| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2024/00397/И |
| Дугаар | 129/ШШ2024/00354 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 129/ШШ2024/00354
129/ШШ2024/00354
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: .....хаягт байрлах ХТ ХХК /хувийн хэргийн дугаар:...., регистрийн дугаар: ..../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: .....байрлах “Н” ХХК /хувийн хэргийн дугаар:...., регистрийн дугаар:.../-д холбогдох
4,336,467.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХТ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд Н ХХК-иас “Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ”-ний үүргийн төлбөр болох төлбөр 2,890,978.36 төгрөг, алданги 1,445,489.18 төгрөг, нийт 4,336,467.54 төгрөгийг гаргуулж ХТ ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Н” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А аймгийн Т суманд үйл ажиллагаа явуулдаг Н ХХК нь А А-ийн салбар эм ханган нийлүүлэх байгууллагад 2,890,978.36 төгрөгийн эмийн үлдэгдэл өртэй. Энэ үлдэгдэл өрийг 2024 оны 08 дугаар сард төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Тохиролцсоны дагуу үндсэн төлбөрөө нягтлан бодогчтой заасан хугацаанд төлж дуусгаад хүү алдангийн мөнгийг төлөхгүй байхаар болов гэжээ.
Нэхэмжлэгч ХТ ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ....ХТ ХХК-ийн захирал Г.А миний бие “Н” ХХК-ийн тайлбартай танилцлаа. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч байгууллагатай эвлэрч хүү алдангийн мөнгийг төлөхгүй байхаар тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Алданги 1,445,489.18 төгрөг төлүүлэхээ больж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХТ ХХК, хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан 4,336,467.54 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХТ ХХК алданги 1,445,489.18 төгрөг төлүүлэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.О нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад гэрээний үндсэн төлбөр болох 2,890,978.36 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч “Н” ХХК нь ХТ ХХК-ийн нэхэмжилсэн 2,890,978.36 төгрөгийг 2024 оны 08 дугаар сард багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,333 төгрөгөөс 42,167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 42,167 төгрөг, хариуцагч “Н” ХХК-иас 42,167 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХТ ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХТ ХХК-ийн нэхэмжилсэн 2,890,978.36 (хоёр сая найман зуун ерэн мянга есөн зуун далан найм зууны гучин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Н” ХХК 2024 оны 08 дугаар сард багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,333 төгрөгөөс 42,167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 42,167 төгрөг, хариуцагч “Н” ХХК-иас 42,167 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХТ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч “Н” ХХК нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА