| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2017/0350/Э/ |
| Дугаар | 2017/ШЦТ/320 |
| Огноо | 2017-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2017/ШЦТ/320
2017 12 07 320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б холбогдох эрүүгийн 1738003050141 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар баг Мөнхөт гэх газарт иргэн О.Д-ын гэрт согтуу очиж зүүн нүд рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар баг Мөнхөт гэх газарт иргэн О.Д-ын гэрт согтуу очиж зүүн нүд рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Бы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”...О.Д- ахтай хальт маргалдсан яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. О.Д-ын нүүрлүү нь гараараа нэг удаа цохисон. Би О.Д- ахыг цохиж гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч О.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Н.Б гэрийн зүүн талд ширээний хажууд сууж байснаа босож ирээд миний зүүн нүд рүү баруун гараараа цохисон...одоо надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-14 дүгээр хуудас/,
Гэрч Ю.Ц-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”…Надад үзүүлсэн О.Д- гэдэг хүн хөдөө байхдаа хүнд зодуулсан гэж байсан. Зүүн нүд нь улааж хавдсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхрийг гэртээ унтах гээд байж байхад нь Н.Б гэдэг залуу зодсон байсан. Манай нөхөр О.Д- сумын төвд гэртээ ирэхдээ зүүн талын нүдний хавдар нь буугааггүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Д.П-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Б-ын гэрт унтаж байгаад өглөөгүүр сэрээд 05 цагийн үед О.Д-ын гэрт орж унтсан. Өглөө босоод ирэхэд О.Д-ын нүүр нь хөх алаг болсон байсан. Яасан талаар нь асуухад Н.Бг цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-21 дүгээр хуудас/,
Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх хүүгийнхээ сэвлэгийг үргээсэн. Үдийн үед Н.Б ирсэн. Би Н.Бд орос архи, шимийн архинаас 3 хундагыг хийж өгсөн. Н.Б манай хөрш О.Д-ыг зодсон байна лээ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 620 тоот
1. О.Д-ын биед гэмтэл тогтоогдлоо.
2. О.Д-ын биед тархи доргилт, зүүн талын дээд, доод зовхины цус хуралт, дөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, духанд шарх бүхий гэмтэл учирсан байна.
3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 25 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1738003050141 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Н.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 38 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч О.Д- нь 500.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Н.Б-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1738003050141 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1738003050141 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч О.Д- нь 500.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Н.Б аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР