| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2017/0333/Э/ |
| Дугаар | 2017/ШЦТ/322 |
| Огноо | 2017-12-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2017/ШЦТ/322
2017 12 08 322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Хохирогч Ш.Л-,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ж-,
Шүүгдэгч Л.П нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Пд холбогдох эрүүгийн 1738000050132 дугаартай хэргийг 2017 оны 12 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Л.П нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р багт согтуугаар Ш.Л-, М- хоёрыг хоорондоо маргалдан зодолдож байхад нь М-ыг өмөөрч Ш.Л-ийн зүүн талын эрүү рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.П нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р багт согтуугаар М-ыг өмөөрч Ш.Л-ийн зүүн талын эрүү рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Ганбат Ш.Л-ид хувцсаа бариулаад М-ыг цохиж унагаагаад байсан. Би дундуур нь ороод салгах гэтэл Ш.Л- намайг нэг удаа шанаадсан. Тэгээд би тэр залуутай зууралдаад тохойгоороо хоолой хэсэг рүү нь нударсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ш.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Мотоциклийн эзэн гээд байсан махлаг залуу нь заамдаж байгаад нөгөө архи ууж байсан туранхай залуу намайг цохисон. Миний эрүү рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд Мөрөнд ирээд эмнэлэгт үзүүлсэн чинь эрүү хугарч, шүд булгарсан байна яаралтай Улаанбаатар яв гээд хот ороод нэгдүгээр эмнэлэг дээр эрүү хадах хагалгаанд 500.000 төгрөгөөр орсон. Нийт зардал 1 сая төгрөг болсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ш.Л- дүү маань хүнд зодуулсан гэсэн. Би ямар учраас зодуулсан талаар асуухад мотоцикль хулгайлсан хүнийг олоод зодолдсон гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нарангарав гэдэг айлын гадаа миний цагаан өнгийн Мустанг-5 маркийн байсан. Энэ хэний мотоцикль вэ? эзэн нь байна уу гэсэн Ш.Л- гэгч нь гарч ирсэн. Мотоциклийн түлхүүрээ өгчих гэсэн чинь надад өгөхөөр нь би аваад мотоциклийн нугасыг нь түгжээд наад мотоцикль чинь хаана байсан юм бэ? гэсэн чинь хоёр хуруугаа гозогнуулаад байсан. Би бодохдоо Ш.Л-ийг согтуу байна гэж бодсон...Намайг таньж мэддэг зодуулаад байхаар нь өмөөрч зодолсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-25 дугаар хуудас/,
Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М-, Ш.Л- хоёр манай гэрийн гадаа зодолдоогүй хэрэлдэж маргалдаад байсан. Би мотоциклийг нь грашинд оруулж хийгээд гэртээ орсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч Г.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хороонд байдаг Энхээ гэх залуу цагаан өнгийн улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоциклийг манай хүү Ш.Л-ид 200.000 төгрөгөөр худалдаж авсан. 13-р хороонд О- гэдэг айлын гадаа Ш.Л- мотоциклийн эзэнтэй зодолдоод Ш.Л-ийг дийлэхгүй болохоор мотоциклийн эзэн нь Ш.Л-ийг барьж байгаад эзэнтэй нь цуг явж байсан залуу цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Ш.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ш.Л-ийн худалдаж авсан мотоцикль нь М- гэдэг хүний хулгайд алдсан мотоцикль байсан юм байна лээ. О- гэдэг айлын гадаа М-, Ш.Л- хоёр нь мотоцикль дээрээс болоод маргалдаж байхад нь М-ын найз Т- нь дундуур нь орж ирээд Ш.Л-ийг цохисон гэж өөрөө надад хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мотоциклийн эзэн М- гэх залуу миний мотоцикль буруу гарын мотоцикль байгаа юм хямдхан зарчих гэхээр нь М- бид хоёр унаж яваад манай гудамжны Л-д 200.000 төгрөгөөр зарсан. Тэр мотоцикль цагаан өнгийн улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоцикль байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Л.П надад хэлэхдээ зодоон хийж байсан хүмүүсийг салгах гээд очтол өөрийг нь цохихоор нь зөрүүлээд цохисон гэсэн. Тэр залуу хэлгүй, тэгээд согтуу байсан гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 424 тоот
1. Ш.Л-ийн биед гэмтэл тогтоогдлоо.
2. Ш.Л-ийн биед эрүү ясны хугарал бүхий гэмтэл учирсан байна.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь хэзээ үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй байна.
5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 38 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1738000050132 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Л.Пгийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2017 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.П нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 52 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.П нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Ш.Л- нь шүүгдэгчтэй 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1738000050132 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Пхүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.П нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1738000050132 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР