| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04428/И |
| Дугаар | 182/ШШ2024/03401 |
| Огноо | 2024-08-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 182/ШШ2024/03401
| 2024 08 14 | 182/ШШ2024/03401 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч байрлах, ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
*******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* 2020.05.08-ны өдөр ******* ******* ХК-тай ******* дугаар зээлийн гэрээ байгуулан зээл авахдаа С тоот хаягт оршин суудаг байсан. Тухайн хаягаар нь зээлдэгчтэй уулзах гээд очсон боловч ийм хүн байхгүй гэсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн 10 хорооноос оршин суух тодорхойлолт авах гэсэн боловч иргэний мэдээлэл өгөхгүй шалтгаанаар оршин суух тодорхойлолт өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно гэсний дагуу О. *******, С. нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарыг эрэн сурвалжлуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Эрэн сурвалжлуулах хэргийн шүүх хуралд нэхэмжлэгч талыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ******* ******* ХК болон *******, ******* нарын хооронд байгуулсан 2020.05.08-ны өдрийн ******* дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2023.03.01-ний өдрийн *******-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020.05.08-ны өдрийн ******* дугаартай Барьцааны гэрээ, зээлдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.14-ний өдрийн 181/ШЗ2024/10188 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн *******, ******* нарыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ХК нь Ч д байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч *******, ******* нар оршин суух хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүрэгт нийт 31 084 688.80 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан дээрх ******* ******* ХК болон *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2020.05.08-ны өдрийн ******* дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2023.03.01-ний өдрийн *******-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020.05.08-ны өдрийн ******* дугаартай Барьцааны гэрээ зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар *******, ******* нар нь хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3.Зээл авах үедээ ******* ******* ХК болон *******, ******* нарын 2020.05.08-ны өдрийн ******* дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ болон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, *******, ******* нарын иргэний үнэмлэхэд тусгагдсан С тоот хаягт хариуцагч ******* бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, Ч тоот хаягт хариуцагч ******* бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.14-ний өдрийн 181/ШЗ2024/10188 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, *******, ******* нарын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ******* овогтой *******ын ******* /РД:/, овогтой /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар *******, ******* нарыг эрэн сурвалжлах, түүний байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан ******* ******* ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч утас: , /-т мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА