Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 732

 

 

 

 

 

 

 

 

 

“БЦ” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00562 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “БЦ” СӨХ-ны хариуцагч Ч.Э-д холбогдуулан гаргасан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 565 200 төгрөг, нотариатын зардалд 8 500 төгрөг, нийт 573 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ч.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 105-ын В байрны 3-2 тоотод оршин суугч Ч.Э- нь 2016 оны 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 2019 оны 01 дүгээр сараас 10 дугаар сарын СӨХ-д төлөх төлбөрөө төлөлгүй нийт 565 200 төгрөгийн өр,авлага үүсгээд, хохирол учруулаад байна. Оршин суугч нь СӨХ-д сар бүр 12 560 төгрөг төлөхөөр байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Ч.Э- нь 2016 оны 02 дугаар сараас 12 дугаар сард 138 160 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 12 хүртэл 150 720 төгрөг, 2018 онд 01 дүгээр сараас 12 сарын 150 720 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас 10 сарын 125 600 төгрөг тус тус төлөгдөөгүй байна. СӨХ-ны төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүйгээс үйлчлэгч, харуулын ажилчны цалин хөлсөө өгч чадахгүй байна. Мөн орон сууц өмчлөгчдийн нийтийн эзэмшлийн талбайн цахилгааны төлбөр, дулааны төлбөр, хог тээвэрлэлтийн компанид өр төлбөр үүсээд байна. Иймд хариуцагч Ч.Э-ээс СӨХ-ны үйл ажиллагааны төлбөрт нийт 565 200 төгрөг, нэхэмжлэл гаргахад холбогдон гарсан нотариатын үйлчилгээний зардалд 8 500 төгрөг, нийт 573 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч тал “Б” гэх СӨХ-ны дарга байхгүй гэхдээ I 120 WM 9121805 КОД энэ юу болохыг тогтоож өгнө үү. СӨХ нь албан ёсоор байгуулагдаагүй атал яагаад төлбөр шаардаж байна, иймд “БЦ” СӨХ-ыг шалгуулах хүсэлтэй байна. 2013 оноос “Бум цайз” гэх хуучин байсан хаанахынх нь юм бүү мэд тамга олж ирээд л н.Сарантуяа гэгч эмэгтэй худлаа хэлээд залилан хийдэг байсан. Одоо хариуцаж байгаа контор нь /“Зүмбэр Орд Өргөө” ХХК Байцаагч-99135130, Сантехникийн Слесарь, Диспетчер 88280048/ гэсэн.

2013 оноос хойш орон сууцны хариуцсан контор “БЧ”, “Хоёулаа миний хүү”, “Уган хасон” байсан, өнөөдрийн байдлаар “Зүмбэр орд өргөө” байна.

Энэ хугацаанд дээрх компаниуд одооныхтой адилхан зөрчлийг удаа дараа гаргаж байсан. Монгол Улсын хэмжээнд орон сууцны контор, СӨХ-үүдийг нэгдсэн нэг үйлчилгээтэй болгох саналтай байна. Төлбөр өндөр байна. Цахилгааны шатыг мөн цоожтой болгомоор байна. “У” ХХК-ийн дээрх зөрчил гаргагч байсан. Би цагдаад өгөх гэхээр тэд гуйгаад байхаар нь өргөдлөө өгөөгүй. Хүнгүй байхад халуун хүйтэн ус 65 000 төгрөгийг гаргачхаад сантехникийн ажилтнууд хүн доромжлоод байна. Зүмбэр орд өргөөд гомдолтой байна.

Хэрэв “БЦ” СӨХ нь Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий эрхтэй нь үнэн бол мөнгийг нь төлөхөд татгалзах зүйл үгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Э-ээс сууц өмчлөгчдийн холбооны 2016 оны 02 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрт 565 200 /таван зуун жаран таван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 8500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 861 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 17 606 /арван долоон мянга зургаан зуун зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Бум цайз” сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Ч.Э- давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “БЦ” СӨХ-ны дарга Ш.С-нь банкны хөлс төлөлтийн шимтгэлийн алдангиас чөлөөлнө гэж амаараа хэлж байсан нь хурлын протоколд бичигдээгүй байна. Нарийн бичгийн дарга шивэхдээ зохигчдын хэлснийг дутуу бичсэн нь хариуцлагагүй алдаа гаргасан. Банкны алдангиас чөлөөлнө гэсний дагуу чөлөөлж өгнө үү.

“БЦ” СӨХ-ны иргэдийн хурал хийх тухай хурлын зар, тов гаргаж албан ёсоор мэдэгдэж хурлаа хийгээгүй. Оршин суугчдын иргэдийн хурал хийгээгүй болохоор, ирц гэж байхгүй, хурал хийсэн нь тогтоогдоогүй.

2018 оноос үйл ажиллагаа явуулж байгаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах 16 дугаар хорооллын 105А, 105Б, №105В байр “БЦ” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ш.С-нь 2016, 2017 оны мөнгөн гүйлгээг нэхэх болохоороо шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа мөртлөө, он цагийн хэлхээс болох хувийн хэргийг өөрчилж өөрийн хүсэлд нийцүүлээд бичээд албажуулсан. 2012 онд байгуулагдсан архиваас гарч ирсэн нотлох баримтын дагуу М.Одончимэгийн тухай хэсгээс асуухаар мэдэхгүй, урдны юм надад хамаагүй, 2016, 2017 оны он цагийг бас надад хамаагүй гээд, мөнгө нь хамаатай гэдэг.

2018 оноос үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-ны дүрэм, дүрмийн хавсралт албан тушаал солигдсон хуудсанд 2015 он гэх ташаа мэдээлэл оруулж, өөрсдөдөө ашигтай байдлаар хөрвүүлж, он цагийн хэлхээсийг мэдсээр байж сольж албан тушаалтнуудыг төөрөгдүүлэх замаар залилан хийсэн сэдэлттэй байж болзошгүй нь хэргийн нотлох баримт цуглуулах явцад тогтоогдсон.

“БЦ” СӨХ-ны анх 2012 онд М.Одончимэг байгуулсан гэх баримтыг архиваас гаргаж, хуулбар үнэн гэсэн тамга тэмдэг эх хувиараа, нотариатаар батлуулж анхан шатны шүүхэд гаргаж өгсөөр байтал шүүх шийдвэрээ гаргалаа.

Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны он цагийн хэлхээсийн дансыг будлиантуулж, өөрийн тамга барьж байгаа эрхийнхээ хэмжээнд тэмдэг ашиглаад байж магадгүй. Яагаад тэмдэг ашиглаад байгаа гэснийг нотариатчаар уг баримтыг нотариатын тамга тэмдэг даруулж шүүхэд нотлох баримт гаргаж өгөх гэсэн чинь “тэмдэг” ашиглаад байна. Иймд архивын анхны материал болох хуулбар үнэн тамга тэмдэгтэй хэсгийг нотариатын эрх бүхий төлөөлөгч 2012 оны хэсэг М.Одончимэгийн бичгийг баталж өгч, шүүхэд нотлох баримт болгон гарган өгсөн.

Ч.Э- би оршин суугаа газар маань Сүхбаатар дүүргийн иргэн. Энэ нь өөрөө Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэл гаргахдаа хэн нэг нь алдаа гарсан байна. Энэ иргэний хэргийн харьяаллын дагуу шилжүүлж шийдэх байсан. Ч.Э- би “БЦ” СӨХ-той гэрээ хийгээгүй тул хамааралгүй.

16 дугаар хорооны 105 дугаар байранд яагаад, шинэ сөх, тамга, тэмдэгтэй болох вэ гэж хүсэлт гаргаж байгаа нь 2013 онд Ч.Э- би СӨХ-ны хурлыг 105 дугаар байранд удирдан явуулсан. Ш.С-гэж хүн байсан, н.Энхбат болсон, Ш.С-дахин би боллоо гэсэн. 2014 онд М.Одончимэг татвар төлсөн байх юм. 2012 онд М.Одончимэг “БЦ” СӨХ-ыг байгуулсан. 2015 онд Ш.С-болсон 2014-2016 оныг хүртэл би СӨХ-ны дарга Ш.С-хэлээд л яваад байсан. 2017 онд н.Дандар, н.Отгонбаяр, н.Мөнхбат энэ одоогийн СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга, Ш.Сарантуяагийн нөхөр нэг хэсэг авгай хорт хавдар туссан би хийж байна гээд л байсан. Миний ойлгож байгаагаар 2018 оноос энэ одоогийн Ш.С-гарч ирж байгаа. Ш.С-нь СӨХ-ны шинэ дүрмээ “БЦ” СӨХ-г 2015 онд байгуулагдсан гэж анхан шатны шүүхэд гаргасан. Тэгээд СӨХ-ны мөнгийг удирддаг өөр хүмүүс байдаг гэсэн. Иймд СӨХ-ны данс, тамга, тэмдгийг хуурамч гэж үзэх үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч “БЦ” СӨХ нь хариуцагч Ч.Э-д холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 565 200 төгрөг, нотариатын зардалд 8 500 төгрөг, нийт 573 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч марган, нэхэмжлэгч “БЦ” СӨХ-г хуулийн дагуу байгуулагдаагүй, айл өрхөөс гаргуулах төлбөрийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж тогтоогоогүй гэх агуулгаар татгалзал гаргажээ.

 

            2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “БЦ” СӨХ-г бүртгэж гэрчилгээ олгосон байх бөгөөд СӨХ-ны дотоод дүрэм хэрэгт авагдсан, Ш.С-г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний бүртгэлтэй болох нь баримтаар тогтоогдож байна. /хх5-7/ Иймд нэхэмжлэгч “БЦ” СӨХ-г эрх бүхий этгээд биш гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

            Харин хариуцагч нь дундын өмчлөлийн завсар үйлчилгээний төлбөрийн талаар маргасан байх бөгөөд “БЦ” СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэсэн талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

            Түүнчлэн хэрэгт Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлыг хэрхэн яаж тооцсон талаар баримт авагдаагүй байна.

 

            Иймд СӨХ-д төлөх засвар үйлчилгээний зардлын хэмжээ, журмын дагуу тогтоогдсон эсэхээр маргасан нэхэмжлэлийн үндэслэлд хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй юм.

 

            Мөн хариуцагч нь төлбөр төлөх хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан байхад шүүх уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлж, эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр маргааны үйл баримтыг бүрэн тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00562 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 606 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

       ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ