Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1139

 

 

 

 

 

 

 

 

 

П.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00884 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.С-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 7339 дугаар шийдвэрээр П.С-ээс 263 218 699 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. П.С-э дээрх төлбөрөөс 180 218 699 төгрөгийг төлсөн бөгөөд одоо үлдэгдэл төлбөр 83 000 000 төгрөг байгаа болно. Ажиллагааны явцад НШШГГ- П.С-ийн өмчлөлийн Голомт банкны зээлийн барьцаанд тавьсан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Ногоон төгөл орон сууцны цогцолборт орших Г-2 дугаар байрны 29 тоот хаягтай 160 м.кв талбайтай, 6 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 202 052 000 төгрөгөөр үнэлсэнтэй 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэний дагуу танилцлаа. Үнэлгээтэй танилцахад дээрх үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэсэн заалтыг зөрчсөн байна. Учир нь Ү-2205018257 дугаарт бүртгэлтэй 160 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 400 000 000 төгрөгийн зах зээлийн дундаж үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг хэт багаар буюу 202 052 000 төгрөгөөр үнэлж, П.С-ийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохирол учруулсан үнэлгээ гаргасан байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсноор 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018257 дугаарт бүртгэлтэй 160 м.кв талбайтай 6 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.С-ийн нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 7339 дүгээр шийдвэрээр П.С-ээс 263 217 225 төгрөгийг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгох, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Ногоон төгөл орон сууцны цогцолборт орших Г-2 дугаар байрны 29 тоотод байрлах 160 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018257 дугаарт бүртгэлтэй 6 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хороолол усны гудамж 12/1 байрны 30 тоот хаягт байрлах 88.55 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016990 дугаар бүртгэлтэй 3 өрөө орон сууц зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалган шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч П.С-эд 2017 оны 02 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж. 2019 оны 12 дугаар сарын 28- ны өдөр хураах тогтоолоор хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч П.С-э 640 000 000 төгрөгөөр үнэлж, “Голомт банк” ХХК нь тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй мэргэжлийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 202 052 000 төгрөгөөр тогтоож, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2522, 4/2523 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Төлбөр төлөгч П.С-э шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өмнө нь тухайн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах асуудлаар нэхэмжлэл гаргаад Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02535 дугаар шийдвэрээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч П.С-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 сарын 14-ний өдрийн 181/ШЗ2020/02477 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь шүүх нь хариуцагч шийдвэр гүйцэтгэх газар нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөрчсөн талаарх үндэслэл бүхий нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шүүх нь нэхэмжлэгч үнийн саналыг 640 000 000 төгрөгөөр өгсөн байтал үнэлгээ хийсэн шинжээч нь 202 052 000 төгрөгөөр буюу зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэнийг шүүх зөвтгөсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шинжээч нь Шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчиж үнэлгээ хийсэн байдаг. Шүүх нь эдгээр нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй зөвхөн хариуцагчийн тайлбарт хөтлөгдөж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх нь нэхэмжлэгч талыг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ хийсэн гэх тайлбараа нотлох үүргээ гүйцэтгээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд уг нотлох баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гарган өгөх боломжгүйн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар өөрийн санаачилгаар цуглуулах боломжтой байхад нэхэмжлэгчийг буруутгаж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч П.С- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 7339 дүгээр шийдвэрээр П.С-ээс 263 217 225.58 төгрөгийг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Ногоон төгөл орон сууцны цогцолборт орших Г-2 дугаартай байрны 29 тоотод байрлах 160 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205018257 дугаарт бүртгэгдсэн 6 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, усны гудамж 12/1 байрны 30 тоот хаягт байрлах 88.55 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203016990 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууц зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 49-53 дугаар тал/ Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

            Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч байгууллагаас 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн, төлбөр төлөгчийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Ногоон төгөл орон сууцны цогцолборт орших Г-2 дугаартай байрны 29 тоотод байрлах 160 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205018257 дугаарт бүртгэгдсэн 6 өрөө орон сууцыг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17280238/157 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 47-48, 54, 58-59, 62, 63 дугаар тал/

 

            Хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн санал авахад төлбөр төлөгч 640 000 000 төгрөг гэснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй байх тул хариуцагч байгууллагаас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 73 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор “Виннэр вэй” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцсэн гэж шүүх дүгнэсэн нь зөв. Тодруулбал, шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

            Шинжээч “Виннэр вэй” ХХК нь  тухайн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 202 052 000 төгрөг гэж тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ./хэргийн 74-95 дугаар тал/

           

            Шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2522 дугаартай мэдэгдлээр үнэлгээний талаар төлбөр төлөгч П.С-эд мэдэгдснийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, тэмдэглэл үйлдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 101-103, 108-109 дүгээр тал/

 

            Улмаар нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд хуулийн хугацаанд гаргасан боловч “Виннэр вэй” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг 202 052 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, үндэслэлгүй үнэлгээ хийсэн, үнэлгээний журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. /хэргийн 74-95 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Иймд нэхэмжлэгч П.С-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00884 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ   

 

                                                     ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

                       

                                                                                                       С.ЭНХТӨР