Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/716

 

 

 

 

 

 

      2022           7             6                                          2022/ДШМ/716                                                                             

 

 

Д.Уд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор О.Доржмаа,

            шүүгдэгч Д.Угийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 1-ний  өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Угийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Уд холбогдох эрүүгийн 2010004590845  дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Д.У, Төв аймагт 1974 оны 2 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан  бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 3, ........................

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 12 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь  хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэсэн,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4  дүгээр сарын 26-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1091 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,                

Шүүгдэгч Д.У нь

1. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн “Бүгд Найрамдах Солонгос улс руу Е-7 ангиллын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.Гээс 2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр “5751039061” дугаарын дансаар 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн, 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 50.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 100.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 800.000 төгрөг, нийт 3.450.000 төгрөг залилж авсан гэмт хэрэгт,

2.Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Г.Рыг “Бүгд Найрамдах Солонгос улсад зорчих виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.500.000 төгрөгийг “ХААН” банкны “5751039061” дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт,

3.Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 3 дугаар сарын 13-наас 2019 оны 3  дугаар сарын 19-ний хооронд “Бүгд Найрамдах Солонгос улсын виза найдвартай гаргана” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Э.Каас “визны урьдчилгаа мөнгө” хэмээн “5751039061” дугаартай тоот дансаар удаа дараагийн үйлдлээр нийт 5.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт,

4.М.Сандагсүрэнг “Швед улс руу гэрээт ажилчин гаргаж өгч байгаа, нийт зардал 5.000.000 төгрөгийн зардал гарна, 21 хоногийн дараа виз гарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Угийн 5.000.000 төгрөгийг охин М.Хишигсүрэнгээр дамжуулан шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт,

5.Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Бөхийн өргөө цогцолборын урд байрлах “Онни” зоогийн газарт иргэн Б.Цд “Солонгосын виз гаргаж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдал бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 9 дүгээр  сарын 26-ны өдөр 1.300.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулж, залилан бусдад нийт 17.450.000 төгрөгийн хохирол учруулж залилах тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Д.Уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж  бусдыг залилах   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Д.Уг 2 /хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1  дэх  хэсэгт зааснаар Д.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр / жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.У  нь өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.У  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

           Шүүгдэгч Д.Угийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Д.У нь Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчих Е-7 ангиллын виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг хуурч залилсан гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж, анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж, Д.Уг өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэсэн юм. Анхан шатны шүүх Д.Уд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго”, “Шударга ёсны зарчим”-ыг удирдлага болгон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв хэмээн шийтгэх тогтоолдоо тодорхойлсон боловч эдгээр байдлуудын аль алиныг бодитойгоор авч үзээгүй, зөвхөн урьд энэ төрлийн хэрэгт ял шийтгүүлж байсан гэсэн хувийн байдлыг голлон түүний хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэлгүйгээр удаа дараа хүнд хагалгаанд орж химийн эмчилгээ, хавдрын хөнгөвчлөх эмчилгээ хийлгэж байгаа тухай эмнэлгийн магадлагаа тодорхойлолтыг үл хэрэгсэн “Зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосноор Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Сонгдо эмнэлгүүдэд эмчилгээ хийлгэх боломжгүй болгож байгаад гомдолтой байна. Д.У нь тухайн үед ажиллаж байсан “Куво рось хёбиёг тим” компанийн захирал Д.Гантуяагийн олгосон хууль ёсны “Итгэмжлэл”-ийн дагуу уг компанийн нэрийн өмнөөс ажиллаж, компанийг төлөөлөн бусадтай гэрээ хийж, хохирогч нараас авсан мөнгийг тэр даруйд нь зориулалтын дагуу холбогдох газар, хүмүүсийн данс руу шилжүүлсэн, хохирогч нарын мөнгөнөөс хувьдаа нэг ч төгрөг ашиглаагүй болох нь тогтоогдсон бөгөөд харин Д.Гантуяа нь Д.Угийн гаргасан гомдлын дагуу виз гаргуулахаар бүртгүүлсэн хүмүүсийн 370 гаруй сая төгрөгийг Д.Угаар төлүүлсэн, түүний итгэлийг эвдэж, 80.800.000 төгрөгийг залилсан хэрэгт яллагдагчаар татагдан шүүхэд шилжээд байгаа баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн бөгөөд Д.У бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуусан эсэх нь Д.Гантуяад холбогдох шүүхэд хянагдаж байгаа хэрэгт авагдсан хохирогч Д.Угийн гомдол, мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, мөн эдгээр нөхцөл байдлуудыг тогтоолгохоор Хан-Уул, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Уд холбогдох хэргийг прокурорт буцааж байсан юм. Д.У нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт “Умайн хүзүүний хорт хавдар”-ын хагалгаанд орж умайг тайрах, зүүн талын өндгөвчийг бүхэлд нь авах мэс засал хийлгэсэн. 2022 оны 2 дугаар сарын 9-нд Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт хавдрын үсэрхийлэл, хүндрэлийн улмаас “Булчирхай” авхуулах мэс засал хийлгэсэн. 2022 оны 4 дүгээр сарын 25-нд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “Бөөрний хатингаршил” оношоор хагалгаанд орж өрөөсөн бөөрөө авхуулсан. 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Мэдрэлийн судасны нарийсал” оношоор Улсын нэгдүгээр төв эмнэлэгт дараагийн хагалгаа төлөвлөгдөөд байгаа юм. Д.У нь одоо Хавдар судлалын үндэсний төвийн “Эмэгтэйчүүд, хөхний тасаг”-ийн болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Бөөр”, “Мэдрэл"-ийн тасгийн хяналтанд эмчилгээ хийлгэж байгаа ба энэ хугацаанд Хавдар судлалын үндэсний төвд “Хими”-ийн эмчилгээ хийлгэж, “Хөнгөвчлөх” тасагт нийт 4 удаа хэвтэн эмчлүүлсэн, биеийн эрүүл мэндийн хувьд хүнд, байнгын асаргаа сувилгаанд байна. Д.У нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэргийн хувьд ажиллаж байсан компанийнхаа захирлын өгсөн “Итгэмжлэл”-ийн дагуу бусадтай гэрээ хийж, тэднээс авсан мөнгийг холбогдох газарт шилжүүлж байсан, энэ үйл ажиллагааны улмаас өөрөө эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Биеийн эрүүл мэндийн хувьд маш хүнд, хорт хавдрын улмаас олон удаа хагалгаанд орсон, эмнэлгийн байнгын хяналтад байгаа энэ нөхцөл байдал нь “Зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэлийг эдлэхэд хүндрэлтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/488 тоот тогтоолоор Д.Уд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан 2 жилийн хугацаатай “Зорчих эрхийг хязгаарлах” ялаар дүйцүүлэн сольсон ялыг өөрчлөн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох” ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

           Прокурор О.Доржмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой асуудал яригдаагүй. Хэрвээ анхан шатны шүүх хуралдаанд энэ талаараа хэлсэн бол анхан шатны шүүх хэлэлцэх байсан. Энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, энэ талаар асуудал яригдаагүй байгаа. Өнөөдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд лавлагаа гэх баримтыг гаргаж өгч байна. Шүүгдэгч Д.У нь урд нь 4 удаагийн ял шийтгэлтэй. Өмнөх бүх шийтгэх тогтоолд Д.У гэж дурдсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч биеийн байцаалтаа мэдүүлэхдээ Ганбаатарын болон Дамбадаржаагийн гэх холилдсон овог хэлээгүй, зөвхөн Д.У гэж хэлсэн байдаг. Мөн регистерийн дугаар өөрчлөгдөөгүй тул мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй. 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Улсын Их Хурлын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотой давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Маршрутын тухайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.У нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж:

1. Б.Гээс 2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр “5751039061” дугаарын дансаар 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн, 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 50.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 100.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 800.000 төгрөг, нийт 3.450.000 төгрөг залилж авсан болох нь:

хохирогч Б.Гийн “...Би Д.У гэх хүнтэй танилцахад өөрийгөө “Солонгос улс руу гаргаж өгдөг” гэж надад хэлсэн. Тухайн үед би Солонгос явах гээд хөөцөлдөж байсан болохоорУ гэх хүний утасны дугаарыг нь аваад... ...2019 оны 3 дугаар сарын 8-ндУд 2.500.000 төгрөг АТМ-ээр шилжүүлж өгсөн. 2 сарын дарааУ 99260753 гэх дугаараас миний утас руу залгаж “мөнгөний хэрэг гарчихлаа 900.000 төгрөг өгөөч” гэж хэлэхээр нь нэмж 900.000 төгрөг өгөхөд надад хандаж “таны Солонгос улс гаргах бичиг баримт явсан байгаа удахгүй ирнэ” гэж хэлээд наадам болгосон. Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгоны АТМ-ээсУгийн “5751039061” дугаарын дансанд 950.000 төгрөг хийсэн үлдсэн 2.500.000 төгрөгийг хотын төвд явж байхдаа 13 дугаар хороололын АТМ-ээсУгийн “5751039061” дугаартай дансанд нь хийсэн. ...” /1хх 13-15/,

хохирогч Б.Гийн “ХААН” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 12/,

2. Г.Рыг “Бүгд Найрамдах Солонгос улсад зорчих виз гаргаж өгнө” 2.500.000 төгрөгийг “ХААН” банкны “5751039061” дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь: 

хохирогч Г.Рын “...2018 оны 12 дугаар сард Солонгос руу аялалын шугамаар явах хусэлтээ өгсөн чинь элчин сайдын яамнаас татгалзсан хариу өгсөн юм. Төрсөн ах Цэндээ нададУ гэдэг хүнийг танилцуулсан бөгөөд энэ хоёр хүний хооронд ямар харилцаа байдаг талаар нарийн мэдэхгүй. ИнгээдУ надад өөрийгөө танилцуулахдаа “би Солонгос улс уруу ажлын шугамаар жуучлал хийдэг компанид ажилладаг. Намайг тухайн компанийн нэр дээр дадлагажигчаар буюу ажлын шугамаар Солонгос гаргаж өгч чадна” гэж хэлсэн. Ингээд барьцаа мөнгө 2 сая мянган төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Үүний дагуу биУгийн надад өгсөн “5751039061” дугаарын дансанд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн юм. ...” /1хх 161/,

хохирогч Г.Рын “ХААН” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 199-200/,

3. Э.Каас “визны урьдчилгаа мөнгө” хэмээн “5751039061” дугаартай тоот дансаар удаа дараагийн үйлдлээр нийт 5.000.000 төгрөгийг залилан авсан болох нь: 

хохирогч Э.Кы “...2019 оны 3 дугаар сарын эхээр Кулнур гээд хамаатны хүүхдээр дамжуулж Урангоо гэх эмэгтэйтэй уулзаад Бүгд Найрамдах Солонгос Улс руу виз гаргадаг гэхээр нь яаж гаргадаг талаар асуухад “3 жилийн хугацаатай, гэрээгээр гаргаж өгнө, урьдчилгаа 5.000.000 төгрөг болно. 2020 оны 5 сарын үеэр виз гарна” гэхээр нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Урангоогийн өгсөн “ХААН” банкны “5751039061” гэсэн дугаартай “Мягмарнаран” гэх хүний данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш Урангоотой утсаар холбогдоход “удахгүй бүтнэ” гэж хэлсээр байгаад бүтээгүй бөгөөд би 2020 оны 9 дүгээр сард Урангоогоос өөрийн гадаад паспортоо авсан ба “мөнгөө авъя” гэхэд “удахгүй өгнө” гэж худал хэлж намайг залилсан гэж үзэж байна. ...99260753 гэсэн дугаараар хамгийн сүүлд 10 хоногийн өмнө холбогдоход “мөнгө болохгүй байна” гэсэн хариу өгсөн бөгөөд заримдаа “өгдөг газраа өг” гэж хэлдэг болсон. ... /2хх 112/,

хохирогч Э.Кы “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга  /2хх 113/,

“ХААН” банкны “5751039061” дугаартай дансыг хүү Ариунхишигтийн Мягмарнаран эзэмшдэг /3хх 81/

4. М.Сандагсүрэнгээс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Угийн 5.000.000 төгрөгийг охин М.Хишигсүрэнгээр дамжуулан шилжүүлэн авч залилан авсан болох нь: 

хохирогч О.Угийн “...2019 оны 01 дүгээр сарын 19-нд Д.У гэх эмэгтэйд хүү Сандагдоржийг гэрээт ажилтнаар Швед улс руу явуулахаар охин Хишигсүрэнд 5.000.000 төгрөг бэлнээр өгч явуулсан. Тэгсэн бодит байдлыг нуун дарагдуулж, худал хэлж залилсан байна. ...Хүүгээ Швед улс руу гэрээгээр явуулах зорилгоор 2.500.000 төгрөгийн тэтгэврийн зээл авсан. 2.500.000 төгрөгийг нь хүүхдүүдийн хадгаламжийг цуглуулж нийт 5.000.000 төгрөг болгосон. ...” /1хх 13-15/,

гэрч М.С “...Манай дүү намайг Мөнхзултай уулзуулахадУ гэх эмэгтэй “Швед рүү ажлын гэрээгээр хүн гаргаж байгаа. Нэг хүний визний материал бүрдүүлж өгөх зардал нь 5.000.000 төгрөг  гэж хэлсэн. Тэгээд би дүүтэйгээ ярилцаж, ээж тэтгэврийн зээл авч, мөн хүнээс мөнгө зээлж 5.000.000 төгрөг олж, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хороо 46/2-р байранд очижУ гэх эмэгтэйтэй уулзаж, 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...” /2хх 193-195/,

5. Б.Цгоос 2019 оны 9  дүгээр  сарын 24-ний өдөр 200.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 9 дүгээр  сарын 26-ны өдөр 1.300.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Цгийн “...2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Аялал групп” гэх хаягаас “гэрээгээр Солонгос улс руу хүн гаргана” гэсэн Фэйсбүүк зарын дагуу 85383974 гэх утас руу холбогдоход “манайх гэрээгээр хүн гаргаж байгаа, 1 сарын дотор нэрийг татаад тэгээд гаргана. Урьдчилгаа мөнгө гэж 1.500.000 төгрөг авна” гэж хэлсэн. “Нэр гарсны дараа үлдэгдэл 6.000.000 төгрөгөө авна” гэж хэлсэн. 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр уулзахаар Кино үйлдвэрийн “Хатантулга” төв дотор оффис нь байрлаж гэхээр нь очиж уулзсан. Урьдчилгаа 200.000 төгрөгийг Д.Урангоо гэх эмэгтэйд өгсөн. Надаас мөнгө авахдаа “Гэрэлт Оюу дэлгэрэх, санхүү, ХТУ9165 5583608” гэсэн дугаартай тамга дараад бэлэн мөнгөний орлогын баримт бичиж өгсөн. ...”/3хх 39-40/,

гэрч Д.Б“...5016231887 дугаартай данс нь миний ашигладаг данс өөрийнхөө энэ данснаас 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б.Цг Бүгд Найрамдах Солонгос улс руу явуулахУ гэх эмэгтэйгийн өгсөн данс руу нь шилжүүлсэн. ...Д.У гэх эмэгтэй нь 2019 оны 9 дүгээр сарын 24-нд охин Цэенхорлоос 200.000 төгрөг авч баримт өгөхдөө “Гэрэлт Оюу Дэлгэрэх” нэртэй ХХК-нд баримт өгсөн. Тэгэхээр миний бодлоор “Гэрэлт Оюу Дэлгэрэх” нэртэй ХХК-иар дамжуулан Бүгд Найрамдах Солонгос Улс руу явахаар хандсан гэж бодож байна. Тухайн мөнгөөУ гэх эмэгтэйд бэлнээр 200.000, түүний өгсөн дансаар 1.300.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг өгсөн. ...” /3хх 64/,

Б.Ц Б.Оюунаа нарын хооронд бичгээр хийсэн гэрээ /3хх 44/,

хохирогч Б.Цгоос  1.500.000 төгрөгийг  бэлнээр авахдаа “ Гэрэлт- Оюу-Дэлгэрэх” гэсэн байгууллагын нэрээр авсан байна. ...” /3хх 89/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Уг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилах гэмт хэргийг 17.450.000 төгрөгийн хохирол учруулан үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Угийн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн  үндэслэлтэй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраа өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгажээ.

Шүүгдэгч Д.Угийн өмгөөөгч Ц.Алтанцэцэг “...Биеийн эрүүл мэндийн хувьд маш хүнд, хорт хавдрын улмаас олон удаа хагалгаанд орсон, эмнэлгийн байнгын хяналтад байгаа энэ нөхцөл байдал нь “Зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэлийг эдлэхэд хүндрэлтэй байх тул “торгох” ял шийтгэл оногдуулж өгнө үү, мөн түүний овог Д.У байсныг ГанбаатарынУ болгож өөрчилсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр хуучин овгоор нь гарсан байгааг залруулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.

Шүүгдэгч Д.У нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан боловч энэ байдалдаа дүгнэлт хийлгүй дахин залилах гэмт хэрэг үйлджээ. Анхан шатны шүүх хохирол төлбөр төлсөн, үйлдсэн хэргээ хүлээсэн хувийн байдлыг харгалзан хорих ялыг оногдуулсан нь хууль зөрчөөгүй, түүний хувийн байдалд тохирсон байна.

Иймд шүүхээс оногдуулсан ялыг өөрчлөн торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэв.

           Харин шүүгдэгч Д.У нь өвчний учир эмчлүүлдэг болох нь нотлогдож байх тул “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох”  зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох" хязгаарлалт болгон өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

           Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өмгөөлөгчийн зүгээс Д.Угийн  эцгийн овог солигдож ГанбаатарынУ болсон талаар мэдэгдэж байгаа боловч энэ эцгийн нэр өөрчлөгдсөн гэх асуудал нь эрүүгийн хэрэгт шийдвэрлэх асуудал биш байх тул эрх бүхий байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх  нь зүйтэй  болохыг дурдаж  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.У  нь өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Уг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ял оногдуулах талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ

                               ШҮҮГЧ                                                       Л.ДАРЬСҮРЭН

                    ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ