| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0176/Э |
| Дугаар | 144 |
| Огноо | 2017-04-17 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Х.Дашням,
Иргэдийн төлөөлөгч Ч.Пагам,
Улсын яллагч М.Амарзаяа,
Шүүгдэгч Т.Ууганбаатар, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:0-938/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Тэгшбаярын Ууганбаатарт холбогдох 201726010089 дугаартай, 188/2017/0176/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11-65 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 34-59 тоотод оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хорих ял шийтгүүлж уг ял дээр, 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан 2 жил 1 сар 7 хоногийн ялын зарим болох 1 жил 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 жилээр тогтоосон, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 133 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 17 хоногийн хорих ялыг 2015 онд батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хасч сулласан, Боржигон овогт Тэгшбаярын Ууганбаатар /РД:ЧВ84092970/
Холбогдсон хэргийн талаар:
Т.Ууганбаатар нь урьд энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 334 дүгээр гудамжны 46б тоотод оршин суух А.Мөнхтуяагийн гэрт архидан согтуурсан үедээ иргэн З.Цогбаярын хацар хэсэгт хутгаар зүсч танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Ууганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хүнийг санаатай цохих гэсэн бодол байгаагүй. Тэр өдөр Мөнхтуяагийн гэрт Мөнхтуяа, Энхээ бид гурав 2 шил архи уусан. Манай гэрээс нүүрс алга болоод байдаг юм, 2 хөгшиний гэрээс нүүрс, ойр зуурын жижиг сажиг зүйл алга болдог, тэрийг Энхээ авч яваад зарсан гэж сонсогддог байсан. Тэр явдлаас болж Энхээтэй маргалдаж архи ууж байсан сэнж нь сэтэрсэн жижиг аяга аваад гэрийн зүүн талд сууж байгаад гэрийн баруун талд сууж байсан Энхээгийн нүүр лүү шидсэн юм шиг байна лээ. Миний шидсэн аяга Энхээгийн хацар хавьцаа оносон байх гэж бодож байна. Би тухайн үед согтуу байсан болохоор ухаан орж гараад болсон явдлын талаар сайн санахгүй байна. Тэр 2 хутганы нэг нь мах өшиглөдөг, нөгөө нь төмс ногоо арилгадаг хутга байсан юм. Мөнхтуяагийн дүү Бороо бид нарыг маргалдаад байхаар гаднаас орж ирээд та нар яагаад агсам согтуу тавиад маргалдаад байгаа юм гэж хэлээд ширээн дээр байсан 2 хутгыг аваад гарсан. Мөнхтуяатай танилын холбоотой, Цогбаярыг ер нь танина, сайн уу гээд өнгөрдөг хүмүүс. Ер нь Мөнхтуяагийн гэрээр орж гардаг, Мөнхтуяагийн гэрт байж байтал Шар гэж залуу хүүхдийн мөнгө буусан гээд архи авч ирсэн, тэгээд Мөнхтуяагийн гэрт уусан. Цогбаяртай өс хонзон болон өр авлага, эд хөрөнгө гэх мэт хувийн маргаантай асуудал байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-69 х/
Шүүгдэгч Т.Ууганбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би Мөнхтуяагийн гэрт антен янзлах гэж орсон. Гэрт нь байж байхад Цогбаяр, Шар, Сүхээ эхнэртэйгээ орж ирсэн. Тэгээд бид зургаа архи хувааж уусан. Удалгүй Сүхээ эхнэртэйгээ явсан. Тэгээд байж байхад гаднаас Цэрэннадмид гэх залуу орж ирсэн. Цэрэннадмид гэх залуутай Шар, Цогбаяр хоёр маргалдаж Мөнхтуяагийн гэрийн гадаа зодолдсон. Гэрт нэг шил архи үлдсэн байсан. Цогбаяр гэрт орж ирээд надаас архи нэхсэн би архи өгөөгүй маргаан эхэлсэн. Өмнө нь нүүрс алга болж байсан талаар Цогбаяр бид хоёр маргалдсан. Цогбаяр намайг түрүүлээд цохиод авсан. Би зөрүүлээд аяга шидсэн, аяга Цогбаярыг оноогүй. Тэгээд бид хоёр эвлэрээд хоол хийгээд сууж байхад гаднаас Явсрай орж ирсэн. Хоёр хутгыг Мөнхтуяа болон Явсрай нар хоол унд хийхдээ голдоо ашигладаг. Би хутгаар Цогбаярын хацрыг зүсээгүй. Удалгүй түргэн цагдаа ирсэн. Би цагдаад баригдаад явсан. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч З.Цогбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 22-ны өглөө гэртээ байж байгаад найз Шарын гэрт орж хоол идчихээд өдөр 3 цагийн үед гарч яваад Ууганбаатартай тааралдаад бид гурав дэлгүүр орж 2 шил “Шим” нэртэй архи аваад Мөнхтуяагийн гэрт очоод Шар, Ууганбаатар, Мөнхтуяа бид дөрөв авсан 2 шил архиа хувааж уусан. Орой 4-5 цагийн үед Шар хүүхдээ авна гээд гараад явсан гэрт Ууганбаатар, Мөнхтуяагийн хамт үлдэн бид гурав нөгөө архиа дуусгаад юм яриад сууж байсан Ууганбаатар миний ярисан зүйлд уурлаад ширээн дээр байсан шилэн аягыг аваад миний баруун хацар луу шидээд миний хацрыг зүссэн. Миний хацарнаас цус гараад байж байхад гаднаас Явсрай гэх залуу орж ирээд цагдаа дуудсан. Тухайн үед миний хацарнаас нилээн цус гараад шалан дээр цус болчихсон байсан. Ууганбаатар миний хацарнаас цус гаргаад уучлаарай гээд цус тогтоож өгөөд Мөнхтуяа хоол хийгээд Ууганбаатар мах хөшиглөөд байж байхад цагдаа орж ирсэн. Ууганбаатар, Мөнхтуяа нар найз нөхдийн харилцаатай, би Ууганбаатартай түрүү жилийн цагаан сарын үеэр танилцаж байсан. Бид хоёр энгийн сайхан харилцаатай байдаг, хамт нийлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан юм. Маргаан болох үед хутга барисан байсан яах гэж барисан талаар мэдэхгүй, хөргөгчний орчим байсан хоёр хутга аваад байж байхад Явсрай орж ирээд тухайн хоёр хутгыг авсан. Бид нар бүгд л нилээн согтуу байсан.
...Намайг Энхээ гэж хочилж дууддаг. Миний нэр уг нь Энхээ байсан юм байна лээ, ламд үзүүлээд Цогбаяр болгосон гэсэн. Яг миний санаж байгаагаар Ууганаа гал тогоо хэсгээс аяга аваад шидсэн тэгэхэд би сэрсэн. Тэгээд Ууганаа руу харахад гүйцээчихье гээд 2 гартаа хутга барисан зогсож байхад гаднаас Явсрай орж ирээд цагдаа дуудсан. Түргэн ирэхээр нь би Ууганаагийн дүүтэй түргэний машинд суугаад “Боргил” худалдааны төвийн үүдэнд буугаад буцаад явж байгаад цагдаа нартай таараад Мөнхтуяагийн гэрт очиход Ууганаа байсан. Цагдаа нар Ууганаа бид хоёрыг цагдаагийн хэсэг дээр авч очиход Ууганаа таны нүүрийг хутгаар зүссэнд уучлаарай гэж хэлж байсан. Би болсон зүйлийг сайн мэдэхгүй байгаа. Эмчилгээнд зарцуулсан мөнгөний баримт байхгүй, би анх 300,000 төгрөг нэхэмжилж байсан, түүнээс 150,000 төгрөгийг авсан, одоо үлдсэн мөнгийг нэхэмжлэхгүй, надад гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-33 х/
Гэрч С.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Ууганбаатар миний том хүү. Эцэг, эхээс тавуулаа, дээрээ 2 эгч, доороо эрэгтэй, эмэгтэй дүүтэй. Бүрэн бус дунд боловсролтой, нэг хүүхэдтэй, эхнэр нь хүүхдийг нь төрүүлээд 6 сар болоод салаад явчихсан, миний хүү 2003 онд хэрэгт холбогдоод 10 гаруй жил байж байгаад гараад сар ч бололгүй буцаад хэрэгт ороод хэдэн жил шоронд сууж байгаад 2015 оны 11 сард өршөөлийн хуулиар гарсан, тэр үеэс хойш их томоотой байгаа бөгөөд ямар нэгэн хэрэгт холбогдоогүй байсан юм. Ууганбаатарын ямар хэрэгт холбогдсон талаар мэдэж байгаа, би тухайн хохирогчтой уулзаад хохирол гомдлыг нь барагдуулчихсан байгаа. Миний хүү хүнд тусархуу, цайлган сэтгэлтэй, их итгэмтгий, муу зуршил гэвэл архи уудаг өөр зүйл байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 х/
Гэрч А.Мөнхтуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тухайн өдөр Ууганбаатар Энхээ буюу Цогбаяр, Шар бид дөрөв манай гэрт үдээс хойш бид нар нилээн хэдэн шил архи уучихаад байж байсан Шар бараг тасраад гараад явчихсан тэгээд Ууганбаатар, Цогбаяр бид гурав 1 шил архитай үлдээд ууж байсан Цогбаяр Ууганбаатар руу дайраад архи өг гээд нэг удаа толгой руу нь цохисон, Ууганбаатар уурлаад ширээн дээр байсан шилэн аягыг Цогбаяр луу шидсэн чинь Цогбаярын хацарнаас нь цус гарсан. Би цусыг нь цэвэрлээд байж байтал гаднаас манай дүү Явсрай орж ирээд цагдаад дуудлага өгсөн, тухайн үед Ууганбаатар хоёр хутга барисан байдалтай байсан ба Явсрай хутгыг нь Ууганбаатараас аваад цагдаа нарт өгсөн. Бид нар бүгд нилээн согтолттой бараг л тасарчихсан байсан, би арай гайгүй байсан.
…Ууганбаатар бид хоёр гайгүй дотно харилцаатай хүмүүс. Тухайн үед ямар нэгэн байдлаар бусадтай хардсаны улмаас Цогбаярыг цохиж зодсон асуудал байхгүй. Ууганбаатар өмнө нь надад Цогбаяр манай гэрээс нүүрс хулгай хийгээд байна гэж яридаг байсан, тэр өдөр архи уучихаад тэрэндээ уурлаад аяга аваад шидсэн байх. Тухайн хоёр хутга ширээн дээр байсан, бид нар хоол хийх гээд бэлдэж байсан.
...Энхээ, Ууганбаатар нарыг явсаны дараа гэрээ цэвэрлэхэд Энхээгийн сууж байсан газрын хажууд хагарсан аяга байсан, тэгэхээр нь аяга аваад чулуудсан юм байна гэж бодсон. Энхээгийн сууж байсан шалан дээр нилээн цус болчихсон, аяга тэнд цустай байсан болохоор аягаар зүссэн юм байна гэж бодсон. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36, 41, 45 х/
Гэрч Э.Явсрайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 14 цаг өнгөрөөд ээлжээс буугаад гэртээ ирээд унтаж байтал хажуугийн гэрт хүн дуугараад юм яриад шуугилдаад байхаар нь гэрээсээ гараад Мөнхтуяа эгчийн гэр лүү орох үед гадаа харанхуй болсон 19 цагийн орчим байсан санагдаж байна. Мөнхтуяа эгчийн гэрт ороход Ууганаа гэрийн зуухны зүүн хажууд үүдэн дээр 2 гартаа нэг нэгээр нь хутга барисан хойшоо гэрийн хоймор хэсэгт хараад зогсож байсан, урд хөлд нь Энхээ гэх залуу суучихсан нүүр нь хацар хэсгээсээ доошоо хүзүү рүүгээ цус урссан байдалтай, хар өнгийн куртикний энгэр задгай, энгэр хэсэгт нь цус болсон байсан. Мөнхтуяа эгч гэрийнхээ зүүн талын орон дээр бараг тасарчихсан байдалтай сууж байсан. Би Ууганаагийн гарнаас бариад авахад Ууганаа өөрөө гартаа байсан хутгаа надад өгсөн. Би хутгыг нь гэртээ авч ороод цагдаад дуудлага өгөөд буцаад Мөнхтуяа эгчийн гэрт ороход Ууганаа байхгүй зугтаачихсан байсан. Цагдаа ирэх хооронд би Ууганааг хайж гэрт нь очиход Ууганаагийн аав, дүү, хүү нар нь Ууганааг орж ирээгүй гэж хэлэхээр нь манай эгчийн гэрт хүн хутгалсан байна та нар очиж үз, би цагдаа дуудсан гээд Ууганаагийн дүү, хүүхэд хоёртой хамт Мөнхтуяа эгчийн гэрт очиход Ууганаа ирчихсэн байсан. Ууганаагийн дүү, хүү хоёрт нь би цагдаа дуудсан байгаа цагдаа иртэл Ууганааг байлгаж бай гэж хэлээд байж байтал манай эхнэр дуудаад би гэртээ орсон. Цагдаа ирэхээр би гэрээсээ гараад харахад Ууганаа байхгүй байсан, 2 хутгыг уутанд хийгээд цагдаад өгсөн. Би гэрт нь ороод та нар яаж байгаа юм бэ гэхэд хэн ч дуугараагүй, Энхээ согтуу байсан, Мөнхтуяа юу болоод байгааг мэдсэн шинж байгаагүй орон дээрээ тасарсан байдалтай толгойгоо доошоо унжуулчихсан сууж байсан. Гэрт хоол хийж байсан зүйл ерөөсөө байгаагүй, надад лав аяга харагдаагүй. Би тухайн үед сандарсан байсан болохоор цус болсныг хараагүй, цагдаад өгөхдөө би бариул дээрээс нь барисан шүү гэж хэлээд өгсөн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 х/
Гэрч Т.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хэрэг болсон өдөр юу болсоныг мэдээгүй, намайг аав Тэгшбаярын гэрт ах Ууганбаатарын хүү Энхсайханы хамт байж байхад гаднаас танихгүй залуу орж ирээд танай ах чинь хүн хутгалчихлаа гэж хэлэхээр нь манайх энд байдаг юм гээд намайг дагуулаад гэртээ очиход монгол гэртэй айл байсан, нэг танихгүй настай ахын хацрыг нь зүссэн гэрийнх нь шалаар цустай байсаныг дутуу арчсан байдалтай цус болчихсон байсан. Гал нь унтарчихсан хоол хийж байсан зүйл ажиглагдаагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 х/,
Шинжээчийн №1088 тоот дүгнэлт
1.Цогбаярын биед баруун хацарт шарх, баруун хөмсөгний гадна, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Номинцэцэг /хх-ийн 49 х/
Шинжээч Т.Номинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тархи доргилт гэх оношийг ГССҮТ-ийн эмч мэдрэлийн үзлэг болон оношлогоо хийлгүйгээр урьдчилсан байдлаар тавьсан байна. Би Цогбаярыг үзэхэд мэдрэлийн үзлэгээр тархи доргилтын шинж илрээгүй. ГССҮТ-ийн бичигт үзүүлэгчид урьдчилсан байдлаар магадлалын онош тавьдаг юм.
...Хохирогч Цогбаярын нүүрний хэсэгт гэмтэл нь нүүрийг засрашгүй эвдэж дүрсийг алдагдуулах хүнд гэмтэл биш юм. Ер нь нүүрний аль нэг хэсэгт эдийн дутагдал үүссэн, мөн тухайн хүнийг эргэж танихаа больтол өөрчлөгдөж өөрчлөлт орсон гэмтлийг нүүрний эдгэрэшгүй, засаршгүй, дүрсийг алдагдуулах гэмтэлд тооцдог. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 х/,
Хохирогч З.Цогбаярын гаргасан хүсэлт: “...Одоо гомдол барагдуулсан тул гомдолгүй, хохирлын мөнгө гэж 150,000 төгрөг авсан. ...” /хх-ийн 107 х/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл: “...эхний хутга буюу бор шаргал өнгийн иштэй 12 см урт бариултай 17 см ажлын хэсэгтэй 22 см урттай төмөр хутга байх бөгөөд уг хутганд үзлэг хийхэд гадны зүйлээр бохирлогдсон байдалтай байх ба хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй. ...дараагийн хутганд үзлэг хийхэд уг хутга хар иштэй бөгөөд 10 см урттай, ажлын хэсэг нь 12 см урттай байх ба гадны зүйлсээр бохирлогдсон байдалтай үзүүр хэсэг нь далийсан, хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй ба тухайн хутганд гар хурууны хээ байгаа эсэхийг мэргэжилтэн шалгахад ул мөр илрээгүй болно. ...” /хх-ийн 15 х/
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 28 х/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 х/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 х/
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 76-77 х/
Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 79-80 х/
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 82-84 х/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 199 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 85 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Т.Ууганбаатар /урьд энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд/ 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 334 дүгээр гудамжны 46б тоотод оршин суух А.Мөнхтуяагийн гэрт архидан согтуурсан үедээ ямарч шалтаг, шатлгаангүйгээр иргэн З.Цогбаярын хацар хэсэгт хутгаар зүсч хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч З.Цогбаярын 2017 оны 2 сарын 15-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Яг миний санаж байгаагаар Ууганаа гал тогоо хэсгээс аяга аваад шидсэн тэгэхэд би сэрсэн. Тэгээд Ууганаа руу харахад гүйцээчихье гээд 2 гартаа хутга барисан зогсож байхад гаднаас Явсрай орж ирээд цагдаа дуудсан. Түргэн ирэхээр нь би Ууганаагийн дүүтэй түргэний машинд суугаад “Боргил” худалдааны төвийн үүдэнд буугаад буцаад явж байгаад цагдаа нартай таараад Мөнхтуяагийн гэрт очиход Ууганаа байсан. Цагдаа нар Ууганаа бид хоёрыг цагдаагийн хэсэг дээр авч очиход Ууганаа таны нүүрийг хутгаар зүссэнд уучлаарай гэж хэлж байсан. Би болсон зүйлийг сайн мэдэхгүй байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-33 х/
Гэрч А.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Энхээ, Ууганбаатар нарыг явсаны дараа гэрээ цэвэрлэхэд Энхээгийн сууж байсан газрын хажууд хагарсан аяга байсан, тэгэхээр нь аяга аваад чулуудсан юм байна гэж бодсон. Энхээгийн сууж байсан шалан дээр нилээн цус болчихсон, аяга тэнд цустай байсан болохоор аягаар зүссэн юм байна гэж бодсон. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 х/
Гэрч Э.Явсрайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 14 цаг өнгөрөөд ээлжээс буугаад гэртээ ирээд унтаж байтал хажуугийн гэрт хүн дуугараад юм яриад шуугилдаад байхаар нь гэрээсээ гараад Мөнхтуяа эгчийн гэр лүү орох үед гадаа харанхуй болсон 19 цагийн орчим байсан санагдаж байна. Мөнхтуяа эгчийн гэрт ороход Ууганаа гэрийн зуухны зүүн хажууд үүдэн дээр 2 гартаа нэг нэгээр нь хутга барисан хойшоо гэрийн хоймор хэсэгт хараад зогсож байсан, урд хөлд нь Энхээ /хохирогч Цогбаяр/ гэх залуу суучихсан нүүр нь хацар хэсгээсээ доошоо хүзүү рүүгээ цус урссан байдалтай, хар өнгийн куртикний энгэр задгай, энгэр хэсэгт нь цус болсон байсан. Мөнхтуяа эгч гэрийнхээ зүүн талын орон дээр бараг тасарчихсан байдалтай сууж байсан. Би Ууганаагийн гарнаас бариад авахад Ууганаа өөрөө гартаа байсан хутгаа надад өгсөн. Би хутгыг нь гэртээ авч ороод цагдаад дуудлага өгөөд буцаад Мөнхтуяа эгчийн гэрт ороход Ууганаа байхгүй зугтаачихсан байсан. ... 2 хутгыг уутанд хийгээд цагдаад өгсөн. Би гэрт ороод та нар яаж байгаа юм бэ гэхэд хэн ч дуугараагүй, Энхээ /хохирогч Цогбаяр/ согтуу байсан, Мөнхтуяа юу болоод байгааг мэдсэн шинж байгаагүй орон дээрээ тасарсан байдалтай толгойгоо доошоо унжуулчихсан сууж байсан. Гэрт хоол хийж байсан зүйл ерөөсөө байгаагүй, надад лав аяга харагдаагүй. Би тухайн үед сандарсан байсан болохоор цус болсныг хараагүй, цагдаад өгөхдөө би бариул дээрээс нь барисан шүү гэж хэлээд өгсөн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 х/
Гэрч Т.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хэрэг болсон өдөр юу болсоныг мэдээгүй, намайг аав Тэгшбаярын гэрт ах Ууганбаатарын хүү Энхсайханы хамт байж байхад гаднаас танихгүй залуу орж ирээд танай ах чинь хүн хутгалчихлаа гэж хэлэхээр нь манайх энд байдаг юм гээд намайг дагуулаад гэртээ очиход монгол гэртэй айл байсан, нэг танихгүй настай ахын хацрыг нь зүссэн гэрийнх нь шалаар цустай байсныг дутуу арчсан байдалтай цус болчихсон байсан. Гал нь унтарчихсан хоол хийж байсан зүйл ажиглагдаагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 х/,
Шинжээчийн №1088 тоот дүгнэлт
1.Цогбаярын биед баруун хацарт шарх, баруун хөмсөгний гадна, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Номинцэцэг /хх-ийн 49 х/,
Хохирогч З.Цогбаярын хацарт үүссэн шархны зураг /хх-ийн 34 х/,
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 28 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч болон гэрч, хохирогч нарын хоорондоо болон мэдүүлэг өгөх тус бүрдээ өмнөхөөсөө зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан. Үүнд:
1.Шүүгдэгч Т.Ууганбаатарын мэдүүлэг:
1.1. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Тэр өдөр Мөнхтуяагийн гэрт Мөнхтуяа, Энхээ бид гурав 2 шил архи уусан. Манай гэрээс нүүрс алга болоод байдаг юм, 2 хөгшиний гэрээс нүүрс, ойр зуурын жижиг сажиг зүйл алга болдог, тэрийг Энхээ авч яваад зарсан гэж сонсогддог байсан. Тэр явдлаас болж Энхээтэй маргалдаж архи ууж байсан сэнж нь сэтэрсэн жижиг аяга аваад гэрийн зүүн талд сууж байгаад гэрийн баруун талд сууж байсан Энхээгийн нүүр лүү шидсэн юм шиг байна лээ. Миний шидсэн аяга Энхээгийн хацар хавьцаа оносон байх гэж бодож байна. Би тухайн үед согтуу байсан болохоор ухаан орж гараад болсон явдлын талаар сайн санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-69 х/,
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн “... хохирогч З.Цогбаяр өмнө нь манай нүүрсийг хулгайлдаг байснаас болж бид хоёр маргалдаж байтал намайг эхлээд цохихоор нь би түүнийг хэд хэдэн удаа өшиглөснөөс болж хацрыг нь язалсан, түүнээс биш хутгаар зүсээгүй, хутганууд бол хоёр айлын дундаа хэрэглэдэг хутганууд байсан. Бид нар хоол хийх гээд байж байсан ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2.Хохирогч З.Цогбаярын мэдүүлэг:
2.1. 2017 оны 2 сарын 08-ны өдрийн “... гэрт Ууганбаатар, Мөнхтуяагийн хамт үлдэн бид гурав нөгөө архиа дуусгаад юм яриад сууж байсан Ууганбаатар миний ярисан зүйлд уурлаад ширээн дээр байсан шилэн аягыг аваад миний баруун хацар луу шидээд миний хацрыг зүссэн. ... Ууганбаатар миний хацарнаас цус гаргаад уучлаарай гээд цус тогтоож өгөөд Мөнхтуяа хоол хийгээд Ууганбаатар мах хөшиглөөд байж байхад цагдаа орж ирсэн. ... Маргаан болох үед хутга барисан байсан яах гэж барисан талаар мэдэхгүй, хөргөгчний орчим байсан хоёр хутга аваад байж байхад Явсрай орж ирээд тухайн хоёр хутгыг авсан. ...” /хх-ийн 30-32 х/,
2.2. 2017 оны 2 сарын 15-ны өдрийн “... Яг миний санаж байгаагаар Ууганаа гал тогоо хэсгээс аяга аваад шидсэн тэгэхэд би сэрсэн. Тэгээд Ууганаа руу харахад гүйцээчихье гээд 2 гартаа хутга барисан зогсож байхад гаднаас Явсрай орж ирээд цагдаа дуудсан. ... Цагдаа нар Ууганаа бид хоёрыг цагдаагийн хэсэг дээр авч очиход Ууганаа таны нүүрийг хутгаар зүссэнд уучлаарай гэж хэлж байсан. Би болсон зүйлийг сайн мэдэхгүй байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 х/
3.Гэрч А.Мөнхтуяагийн мэдүүлэг:
3.1. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: “…Тухайн өдөр Ууганбаатар Энхээ буюу Цогбаяр, Шар бид дөрөв манай гэрт үдээс хойш бид нар нилээн хэдэн шил архи уучихаад байж байсан Шар бараг тасраад гараад явчихсан тэгээд Ууганбаатар, Цогбаяр бид гурав 1 шил архитай үлдээд ууж байсан Цогбаяр Ууганбаатар руу дайраад архи өг гээд нэг удаа толгой руу нь цохисон, Ууганбаатар уурлаад ширээн дээр байсан шилэн аягыг Цогбаяр луу шидсэн чинь Цогбаярын хацарнаас нь цус гарсан. Би цусыг нь цэвэрлээд байж байтал гаднаас манай дүү Явсрай орж ирээд цагдаад дуудлага өгсөн, тухайн үед Ууганбаатар хоёр хутга барисан байдалтай байсан ба Явсрай хутгыг нь Ууганбаатараас аваад цагдаа нарт өгсөн. Бид нар бүгд нилээн согтолттой бараг л тасарчихсан байсан, би арай гайгүй байсан ...” /хх-ийн 36/
3.2. 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “… Ууганбаатар өмнө нь надад Цогбаяр манай гэрээс нүүрс хулгай хийгээд байна гэж яридаг байсан, тэр өдөр архи уучихаад тэрэндээ уурлаад аяга аваад шидсэн байх. Тухайн хоёр хутга ширээн дээр байсан, бид нар хоол хийх гээд бэлдэж байсан... /хх-ийн 41/,
3.3. 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “...Энхээ, Ууганбаатар нарыг явсны дараа гэрээ цэвэрлэхэд Энхээ /Цогбаяр/-ийн сууж байсан газрын хажууд хагарсан аяга байсан, тэгэхээр нь аяга аваад чулуудсан юм байна гэж бодсон. Энхээгийн сууж байсан шалан дээр нилээн цус болчихсон, аяга тэнд цустай байсан болохоор аягаар зүссэн юм байна гэж бодсон. …” гэсэн /хх-ийн 45 х/ мэдүүлгүүд.
Хохирогч З.Цогбаяр, гэрч А.Мөнхтуяа нарын согтолтын зэргийг тухайн үед нь тогтоогоогүй, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан эсэхийг нарийн шалгалгүйгээр мэдүүлэг авсны улмаас мэдүүлэг бүртээ зөрүүтэй байдлаар мэдүүлсэн гэж дүгнэлт хийж болохоор байгаа.
Дээрх хүмүүс гэмт хэрэг үйлдэгдсэн тэр цаг хугацаанд нэлээд согтолттой байсан, гэрч А.Мөнхтуяа согтолтын байдалтай орон дээрээ хэвтэж байсан, шүүгдэгч болон гэрч А.Мөнхтуяа нарын мэдүүлээд байгаа “хоол хийж байсан”, мөн гэрч А.Мөнхтуяагийн “...Цогбаяр Ууганбаатар руу дайраад архи өг гээд нэг удаа толгой руу нь цохисон, Ууганбаатар уурлаад ширээн дээр байсан шилэн аягыг Цогбаяр луу шидсэн чинь Цогбаярын хацарнаас нь цус гарсан...” гэх мэдүүлгүүд худал болох нь: Гэрч Э.Явсрайн: “… 19 цагийн орчим байсан санагдаж байна. Мөнхтуяа эгчийн гэрт ороход Ууганаа гэрийн зуухны зүүн хажууд үүдэн дээр 2 гартаа нэг нэгээр нь хутга барисан хойшоо гэрийн хоймор хэсэгт хараад зогсож байсан, урд хөлд нь Энхээ /хохирогч Цогбаяр/ гэх залуу суучихсан нүүр нь хацар хэсгээсээ доошоо хүзүү рүүгээ цус урссан байдалтай, хар өнгийн куртикний энгэр задгай, энгэр хэсэгт нь цус болсон байсан. Мөнхтуяа эгч гэрийнхээ зүүн талын орон дээр бараг тасарчихсан байдалтай сууж байсан. ... Би гэрт нь ороод та нар яаж байгаа юм бэ гэхэд хэн ч дуугараагүй, Энхээ /хохирогч Цогбаяр/ согтуу байсан, Мөнхтуяа юу болоод байгааг мэдсэн шинж байгаагүй орон дээрээ тасарсан байдалтай толгойгоо доошоо унжуулчихсан сууж байсан. Гэрт хоол хийж байсан зүйл ерөөсөө байгаагүй, надад лав аяга харагдаагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 х/,
Гэрч Т.Ганбаатарын: “...Би хэрэг болсон өдөр юу болсоныг мэдээгүй, намайг аав Тэгшбаярын гэрт ах Ууганбаатарын хүү Энхсайханы хамт байж байхад гаднаас танихгүй залуу орж ирээд танай ах чинь хүн хутгалчихлаа гэж хэлээд манайх энд байдаг юм гээд намайг дагуулаад гэртээ очиход монгол гэртэй айл байсан, нэг танихгүй настай ахын хацрыг нь зүссэн гэрийнх нь шалаар цустай байсныг дутуу арчсан байдалтай цус болчихсон байсан. Гал нь унтарчихсан хоол хийж байсан зүйл ажиглагдаагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 х/ зэрээр нотлогдон тогтоогдож байгаа.
Мөн шүүгдэгч Т.Ууганбаатарын мэдүүлсэн “хохирогчийн нүүр орчимд нь өшиглөсний улмаас хохирогчийн хацарт шарх үүссэн байх” гэсэн нь хохирогчийн мэдүүлэг, хацарт учирсан шархны зураг, гэрч Э.Явсрайн мэдүүлэг, “... ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тус тус няцаагдаж байгаа.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин: Хохирогч З.Цогбаярын “би Ууганбаатарт согтуудаа эвгүй үг хэлснээс уур нь хүрсэн байх” гэсэн мэдүүлэг, гэрч А.Мөнхтуяагийн “Цогбаяр архи өг гэж дайраад улмаар толгойд нэг удаа цохисноос болсон” мөн гэрч хоёр дахь мэдүүлэгтээ “нүүрснээс болж маргалдсан” гэснээс үзэхэд хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн, хувийн сэдэлттэй гэж үзэх үндэслэл бүхий байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах боломжтой гэснийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Үүнд:
Өмгөөлөгч Б.Энхтүвшингийн хувийн сэдэлттэй байх боломжтой гэх байдлуудын талаар мэдүүлсэн хохирогч З.Цогбаярын 2017 оны 2 сарын 08-ны өдрийн /хх-ийн 30-32 х/, гэрч А.Мөнхтуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөрийн /хх-ийн 36/, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн /хх-ийн 41/ мэдүүлгүүдийн эх сурвалж тодорхойгүй, хэргийн бодит байдлаас зөрүүтэй байгаа тул хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Харин хохирогч З.Цогбаярын 2017 оны 2 сарын 15-ны өдрийн “... Яг миний санаж байгаагаар Ууганаа гал тогоо хэсгээс аяга аваад шидсэн тэгэхэд би сэрсэн. Тэгээд Ууганаа руу харахад гүйцээчихье гээд 2 гартаа хутга барисан зогсож байхад гаднаас Явсрай орж ирээд цагдаа дуудсан. ... Цагдаа нар Ууганаа бид хоёрыг цагдаагийн хэсэг дээр авч очиход Ууганаа таны нүүрийг хутгаар зүссэнд уучлаарай гэж хэлж байсан. Би болсон зүйлийг сайн мэдэхгүй байгаа. ...” гэсэн /хх-ийн 33 х/,
Гэрч А.Мөнхтуяагийн сүүлийн мэдүүлгийг буюу 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “...Энхээ, Ууганбаатар нарыг явсны дараа гэрээ цэвэрлэхэд Энхээ /Цогбаяр/-ийн сууж байсан газрын хажууд хагарсан аяга байсан, тэгэхээр нь аяга аваад чулуудсан юм байна гэж бодсон. Энхээгийн сууж байсан шалан дээр нилээн цус болчихсон байсан. …” гэсэн /хх-ийн 45 х/ мэдүүлгүүдийг хэргийн бодит байдалтай тохирч байна гэж үзсэн. Тухайлбал: аяга авч шидсэн талаар шүүгдэгч болон хохирогч нарын аль аль нь мэдүүлсэн, мөн хохирогчийн сууж байсан газар цус ихээр гоожсон талаарх мэдүүлэг нь гэрч Э.Явсрайн мэдүүлгээр давхар тогтоогддог тул дээрх мэдүүлгүүдийг хэрэгт ач холбогдол бүхий яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч У.Ганбаатар нь бусдын гэрт архидан согтуурсан үедээ З.Цогбаярыг илтэд үл хүндэтгэн өшиглөх, аягаар шидэх, нүүрэн тус газарт нь хутгаар зүсэх зэргээр хүч хэрэглэж өөрийн ичгүүр сонжуургүй догшин зан авир гаргаж түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн нь танхайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 х/
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 76-77 х/
Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 79-80 х/
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 82-84 х/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 199 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 85 х/ зэргээс дүгнэлт хийхэд: Т.Ууганбаатарын урьд ял шийтгүүлсэн 2004 оны хүн амины болон 2012 онд шийтгүүлсэн танхай, хүчингийн гэмт хэргийн аль алиных ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй байна. Иймд Т.Ууганбаатарыг урьд энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд, танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульд нийцсэн байна.
Шүүхээс Т.Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын мөнгө болох 150,000 төгрөгийг бүрэн хүлээн авсан болох нь хохирогч З.Цогбаярын гаргасан “...Одоо гомдол барагдуулсан тул гомдолгүй, хохирлын мөнгө гэж 150,000 төгрөг авсан. ...” гэх хүсэлт /хх-ийн 107 х/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Т.Ууганбаатарыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тус тус тооцсон болно.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон 65 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Т.Ууганбаяр нь хэрэгт холбогдох хүртлээ 13 настай хүүгийн хамт амьдарч байсан, хүү нь одоогийн байдлаар Т.Ууганбаярын эцэг, эх буюу өвөө, эмээ дээрээ байдаг гэх тул уг бага насны хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар харьяа дүүргийн засаг дарга шийдвэрлэх үүрэгтэй тул уг асуудлыг Сонгинохайрхан дүүргийн засаг даргад уламжлах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тус тус шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Т.Ууганбаатарыг 06 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Т.Ууганбаатарт оногдуулсан 06 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Т.Ууганбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Т.Ууганбаатарын 13 настай хүү У.Энхсайханы асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн засаг дарга-д уламжилсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар Т.Ууганбаатарын цагдан хоригдсон 65 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулсан тоолсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Ууганбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялын хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
ШҮҮГЧИД Г.АЛТАНЦЭЦЭГ
Г.ГАНБААТАР