Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/782

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/609 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2202 00106 0091 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ийн Б, 1991 оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Д” ХХК-д менежер ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод түр оршин суух, /РД: ... /,

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан;

Б.Б нь 2021 оны 11 дүгээр сард Орхон аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 24.4 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар уг “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 23.6 грамм цэвэр жинтэй бодисыг 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гудамжны ... тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 0.8 грамм цэвэр жинтэй бодисыг 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дипломат бьюлдинг оффисын барилгын байрны урд талын автомашины зогсоолд байрлуулсан 00-00 УУУ улсын дугаартай "Toyota Hilux” загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газар: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Б-ийн Б-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа сахлын татуургын ир, уутны хамт 18.8 грамм “өвс”, уутны хамт 21.2 грамм “өвс”, зах ирмэг нь түлэгдэж харласан AU1381502 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, шаргал өнгийн гаанс, уутны хамт  2.1 грамм өвс, харлаж бохирлогдсон мөнгөн цаас зэрэг хар тамхи түүнийг татах зориулалт бүхий эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Би ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт олуулаа амьдардаг. “Д” ХХК-ийн менежер албан тушаалд очтолоо багагүй цаг хугацаа зарцуулж, их өрсөлдөөн дундаас шалгарч орсон. Цаашид албан тушаал дэвших бүрэн магадлалтай. Мөн эхнэртэй болж байгаа бөгөөд эхнэр минь 6 сартай жирэмсэн. Албан тушаал дэвшиж, хүүхэдтэй болох гээд амьдралын сайн сайхан, аз жаргалыг үзэх насан дээрээ алдаа гаргасандаа гэмшиж байна. Анхан шатны шүүх хорих ял оногдуулахдаа миний ар гэр, ажил амьдрал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйл анги дээр маргаагүй, чин санаанаасаа гэмшиж дахин гэм буруутай үйлдэл хийхгүй гэх амлалтуудыг харгалзан үзэхгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дахин дэнсэлж, надад хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч гэм буруудаа маргадаггүй, хийсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, шинэхэн гэр бүл болж байгаа бөгөөд эхнэр нь жирэмсэн, өвс гэх зүйлийг цаашид дахин хэрэглэхгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд илэрхийлсээр ирсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хор уршиг, нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан үзэж 2 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Б нь 2017 онд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон байдаг. Дээрхээс харахад шүүгдэгчийг өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж, гэм буруугаа ухамсарлаж байна гэж үзэхгүй учир хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Б.Б нь 2021 оны 11 дүгээр сард Орхон аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 24.4 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар уг “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 23.6 грамм цэвэр жинтэй бодисыг 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гудамжны ... тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 0.8 грамм цэвэр жинтэй бодисыг 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дипломат бьюлдинг” оффисын барилгын байрны урд талын автомашины зогсоолд байрлуулсан 00-00 УУУ улсын дугаартай "Toyota Hilux” загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Л.Г-ийн: “...Би 2021 оны 11 дүгээр сард Б.Б-тэй хамт Орхон аймагт өөрийн хамаатан Э гэх эгчдээ юм аваачиж өгөхөөр хамт явсан. ...Б.Б-ийн унаж байгаа 00-00 УУУ улсын дугаартай "Toyota Hilux" загварын тээврийн хэрэгсэлтэй нь хөдөлсөн...” /хх 43-44/,

шүүгдэгч Б.Б-ийн: “...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 107-108/ гэх мэдүүлгүүд

хэргийн газарт буюу Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, ... тоот шүүгдэгчийн Б.Б-ийн гэрт үзлэг хийж, сахлын татуурганы ир, хар өнгийн ууттай 18,8 грамм жинтэй өвс, цагаан өнгийн ууттай 21,2 грамм жинтэй өвс мэт зүйл, AU1381502 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт хураан авсан тэмдэглэл /хх 4-8/,

шүүгдэгч Б.Б-ийн эзэмшлийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж төмөр гаанс, 2,1 грамм жинтэй ууттай өвс хурааж авсан тэмдэглэл /хх 15-21/,

шүүгдэгч Б.Б-ийн гэрээс болон тээврийн хэрэгслээс хураан авсан гялгар ууттай ургамал, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, сахлын татуургын ир, гаанс зэргээс тетрагидроканнабинол илэрсэн, уг бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 944 дугаартай дүгнэлт /хх 47-50/,

Б.Б-ийн биеэс биологийн дээж болгон авсан шээснээс “ТНС” буюу марихуан илэрсэн тухай тэмдэглэл /хх 27-29/, уг шээснээс тетрагидроканнабинол илэрсэн нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 954 дугаартай /хх 57-59/ дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Б нь “...гэм буруугаа зөвшөөрч байна, ...эхнэр 6 сартай жирэмсэн, ...надад хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд учруулж буй хор уршиг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогддог.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн улмаас учрах хохирол, хор уршиг, тус гэмт хэргийн онцлог байдлыг харгалзан хууль тогтоогч олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт хамааруулсан бөгөөд энэхүү гэмт хэргийг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тус гэмт хэргийн онцлог шинж, нийгэмд аюултай, хууль зөрчсөн, гэм буруутай зан үйлийн үр дүнд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа, эрх ашигт учирч буй хор уршгийг зайлшгүй харгалзан үзэх учиртай.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 198 дугаартай дүгнэлт /хх 63-64/-ээр Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх баримтгүй,  мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байх бөгөөд түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял нь түүний  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч энэхүү үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал зэрэгт тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Б-ийн гаргасан “...хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ609 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/609 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 56 /тавин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ