| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04520/И |
| Дугаар | 182/ШШ2024/03737 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 182/ШШ2024/03737
| 182/ШШ2024/03737 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Х байранд байрлах, Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, З овогтой С-н ******* /РД:*******/-д холбогдох,
122 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э-с шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Эрүүгийн ******* дугаартай С.*******д холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.23-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор С.*******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн. С.******* нь хохирогч *******т зүүн тахилзуур ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтлийг хохирогчид учруулсан бөгөөд хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 122 300 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авчээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.-д эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг... гэж тодорхойлсон бөгөөд энэ нь нийтийн сан юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно. 41 дүгээр зүйлийн 41.1.-д Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж зааснаар прокурорт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1.-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасны дагуу прокурорын байгууллага хариуцан нэхэмжлэх эрхтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.- д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд эрүүгийн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаас үүдэн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан мөнгийг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд С.*******ээс хохирогч *******ын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 122 300 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь ******* дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурор *******аас шүүхэд гаргасан тайлбартаа: С.******* нь хохирогч *******ын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 122 300 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгч талаас, 2023.03.23-ны өдрийн 2023/ШЦТ/218 дугаартай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол, 2024.06.21-ний өдрийн 01/60 дугаартай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн хүсэлт, 2023.01.23-ны өдрийн 04/392 дугаартай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт хүргүүлсэн албан бичиг, гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл, мөнгөн шилжүүлгийн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь С.*******д холбогдуулан 122 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурор ******* нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч талын шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.С.*******д холбогдох 122 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурор ******* нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12.-т зааснаар нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА