Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/781

 

Ц.Г-д холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/860 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Г-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2206 00553 1401 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Ц-ын Г, 2001 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, хоёр дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хэсэг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан;

Ц.Г нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Pizza hut”-ийн гадна насанд хүрээгүй хохирогч Ц.А-ийн эзэмшлийн "Iphone-Xmax" загварын 1.025.000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг “Ахад нь нэг асуудал гарсан, ахдаа туслаач, ганцхан өдөр гар утсаа ломбардад тавиад өгөөч, маргааш аваад өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 24, 25-ны үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 110 дугаар байрны гадна насанд хүрээгүй хохирогч Ц.А-ийн оюутны тэтгэлэг болох 200.000 төгрөгийг “мөрийтэй тоглоом тоглоод өсгөж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилж, хохирогч Ц.А-д нийт 1.225.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Ц.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Ц-ын Г-ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт очихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Г давж заалдах гомдолдоо: “...Би гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. өөрийн хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа бөгөөд үүнээс болж ээж аавынхаа сэтгэлийг хямрааж байгаадаа гэмшиж байна. Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл соёлын ангид сурч байгаад жилийн чөлөө авч, энэ хугацаанд Монголын цогц сургалт хөгжлийн академид Солонгос хэлний сургалтад сурч байгаа бөгөөд цаашид Солонгос улсад суралцах хүсэл мөрөөдөлтэй байгаа. Өөрийн буруугаас болж хэрэгт холбогдсон, гэмшиж харамсаж байгааг минь харж үзэж, залуу хүнд итгэл, боломж олгож энэ зүйлд заасан хөнгөн төрлийн ял оногдуулж өгнө үү. Би сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж, зөв хүн болон хүмүүжихээ амлаж байна. ...” гэжээ.

Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Г нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилан мэхэлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Ц.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Г нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Pizza hut”-ийн гадна насанд хүрээгүй хохирогч Ц.А-ийн эзэмшлийн "Iphone-Xmax" загварын 1.025.000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг “Ахад нь нэг асуудал гарсан, ахдаа туслаач, ганцхан өдөр гар утсаа ломбардад тавиад өгөөч, маргааш аваад өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан, мөн 2021 оны 12 дугаар сарын 24, 25-ны үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 110 дугаар байрны гадна насанд хүрээгүй хохирогч Ц.А-ийн оюутны тэтгэлэг болох 200.000 төгрөгийг “мөрийтэй тоглоом тоглоод өсгөж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилж, хохирогч Ц.А-д нийт 1.225.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.А-ийн: “...Тэгээд тамхи татчихаад “Ахад нь нэг асуудал гарсан, ахдаа туслаач, ах нь чамд яг маргааш гэхэд аваад өгнөө, чи ганцхан өдөр гар утсаа ломбарданд тавьчихаач” гээд надаас гуйсан. ...бид хоёр доошоо уруудаж алхаад “CU” дэлгүүрийн хажуу талын ломбарданд ороод Ц.Г ах миний гар утсыг өөрийнхөө бичиг баримтаар 530.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 530.000 төгрөгөө Ц.Г ах өөрөө аваад явсан. ...2021 оны 12 дугаар сарын 24, 25-ны өдөр оюутны тэтгэлэг буусан. Тэр үед Ц.Г ах мэдчихээд ахдаа “Наад 200.000 төгрөгөө өгчих, ах нь баккарат тоглоод өсгөж байгаад чамд утсыг чинь аваад өгье” гэж хэлээд миний 200.000 төгрөгийг бэлнээр авсан. ...” /хх 9/,

гэрч С.Ж-ийн: “...Би “B” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг юм. Ц.Г гэх хүн гар утсыг 7 хоногийн хугацаатай 530.000 төгрөгөөр барьцаанд тавьж байсан байна. Миний санаж байгаагаар Ц.Г нь гар утас барьцаанд тавьчихаад 1-2 хоногийн дараа эргэж ирээд 230.000 төгрөг нэмж аваад явсан санагдаж байна. Нийт 760.000 төгрөгийн зээл авсан гэсэн үг. ...” /хх 13/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Ц.А-ийн эзэмшлийн гар утсыг 1.025.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 50-51/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Г-ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар Ц.А-г төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хохирогч Ц.А, гэрч С.Ж нарын мэдүүлгүүд болон бусад баримтуудаар шүүгдэгч Ц.Г-ын үйлдсэн бусдын эд хөрөнгийг залилж, хохирол учруулсан, энэхүү үйлдлээ шунахайн сэдлээр гүйцэтгэсэн болох нь хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм буруугийн асуудлаар маргаагүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна давж заалдах гомдолдоо энэ тухай дурджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна шүүгдэгч Ц.Г-д тухайн зүйл хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, хуульд заасан хэмжээний дотор буюу 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг ялыг түүний оршин сууж буй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь түүний учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, мөн тэрээр урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, шүүхээс хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгч Ц.Г-ын гаргасан ялыг хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Ц.Г нь давж заалдах гомдолдоо “...их дээд сургуульд суралцаж байгаа...” талаар дурджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1.5 дахь заалтад зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн этгээд дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагад элсэн суралцах болсон тохиолдолд түүний зорчих бүсийг эрх бүхий этгээд өөрчилж болохоор заасан тул шүүгдэгч Ц.Г Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадна байрлах их, дээд сургуульд суралцах тохиолдолд ийнхүү зорчих бүсийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шийдвэрлэх боломжтой болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/860 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ