгээс тухайн маршрутын чиглэлд явуулах, зорчигчийн тасалбарыг бичиж, тээвэрлэлтийн үйлчилгээний төлбөрийг тээвэрлэгч байгууллагад шилжүүлэх зэрэг үүргийг хүлээсэн боловч гэрээний аль нэг тал биш Зам, тээврийн сайд тус актыг гарган манай компанид мэдэгдэлгүйгээр, гэрээ дуусгавар болоогүй, хэрэгжиж байхад дур мэдэн манай зорчигч тээвэрлэлтийн цагийг өөр компаниудад өгчээ.
Энэ талаар манай компани огт мэдээгүй бөгөөд уг захиргааны актыг хүлээн авсан тээврийн компаниудаас сураг сонсож, Зам, тээврийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т хандсан боловч Зам тээврийн яамнаас ямар ч хариу өгөөгүй, харин Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-иас Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1689 тоот актыг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олж мэдсэн юм.
Манай компанийн хувьд 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тус компанийн Хьюндай маркийн автобус осолдсоны улмаас Автотээврийн үндэсний төв-өөс 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр албан бичгээр уг ослын шалтгааныг тодруулах, шинжээчийн эцсийн дүгнэлт гаргах, холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр гаргах хүртэл тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсоох тухай мэдэгдэл гаргасан боловч уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж манай компани буруугүй болох нь тогтоогдсон.
Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн яамнаас холбогдох албан тушаалтнууд тухайн асуудлыг талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу шийдвэрлэхийг чиглэл болгон өгч байсан юм. Гэтэл ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүйгээр, талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байхад, гэрээтэй хамааралгүй гуравдагч этгээд болох Зам тээврийн яамны сайд 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1689 тоот актаар манай компанийн хуваарьт цагийг өөр компанид хуваан өгсөн нь манай компанийн зүгээс гэрээгээр тохирсон чиглэлд зорчигч тээврийн автобус явуулах боломжгүй болгож цаашлаад компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүй үйлдэхийг шаардсан, 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй бол уг захиргааны акт илт хууль бус байна гэж заасан. Зам, тээврийн яамны сайдын 01/1689 тоот акт нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ыг Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээгээ зөрчихөд хүргэсэн, цаашлаад манай компанийн эрх ашгийг зөрчиж байгаа нь хууль бус үйлдэл үйлдэхийг шаардаж, Зам тээврийн яамны сайдад хууль, гэрээгээр эрх олгогдоогүй байхад манай компанийн цагийн хуваарийг дур мэдэн өөр компанид хуваан олгож байгаа нь уг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхэд хүргэсэн.
Иймд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 9.1.7-д заасны дагуу Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1689 тоот актын манайд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч Зам, тээврийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зам, тээврийн сайдын 2015 оны 19 дүгээр тушаалаар тус яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Автотээврийн хэлтсийн даргаар ахлуулсан тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Монголын Тээвэр, Холбоо, Газрын тосны ҮЭ-ийн холбоо, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо ТББ, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо ТББ зэрэг байгуулагуудаас оролцсон 11 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан Орхон аймаг, Дархан уул аймаг, Сүхбаатар аймаг, Баян-Өлгий аймгуудад хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын хооронд үүссэн маргаантай асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж, дүгнэлт гаргасан.
Дээрх ажлын хэсгийн дүгнэлттэй тус яамны удирдлага танилцаж, Зам, тээврийн сайдын 2015 оны 01/1689 тоот албан бичгээр Орхон аймаг, Дархан уул аймаг, Сүхбаатар аймгуудын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааны зохицуулалт, зохион байгуулалтын талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т үүрэг, чиглэлийг өгсөн байна.
Ажлын хэсэг-ийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар Дүгнэлтэнд Дайчин Сүх ХХК нь Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д заасан автотээврийн хэрэгслийн ашиглалт /автотээврийн хэрэгслийн ашиглалт гэж автотээврийн хэрэгслийг хадгалах, техникийн үйлчилгээ, засвар хийх, шатахуун тосолгооны болон ашиглалтын бусад материалаар хангах, техникийн хяналтыг зохион байгуулж явуулах зэрэг автотээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаанд техникийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангахад чиглэгдсэн техникийн ба зохион байгуулалтын арга хэмжээг/, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах, Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага МNS 5012:2011 улсын стандартын 6 дугаар зүйлийн 6.2-д заасны дагуу өөрийн өмчлөлийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга, байгууламжтай байна. /энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 01-нээс мөрдөнө/ гэсэн заалтуудыг хангаж ажиллаагүй тул Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ-г цуцлах нь зүйтэй гэж дүгнэсэн.
2. Тус яамнаас 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06/2024 тоот албан бичигт дээрх дүгнэлтийн талаар 4 асуудлыг тодорхой дурдаж, Зам, тээврийн сайдын 2015 оны 19 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг-ийн дүгнэлтийн хамт Д ХХК-д хүргүүлсэн. Уг албан бичигт илэрсэн зөрчлүүдийг арилгаж, тээвэрлэлт гүйцэтгэх хүсэлтийг ирүүлбэл асуудлыг эргэн авч үзэх боломжтой талаар дурдсан төдийгүй мөн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/4953 тоот албан бичгээр зөрчил, дутагдлыг арилган холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг ханган нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх хүсэлтээ ирүүлэх боломжтой талаар хүргүүлж байсан. А ХХК-д хот хоорондын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг /Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу олгосон бөгөөд уг хуульд өөрчлөлт орж 2011 оноос нийтийн тээвэрт тусгай зөвшөөрөл олгох заалт хүчингүй болсон/ 2010 оны 2 дугаар сарын 01-нээс 3 жилийн хугацаатайгаар олгосон бөгөөд уг компани үйл ажиллагаагаа 2011 оноос эхлэн явуулсан байна.
Автотээврийн газар /татан буугдсан/-ын даргын 2011 оны 239 дүгээр тушаалаар Сүхбаатар аймагт бүртгэлтэй ******* регистрийн дугаартай Дайчин Сүх ХХК-д 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай Хот хоорондын нийтийн зорчигч, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрхийг олгосон шийдвэр гарсан байна. Энэхүү шийдвэрийн хугацаа 2014 оны 12 дугаар сарын 15-нд дуусгавар болсон.
Харин Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь Дайчин Сүх ХХК-тай байгуулсан ЗТГ/023-2014 дугаарын Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ нь шинэчлэгдэн 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан байна.
Энэхүү гэрээнд орлцогч талууд гэрээний үүргийн биелэлтийг харилцан дүгнэхдээ Ажлын хэсэг-ийн дүгнэлтийг авч үзэж, эцсийн шийдвэрийг гаргах ёстой.
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Дайчин Сүх ХХК-тай байгуулсан ЗТГ/023-2014 дугаартай Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ-г дүгнэсэн тухай тайланг тус яаманд ирүүлээгүй байх бөгөөд гэрээ дүгнэх эцсийн шийдвэрт тус яам нөлөөлөх боломжгүй юм.
Тус яамнаас Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т 2014 оны 2/83, 3/4513 тоот албан бичгээр гэрээний дагуу асуудлыг шийдвэрлэх чиглэлийг тус тус өгч хүргүүлж байсан_ болно.
3.2014 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум-Улаанбаатар чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан Дайчин Сүх ХХК-ийн СҮ 0522 улсын дугаартай Аэро сити маркийн том оврын автобус зам, тээврийн ноцтой осол гаргаж, 7 хүний амь насыг хохироосон юм.
Ослын дараа авах шуурхай арга хэмжээний хүрээнд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1/795 тоот албан бичгээр холбогдох хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр, гаргах хүртэл зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг нь түр зогсоох мэдэгдэл өгсөн байна.
Зам, тээврийн сайдын 2015 оны 19 дүгээр тушаалаар байгуулагдсан дээрх Ажлын хэсэг аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллаж байх хугацаанд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Дайчин Сүх ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоосон мэдэгдлээ цуцлаагүй байсан ба уг компанийн гүйцэтгэж байсан цагийн хуваарь, давтамжийг Х ХХК нь дангаараа гүйцэтгэж байсан болно.
Сүхбаатар аймагт байрлалтай орон нутгийн авто аж ахуйн нэгж болох Дарьганга Өртөө хоршооноос удаа дараа тавьсан хүсэлтийг судлан үзэж өрсөлдөөний тэгш байдлыг хангах үүднээс Дайчин Сүх ХХК-ийн гүйцэтгэж байсан цагийн хуваарь, давтамжийн 50 хувийг уг хоршоогоор, 50 хувийг Х ХХК-иар гүйцэтгүүлэхээр Зам, тээврийн сайдын 01/1689 тоот албан бичигт дурдаж, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т чиглэл өгсөн болно.
Иймд Дайчин Сүх ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Зам, тээврийн сайдын 2015 оны 01/1689 тоот албан бичгийг хууль бус шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болох нь дээрх тайлбараар нотлогдож байгаа тул дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Хамтран хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* шүүхэд гаргасан тайлбартаа: Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1689 тоот актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргажээ. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь Зам, тээврийн яамнаас Хот хоорондын зорчигч, тээвэрлэлт гүйцэтгэх тухай гэрээ байгуулах зөвшөөрөл өгсөн аж ахуйн нэгжүүдтэй зорчигч тээвэрлэлтийн гэрээг байгуулж хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулдаг. Нэхэмжлэгч нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-тай Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх тухай-г ЗТГ/023-2014 дугаартай гэрээг байгуулан зорчигч тээвэрлэлт эрхлэж байгаад Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд ******* улсын дугаартай том оврын автобус нь зам тээврийн осол гаргасан учраас олон хүн гэмтэж, нас барсны улмаас 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн. Д******* ХХК-аас 2014.7 сараас зорчигч тээвэрлэлтийн үргэлжлүүлэн явуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан бөгөөд зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах боломжгүй талаар хариуг Монгол Улсын Зам тээврийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас өгч байсан.
Автотээврийн тухайн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Хот хоорондын ачаа, нийтийн тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох аймгийн Засаг даргатай хамтран гаргаж хэрэгжүүлнэ гэж зааснаар Зам, тээврийн сайд нь 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1689 тоот албан бичгээр манай байгууллагад Д******* ХХК-ийн цагийн хуваарийг Х ХХК, Данд 50:50 хувийн харьцаагаар хувиарлан олгохоор чиглэл өгсөн. Үүний дагуу Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь тухайн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж, зорчигч тээвэрлэлт хийлгэсэн. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан гаргасан Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1689 тоот актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Дарьганга-Өртөө Хоршоо шүүхэд ирүүлсэн тайлбар, болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай хоршоо нь 2011 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр санаа сэтгэл, хувь хөрөнгөө нийлүүлж 9 гишүүн байгуулагдаж нутаг дэвсгэрийнхээ бүртгэх байгууллагад бүртгүүлж, улсын бүртгэлийн ******* регистрийн дугаартай гэрчилгээ авсан юм.
Тухайн үеийн нэрээр Автотээврийн газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 264 тоот тушаалаар хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг эрхлэх нөхцөл шаардлагыг хангасан Сүхбаатар аймагт бүртгэлтэй ******* регистрийн дугаартай Дарьганга-Өртөө хоршоонд Хот хоорондын нийтийн зорчигч шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх давтамж нэмэх эрхийг Сүхбаатар аймгийн Баруун-урт сум-Улаанбаатар-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум чиглэлд 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бага оврын тээврийн хэрэгслийг дунд болон том оврын тээврийн хэрэгсэл болгох нөхцөлтэй 2 жилийн хугацаатайгаар олгосугай гэжээ.
Уг тушаалын 2 дахь заалтанд Дарьганга-Өртөө хоршоотой 7 хоногийн мягмар, пүрэв, бямба, ням гаригуудад үдээс хойших хугацаанд давтамж нэмэх гэрээг байгуулж, гэрээний үүргийн биелэлтэнд хяналт тавьж үнэлэлт дүгнэлт өгч ажиллахыг тээврийн хэрэгслийн оношилгоо хяналт, зохицуулалтын алба УТҮГ Т.Б******* Сүхбаатар аймгийн тээвэр, авто замын газар /Ч.Х*******/-т тус тус зөвшөөрсүгэй гэсний дагуу энэ үеэс өнөөг хүртэл хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай гүйцэтгэж ирсэн.
Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ 2015 оны 6 дугаар сарын 11-ны өдөр ЗТГ 020-2015 гэрээ байгуулж уг гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр хэрэгжиж байна.
Уг гэрээний болон нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний МNS 5012:2011 стандартын 6.2, 6.2.1, 6.2.3, 6.5, 6.6, 6.7, 6.8, 6.9 шаардлагуудыг бүрэн хангаж ажилласан юм. Тухайлбал Бид 18:6 хэмжээтэй дулаан засварын байр стандарт шаардлага хангасан 17:18:0.20 хэмжээ бүхий цардмал зогсоолын талбай 32:12 хэмжээтэй дулаан граж зэргийг өөрийн хөрөнгөөр 2014, 2015 онд барьж байгуулж инженер техникийн мэргэшсэн багтай болсон. Парк шинэчлэлийн талаар анхаарч шаардлага стандарт хангасан том оврын автобус 3 ширхэгийг захиалаад байна.
Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх гэрээний зорилго нь талууд хамтран тогтоосон дүрэм журам стандарт шаардлагыг баримталсан хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх үйлчилгээг хурдан шуурхай аюулгүй үзүүлэхэд оршино гэж ойлгож манай хамт олон тавьсан зорилт үүргээ биелүүлж ажиллаж байна. Бид гэрээ стандартын шаардлага хангаж ажиллаж байгаа учир холбогдох байгууллагуудад цагийн давтамжийг нэмэгдүүлэх талаар 4 жил саналаа тавьсаны эцэст энэ оны 01/186-д тоот актаар манай хоршооны цагийн давтамжийг нэмэгдүүлсэн гэж үзэж байна гэжээ.
Гуравдагч этгээд Х ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч нь Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-тай Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д заасан Авто тээврийн хэрэгслийн ашиглалт, 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасан автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын, шаардлагыг хангах тухай заалт, Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага. MNS 5012:2011 улсын стандартын 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу өөрийн өмчлөлийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга, байгууламжтай байна гэсэн заалтуудыг хангаж дээр дурьдсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
Дээрх хариуцлаггүй байдал нь 2014 оны 6 дугаар сарын 21-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум-Улаанбаатар-ын чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан нэхэмжлэгч байгууллагын ******* улсын дугаартай Аэро сити маркийн том оврын автомашины жолооч зам тээврийн ноцтой осол гаргаж, 7 хүний амь нас хохироосон ноцтой хэрэг гаргах болсон үндсэн нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-тай Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ байгуулан ажиллах хугацаандаа Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д заасан Авто тээврийн хэрэгслийн ашиглалт, 10-дугаар зүйлийн 10.2.6-д заасан Автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын, шаардлагыг хангах тухай заалт, Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага. MNS 5012:2011 улсын стандартын 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу өөрийн өмчлөлийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга, байгууламжтай байна гэсэн заалтуудыг хангаж дээр дурьдсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь Зам, тээврийн сайдын 2015 оны 19 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтээр ч батлагдсан байна.
Ийнхүү нэхэмжлэгч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-тай Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ байгуулан ажиллахдаа Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д заасан Авто тээврийн хэрэгслийн ашиглалт, 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасан Автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын, шаардлагыг хангах тухай заалт, Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага.MNS 5012:2011 улсын стандартын 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу өөрийн өмчлөлийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга, байгууламжтай байна гэсэн заалтуудыг хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, энэ нь олон хүний амь насыг хохироосон ноцтой хохирол учруулсан ноцтой хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн явдал нь Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ-г цуцлах үндэслэл болсон байна. Энэ тухай дээр дурьдсан гэрээнд ч маш тодорхой тусгагдсан байна.
Нэхэмжлэгчийн хариуцан ажиллаж байсан үйлчилгээний цагийн ачааллын 50%-ийг хариуцан ажиллаж байгаа. Гуравдагч этгээдийн хувьд манай байгууллага Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний Алтан жолоо наадмын 4 удаагийн Тэргүүний байгууллага аар шалгарсан, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний 23 жилийн туршлагатай байгууллага бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчтай хот хооронд зорчигч тээвэрлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа байгууллага юм.
Нэхэмжлэгч гэрээ байгуулах нөхцөл шаардлагыг бүрдүүлээгүй, Зам, тээврийн сайдын 2015 оны 19 дүгээр тушаалаар батлагдсан Ажлын хэсэг-ийн дүгнэлтэнд заагдсан зөрчлийг бүрэн арилгаж, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд мөрдөгдөх стандарт, шаардлагыг хангах нөхцлийг бүрдүүлсэн, энэ чиглэлээр үйлчилгээ явуулах гэрээгээр хүлээх үүргээ бүрэн биелүүлэх бололцоотой болсон гэдгээ нотолж чадаагүй байна. Зүй нь хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд мөрдөгдөх дээр дурьдсан хууль тогтоомж, стандартын шаардлагыг биелүүлсэний эцэст Хот хооронд зорчигч тээвэрлэх гэрээ байгуулж, хамтран ажиллах саналаа эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх ёстой байтал төрийн эрх бүхий байгууллагын чиг үүрэгт хамаатай асуудлыг шууд шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгаа явдал нь буруу тул нэхэмжлэлийн шаардлага бүрдээгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Анх Авто тээврийн газрын даргын 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр тушаалаар Д ХХК-д Хот хоорондын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 3 жилийн хугацаатайгаар олгосон байна.
Улмаар Авто тээврийн газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 239 дүгээр тушаалаар Д ХХК-д Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг эрхлэх гэрээ байгуулах эрхийг олгосон төдийгүй гэрээ байгуулах эрхийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т шилжүүлсэн байх бөгөөд уг эрхийнхээ дагуу Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь Д ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн гэрээг байгуулсан байна.
Дээрх гэрээнд заасны дагуу Д ХХК нь зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа явуулж байх явцад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчигч тээвэрлэж байсан 0522 CYA улсын дугаартай том оврын автобус нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт зам тээврийн осол гаргасны улмаас Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Д ХХК-ийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг 2014 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1/795 тоот албан бичгээр уг ослын шалтгааныг тодруулах, шинжээчийн эцсийн дүгнэлт гарах, холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр гарах хүртэл хугацаагаар түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үүний дараа Д ХХК нь Зам тээврийн яаманд хүсэлт гаргаж улмаар тус яамнаас гэрээний дагуу ажиллах албан тоотыг Автотээврийн үндэсний төв-д хүргүүлсэний дагуу Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/1536 тоот албан бичгээр ослын шалтгааныг тодруулж, шинжээчийн эцсийн дүгнэлт гаргах, холбогдох хуулийн байгууллагаас гэм буруутайг тогтоох хүртэл Д ХХК-ийн ЗТГ/023-2014 тоот Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ-г түр сэргээж, тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр болж, харин түр түдгэлзүүлсэн хугацаанд тээвэрлэлт гүйцэтгэж буй Х ХХК-ий тээвэрлэлтийг 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгожээ.
Гэтэл Д ХХК болон Авто тээврийн үндэсний төв хоёрын хооронд байгуулсан гэрээ цуцлагдаагүй, дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр байхад Зам, тээврийн сайд нь 2015 оны 19 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 01/1689 дугаар чиглэл өгөх тухай захиргааны актыг Д ХХК-д мэдэгдэлгүйгээр гаргаж, цагийн давтамжийг 50:50 хувийн харьцаагаар 3 сарын хугацаанд гуравдагч этгээд 2 аж ахуйн нэгжүүдэд хувиарлан олгож байгаа нь Д ХХК-ийг гэрээгээр тохирсон чиглэлд зорчигч тээврийн автобус явуулах боломжгүй болгож компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчихөд хүргэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа Зам тээврийн сайдын 01/1689 тоот албан бичиг нь захирамжилсан тушаал шийдвэр мэт нэхэмжлэгч ойлгож байгааг гайхаж байна. Дээрх албан бичиг нь зохион байгуулалтын шинжтэй албан бичиг заавал хууль үндэслэх шаардлага байхгүй гэж тайлбарладаг ч уг албан бичиг нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн байна.
Түүнчилэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүй үйлдэхийг шаардсан, 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй бол уг захиргааны акт илт хууль бус байна гэж заасан байх бөгөөд Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолоор тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн эсвэл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захирамж гаргасан зэргийг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзнэ гэж тодорхой заасан байна.
Гэтэл хариуцагч нь уг захиргааны актыг гаргахдаа Автотээврийн тухай хууль, бусад хууль дүрэм журмыг баримтлалгүйгээр чиглэл өгөх тухай албан бичгээр Улаанбаатар хот-Сүхбаатар аймгийн, Баруун-урт сум-Улаанбаатар хот гэсэн нийтийн зорчигч тээвэрлэх чиглэлд Да, Х ХХК-д Д ХХК-ийн цагийн давтамжийг 50х50 хувийн харьцаагаар 3 сарын хугацаагаар дээрх хоёр аж ахуйн нэгжид хувиарлан олгохыг танай төвд үүрэг болгож байна гэснээс дүгнэж үзвэл үйл ажиллагаанд нь чиглэл өгсөн биш шууд үүрэг болгосноор эрх зүйн үр дагавар үүсгэсэн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн захиргааны акт болсон байна.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүх хуралдаан дээр Яам бол гэрээг дуусгавар болгох эрх байхгүй, тухайн үед Д ХХК нь үйл ажиллгаа явуулаагүй байсан учир маргаан бүхий актыг тус компанид гардуулаагүй гэж тайлбарласныг дурьдах нь зүйтэй бөгөөд шүүх Зам, тээврийн сайдын 2015 оны 19 дүгээр тушаалаар байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтийг дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд нэхэмжлэгч Д ХХК-ий гаргасан Монгол Улсын Зам тээврийн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1689 тоот актын Д ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1689 дүгээр албан бичгийн Д******* ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрсүгэй.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ