| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04016/И |
| Дугаар | 182/ШШ2024/03373 |
| Огноо | 2024-08-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2024/03373
| 2024 08 13 | 182/ШШ2024/03373 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Х тоот хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох,
5 120 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай Жаргалант яармаг проперти ХХК нь 2022.05.06-ны өдөр 22-152 тоот түрээсийн гэрээг иргэн А.*******тай харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь түрээсийн гэрээгээр хэв, булан гэх нийт 104 ширхэг бараа материал түрээслэн авч 151-207 хоног ашигласан. Гэвч түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 3 413 600 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй байгаа ба маш олон удаа холбогдож хэлэх бүрд төлнө, мэдэж байгаа, одоо удахгүй хийнэ гэх мэтээр ярьж бидэнд мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахгүй байгаа юм. Хариуцагч нь түрээслэн авсан 104 ширхэг бараа материалаас Хэв 60х120 см хэмжээтэй 50 ширхэг, Хэв 45х120 см хэмжээтэй 2 ширхэг, Хэв 40х120 см хэмжээтэй 2 ширхэг нийт 54 ширхэг бараа материалыг буцаан хүлээлгэн өгөлгүй дутааж актлуулсан. Актын төлбөрийг Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 7.3-т Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахгүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож 100 хувь төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө гэж заасны дагуу тус барааг зарах үнээр тооцоолсон болно. Мөн Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 7.2-т түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. Алдангийг түрээс зогссон өдрөөс буюу 2021.12.09-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-д нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 1 706 800 төгрөгийн алданги тооцов. Иймд хариуцагч А.*******аас Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний үүргийн үлдэгдэл төлбөр 3 413 600 төгрөг, алданги 1 706 800 төгрөг, нийт 5 120 400 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нийт нэхэмжлэлийн шаардлага болох 5 120 400 төгрөгийн алданги болох 1 706 800 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл үндсэн төлбөр 3 413 600 төгрөгийг төлөхийг хариуцагч А.******* зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч А.*******аас шүүхэд гаргасан тайлбартаа: А.******* миний бие Жаргалант яармаг проперти ХХК-ийн нэхэмжилсэн 5 120 400 төгрөгөөс алдангийг хасаж, үлдэгдэл 3 413 600 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү . гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: Жаргалант яармаг проперти ХХК нь хариуцагч А.*******тай дараах байдлаар эвлэрч байна.
1.Манай Жаргалант яармаг проперти ХХК нь иргэн А.*******д холбогдуулан 5 120 400 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч А.*******ын манай компанид тавьсан эвлэрэх саналыг хүлээн авч үндсэн төлбөр 3 413 600 төгрөгийг авч, алданги 1 706 800 төгрөгөөс татгалзаж тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан 2022.05.06-ны өдрийн 22-152 дугаар Барилгын туслах материал түрээслэх гэрээ, түрээслэсэн бараа материалын акт, Жаргалант яармаг проперти ХХК-ийн Бараа материалыг түрээслэх болон зарах үнийн санал, орлогын падаан, зарлагын падаан, А.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2024.06.05-ны өдрий 10501 дугаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч А.*******д холбогдуулан, 5 120 400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Жаргалант яармаг проперти ХХК нь алданги болох 1 706 800 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3 413 600 төгрөгийг хариуцагч А.******* нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулан зохигчид эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 876 төгрөгийн 48 438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 48 438 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 48 438 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.*******д холбогдох, 5 120 400 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Жаргалант яармаг проперти ХХК нь алданги болох 1 706 800 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3 413 600 төгрөгийг хариуцагч А.******* нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид төлж барагдуулсан, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 876 төгрөгийн 48 438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 48 438 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 48 438 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА