Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 307

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

хохирогч М.Бадамсүрэн, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг /ҮД:0-139/

гэрч Д.Цогбадрах, П.Тэгшбуян,

шүүгдэгч Л.Батсүх, түүний өмгөөлөгч Ц.Туяа /ҮД:0-154/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лам овогт Лхамжавын Батсүх-д холбогдох 201626011547 дугаартай, 188/2017/0115/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Могол ноос” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 510-63 тоотод оршин суух,

2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 321 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Лам овогт Лхамжавын Батсүх /РД:ОЭ83022310/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч Л.Батсүхийг архидан согтуурсан байхдаа 2016 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнийн 01-02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Хөтөлийн 2-16 тоот хашаанд байрлах М.Бадамсүрэнгийн монгол гэрийн хаалга, унийг санаатайгаар гэмтээж 120,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн:

 

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсан найруулга нь 2017 оны 7 дугаар сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн.

Л.Батсүхийн бусдын эд хөрөнгө санаатай гэмтээсэн гэмт хэрэг нь 2002, 2015 онуудын эрүүгийн хуульд хэрхэн хуульчлагдсан болон оногдуулах ял, шийтгэлийн талаар харьцуулж үзэхэд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан ялаас хөнгөн байгаа тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу уг хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өөрчлөх үндэслэлтэй.

Л.Батсүхийн үйлдсэн бусдын эд хөрөнгө санаатай гэмтээсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнд хохирлын хэмжээ шинээр заагдсан, Л.Батсүхийн бусдын эд хөрөнгө санаатай гэмтээсэн үйлдлийн хохирлын хэмжээ уг хуульд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа тул улсын яллагчаас уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хоёр: Шүүгдэгч Л.Батсүх нь архидан согтуурсан байхдаа 2016 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнийн 01-02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Хөтөлийн 2-16 тоот хашаанд байрлах монгол гэртээ унтаж байсан М.Бадамсүрэнгийн гэрийг өөр айлтай андууран хаалга үүдийг нь нүдэж элдвээр доромжилж улмаар гэрийн эзэн М.Бадамсүрэнг гэрээс гарч ирэх үед нь түлхэж унагаан бие махбодид нь бүсэлхийн 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан яллах талын дараах нотлох баримтуудаар. Үүнд:

 

- Хохирогч М.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 06 дугаар сарын 03-ны шөнийн 00 цагийн үед охин П.Тэгшбуянгийн хамт гэртээ унтаж байхад Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Хөтөлийн 2-16 тоот байрлах манай гэрийн хаалгыг гадна талаас тогшиж эхэлсэн. Би “хэн бэ” гэсэн чинь нэг эрэгтэй хүн “би сонгуулийн ажлаар явж байна” гэсэн. Би босоод цагаа харсан 01 цаг 40 минут болж байсан тэгээд би хүү минь шөнө болсон байна, чи маргааш ир гэсэн чинь хаалга цохиод өшиглөөд эхэлсэн. Манай гэрийн 4 ширхэг унь дотогшоо унаж, 2 унь хугарсан. Намайг гэрийн гаднаас гичий янхан минь хаалгаа онгойлго, чамайг ална шүү чи цагдаа дуудаад үзээрэй гээд хэлээд байсан тэгэхээр нь би юм дуугараагүй. Хэсэг зуур орилж хашгираад байсан залуу чимээгүй болчихсон. Тэгээд би гэрлээ унтраагаад хаалгаа онгойлгоод гэрээсээ гараад хүн харах санаатай зогсож байтал миний урдаас нэг залуу гарч ирээд миний цамцны энгэрээс намайг заамдаж аваад хойшоо түлхэж унагаасан. Намайг газар хэвтэж байхад манай охин Тэгшбуян ирээд ээжээ би эмч дуудах уу гэхээр нь чи амиа бод гэж хэлсэн чинь манай охин Тэгшбуян урд талын хөрш айл руугаа орсон. Тэгээд би хашааны хаалгаар гарах гээд явж байхдаа 2 залуу гараад явж байхыг өөрөө газар хэвтэж байхдаа харсан. Манай хашааны хаалга онгорхой байсан учир би хэвтэж байхдаа харахад тэр хоёр залуу цагаан өнгийн автомашинд сууж байсан. Манай охин буцаж ирэхээр нь ээжийнх нь нуруу эвгүй болчихлоо босоход их эвгүй байна гэж хэлсэн чинь манай охин эмч дуудсан, би босч яваад урд талын хөрш айлынхаа гэрт ороод цагдаа дуудмаар байна гэхэд урд айлын хөрш надаас түрүүлээд цагдаа дуудчихсан гэж хэлж байсан. …Манай гэрт дуудлагаар ирсэн байсан нэг цагдаагийн албан хаагч нь танай хашаанд явж байсан 2 залууг би бариад авчихлаа нөгөө агсам тавиад байсан залуу чинь мөн үү бид нар аваад явлаа гээд цагдаагийн автомашиндаа нөгөө 2 залууг суулгачихсан байсан. Би охиныхоо хамт цагдаа дагуулаад гэртээ ороход манай гэрийн эд зүйл эмх цэгцгүй, зуухны төмөр тагийг дээш харуулсан, 4 ширхэг унь дотогшоо унаад 2 унь хугарч гэмтсэн, гэрийн зүүн хананы шалан дээр миний цагаан өнгийн скайтелийн мэдрэгчтэй гар утасны дэлгэц нь цуурсан байсан. Би тэр оройдоо гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч нар тэр дороо эмнэлэгт хэвт гэсэн. …Яагаад танихгүй айлд ингэж танхайрсан талаар би мэдэхгүй байна. Дээрх үл таних 2 залуутай ямар нэгэн хувийн өс хонзон байхгүй. …Эмнэлгээс охины хамт гараад гэртээ ирээд зурагтаа асаах гэтэл  Sharp маркийн 40 инчийн зурагт маань асаагүй тэгээд манай охин оролдоод асаах гэж үзтэл жирэлзээд гараагүй. Би зурагтаа 1,000,000 төгрөгөөр үнэлж байна. …Одоо би нуруу, хөл, мэдрэлийн томографийн зураг авахуулмаар байна. Нийт 700,000 төгрөг болж байна. Өөр эмчилгээний зардал байгаа хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. Миний мэдрэлийн судас дарагдсан одоо таягтай байгаа, цаашдаа насаараа суумгай байдалтай болж магадгүй. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 18-19,  91-93 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

- Гэрч П.Тэгшбуянгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 01 цаг 40 минутын орчим манай гэрийн хаалгыг нэг залуу балбаж өшиглөөд, манай гэрийн унь унахаар нь би сэрсэн. Гаднаас нэг эрэгтэй хүн та нарыг ална гичий янхан, цагдаа дуудах юм бол чамайг хаа явсан газраас олж ална шүү гэж орилоод хаалга цохиод байсан. Тэгээд хэсэг дуугүй болсон. Ээж юун хүмүүс юм бэ, гэртээ байж алуулж байхаар гадаа гаръя гээд надаас түрүүлээд гэрийнхээ хаалгаар гарсан чинь ээж намайг аллаа шүү дээ гээд орилоод эхлэхээр нь би ээжийнхээ араас гарсан чинь гэрийнхээ үүдэнд газар уначихсан ёолоод хэвтэж байсан. Би гэрээ баруун талаар нь тойроод хашааны хаалгаар гарах гээд хойшоо эргэхэд хашааны хаалганы үүдэн дээр саарал өнгийн суудлын автомашин зогсож байсан, тэгээд 2 залуу манай хашааны хаалга руу чиглээд алхаад явж байхаар нь би айгаад буцаад ээж рүүгээ очиход намайг манай ээж чи урд талын айл руу ороод өөрийнхөө амийг бод, цагдаа дуудаж мэдэгд гэсэн. Би өөрийнхөө хашааны урд талын айл руу ордог нүхээр ороод урд айлын хаалгыг тогшиход айлын эзэн гэх нэг ах хаалгаа тайлсан, тэгээд би танихгүй 2 хүн ирээд манай хаалгыг эвдээд, ээжийг түлхээд унагачихлаа, тэр 2 хүн алах гээд байна, согтуу байна гэж хэлчихээд буцаад ээжийгээ авах гэтэл миний өөдөөс ирж байсан. Би ээжийг урд талын айл руу дагуулаад орсон, уг айлаас чимээ сонсоход хөөе гичий минь чи гараад ир чамайг ална шүү гэж орилж байгаа нь сонсогдож байсан. Гэрийн эзэн гэх ах ээж бид хоёрыг хашааныхаа хаалгаар гаргаж өгсөн. Би ээжтэй жижиг хар машинд гар өргөж суугаад сая манай гэрт 2 согтуу хүн орж ирээд айлгаад, царай зүсийг нь харж амжаагүй, цуг яваад ямар автомашинтай хүн байгааг нь хараад өгөөч гээд явж байтал урд цагдаагийн автомашин байхаар нь шууд очоод тэнд байсан цагдаад танихгүй 2 хүн манай гэрлүү дайраад хаалга эвдчихлээ согтуу байна гэж хэлээд тэр цагдаатай хамт гэрлүүгээ очиход манай гудамжны хашааны үүдэнд цагдаагийн машин ирчихсэн байсан. Ээжтэйгээ цагдаагийн машинаас буугаад хашааныхаа хаалгаар ороод хартал манай хашаанд нэг цагдаа явж байхаар нь болсон зүйлээ хэлсэн чинь тэр цагдаа автомашинд 2 залуу суулгачихсан байгаа тэр хүмүүс танай хашаанд явж байхаар нь машиндаа суулгасан гэж хэлсэн. Уг цагдааг ээж бид хоёр гэрлүүгээ дагуулаад орсон чинь манай гэрийн эд зүйл тарсан байдалтай, зуухны таг дээшээ эргэсэн, унинууд хэд хэд нь унасан, гадна талын бүслүүрээс тогтоодог 2 унь голоороо хугарсан байсан. Тэр өдрөө би ээжийг дагуулаад гэмтэл рүү явсан. Манай 5 ханатай монгол гэрийн модон хаалга гол хэсгээрээ цөмөрч эвдэрсэн, эмнэлгээс гараад гэртээ ирээд зурагтаа асааж үзэх гэтэл асахгүй дүрс нь жирэлзээд дэлгэц нь дээд хэсгээрээ харлаад дуу нь гарахгүй эвдэрсэн байсан. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21, 94-95 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/                    

 

- Гэрч Г.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 06 дугаар сарын 03-ны орой 00 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг манай ар талын айлын охин нь цохиод амь авар гэхээр нь би босоод хаалгаа онгойлгоод гэртээ оруулсан. Хойд айлын охин хүмүүс ирчихсэн аллаа гэж хэлж байсан. Удалгүй манай арын айлын эмэгтэй манай гэрт унтлагынхаа хувцастай орж ирээд хүмүүс ирээд аллаа гэж хэлээд байсан. Уг эмэгтэйг сандал дээр суу гэсэн чинь сууж чадахгүй байна миний бөгсөн бие мэдээгүй болчихлоо гээд сандал дээр сууж чадахгүй байсан. Тэгээд би урагшаа гаргаж өгсөн. Намайг гэртээ унтаж байхад хойд талын айлд алнаа, алнаа гээд эрэгтэй хүн орилоод хаалга балбаад байгаа дуу чимээ надад сонсогдож байсан. Маргааш өглөө би юу болсон юм бол гээд хойд талын хашаа руу нь ороод харахад монгол гэрийн хаалганы гол самбар нь салсан байдалтай эвдэрсэн байсан. Мөн босоо байсан 2 унь, дотор талын хэд хэдэн унь хугарсан байдалтай харагдаж байсан. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96-97 х/

 

- Гэрч М.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тухайн өдөр Ачит-118 дугаар чиглэлд цагдаагийн дэслэгч Цэнгүүний хамт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 00 цаг өнгөрч байхад ачит-10-аас согтуу хүмүүс ирээд агсраад байна гэх дуудлагын дагуу хөтөлийн 2-16 тоот хаяг дээр очиход уг хашаанаас 2 залуу хаалгаар гарч явсан. Тэр 2 залууг автомашиндаа суулган шалгахад Цэнгүүн дотогш орж айлын эзэдтэй уулзсан. Тэр айлын эмэгтэй гэх хүүхэн хэлэхдээ манай эмээг согтуу залуу орж ирээд зодоод гэрийн эд зүйл хагалж эвдсэн гэж хэлсэн. Би саатуулагдсан хүнээс яагаад ингэж байгаа юм бэ гэхэд манай эгчийн нөхөр нь энэ айлын хүүхэнтэй явалдаад байгаа юм, манай эгч хэлгүй, 2 хүүхэдтэй, хүүхдээ хаяад энэ хүүхэнтэй явалдаад байгаа учраас би агсам тавьсан юм гэж хэлсэн. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 98 х/,

 

- Гэрч Ш.Баярнэмэхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 6 билүү 7 сарын үед таарахад таяг тулчихсан явж байхаар нь зуны цагт яагаад таяг тулчихаа вэ гэхэд “нэг согтуу залуу айл андуураад намайг түлхэж унагаагаад түүнээс болоод хөлөө гэмтээчихсэн ...” гэж хэлж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 100 х/

 

- Гэрч Ш.Янжмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2016 оны 7 сарын үед шиг санаж байна.Бадамсүрэнг таяг тулчихсан явж байхаар нь яагаа вэ гэж асуухад “ хүнд зодуулаад, манай гэрт хүн орж ирээд зодоод нуруу гэмтчихлээ эмнэлгээр л яваад байна” гэж байсан /1 дүгээр хавтаст хэргийн 136 х/

 

- Гэрч Г.Цэнгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 06 дугаар  сарын 03-04-нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд тус хаяганд согтуу хүмүүс хаалга нүдээд эвдэх гээд байна гэсэн дуудлагыг хүлээж аваад очихоор замдаа явж байхад нөгөө хүмүүс нь ороод ирлээ гэж хэлтсийн жижүүрээс мэдээлсэн. Дуудлага өгсөн хаяг болон Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Хөтөл 2-16 тоот хашааны гадаа очиход уг хашаан дотроос хоёр залуу гарч ирсэн. Амрыг эрэе гэж мэндлээд агсам согтуу тавиад байгаа юм уу гэж асуухад тэдгээр залуучууд “бужигнууллаа” гэж хэлж байсан. Би тэр хоёр залууг эргүүлийн машинд суулгаж жолооч цагдаа Мөнхбаатартай үлдээгээд ганцаараа хашаанд ороод монгол гэр лүү ороход гэрийн хаалга цоожгүй байсан. Гэрт ороход хүн байхгүй, харанхуй байсан учраас гар чийдэн тусгаж харахад 2 орон дээр хүн унтаж байсан байдалтай хөнжлөө сөхөөд орхисон байсан. Зүүн гар талын гэрийн унинууд унасан, гэрийн үүд орчимд цагаан өнгийн гар утас газар хэвтэж байсан. Би гараад байшинд хүн байна уу гээд хаалгыг нь тогшиход эмэгтэй хүн гарч ирэхээр нь юу болсон талаар асуухад танихгүй 2 залуу хашаанд орж ирээд цонх руу чулуу шидээд хагалчих шиг болсон. Би гэртээ хаалгаа түгжээд байж байсан гэж хэлсэн. Би тэр эмэгтэйг дагуулаад байшинг тойрч цонхнуудыг нь үзэхэд хагарсан юм байгаагүй, тэр эмэгтэйтэй монгол гэрт ороход гэр дотор, гэрийн эргэн тойронд хүн байгаагүй. Тэр эмэгтэй саяхан гэрийн эзэд нь байсан ямар сонин юм бэ гэж байсан. Хашаанаас тэр эмэгтэйтэй хамт гартал монгол гэрт амьдардаг хүмүүс гэж настай эмэгтэй, нэг залуу эмэгтэйтэй хамт орж ирж байсан. Тэр настай болон залуу эмэгтэй хоёроос машинд сууж байгаа хоёр залууг таних уу гэхэд харчихаад танихгүй хүмүүс байна гэж хэлж байсан. Агсам тавьсан хоёр залуугаас асуухад хэлгүй эгчийнх нь нөхөр хаяад явчихсан, саяхан ирж нийлж жирэмсэн болгочихоод ахиад хаяад явсан. Эгчийнх нь салсан нөхөртэй явалдаад байгаа тэр эмэгтэй нь тэр хаяганд байдаг, урьд өмнө нь 2 ч удаа ирж байсан болохоор би сая агсам тавих гэж ирсэн юм гэж тайлбарлаж байсан. …Настай эмэгтэй ёолоод яваад байсан, тэр хоёр эмэгтэйг гаднаас нь харахад зодуулж цохиулсан шинж байгаагүй. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132-133 х/

 

- Гэрч Д.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Бадамсүрэн гэж иргэнийг эмчилсэн эмч нь байна. Бадамсүрэн нь бүсэлхийн 2 дугаар нугалмын шахагдсан хугаралтай тархины даралттай гэсэн оноштой манай тасагт эмчилгээ хийлгэж байгаад гарсан. Нуруу толгой өвдөх зовиуртай байсан, ил харагдах шарх сорвигүй, тэмтрэх үед бүсэлхий нуруугаар өвчин эмзэглэлтэй байсан. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 134 х/

 

- Гэрч Э.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 06 дугаар сарын 04-ний /маргааш/ өдөр намайг ГССҮТ-ийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт ажиллаж байхад орой 22 цаг 50 минутад Бадамсүрэн гэж өвчтөн ирсэн. Уг өвчтний бүсэлхий нурууны L-2 нугас нь шахагдаж хугарсан, хугарлын улмаас нугасны суваг руу 2 мм орчим цөмөрсөн хугаралтай гэсэн КТГ-н хариуг үндэслэн Бадамсүрэнг хүзүү нурууны нугасны гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Уг өвчтөн нь толгой өвдөх, дотор муухайрах нуруугаар өвдөх зовиуртай байсан. Уг өвчтөнд нурууны гэмтлээс өөр гэмтэл байгаагүй. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 135 х/

 

- Шинжээч эмч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлт гаргахаар гэмтлийн эмнэлэгт очсон. Бадамсүрэн эмнэлгээс гарсан байсан тул ГССҮТ-д байсан өвчний түүхээр дүгнэлт гаргасан. Түүний бүсэлхий 2 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал тархи доргилт оноштой байсан. Уг оношийг үндэслэн бүсэлхий 2 дугаар нугаламын их биеийн хугарал нь хүндэвтэр гэмтэлд хамаардаг учир энэ дүгнэлтийг гаргасан. …Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байсан, хуучин гэмтэлтэй байсан бол ГССҮТ-д хэвтэхгүй байсан. Энэ гэмтэл нь тухайн хэсэгт ямар нэг зүйлд цохигдсон тохиолдолд үүсэх боломжтой. Дан бөгсөөрөө унаад гэмтсэн хэсгээр цохиогүй бол хугарахгүй. …Нуруунд учирсан гэмтэл нь бөгсөөрөө унах үед үүсэхгүй. Харин нурууны гэмтсэн хэсгээр ямар нэгэн хатуу мохоо зүйлд цохигдох үед үүснэ. Хохирогч нуруугаараа газарт унасан ч гэмтсэн хэсгээр заавал ямар нэгэн зүйлд цохигдсон тохиолдолд гэмтэнэ. Уг гэмтлийг авсан даруйд нуруугаар өвдөх зовиур илэрнэ. Хохирогч нь бөгсөөрөө газарт унах үед тархи доргилт гэмтэл учирч болно. Тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29, 161 х/

 

- Шинжээчийн ¹8064 тоот дүгнэлт

1.Бадамсүрэнгийн биед бүсэлхийн 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх бүсэлхийн 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шинжээч эмч Б.Ундармаа /1 дүгээр хавтаст хэргийн 30 х/

 

Өвчний түүхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 34-39 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Гурав. Цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Л.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүүхдээ салхилуулж байгаад найз Цогоотой таараад уулзаагүй удсан юм чинь гээд дэлгүүрээс 0.5 гр сархад архи аваад ууж сууж байгаад Цогоогийн гэрт очоод үргэлжлүүлж уусан. Цогоо манай эгчийг юу болж байна гэхээр нь би нөхөр Батсайхан нь хаяад явсан байна лээ, Батсайхан нь хөтөлд нэг хүүхний гэрт байгаа юм байна лээ гэхэд Цогоо би хөтөлийн ойр орчмоор сайн мэднэ гэхээр нь … би хоёулаа хамт явъя зам заагаад өгөөч гэж хэлээд Цогоогийн гэрт хоол идээд шөнө 01 цагийн үед Баянхошууны хөтөлийн тийшээ хамт явсан. Такси бариад хөтөлийн автобусны буудал дээр буугаад 2 билүү 3 тоот хашаа гэж бодоод хөтөлийн 2 дугаар гудамжны тоотыг нь сайн хараагүй, гадаа нь очоод харахад байшингийн хажуу талд монгол гэртэй айл …багана нь зөрсөн, монгол гэр нь жаахан навсайсан байдалтай харагдахаар нь би мөн гэж бодоод хашааны гадна нь очоод хаалгыг нь цохиж эхэлсэн. Ямар ч чимээ байхгүй байхаар нь гаднаас нь хөөе наад хэлгүй залуугаа дагуулаад гараад ир балай авгай минь гэж орилсон. Тэгээд би хашааг нь давж орсон, миний араас Цогоо орсон. Би монгол гэрийн үүдэн дээр нь очоод хөөе хүн байна уу гараад ир уулзая гэсэн чинь хүн байхгүй, гэрэл нь асахгүй байсан. Би монгол гэрийн хаалга руу нэг удаа өшиглөсөн, гэрийн хаалганы баруун зүүн талд байсан босоо унийг нь барьж байгаад сэгсчээд би орилж хашгирсан. …Манай найз Цогоо намайг татаж одоо боль одоо чи тайвшир гэхээр нь би …чи муу бузарын авгай гэж орилсон. Цогоо за за одоо хоёлуу явъя гэж хэлээд хашааны хаалга руу алхаад гарч байсан чинь хашааны гаднаас 2 цагдаа орж ирээд юу болж байна гэхээр нь би энэ муу балай авгай байна гэсэн чинь нэг цагдаа нь автомашиндаа суулгаад нөгөө цагдаа нь цаашаа монгол гэр лүү очоод энд чинь хүн байхгүй байна, та хоёр чинь эзэнгүй айл бужигнуулсан юм бишүү гэж хэлээд буцаад  автомашин руугаа ирээд зогсож байхад 2 эмэгтэй хүн хажуугаар зөрөөд өнгөрсөн. Цагдаа та хоёрыг аваад явна гэхээр нь би бид хоёр ямар хүн цохиж зодсон биш ингээд явчихъя гэсэн чинь хэлтэс рүү очиж байгаад шийднэ, та хоёр айлын эд зүйл эвдсэн юм биш үү, эзэд нь гомдолтой гэх юм бол та хоёрыг шалгана гээд бид хоёрыг саатуулсан. …Маргааш өдөр 13 цагийн үед Цогоо чи Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ир, энд бөөн юм болж байна гэхээр нь очиход цагдаа надаас мэдүүлэг авсан. Цэндээхүү байцаагч дээр шалгагдаж байхдаа надад гомдол гаргасан хүнийг манай эгчийн нөхрийг орогнуулж байсан айл биш байна гэж мэдсэн. Би их гайхаад би айл андуурсан байна гэж хэлсэн. Надад байцаагч хэлэхдээ чи хүн түлхэж унагаасан байна тэр хүн чинь гэмтлийн эмнэлэг дээр байгаа настай хүн байна лээ, очиж уулз гэж хэлсэн. Би айл андуурсан байна, та намайг уучлаарай гэхэд тэр эмэгтэй чи намайг түлхэж унагаагаад, ална гэж орилоод байсан биз дээ, чи намайг гэмтээсэн гэж хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа ирээд бэлэн 500,000 төгрөг өгсөн, өөрөө надаас тоолоод авсан. Хоёр хоногийн дараа зурагт эвдэрсэн байна гэж байцаагчид хэлүүлсэн байсан. Би Номин дэлгүүрээс 39 инчийн Монел маркийн шинэ зурагт авч өгсөн. Тэр өдрөө та хаалгаа засуулаарай гэж 90,000 төгрөг, таван ханатай гэрийн хаалга авч өг гэж хэлээд байхаар нь би 30,000 төгрөг нэмж өгсөн. …Бадамаа гэх эмэгтэй би сэтгэшгүй эмнэлэгт хэвтэнэ гээд эмнэлгийн зардалд 550,000 нэхээд байхаар нь өгсөн. Дараа нь би наадмаар хоосон байх юм уу гээд байхаар нь би 100,000 төгрөг та хонь аваарай гэж өгсөн. 2016 оны 08 дугаар сарын 10-ны үед сувилалд хэвтмээр байна гэхээр нь 500,000 төгрөг бэлэн өгсөн. Намайг дахиж иймээ тиймээ асуудалд битгий орооцолдоорой гэж хэлээд үнсээд гаргасан. Удаагүй эгч нь бодоод байсан чинь чамаас арай бага мөнгө авчээ, чи надад 5,000,000 төгрөг өгчих тэгвэл эгч нь чамаас шууд саллаа гэсэн. Би та юу яриад байгаа юм бэ, хамаг байдаг зүйлээ ломбардад тавиад танд 500,000 төгрөг өглөө гэхэд за тэгвэл 4,000,000 өгчих гээд байхаар нь утсаа салгачихсан. …Би тэр Бадмаа гэх эмэгтэйтэй хашаанд нь таарч түлхэж унагасан ямар ч зүйл болоогүй. Харин хашаанд нь байхдаа орилж хашгиран Бадамсүрэнгийн монгол гэрийн хаалга болон унь зэргийг нь эвдсэн нь үнэн би хүлээн зөвшөөрч байна. …Би монгол гэр үү ороогүй. Би өөрөө энэ хүнээс хурдан салах гээд, Бадмаа гэх эмэгтэй чи миний монгол гэрийн хаалга, унь, зурагт зэргийг засаад шинээр аваад, намайг эмнэлэгт хэвтүүлж, сувилалд явуулаад байх юм бол би гомдол санал байхгүй гэж цагдаад хэлээд өгнө гээд байхаар нь би итгээд мөнгө өгөөд байсан юм. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 111-113 х, шүүх хуралдаан тэмдэглэл/

 

- Гэрч Д.Цогбадрахын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 06 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Батсүх бид 2 уулзаад архи хувааж уусан, Батсүх надад өөрийнхөө эгчийн талаар хэлсэн. Алтанцэцэг эгч хэлгүй, шинэ жилийн үеэр Алтанцэцэг эгчийн нөхөр гэх залуу буцаж гуйж ирж нийлчихээд, Алтанцэцэг эгчийг жирэмсэн болгоод эх үрсийн баярын урьд өдөр хаяад явсан гэсэн. Түүний ганц эгчийг нь хүргэн ах нь доромжилж, дээрэлхээд, жирэмсэн болгочихоод өөр эмэгтэй дагаад хаяад явчихсан болохоор хүргэн ахынх нь байж болох Хөтөлийн нэг айлд уулзхаар очсон. Тэр айлын хашааны хаалгыг Батсүх тогшиход нээгээгүй, Батсүх хашаа давж ороод надад хаалга нээж өгсөн. Батсүх хашаанд байсан монгол гэрийн хаалгыг тогшоод нээхгүй болохоор нь цохисон. Гэрээс хүн гарч ирээгүй, Батсүх 5-6 минут 3 хүүхэдтэй миний эгчийг хаяж явсан нөхрийг орогнуулдаг хүүхэн энд байдаг юм шүү, энэ хавийн хүмүүс сонсоорой гэх зэргээр орилсон. Би Батсүхтэй зууралдаад болиулах гэж оролдоод удаагүй байж байтал цагдаа нар ирсэн. Машинд сууж байхад хашааны гаднаас 2 эмэгтэй хашаа руу орж байгаа харагдсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20 х, шүүх хуралдааныы тэмдэглэл/

 

- Гэрч Л.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Батсайхан Өлзий гэдэг эмэгтэйтэй дотно холбоотой болж намайг 3 хүүхэдтэй минь хаяад явсан. Би Батсайханы найзаас Өлзий гэдэг эмэгтэйн гэрт заалгаж очоод Батсайхантай очиж уулзаж байсан. Өлзийгийн гэрийн хаяг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Хөтөлийн 2-15 тоот байсан санагдаж байна. Би Өлзийгийнд очихдоо өөрийн төрсөн дүү Л.Батсүхийг дагуулан очиж байсан. 2015 оны 12 дугаар сарын сүүлээр Батсайхан над дээр буцаж ирээд 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр намайг дахин хаяж явсан. Би Батсайханаас дахин жирэмсэн болсон. Батсүх манай гэрт ирээд хэлгүй, дүлий, бие давхар намайг Батсайхан хаяж явсаныг мэдээд их бухимдаж гомдсон. 2016 оны 06 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Батсүх согтуу айлд агсам тавьсан гээд цагдаад баригдсан байсан. Тэр айлын хаяг нь Өлзий гэх эмэгтэйн хажуу айлд очсон байсаныг мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24 х/

 

- Гэрч Ц.Лхамжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манай хүү Батсүх 3 дахь хүү байгаа юм. Төв аймгийн 10 жилийн сургуульд 1997 онд 5 дугаар анги хүртлээ суралцаж байгаад Сонгинохайрхан дүүрэгт нүүж ирээд Батсүх 76 дугаар сургуульд элсэн орж 10-р ангиа 2002 онд төгсөөд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн аялал жуулчлалын ангид элсэн оюутан болж 2006 онд амжилттай дүүргэсэн. Сургуулиа төгсөөд Солонгос улсад гэрээгээр 5 гаруй жил ажилласан. Зан араншингийн хувьд даруу төлөв зантай, амьдралын төлөө сэтгэлтэй, их зүтгэл чармайлттай, гэр бүлээ гэсэн сэтгэлтэй, одоо хүү маань 2 хүүхэдтэй, нэг хүүхэд нь 4 дүгээр анги, нэг хүүхэд нь 6 дугаар ангид сурч байгаа. Хүү маань гадаадад ажиллаж байхдаа уушигны астма өвчтэй болсоноос хойш байнгын эмчилгээтэй байгаа, одоо группд байдаг. Миний хүү дээрээ нэг эгчтэй, Алтанцэцэг маань хэлгүй, дүлий, өвчний улмаас ийм болсон. Алтанцэцэгийн нөхөр Батсайхан бас хэлгүй дүлий, тэдний дунд 4 хүүхэд байдаг 3 охин, 1 хүүтэй. Сүүлийн 3 жилийн өмнөөс Батсайхан гэр бүлээ хаяж явсан, Алтанцэцэгийг архи ууж ирээд зоддог, агсам тавиад болж бүтэхгүй байсан. Батсүх эгчийгээ өмөөрөөд Батсайханыг хашраах гээд цаад явалдаад байгаа хүүхний гэрийн хаягийг нь олж мэдээд өдрийн цагаар Батсайхантай уулзах гээд Батсүх хэд хэдэн удаа очсон боловч Батсайхан байхгүй байгаа гэх зэргээр хэлээд байсан гэхдээ ганц нэг удаа таарсан юм байна лээ. Уулзах гээд очихоор Батсайхан нь согтуу архи уучихсан үг сонсох чадваргүй байдаг байсан гэсэн. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 103-104 х/

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 8 х/,

 

Дөрөв: Шүүгдэгчийн хувийн байдал болон хохирлын талаарх нотлох баримтууд:

- Хорооны тодорхойлолт, Иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 57,  60 х/

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 х/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 151 х/

- Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 659 дугаартай магадлалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 154-155 х/

- Хохирлын баримтууд болон хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 71-76, 190-196 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан цагаатгуулах үндэслэлийн талаар:

Цагаатгах талын нотлох баримтууд болох шүүгдэгч Л.Батсүхийн “...Би тэр Бадмаа гэх эмэгтэйтэй хашаанд нь таарч түлхэж унагаасан ямар ч зүйл болоогүй. Харин хашаанд байхдаа орилж хашгиран Бадамсүрэнгийн монгол гэрийн хаалга болон унь зэргийг эвдсэн нь үнэн би хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг нь хэргийн газарт хамт байсан гэрч Д.Цогбадрахын “...Батсүх хашаанд байсан монгол гэрийн хаалгыг тогшоод нээхгүй болохоор нь цохисон. Гэрээс хүн гарч ирээгүй, Батсүх 5-6 минутын турш 3 хүүхэдтэй миний эгчийг хаяж явсан нөхрийг орогнуулдаг хүүхэн энд байдаг юм шүү, энэ хавийн хүмүүс сонсоорой гэх зэргээр орилсон. Би Батсүхтэй зууралдаад болиулах гэж оролдоод удаагүй байж байтал цагдаа нар ирсэн. ...” гэх мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байгаа, гэрч П.Тэгшбуянгийн ээж нь хохирогч тул түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, мөн шинжээч эмч хохирогчид учирсан нурууны гэмтэл нь ямар нэгэн зүйлд цохигдсон тохиолдолд үүсэх боломжтой. Харин бөгсөөрөө унах үед энэ гэмтэл нь үүсэх боломжгүй гэж мэдүүлсэн. Тэгэхээр хэн нэгэнд цохиулсан гэдэг нь эргэлзээтэй байгаа, хэргийн газрын үзлэгийг цаг тухайд нь хийгээгүйгээс тухайн газарт унахад гэмтэл учруулахаар зүйл байсан эсэхийг тогтоох боломжгүй болгосон тул цагаатгаж өгнө үү гэснийг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзсэн. Үүнд: Шүүгдэгч Л.Батсүхийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийн эх сурвалж тодорхойгүй хамт явсан гэрч Д.Цогбадрах болон шүүгдэгч нарын “гэрээс хүн гарч ирээгүй, хүн зодоогүй, хохирогч М.Бадамсүрэнгийнд хүн байгаагүй, эзгүй байсан” гэх тайлбар, мэдүүлгүүд нь: Хохирогч М.Бадамсүрэнгийн “…2016 оны 06 дугаар сарын 03-ны шөнийн 00 цагийн үед охин П.Тэгшбуянгийн хамт гэртээ унтаж байхад Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Хөтөлийн 2-16 тоотод байрлах манай гэрийн хаалгыг гадна талаас тогшиж эхэлсэн. Би “хэн бэ” гэсэн чинь нэг эрэгтэй хүн “би сонгуулийн ажлаар явж байна” гэсэн. Би босоод цагаа харсан 01 цаг 40 минут болж байсан тэгээд би хүү минь шөнө болсон байна, чи маргааш ир гэсэн чинь хаалга цохиод өшиглөөд эхэлсэн. Манай гэрийн 4 ширхэг унь дотогшоо унаж, 2 унь хугарсан. Намайг гэрийн гаднаас гичий янхан минь хаалгаа онгойлго, чамайг ална шүү чи цагдаа дуудаад үзээрэй гээд хэлээд байсан тэгэхээр нь би юм дуугараагүй. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 18-19,  91-93 х/, гэрч П.Тэгшбуянгийн “…2016 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 01 цаг 40 минутын орчим манай гэрийн хаалгыг нэг залуу балбаж өшиглөөд, манай гэрийн унь унахаар нь би сэрсэн. Гаднаас нэг эрэгтэй хүн та нарыг ална гичий янхан, цагдаа дуудах юм бол чамайг хаа явсан газраас олж ална шүү гэж орилоод хаалга цохиод байсан. Тэгээд хэсэг дуугүй болсон. Ээж юун хүмүүс юм бэ, гэртээ байж алуулж байхаар гадаа гаръя гээд надаас түрүүлээд гэрийнхээ хаалгаар гарсан чинь ээж намайг аллаа шүү дээ гээд орилоод эхлэхээр нь би ээжийнхээ араас гарсан чинь гэрийнхээ үүдэнд газар уначихсан ёолоод хэвтэж байсан. Би гэрээ баруун талаар нь тойроод хашааны хаалгаар гарах гээд хойшоо эргэхэд хашааны хаалганы үүдэн дээр саарал өнгийн суудлын автомашин зогсож байсан, тэгээд 2 залуу манай хашааны хаалга руу чиглээд алхаад явж байхаар нь би айгаад буцаад ээж рүүгээ очиход намайг манай ээж чи урд талын айл руу ороод өөрийнхөө амийг бод, цагдаа дуудаж мэдэгд гэсэн. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21, 94-95 х/, гэрч Г.Лхагвасүрэнгийн “…2016 оны 06 дугаар сарын 03-ны орой 00 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг манай ар талын айлын охин цохиод амь авар гэхээр нь би босоод хаалгаа онгойлгоод гэртээ оруулсан. Хойд айлын охин хүмүүс ирчихсэн аллаа гэж хэлж байсан. Удалгүй манай арын айлын эмэгтэй манай гэрт унтлагынхаа хувцастай орж ирээд хүмүүс ирээд аллаа гэж хэлж байсан. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96-97 х/, гэрч Г.Цэнгүүний “…би хажуу  байшинд хүн байна уу гээд хаалгыг нь тогшиход эмэгтэй хүн гарч ирэхээр нь юу болсон талаар асуухад танихгүй 2 залуу хашаанд орж ирээд цонх руу чулуу шидээд хагалчих шиг болсон. Би гэртээ хаалгаа түгжээд байж байсан гэж хэлсэн. Би тэр эмэгтэйг дагуулаад байшинг тойрч цонхнуудыг нь үзэхэд хагарсан юм байгаагүй, тэр эмэгтэйтэй монгол гэрт ороход гэр дотор, гэрийн эргэн тойронд хүн байгаагүй. Тэр эмэгтэй саяхан гэрийн эзэд нь байсан ямар сонин юм бэ гэж байсан. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132-133 х/ зэргээр няцаагдаж байгаа төдийгүй тухайн цаг хугацаанд хохирогч гэртээ унтаж байсан, шүүгдэгчийн гэрийн гаднаас ямар үг хэллэг хэрэглэж загнаж байсан болон гаргасан үйлдлийн талаар хохирогч болон гэрч П.Тэгшбуян нарын өгсөн мэдүүлэг мөн эдгээр хүмүүс ямархуу байдалтай юу ярьж урд хашааны айлд орж ирсэн талаар гэрч Г.Лхагвасүрэн болон гэртээ унтаж байсан талаарх гэрч Г.Цэнгүүний мэдүүлэг, шинжээчийн “уг гэмтэл шинэ гэмтэл байсан” гэх тайлбар зэргээр давхар нотлогдон тогтоогдсон.

 

Гэмтлийн хувьд хохирогч М.Бадамсүрэн “заамдаж аваад цээж рүү түлхэхэд нь би арагшаа унасан” гэх тайлбарыг өгдөг бөгөөд шүүгдэгчийн түлхэлтийн улмаас хойшоо унахдаа аливаа зүйлд цохигдож уг гэмтлийг авсан байх магадлал өндөртэй тул шинжээч эмчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... нурууны гэмтсэн хэсгээр ямар нэгэн хатуу мохоо зүйлд цохигдох үед үүснэ. Хохирогч нуруугаараа газарт унасан ч гэмтсэн хэсгээр заавал ямар нэгэн зүйлд цохигдсон тохиолдолд гэмтэнэ. Уг гэмтлийг авсан даруйд нуруугаар өвдөх зовиур илэрнэ..” гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэх боломжгүй гэж шүүх үзсэн.

 

            Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлээр гэрийн үүдэнд хүн дээр нь унахад бэртэл гэмтэл авахаар эд зүйлс байсан эсэхийг тогтоож чадаагүй, хэргийн газрын үзлэгийг тухайн үед цаг алдалгүй хийгээгүй нь хууль сахиулагч болон хэрэгт хяналт тавьж байсан прокурорын хариуцлагагүй асуудлууд хэдий ч уг гэмт хэргийг Л.Батсүх үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Гэрч П.Тэгшбуян нь хохирогч М.Бадамсүрэнгийн төрсөн охин хэдий ч гэрчээр байцаалт өгөхөд ямар нэгэн харшлах зүйл хуульд байхгүй, мөн түүний хэргийн нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэгтэй тохирч байгаагаас гадна гэрч Г.Лхагвасүрэн, Г.Цэнгүүн нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон тул хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч Л.Батсүх нь хуулиар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй субьект бөгөөд түүний найз болох гэрч Д.Цогбадрахын мэдүүлэг нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр няцаагдаж байгаа тул Л.Батсүхийн бусдын бие махбодид хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн.

 

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: Шүүгдэгч Л.Батсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хохирогч нь энэ гэмтлийг авснаас хойш байнга сэтгэл санаа болон эрүүл мэндийн байдал нь шаналалтай байгаа. Хохирогч нь байнгын рашаан сувилалд явж эмчилгээ хийлгэж байгаа. Иймд хэргийн зүйлчлэл дээр улсын яллагчтай санал нийлэхгүй байна гэх асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь “бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн бол” гэж заасан нь цаг хугацааны хувьд тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ дээрх шаналал, зовиурыг үүсгэж үйлдсэн байхыг шаардсан, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн улмаас үүсэх шаналал, зовиурыг хамруулж ойлгох боломжгүй байдлаар  хуульчлагдсан байх тул хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан зүйлчлэлийг хүндрүүлэх санал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шинээр хуульчлагдсан дээрх заалтаар шинэчилэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийг хүндрүүлж зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй болохыг мөн тэмдэглэх нь зүйтэй.

 

Л.Батсүхэд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдад учруулсан хохирлын болон бусад шинжээрээ 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байгаа тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн  зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Хохирлын талаар :

Хохирогч М.Бадамсүрэнгийн эд материалын хохиролд 620,000 төгрөг, эмчилгээний зардалд эмийн сангуудаас авсан эм, тариа, бусад хэрэгслийн үнэ нийт 1,582,440 төгрөг зарцуулсан талаарх баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 190-196 х/ -ыг хохирогчийн зүгээс гарган өгч хэрэгт хавсарган ирүүлсэн. Шүүгдэгч Л.Батсүхээс эмчилгээний зардалд нийт 1,650,000 төгрөг, нийт 2,270,000 төгрөг өгсөн болох нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 71-76 х/-аар нотлогдон тогтоогдож байгаа.

Хохирогчийн зүгээс эрүүл мэндтэй холбоотой эмчилгээ бүрэн хийгдээгүй гэж байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хэдий ч цаашид хийгдэх эмчилгээ, сувилгаатай холбоотой зардлын талаарх нотлох баримтуудыг гаргаж ирүүлээгүй, энэ шүүх хуралдаанаар уг хохирлын асуудлыг хэлэлцэх боломжгүй тул цаашид гарах хохирлын талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн зөрүүг /57,560 төгрөг баримтгүйгээр илүү өгсөн/ тооцож иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд тусгаж өгөх зүйтэй гэж үзсэн.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон 7 хоног зэргийг шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

 

            Л.Батсүх нь хохирогч М.Бадамсүрэнгийн гэрийг өөр айлтай андуурсны улмаас уг гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нэхэмжилсэн хэмжээнд нь өөрийн сайн дураар төлж барагдуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгийн хэмжээний торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

            Шүүгдэгч Л.Батсүх нь 2017 оны 6 дугаар сарын 20-28-ны өдрийг хүртэл нийт 7 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 500,000 төгрөгийн торгуулийн ялаас хасч шийдвэрлэсэн болно.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг дээрх зүйл хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар түүний хөрөнгө орлого, цалин хөлсний талаар нарийвчлан тогтоож ирүүлээгүй учраас шүүхээс торгуулийг төлж барагдуулах хугацааг заавал хэсэгчлэн тогтоох шаардлаггүй гэж үзсэн.

 

            Л.Батсүхэд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Л.Батсүхэд холбогдох хэргийг Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2.Л.Батсүхэд холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Лам овогт Лхамжавын Батсүхийг бусдын бие махбодид хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Батсүхийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

5.Хохирогч М.Бадамсүрэнгийн эд материалын болон эмчилгээний зардлын төлбөрт 2,270,000 төгрөг төлсөн, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийг баримтлан Л.Батсүхийн урьдчилан цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан 500,000 төгрөгийн торгуулийн ялаас 105 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 105,000 /7х15,000/ төгрөгийг хасч Л.Батсүхийн торгуулийн ялыг 395,000 /гурван зуун ерэн таван мянган/ төгрөгөөр тогтоосугай.

 

7.Л.Батсүхийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, 7 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Батсүх-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДАШДОНДОВ