Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/753

 

 

 

    

 

 

      2022             7            21                                       2022/ДШМ/753                                                                             

 

 

П.Аод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Эрдэнэ,

            шүүгдэгч П.Аын өмгөөлөгч М.Төмөрцэцэг, Л.Мөнхсайхан, Л.Цэндоо,

            нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/484 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг, Л.Мөнхсайхан нарын гаргасан давж заалдах гомдлоор П.Аод холбогдох эрүүгийн 2002003390535  дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт П.А, 1982 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт .........................

Шүүгдэгч П.А нь Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст замын зохицуулагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 14 дүгээр байрны хойд талын зам дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн иргэн Б.Бзөрчлийн 2008000990 дугаартай хэрэгт 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” баараар үйлчлүүлсэн төлбөр 52.800 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн үед 30.000 төгрөгийг тус тус Б.Бээс шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 22 дугаар товчооны замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн зөрчлийн холбогдогч, Ц.Саас албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “асуудлаа шийдүүлэх үү, надад 200.000 төгрөг аваад ир” гэж утсаар дуудан ирүүлж 150.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,  

албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зөрчилд холбогдогч Ө.Сыг 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хорих 407 дугаар анги рүү хүргэж өгөхдөө “унааны мөнгө өгөх ёстой” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “тэмдэгтийн хураамжийн мөнгө” гэж итгэл төрүүлэн хуурч 10.000 төгрөгийг авч зохиомол байдлыг зориуд бий болгон залилан мэхэлж 20.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.Аын үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос П.А нь Ц.Саас 150000 төгрөг хууль авсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилж, шүүгдэгч Боржигон овогт П.Аыг 2 удаагийн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож Б.Бээр нийт 82.800 төгрөгийн төлбөр тооцоо хийлгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн 3 удаагийн үйлдлээр хуурч, итгэл төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Ө.Саас нийт 20.000 төгрөг, иргэн Ц.Саас 150.000 төгрөг залилан авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Боржигон овогт П.Аын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Аод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн П.Аын биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 16.000 /арван зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 /арван зургаан сая/төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан П.Аод оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Аод шүүхээс оногдуулсан 16.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч П.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Бэд 82.800 төгрөг, хохирогч Ө.Ст 20.000 төгрөг, хохирогч Ц.Сад 150.000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.А давж заалдах гомдолдоо: “...Замын цагдаагийн газарт 2012 оноос 2022 он хүртэл тасралтгүй ажиллаж ирсэн. 2020 оноос тус хэлтэст дэслэгч цолтой замын цагдаагийн зохицуулагчаар ажиллаж байгаад хэргээ шалгуулъя, үнэн зөвөөр шийдүүлье гэж өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байгаа. Эхнэр замын инженер, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Залуу хүмүүсийн адил лизингийн байранд амьдардаг. Бидний хувьд боломжийн амьдралтай ээж, аавын үлдээсэн өв хөрөнгө ч байдаг. Зөрчил гаргагч нараас тав арван төгрөг авах хүмүүжил надад байхгүй. Зөрчил гаргагч нар нь ихэнхдээ архины хамааралтай, амьдралын хувьд ядруу хүмүүс байдаг. Тэр хүмүүс ямар мөнгөө хүнд өгөх вэ дээ. Голцуу архи үнэртүүлсэн, шүүх хуралд орохдоо хүртэл архи үнэртүүлсэн ирдэг. Хорих анги согтуу байна гээд аваагүй тохиолдол Ө.С дээр гарсан. Бийн хувьд хөдөө амьдардаг, байх газаргүй. Мөнгөгүй, машиныг минь өгчих машиндаа хонож баймаар байна гэсэн хүн хүний хоолны тооцоо хийнэ гэхэд эргэлзээтэй л байна. Миний хувьд Бийг тооцоо хий гэж огт хэлээгүй, өөрөө тооцоогоо түүнийг ирэхээс өмнө хийчихсэн. Б ч энэ талаар тооцоо төл гэж хэлээгүй гэдгээ мэдүүлсэн. Миний хувьд цагдаагийн хариуцлагатай албанд олон жил зүтгэхдээ албан үүргээ нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж, хоёргүй сэтгэлээр зүтгэж халуунд халж, хүйтэнд хөрж цас, бороонд хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргагч нараас хамгаалсаар ирсэн төрийн тусгай албан хаагч билээ. Зөрчил гаргагч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож саатуулагдсан Б.Б 407 дугаар ангид хоригдож байхдаа П.А дээр шалгагдсан хүн байна уу гэж хүмүүстэй уулзаж ярилцаж утсыг нь тэмдэглэж авсан тухай С, С, Оюунбаатар нар мэдүүлсэн байдаг. Улмаар зохион байгуулалтай С, С нар нь үгсэн хуйвалдаж намайг гүтгэсэн. Ихэнхдээ согтуугаар зөрчил гаргагч нараас машинаа түр хураалгаж, эрхээ хасуулж шүүхээр баривчлах ял авсан үедээ биднийг харааж, зүхэж ажилгүй болгоно гэж заналхийлдэг. Б согтуугаар утсаар дарамталж ажилгүй болгоно гэж доромжилж байсан удаа бий. Б АТГ-д гомдол гаргахдаа Оюунбаатар гэдэг хүнээс А 90.000 төгрөг авсан гэж гүтгэсэн. Оюунбаатар нь мөрдөгч Аод нэг ч төгрөг өгөөгүй, тэр ч аваагүй 90.000 төгрөгийг тушааж машинаа авсан гэж мэдүүлсэн нь гүтгэсэн гэдгийг нотлогдоно. Бийг төрийн албан хаагчийг ажил үүргээ хуулийн дагуу гүйцэтгэх  явцад гүтгэсэн асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж өгөхийг хүсэж байна. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдээгүй бөгөөд албан тушаалын байдлаа ашиглаж бусдаас мөнгө авч залилсан үйлдэл хийгээгүй. Зөрчил гаргагч нарыг хуулийн дагуу шийдүүлсэн.

Бээс 52.800 төгрөг, 30.000 төгрөг шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон гэх асуудалд Б: Намайг тооцоо хий гэж ойлгоод тооцоо хийсэн, А төл гэж хэлээгүй гэсэн мэдүүлэг. Урьд өдөр нь миний төрсөн өдөр болсон учраас найзтайгаа ажлаа тараад хэсэг суусан. Гэтэл Б над руу залгаж та хаана байна гэхээр нь байгаа газраа хэлээд ажил тарсан байна, ажлын цагаар ярь гэж хэлсэн. Нэг харахад Б орж ирсэн байсан. Чи гэртээ харь гэж хэлэхэд суугаад байхаар нь өөрийнхөө архинаас хийж өгсөн. Тэр архи авч өгөөгүй сүүлд надад би 52.800 төгрөгийн тооцоо хийсэн гэж хэлэхээр нь би гайхсан. Бийг ирэхээс өмнө үйлчлэгч манайх хаалаа гэхээр нь би тооцоогоо бүрэн хийсэн. Надад баримт өгөөгүй. Хэрэв Б нэмж тооцоо хийсэн бол хоёр тооцооны хуудас байх ёстой, Тооцооны баримтыг нэг дор бичсэнээс үзэхэд нөхөж бичиж өгсөн гэж үзэж байна. 30.000 төгрөгийн хувьд өөрөө дэлгүүрт худалдан авалт хийсэн нь харагддаг учир Б гэсэн утгатай мөнгө шилжүүлсэн байдаг. Миний дансанд 30.000 төгрөг орж ирээгүй. Тэр дэлгүүрийг мэдэхгүй, худалдагч нь намайг мэдэхгүй, танихгүй гэсэн байсан. Хахууль авсан гэх үйлдэлд А миний хэргийг гайгүй шийдвэрлэнэ гэж хэлж байгаагүй, би ч гуйж байгаагүй гэж мэдүүлсэн байдаг.

Сын хувьд надад 150.000 төгрөг өгсөн, буцаагаад авчихсан гэж мэдүүлсэн байдаг. Би түүнээс мөнгө аваагүй. Зөвхөн хохирогчийн үгээр мөнгө авсан гэж яллаж байгаад гомдолтой байна. Бусад нэмэлт санхүүгийн баримтаар болон мөнгө шилжүүлсэн баримт гэх мэт зүйлээр давхар нотлогдох ёстой боловч нотлох ажиллагааг дутуу хийсэн. Мөрдөгч, прокурор хэт нэг талыг барьж зөвхөн яллах ажиллагааг хийсэн. Учир нь миний хувийн байдлыг огт тогтоогоогүй. С би өөрийн асуудлыг шийдүүлэхийн тулд өөрөө сайн дураараа Аод 150.000 төгрөгийн хахууль өгсөн асуудал байхгүй гэж мэдүүлсэн. Надад учирсан хохирол байхгүй, санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гээд мэдүүлэг өгчихсөн байхад яллаж байгаа нь үндэслэлгүй. Ө.С мэдүүлэхдээ П.А улсын тэмдэгтийн хураамж 10.000 төгрөг авсан гэж худал хэлсэн. Мөрдөгч байхгүй зүйлийг хэлж зөрчил гаргагчаас 10.000 төгрөг авна гэж миний хувьд байхгүй, ажил нэр төрөө бодно. Хорих 407 дугаар анги руу тухайн өдөр зөрчил гаргагч нар нь шүүхээс 15-25 хоногийн баривчлах шийтгэл авч яаралтай хүргэж өгөхөөр болж албаны унаа байхгүй учраас таксигаар хүргэж өгч төлбөрийг Саас авч таксины жолоочид 10.000 төгрөгийг өгсөн. Би 10.000 төгрөгийг хувьдаа аваагүй. Тэр өдөр С архи уусан согтуу байсан учраас түүнийг хорих анги аваагүй, би маргааш нь өөрийн унаагаар үнэгүй хүргэж өгсөн. С надад энэ асуудал огт холбоогүй ээ, би ямар нэгэн гомдол санал гаргаагүй байхад АТГ-с дуудан мэдүүлэг авсан гэж хэлсэн нь өмнөх мэдүүлгээ үгүйсгэж байна. Сын мэдүүлэг миний хувьд хахууль өгсөн асуудал байхгүй. Миний бие албан үүрээ гүйцэтгэх явцдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй, зөрчил гаргагч нараас мөнгө аваагүй. Залилаагүй, албан тушаалаа ашиглаагүй зөрчил гаргагч Б, Ө.С, Ц.С нарыг хуулийн дагуу шүүхээр шийдүүлсэн. Бийг төрийн албан хаагчийг ажил үүргээ гүйцэтгэх явцад гүтгэсэн үйлдэлд нь Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж өгнө үү. Оюунбаатараас 90.000 төгрөг авсан гэж мөн бусад гурван зөрчил гаргагчаас мөнгө авсан гэх үйлдлүүдэд хувийн сэдэлтээр зохион байгуулсан, зөрчил гаргагч Бийн гомдлоор яллаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаатай хасаж, нийт 16.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсанд үнэхээр гомдолтой байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч П.Аын өмгөөлөгч М.Төмөрцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1.1.2, 1.3 заалтуудыг зөрчиж хуулийг буруу хэрэглэсэн. Миний үйлчлүүлэгч Сонгинохайрхан дүүргийн тээврийн цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч П.Аыг Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж гэмт хэргийн шинжтэй эсэхийг үндэслэлтэй тогтоогоогүй зөвхөн зам тээврийн зөрчил гаргаж шалгагдсан, өс санасан хувийн санаа, сэдэлт зорилго бүхий этгээдүүдийн үгсэн хуйвалдаж, судалж цуглуулсан мэдүүлэг байж магадгүй байхад хохирогч гэх хүмүүсийн мэдүүлгийг үндэслэн ижил төстэй хэрэгт албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж яг ижил хоёр зүйлчлэлээр давхар торгох ял болон нийтийн албанд томилогдох эрхийг хасч нийт гурван ял шийтгэл оноосон нь шударга бус үндэслэлгүй. Хохирол гэх 232.500 төгрөг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ч хүрэхгүй байхад гурван зүйл ангиар яллаж шүүхэд ирүүлсэн нь үндэслэлгүй. Яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй. Эдгээр хүмүүс согтуугаар байн байн тээврийн хэрэгсэл жолоодож бусдын болон өөрийнх нь амь насанд халтай үйлдэл гаргаж байгаагаа ухаардаггүй. 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зөрчил гаргагч Б Авлигатай тэмцэх газар өгсөн гомдолдоо Аыг В.Оюунбаатараас 90.000 төгрөг авсан гэж илт худал хэлж төрийн албан хаагчийг гүтгэх гэмт хэрэг үйлдсэн. Энэ үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгах зохих хариуцлагыг хүлээлгэх нь “хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалт болон шударга ёсны зарчимд нийцнэ. Мөрдөгчийг худал гүтгэсэн үйлдэл Оюунбаатарын мэдүүлгээр нотлогдоно. Би мөрдөгч Аод нэг ч төгрөг өгөөгүй, тэр ч аваагүй. Миний хувьд журмын хашааны төлбөр болох 90.000 төгрөгийг төлж, өөрийн машиныг авсан. Миний утасны дугаарыг ч авсан. Тэглээ ч А мөрдөгч надаас нэг удаа тайлбар авч маргааш нь шүүх хурал болж би 15 хоногийн баривчлах шийтгэл авсан. Ө.Саас 20.000 төгрөг залилж авсан гэх асуудалд хорих 407 дугаар ангид Орхоны гэх залуу А дээр шалгагдсан хүмүүсийн нэрийг утастай нь авч байсан. Намайг согтуу гээд 407 дугаар ангийн албан хаагч тэр өдөр аваагүй. А маргааш нь өөрийн унаагаар үнэгүй хүргэж өгсөн байдаг. С 10.000 төгрөгийн хувьд гэмт үйлдлээс болж учраагүй Иргэний ахуйн жижиг хэлцлийн шинжтэй харагдаж байна. А 10.000 төгрөгийг хувьдаа завшаагүй таксины жолоочид өгсөн. Харин улсын тэмдэгтийн хураамж 10.000 төгрөг авсан гэж худал мэдүүлсэн. Учир нь эрүүгийн хэрэгт байдаггүй зүйлийг тусгай мэргэжлийн мөрдөгч хүн байлгаж хэлэх үндэслэлгүй. “С миний хувьд хахууль өгсөн асуудал байхгүй. С надад энэ асуудал холбоогүй ээ би ямар нэгэн гомдол санал гаргаагүй байхад Авлигатай тэмцэх газраас дуудан мэдүүлэг” авсан гэж хэлсэн нь өмнөх мэдүүлгээ үгүйсгэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна. Б таксины жолооч приус-11,  30 орчим насны залуу байсан гэх мэдүүлэг тухайн өдөр хохирогч нарыг шүүгчийн захирамж гарч 20-25 хоног баривчлах болж албаны унаа байхгүй яаралтай таксигаар авч явсан байдаг. Гэрч Соронзонболд Замын цагдаагийн хэлтсийн дарга өмнө нь таваас дээш хүн шүүхээр шийдүүлсэн тохиолдолд цагдаагийн албан хаагч өөрийн машинаар хүргэж өгөх тохиолдол гардаг. Бээс 52.800 төгрөг, 30.000 төгрөг шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон гэх асуудалд Б мэдүүлэхдээ “намайг тооцоо хий гэж ойлгоод тооцоо хийсэн” гэж мэдүүлдэг ба “А нь тооцоо хий гэж хэлээгүй. А миний зөрчлийн хэргийг гайгүй шийдвэрлэнэ гэж хэлж байгаагүй, би ч гуйж байгаагүй” гэж мэдүүлсэн зэргээс харахад А нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон нь тогтоогдохгүй байна. 30.000 төгрөгийн хувьд /Б гэсэн/ утгатай өөрөө дэлгүүрт худалдан авалт хийж дэлгүүрийн худалдагчийн дансанд шилжүүлсэн байдаг. Учир нь худалдагч Дулам мэдүүлэгтээ “Аыг танихгүй, хэн ямар бараа авсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагт Аын 93022121 жимобайлын утасны дугаарын лавлагааг харахад Бийн 94905097 дугаар луу огт залгаагүй байдаг. Тооцооны мөнгө нь хоёр удаа хувааж төлөгдсөн гэсэн хэр нь нэг дор 114.000 төгрөг бичигдсэн. Гэтэл 52800+65000=117800 төгрөг болж байна. Тэгэхээр энэ баримт эргэлзээтэй байна. Санхүүгийн баримт нэг ч төгрөгөөр зөрөх ёсгүй. Хоёр удаа тооцоо хийсэн бол мөнгө төлсөн тооцооны баримт хоёр байх ёстой. А Бийг ирэхээс өмнө тооцоогоо бүрэн хийсэн байдаг. Энэ тухай прокурорын туслах Сэргэлэнбаатар бид хоёрыг сууж байхад хаалаа гэсэн, тэгээд А гараад тооцоогоо хийчихлээ гэсэн энэ үед тэр залуу ирээгүй байсан. Тэр залуу бид хоёрт архи авч өгөөгүй, харин А ууж байсан архинаасаа түүнд аяганд хийж өгч байсан. Бид хоёр тэр залууг ирснээс хойш удахгүй гарсан. Үүнээс харахад Б, А, Сэргэлэнбаатар хоёрын тооцоог нэмж хийсэн гэдэг нь эргэлзээтэй байна. Тухай өдөр хүлээн авалттай, олон хүнтэй байсан байна. Саруул мэдүүлэг өгөхдөө уг тооцоог хийсэн үйлчлүүлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 18-19 цагийн үед 2 залуу шилэн тусгай өрөөнд орсон байх, тэр хоёрыг гарахын өмнө нэг намхан залуу орж ирсэн, төд удалгүй гараад явсан, сүүлд орж ирсэн залуу нь тэр хоёртой цуг гарсан гэхээр Б биш, дараа нь орж ирсэн залуу хамт цуварч гарахыг харсан байна. 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэж утсаар хэлсэн нь өөрийнхөө өмнө өгсөн мэдүүлгээ үгүйсгэж байна. Хохирлын гэх мөнгийг тухайн үед аваагүй байж нэхэмжлэх зүйлгүй гэж хэлэх үндэслэлгүй. Хахууль авсан гэх үйлдэлд Б А миний хэргийг гайгүй шийдвэрлэнэ гэж хэлж байгаагүй, би ч гуйж байгаагүй. С, А мөрдөгч асуудлыг чинь шийдэж өгнө гээд мөнгө авсан хирнээ асуудлыг шийдээгүй. Би өөрийн асуудлыг шийдүүлэхийн  тулд сайн дураараа Аод 150.000 төгрөгийн хахууль өгсөн асуудал байхгүй. С надад учирсан хохиролгүй, санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гээд хэлчихсэн байна. С нэг өдөр өгсөн мэдүүлэг нь хоёр өөр буюу зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна. Аыг зөвхөн хохирогчийн мэдүүлгээр 150.000 төгрөг авсан гэж ял сонсгож байгаа нь үндэслэлгүй. Санхүүгийн үйлдлүүд нь зөвхөн хохирогчийн мэдүүлгээр биш, мөнгө шилжүүлсэн баримт, бусад зүйлээр нотлогдох ёстой ба бүрэн нотлогдоогүй. Мөрдөгчийн хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай саналд 200200339 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хохирогч нарын мэдүүлэг, Аын мэдүүлэг, зөрчил шалган шийдвэрлэсэн материал, утсаар ярьсан лавлагаа, дансны хуулга, бичгийн нотлох баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжгүй, иймд хэрэг бүртгэлийн 200200339 дугаартай хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргаж байна. Цагдаагийн хошууч Г.Гантөгс 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 83 дугаартай прокурорын тогтоолд Аын үйлдэл албан үүрэг, бүрэн эрх албан тушаалаа урвуулан ашигласан өөртөө бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэлт гаргасан байдаг. П.Аод холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь тохирохгүй гэж дүгнэсэн. А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй, харин ч зөрчил гаргагч Б, С, С нарт хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж прокурорт санал гаргаж хэргийг шийдүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар албан тушаалаа ашиглаж бусдыг залилаагүй. Миний үйлчлүүлэгч Аыг мөрдөгч прокурор, шүүх хэт нэг талыг барьж ял шийтгэл оногдуулсан. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. А нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар нэг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй байгаад дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл 2 зааснаар гэм буруугүйд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэг, 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Аод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоол гаргаж өгнө үү. П.А нь өөрийн асуудлаа нэг мөр шийдүүлэхийн тулд ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. ...” гэв.

Шүүгдэгч П.Аын өмгөөлөгч Л.Мөнхсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаад шүүхийн шийдвэрээр баривчлагдсан Б.Бгомдлоор үүсгэгдсэн хавтас хэрэгтэй танилцахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан Ө.С, М.Мэндбаяр, Ц.С, В.Оюунбаатар, Б.Б нарт холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэсэн баримтыг хавсаргасан байх бөгөөд улсын яллагч П. Аыг '‘нийтийн албан тушаалтнаар ажиллаж ... зөрчил гаргагч Б.Бэд холбогдох зөрчлийн хэргийг шалгаж байхдаа ... 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед ...”Од” баараар үйлчлүүлсэн төлбөр 52800 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн үед 30.000 төгрөгийг тус тус Б.Бээс шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгон ...” “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн,

Ц.Сын “...зөрчлийн хэргээ өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлэх...” гэсэн ашиг сонирхлыг үүднээс ... Орбитын тойргийн орчим 2020 оны 4 дүгээр сарын 15-ны ...19-20 цагийн үед Ц. Саас “... асуудлаа шийдвэрлүүлэх үү, надад 200.000 төгрөг аваад ир...” гэж утсаар дуудан ирүүлж, өөрөө шууд 150.000 төгрөгийн хахууль авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн.              Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зөрчилд холбогдогч Ө.Сын гаргасан зөрчлийг шалгаж шийдвэрлэх үедээ 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хорих 407 дугаар анги руу хүргэж өгөхдөө “...унааны мөнгө өгөх ёстой...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000 төгрөгийг,  2020 оны 4 дүгээр сарын 26 -ны өдөр “...тэмдэгтийн хураамжийн мөнгө...” гэж итгэл төрүүлэн хуурч 10.000 төгрөгийг авч зохиомол байдлыг зориуд бий болгон залилан мэхэлж 20.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус зүйлчлэхээр тогтсон тухай дурьдаж нотлох баримтаар иргэн                                Б.Бээс гаргасан гэмт хэргийн талаарх мэдээлэл /1хх 6/, Зөрчлийн хэргүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 9-11/, Зөрчлийн 2008000901 дугаартай Ө.Ст холбогдох хэргийн материал /1хх 13-41/, Зөрчлийн 2008000922 дугаартай Ц.Сад холбогдох хэргийн материал /1хх 65-90/,  Зөрчлийн 2008000990 дугаартай Б.Бэд холбогдох хэргийн материал /1хх 118-140 /, Б.Б... дансны хуулганы хуулбар /1хх 154, 161-162/, хохирогч Ө.С, гэрч Б.Б, гэрч Ц.С, гэрч Т.Саруул, гэрч Э.Думаа, гэрч Б.Энхбаяр, гэрч Ш.Отгонцэрэн, М.Соронзонболд нарын мэдүүлэг, Аын ажлын байрны тодорхойлолт, түүнийг томилсон тушаалын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас зэргийг дурдсан яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох талаар тодорхой заасан байдаг. Гэтэл эдгээр нотлох баримтууд нь П.А албан үүргээ гүйцэтгэж байхдаа “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эсвэл бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох баримт биш байна. Тодруулбал, эдгээр нотлох баримт нь хэрэг өмнө нь нэг удаа яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлэхэд нотолсон байсан үйл баримтыг, өөрөөр хэлбэл, хэрэгт хохирогчоор тогтоогдсон иргэд тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасныг шүүгдэгч П.А шалгасан, шүүх зөрчил гаргагсдад Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага оногдуулсан үйл баримтыг л нотолсон нотлох баримт болохоос биш шүүгдэгч П. А яллах дүгнэлтэд дурьдсан гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримт биш. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдаад байгаачлан П.А эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг тухайлан авч үзвэл, яллах дүгнэлтдээ “Б.Б...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа ... 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн үед “Од” баараар үйлчлүүлсэн төлбөр 52.800 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн үед 30.000 төгрөгийг тус тус Б.Бээс шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсгээр... зүйлчлэхээр” тогтоосугай гэж буруутган нотлох баримтаар гэрч Саруулын /хх 186-187/ мэдүүлгийг дурдсан. Гэтэл энэ гэрчийн хэлсэн “... намхан залуу...” нь хохирогч Б.Б мөн эсэхийг тогтоох ажиллагаа хийгдээгүй байна. Шүүгчдэгч Б.Бээс 30.000 төгрөг шилжүүлж авсан гэж буруутгасан ч гэрч Сүхдулам 4 дүгээр сарын 27-ны 21:00 цагийн үед дэлгүүртээ байсан... уг 30.000 төгрөгийг хэн шилжүүлснийг мэдэхгүй байна. Д.Аыг танихгүй... ХААН банкны 5007703158 тоот дансанд “Batsuh” гэсэн утгатай 306.000 төгрөг тус өдөр шилжүүлсэн байсан...” гэж /хх 185/ шүүгдэгч П.А ч Б.Бээс архины мөнгө гуйж аваагүй гэж мэдүүлсэн, мөн гэрч Сүхдулам “энэ 30.000 төгрөгөнд хэн юу авсаныг мэдэхгүй. П.Аыг танихгүй” гэж байгаагаас үзвэл хохирогч Б.Бяриад байгаа шиг “худалдагчийн дансанд шилжсэн энэ 30.000 төгрөгөөр П.А “гайгүй юм авч уусан” байдал нотлогдоогүй байна. Улсын яллагч яллах дүгнэлтдээ Ц.Сын “...зөрчлийн хэргээ өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлэх...” ашиг сонирхлын үүднээс...2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 19-20 цагийн үед “...асуудлаа шийдүүлэх үү, надад 200.000 төгрөг аваад ир...” гэж утсаар дуудан ирүүлж, өөрөө шууд 150.000 төгрөгийн хахууль авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэхээр ...тогтоосугай гэж ” буруутгасныг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үндэслэлгүй гэж үзсэн нь зөв. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд “Хахууль авах” гэмт хэргийн үндсэн шинжийг “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан...” гэж тодорхойлсон байна.

Улсын яллагч яллах дүгнэлтдээ "... албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ... Ө.Сын гаргасан зөрчлийг шалгаж шийдвэрлэх үедээ “2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр... унааны мөнгө өгөх ёстой...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 26 ны өдөр “...тэмдэгтийн хураамжийн мөнгө...” гэж итгэл төрүүлэн хуурч 10.000 төгрөгийг авч зохиомол байдлыг зориуд бий болгон залилан мэхэлж 20.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоосугай ...” гэжээ. Гэтэл Ө.Сыг залилан мэхэлж 2 удаагийн үйлдлээр 20.000 төгрөг авсан гэх байдал нь шүүгдэгч П.Аын мэдүүлэг /хх 68-69/, энд дурдаад байгаа шиг 20.000 биш харин 10.000 төгрөг таксины хөлсөнд төлүүлснээс биш өөртөө аваагүй нь гэдэг үгүйсгэгдэж байна. Ийнхүү нэг удаа 10.000 төгрөг таксины жолоочид төлүүлсэн байгааг шүүх 10 биш бүр 2 удаагийн үйлдлээр 20.000 төгрөг залилан өөртөө авсан гэж дүгнэсэн нь буруу П.А нь Цагдаагийн хариуцлагатай албанд олон жил зүтгэхдээ албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн хамт олныхоо дунд нэр хүнд сайтай төрийн тусгай албан хаагч. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцтгэсэн төрийн тусгай албан хаагчийн үйлдэл хүн болгонд таалагдахгүй, тэр тусмаа зөрчил гарган шийтгүүлэгчид тэр бүр таалагдахгүй байх магадлалтай тул хохирогчийн хувийн сэдэлттэй байж болзошгүй мэдүүлгийг үндэслэн П.Аыг гэм буруутайд тооцох нь шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй болно. Улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ “гэмт хэрэг” гэж үзсэн үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн заалтад хамаарах эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна. Иймд шүүгдэгч П.А албан үүргээ гүйцэтгэх явцдаа, иргэн Б.Б, Ц.С, Ө.С нарын “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил”-ийг шалган шийдвэрлэх явцдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар нэг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй байгаад дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Цэндоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагааны шатанд зарим ажиллагаанд оролцож байсан. Мөрдөгч, прокуророос хэрэгт яллах, цагаатгах талын нотлох баримтыг бүрэн гүйцэт нотолж тогтоогоогүй. Эрх бүхий албан тушаалтнаас зөвхөн яллах талыг барьж ажилласан. П.А тухайн зөрчлийн хэргийг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан биш юм. Зөвхөн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж хэргийг прокурорт шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг тухайн зөрчилд холбогдогчийн гаргаж өгсөн баримтад үндэслэн хэлмэгдүүлэн ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд П.Аыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс хэрэгт нотлогдвол зохих нөхцөл байдлууд хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Зөрчилд холбогдогч Бээр баарны тооцоо 52.800 төгрөгийг төлүүлсэн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон байна. Мөн машиныхаа дугуйг хагалчхаад Сыг дуудаж, дугуйгаа засуулах, машин ачуулах зорилгоор 150.000 төгрөг авсан нь тогтоогдож байна. Мөн Сын “...10.000 төгрөгийг тодорхой зорилгогүйгээр авсан...” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг. Прокуророос энэ үйлдлийг залилсан гэж үзэж яллах дүгнэлтдээ тусгасан. Анхан шатны шүүх тухайн 10.000 төгрөгийг тодорхой зорилгогүйгээр авсан, залилах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Энэ үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй бус албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн давуу байдал бий болгох санаа зорилгоор үйлдсэн гэмт хэрэг гэж үзэж байна. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1. Шүүгдэгч П.А нь Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст замын зохицуулагч байхдаа 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед “Од” баараар үйлчлүүлсэн төлбөр 52.800 төгрөгийн төлбөрийг, мөн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн үед “Хатансуудал” гэх 8 нэрийн хүнсний дэлгүүрээс бараа худалдан авсан 30.000 төгрөгийн төлбөрийг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б“...П.А мөрдөгч 2020 оны 4 дүгээр сарын 24-ний шөнө 22-23 цагийн үед миний утас руу ярьснаа “нэг газарт байна, гялс хүрээд ир” гэхээр нь би тэр газарт нь очсон бөгөөд Цамбагаравын арын “Өгөөмөр” гэсэн нэртэй барилгын хажуугийн залгаа 2 давхар барилга байсан, тэр барилгын 2 дугаар давхарт байх бааранд байсан, нэр нь “Од” билүү “Оч” гэлүү сайн санахгүй байна. Намайг очиход уг баарны VIP өрөөнд нэг эрэгтэй хүнтэй байсан. Надтай уулзаад “баарны хэдэн төгрөгийн” тооцоо байгаа гэж хэлэхээр нь “намайг тооцоо хий” гэж байна гэж ойлгоод 52.800 төгрөгийн тооцоо хийсэн тэрээр надад хандаж би энэ мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны орой 22 цаг 07 минутад миний утас руу П.А мөрдөгч залгаснаа “ганц юм уух гэсэн юм аа, мөнгө хэрэгтэй байна боломж байна уу” гэж асуухаар нь “байна хэдэн төгрөг вэ” гэж асуусан чинь эхлээд 25.000 төгрөг гэж байснаа “за 30.000 төгрөг явуулчих” гэж хэлээд “энэ дэлгүүрийн данс шүү” гээд дансыг мессежээр явуулсан. Би тэр данс руу нь “Б.Б” гэсэн утгатай 30.000 төгрөгийг шилжүүлсэн мөн л “надад буцааж өгнө” гэж хэлж байсан. ...2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хурал болж баривчлагдахаасаа өмнө түүний гар утас руу өөрийнхөө утсаар залгасан боловч миний утсыг блок хийсэн байхаар нь өөр хүний утсаар залгасан чинь утсаа авахаар нь би түүнээс “орон нутгийн хүн байна, мөнгөгүй хэцүү байна, мөнгөө авъя” гэсэн чинь “тэгж байгаад өгнө” гэж хэлсэн боловч бас л өгөөгүй. ...” /1хх 157-160/,

гэрч Т.Саруулын /“Од” рестораны захирал/: “Тухайн өдөр 114.000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна лээ. 65.000 төгрөгийг бэлнээр, 52800 төгрөгийг картаар хийсэн байсан. Тооцооны хуудсан дээр 114.000 төгрөг гэсэн боловч төлсөн мөнгө нь 117.800 төгрөг болсон байна тэгэхээр гарахдаа ус, ундаа авсан болов уу гэж бодож байна. Уг тооцоог хийсэн үйлчлүүлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 18-19 цагийн үед байхаа 2 залуу манай ресторанд орж ирээд шилэн тусгай өрөөнд суусан. 700 граммын Эден нэртэй архи 1 шил, сода ундаа 2 ширхэг, фанта ундаа 2 ширхэг, дунд нь нэг удаа хиам өргөст хэмхний зууш авсан, ингээд дуусаад дахиад уг 2 залуу нэг шил Эдэн архи, сода 2 ширхэг, фанта ундаа 2 ширхэг авсан тэгээд гарахдаа дахиад 2 ширхэг фанта ундаа авсан, дээрх 2 залууг гарахын өмнө нэг намхан залуу орж ирсэн гэхдээ тэр хоёртой хамт суугаагүй санагдаж байна, төд удалгүй гарсан, сүүлд орж ирсэн залуу нь тэр хоёрыг аваад явсан. Би бодохдоо жолооч дуудсан юм болов уу гэж бодсон уг залуу гарахдаа үлдэгдэл тооцоо болох 52.800 төгрөгийг картаар төлсөн, харин бэлэн 65.000 төгрөгийг хэн нь хийснийг би санахгүй байна. Тэр намхан залуу нь захиалга өгөөгүй ээ, орж ирээд тэр 2 залуутай найзууд юм шиг тухлаж суухгүй байсан, юмыг нь зөөж өгөөд үйлчлээд байгаа юм шиг орж гараад байсан. ...” /1хх 187/,

гэрч Э.Думаагийн /зөөгч/ “...уг 2 залуу нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цагийн үед байхаа манай шилэн хаалгатай өрөөнд суусан. Тухайн үед манай ресторан нь хүлээн авалттай байсан тул би нэг их анзаараагүй, уг хүлээн авалтыг дуусгаад 19 цагийн үед би ажлаа тараад явсан, үлдсэн хугацаанд захирал Т.Саруул өөрөө ажиллахаар үлдсэн юм, үүнээс өөр мэдэх зүйл алга. Би анх яг ямар байдалтай орж ирснийг нь санахгүй байна. Тухайн үед захиалсан захиалганы баримтыг харахад Эден нэртэй архи 1 шилийг, мөн фанта, сода ундаанаас тус бүр хоёрыг захиалж авсан байна. Би 19 цагт ажлаа тараад явсан болохоор цааш хэрхэн үйлчлүүлсэн талаар мэдэхгүй байна. Тухайн үед захиалж байсан эд зүйлсийн тооцооны хуудас болон карт уншигч машины баримтыг хавсаргуулахаар өгье. ...” /1хх 189/,

гэрч Ц.Сэргэлэнбаатарын “...Тухайн өдөр П.А намайг хамт хоол идэх үү гэхээр нь би зөвшөөрөөд Номин худалдааны төвтэй байрны 2 давхарт нэг рестораны шилэн хаалгаар тусгаарласан өрөөнд орсон. Лаазтай ундаа, зууш, 1 шил Эден нэртэй архи зэрэг зүйл захиалсан. Тэгээд дундуур нь дахиад лаазтай ундаа сода нэмж авсан, би яг хэзээ нь хэд хэдэн ширхгээр ундаа захиалсныг санахгүй байгаа юм, ямар ч гэсэн 5-6 лааз ундаа авсан байх. Тухайн үед коронавирустай холбоотой энгийн үеэс эрт хаана гэж байсан ба паб хаах болж байхад нэг дунд зэргийн нуруутай 30 гаран насны эрэгтэй орж ирээд П.Атой юм яриад сууж юун тухай ярьсныг нь мэдэхгүй байна. Тэр залуу орж ирээд 10-20 минут болоод бид нар гарсан. Тухайн залууг ирэхээс өмнө П.А гараад тооцоо хийчихлээ гэж байсан. Би бол тооцоо хийгээгүй хэдэн төгрөгийн тооцоо болсныг мэдэхгүй юм. Тэр залууг ирснээс хойш нэмж захиалга өгөөгүй, анх авсан байсан юмаа уусан. Архи бол дуусаагүй байсан санагдаж байна. Тухайн залууг архи авч ирээгүй байх гэж бодож байна. Тэр залуу ирээд 10-20 минут болсон учраас захиалга өгөөгүй, нөгөө газар нь хаалаа гэж байсан. ...” /1хх 228-229/,

гэрч Д.Сүхдуламын /дэлгүүрийн эзэн/: Би өөрийн Хаан банкны 50 тоот дансыг шалгасан миний дансанд “Batsukh” гэсэн утгатай 30.000 төгрөгийг тус өдөр шилжүүлсэн байсан. ...Хүмүүс заримдаа мөнгө шилжүүлдэг тэгсэн юм болов уу гэж бодож байна хэн, ямар бараа бүтээгдэхүүн авсныг мэдэхгүй байна. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 21 цагт би өөрийн дэлгүүр дээр байсан, надаас өөр суух хүн байдаггүй юм аа. Архи зарах тусгай зөвшөөрөлтэй архи согтууруулах ундааны зүйл зардаг. ...” /1хх 185/ гэх мэдүүлгүүд,

гэрч Э.Думаагаас гаргаж өгсөн тооцооны хуудас, ПОС машинаар “Batsukh Badam” картаас 52.800 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт /1хх 190-192/,

Б.Бээс Авлигатай тэмцэх газарт гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх 6/, зөрчлийн хэргүүдэд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 9-11/, Б.Бэд холбогдох зөрчлийн 2008000990 дугаартай хэргийн материал /1хх 118-140/,  Б.БХаан банкин дахь 5217055754 тоот дансны хуулга, Голомт банкны пост машины хуулганы хуулбар /1хх 154, 161-162/, П.Аын эзэмшлийн 93.....дугаартай гар утасны дуудлагын түүх /1хх147-152/ зэрэг баримтуудаар,

2. Шүүгдэгч П.А нь зөрчилд холбогдогч Ө.Сыг 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хорих 407 дугаар анги рүү хүргэж өгөхдөө “унааны мөнгө өгөх ёстой” гэж 10.000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “тэмдэгтийн хураамжийн мөнгө” гэж 10.000 төгрөг буюу нийт 20.000 төгрөгийгч авч залилсан болох нь: 

                   хохирогч Ө.Сын “...2020 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 3 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбитын орчим согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаа нарт баригдаж Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж хоносон. Тухайн үед миний 80-97 УБА улсын дугаартай Тоёота маркийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд журамласан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр замын мөрдөгч П.А зөрчлийн материалыг шалгаж надаас болсон асуудлын талаар асууж 1 удаа тайлбар мэдүүлэг авсан. Хорих 407 дугаар анги руу явахын өмнө мөрдөгч П.А “10.000 төгрөг өг” гээд надаас 10.000 төгрөг авсан. Ямар нэгэн баримт өгөөгүй, ямар зорилгоор авч байгаа талаараа ч хэлээгүй. Тэгээд миний машинтай замын мөрдөгч П.Аын хамт хорих 407 дугаар анги руу явсан боловч хорих 407 дугаар ангийн албан хаагч намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд аваагүй учраас бид нар буцсан. Учир нь би шүүх хурал болохын өмнөх өдөр нь архи уусан байсан юм. Тэгээд маргааш нь мөрдөгч П.А хорих 407 дугаар анги руу намайг хүргэж өгөхийн өмнө дахин надаас “тэмдэгтийн хураамж” гэж 10.000 төгрөг авсан. ...” /1хх 167-169/,

                   гэрч Б.Б“...Мөрдөгч П.А хүмүүсийг баривчилгаанд хүргэж өгөхдөө машины арын суудал дээр 4-5-аар нь чихээд нэг хүнээс 10.000-20.000 төгрөгийг авдаг юм байна лээ. Намайг хүргэж өгөхдөө надаас мөнгө аваагүй тэгээд ч надад тухайн үед мөнгө байгаагүй, надаас бусад хүмүүсээс тус бүр 10.000 төгрөгийг хураан авч байсан. Тэр машины жолооч нь 30 орчим настай приус маркийн машинтай өөрийнх нь таньдаг хүн байсан. ...” /1хх 174/,

                   гэрч Ц.Сын “...Мөрдөгч П.А нь хорих анги руу намайг хүргэж өгөх замдаа надаас 10.000 төгрөг нэхсэн. Намайг мөнгө байхгүй гэсэн чинь нэхэж уурласаар байгаад 10.000 төгрөг авсан. Би ямар учраас 10.000 төгрөг авч байгааг нь мэдэхгүй байна. Ямар ч баримт өгөөгүй. Би дээрх 10.000 төгрөгийг П.Аоос буцааж аваагүй боловч цаашид нэхэмжлэхгүй. ...” /1хх 177, 2хх 2/ гэх мэдүүлгүүд,

Ө.Ст холбогдох зөрчлийн 2008000901 дугаартай хэргийн материалын хуулбар /1хх 13-41/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч П.Аыг 2 удаагийн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож Б.Бээр нийт 82.800 төгрөгийн төлбөр тооцоо хийлгэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн бусдыг хуурч, итгэл төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар  төөрөгдөлд оруулан Ө.Саас нийт 20.000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн  үндэслэлтэй болжээ.  

Харин шүүгдэгч П.А нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын тойргийн орчим 2021 оны 4 дүгээр сарын 15-ны орой 19-20 цагийн орчимд зөрчилд холбогдогч Ц.Саас  “зөрчилд холбогдсон асуудлыг чинь шийдэж өгье” гэж 150000 төгрөгийг авсан болох нь:

            гэрч Ц.Сын “2020 оны 4 дүгээр сарын 15-ны орой 19-20 цагийн үед намайг гэртээ харих гээд явж байтал мөрдөгч П.А нь над руу утсаар залгаж намайг “хаана явна” гэж асууснаа “би Орбитын тойрог дээр машин эвдрээд бас архи уусан согтуу байна, чи мөнгө олоод хүрээд ирээч” гэхээр нь би найз Наранцэцэгээс 200.000 төгрөгийг зээлж, Орбитын тойрог дээр очиход мөрдөгч П.А нилээн согтуу, бас нэг согтуу эмэгтэйн хамт байсан. П.Аын машин нь замын бордюр давж мөргөсөн байдалтай, дугуй нь хагарсан байсан. Тэгээд ачилтын машин ирж машиныг нь чирч гаргаж, дугуй засварын газарт хүргэж өгөөд явсан. Тэгээд мөрдөгч П.А нь надаас 150.000 төгрөг авах үедээ би чиний машин тэргийг чинь журмын хашаанаас гаргаж өгч, асуудлыг чинь аргалж өгнө гэж хэлсэн. Тэгээд намайг “байж байгаарай” гэж хэлчихээд нөгөө согтуу хүүхэнтэй хамт машинтайгаа яваад өгсөн. Би мөрдөгч П.Аыг Орбитын тойрог дээр шөнийн 00 цаг хүртэл хүлээсэн боловч ирээгүй учраас гэртээ харьсан. Намайг гэртээ харьсны дараа мөрдөгч П.А над руу шөнө олон удаа залгаад байсан боловч би утсыг нь аваагүй. Мөрдөгч П.А надаас миний асуудлыг шийдэж өгнө гэж хэлж мөнгө авсан хэр нь асуудлыг шийдээгүй. Миний тээврийн хэрэгслийг ч гаргаж өгөөгүй, журмын хашаанд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 23 хоногийн хугацаанд байлгасан. ...” /1хх 176/,

            гэрч Б.Энхбаярын “...2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн орой 19-20 цагийн үед байхаа би дугуй засвар дээрээ байж байтал ачилтын машин автомашин ачсан байдалтай ирээд ачилтын машины жолооч орж ирээд “энэ машины дугуй нь хагарсан энд буулга гэсэн гэж хэлсэн” гээд яваад өгсөн. Удалгүй танихгүй хоёр залуу ирээд нөгөө ачигдаж ирсэн машинд “дугуй авна дугуй байна уу” гэж асуухаар нь би “дугуй байгаа” гээд нэг дугуй үзүүлж авахаар болоод 1 ширхэг дугуйг 15000 төгрөгөөр зарсан, ингээд дугуйг хийлээд машинд угсарч өгсөн. Нэг залуу нь нөгөөдхөө “энэ дугуйны мөнгийг чи өгөөрэй” гэж хэлсэн чинь нөгөө залуу нь мөнгө гаргаж ирээд бэлэн өгсөн. Цагдаа хувцастай хүн байгаагүй. Уг 2 залуу энгийн хувцастай байсан. Харин нөгөө дугуйны тооцоо хийсэн залуу нэг шил архи барьчихсан та уух уу гэхээр нь үгүй ээ би ажилтай байж юу гэж уудаг юм гэж хэлсэн тухайн үед би ажил дээрээ ганцаараа байсан. ...” /1хх 194/,

            гэрч Ш.Отгонцэрэнгийн “...П.А гэх залуу ирээд “би цагдаа байгаа юмаа машины дугуй хагарсан байна дуудлага өгсөн юм, дугуй засвар руу ачаад өг” гэж хэлсэн. Намайг дуудлагаар очиход нөгөө цагдаа гээд байсан П.Аоос өөр нэг залуу байсан. П.Аыг ах гээд гүйгээд байсан. ...” /1хх 196/ гэх мэдүүлгүүд, Ц.Сад холбогдох зөрчлийн 2008000922 дугаартай хэргийн материал /1хх 65-90/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

            Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгаж өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

                   Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаартай прокурорын тогтоолоор П.Аыг Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 22 дугаар товчооны замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчил үйлдсэн зөрчлийн холбогдогч Ц.Саас 150 000 төгрөг авсан  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өөрчлөн зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

                   Тодруулбал, П.А нь Ц.Сын холбогдсон зөрчлийн хэргийг машиныг чинь журмын хашаанаас гаргаж өгнө, асуудлыг чинь аргалж өгнө гэж хахуул  өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хахууль өгөхийг шаардаж авсан, Ц.С нь  өөрийнхөө холбогдсон зөрчлийн хэргийг нааштайгаар шийдвэрлүүлэхийн тулд өөрөөр хэлбэл өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хүсэл зоригийн нэгдэл илэрхийлэгдэж байна.

Гэвч, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/484 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг, Л.Мөнхсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.ДАРЬСҮРЭН

                       

ШҮҮГЧ                                                  Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                  О.ЧУЛУУНЦЭЦЭГ